#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.18 11:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Apr.07.18 1:14 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.07.18 1:07 pm
Posts: 4
Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмнийхээ сайн сайхны төлөө амь, амьдралаа зориулан тэмцэж яваа үе үеийн түм түмэн баатруудын гэгээн дурсгалд зориулав


Төв Азийн нутаг бол үеийн үед нүүдэлчдийн гал голомт байсан бөгөөд эндээс хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд тэмдэглэгдсэн олон үндэстэн салбарлан нүүдэллэж, бусдыг байлдан дагуулж байснаас өнөөдөр хамгийн агуу гэж дурдагддаг нь арван гуравдугаар зууны Монголчуудын их аян дайн байсныг үгүйсгэх хүн хорвоо дээр байхгүй.
Хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч байгаагүй агуу их гүрнийг маш бага хүчээр богинохон хугацаанд амжилттай байгуулж чадсан Монголчуудын гайхамшгийг үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.
Энэ бүхэнтэй салшгүй холбоотой их Чингис хааны нэрийг бахархан дурсдаггүй Монгол хүн гэж орчлонд үгүй билээ.
Өнөөдөр энэхүү байлдан дагууллын үед хамгийн их хэлмэгдсэн гэж өөрсдийгөө тооцож явдаг өнөөгийн хоёр их үндэстний хавчилганд өртөн газар нутаг, элгэн саднаа харийн боол болгосныг толгой гудайлган чимээгүй хүлээж аваад тэдний улс төр, эдийн засгийн бүрэн хараат байдалд оршин байгаа үнэнийг ард түмэндээ бодитой хүргэн хэлж чадахгүй дүлэгнэн байгаа их гэж өөрсдийгөө нэрлэсэн удирдагчдийгаа Монголчууд бид яалтай ч билээ.
Америк тивийн уугуул индианы овогтнуудын туулж өнгөрүүлсэн түүхтэй нэн адил санагдах одоо үед бид өөрсдөө л зориглон тэмцэж эс чадваас хэн ч бидний төлөө юу ч үл дуугаран хувааж идэхэд бэлэн гэдэг нь нотлогдож байгаа бус уу?
Иймэрхүү мөхөл сүйрлийн ирмэгт Монголчууд бид нэг бус удаа очиж байсан гэдэг нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнгэрийн хувь зохиолоор ч юм уу, азтай тавилангаар хэн нэгэн зоригт аавын хүү бусдыгаа манлайлан тэмцэж эх орон, ард түмнээ сэргээн мандуулж байсан тухай домог зон олны зүрх сэтгэлд мөнхрөн үлдсэн байдаг билээ.
Дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн арван зургадугаар зууны үеийн их зөнч Нострадамусын алдарт номлолын нэгэн шад шүлэгт “Монголчуудын их хаан дахин төрнө” гэж бичсэн байдаг нь магад нэгэн нууцыг лавтай олж мэдсэн хэрэг биз ээ.

* * *

Тусгай албаны дарга хурандаа Мөнхбат албан тасалгаандаа сүүлийн үед гарсан ноцтой хэргүүдийн талаархи дэлгэрэнгүй судалгаатай танилцаж өөрийн хэлтсийн ажилтнуудаас хэн ямар хэргийг шалгаж байгаа, ямархуу үр дүнтэй ажиллав гэдгийг эргэцүүлэн дүгнэж суутал түүний нарийн бичгийн дарга бүсгүй орж ирээд “Даргаа, үл таних нэг хүн тантай уулзах чухал хэрэгтэй гээд байна оруулчих уу?” гэж асуулаа
Хурандаа тэр өдөр хэн нэгэнтэй уулзалт товлоогүй болохоор баахан гайхсан тэрбээр хэсэг зуур бодсоноо оруул, оруул гэж хэллээ.
Мөнхбат бол эрхэлсэн ажилдаа жинхэнэ эзэн нь болж чаддаг шилдэг мэргэжилтэн бөгөөд түүний төлөвлөсөн ажиллагаа болгон амжилттай явагддагт нь зарим нэгэн хүмүүс атаархдаг, харин тэрээр өөрийнх нь амжилт бол хэн нэгний боддогчлон азын тэнгэр ивээсэн хэрэг биш бөгөөд аливааг тун нухацтай, ухаалгаар тунгаан урьдаас төлөвлөх чадварыг түүнд хар багаас нь суулгасан аавынх нь сургаалийн ач гэдгийг сайн ойлгодог нэгэн. Хэрвээ би төрийн албаны дээд өндөрлөгт гарчихвал үүнийг нь ингэж хийнэ, түүнийг нь тэгж зохицуулна гэж заримдаа нууцхан мөрөөддөг ч , хэт өндрөөс унавал осолтой, эвгүйтвэл Баатар генералын араас орж дээлээ толгой дээгүүрээ нөмөрч магадгүй гэж хаширлаад цагийн байдлыг ажиж чимээгүй байдаг ажээ.
Хаалга онгойж хэн ч өөлөхөөргүй намбалаг, нүдэнд дулаахан өөрөөс нь ялимгүй ахмад хүн орж ирэхэд нь өөрийн эрхгүй босч мэндэлснээ анзаарсангүйг бодоход тэр хүнд ямар нэгэн эчнээ далд увдис байсны шинж биз ээ.
-Та суугаач гэж зочноо уриад , Хурандаа Мөнхбат гэж өөрийгөө танилцууллаа. Нөгөө хүн ч Дорж гэж өөрийнхөө нэрийг хэлэв.
Мөнхбат түүнээс та ямар зорилгоор ирээ вэ гэж асуухад Дорж юу ч хэлэлгүй өөдөөс нь маш итгэлтэй тайван хараад, өврөө уудлан нимгэн зандан хайрцаг гаргаж хурандаад өгөв.
Их удаан эдлэгдсэн нь илт хүрэн хайрцгийг гартаа барьсан хурандаа энэ ямар учиртай юм бол гэж гайхан хайрцагны тагийг сөхвөл дотор нь эзэн Чингис хааны алтан гэрэгэ гялалзаж байв.

* * *

Үүрийн бүдэг гэгээнд толгойн өвчнөөс болон сэрэхүй ер нь ийм толгойтой байснаас ор толгойгүй байвал дээрсэн дээ гэсэн бодол зурсхийн орж ирээд арилахад нь биеэ хүчлэн босож балга ус олж уухаар лаазны тагийг онгойлгоход зуун жил бороо ороогүй цөлийн хатсан тойрмын үнэр сэнгэнэв. Дотроо өөрийгөө зүхэж гадаа орсон шинэхэн цасаар амаа норгож болно гэдгийг санаад хөлд орж байгаа бяцхан хүүхэдтэй адил тэнтэр тунтар алхсаар нугас нь чихарах хаалгыг түлхвээс их хотын чимээ шуугиан хоолой хорсгосон утаатай хүйтэн агаартай хамт өөдөөс довтоллоо.
Хэсэгхэн цэвэр цас олж амандаа хийвэл гашуун шүлстэй зунгааралдаад байсан хэл минь овоо нэг хөдлөх шинжтэй болов.
Өчигдөр үдэш санамсаргүйгээр нэгэн баян луухаантай танилцаад түүний буянаар амьдралдаа ууж үзээгүйгээ ууж, тансаглаж үзээгүйгээрээ тансаглаж байсан минь арай л зүүд биш байлтай.
Шинэхэн орсон цасаар дотроо норгож хүзүү хоолой, толгойгоо арчиж байж овоо нэг хоёр юм санахтай болж байтал хашааны хаалга онгойж Болороо намайг шоолон инээсээр тун сэтгэл хангалуун орж ирлээ. Сайхан ааштай байгааг нь харвал өнгөрсөн шөнийн ажил нь бүтэлтэй байж овоо хэдэн зоос олсон нь андашгүй.
Уг нь Болороо тийм муу хүн биш , аав нь архинд түлэгдэж өнгөрснөөс хойш бие муутай ээж, нялх дүү нараа тэжээх гэж биеэ худалдаж олсон хэдэн төгрөгөө заримдаа өөрөөсөө харамлаж явдаг ч тун их мөрөөдөмтгий, санаашрангуй царайлаг бүсгүй л дээ, бид хоёр хэн нэг нь олигтойхон орлого олсон үедээ ганц нэг хатуу юм хувааж ууж, хөгжим сонсож хамтдаа ганцаардлаас ангижрахыг хичээж явдаг.
Хэрвээ хувь тавилан түүнд арай өгөөмөр хандсан бол өдийд өөрийнхөө хүссэн загвар дизайныхаа ертөнцөд нисч байхаар бүсгүй дээ.
“Найз нь чамд ажил олсон, цалин мөнгөндөө гар татахааргүй босс чамайг сонирхоод, би түүнд чамайг дагуулаад очно гээд амлачихсан, май энийг балгачих” гэх мэтийн зөндөө олон юм шулганахаас нь хээнцэр бяцхан шилтэй шаравтар шингэн бол ямарч байсан намайг эргээд толгойтой болгочих чадалтай зүйл байна гэдэг нь л хамгийн түрүүнд ой тойнд буулаа.
Нэг огиж хөөрөөд л шидтэй шингэн ходоод уруу гулсаад, хөлс чийхарч ямар ч гэсэн амьд байгаагаа мэдрэхтэйгээ болоход Болороо намайг үг хэлүүлэлгүй гараас чирэн гэрт оруулж хувцаслаж эхлэв. Өмдийг минь өмсүүлэх санаатай барьчихсан түүнийг тэврээд автал дургүйцсэн шинжгүй байхаар нь уруул дээрээс нь озохдоо энэ бүхэн ганцхан чинийх байж болох л байсан гэсэн сэртхийсэн бодол орж ирээд нөгөө дур хүсэл минь гутрал болон хувираад болчихлоо. Тиймээ би хүн шиг олигтойхон явж орон шоронгоор ороогүй бол өдийд өрх гэрийн эзэн болчихоод энэ минь хэн нэгний хүйтэн өврөөс хар үүрээр босоод л явахгүй л байсан болов уу.
Уг нь цайны ганц гонжоомоо өмсөөд дээгүүр шиг хараад алхвал ч зөрж өнгөрсөн бүсгүйчүүд харц шидээд л байдаг юм. Хувцас бурхан бие чөтгөрөө гэж
толинд өөрийгөө харвал нүүр нь жаахан цэлхийсэн болохоос энэ тэндхийн баарны хамгаалагч эрсийн нэгэн байхаар давгүй залуу өөдөөс ширтэж байлаа.
Ямар ажил хийлгэхээ хэлээгүй ч дагуулаад ирээч гэснийг бодоход нэг л учиртай, ямар ч байсан хэн нэгэн хүн хаа нэгтээ түрийвчээ унагаачихсан биш биз гэж газар шагайж өдөржин тэнэхгүй юм даа, тэгж явсаар бүүр залхаад байна.
Хулгай хийж, худлаа ярихыг л ерөөсөө сурдаггүй болохоор цагдаагийн асуултанд үнэнийг нь ярьж хуучин хоёр найзаа эргээгээд аавынх уруу явуулснаас хойш таньдаг луйварчид надаас дөлөөд, аргагүй халз тулгарвал мэндлээд л бултахын мөн болдог болсон юм.

* * *

Үеийн хэдэн хөгшчүүл цуглан ганц нэг шил юмны бөглөө мултлан жаран харын шажигнаан дунд элдвийг хөөрөлдөцгөөнө.
Гэрийн эзэн Дадиа өвгөн далан насны босгыг давсан хэдий ч тун хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, нүдний цог буураагүй хөгжил найртай нэгэн болохоор үеийн хэдэн хөгшчүүдийг цуглаж найр наадам үүсгэн хол ойрын сониныг чалчицгаахад дуртай бөгөөд нэгэн насыг хамтдаа туулсан Чанцал эмээ ч орсон гарсанд мэндтэй ундтай эзэгтэй болохоор зочдийг уух идэхээр таслахгүй байхыг хичээн үйлчилнэ.
Дугар өвгөн насаараа дунд сургуулийн утга зохиолын багш хийж байсан болохоор голдуу нөхдийнхөө ярианы сэжүүрийг эхлэн гаргадаг бөгөөд энэ удаа ч мөн бусдын түрүүнд Айвенхоу Майнз компанитай байгуулах гээд байгаа тогтвортой байдлын гэрээний тухай өөрийн бодлоо ухуулж эхэлснээр энэ өдрийн халуун яриа даалууны гуншинтай холилдон чангарав.
-Тогтвортой байдлын гэрээ байгуулчихвал өнөө Бороо гоулд шиг хамаг баялагийг нь ачиж аваад буурин дээрээ гүнзгий хар нүх үлдээнэ дээ.
“Задгай амт” хочтой Зуунай өвгөн Дугар өвгөний үгийг өлгөж аваад
- Чухам аа, чухам. Манай Оюу толгойн лицензийг авснаас хойш тэр компаний хувьцаа арван хоёр дахин өсөөд байгаа гэсэн шүү. Манай төр засгийг удирдаж байгаа толгой нь хамуурчихсан золигнууд ер нь юу бодож явдаг юм бол доо.
Зуунай өвгөн насаараа эдийн засагч хийсэн боловч өөртөө хураасан олигтой юмгүй, тэтгэврийн хэд нь аятайхан ресторанд ганц таваг хоол захиалахад хүрэхгүй байдаг ч үеийн хэдтэйгээ уулзахаар Дадиагийнд ирэхдээ заавал ганц лонх юм авч заншсан нэгэн.
Нөхдийн хүрээнд хамгийн дуу цөөтэй, бусдын амыг харж инээж суудаг Түндэв өвгөнийг заримдаа “Аман хуур”киноны Соном өвгөн гэж нэрлэх нь бий. Эхнэрийн үгээр насыг барж байгаа хөгшин цаг уурчийг залуудаа самгандаа зодуулаад хөх нүдтэй ажилдаа очоод булан мөргөчихсөн гэж хэнэггүй залж байсан тухай жиг жуг яриа ч байдаг. Угийн дуугүй хүн чинь нүд нь гялалзаад маргаанд ороё гэж их мэрийж байгаа ч ам нь эвлэхгүй тэрүүхэндээ шуухатнан толгой дохиод байгаа нь Айвенхоу майнзын талд байгаа ч юм уу гэж хардагдмаар байлаа.

Нөхдийн маргааныг гол таслагч болсон Дадиа гартаа барьсан даалуугаа зүлгээд “арсаг хааны дарсаг хаан, амбан хааны яран нүүрт” гэж гуншинг нь дуудаж бажгар арав гаргаж шидээд
- Юу юуны туханд хүрээгүй байж нэг их мөнгөний тухай маргалдаад л, тэгсэн чинь тэр компанийн дарга даамлууд нь худлаа ярьж чулуу хөөлгөж байвал яанав. Аль нэгэн өндөр агуулгатай жижигхэн ордноос олсон сорьц хүдрээ нийт талбайгаасаа гарсан гэж зарлаад өөрийнхөө хувьцаагаа өсгөж байгаад нэг өдөр бүгдийг нь зарчихаар тооцоолж хөдөлсөн байвал би л хувьдаа гайхахгүй. Дээр нь Монголчууд бидэнд молиго үмхүүлж, танай ард түмэн дургүйцээд байгаа болохоор 300 тэрбум долларын үнэтэй орд нээсэн бидний хайгуул шинжилгээнд зарцуулсан 3 тэрбум долларыг буцаагаад өгвөл бид одоо явлаа гээд зарцуулсан мөнгөө хэд нугалаад авчихаад бултчихвал манай төрийг барьж байгаа хүмүүс сонин л байдалд орно доо, гэж аргагүй л хуучин чекистийн зарчмаар нухацтай өгүүллээ.
Дадиа гэж авгайлагддаг Дарьзав хөгшин бол социалист төрийн үед тэр үеийн нийгмийг аюулаас хамгаалах яамны нэгэн бага түшмэлийн албыг залгууж яваад арван таван жилийн өмнө хошууч цолтойгоор тэтгэвэрт гарсан ч үр хүүхэддээ дарамт болохгүйг хичээж бага сага наймаа арилжаа гүйлгэж хоногийн хоолны хэдэн бор юм аа зулгаагаад байдаг хөгшдийн нэгэн бөгөөд уг гарлаар нь хөөвөл эртнээс удамт хүний ганц хүү болон заяасан ч эцэг эхээ үзэх тавилангүй нэгэн байжээ.
Гучаад оны их хэлмэгдлээр эсэргүү, тагнуул гэж гүжирдүүлэн Зөвлөлт улсад очиж амиа алдсан нэгэн их хүний гэргийг дотоодыг хамгаалахын хүмүүс дайчлан баривлахад гэдсэнд нь байсан түүнийг шоронд төрснийг мэдэх хүн маш цөөхөн байдаг ажээ.
Ногоон малгайтан дундаа яргачнаараа зартай нэгэн комиссар төрөх дөхсөн хүүхнийг эрүүдэн байцааж байгаад хүүхдийн ус нь гарчихаар сандран харгалзагч өвгөнийг дуудаж орхиод өөрөө зугтаажээ. Харгис байцаагчийн хатуу эрүүдлэгийг даалгүй хагас дутуу амьтай төдий байсан ээжийнхээ сүүлчийн амьсгалтай зэрэгцэж гарсан түүнийг харсан өвгөн харгалзагчийн элэг нь эмтэрч бусдад мэдэгдэхгүй гэж хуруугаа үмхүүлэн нууцаар авч гарсан нь Монголын угсааг таслахгүй үргэлжлүүлэх учиртай гэсэн тэнгэр бурхнаас эхтэй тавилан байсан ч юм уу.


* * *

Төмөрөө шоронгоос гарч ирээд найз бүсгүйгээ замаа алдсан болохыг мэдсэн боловч түүнийг хэзээ ч буруутгаж чадахгүй энэ бүхэн зөвхөн өнөөгийн Монголчууд биднийг нийтэд нь дайрч байгаа гай зовлонгийн сүүдэр гэдгийг сайтар ойлгож чадсан нь түүний уужим сайхан сэтгэлийн илрэл ажгуу.
Одоо ч ажилд орж түүндээ туслах чадалтай болвол хүсэж байсан сургуульд нь сургаж өнчин хэдэн дүүг нь хөлийг нь дөрөөнд хүргэхийг мөрөөддөг ч хяслаантай юм шиг боловсрол, мэргэжилгүй Төмөрөөд хаанаас тийм амархан ажил олдох билээ дээ.
Хойт аавынд байхдаа нөхөрлөсөн хоёр найз нь түүнийг гарч ирсний дараа их мөнгө олох нэгэн арга олсоноо хамтран ажил болгоё гэж санал болгосон түүхтэй.
Цүнхтэй доллар зүүдэлж хонодог тэр хоёрт мөн л орох орон, идэх хоол олддоггүй болохоор Төмөрөөгийн гэрт орогнож гурвуул хэлхэлдэн нэг хэсэг шадар гурван цэрэг шиг л хамтдаа амьдарцгаалаа.
Тэдний баримталдаг ганц том юм хийгээд азаа үзэх зарчим бол ихээхэн хэмжээний бэлэн мөнгөтэй аль нэгэн дэлгүүр, байгууллагыг тонон дээрэмдэх төлөвлөгөө зохиогоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхэд оршиж байлаа.
Өнөөдөр телевизүүдээр өдөр алгасахгүй гарч байдаг Америк маягийн адал явдлийн кинонууд бол маш олон янзын санаа авахаар сургалтын бэлэн гарын авлага юм.
Хамгийн их бэлэн мөнгө эргэлддэг байж магадгүй зарим нэгэн хадгаламж зээлийн хоршоо, банкны салбаруудыг тандан хамгаалалт, мөнгөний оролт гаралтынх нь сул сиймхийг судалж ямар шүү аргаар цөм авахаа тооцоолж байсан найз нар нь Төмөрөөг цагдаагийн газар очоод төлөвлөгөөг нь нэг бүрчлэн тооччихно гэж яаж ч мэдэх вэ дээ.
Шөнөөр хонодог манаачийг нь хуурч хаалгыг нь онгойлгуулаад дотогш нэвтрэн орж чадвал дохиолол, камер нь хамаагүй шууд дотор хаалгыг нь эвдэж мөнгөний сейфийг нь татлагаар оосорлон машинаар чирж гаргаад цагдаа ирэхээс өмнө амжиж бултах, амжихгүй бол урдаас нь эсэргүүцэл үзүүлэн буудалцаж эцсээ үзэх тэдний төлөвлөгөө биелэх магадлал тун бага байсан ч гэрч үлдээхгүй тулд манаачийг золиослоно гэсэн хэрцгий төгсгөлтэй учир Төмөрөөгийн айдас хүрсэн байлаа.
Мөнгө хадгалах зориулалттай, галд шатдаггүй таван зуун килограммын хүндрүүлэгчтэй дөрвөлжин төмөр авдрыг битүү баглаж байна гэж төсөөлөөд гарын дор байх зүйлээрээ дасгалжиж байгаа нь энэ гээд Төмөрөөгийн түлээний амбаар дотор чулуу дүүргэсэн төмөр хайрцгийг лоомоор хөшиж газраас хөндийрүүлээд төмөр тросон татлагаар хэрхэн бэхлэхээ биечлэн гүйцэтгэж байсан тэр хоёрыг эрүүгийн төлөөлөгч нар дэлдийтэл нь чихдээд явахад хөөрхий Төмөрөө нулимсаа дуслуулан хашааны завсраар шагайн харж үлдэж билээ.

За даа миний амьдрал гэдэг ерөнхийдөө гэгээтэй зүйлийг нь хасчихсан кинотой адилхан, уг нь хэн нэгэн итгээд ажил төрөл хийлгэх юм бол хүнээс дутахгүй зүтгэнэ гэж боддог ч дээд сургууль дүүргэсэн эрдэмтэй номтой залуус ажил олохгүй гудамжаар лааз өшиглөн холхиж байхад элдэв газраар яваад бараг диплом хамгаалчих шахуу болсон намайг ажилд авах тэнэг хүн гэж хаа ч байхав дээ, Болороогийн тэр танил ч бусдын адил өнгөрсөн түүхийг минь сонсоод за дараа нэг ирээрэй тохирсон ажил олохыг бодъё гээд л өнгөрөх биз дээ гэсэн урамгүй бодлоос өөр юмгүй автобуснаас буулаа.

* * *

Тоглоом ид дундаа орж Дугар өвгөн ёозоор хожих гэж яваад цохдуулсандаа шар нь хөдөлж уусан балга архиндаа халамцаж Айвенхоу майнз яах вэ дээ, тэртээ тэргүй эзэнгүй болсон энэ орныг хэн нь ирээд хуваагаад идсэн хамаагүй болж, энэ уулсаа харахгүй юу, тожийчихоод байж байгааг нь, хэдэн хувхай хожуултай толгодыг үр хүүхэддээ үлдээх болж байна уу.
Урьд бол хэдэн жилд ганц удаа зуд турхан болж байдагсан, одоо ч байнга л зун нь ган, өвөл нь зуд боллоо гэх юм. Хаврын хавсарганд шуурч байгаа шороо нь бүр далайн орнуудад хүрдэг болсон гэж зурагтаар ярих юм байна шүү дээ.
Дугар өвгөний гашуун үг Зуунай хөгшнийг ам нээхэд хүргэж энэ олон ямаатай болчихдог чинь их хортой юм шүү дээ, урьд социализм гэж байхад манай улсын ямаа хэзээ ч найман саяаас дээш гардаггүй байсан чинь одоо бүх малын талаас илүү хувийг эзлэх болсон байгаа юм даа. Ямаа чинь бэлчээрийн өвсийг үндэстэй нь идээд халцгай газар болгочихдог амьтан учир манай өвөг дээдэс хүйтэн хошуутай мал гээд нэг их олшруулахгүй тэгсхийгээд л байлгадаг байж, өнөө үед болохоор ноолуурын үнэ нь тэнгэрт хадаад ирэхээр малчин бүр аль болох олон ямаатай байхыг хичээдэг болж гэж нухацтай хэлж байгаа нь наана цааныг бодолгүй санаснаа ил хэлдэг, хэнийг ч нүүрийг улалзтал шүүмжилдэг байсныхаа хариуд тухайн үедээ засангийн хоол зооглох шахаж байсан хэдий ч сайн хүмүүсийн буянаар талхтайгаа салж байсан өвгөн эдийн засагчийн чин сэтгэлийн үг байлаа.
Социалист системд цав гарч унах нь тодорхой болсон жилүүдэд Вьетнам оронд хятадын наймаачид олноор очиж одос үхрийн туурайг ширхэгийг нь хорин таван доллараар худалдаж авч эхэлсэн нь нутгийн оршин суугчдад гайхамшигтай сайхан боломж өгчээ. Дөрвөн туурайг нь зуун доллараар зарчихаад махыг нь идчихнэ гэдэг маш ашигтай наймаа болохоор ил далдаар одос үхрээ бараг цөмийг нь хядаж дуусчээ. Гэтэл үр дүн нь удахгүй гарч цагаан будааны тариаланд нь зүтгэх үхэргүй болохоор тариалан нь бүрэн унаад хятадаас их хэмжээний цагаан будаа импортолж амь зууж байсан гашуун түүхийн Монгол хувилбар гэдгийг таамаглаж байсан Дадиа өвгөн тэдэнд юм хэлсэн ч үгүй цагаа харсан нь наргиа тарах цаг дөхжээ гэдгийг нөхөддөө сануулсан хэрэг байв.

* * *
Хайсан хашаатай дорвилог байшинг бариулсан эзэн нь лав гар татаагүй бололтой, нилээд олон зуун саяар л боссон нь харваас илт бөгөөд том том цонхнуудыг орчин үеийн нил хөх туяатай шилээр шиллэсэн нь гайхамшигтай зохицжээ.
Дундад зууны европын цайзуудын бэхэлгээг санагдуулам дэндүү хүнд царсан хаалгыг онгойлгох гэж овоо хүч гаргаад орцгооход үүдэнд суусан жижүүр шар сахалтай хижээл хар хүн бидний нэрийг асуугаад шат өөд толгой дохив. Шатны гишгүүрийг миний мэдэхгүй ногоон чулуугаар өнгөлсөн нь ямар нэг ордны загварыг дуурайлгасан мэт болгожээ.
Алтан бариултай лүглэгэр хаалганы наана байгаа дээр нь компьютер тавьсан хүрэн ширээний ард суугаа эрвэлзсэн алаг нүдтэй, голливудын кино жүжигчин шиг хөхтэй, дэгжин хувцасласан нарийн бичгийн дарга бүсгүй насаар миний үе байж магадгүй ч аяглаж байгаа ааш, харж байгаа донжтой харцыг нь ажиглавал нилээдгүй юм үзэж нүд тайлсан шинжтэй бөгөөд Болороог ганцхан ширвэж харахдаа өмссөн зүүсэн хувцас хунар, барьж яваа цүнх, нүүрний оо энгэсэг зэргийг нь сонжиж амжаад энэ ч дээ гэсэн янзтай яах гэж яваа юм гээд шалгааж эхлэтэл дотуур холбоогоор “наад хүмүүсээ оруулчих” гэж босс нь бололтой эр баргил хоолойгоор тушаав.
Манай хашаанаас дутахгүй том, доторхи тавилга сэлт нь ямар ч хүн өөлөхөөргүй нямбай тавигдсан өрөөний хойморт байгаа урт ширээнд суугаа хоёр хүний бараа харагдаад байхаас зүс царай нь тодорхой харагдсангүй, өнөө аргил хоолойт Болороог таньдаг бололтой толгой дохиод таны өнөө яриад байсан найз уу бидэнтэй ганцааранг нь үлдээхгүй юу та, бидний эр улсууд хоорондоо амархан учраа ололцоно шүү дээ гэж бараг тушаах шахуу хэлэхэд хөөрхий Болороо юу ч дуугарч чадалгүй гарч одлоо.
Нуруу хүйт оргиулсан нам гүм байдлыг эвдэж босс Төмөрөө наашаа ойрт гэж хэлэхэд нь би биеэ бариад золтой л ойччихсонгүй урагшаа хэд алхсаар нөгөө эрхмүүдэд дөхвөл цаашаа хараад сууж байсан эрхэм над уруу эргэсэн нь өчигдөр орой намайг дайлж байсан хазгай хэлтэй луухаан дүрээрээ байлаа.
Би ч яахав дээ бас танил хүн харагдахаар нь баярлаж сайн уу гэж толгой дохивол өнөөх чинь хулганаар тоглож байгаа муур яаж хардаг вэ түүн шиг харцаар харан маасайтал инээж хао, хао Төмүлээ гэж байна шүү овоо доо, гэхдээ энэ баян луухаан миний ажилд орох газарын босс хоёр хоорондоо холбоотой байдаг сонин оо.
Тэр хоёр хятадаар шулганалдаад байдаг би хүлээгээд л зогсож байдаг лав л арваад минут өнгөрөхөд намайг мартсан янзтай хоорондоо шушмаадаад байцгаадаг, ер нь яавал дээр вэ гэж гайхаж байтал тэр босс надад хандаж:
Төмөрөө дүү хүү наанаа суучих, өөрийнхөө амьдралыг сайхан тодорхой яриадах, ажилд авж байгаа хүнээ сайн судлалгүй алдсанаас бид маш их хохирч байсан юм гэж байна.
Би ч яахав дээ дунд сургуулийн есдүгээр ангид байхдаа найз охиноо өмөөрч хэдэн залуутай зодолдохдоо нэгний нь нүдийг тэс цохиод таван жилийн ял авж шоронд орж байсан, саяхан гараад ажил олохгүй байгаагаас өөр юмгүйгээ нуулгүй хэлээд тавьчихлаа.
Шоронд орж байсан тухай яриа минь түүнийг цочоосон ч үгүй, хээв нэг инээвхийлээд үл тоосон янзтай эр хүн аль алдахыг тэр гэхэв дээ гэж байгаа нь нилээд юм үзсэн толгой аятай, төгсгөлд нь тэр надад хандан за дүү минь одоо үед мөнгө олно гэдэг хэцүү болсон цаг, бидэнд найдвартай, элдэв юманд хушуу дүрээд байдаггүй ганц хоёр хүн довтолбол хамгаалчих чадалтай самбаатай эр хүн хэрэгтэй байна, чамайг бид судалсан, чи өөрөө зөвшөөрч байгаа бол бусад нь бидэнд падгүй оройн зургаан цагт компаний үүдэнд бэлэн бай гэж байна шүү.
Ийм амархан ажилтай болчихлоо гэдэгтээ итгэхгүй гайхан зогсож, зогсож гэнэт огцом эргэн гарах гэхэд минь босс май энэ урьдчилгаа мөнгө шүү гээд 100 мянган төгрөг шууд л чулуудлаа.
Гадаа хаалганы хажууд хүлээж байсан Болороо ч гэсэн надаас дутахгүй баярлаж байгаа бололтойдог, би ч ойрд бариагүй мөнгөө барьчихсан нэг баян нөхөр түүнийгээ дагуулж ойролцоох ресторанд орж сайхан хоол захиалав.
Тансаг хоолны үнэр хамар цоргихуйд хүмүүсийн амьдрал юутай ялгаатай байдаг юм бэ, зарим нь бүтэн сар ажиллаж олоод амьдралаа залгуулдаг мөнгөөр нөгөөдөх нь ганц хундага чамин дарс авдаг гэх мэт ойлгомжгүй зүйл ямар их юм бэ?
Надад бүхнийг эргэцүүлэн бодож тархиа гашилгах шаардлага үгүй, өнөөдөр халаас дүүрэн, гэдэс цатгалан явбал болов гэсэн аминчхан бодол байдаг хэдий ч энэ бүх баян хоосны ялгаа хаанаас бий болов, ядуурал, зовлон Монголчууд биднийг яагаад дайрах болов, бидэнд өөрөөр амьдрах арга байгаагүй гэж үү дээ гэсэн гансрал төрмөгц хар архи зуун граммыг захиалан шууд л хөнтрөв.
Болороо миний бодлыг таасан янзтай аргадангуй инээмсэглээд гүнзгий санаа алдсан нь мөн л амьдралын тухай бодож орхисон бололтой.

* * *

Хэсэг хариуцсан цагдаагийн дэслэгч Лхагваа бол дөчин тав орчим насны жинхэнэ хүдхэ эр бөгөөд элдэв нийгмийн шаарнуудтай ёсорхоод байх шаардлагагүй гэж хүмүүжсэн боловч сүүлийн үед ардчилал хөгжиж хүний эрх зөрчигдлөө гэх мэтийн яриа энэ тэнд олонтаа гарах болсноос жаахан жийрхэж, гудамжны хулигаануудыг давруулаад байгаа энэ мэтийн шинэ содон юманд болгоомжтой хандах болсон нь нас ахиж томоожиж байгаагийн шинж гэж өөрөө дүгнэдэг, ажилдаа идэвх зүтгэлтэй боловч дээшээ яаж гарах ухаанаа олохгүй байсаар дэслэгчээс дээш цолонд хүрэх найдлагаа алдсан нэгэн байлаа.
Цалин хөлс нь чамлалттай санагддаг ч хүмүүсийн яриад байдаг авилга гээчийг авчихаар ёс суртахууны доройтолд ороогүй болохоор энд тэндээс хууль бус орлого бага зэрэг олоод байгаа залуусыг харсан ч хараагүй мэт өнгөрөөдөг боловч өөрийн хариуцсан хэсэгт болон ойролцоох дүүргийн нутагт амьдардаг янз бүрийн төвөг учруулж магадгүй нөхдийг бүгдийг нь шахуу таньж мэддэг гэхэд хилсдэхгүй.
Зарим нэг бүр болдоггүй нөхдийг тааралдах болгондоо шөвгөр хромон гутлаа ханзлах гэж байгаа юм шиг чангаар өгзөгөнд өшиглөдөг заншилтай боловч одоогоор хэн ч өшиглүүлсэндээ гомдол гаргаагүйг бодоход хэрэгцээтэй газраа эрэлттэй бүтээгдхүүнээ зөв нийлүүлдэг гэсэн үг л дээ. Сүүлийн үед өөрсдийнх нь ажлыг бүтээгдхүүн нийлүүлэх гэх мэтийн санаанд оромгүйгээр нэрлэдэг болсныг дотроо эсэргүүцэж явдгаа гаднаа илэрхийлэхгүй ч энэ мэтээр хөөрхөн тохуурхал маягаар гаргачихдаг хүн дээ.
Лхагвааг өглөө ажилдаа ирэхэд зэргэлдээх хорооны нутаг дэвсгэрт нь хүн амины хэрэг гарчихсан, шуурхай эрэн сурвалжлах бүлэг томилогдон ажилдаа орж байсан бөгөөд хариуцсан нутаг дэвсгэрдээ амьдардаг гэмт хэрэгт холбогдож болзошгүйд тооцогдох хүмүүсийг нэгбүрчлэн урьд шөнө юу хийж байсныг тогтоох даалгаврыг дээрээс өгсөн учир олон хүнд заллага явуулаад заваар тун бага байлаа.
Дуудагдаж ирсэн хяналтанд байдаг хүмүүсээс “өчигдөр оройноос хойш өнөө өглөө”болтол хаана юу хийж байсан талаар нэгэн зүйлийн асуулт асууж цаасан дээр тэмдэглэж суусаар нуруу нь бүр хөшиж өвдөж байсан ч энэ бол миний үүрэг гэж өөрийгөө ухуулаад л өдрийн цайндаа ч явалгүй гүрийн ажиллах түүнийг хэрвээ телевизээр гаргаж түмэн олонд үзүүлэх юм бол цагдаа нар ажлаа хийхгүй хууль завхруулж байна гэж хашгичдаг хүмүүсийн тоо эрс цөөрөх буйзаа.

* * *

Дунд сургуулийн есдүгээр ангийн төгсөлтийн шалгалт ойртсон хаврын нэгэн үдэш Төмөрөө гэртээ хичээлээ давтаж толгой өөд татах завгүй сууж байтал Болороогийн бага дүү амьсгаадан гүйж орж ирэв.
Төмөрөө ахаа, Төмөрөө ахаа Болороо эгчийг танихгүй хэдэн ах нар гудамжны буланд хоргоогоод уйлуулаад байна одоо яана аа.
Төмөрөө давтаж байсан хичээл номоо тэр чигээр нь дэлгээтэй орхиод гэрээс гарч гудамжны өнцөгт бөөгнөрөн харагдах хүмүүсийн зүг хар хурдаараа гүйн очтол, тэр хавьдаа сахилгагүйгээрээ нилээн алдартай Болдбаатар гэгч үеийн хүү өөрийн найз гурван бандийн хамт Болороог тойрон зогсчихсон хоргоож байлаа.
Төмөрөө юу ч дуугарсангүй тэдний дундуур ороод найз охиныхоо гараас барин явья гэтэл нөгөө хэдийн хөх инээд хүрсэн бололтой нэг нь хүзүүн дээрэс нь атгаж түлхэхэд нөгөө нь дэгээ тавьж эгээтэй л унагачихсангүй.
-Яаж байна аа .
-Яасан юм бэ.
-Хүн зүгээр явуулахгүй.
-Өөртөө хамаагүй зүйлд хошуу дүрж байж хохиров доо. Хар хүний төлөө шар хүн гэгчээр чи муу чинь хэрээ мэдэхгүй цор цор гэж байж нармайгаа нээлгэв ээ, гэсээр дөрвүүл Төмөрөөг боорлон довтолж зодоон эхлэв.
Хөөрхий Болороо туслаарай гэж хичнээн хашгиравч эзгүй хээр байгаа юм шиг хэн ч тэднийг анзаараагүй, эсвэл анзаарахыг хүссэнгүй.
Хүч тэнцвэргүй байсан хэдий ч Төмөрөө тэдэнд зууруулчихгүй байхыг хичээж, хянуур хөдөлж байгаад толгойлогч нь бололтой бандгар цагаан хүүг огцом дайрахад бултаж цохилтыг өнгөрүүлээд элгэнд нь хамаг хүчээрээ дэлсэж орхивол тэр хүү хий нь гарсан бөмбөг шиг шалчийж орхив. Нөгөө гурав атаманыхаа ялагдсаны хариуг нь авах гэж улайран дайрцгаасан боловч бие биендээ саад хийгээд олигтой цохиж ч чадахгүй байв.
Хэсэгхэн хугацааны дараа шокноос гарсан бандгар хүү гартаа том чулуу барин цохих гэж дайраад мөн л хий саваад өнгөрөхөд нь Төмөрөө зүүн чамархайд нь нударгаа хүчтэй буулгахад тэрээр нүүрээ даран чарлаад суучихав.
Бусад нь цочирдон сиймхий гарах завсраар Төмөрөө хүү хашааныхаа хаалга хүрж амжсан Болороогийн зүг чавхдан одов.
Хоёрхон цагийн дараа дээдсүүдийн хөлөглөх дуртай Ланд круйзер маркийн жип машин тэдний хашааны хаалган дээр тоормослон зогсоход хэсэг хариуцсан цагдаагийн офицерийг дагуулан буусан хээнцэр хувцасласан буурилаг нөхөр бол түрүүчийн бандгар цагаан хүүгийн аав байжээ.
Аминаас хайртай ганц хүүгийнх нь нүдийг тэс цохисон тэрхүү хулигаан царайтай новшийг олж насан туршид нь мартахааргүй сургамж өгөхийг хүсэж яваа нэгэн компаний захирал Эрдэнэболдын дотор хорсол занал буцалж явсан боловч нусаа гоожуулсан мангар жаалыг зодож нэрээ барах шаардлагагүй, хууль сахиулах үүрэгтэй цагдаа нар байхад болно гэдгийг сайн тооцоолжээ.
Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учирсан гэсэн зүйл ангиар эрүү үүсгэгдэн мөрдөгдөж 10 жил хүртэл хорих ял оноох боломжтой зүйл ангиар яллагдах болсон Төмөрөө хүүд түүний төлөө хөөцөлдөн үнэн мөнийг олж чадах аав байсангүй. Болороогийн мэдүүлгийг хавтаст хэрэгт оруулсангүй.
Ингээд нөгөө дөрвийн гурав нь гэрч, нэг нь хохирогчоор тогтоогдож Төмөрөө хүү таван жилийн ялтай хүүхдийн колонийн хоолыг хороох болж улсын тэртэй тэргүй хүрэхгүй байгаа төсөвт нэрмээс болох нь тэр.
Хорвоогийн эрээн барааныг гадарлах болоогүй балчир насандаа шударга бусын золиос болсон жаал хүүд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг санагдаж байлаа.
Төмөрөөгийн өсөж торнисон орчингоосоо авсан хүмүүжлээр бол овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ, тэгээд ч хүч давуу дайсантай тулж тэднийг дийлсэн нь түүний бахархал болох ёстой байтал томчууд энэхүү санаа бодлыг үл тоон хөхрөлдөж хуулийн дагуу хэмээн өчнөөн жилийн ял оноосон нь огтоос ойлгогдохгүй үйл явдал байсан бөгөөд энэ бүхэн нь шударга ёс гэж байхгүй юм байна гэдгийг түүний балчир ухаанд тодоос тод ойлгуулахад хүрэлцээтэй байлаа.
Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид байх зуу гаруй хүүхдүүдийг хянаж цагдах нь чанга боловч сиймхий л гарвал нанчилдаж байдаг нь Монгол хүүхдүүдийн зан хойно байнга л зодоон гарна.
Анхандаа тэднийг хүн иддэг аймшигт араатан мэт төсөөлж явсан айж байсан Төмөрөөд адилхан уйлдаг инээдэг жаалууд гэдэг нь ойлгогдоод ирэхийн цагт нударган зодоонд түүнийг дийлдэг сачийтай аавын хүү тэр шоронд байсангүй.
Хүүхдүүд шарандаа хутга, шөвөг, хадаас барих нь цөөнгүй байдаг боловч азаар Төмөрөөд тийм дайсан таарсангүй явсаар нилээд алдартай овгор болох дөхсөн ч насанд хүрээд жирийн дэглэмтэй хорих ангид шилжсэнээр амжсангүй.
Төмөрөө хэрвээ би баян эцэг эхтэй байсан бол шоронд орохгүй байсан, тэр Болдбаатарын аав компаний захирал учраас шүүхийн ноёд тэрний талд ороод намайг ялласан байна гэж боддог.

* * *




Өвгөдийн ээлжит уулзалт тэгсхийгээд өндөрлөн хүн бүр гэр гэрийн зүг таран явцгаахад Дадиа өвгөн ч бас өөрийн ажиллуулдаг хуучин номын дэлгүүрт очихоор Зуунайтай зам нийлэн жаахан алхлаа.
Бага залуугийн анд хоёр хөгшин зам зуур ам хуурайгүй элдвийг хөөрөлдөн явсаар Зуунайгийн гэрийн ойролцоо ирээд салахад Дадиа нуруугаа үүрэн гэрийн зүг гэлдэрч байгаа найзыгаа хараад дотроо ингэж бодов.
Манай энэ ч хэзээний ам түргэнтэй болдоггүй золиг доо, хэрэв тийм байгаагүйсэн бол дарга даамлуудад ад үзэгдэлгүй аргыг нь олж өөрийнхөө олон сайхан санааг ажил болгосон, өдийд адаглаад гавьяат эдийн засагч ч юм уу, үгүй дээ л эрдэмтэн гэсэн хэргэм хүртчихээр толгойтой золиг доо. Өтөлсөн ч үхээгүй гэдгээ харуулна гээд “Хөдөөгийн том жижиг суурингуудыг сэргээгдэх эрчим хүчээр үнэ төлбөргүй хангах арга замууд ч” гэх шиг юм бичиж боловсруулах санаагаа надад цухуйлгаад л байгаа юм.
Их шороон шуурганы эсрэг тэмцэнэ гэсэн нэрийн доор энэ шуурганд хамгийн их нэрвэгдээд байгаа улсуудын хөрөнгө оруулалтыг татаж цөлжилтийг зогсоож, байгалиа хамгаалахын зэрэгцээгээр салхины хүчийг бууруулах нэрийн доор зөндөө олон салхин сэнс босгочихвол хөдөө нутгийн тэр олон жижиг суурингууд үнэгүй эрчим хүчийг ашиглах боломжтой болно гэдэг тун дажгүй санаа шүү. Даанч манай хүний нас нь явж ярихаас өөр юмгүй болж дээ.
Одоогийн энэ залуус ч дээ, санаж сэднэ гэж байхгүй, юм болгоныг бэлэнчлэхийг л хамгийн түрүүнд боддог болжээ. Дарга даамлууд нь гадаадад яваад ийм ч тусламж, тийм ч зээл олж ирлээ гэх юм. Зээлийг чинь заавал төлөх учиртай гэдгийг ердөөсөө ойлгохгүй нөгөө л арван нэгэн оны хувьсгалаар манжийн өрийн дансыг шатаасан, саяхан оросын өрийг төлмөр болсон шиг ээ болгочихно гэж боддог юм байх даа. Хэрвээ их эзэн буцаад ирвэл энэ төрийн томчууд гээд томроод байдаг нөхдүүд яаж бялангачилах бол доо харах юмсан. Даанч миний нас гүйцэхгүй нь бололтой. Өчигдөр авчирж өгсөн зүйлсийг манай нөхөд хэзээ ирж авах юм бол доо гэсэн шүү юм бодсоор өөрийн номын дэлгүүрийн хаалгаар орлоо.
Энэ өдрийнхөө орлого зарлагын талаар худалдагч хүүхний тайлагнахыг сонсчихоод гэртээ харь охин минь өвөө нь жаахан суух ажилтай байна гээд явууллаа.

* * *

Надад бол одоо мөнгө олдож байвал юу хийх нь хамаагүй санагдаж энэ хорвоогийн бузар булай бүхнийг ялан дийлэх хүч хаана ч байхгүй, энэ хорвоо дээрхи амьдралын утга учир мөнгөнд байдаг юм чинь, хэрвээ чи хаа нэгтээ хөгжингүй оронд баян саятны хүү болоод төрсөн бол өдрийн нэг машин, хүүхэн солиод л аз жаргалын дээдийг эдэлж явах байсан, ядуу гуйлагчин орны иргэн болж төрсөндөө гомд гэж дотоод хүн минь хэллээ.
Хооллож дуусаад ресторанаас гарсан бид хоёр ойролцоо байдаг гар утас гар дээрээс худалддаг наймаачдаас өөртөө хямдавтар хуучин утас худалдан авж түрийвчээ нилээн нимгэлээд хотын гудамжаар алхлан энэ тэрийг харж, дэлгүүр хоршоогоор орж дараа баяжихаараа худалдан авах зүйлсийнхээ талаар мөрөөдөцгөөж жаал сэлгүүцлээ.
Намайг гэрийнхээ үүдэнд ирвэл цагдаагийн хэсэг дээр ирэхгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно гэсэн бичиг хаалган завсар хавчуулаастай байсанд хийсэн хэрэггүй хэдий ч дотор нэг л муу совин татаад явчихав.
Над шиг муу нэртэй хүнийг ноён цагдаа дуудна гэдэг яавч сайны ёр биш, өнөөдөр цагтаа очиж чадахгүй болчихвол нөгөө сайхан амьдрал салхинд хийсээд л алга болно гэсэн бодол тархинд эргэлдсэн хэдий ч очихгүй бол бүр л муу юм болно гэж хашир санаа толгойд төрөөд тэр чигээрээ гэртээ ч оролгүй цагдаагийн хэсэг өөд алхлаа.
Манай хэсгийг хариуцсан цагдаагийн офицер намайг элдвээр өөнтөглөх яасан дуртай гээч байнга л дарамтлана, энэ тэнд таарахаараа заавал өшиглөж сална шүү, хүний эрх энэ тэр ярихаар урьдаас бороохой барьдаг хүнийг чинь яалтай ч билээ, би ч зодоон цохионд оролцож нилээд яршиг уддаг болохоор хүмүүжүүлж байгаа нь тэр биз.
Хэсгийн байцаагч ажил дээрээ байж байхаар барахгүй намайг тун сэжигтэй харсан нь ноцтой юм эхлэхийн дохио бололтой.
Иргэн Төмөр та өчигдөр орой хаана байсан бэ?
Худлаа ярих хэрэггүй шүү гэсэн нь бид мэдэж байгаа шүү гэсэн янзтай.
Юу ч гэж хэлэх вэ дээ, үнэнээ ярихаар тэд намайг тийм өндөр үнэтэй дээд зэрэглэлийн ресторанд сууж байсан гэж итгэхгүй, итгэлээ гэхэд хаанаас мөнгө олсон гэж шалгаагаад би луухааны тухай ярина.
Дөнгөж танил болмогцоо өчнөөн өндөр үнэтэй тансаг зоогийн газарт нэг муу архичныг аваачиж дайлдаг баян хужаагийн тухай үлгэр цагдаа нарын хөх инээдийг хүргэж, сэжиглэх шалтаг болно.
Би үнэн гэдгээ батлах гэж тэр луухаантай “Хөх эрвээхэй” компани дээр тааралдсанаа хэлнэ.
Эд нар мэдээж шалгаж таарна. Дөнгөж ажилд орох гэж байгаа нөхрийг цагдаа нар асууж шалгаагаад байна гэж дарга нар нь мэдвэл намайг ажилд авдаг хөг өнгөрнө гэсэн үг гэх мэтийн элдвийн олон бодол тархинд эргэлдсээр нилээн хугацаа өнгөрч дэслэгчийн сэжгийг нь улам лавшруулсан бололтой.
Тэрээр дуугаа өндөрсгөн та яагаад хариулахгүй байна гэв.
Би ч муухай хараад чимээгүй зогсоод байя. Чухам юу тохох гээд байна. Учрыг нь мэдсэн хойноо хариулая гэж шийдээд хөмхийгөө улам зуув.
Золиг шиг юм боллоо доо, эндээс тийм ч амар салахгүйдэг, хоромхон зуур үнсээд өнгөрсөн аз жаргал минь баяртай гэхээс өөр аргагүй юм гэсэн элдэв гутранги бодлууд тархинд эргэлдсээр цаг явсаар...
Дэслэгч тэссэнгүй нам гүмийг эвдэж ханиалгаад чи битгий буруугаар ойлгоорой. Өчигдөр шөнө манай дүүргийн гудамжинд нэг залуу зодуулсан байдалтай нас барсан нь олдсон юм. Бидэнд дээрээс хараандаа байдаг хүмүүсийнхээ юу хийж байсныг магадлан шалга гэсэн тушаал өгөгдсөн болохоор л чамайг дуудлаа. Чи мэдээж гэмгүй юм шиг байна.
Гэхдээ ахдаа юу хийж байснаа тодорхойхон хэл. Энэ бол байцаалт биш зүгээр л лавлагаа авч байгаа юм шүү ойлгоорой. Хэрвээ чамайг хариулахгүй бол түр саатуулаад, чиний явсан замыг тогтоох шаардлага гарна. Чамд аль нь дээр санагдаж байна даа.
Хуулийн эрх мэдэл гарт чинь байгаа болохоор одоо яая гэхэв.Өөр цагт сан бол гүрийгээд л яавал яаг гээд чигээрээ зүтгэчих байсан даа. Хэрвээ намайг түр саатуулах гэгчдээ хийчихвэл миний зургаан цагт ажилдаа очдог ч өнгөрнө...
Би ажилд орж байгаа юм л даа. Өчигдөр оройны хувьд найз нартайгаа наргиж байгаад гэртээ харьсан.
Тэрээр гайхаж хараад ажилд орж байгаа гэнээ үнэн биз нөхөөр гэж цаанаа баярласан янзтай асуухаар нь зориг орж тийм ээ эрхэмээ би ажилд орж байгаа оройн зургаан цагт эхэлнэ гэж цоглог хариулахад, очиж очиж энэ Дэлчээкийг ажилд авдаг тийм эргүүтсэн мангар хүн байдаг гэдэг түүний толгойд багтахгүй байгаа янзтай нүдээ эргэлдүүлэн шоконд орсон янзтай за за үнэн юм бол яв хүү минь ажлаа сайн хийгээрэй, чи утастай болсон уу хэрэг гарвал дуудахад амар шүү дугаарыг нь тэмдэглүүлчих гээд дэвтэрдээ бичиж авч дуусаад гараа савсан нь миний хэрэг байхгүй гэсэн үг биз ээ.
Уг нь аавын минь хуучин танил цагдаагийн дэслэгч намайг ажилд орлоо гэхээр үнэн сэтгэлээсээ баярлаж байгаа нь чухам ямар учиртай юм бол доо, байнга төвөг учруулсаар байдаг дэггүй тархи ажил төрөлтэй болоод томоожихно гэсэн байх даа.

* * *

Компаний хаалгаар өөрийн хүн шиг яваад орлоо, хэн ч надад юу ч хэлсэнгүй. Хамгаалагч бадируун залуустай өөрийгөө жишиж үзвэл нэг л жол харагдах байх даа гэсэн шүү юм бодож хаана юу хийхээ мэдэхгүй болохоор тэрүүхэндээ зогсож байтал эрүүндээ томоохон сорвитой махлаг нөхөр над дээр ирээд “Төмөр гэж чи юу намайг дагаад яваарай” гэж тушаангуй аястай хэлэх нь ямарч байсан нилээн эрх мэдэлтэй хүний шинжтэй.
Булангийн нэгэн хаалгаар ортол луухаан сууж байна, өнөө бүдүүн нөхөр ч хаалга хаагаад ард зогсох нь намайг гараад зугтчих нь гэж сэргийлж байгаа ч юм шиг санагдав.
Луухаан Төмүлээ сууваа, сууваа гэж ширээний наана байх түшлэгтэй сандалыг заагаад нэг хавтастай юмыг хичээнгүйлэн үзэж байснаа зөндөө олон юм шулганав.
Хэлсэн зүйлийг нь утгачилан өгүүлбэл чи их зоригтой сайн залуу, бидний бизнесийн нэгэн амин чухал бичиг баримтыг муу хүмүүс хулгайлан авсан, түүнийг буцаан олж авахад тун их бэрхшээлтэй байгаа, чи туславаас ихээхэн зоосны шан харамж хүртэнэ, манай компаний өндөр албан тушаалыг эрхлэх болно, бид ачийг тань насан туршдаа санаж явна гэх мэтийн бас бус зүйл байв.
Эд чухам надаар юу хийлгэх гээд байгаа юм бол их мөнгө өгнө гээд байхыг бодоход их л ноцтой асуудал бололтой, над шиг архичин нөхөрт найдаж хийлгэнэ гэхээр би бол гарын бээлий болох нь ойлгомжтой, их гарын тоглоомд оролцоод сүүлд нь амаа барьснаас тарагныхаа савны бүтэн дээр больсон минь дээр. Одоо татгалзая гэж шийдээд өглөө авсан мөнгөний үлдэгдлийг гаргаж ширээн дээр нь тавиад зарим нь дутуу байгаа дараа нөхөөд өгчихнө, таны хийлгэх ажлыг хийх чадал надад байхгүй, эрхэмээ би ийм ажил хийхгүй гээд босох гэтэл хаалганы наана зогсож байсан булиа нөхрийн амьсгаа ар шилэнд сонсогдох нь тэр.


Top
   
PostPosted: May.09.18 5:53 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3373
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
:wd: :wd: :wd: :hi:

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited