#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.22.18 5:40 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 121 22 23 24 25 Next
Author Message
PostPosted: May.16.18 4:03 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.02.18 9:36 pm
Posts: 7
Хүлээж байгаа


Top
   
PostPosted: May.19.18 9:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Хүмүүсээ, ном маань дуусах дөхөөд байхад сүүлийн хэдэн бүлгүүдээ оруулж чадахгүй байгаад уучлаарай, би нь 5.31нд дипломынхоо үзлэгт орох гээд тун зав муутай байна аа. Тэрийг дуусаад үлдсэн бүлгүүдээ оруулнаа. Бас ийм удаан байгаад намайг үнэхээр уучлаарай :(

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: May.20.18 2:29 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.08.16 12:10 pm
Posts: 12
Zugeeree bayrlaj baigaa, bi bol neg musun duusgahar chin buundunu geed shiidchihsen neg hun baina kkk. Za diplomiin ajild n amjilt husie, goy nom oruulj bgd chin dahin bayrlalaa


Top
   
PostPosted: May.20.18 12:17 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 846
Location: closer than your breath
Amjllt babe

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: May.20.18 5:15 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.02.18 9:36 pm
Posts: 7
Амжилт хүсье


Top
   
PostPosted: Jun.19.18 12:29 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
yaasan yum bol, huleegeed l bna


Top
   
PostPosted: Jun.20.18 6:55 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jun.20.18 6:52 pm
Posts: 1
huleehees saihan yum alga da


Top
   
PostPosted: Jul.16.18 10:23 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 290
Хүлээгээд даруй сар болох гэж байна.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Aug.31.18 9:31 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.31.18 8:10 pm
Posts: 8
Оруулж чадахгүй чацга царайлах маягтай бол файлаа мань руугаа шид. Мань нь шууд шаая.

_________________
Аийийюү идддааамн


Top
   
PostPosted: Sep.13.18 4:46 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 757
Location: Japan, Tokyo
Уржигдар эхлээд нэг амьсгаагаар уншаад дуусгалаа. naran1962, Tseko 2т баярлалаа...
Одоо Tseko 2р ботио дуусгаад өгвөл ч сайхан байна шүү...

_________________
...


Top
   
PostPosted: Sep.14.18 3:39 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.06.18 9:16 pm
Posts: 3
Хүлээж л байгаа шүү


Top
   
PostPosted: Sep.21.18 11:20 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 757
Location: Japan, Tokyo
Tseko wrote:
Хүмүүсээ, ном маань дуусах дөхөөд байхад сүүлийн хэдэн бүлгүүдээ оруулж чадахгүй байгаад уучлаарай, би нь 5.31нд дипломынхоо үзлэгт орох гээд тун зав муутай байна аа. Тэрийг дуусаад үлдсэн бүлгүүдээ оруулнаа. Бас ийм удаан байгаад намайг үнэхээр уучлаарай :(


ingehed diplomoo amjilttai hamgaalsan biz?

_________________
...


Top
   
PostPosted: Oct.01.18 12:18 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ТАВДУГААР БҮЛЭГ

Удалгүй Райли Билл хоёр Гордон Пүүл эмчийн байшингийн гадаа ирлээ.

"Миний байх ёстой газар энд биш" гэж Райли бодож байсан ч Билл түүнийг дуугүй л тушаал дагахыг зөвлөжээ.

Пүүл Морлейд өнөөдөр ажил дээрээ байхгүй байх тул Билл Райли хоёрыг гэрт нь ирж уулзахыг санал болгосон юм. Түүний орчин үеийн, гайхалтай том нэг давхар байшингийн урдуур бас л том хэмжээтэй зүлэг байх агаад хашаанд нь цэвэрхэн зассан бут сөөг үргэлжилнэ. Энэ бол Райлигийн Финиксийн орон сууцны хорооллуудад харж заншсан жижигхэн ногоон зурвас биш бийлэгжүү эзний баялгаа гайхуулах гэсэн арга гэмээр аварга том талбай ажээ.

Тэднийг байшингийн үүдэнд хөгжилтэй гэмээр боловч ихээхэн ядарсан төрхтэй, дөч эргэм насны эр угтаж авсан нь Гордон Пүүл эмч бөгөөд түүний үс нь шингэрч халзрах төлөв орсон хэдий ч залуухан хөвгүүнтэй адил царай нь нээлттэй, элгэмсүү шинжтэй үзэгдэнэ.

- Бурхан минь, би та нарыг ийм хурдан хүрээд ирнэ гэж санасангүй. Орцгоо орцгоо! гэж гэрийн эзнийг найр тавихад хамгийн сүүлд хэзээ насанд хүрсэн эр хүн "бурхан минь" хэмээн дуу алдахыг сонссоноо санах гэж оролдонгоо Райли үүнд нь бяцхан баясаад түүнийг даган тохилог, битүү хивс хулдсан зочны өрөөнд нь орж суулаа.

- Гадаа ч үнэхээр халуун байна шүү. Та бүхэн шинэхэн шахсан нимбэгний шүүс уух уу? Би хөргөгчиндөө үргэлж нимбэгний шүүс хадгалдаг, бас зочидтойгоо хуваалцахыг хүсдэг юм. Тийм гэж хэл л дээ!

Райли түүний нүдэн дэх гэмгүй цайлган баяр хөөр, инээмсэглэлд нь автах шиг болж

- Тэгье гэхэд Билл ч мөн уухыг зөвшөөрөв.
- Гайхалтай! хэмээн Пүүл эмч дуу алдаад гал тогоо руу орон алга боллоо.

Билл буйдан дээр тухалсан бол Райли хананд өлгөөстэй байсан гэр бүлийн зурагнуудтай танилцахыг хүсэв. Бүх зурган дээр Пүүл эмч Райлигийн хүүхдүүд нь гэх эргэлзээгүй хүмүүстэй хамт аз жаргалтай байх ажээ. Нэг зурган дээр Пүүл эмч арван хоёр орчим насны хүүтэй хамт дөнгөж сая барьсан бололтой том загас барьсан зогсож, өөр нэг зурган дээр тэрээр зөгий шиг хувцасласан бяцхан охины хамт хөгжилтэй инээмсэглэсэн байлаа.

"Сүнсний баярын ч юм уу сургуулийн ямар нэг өдөрлөгийн хувцас байх" гэж Райли бодож зогстол Пүүл эмч шилэн аяганууд, нимбэгний ундаа бүхий савтай тавиур барьсаар орж ирэв.

- Зурган дээрх миний хүүхдүүд байгаа юм гэж түүнийг хэлэхэд Райли түүний хоолойноос хүүхдүүдээ хайрлан энэрсэн, эцэг хүний бахархсан өнгө илрэхийг анзаарлаа.
- Хүүхдүүд чинь сургуульдаа явсан юм уу? гэж Райли асуутал эмчийн царайд гунигтай өнгө тодорсноо
- Тэд надтай хамт амьдрахаа больсон. Хүүхдүүдийн ээж бид хоёр салаад дөрвөн жил болж байна гэлээ.

Райли хувь хүний эмзэг сэдвээр хамаагүй оролдсондоо ичих шиг болж

- Намайг уучлаарай, тун харамсалтай байна гэвэл
- Бурхан минь, тэгэх хэрэггүй ээ. Бүгд эв зүйгээр шийдэгдсэн. Тэр хуульчаар ажилладаг байгаад Коннектикутад татгалзахын аргагүй ажлын санал авсан юм. Харин би энд хэдэн үеэрээ амьдарсан хүн болохоор бүхнээ хаяад явж чадаагүй дээ хэмээн эмчийн нүүрэн дээр өнөөх хүүхдэрхүү инээмсэглэл нь дахин тодорлоо.

Эмч тавиуртай шилэн аяга, ундаагаа барьсан чигтээ тэрүүхэндээ эвгүйцсэн аястай зогсоход Райли танихгүй хүмүүс гэрт нь орж ирээд гэр бүлийнх нь зурагнуудыг ичгүүр сонжуургүй үзэж байгаад эвгүйцсэн юм болов уу гэж гайхаж байтал эмч өрөөний нөгөө талд байх онгорхой хаалганууд руу зүглэн

- Ийм сайхан өдөр дотор сууцгаагаад юу хийх вэ? Бүгдээрээ гарч усан сангийн хажууд сууж энэ ундааг уунгаа ярилцацгаая гэлээ.
Райли Билл хоёр түүнийг даган сайхан зассан цэцэрлэгтэй том усан сан руу гарч сүүдрэвчинд суухад Пүүл эмч ширээн дээр тавцантайгаа тавиад хаалгаа хаасны дараа л тэр хоёрт нимбэгний шүүс аягалж өгөнгөө гэр бүлийнхээ талаар үргэлжлүүлэн

- Гэсэн ч хүүхдүүд минь энэ улсын нөгөө захад байгаа гэж бодохоор л хэцүү байдаг. Гэхдээ бид цагийг хамтдаа их өнгөрүүлдэг юм шүү. Би хүүхдүүдтэйгээ хамт байх боломжийг хэзээ ч алддаггүй гэж ярилаа.

- Таны хүүхдүүд танаар тун их бахархдаг байх, Пүүл эмчээ гэж Райли хэлэхэд

- Би ч тэднээр бахархдаг. Гэхдээ та намайг Пүүл эмч гэж дуудах эвгүй л байна шүү, би намайг сайн танихгүй хүмүүс ч Гордон юм уу Горди гэж дуудахад дуртай. Үнэхээр албан ёсны баймаар байвал Горди эмч гэж дуудаж болно гээд тэр тэрүүхэндээ хөхөрлөө.

Райли ч түүнийг даган инээнгээ энэ хүнийг ихээхэн таашааж байгаагаа анзаарав. Түүний царай яагаад ийм ядарсан төрхтэй байгааг ч тэр ойлгохын дээдээр ойлгож байлаа. Энэ хүн шиг зөөлөн сэтгэлтэй, эелдэг хүн маш олон цаг ажилладаг нь гарцаагүй агаад Райли ч өөрөө эцэхээ мэдэхгүй ажилладаг хүн. Гэвч Райли энэ амар жимэр, тансаг хангалуун орчинд байгаадаа бага зэрэг эвгүйцэж байв. Энэ ганган хээнцэр бүхэн түүний сүүлийн хэд хоногт хутгалдсан янхнууд, зуучлагчид, алуурчдаар дүүрэн ертөнцөөс тэс ондоо санагдах агаад тэр ердөө л энд байгаагийнхаа төлөө буруутай ч юм шиг санагдаж байлаа.

- Би та нарт хэрэгтэй мэдээллийг яг одоо энд олж чадна гэж Пүүл эмч хэлэнгээ ширээн дээр байсан зөөврийн компьютерийг нээв.
- Бид таныг эмнэлэгт гарсан эмийн хулгайн хэрэг дээр цагдаа нарт тусалсан гэж дуулсан. Бидний дуулснаар та иймэрхүү хэрэг дээр цагдаа нарт үе үе тусалдаг юм байна. Таны энэ сайхан сэтгэлд баярлалаа гэж Билл хэлэхэд Пүүл эмч даруухнаар мөрөө хавчаад
- Ядаж л энэ зэргийн юмаар туслалгүй яахав. Та бүгдийн харж байгаачлан Финикс хот надад ээлтэй сайхан хандсан тул би ч бас хариу барьж байгаа нь энэ. Харин энэ ХДХВ-н эмний хулгайч миний санааг үнэхээр зовоож байна. Элжин надад энэ цуврал алуурчин ХДХВ-тэй байж магадгүй, бас эм хулгайлж ууж байж магадгүй гэж хэлсэн, үнэн үү? гэлээ.

- Яг зөв, танд энэ эмийн хулгайтай холбоотой сэжигтэн бий юу? гэж Райли асуувал Пүүл эмч компьютерийнхээ дэлгэцийг ширтэнгээ
- Би хүмүүсийн мэдээллийг нилээн шүүсэн л дээ. Энд нэг хүн бусдаас онцгой... гэснээ тэр хормын турш чимээгүй болсноо
- Би та бүхэнд энэ хүний мэдээллийг өгч чадахгүй юм шиг байна гэлээ.
- Яагаад үгүй гэж? гэж Биллийг асуухад
- Энэ хүн Финиксийн төв эмнэлгийн удирдах албанд ажилладаг. Магадгүй энэ хүн та бүхний хайж буй хүн мөн ч байж мэдэх хэдий ч баримт гэх зүйл маш бага, бас би чин үнэнээ хэлэхэд миний буруу байгаасай гэж хүсч байна гэж Пүүл эмч хэлснээ санаа нь зовсон шинжтэй толгой сэгсрэн
- Би гэм буруугүй хүний нэр хүндийг гутаахыг хүсэхгүй байна. Гэхдээ Элжин иймэрхүү зүйлийг яаж зохицуулахаа мэдэх байх гэснээ халааснаасаа тэмдэглэлийн цаас гарган хэдэн зүйл бичмэгцээ
- Аан гээч, би түүний нэрийг энэ цаасан дээр биччихье, харин та бүхэн үүнийг Элжинд дамжуулаад өгчихөөрэй, би түүнийг л энэ бүхнийг зохицуулаасай гэж хүсч байна гээд цаасыг Биллд өгөхөд Райли Билл хоёр түүнийг цаг гаргасанд талархаад байшинг орхин одов.

Райли буцаад захиргааны байр руу хөдлөх зуух Билл Морлейд юу олж авснаа мэдэгдлээ.

***

Райли Билл хоёр ХМТ-н байранд ирмэгцээ Морлейн ихээхэн бухимдангуй нааш цааш холхиж байхтай таарав.

- Пүүл эмчийн өгсөн мэдээлэл батлагдсангүй. Энэ хүн бүтэн хоёр долоо хоногийн турш Мексик дэх далайн эргийн амралтын газар амарч байсан байна. Тэр энэ хугацаанд өнөөх аллагуудыг үйлдсэн байх ямар ч боломжгүй. Пүүл эмч энэ талаар уул нь мэдэж л баймаар юм. Тийм болохоор түүнтэй холбоотой байж, дахиж өөр сэжүүр гарч ирэх нь үү үгүй юу тодруулаарай гэснээ тэр холхихоо больж, Райли Билл хоёр руу хялайн харснаа

- Бид та хоёрыг ирснээс хойш энэ хэрэг дээр ганц алхам ч ахисангүй гэхэд Райли түүнд хичнээн их хичээл зүтгэл гаргасан талаараа хашгичин хэлэх гэснээ больж биеэ барилаа.

Тэр Биллийг ч мөн тэрүүхэн тэндээ дургүйцэн уухилахыг дуулаад хэн нь ч Морлейтэй сөргөлдөх бодолгүй байгаа гэдэгтээ итгэв. Энэ үеэр таагүй нам гүмийг эвдэн түүний утас дуугарч, Райли дугаарыг таниагүй боловч утасны цаадах хоолойг сонсмогц хэнтэй ярьж байгаагаа мэдлээ. Энэ бол тэдний сүүлийн хэрэг дээр маш их туслалцаа үзүүлсэн засан хүмүүжүүлэх газрын хоригдол Шэйн Хатчер байх ажээ.

- Чи Финикст ажиллаж байгаа хэргийнхээ талаар надтай ярилцмаар байна уу? гэж Хатчер асуумагц Райли дуун дээр нь өлгөж аван
- Тэгэлгүй яахав, шинэ содон санаа хэрэгтэй л байна шүү, хүссэнээ хэл гэлээ.
- Өө утасны цаанаас бол үгүй шүү. Тохиролцоо хийж байгаа бол хоёр талдаа ашигтай байх хэрэгтэй, би ч бас өөрийнхөө ашгийг хүртмээр байна. Тийм болохоор чи миний гэмт хэргийн талаарх мэдлэгийг ашигламаар байвал эхлээд өөрөө биечлэн ирж уулз
- Наадах чинь боломжгүй
- Мөрдөгч Пэйж, таныг боломжтой болгож чадна гэдэгт би маш их итгэж байна. Би таны бусдыг ятгах чадварыг маш өндрөөр үнэлдэг шүү. Та бид хоёрын хамгийн сүүлд хэлэлцсэн хүн таны ятгалгаар хоолойгоо хэрчсэнийг та санаж байгаа биз дээ?

Торны цаана хоригдсон энэ хүн үргэлж л мэдэх ёстойгоосоо илүү ихийг мэдээд байдаг явдал нь Райлиг эвгүйцүүлж, тэр дуугаа хураалаа. Гэвч яг одоогийн байдлаар түүнд шинэ санаа юу юунаас илүү чухал байгаа тул тэр яах ч аргагүй болж

- За би эргээд хариу хэлье гээд утсаа тасалмагц Билл, Морлей хоёр хоёул түүн рүү хариу хүлээсэн шинжтэй харж байгааг мэдээд
- Сая Шэйн Хатчер ярьж байна гэв.
- Тоглоогүй биз? хэмээн Билл гайхан асуугаад Морлейд Шэйн Хатчер гэж хэн болох, Райлитай ямар хачирхалтай харилцаатай болох талаар ярьж өглөө.
- Тэр надад утсаар юу ч хэлж өгөхгүй гэнэ. Би очиж уулзах хэрэгтэй байна гэж Райлиг хэлэхэд
- Юугаа яриад байгаа юм бэ? Тэр шорон чинь Нью Йоркод байдаг биз дээ? гэж Морлей бачимдав.
- ХМТ-н онгоц нисэх буудал дээр байж л байгаа. Онгоцоор явбал би маш хурдан хэрэгтэй газраа очоод буцаад ирчихнэ.
- Чиний хийх ажил энд байна! Чи хэн нэгэн ямар нэгэн юм дуулгангуут л ажлаа хаяад яваад байж болохгүй гэж Морлей тэсэрлээ.

Райли Морлейн нүүр мэнчийн улайж, юу юугүй түүний энэ уулзалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлэхийн даваан дээр арайхийн биеэ барьж байгааг анзаарав. Райлигийн урд нь түүний зөвшөөрөх эсэхийг авч хэлэлцээгүй явдал гарч байсан тул тэр энэ удаа ийм байдалд дахин орохгүйг хичээж байгаа бололтой.

- Би аль болох хурдан эргэж ирнэ ээ гэж Райли гарах замдаа хэллээ.

Тэр сэтгэлээрээ аль хэдийн Зин Зин шоронд хоригдож буй хүн дээр, өөрийн мэдэх хамгийн аюултай хүн дээр оччихжээ. Энэ хэргийг учрыг тайлах хүн хаа нэгтээ байдаг л юм бол тэр нь цуврал алуурчдын талаар гайхмаар мэдлэгтэй энэ хүн гэдгийг Райли мэдэж байв. Гэвч чухам ямар үнээр энэ боломж олдох бол?

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 12:26 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ

Райли маргааш өглөө нь Нью Йорк руу ХМТ-н онгоцоор нисч, Зин Зин Засан Хүмүүжүүлэх Төвийн жижигхэн уулзалтын өрөөний хаалгаар орох үед өдөр бараг дундаа орж байв. Тэр өмнө нь энд ирж байсан ч дахин энэ хаалгаар орж ирнэ гэж төсөөлөө ч үгүй бөгөөд энэ уулзалт түүнд таатай байна гэж хэлэх аргагүй байлаа.

Өрөөнд өнөөх Шэйн Хатчер хэмээх алуурчин түүнийг хүлээн суух агаад тэр бол дунд эргэм насны Африк-Америк гаралтай, том, хүчирхэг биетэй, хэтийдсэн ухаантай нэгэн аж. Райли сэтгэлийнхээ гүнд энэ хүн түүний амьдралдаа учирсан, учирч болох хамгийн аюултай нэгэн гэдгийг үргэлж мэдэрдэг байв.

Хатчер түүн рүү өчигдөр орой залгаж “Чи надтай ярилцмаар байна уу?” гэж нууцлагаар асуумагц л Райли түүний үгийг тоохгүй өнгөрөөж болохгүй гэдгээ мэдсэн аж.

Хатчер урьдын адил хар ногоон хувцас өмсөж, жижигхэн хүрээтэй нүдний шил зүүсэн байх агаад Райли түүний өөдөөс харан суулаа.

- Уулзалгүй уджээ хэмээн түүнийг хэлэхэд Райли
- Үгүй ээ, удаагүй гэж эсэргүүцэв.

Үнэхээр Райли өнгөрсөн сард л гэхэд хоёр удаа түүн дээр ирсэн агаад, Майк Невинсийн зөвлөгөөг даган Хатчертэй уулзаж гинжит алуурчны талаарх түүний бодлыг сонсох хэрэг гарсан нь тэр юм.

Хатчер залуудаа хүмүүсийг гинж ашиглан хороох дуртай догшин хэрцгий алуурчин байжээ. Тэр нэг цагдааг хэн гэдэг нь танигдахгүй болтол зодож алаад цогцсыг нь эхнэр, хүүхдүүдэд нь харуулахаар цонхон доор нь орхисныхоо дараа баригдаж Зин Зин засан хүмүүжүүлэх газар руу илгээгдсэнээсээ хойш энд байгаа төдийгүй үлдсэн амьдралаа ч энд өнгөрөөх билээ.
Энэ бодол Райлиг зовоодоггүй агаад үнэндээ тэр Хатчерийг Деррик Калдвелийн адил амьд явах эрхгүй хүн гэж боддог, тэр байтугай энэ бодлоо түүний нүүрэн дээр хэлж орхисон юм. Хачирхалтай нь Хатчер үүнийг нь тун талархан хүлээж авчээ.
Гэвч энэ хүн бол тун үнэ цэнтэй мэдээллийн эх сурвалж гэдэг нь маргаангүй. Тэрээр энд өнгөрүүлсэн он жилүүдээ гэмт хэргийн шинжлэх ухааныг судлахад зориулж, одоогийн байдлаар кримонологийн шинжлэх ухааны нарийн мэргэжилтэн болж тодроод байгаа төдийгүй хэд хэдэн шинжлэх ухааны өгүүлэл хэвлүүлсэн нь чухамдаа Майк Невинсийн анхаарлыг татсан билээ.

- Чи надад тусалж чадна гэсэн билүү? гэж Райли асуухад
- Би сүүлийн удаа танд тусалсан биз дээ? гэж Хатчер сөргүүлэн асуулаа. Райли толгой дохиод
- Чи энэ хэргийн талаар хаанаас дуулаа вэ? хэмээн асуухад тэр мөрөө хавчаад инээмсэглэснээ
- Харин л дээ? Сонин хэвлэл, телевиз, интернет гээд зөндөө л арга байна гэхэд нь Райли түүнийг сэжиглэнгүй ширтлээ.
- Чи тэгээд ердөө л мэдээллийн хэрэгслээр цацагдсан зүйл дээр үндэслэж надад тусалж чадна гэж бодоод байгаа юм уу?

Хатчер энэ удаад хариулсангүй, дуугүй инээмсэглэсээр байв.

- Тэгээд бас надад тусалсныхаа хариуг авмаар байна гэсэн байх аа?
- Мэдээж шүү дээ
- Тэр нь тэгээд юу юм бол доо? гэхэд Хатчер зэвүүн муухайгаар хөхөрснөө
- Өөртэй чинь багахан цаг өнгөрүүлэх хавьцааны л зүйл л дээ гэхэд нь Райлигийн дотор арзаганах шиг болов. Энэ хүн хичнээн энд хоригдож байгаа нь үнэн ч гэлээ Райлид үргэлж л түүнийг тандаж, дагаад байх шиг санагддаг юм. Хатчер түүнтэй уулзахаар утсаар худлаа хэлж ярих хүртлээ донтчихсон юм болов уу? Энэ хүнд ер нь түүнд туслах өчүүхэн ч болтугай санаа байна уу? Гэсэн ч Райли энэ бодлоо толгойноосоо авч хаян, зөвхөн урдан ажилдаа төвлөрөхөөр хичээгээд

- Энэ хэрэг дээр бага зэргийн өөрчлөлт орсон. Манай алуурчин бага насны охин хулгайлсан бололтой. Бид одоогоор түүнийг амьд эсэхийг мэдэхгүй байна гэлээ.
Энэ мэдээ Хатчерийн сонирхолыг татав бололтой толгойгоо хөдөлгөв.
- Хулгайлсан гэнэ ээ? Сонирхолтой л юм. Түүний арга барил биш л байна даа. Тэр охин өсвөр насны биеэ үнэлэгч байсан биш биз?
- Мэдэх юм алга, бид түүний хэн болохыг ч тогтоож амжаагүй байгаа. Гэхдээ ямар ч байсан гэрээсээ зугтаж яваа нэгэн байж болох. Түүнийг харсан эмэгтэй тэр охиныг үүргэвчтэй явсан гэж хэлсэн.
Хатчер гүн бодолд автсан янзтай эрүүгээ илбэнгээ
- Энэ бүх биеэ үнэлэлт, янхандалт – жигшүүртэй ертөнц шүү. Би эрэгтэй, эмэгтэй хэн ч байлаа гэсэн хүссэнээ хийх эрхтэй гэдгийг дэмждэг хүн. Гэхдээ эцсийн эцэст бид сонголт л хийдэг. Би өөрийн сонголтоо хийсэн, би үүнийхээ хариуг насаараа хүртэнэ. Хүн бүрт энэ боломж олдох ёстой. Гэтэл гудамжинд буй тэр хүүхдүүд... гэснээ тэр хором завсарлаж, эцэст нь
- Тиймэрхүү хүүхдүүдэд зориулсан орогнох газрууд байдаг биз дээ? Бас тийм хүүхдүүдийг энэ ажлаас нь холдуулж өгдөг хүмүүс ч байдаг. Чи тэдэнтэй холбогдох хэрэгтэй гэлээ.
- Тэгэлгүй яахав гэж Райли зөвшөөрөв.
Өрөөнд дахиад чимээгүй болоход Райли дотроо эвгүйцэж эхэллээ. Тэр үнэхээр иймхэн юмны төлөө наашаа ирсэн гэж үү?
- Надад өнөөдөр тоглоом тохуурхалд зарцуулах цаг алга. Тэр охины амь нас дээсэн дөрөөн дээр ч байж мэднэ. Ямар нэгэн юм мэдэж байгаа бол одоо хэлчих.
Гэтэл Хатчер дахиад л зэвүүн муухай хөхөрснөө
- Үгүй шүү, харин чи надад юу мэдэж байгаагаа хэлчих гэлээ.

***

Өөрийгөө Т.Р гэж нэрлэсэн өнөөх эр байшингийнхаа зооринд сандалтайгаа наалдамхай туузаар хүлүүлсэн охин руу хараад сууж байлаа. Охиныг хашгирах тэнхээгүй болтол мансууруулсан тул амыг нь тагласангүй, харин охин толгойгоо санжигнуулан гиншсээр байв.

- Чи гэрээрээ зугтах хэрэггүй л байж дээ хэмээн Т.Р хэлэхэд охин түүн рүү харахыг хичээлээ. Т.Р охиныг түүний үгийг ойлгож байгаа эсэхийг мэдсэнгүй. Гэсэн ч
- Ээж чинь чамд санаа зовж байгаа байх даа. Чи гэрээсээ зугтахдаа энэ талаар бодсонгүй юу? гэж үргэлжлүүлэн асуув.

Охин дахиад л юу ч дуугарсангүй. Харин түүнд энэ бүхэн огт таалагдахгүй байлаа. Өчигдөр тэр охиныг машиндаа суулгахдаа түүнийг ердөө л бас нэг янхан гэж бодсон нь үнэхээр тэнэг алдаа болж таарчээ. Т.Р тэр үед ядарсан, айсандаа анзааргагүй байсны дээр охин Сокоррог танина гэж хэлсэн, тэр байтугай “Сокорро бид хоёр их удаан найзалсан шүү” гэж хэлснийг нь яг таг санаж байв. Гэвч тун удалгүй тэр охины худлаа хэлж байгааг мэдсэн агаад охин ердөө л гэрээсээ зугтаж яваа нэгэн тул унаа олохын тулд юу ч гэж худал хэлж болохоор байж. Харамсалтай нь энэ үед бүх зүйл дэндүү оройтжээ. Коновер өргөн чөлөөн дэх янхан түүнийг таньсны дээр охин ч түүнийг барьж өгч чадахаар болчихжээ.

Азаар тэр охиныг машиндаа байхдаа мансууруулж амжсан агаад түүнд одоо энэ охиныг алахаас өөр сонголт байсангүй. Гэтэл тэр хэрэгцээгүй үед аллага хийж дадаагүйн дээр энэ охиныг алах түүнд ямар ч сэтгэлийн таашаал авчрахгүй аж. Баяр цэнгэлгүй хүн ална гэдэг ямар муухай хэрэг вэ?

Ямартай ч тэр одоо хийх гэж буй зүйлдээ харамсахгүй байлаа. Эцсийн эцэст энэ бүхэн охины буруу, гэрээсээ зугтсанаараа тэр л энэ бүхэнд буруутай. Бас түүний ээж ч гэсэн. Охин түүнд хулгайлагдсанаасаа хойш ээжийгээ дуудан хашгирч байгаа юм.

- Ээж чинь чамд илүү анхаарал халамж тавих ёстой байсан юм. Чи гэрээсээ зугтах ёсгүй байсан юм гэж тэр хэлэхэд охин аяархан гиншсэн хэдий ч түүний хэлснийг ойлгохгүй хэвээрээ байх шиг байлаа.

Т.Р яагаад одоо хүртэл түүнийг алахгүй байгаагаа дотроо гайхаж байв. Охиныг амьд байлгаж байгаа нь түүнд үнэхээр яршигтай байлаа. Тэр үе үе охиныг мансуурлаас нь гаргаж балга ус, үмх хоол өгч, тэр байтугай нэг хоёр удаа уяг нь тайлан жорлон руу явуулжээ. Охин хэт их мансуурсан тул үгийг нь дуулгавартай дагаж байсан юм.
Гэсэн ч охины амийг авах нь гарцаагүй хэрэг агаад тэр зөвхөн тохироо нь бүрдэхийг хүлээж буй мэт. Эцсийн эцэст тэр бол аливаа зүйлийг соёлтой хүмүүсийн адилаар соёлтой аргаар хийдэг иргэншсэн хүн шүү дээ.
Үүний хажуугаар охиныг барьцаанд байлгах өөрөө аюултай хэрэг байлаа. Тэр ердөө саяхан баригдах шахсан агаад дахиад тийм алдаа гаргавал бүр аюулд ч орж мэднэ. Тэр аюул, эрсдлийн алинд нь ч дургүй хүн.
Охин багахан сэргэв бололтой чангаар гиншиж, түүн рүү эгцлэн ширтэхэд нүдэнд нь айдас тодрохыг харсан өнөөх эр тариур шүүрэн авч бугалганд нь зооход охин тэр дороо чимээгүй боллоо.

***

- Чи халж байна шүү гэж Хачтерийг зэвүү хүрэм инээмсэглэн хэлэхэд Райли түүнийг ямар утгаар ийм үг хэлснийг ойлгосонгүй. Тэр өөрийгөө түүнтэй нуугдаж тоглож байна гэж бодоод байгаа юм болов уу?

Энэ хоёр хүн бүтэн хоёр цагийн турш сандлаасаа боссонгүй, эцэс төгсгөлгүй урт яриа өрнүүлсэн хэдий ч Райлид энэ ярилцлага одоогийн байдлаар чухал мэдээлэл өгч эхлээгүй л байлаа.

Хатчер түүнээс Морлей, Брент Мередит нарын ч асуухааргүй нарийн ширийнийг тасралтгүй шалгааж Нэнси Холбрукийн ах Гарретт Холбрукийн нууцлаг зан араншинг тун их сонирхож байв. Хатчерийн бодлоор Нэнсигийн аллагын ХМТ-нхоор мөрдүүлэх гэж зүтгэсэн атлаа өөрөө энэ хэрэгт бараг хөндлөнгийн ажиглагч шиг хандаж байгаа Гарреттийн байгаа байдал тун хачирхалтай ажээ. Райли энэ тал дээр түүнтэй санал нэгдэв.

- Чи түүнийг яах гэж байна? гэж Хатчер дахин дахин асууж байсан ч Райли үнэндээ яахаа ч мэдэхгүй байлаа.

Гэвч Хатчер Райлигийн ажиглаж мэдсэн зүйл, олж авсан мэдээлэлд гэхээс илүү түүний гаргаж буй үйлдэл, яг одоо юу хийж байгаа, тэр нь түүнд ямар санагдаж байгаа талаар, бүр нарийн ширийнийг нь хүртэл сонирхож байв. Тэр Райли Билл хоёр өнгөрсөн Бямба гаригт ХМТ-н онгоцонд суун Финикст ирснээс хойшхи түүний нүдээр харсан бүх зүйлсийг мэдэхийг хүсч байлаа.

Жинхэнэ янхны газрыг нэгжихэд ямар санагдсан бэ? Янхан болж жүжиглэхэд түүнд ямар мэдрэмж төрсөн бэ? Гэрээсээ зугтсан өсвөр насны охиныг аврах үед юу бодогдсон бэ? Бас ачааны машины зогсоол дээр сэжигтнийг хурууныхаа завсраар алдах үед?

Тэгснээ тэр дахиад Райлиг янхан болж жүжиглэх үеийнх рүү буцав.

- Би чамайг тийм байдалтай байсныг хармаар болж байна шүү гэхэд Райли дуугарсангүйд тэр үргэлжлүүлэн
- Чиний гадаад төрх хэнд ч гологдохгүй сайхан харагддаг. Танай хамтрагч та хоёр ямаршуухан харилцаатай байдаг вэ? Тэр чиний амьдралд байдаг бусад залуучуудад яаж ханддаг вэ? гэж асуув.

Райли энэ асуултуудад нь ч гэсэн хариулсангүй. Хатчер эцэст нь бууж өгөн толгой дохиод яриагаа өөр сэдэв рүү шилжүүллээ.
Энэ асуултууд үнэндээ Райлиг тун их түгшээжээ. Хатчерийн түүний хувийн амьдралыг, тэр байтугай дотоод сэтгэлийг сонирхож байгаа явдал Райлиг балмагдуулж, тэр байтугай Хатчер үүнээсээ тун эвгүй таашаал авч буй мэт санагдана. Түүнд одоо энэ хүн жинхнээсээ түүнийг сонирхдог, бараг л түүнд донтсон мэт мэдрэгдэж байв. Тэр үнэхээр энэ хол замыг зөвхөн түүний дурыг хангахаар туулж ирсэн гэж үү?

Ингэсээр энэ ярилцлага сүүлдээ Райлигийн хувьд хэрэгтэй ямар ч хамааралгүй асуултуудын цуглуулга болж ирлээ. Хатчер Эприлийн хэрхэн сэтгэлийн хямралд орсныг болон Райлигийн хэрхэн Морлейг эсэргүүцэж охиндоо туслахаар явсныг нэгд нэгэнгүй яриулав. Тэгснээ бүр түүний аавындаа зочилсон талаар хүртэл яриулахаар шахаж, тэнд юу болсон талаар, Райли эцэгтээ юу гэж хэлсэн талаар ганц ч үг гээлгүй мэдэхийг хүсч эхлэх нь тэр. Райли түүнд өөрийнхөө санаж байгаагийн хэрээр нэг ч үг гээлгүй юу болсныг хэлж өгсөн ч түүнийг яагаад ингэж байгааг гайхсан хэвээр л байлаа. Энэ сэдэв бол түүний хувьд дурсахыг ч хүсэхгүй, эцэгтэйгээ уулзсан энэ уулзалт түүний хамгийн сүүлийн уулзалт байгаасай гэж бодохын дээр дахиж түүнийг хэзээ ч хармааргүй, бодмооргүй байгаа билээ. Гэтэл Хатчер түүнтэй тохуурхаж байгаа мэт санагдаж, тэр одоо энэ уулзалтыг хийсэндээ харамсаж эхлэх яг тэр мөчид Хатчер сандлаа налан хойш гэдийж, нүдний шилээ доошлуулан хамар дээрээ тохлоо.

- Чи халж байна шүү гэж түүнийг дахин хэлэхэд Райлигийн уур хүрч
- Наадах чинь юу гэсэн үг юм? гэж ундууцан асуув.

Гэвч тэр хариу хэлсэнгүй, чимээгүй инээмсэглээд

- Надад аав чинь таалагдаж байна гэлээ.

Райли аавынх нь юу ч таалагддаггүй гэж хэлэх хүслээ арайхийн дараад амаа хамхив.

- Тэр бид хоёрт адил зүйл их юм байна гэж Хатчер үргэлжлүүлэн хэлэхэд Райли түүнтэй санал нэг байна гэж хэлэх хүслээ дахин дарлаа.

Түүний аав, Хатчер хоёр хоёул өөр өөрсдийнхөө ертөнцийн мангас нь. Тэдний аль аль нь аллага үйлдэх хүслээ давуулан биелүүлж эцэг нь Вьетнамд байлдан, Хатчер гудамжинд хүслээ хангасан билээ. Бас тэдний хэн хэн нь бусдыг удирдаж, хүссэнээрээ ашиглахын сацуу хийсэндээ огтхон ч харамсдаггүй, харамсал гэж юу байдгийг мэдэхгүй аймшигтай хүмүүс.

- Чи эцгийгээ хангалттай хүндэлдэггүй юм байна

Райлигийн уур хүрч эхлэхэд тэр хүчлэн өөрийгөө тайвшруулав. Райли тэсэрлээ гэхэд ердөө л энэ хүнийг баясгахаас цаашгүй. Хатчер ширээн дээгүүр тэгнэн түүн рүү ойртоод нүд рүү нь цоо ширтсэнээ зэвүүн муухай инээмсэглэж

- Чи халж байна шүү, чи эцгийгээ сонсох ёстой байсан юм даа гээд түүн рүү бүтэн хором ширлээ. Эцэст нь тэр эргэж харан
- Харгалзагч аа, бидний уулзалт дууслаа гэмэгц харгалзагч хаалга онгойлгон, тэр босч явлаа.
- Чи ийм л зүйл хэлэх гэсэн юм уу? гэж Райлиг асуухад
- Хонгор минь, би чамд өчнөөн зүйл хэлсэн. Би чиний сонсох ёстой бүх зүйлийг хэлсэн. Нэг л өдөр чи надад талархах болно. Нээрээ шүү, чи надад талархах болно гэж Хатчер хэлээд харгалзагчийг даган хаалгаар гарахад ард нь хаалга тасхийн хаагдлаа.
- Бас бид дахин уулзах болно, энэ үгийг сайн тогтоож аваарай, бид дахин уулзана.

***

Удалгүй Райли ХМТ-н онгоцны цонхоор Кэтскилл уулсын оройг ажиглах зуураа Хатчертэй уулзаад юу олж авснаа тунгаан бодож явав. Тэр ямар нэгэн зүйл мэдэж авсан байлаа гэхэд тийм гээд оноож одоохондоо чадсангүй. Гэхдээ түүний хэлсэн нэг зүйл үнэхээр түгшүүртэй...

“Чи аавыгаа сонсох ёстой байсан юм....”


Райли Хатчерт аавынхаа хэлсэн үг бүрийг алдалгүй хэлсэн учир Хатчер тэр дундаас ямар нэгэн зүйл анзаарсан болж таарах нь. Аав нь өөрөө ч мэдэлгүй түүнд учиг гаргаж өгсөн юм болов уу?

Тэр ядарсандаа өөрийн эрхгүй нүдээ анимагц барьцаалагдаж, агуйд хоригдсоноо, толгой дээгүүр нь сүүтэгнэх бамбарын дөлийн талаар хар дарж эхлэв. Райли өөрийгөө энэ дурсамжиндаа, энэ харанхуйдаа үлдэх ёстой байсан юм болов уу хэмээн гайхаж эхэллээ. Ядаж л өмнө нь энэ аймшиг түүнийг хамгийн хэрцгий алуурчдын ой ухаанд нэвтрэн орж, тэднийг ойлгоход тусалдаг байсан.
Гэнэт аавынх нь хэлсэн үг дотор зарсхийм зуран орж ирж, чихэнд нь хангинах шиг боллоо....

“Чи мангастай тулалдаагүй, чи мангас гэж юу байдгийг хэзээ ч жинхнээс нь хараагүй. Чиний хөөцөлдөөд байгаа хүн чинь энгийн л нэг хүн.”

Мөн түүний алуурчныг хэрхэн дүрсэлснийг ч санав.

“Миний яг эсрэг, чиний яг эсрэг хүн.”

Эцэг нь асуудлын голыг яг оноод хэлчихсэн байж тун магадгүй. Явж явж тэр анх удаа сэтгэл зүрх нь мөс шиг цэвдэг биш, хар хороор дүүрээгүй алуурчинтай таарчихсан юм биш биз? Райли нүдээ аньсан чигээр өөрийгөө өнөөх харанхуй агуй, бамбарын дөлөөс холдон нарны гэрэлд гарч ирж байгаагаар төсөөллөө.
Тийм ээ, тэр одоо алуурчинд илүү ойртон, түүний мөрөөр орох шиг болжээ. Тэр түүнийг энгийн л нэг өдөр тутмын амьдрал, алуурчинтай огт төсгүй хүмүүсээр дүүрсэн энгийн ертөнцөөс олох болно. Яагаад гэвэл тэр мангас биш, үгүйдээ л гэхэд тэр өөрийгөө мангас гэж хардаггүй.

“Аав шиг биш, над шиг биш” гэж Райли бодно.

Түүний оюун ухаан одоо нарны гэрэлд гарч иржээ. Тэр алуурчны нүдээр эргэн тойрноо харж, түүний арьс нарны гэрэлд бүлээсч буйг мэдрэн, бусдын дунд нэр хүндтэй, тав тухтай амьдрах ямар байдгийг ойлгох шиг болов. Бас түүний болгоомжлол, айдсыг ч мэдэрч, энэ хүн энэ мэдрэмжүүдээсээ цочирдож яахаа мэдэхгүй байгааг ч ухаарлаа. Энэ хүн нөхөрлөл, хүндлэл, өөртөө итгэлтэй байдал, тэр байтугай шулуун шударга байдлаар амьдарч дадсан төдийгүй одоо ч гэсэн өөрийгөө буруу зүйл хийсэн гэж огт бодохгүй байгаа аж. Гэтэл үүний хажуугаар тэр үхтлээ ядарч, аргаа баран, өмнө нь хэзээ ч айж байгаагүйгээрээ их айж байгаа.

Райли Хатчерийн түүнд дахин дахин хэлж байсан нөгөө үгийг санаад инээмсэглэв.

“Чи халж байна шүү”


Тэр үнэн хэлж байжээ. Райли үнэхээр халж эхэлсэн тул төв рүү Биллтэй холбоо барихаар утсаа гарган залгалаа.

- Чи ямар нэгэн юм олж мэдэв үү? гэж утасны цаана Билл дуугарав.

Райли хормын турш бодлогширсноо

- Чи гэрээсээ зугтсан хүүхдүүдийн хоргодох байрыг шалгах хэрэгтэй байна. Жиллигийн байгаа газраас эхэлж болох юм. Жиллигээс Финикст өөр тийм хоргодох газарт байсан эсэхийг асуугаад, бас түүний ямархуу байгааг мэдээд өгөөч гэлээ.
- За ойлголоо гэснээ Билл чимээгүй болж, санаанд ямар нэгэн юм оров бололтой
- Райли, надад нэг санаа төрсөн гэв.
- Ямар санаа?

Билл дахиад чимээгүй болов.

- Би яг одоо бодож байна. Чамайг эргэж ирэхээр чинь хэлье. Чи Финикст ирээд надтай 8 цагт төв байран дээр уулзаж чадах уу?
- Чадалгүй яахав
- За тэгвэл 8 цагт уулзья гээд Биллийг утсаа таслахад Райли түүний юу сэдсэнийг гайхав.

Ямартай ч тэр түүний юу сэдсэнийг тун удахгүй олж мэдэх төдийгүй, яагаад ч юм ямар нэгэн зүйл юу юугүй тэсрэх гээд байгаа юм шиг, үнэндээ яг энэ өдөр олон зүйл шийдэгдэх гээд байгааг мэдэрч байлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 12:31 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ДОЛДУГААР БҮЛЭГ

Билл хоргодох байранд буй өсвөр насны охидыг хараад дотор нь муухайрах шиг болов. Орон нутгийн нийгмийн ажилтан Бренда түүнийг дагуулан нийтийн өрөө рүү ороход тэнд байсан охид яг л бусад энгийн өсвөр насны хүүхдүүдийн адил хоорондоо ярьж, ТВ үзэн, гар утсаараа тоглоом тоглож байсан ч тэд энгийн охид яагаад ч биш байлаа.

“Энэ новшийн хэргийг хараал идээсэй” гэж Билл бодно.

Олон жилийн турш мөрдөгчөөр ажиллахдаа тэр өөрийгөө айдас, аймшиг гэх зүйл мэдрэхээ больсон гэж бодож явжээ. Гэтэл энэ газар түүнийг үнэхээр их түгшээж байв. Энэ бол тамаас зугтсан хүүхдүүдийн аврал эрэн ирдэг хэдий ч нэг л өдөр буцаад там руугаа явж ч магадгүй газар аж.

Билл цагаа харвал Райлитай уулзах хүртэл хангалттай цаг байсан учир уулзалтанд хэрэгтэй зүйлсээ дараа нь бэлдэхээр орхив. Тэр энэ хэргийг аль болох хурдан хаахыг тэсгэлгүй ихээр хүсч байсан тул зөн совин нь үнэн байгаасай хэмээн найдлаа.
Гэтэл бас яг л энд байгаа охид шиг нэг охиныг аврах хэрэгтэй байдаг. Гэвч Биллийн бодлоор тэр охин өдийд аль хэдийн хөнөөгдсөн ч байж магадгүй аж.

Тэнд байсан хэд хэдэн охид хөх няц болсон байснаас гадна сэтгэлдээ ч бас шарх авсны шинж болох айж сэрэмжилсэн төрхтэй байхыг Билл анзаарав. Энэ охид бүгд Райли тэр хоёрын сүүлийн үед байнга харах болсон аймшигтай амьдрал руу орохын ирмэг дээр, биеэ үнэлж эхэлж байсан юм уу биеэ үнэлэхээр оролдож байгаад энд ирсэн ажээ. Тэд бүгд ямар нэгэн байдлаар хохирогчид билээ.
Райли түүнээс нэг охиныг онцгойлон асууж байсныг Билл санаад

- Эдний хэн нь Жилли вэ? гэж Брендагаас асуув.

Нийгмийн ажилтан хөзөр тоглож буй хүүхдүүд дундах туранхай, хар арьстай охин руу заав. Охин өөрийн хөзрөө цээжиндээ наажээ.

- Танай хамтрагч Жиллид маш их санаа тавьж байсан шүү гэж Брендаг хэлэхэд
- Тийм шүү гэж Билл дуун дээр нь хариулснаа бага зэрэг тайлбар тавих хэрэгтэй хэмээн бодож
- Мөрдөгч Пэйжийн өөрийнх нь өсвөр насны охин саяхан асуудалд орсон болохоор тэр юм гэлээ.

Эмэгтэй ойлгосон шинжтэй толгой дохих үед Билл Жилли дээр очин өөрийгөө Райлигийн хамтрагч хэмээн танилцуулдаг юм билүү гэж бодов. Гэвч охин өөртэй нь уулзахаар ХМТ-н эрэгтэй ажилтан ирлээ гэвэл яаж ч балмагдаж мэднэ хэмээн бодоод уулзахгүй байхаар шийдсэн ч ямартай ч Райлид түүнийг зүгээр байгааг дуулгахаар шийдлээ.

- Та бидэн рүү залгахдаа өөр нэг охины талаар тодруулна гэсэн үү? гэж Брендаг асуухад
- Та бодвол бидний хөөцөлдөж байгаа цуврал алуурчны талаар дуулаа байлгүй гэж Билл хариулав.

Бренда толгой дохин

- Янхнуудыг хөнөөдөг алуурчин мөн үү? гэлээ.
- Тийм ээ, бид түүнийг гэрээсээ зугтсан өсвөр насны охиныг хулгайлсан гэж үзэж байгаа.
- Яана вэ? Энэ охид ийм хэрэгт үнэхээр амархан өртдөг. Охиныг хэн гэдэг вэ? гэж Бренда гаслав.
- Наадах чинь асуудал болоод байна. ХМТ эрэн сурвалжилж байгаа боловч бид охины нэрийг ч мэдэхгүй, зөвхөн ерөнхий дүрслэлтэй л үлдсэн. Түүний талаар илүү ихийг мэдэж байсан бол хамаагүй хялбар байх байсан юм. Зургийг нь олбол бүр сайн гэж Биллийг хэлэхэд Бренда хормын зуур бодлогшироод
- Та хэрэг өчигдөр гарсан гэсэн үү? Энд байгаа охидоос сүүлийн хэд хоногт алга болсон охин байхгүй. Гэхдээ бид бусад хоргодох байруудаас анхааруулга авдаг юм. Явж мэдээ шалгацгаая гэлээ.

Ингээд Бренда Биллийг дагуулан албан тасалгаандаа ороод компьютерээсээ хайлт хийж эхлээд

- Та түүний талаар юу мэдэх вэ? гэж асуув.

Билл охины хулгайлагдахыг харсан биеэ үнэлэгч Жюлийн хэлснийг санаад

- Охин ойролцоогоор арван дөрвөн настай, 167 см хавьцаа өндөр, арай намхан ч байж мэднэ. Шар үстэй, цэнхэр нүдтэй, цонхигор цайвар арьстай, туранхай. Үүргэвч үүрсэн байсан гэлээ.

Бренда нэрнүүдийн жагсаалт шүүж байснаа

- Өчигдөр ирсэн нэг ийм мэдээлэл байна. Охиныг Сандра Вутке гэдэг, бусад нь Сэнди гэж дууддаг. Өчигдөр өглөө эрт Виндермер өргөн чөлөөн дэх төвөөс алга болсон гэнэ. Хэрэв охин хоргодох байрнуудын аль нэгэнд байгаад алга болсон бол энэ охин байж таарна гэснээ нэрэн дээр дарахад дэлгэцэн дээр туранхай, шар үстэй, илт өдсөн төрхтэй охины зураг гарч ирэв. Охин Жюлийн тодорхойлсонтой тун адилхан харагдсанд Билл толгой дохилоо.

Бренда хоргодох байр руу залгаж захиралтай нь холбогдон

- Клаудиа, манай дээр ХМТ-н мөрдөгч Билл Жеффрис ирчихсэн байна. Тэр Сэнди Вуткегийн гадаад төрхтэй таарч буй нэг охиныг хайж байгаа юм, охин аюулд орсон байж магадгүй гэв.

Утасны цаана Клаудиа тун их санаа зовсон шинжтэй

- Ямар аюул вэ? хэмээн асуулаа.
- Ийм зүйл дуулгаж байгаад уучлаарай, охин сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр дуулдаад байгаа цуврал алуурчны гарт орсон байж болзошгүй гэж Билл хариулав.
- Биеэ үнэлэгчдийн хөнөөдөг эр мөн үү? гэж Клаудиа асуухад хоолой нь айсандаа чичирсэн сонсогдоно.
- Гэхдээ энэ байж боломгүй юм. Сэнди яг биеэ үнэлэгч бол биш, тэр ердөө хоол идэх гэж юм уу унаа олох гэж цөөн хэдэн удаа бусадтай унтсан байсан. Тэгээд түүнийг хэн нэгэн хүн энд авчирсан, гэхдээ охин байж ядсан тогтворгүй зантай болохоор эндээс зугтахад нь би нэг их гайхаагүй.
- Тэр үүргэвчтэй явсан уу? гэж Биллийг асуухад
- Түүний зугтаж байгааг харсан охид түүнийг үүргэвчтэй байсан гэж хэлсэн. Түүнийг цуврал алуурчинд хулгайлагдсан гэхэд үнэхээр итгэмээргүй юм. Охин магадгүй зүгээр л гэртээ харьсан байж ч мэднэ. Энд хэтэрхий олон охид, хэтэрхий цөөн ажилчид байдаг болохоор бид шалгаж амжаагүй байна гэж Клаудиа хариуллаа.

Билл түүнийг байж болох хамгийн муу хувилбарт итгэхгүйг хичээж байгааг ойлгоод

- Түүний гэр бүлийнхэнтэй холбоо барих мэдээлэл байна уу? гэв.

Бренда энэ үеэр өөрт байгаа мэдээллээ шалгаж буй бололтой дуулдав.

- Охин ээжтэйгээ хоёулахнаа байдаг байсан, ээжийг нь Коллийн Вутке гэдэг. Түүнд утас байхгүй болохоор би гэр рүү нь хүн явуулж гэртээ очсон эсэхийг шалгуулж болох юм гэж Клаудиаг хэлэхэд
- Баярлалаа, гэхдээ би өөрөө очиж шалгавал дээр байх. Харин та өөрт байгаа бүх мэдээллээ эндэхийн ХМТ руу явуулчихаарай. Бренда, та надад гэрийнх нь хаягийг бичээд өгөөч гэж Билл хэлээд эмэгтэйчүүдэд тусалсанд нь талархаад утсаа тавив. Ингээд тэр Сандрагийн гэрийн хаягийг аваад, орогнох байрыг орхилоо.

Тэр эдгээр бүсгүйчүүд шиг нийгмийн ажилтнууд Жилли шиг бусад олон өсвөр насны хүүхдүүдэд туслахаар ажиллаж байгаад талархаж байсан ч сэтгэл нь амарсангүй.

“Яагаад ийм олон охид ингэж явна вэ? Араатнуудад ангуучлах хохирогчид яаж ингэж амархан олддог байна?” гэж тэр өөрөөсөө асууж явав.

Билл хаяг дээрх газар ирвэл хариугүй нурж унах шахсан нийтийн байр байв. Хүүхдүүд явган хүний зам дээр тоглож, хэдэн залуучууд байрны урдах шатан дээр сууцгаан түүн рүү ширтэж байсан ч Биллийг хажуугаар нь зөрөн байшин руу явж орох үед буруу харцгаалаа. Таг харанхуй хонгил, шатыг зөвхөн хуруун чинээ өчүүхэн цонхоор орж ирэх нарны туяа л гэрэлтүүлэх агаад 4Д дугаартай байр дөрвөн давхрын хамгийн мухарт байдаг ажээ.

Тэр хаалга тогшиход дотор хэн нэгэн байгаа нь илэрхий түчигнэж байснаа удалгүй хаалган завсраар нэгэн эмэгтэйн царай харагдлаа.

- Өө... гэж эмэгтэй эвгүйцэм хяхтнасан дуугаар дуу алдсанаа
- Би өөр хүн хүлээж байсан юм. Чи хэн гэгч нь вэ? гэв.
- Та Коллийн Вутке мөн үү?
- Тэхх, хэн асууж байгаа юм?

Билл хаалган завсраар тэмдгээ харуулаад

- Намайг ХМТ-н мөрдөгч Билл Жеффрис гэдэг. Тантай ярилцах хэрэгтэй байна гэлээ.

Коллийн Вутке хаалгаа онгойлгох уу, эсвэл тас саван хаах уу гэдгээ шийдэж ядаж байгаа бололтой тээнгэлзэж байх хооронд Билл хөлөө хаалган завсар хавчуулаад

- Танай охин Сэнди гэртээ байгаа юу? гэж асуув.
- Алга даа
- Та сая түүнийг хүлээж байсан уу?
- Үгүй ээ, өөр хүн ирнэ гэж найдаж байсан. Бас би чамтай ярилцмааргүй байна. Хэрвээ чи орж ирэх гэж оролдвол би хашгирна шүү. Энд олон биерхүү, том залуучууд амьдардаг, тэд нар цагдаад дургүй.

Билл биерхүү том залуучуудаас айгаагүй боловч эмэгтэй хашгирч эхлэвэл асуудал шийдэгдэхгүй нь лавтай учир

- Би энд хэнийг ч баривчлахаар ирээгүй, зөвхөн мэдээлэл авах гэсэн юм гэлээ.

Гэнэт эмэгтэй хаалганаас холдон хойш ухрангаа

- Новш гэж, би хэндээ хуураад байгаа юм бол? Намайг хашгирсан ч угаасаа хэн ч тоохгүй гэж амандаа бувтнав.

Билл хаалгыг зөөлөн түлхэхэд хаалга чахран онгойлоо. Эмэгтэй гэрийн халаад өмссөн байх агаад ихээхэн ядарц эцсэн царайтай, нүүрээрээ дүүрэн сэвхтэй ажээ. Түүний царайнаас харвал эмэгтэй олон жил хар тамхи хэрэглэсэн донтогч болох нь илэрхий. Билл эмэгтэйн царайг нарийн ажиглавал эмэгтэй зурган дээрх охинтой төсгүй хэдий ч магадгүй үсээ ядаж угаавал шар үстэй байж ч болохоор аж.
Өрөөнд салж унах шахсан ганц буйдан байх нь ор, ширээ, зуух, угаалтуур гээд хамаг юмыг орлодог бололтой. Хаалгыг орлосон хөшигний цаана бохир заваан угаалгын өрөө харагдах агаад буланд байх ганц орон дээр баахан хувцас овоолжээ.

Эмэгтэй түүнийг эргэн тойрныг ажиглаж буйг мэдээд

- Манайд ийм л юм байна даа гээд буйдан дээр лагхийн сууж түүн рүү ширтэв.
- Танай охин охидод зориулсан хоргодох байранд байрлаж байсан гэж Биллийг хэлэхэд
- Тийм үү? гэж эмэгтэй асуув.
- Тийм ээ, гэхдээ охин чинь зугтчихсан.
- Тийм үү?

Эмэгтэй ярих үед Билл түүнийг анх харагдсан шигээ хөгшин биш болохыг анзаарлаа. Хар тамхи түүний гадаад төрхийг үгүй хийсэн хэдий ч байгаа байдлаас нь үзвэл гуч орчим настай бололтой. Эмэгтэй охиноо төрүүлэхдээ маш залуу байсан байж таарав.

- Та охиноо хамгийн сүүлд хэзээ харсан бэ? гэж Биллийг асуухад эмэгтэйн царай тийм гэхийн тэмдэггүй гөлийснөө эцэст нь
- Хэзээ харснаа санахгүй байна гэлээ.

Эмэгтэй халаадныхаа нэг хормойг дэлгэн хариугүй эцэнхий хөлөө харуулахад Билл түүнийг өөртэй нь сээтгэнэхийг оролдож буйг ойлгон ой нь гутав.

- Охин чинь тантай ойрын үед холбоо бариагүй юу?
- Тэр яагаад тэгнэ гэж?

Билл энэ үгийн хариуд юу гэж хэлэхээ ч мэдсэнгүй.

- Сэнди хэзээ ч гэртээ эргэж ирэхгүй ээ гэж Коллийн Вутке хэлээд буйдангийн хажуугийн ширээн дээрээс хямдхан төмөр ээмэг авч түүнд харуулан
- Өмнө нь надад иймэрхүү гоёмсог, алтан шар өнгөтэй, цэцэг шиг хэлбэртэй гоёл чимэглэл зөндөө байдаг байлаа. Би эдгээрийг нэг залуугаас хямдхан аваад эргүүлэн зарж багахан мөнгө олдог байсан юм. Гэтэл охин зөндөө олныг надаас хулгайлаад явчихсан. Бодвол өдийд бүгдийг нь зарчихаа байлгүй. Эд нэг их үнэ хүрэхгүй боловч тэр надаас хулгай хийх ёсгүй байсан. Чи түүнийг хулгай хийсэн гэж хайж байгаа юу? Тэр өөр юу хулгайлсан бэ? гэлээ.

Билл түүнд Сэнди алуурчны гарт байж магадгүй үнэнийг хэлэх гэснээ энэ эмэгтэй юуг ч үл тоож байгааг ойлгов. Түүнд юу ч хэллээ гэсэн ямар ч утгагүй байлаа. Энэ эмэгтэй өөрийнх нь төрсөн охины амь хутганы ирэн дээр буйг ч тоох тэнхэлгүй нэгэн аж. Иймд Билл эмэгтэйд нэрийн хуудсаа өгөөд

- Хэрэв охин чинь холбоо баривал над руу утасдаарай гэлээ.
- Тэгэлгүй яахав, заавал утасдана гэж эмэгтэйг хэлэхэд Билл түүний тохуутай дуугарч байгааг анзаарав.

Билл шатаар бууж явахдаа сэтгэлээр бүр уначихлаа. Тэр ой гутам муухай зүйлс, аллага таллагад дадсан төдийгүй хичнээн хохирогч гэмт хэргийн золиос болсныг ч барагцаалдаг болжээ. Харин яг одоо бол дэлхий ертөнц хохирогчдоор дүүрч алуурчид биш юм аа гэхэд тоо томшгүй олон тарчлаан зовоогч, хүчирхийлэгчид тэднийг тамлаж буй мэт санагдав.

Гэвч яг одоо ийм зүйлд автах цаг нь биш байлаа. Райли удахгүй эргэн ирж, хэрвээ Биллийн совин зөв байвал тэд энэ хэргийг өнөө шөнө гэхэд нэг тийш болгох ажээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 12:36 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ

Райли Финикс дэх ХМТ-н байрны гудмаар яаран алхаж байлаа. Цаг хариугүй найм болох дөхөж, тэр Биллтэй уулзахаар яарч явахдаа түүний утсаар хэлсэн үгийг дахин дахин бодож байв.

“Райли, надад нэг санаа төрсөн”

Райли түүнийг төрсөн санаагаа өөрт нь хэлсэн ч болоосой гэж хүсэв. Тэр энэ талаар сүүлийн хэдэн цагийн турш бодож, толгойгоо гашилгажээ. Энэ аймшигтай муухай хэрэг юу юугүй, бүр хэдхэн минутын дараа гэхэд хаагдаж чадах болов уу?
Райли сайн сайхан зүйлсийг бодож, найдаж чаддаг ч болоосой гэж хоромхон зуур хүслээ. Гэвч тэр нислэгийн турш хар даран зүүдэлж, олигтой унтаж чадаагүй агаад яг үнэндээ өнгөрсөн Баасан гаригийн шөнийн гурван цагт сэрснээсээ хойш огт амарч чадаагүй аж. Тэр сайн сайхныг бодох тэнхэлгүй болтлоо ядарчээ.
Тэр болзсон албан тасалгаанд ирээд Биллийг ганцаараа биш байгааг харж тун их гайхав. Түүнтэй хамт Гарретт Холбрук байх агаад гараа энгэртээ зөрүүлэн, хоосон зай руу ширтэн сууж байлаа. Райли гэнэт юу болох гэж байгааг ухааран, Биллийн юу бодож байсныг ойлгоод бүх бие нь гэнэт хөвчрөв. Холбрук урьдын адил хоосон хөндий, хүйтэн дуугаар

- Бид одоо эхэлж болох уу? Энд яг юу болоод байгааг хэлээд өгөөч? гэлээ.

Билл Райли руу харахад Райли толгой дохив. Одоо л яг асуулт асуудаг цаг.

- Гол зүйлдээ шууд оръё. Мөрдөгч Пэйж бид хоёр таныг хамгийн сүүлд хэзээ дүүгээ амьд харсныг мэдмээр байна гэж Билл эхлэв.
- Би та хоёрыг анх энд ирмэгц хэлсэн. Олон жилийн өмнө гэж. Яг хэзээ гэдгийг нь санах ч үгүй байна хэмээн Гарретт уйтгартай хөшингө дуугаар аажуухан хэллээ.

Харин Райлигийн мэдрэмж дээд цэгтээ тулж, түүний худлаа хэлж буйг шууд мэдэв. Тэр түүнтэй хэзээ уулзсанаа санаж байгаа төдийгүй хэдний өдөр, хэдэн цагт уулзсанаа ч яг таг мэдэж байгаа.

Райли түүн рүү дөхөөд
- Мөрдөгч Холбрук, бидэнд үнэнээ хэл гэлээ.

Тэр хоосон зай руу ширтсэн хэвээр байсан ч царай нь цонхийн, нүд нь гялалзах шиг болоод

- Итгэмээргүй юм. Та нар учрыг нь олтлоо ингэж удсанд итгэж чадахгүй нь. Би та нарт хангалттай буруутай юм шиг харагдахгүй байсан гэж үү? гэснээ тэр хүн цочим дуу алдан, хоолой нь цахиртав.
- Яагаад гэвэл би буруутай шүү дээ гээд тэрээр эхэр татан уйлахад нүднээс нь нулимс садран, царай нь зовлон шаналалдаа багтарсан янзтай татганалаа. Райли өмнөө байгаа хүнийг бараг танихааргүй болжээ. Эцэст нь тэр өөрийгөө тайвшруулаад ээрч түгдрэн ярьж эхлэв.
- Би хоёр жилийн өмнө Нэнсиг сүүлийн удаа харсан. Тэр манай гэрт аргаа барчихсан, амьдрал нь сүйрчихсэн хүн ирсэн юм. Биеэ үнэлж, хар тамхинд донтчихсон байсан. Тэгээд надаас тусламж гуйж, надаас өөр түүнд туслах хэн ч байхгүй гэсэн. Бас байрлах байр хайж, намайг өөрийг нь хар тамхинаас гарахад тусалж чадна гэж бодсон гэсэн гээд Гарретт нулимсандаа хахаж цацаад
- Харин би түүнийг миний нүднээс далд ор гэсэн гээд бүр их цурхиран уйлав.
- Яагаад? Яагаад би тийм зүйл хийчихэв ээ? Би түүнд туслалаа гээд юу алдах байсан гэж? Би хэзээ ч гэрлэж байгаагүй, надад хүүхэд байхгүй. Миний гэрт ч, миний амьдралд ч түүний багтах зай байсан. Гэтэл би амиа бодсон. Миний албан тушаал, ямар ч хариуцлага үүрдэггүй ганц бие амьдрал надад илүү чухал байсан. Харин тэр ердөө л миний эцэг нэгтэй охин дүү, надаас хамаагүй залуу байсан болохоор би түүнийг бараг л танихгүй байсан. Тэгээд л би хариуцлага үүрэхийг, өөртөө төвөг удахыг хүсээгүй.

Одоо тэр чимээгүй уйлж байлаа.

- Ийм болохоор та биднээс зай барьж байсан гэж үү? Үүнээс болоод энэ хэрэгт оролцохыг хүсээгүй юм уу? гэж Райли асуухад Холбрук толгой дохин
- Новш гэж, би өөрөө өөрийгөө мөрдөж байгаа мэт санагдаж байсан. Би түүнийг яг л өнөөх алуурчинтай адил хөнөөсөн гэлээ.

Билл гайхсандаа амаа ангайн хөшиж, Райли руу таг ширтэж байв. Райли түүнд “Тэр үнэнээ хэлж байна” хэмээн амаа хөдөлгөн хэллээ. Билл түүнтэй санал нийлсэн шинжтэй толгой дохиод Холбрукийн мөрөн дээр алгадан

- Надад маш их харамсалтай байна, та бидэнд эртхэн хэлчихгүй дээ... гэлээ.

Холбрук Биллийн гарыг холдуулан

- Би гэртээ харилаа хэмээн уй гашуу дүүрэн хэлээд арайхийн босч хаалгыг чиглэн гуйван алхснаа Райли Билл хоёр руу эргэн, гэнэт өөрийгөө үзэн ядсан шинжтэй зэвүүцэм мушийснаа
- Ядаж л та хоёр намайг сэжигтний тооноос хасч болно. Бас нэг алхам юм даа гээд өрөөнөөс гарч явлаа.

Билл Райли хоёр бүтэн хормын турш таг чимээгүй сууцгаав.

- Золиг гэж, би бүрэн итгэлтэй байсан юмсан. Хичнээн их итгэж байсан гээч гэж Билл бувтнана.
- Би ч гэсэн түүнийг сэжиглэж байсан. Түүний байгаа байдал үнэхээр сэжигтэй байсан, гэхдээ одоо яагаад гэдгийг нь мэдлээ хэмээн Райли хэлэв.

Гэвч нэг зүйл Райлиг цохиод авах шиг боллоо. Холбрук сая юу гэлээ?...

“Би хэзээ ч гэрлэж байгаагүй, надад хүүхэд байхгүй.”

Энэ үг нэг л чухал санагдана. Гэхдээ яагаад тэр билээ?

Райлигийн зөн билиг одоо жинхэнэ утгаараа ажиллаж, гаднаас нь харахад хоорондоо огт холбоогүй мэт жижиг хэсгүүдийг тархин дотроо яг л эвлүүлдэг тоглоом шиг угсран бүрэн бүтэн мэдээлэл болгож байв. Тэгснээ тэр Хатчерийн хэлсэн өнөөх үгсийг дахин саналаа...

“Чи аавыгаа сонсох ёстой байсан юм”

Аав нь түүний сонсох ёстой байсан ямар үг хэллээ? Райли түүний хэлсэн мангаснууд, галзуурал солиорол, өөрсдийгөө ямар бузар булай хүмүүс болох талаарх бүх зэвүүн хорон, үзэн ядалт дүүрсэн үгсийг санахыг хажуугаар бас нэг өөр чухал мэдээлэл оллоо.

“Үр хүүхдүүд нь үзэн яддаггүй ямар ч хүнд бүү итгэ...”

Энэ үгсийг санамагц тэр гэнэт алуурчны ой ухааныг бүрэн дүүрэн ойлгож, түүний нүдээр дараагийнхаа хохирогч болох алга болсон өсвөр насны охин руу ширтэж эхэллээ. Тэр охиныг алах гэж байгаа боловч бусдаас ялгаатай нь тэр аллагаасаа огт сэтгэл ханамж авахгүй, үүнд баяр баясал гэж үгүй аж. Гэвч тэр ямар ч байсан охиныг хөнөөнө, хөнөөх хөнөөхдөө бүр яг одоо хөнөөнө. Учир нь тэр энэ бүгдийг дэндүү удаан хойшлуулсан.

Райлигийн чихэнд дахиад л Хатчерийн хэлсэн үгс хангиналаа...

“Чи халж эхэлж байна шүү”

Гэвч Райлид ямар ч халж эхэлсэн мэдрэмж төрөхгүй л байсан тул дэмий л толгойгоо сэгсрэн, хормын турш бодсоноо

- Бид нэг зүйлээ л тойроод байна Билл. Би Горди эмчтэй дахин нэг удаа уулзах хэрэгтэй байна. Тэр эм хулгайлсан байж болзошгүй сэжигтнүүдийн жагсаалтаас бидэнд ганц л нэр өгсөн. Харин бидэнд илүү олон нэр хэрэгтэй. Тэр дундаас ямар ч тодорхойлолтонд тохирохооргүй өөр хүн байвал бүр сайн. Надад яагаад ч юм энэ хүн жагсаалтан дээрх огт өөр, бидэнд сэжиглэгдэхээргүй хүн байх юм шиг санагдаад байна. ХДХВ-н халдвар авсан гэдэг баримт бидэнд яг одоо байгаа цорын ганц бодит баримт болохоор үүнийгээ л хөөе гэв.

Ингээд Райли утсаа гарган эмч рүү залгахад утас дуудаж байснаа автомат хариулагч руу шилжив. Тэр дуут зурвас үлдээлгүй утсаа шууд таслаад

- Бидэнд түүнийг эргээд залгахыг хүлээх цаг алга, гэр рүү нь шууд явцгаая гэлээ.

Харин Билл түүнийг галзуурсан хүн рүү харж байгаа аятай ширтэн

- Эцэг минь гэж, Райли, одоо дэндүү орой болчихсон байна. Чи энэ хэргийг хаахын тулд юунаас ч хамаагүй зуурч эхэлж байгаа юм биш үү? гэж асуув.

“Би яг тэгж байна” гэж Райли бодсон боловч үүнийгээ Биллд хэлсэнгүй түүнийг яаруулан гарч явлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 12:42 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Тэд Пүүл эмчийн гэрийн гадаа ирмэгцээ хонхыг нь удаан дарсан боловч хэн ч хариулсангүй. Райли хонхыг дахин дахин дарахад хаалганы хажуу дахь чанга яригч дуугаран эмчийн дуу гарч

- Хэн бэ? гэж асуулаа.
- Горди эмч ээ, мөрдөгч Жеффрис, Пэйж нар байна. Өчигдөр тантай уулзсан Билл, Райли хоёр гэж Билл хариулав.

Хаалганы цаадах дууны эзэн гайхан будилж буй бололтой

- Бурхан минь, би... би та хоёрыг ирнэ гэж бодоогүй юмсан. Би та хоёртой уулзах ёстой байсан уу? Ямар нэгэн зүйл тэмдэглэснээ санахгүй байна... гэж ээрэхэд
- Танд төвөг удаж байгаад уучлаарай, Горди эмч ээ. Яг одоо энэ их яаралтай асуудал болоод байна, тантай аль болох хурдан уулзана аа гэж Райли тайлбарлав.
- Яаралтай хэрэг гэсэн үү? Өө бурхан минь, тэгэлгүй яахав, орцгоо орцгоо гэх эмчийн дуу гараад хаалга нээгдмэгц Билл Райли хоёр явж орвол эмч бүрэн хувцас, гуталтай зогсож байлаа.
- Уучлаарай эмч ээ, бид танд садаа болчихсон уу? Та гадагшаа гарах гэж байсан юм уу? гэж Райли асуухад эмч инээд алдаад
- Өдийд үү? Яалаа гэж дээ. Би шар шувуу байхаа болиод удаж байна. Харин ч унтах гэж байсан юм гэв.

Райли зочны өрөөний буйдан дээр, Билл хажуугийн сандал дээр суухад эмч харин гараа халаасандаа хийсэн чигтээ тэдэн рүү харж зогсоод

- За тэгэхээр би та бүхэнд яаж туслах вэ? гэлээ.
- Горди эмч ээ, бидний хөөж буй алуурчин нэг өсвөр насны охиныг хулгайлчихлаа. Гэрээсээ зугтсан, ердийн л нэг хүүхэд. Алуурчин түүнийг өчигдөр өглөө хулгайлсан. Бид түүнийг хайж байгаа ч маш их санаа зовж байна. Яг одоо үнэхээр цаг алдаж болохгүй байгаа ч бидэнд яг баттай мэдээлэл гэх юм алга гэж Райли хэлэхэд
- Ээ бурхан минь гэж! гэж эмч дуу алдаад Райли Билл хоёр руу ээлжлэн сандрангуй харав.
- Бид өмнө нь энд ирэхдээ хэлж байсанчлан алуурчин ХДХВ-н халдвар авсан байж болзошгүй. Тиймээс эм хулгайлж байгаа байх. Гэхдээ таныг өгсөн нэрний эзэн биш байсан. Тэр хүн одоо Мексикт амарч яваа юм билээ. Бидэнд таны жагсаалтан дахь бусад нэрнүүд, таны хувьд бараг байж боломгүй хүний нэр байсан ч хэрэгтэй байна. Бас та хэрэгтэй гэж бодсон бүх мэдээллээ бидэнд хэлж өгөөч. Охины амь хутганы ирэн дээр байна гэж Райли үргэлжлүүллээ.

Эмч санаа алдаад буйдан дээр Райлитай зэрэгцэн сууж

- Би ямар ч гэмгүй хүмүүсийг буруутгана гэж төсөөлж ч чадахгүй байна гэв.
- Бид байж болох бүх хувилбарыг хамгийн хурднаараа шалгаж дуусах ёстой. Тийм учраас л бид ийм орой танд төвөг удаж байгаа юм гэж Райли тэвдсэн өнгөөр эмчид тайлбарлахад Горди эмч хөмсгөө зангидан хэсэг бодлогшроод эцэст нь
- Тийм байж. Хэрэв алуурчныг үнэхээр хулгайтай холбож олж болно гэвэл, эм тариаг авч чадах хэдхэн хүн байдаг л даа гэлээ.

Райли түүний нэг л хайхрамжгүй байгаа мэт байдлыг үл тоох гэж чадлаараа хичээв. “Хэдхэн л хүн” гэдэг үгэнд тодорхой юм юу ч алга.

- Та тэдгээр хүмүүсийн хэн нэгэн нь ХДХВ-н халдвар авсан эсэхийг мэдэж чадах уу?
- Мэдэж чадна гэж хэлэхэд хэцүү. ХДХВ-н вирус хүний дархлааны тогтолцоог гэмтээдэг гэдгийг та хоёр мэдэх байх. Дархлал тогтолцооны эм гэмтэхэд хүний бие элдэв янзын халдварт өвчин, нянд өртөмхий болж эхэлдэг. Ерөнхийдөө халдвар авсан эхний нэг хоёр сарын дотор ханиадтай төстэй шинж тэмдэг илэрнэ. Мөн ядарч сульдаж болно. Харшил, хоолой сөөх, толгой өвдөх шинж тэмдгүүд ч мөн илэрдэг.

Райли Билл хоёр хоёр биен рүүгээ урам хугаран харцгаав. Тэд ердөө л ийм шинж тэмдэг илэрсэн шалтгаанаар өвчтэй хүн бүрийг алуурчин хэмээн буруутгаж болохгүй гэдгээ сайн мэдэцгээж байлаа.

- Үүнээс гадна тэр хүнд ямар ч өвчний шинж тэмдэг илрээгүй ч байж мэднэ. Бид өөртөө анхаарал хандуулдаг учраас эм хулгайлж байгаа хүний талаар ярьж байна. Тийм хүнд олон жилийн турш гаднаас мэдэгдэх ямар ч шинж тэмдэг илрээгүй ч байж болно гэж эмч нэмэв.
- Та ядаж л бидэнд сэжигтний хүрээг хумихад тусалж чадна. Хэрэв та таны хэлсэн шиг шинж тэмдэгтэй, эмийн хангамж руу нэвтрэх эрхтэй хүнийг мэдэж байвал биднийг зөв чигтээ хөдлөхөд маш их нэмэр болно. Тийм олон хүн байхгүй шүү дээ.
- За яахав, би жаахан бодоодохъё хэмээн Горди эмч дуртай дургүй дуугарлаа.

Түүнийг бодож байх зуур Райли өрөөг тойруулан ажвал ханан дээрх гэр бүлийн зурагнууд нүдэнд нь өртөв. Райли сүүлд Горди эмчийнд ирэхдээ аж жаргалтай хүүхдүүдийн цэцэрлэг хүрээлэн, далайн эрэг дээр хөгжилдөж буй, загас барьж буй, эсвэл хошсон шагналаа барьж буй эдгээр зурагнуудыг бахдан харж байжээ. Эцэст нь Горди эмчийн дуу гарч

- Би та нарт хоёр хүний нэр өгье. Энэ хоёр хүн хоёул эмийн агуулах руу нэвтрэх эрхтэйгээс гадна саяны хэлсэн шиг шинж тэмдэгтэй юм шиг ажиглагдсан. Гэхдээ би та хоёр дахин нэг анхааруулах нь зүйтэй байх, би эдгээр хүмүүсийг буруутай гэхэд огт итгэхгүй байна гэв.
- Бид таны хэлснийг маш сайн ойлгож байна гэж Билл шийдэмгий хэллээ.

Горди эмчийг Биллд тэдгээр хүмүүсийн нэр, холбоо барих мэдээллийг хэлж өгч байх зуур Райлигийн анхаарал өөрийн эрхгүй саринан ханан дээрх зурагнуудыг дахин дахин ажиглаж эхлэв. Зурган дээрх хүүхдүүд үнэхээр аз жаргалтай харагдаж байхад яагаад ээж нь Горди эмчээс салж, тийм хол газар нүүсэн юм бол гэж Райли гайхлаа. Яагаад ч юм түүний чихэнд аавынх нь хэлсэн үг дахин хангинах нь тэр.

“Чиний хөөцөлдөөд байгаа хүн чинь энгийн л нэг хүн...”

Яг энэ л байж. Энэ зурган дээрх бүх юм энгийнээс энгийн харагдаад байсан болохоор л түүний анхаарлыг татаад байж. Гэнэт тэр Горди эмч, Билл хоёр хоёул түүн рүү ширтэн ярьж байсан ямар нэгэн зүйлийнхээ талаар түүнийг сэтгэгдлээ хэлэхийг хүлээж байгааг анзаарав.

- Уучлаарай, би өнөдөр онгоцоор дэндүү олон цаг ниссэн болохоор ядарсандаа сайн төвлөрөхгүй байх шиг байна гэж Райли тайлбарлалаа.
- Бид шалгаж үзэх хоёр хүний нэр, мэдээллийг мэдэж авлаа. Би Горди эмчид энэ хүмүүсийг маш болгоомжтой шалгана гэж амлаад сууж байна гэж Биллийг хэлэхэд
- Маш их баярлалаа гэж Райли хариу талархаад эелдэг эмч рүү харахад түүний төрх нүдэн дээр нь өөрчлөгдөх шиг болов. Райлигийн тархи хурдан ажиллаж эхлэхэд зүрх нь ч даган дэлслээ.

Өөдөөс нь хараад сууж буй эв энгийн, уран цэцэн үгтэй эмч, энгийнээс энгийн дүүргийн энгийнээс энгийн байшинд амьдардаг, хамгийн энгийн аз жаргалтай гэр бүлтэй энэ хүн алуурчин байж болох уу? Чөтгөр шулам ингэж нүүрээ нууж чаддаг хэрэг үү? Эсвэл тэр бүрмөсөн солиорч байгаа нь энэ үү? Ямартай ч таамгаа шалгах хэрэгтэй.

Ингээд тэр дараагийн хэлэх үгээ маш болгоомжтой сонгон, дууныхаа өнгийг аль болох тайван байлгахыг хичээв.

- Би таны энэ зурагнуудыг үнэхээр бишрэхгүй байж чадахгүй нь. Таны хүүхдүүд энд үнэхээр аз жаргалтай харагдаж байна шүү. Та тэдэнтэй ойр ойрхон уулздаг уу? гэж Райли асуухад хоолой нь чичирч байгаа нь өөрт нь хүртэл тод сонсогдлоо.

Ингэж хэлмэгцээ Райли эмчийг маш анхааралтай ажиглавал царайд нь Райлигаас өөр хэн ч анзаарч чадамгүй хоромхон зуур уур хилэн тодорсноо нүүр дүүрэн инээмсэглэхэд Райлигийн зүрх зогсох шахав.

- Миний санасны зоргоор ойрхон уулзаж чаддаггүй л дээ. Гэвч амьдрал ямар хүссэнээр болох биш дээ.

Одоо Райли өөрийнхөө бүх хүчээ дайчлан энэ хүнийг судлаж эхэллээ. Тэр яагаад гэдгийг нь сайн ойлгохгүй байсан ч өмнө нь суугаа энэ дотно дулаахан төрхтэй хүний юу ч юм нэг зүйл нэг л биш санагдаж эхлэв.

- Мэргэжлийн минь багахан зөвлөгөө та бүхнийг ийм орой энэ хүртэл явж ирсэн хэргийг гаргасан байх гэж найдна хэмээн Горди эмч яриагаа дуусгахыг хүссэн өнгөөр хэлэхэд
- Тэгэлгүй яахав, танд маш их баярлалаа. Танд төвөг удсанд уучлаарай. Бид ингээд явах болохоор та үдшийг сайхан өнгөрүүлээрэй гэж Райли аль болох цаг авахыг хичээн төв царай гарган хариуллаа.

Ингээд эмчийг босохоор завдахад Райли ямар ч хамаагүй нэг юм хэлэх ёстойгоо ухаарч

- Уучлаарай, танай ариун цэврийн өрөөг хэрэглэвэл болох уу? гэхэд эмч тээнэгэлзсэнээ таагүйхэн инээмсэглэж
- Тэгэлгүй яахав, зочдын ариун цэврийн өрөө гудамны баруун талын хамгийн эхний хаалга хэмээн заалаа.

Райли үсрэн босч заасан зүг рүү хурдаараа явахад гарын алга нь хөлөрч байгаа нь мэдэгдэв. Тэр өөрийгөө солиорч, хий юм харж байна уу хэмээн гайхангаа Пүүл эмчийн зааж өгсөн угаалгын өрөө рүү шагайвал угаалтуурын дээр эм хийх шүүгээ, өөр хэдэн шургуулга, тавиур зэрэг байв. Пүүл эмч эндээс ямар нэгэн юм олдохоор байсан бол энэ өрөөг хэзээ ч зааж өгөхгүй нь тодорхой учир энэ өрөөг нэгжих цагийн гарз байлаа.

“Булан тохой бүрийг нэгжих цаг алга, азаа л үзэхээс
” хэмээн бодоод Райли байшинг нэгжихээр шийдэж хэд хэдэн хаалга өнгөрөөд гудамны төгсгөлд байх гоёмсог хийцтэй том хаалгыг түлхэн орвол бүдэгхэн зөөлөн гэрэлтүүлэгтэй асар том унтлагын өрөө байх аж.
Райли өрөөнд ороод хаалгаа хааж эргэн тойрноо ажвал том шүүгээ, гурван шургуулга, хувцасны өрөөнүүд рүү ордог бололтой өөр хаалганууд харагдана. Одоо хаанаас эхлэх билээ?

Тэр хамгийн түрүүнд өрөөний нөгөө талд байх онгорхой хаалга руу үсрэн орвол угаалгын өрөө байх агаад Райли өрөөний гэрлийг асаагаад өөрийнх нь унтлагын өрөөнөөс том, хана дүүрэн тольнууд, гоёмсог чимэглэл, шүүгээ, тавиуртай өрөөний шургуулга бүрийг түчигнүүлэн ухаж эхлэв. Гэвч тэнд юу ч байсангүй.

“Билл түүнийг сатааруулж байгаасай” хэмээн тэр сандран бодлоо.

***

Билл Райлиг хурдан гарч ирээсэй хэмээн яарч байлаа. Хэрэв алга болсон охин одоо болтол амьд байгаа бол тэдэнд энд ингэж сатаарах цаг байхгүй. Харин үгүй бол тэд алуурчныг дахин нэг хохирогчийг хөнөөхөөс нь өмнө барих хэрэгтэй. Тэгээд ч тэр хоёр эмчээс тэдэнд хэлж болох бүх мэдээллийг нь авчихсан. Иймд Билл эмчтэй ярих сэдвээ олж ядан ханан дахь зурагнууд руу ширтэнгээ

- Тэгэхээр... та болон танай хүүхдүүд загасчлах дуртай юм байна тийм ээ? Би ч бас дуртай. Танай Аризонагийнхан эндэхийг ч сайхан тордсон байна шүү. Загасчлах өчнөөн нууртай болчихсон байна гэлээ.
- Нээрээ тийм шүү, манай энд зөндөө олон нуур бий. Гэхдээ бүгдээрээ голын эхийг боож, гүн хавцал үүсгэн, инженерүүд зохион бүтээсэн хиймэл нуурнууд байгаа юм. Энэ нууруудын ихэнхийг ус нөөцлөх зорилгоор давхар ашигладаг, бас хүмүүс ч очиж амардаг юм л даа. Мийд нуур бүр АНУ дотроо хамгийн том усан сан гээд бод доо. Невада муж л энэ үзүүлэлтийг бидэнтэй зэрэгцэн хамт эзэмшдэг.
- Та тэгвэл ямар төрлийн загас барих дуртай вэ?
- Мужийн зүгээс бодлогоор хулд, муур загас, хэд хэдэн янзын алгана загас нутагшуулсан. Би нэг удаа бүр тэмцээнд орохоор дайны том алгана загас барьсан шүү гэж ярингаа Пүүл эмч байшингийнхаа үүдний өрөө,гудам руу үе үе хяламхийж байв.
- Би таныг хүүхдүүдтэйгээ ийм их цагийг хамт өнгөрүүлдэгт үнэхээр их атаархаж байна. Зурган дээрээс харахад л хүүхдүүд чинь танд хичнээн хайртай нь илэрхий юм гэж Билл хэлэхэд Пүүл эмч хайнгадуухан мөрөө хавчаад
- Би тэднийг хичнээн их хайрладаг шиг тэд намайг хайрлаж чадахгүй л дээ гэлээ.
- Тэр ч мэдээж хэрэг.

Билл яриагаа дуусгаад эргэн тойрноо тойруулан хартал түүний сууж байсан сандлын хажуугийн ширээн доорх хивсэн дунд юу ч юм гялалзсан зүйл нүдэнд нь өртөх шиг болов. Тэр сайхан сэтгэлтэй эмчид туслахаар юу болохыг нь сайн харах санаатай тонгойж, өнөөх зүйлийг авбал цэцэг шиг хэлбэртэй, гялалзсан хэдий ч хямдхан ээмэг байлаа.

Гэнэт түүний чихэнд Коллийн Вуткегийн хэлсэн үг хангинах шиг болов.

“Өмнө нь надад иймэрхүү гоёмсог, алт шиг өнгөтэй, цэцэг шиг хэлбэртэй гоёл чимэглэл зөндөө байдаг байсан...”

Энэ бол Коллийны алга болсон ээмэг байлаа. Гэвч энэ энд яагаад байж байдаг билээ? Билл энд одоо юу болж байгааг ухаармагц буу руугаа гараа явуулав уу үгүй юу дагзанд нь маш хүчтэй цохихыг мэдрэв. Ингээд бүх зүйл хав харанхуй боллоо.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 12:46 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ДӨЧ ДҮГЭЭР БҮЛЭГ

Райли хэрэг болчихмоор юу ч олсонгүй учир эрлээ одоо зогсоох ёстойгоо мэдэж байлаа. Түүнд өөрийнх нь зөн совингоос өөр ямар ч хууль ёсны үндэслэл байхгүй тул эмчийн байшинг нэгжих эрх байхгүй билээ. Тэгээд ч түүний зөн совин худлаа байвал яах вэ? Түүний солиотой оюун ухаан нь цагдаагийнхантай хамтран ажилладаг, нэр хүндтэй сайн эмчийг ор үндэсгүй гүтгэж байвал яах билээ?

Райли цаг нь дуусч байгааг ухааран тэрүүхэндээ тэвдэж ойрхон байсан шүүгээний хаалгыг онгойлготол дотор нь хаа нэгтээ бөглүү хүнгэнэх чимээ дуулдах шиг болов. Тэр шүүгээнд өрөөтэй байсан ариун цэврийн цааснуудыг холдуулбал цаад мухарт нь жижигхэн хөргөгч харагдаж, онгойлговоос дотор нь дүүрэн ямар ч шошго, хаяггүй, цагаан хуванцар бортогонууд өрөөтэй байх аж. Райли нэгийг шүүрэн авч доторхыг нь алган дээрээ асгатал том хэмжээтэй ягаан өнгийн эмнүүд унаж ирлээ.

Энэ бол алга болсон ХДХВ-н эмнүүд гэдэгт Райли огтхон ч эргэлзсэнгүй. Савнуудыг харвал үйлдвэрлэгчээс шууд ирсэн нь илэрхий агаад, түүний мэдэхээр ийм эмнүүдийг хөргөгчинд хадгалах ёстой байдаг билээ. Түүний зүрх хүчтэй цохилж, тархинд нь энэ хэргийн бүх салангид хэсгүүд эвлүүлэгдэн нэгэн бүхэл болж эхлэхэд Райли өөрийнх нь зөн совин ямар ч алдаагүй зөв байсныг ухаарахын хажуугаар түмэн асуултууд нэг нэгнийхээ араас ундарлаа.

Тэр өмнө нь Пүүл эмч дээр ирэхдээ яагаад түүнийг сэжиглээгүй байдаг билээ? Яаж яваад тэр энэ хүний гоёмсог үгэнд урхидуулчихав?

Хариулт нь даанч энгийн байлаа. Тэр хэвшмэл бодолдоо дэндүү автаж явжээ. ХМТ-ны мөрдөгчид алуурчид цагдаагийн мөрдлөгөд өөрсдөө оролцсон талаар олон түүх байдаг ч яг бодит амьдрал дээр ийм тохиолдол дэндүү цөөхөн гардаг гэж сайн мэддэг аж. Ингээд л тэр өөр боломжит хувилбарын талаар бодож ч үзсэнгүй.

Гэтэл Шэйн Хатчер Пүүл эмчийн талаар ердөө түүний хэлсэн багахан мэдээлэлд үндэслээд энэ хүн хэрэгтэн байж болохыг ухаарч, Райлиг хэрэгтэнтэйгээ аль хэдийн нүүр тулгарсныг ч ойлгосон байж шүү дээ. Ингээд л тэр нөгөө муухай үгээ дахин дахин давтаад байж.

“Чи халж байна шүү...”


Одоо л бүх зүйлийн учиг тайлагдлаа. Пүүл эмч ХДХВ-н эм хулгайлж байснаа нуух үүнээс илүү сайн арга хаана байх билээ дээ? Цагдаа нар хэзээ ч өөрсдөд нь тусалж буй үнэнч шударга, цэвэр нэр хүндтэй хүнийг сэжиглэхгүй.

Райлигийн ард чимээ гарах сонсогдоод, түүнийг хөдөлж ч амжихаас өмнө нуруу руу нь хүчтэй цохих нь мэдэгдэж, тэр нүүрээрээ харуулдан унахдаа шүүгээний ирмэгт толгойгоо цохиж, тархиа хагалах шиг болов. Түүний толгой асар хүчтэй өвдөхийн зэрэгцээ ард нь буй хүн нуруун дээр нь өвдөглөн дарж хөдөлгөхгүй байгааг мэдэрлээ. Удалгүй нуруун дээр нь өвдөглөн дарахаа больсон ч гарыг нь ард нь авч хүлээд толгойд нь юу ч юм углав.

Тэр чадлаараа займчиж, эргэж харахыг оролдсон ч дахин нэг хүчтэй цохилт ирж тэр яалт ч үгүй нүүрээрээ газар харуулдан унаж, энэ удаа өнөөх хүн түүний шилэн хүзүүн дээр өвдөглөн өөрөө түүний хүрэхээргүй байрлал авчээ. Энэ хүн энэ бүгдийг яаж хийхээ мэддэг төдийгүй өмнө нь ч олон удаа хийж байсан нь илэрхий агаад анх харагдсанаасаа хамаагүй хүчтэй байлаа.

Райлигийн хоолой боогдож эхлэхэд тэр амьсгал авч ч, гаргаж ч чадахаа больж ухаан жолоогүй тийчлэв. Түүний толгойд угласан тунгалаг гялгар уут одоо манантаж, ухаан алдаж буйгаа мэдрэх үед нүднийх нь өмнүүр элдэв дүрс хөвөрч, тэр өөрийгөө дахин Петерсоны агуйд, бамбарын дөлөнд гэрэлтэх түүний нүүрийг харсан тэр мөч рүү буцахыг хүлээлээ. Гэтэл оронд нь нүдэнд нь эцгийнх нь хатуу ширүүн, догшин царай үзэгдэж, түүний гартаа барьсан хутга нүүрэнд нь тулж ирэх шиг болов.

“Чамд туслах хэрэгтэй” хэмээн эцэг нь хэлэх аж.

Эцэг нь түүнд туслахаар ирлээ гэж үү? Райлид үлдсэн өчүүхэн эрүүл ухаан нь энэ бол зөвхөн хий юм үзэгдэж буй хэрэг гэдгийг түүнд хэлэх аж.
Эцэг нь хутгаа түүний эрүүн доор тулгахад Райли түүний одоо юу хийх гэж байгааг ойлгов. Тэр түүний гэдсийг эрүүнээс нь цавь хүртэл нь хүүлж, агнасан хэрэмнүүдийнхээ адил арьсыг нь өвчих гэж байна.

“Би ингээд дуусах юм гэж үү?” хэмээн Райли бодож амжлаа.

Тэр эцгийгээ ийм юм хийхийг зөвшөөрөх гэж үү? Тэр Пүүл эмчийг ийм юмыг хийлгэх гэж байна гэж үү? Тэр энэ аймшигтай хүчирхийлэл, дарлалаар дүүрсэн ой гутам муухай ертөнц түүнд буй бүх зүйлийг, түүний хүн байх утга учрыг булаан авахыг зөвшөөрөх гэж байна гэж үү?

Энэ бүх бодол нь Райлигийн биеэ хамгаалах зөнг сэргээж, тэр биеэ хар хүчээрээ маш хурдан займчихад Пүүл эмч барьц алдан унахын зэрэгцээ гарыг нь хальт мульт хүлсэн хүлээс нь суларч гар нь суларч ирэхийг мэдрэв. Райли толгойд нь угласан гялгар уутыг хуу татан авахад хоолой, уушгинд нь агаар орж ирж тэсэхийг аргагүй хорсгосон ч хамаг хүчээрээ тийчилсээр хөл дээрээ босч эргэн харлаа.
Горди эмч түүн рүү харан, хоёр гараараа буу атган зогсох ажээ. Энэ буу Биллийн буу байв.

Райли түүнээс Биллийг яасныг асуух гэсэн ч боомилуулснаас болж хоолойноос нь авиа ч гарсангүй. Харин Горди эмчийн буу атгасан гар салганах агаад гал нээхэд тун ч зохимжгүй газар зогсож байв. Райли түүнийг нүдний булангаар хараад л өмнө нь хэзээ ч буудаж байгаагүйг мэдсэн хэдий ч ийм ойрхон зайд бол энэ хүн алсын тусгалд өдөр бүр буудаж сургуулилдаг мэргэн буудагчаас дутуугүй аюултай нь ойлгомжтой.

Райли түүн рүү дайрахад эмч гал нээсэн ч хугас мөч хожимдож, тэр аль хэдийн түүний гарыг цохин бууг нь алдуулж байв. Түүний чихэнд сум угаалгын өрөөний хавтанг онох нь дуулдаж, харин буу эмчийн гарнаас алдууран шалан дээгүүр гулслаа.
Райли хойш нэг алхам ухраад эмчийг хүчтэй элэгдэхэд эмч эвхрэн чангаар ёолсон ч зогссонгүй толгой руу нь хүчтэй цохиход тэр хаалга мөргөөд гулдайн унав.

Райлигийн гар янгинан өвдөхөд тэр гараа сэгсэрсэн ч гар нь хугарч гэмтээгүй бололтой. Иймд тэр гаваа гарган эмчийг ханан дахь хоолойноос гавлаад бууг авч үүдний өрөөг зүглэлэн явлаа. Одоо л түүний амнаас үг гарахтай болж тэр

- Билл! Билл! хэмээн хашгирсан ч хариу дуулдсангүй.

Райли одоо арай тэнхээ орж гудмыг өнгөрөөд зочны өрөө рүү орвол Билл хивсэн дээр хэвтэж байх агаад толгойн дахь шархнаас нь цус гоожиж байв. Хажууд нь галын шилээвэр хэвтэнэ.

Райли хамтрагчийнхаа хажууд өвдөглөн суугаад түүнийг шалгавал Билл дөнгөж амьсгаатай төдий, судасны цохилт нь бараг мэдэгдэхгүй байлаа. Райли энэ хүнийг үхчихсэн бол, энэ хорвоо дээр түүний хамгийн сайн мэддэг ганц хүн амьсгаа хураачихсан бол яана гэж бодохоос сэтгэлд нь харуусал, шаналал, уй гашуу үерлэж, арайхийн утсаа гарган ХМТ-н яаралтай тусламж руу залгав.

- Мөрдөгч хүнд бэртлээ, надад түргэн тусламж хэрэгтэй байна.
- Ойлголоо гэх хариу тэр дороо дуулдаад хаягийг нь тодруулав.
- Хурдлаарай гэж Райли хэлээд утсаа тасалмагц Биллийг дахин шалгаснаа түүнийг хамаагүй хөдөлгөж болохгүйгээ ойлгоод түргэн тусламж ирэхийг хүлээхээр шийдлээ.

Тэр босч зочны өрөөг тойруулан харав. Хэрэв охин одоо болтол амьд байгаа бол энэ байшингийн хаа нэгтээ байгааг тэр ойлгож хонгил руу буцан гарч түрүүн эм хайх үедээ хажуугаар нь өнгөрсөн өрөөнүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэлтэл нэг хаалганы цаана доошоо буусан шат харагдах нь тэр. Райли гэрэл асаагаад шатаар яаран буутал амралтын өрөө болгож гоёмсог тавилгаар тохижуулсан зоорины голд туранхай жижигхэн охин сандалнаас хүлээстэй чигээрээ хажуулдан унасан байлаа. Охины амыг таглаагүй байсан ч Райли нүд рүү нь хараад маш өндөр тунгаар мансууруулсныг нь мэдсэн даруй мөн түүнийг амьд байгааг ойлгоод асар их баярлав.

Райли Сандра Вуткегийн хүлээсийг тайлахад охин юу болж байгааг ойлгож буй бололтой цурхиран уйлж
- Тэр намайг алах гэж байсан гэхэд Райли түүнийг тэврэн
- Одоо бүх юм зүгээр. Тэр чамайг одоо өвтгөхгүй, бүгд дууссан хэмээн тайвшруулав.

Райли өөрийнх нь нүднээс ч нулимс асгарч байгааг мэдэрлээ. Энэ охин Эприлээс ч жаахан, гэтэл амь нас нь дээсэн дөрөөн байсныг бодоход тэр өөрийн эрхгүй Эприлийг Петерсоны савраас авраад тэвэрч байснаа санав.

- Түүнд гялгар уут байсан. Тэр намайг алах гэж байсан гэж Сандра гингэнэхэд Райли түүний үсийг илж
- Чи үнэхээр зоригтой охин байна. Бүх юм удахгүй дуусна, бүгд зүгээр гэлээ.

Алсад түргэн тусламжын дохио дуулдахад Райли Биллийг аварч амжаасай хэмээн залбирав.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 12:54 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Билл Райли хоёр Квантико дахь албаны өрөөнд Брент Мередитэд тайлангаа тавьж дуусцгаалаа. Биллийн тархи хөдөлснөөс болж толгой нь битүү боолттой байсан ч Райли түүнийг удахгүй эдгэнэ гэж найдав. Ямартай ч тэд Финикс дэх хэргийг амжилттай дуусгасан шүү дээ.

- Та хоёр үнэхээр сайн байлаа. Мөрдөгч Морлей ч бас тэгж байсан гэж Мередит хэлэнгээ Райли руу хандан жуумалзав.

Райли хариуд нь сулхан инээмсэглэлээ. Мэдээж Морлей Билл тэр хоёрыг Финиксээс нисэхээс өмнө талархснаа илэрхийлсэн ч талархалд нь үнэн сэтгэл бараг байгаагүй. Тэр ялангуяа Райлитай тун хүйтэн хөндий харьцсан хэдий ч Райли үүнд нь гайхаагүйгээр барахгүй түүнийг буруутгаагүй билээ.

Мередит сандлаа налан хойш урагш ганхуулахад Райли дарга нь хурал дуусч буйг илэрхийлж байгааг ойлгов. Мередит түүн рүү ширтэн толгойгоо үл мэдэг сэгсэрснээ

- Мөрдөгч Пэйж, дараагийнхаа хэрэг дээр ажиллахдаа надад багахан төвөг учруулмаар байна. Би таныг олон удаа хамгаалсан. Бас цаашдын явдалд анхааруулахад манай онгоц таны хувийн унаа биш шүү гэлээ.

Райли үл мэдэг улайж

- Би танд өртэй боллоо эрхэм ээ гэв.
- Мэдээж, чи надад өртэй болсон гэж Мередит хэлэхэд Райли дотроо үүнийгээ зөвшөөрлөө.

Тэр Мередитэд өөрийг нь энэ хэргээс зайлуулаагүйд, бүр эсвэл товчооноос хөөгөөгүйд талархах учиртай. Хэрэг мөрдөлтийн оргил үед ор сураггүй алга болж л байдаг, тэр юугаа бодож байсан байна аа? Гэвч тэр юу бодож байснаа сайн мэдэж байв. Тэр Эприлийг, ажлаас нь ч илүү үнэ цэнэтэй эрхэм хүнийг бодож байсан. Охин нь одоо ч гэсэн түүнд ажлаас нь илүү хэвээрээ.

“Би аавтайгаа огт адилгүй” гэж тэр эцэст нь ухаарлаа.

- Засан хүмүүжүүлэх газар руу явсан нислэг чамд хэрэг болсон уу? гэж Мередит асуухад Райли юу гэж хариулахаа бодолхийлэв. Хатчер түүнд оньсого таавар таалгаж залхаасан ч үнэндээ тэр алуурчны хэн болохыг олж мэдсэн. Гэсэн ч Райли түүнтэй ахиж уулзаж чадах эсэхээ хэлж мэдэхгүй байв.

- Би дахиж түүнтэй зөвлөлдөх шаардлагагүй гэж бодож байна гэж Райли хэлэхэд Мередит хурал дууссаны тэмдэг болгон ширээнээсээ бослоо.

Билл Райли хоёр хоорондоо юу ч дуугаралгүй товчооны байрнаас гарч явцгаав. Нислэгийн үеэр ч тэр хоёр хоорондоо юм яриагүй аж.

- Би чамайг гэрт чинь хүргээд өгөх үү гэж Билл асуухад
- Хэрэггүй, би машинаа энд үлдээсэн гэж Райли хариулав. Тэр анх Финикс рүү нисэхдээ машиндаа энд, Квантикод үлдээсэн байж. Энэ бүхэн хэдэн зууны өмнө болсон мэт санагдана.
- Хоёулаа нэг газар орж юм идэх ч юм уу багахан юм ууцгаах уу? гэж Билл санал тавив.

Райли Биллийн ямар санаатай ингэж байгааг ойлгосонгүй. Тэр өнгөрсөн долоо хоногт түүнтэй эв хавгүй сээтэгнэснийхээ дараа ч гэсэн дахиад романтик харилцаа үүсгэх гэж оролдож байгаа юм болов уу? Үгүй ч байж болох юм. Магадгүй тэр зүгээр л хамтрагч, найзын хувиар хэдэн хором хамт өнгөрөөх гэж байж болно. Гэлээ ч Райлид ямар ч хүсэл төрсөнгүй тул

- Бид Финикст үнэхээр сайн ажилласан. Нэг өдөр амарцгаавал ямар вэ? гэлээ.
- За за гэж Билл бага зэрэг гунигтай хэлээд цаашаа эргэн алхаж эхлэхэд
- Билл, надад чамтай ажиллах сайхан байдаг гэж Райли араас нь хашгирав.
- Надад ч бас гэж Билл хариуллаа.

Ингээд тэр хоёр зам замаа хөөж, Райли гэр рүүгээ давхих зуураа тэдний хооронд юу байж болохыг гайхшран явав. Тэр Билл тэр хоёр дахин хамтрагчдын хувиар ажиллаж байгаад баярлаж байсан ч хажуугаар нь тэдний хооронд үл ойлголцол байгааг ч ойлгож байлаа.
Яг үнэндээ Райли одоо өөрийгөө эрчүүдийн талаар ямар бодолтой явдгаа гайхаж эхлэв. Түүний Финикс дэх хэрэг дээр ажилласан явдал лав байдлыг дээрдүүлсэнгүй. Жэйбюрд мэтийн биеэ үнэлэгч зуучлагч болон Кэлвин Рабб шиг баян, хүйсээр дарлагч нар түүний эрчүүдэд итгэх итгэлийг улам багасгасан мэт санагдана. Гарретт Холбрук ч тэднээс дээрдэх юмгүй, тэр хүн өөрийнхөө хариуцлага үүрдэггүй ганц бие эрх чөлөөт амьдралыг хэтэрхий дээгүүр тавьж эцэг нэгт дүүгээ үхэл рүү түлхсэн шүү дээ. Тэр байтугай Билл хүртэл түүний янхан шиг хувцасласныг үзмэгцээ түүнд татагдаж, сээтэгнэсэн.

“Магадгүй би эрчүүдээс үүрд зайгаа барьж явах байх” гэж тэр бодлоо.

***

Райли байшингийнхаа арын довжоон дээр суугаад танил гудамж, хөршүүдээ харж тайвширч суув. Тэр Габриеллагийн санал болгосон нимбэгний шүүснээс татгалзан, оронд нь хийжүүлсэн ундаа уулаа. Нимбэгний шүүс түүнийг анх бүрмөсөн эргүүтүүлж чадсан алуурчныг санагдуулж байсан төдийгүй бодолд нь Горди эмчийн “бурхан минь”, “тэнгэр минь” гэх уулга алдалтууд сонсогдож, түүний өөр рүү нь дайрч байсан үеийн царай нь үргэлж үзэгдэж байв.

Харин Эприл хөршийн найз охин Кристалтайгаа хамт хашааны нэг буланд сууцгаан Габриеллагийн нимбэгний шүүсийг уунгаа Эприлийн зөөврийн компьютер дээр кино үзэж, үе үе дэлгэц рүү заан инээлдэж байлаа.

Нимбэгний шүүстэй шүүсгүй Горди эмч Райлигийн толгойноос огт салахгүй аж. Азаар энэ хүн одоо шоронд хоригдож байгаа бөгөөд түүний эсрэг нотлох баримтууд хөдлөшгүй тул энэ хүн хэзээ ч суллагдахгүй. Тэр бүү хэл Аризона мужийн хуулиар олон удаагийн хүний амь хөнөөсөн ялтанд цаазын ял оноодог тул Горди эмчийн бардам сэхүүн зан нэг л өдөр бүрмөсөн дуусгавар болно.

Харамсалтай нь түүнийг хичнээн шоронд хорьж, амийг нь аваад ч хөнөөсөн гурван эмэгтэй нэгэнт босч ирэхээсээ өнгөрсөн. Гэхдээ ядаж л түүний тарчлаан зовоосон хоёр эмэгтэй тайтгарч, түүний гар хүрч амжаагүй бусад нь тайван унтах биз.

Райли Сокоррог дахин биеэ үнэлж эхэлсэн болов уу, эсвэл хүүхдүүдээ тэжээх арай дээр зам олсон болов уу хэмээн гайхшрав. Хэрэв тэр өөрөө хүсэх л юм бол Финикс хотод түүн шиг эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөхөд тусалдаг олон байгууллага байдаг билээ.

Эприл довжоон дээр ирж Габриеллагийн нимбэгний шүүснээс өөртөө аягалахад Райлигийн бодол тасалдав. Найз Кристал нь харин дэлгэц рүү ширтсэн хэвээр сууна.

- Та ажилласан хэргийнхээ талаар бодож байна уу? гэж Эприл асуухад Райли бага зэрэг инээхчээ аядаад
- Надад бүү санаа зов,үр минь. Явж киногоо үз гэлээ.
- Ээж, та бид хоёр өчнөөн зүйлийг хамтдаа туулсан. Та надад хэлж болно шүү дээ гээд Эприл мөрөө хавчин
- Тэгээд ч энэ тэнэг кино байна гээд хажууд нь суухад Райли санаа алдав.
- Би сая хэргийн үеэр тааралдсан зарим хүмүүсийн хувь заяа яах бол гэхээс санаа зовох юм. Ялангуяа бага залуу охидод санаа зовж байна.
- Таны нөгөө алуурчнаас авардаг шиг охид уу?
- Тийм ээ, ядаж л Сэнди одоо хоргодох газартаа байгаа.
- Таны хэлснээс үзвэл тэр охин дахиж тэндээс хамраа ч цухуйлгахгүй байх

Райли Эприлийн зөв байгаасай гэж найдсан ч хариу хэлсэнгүй. Эприл түүний харсныг хараагүй, Крисси мэтийн өөр илүү сайхан амьдрал байдаг гэж бодож ч чадахаа больсон эмэгтэйчүүдийн итгэл найдвар нь унтарсан нүдийг, эсвэл түүнээс хавьгүй залуу ч аль хэдийн юунд ч итгэхээ больсон жаахан охидын гайхширсан харцыг хараагүй билээ. Райли юу ч дуугарсангүй хэдэн хором сууснаа

- Би бас нэг охиныг ачааны машины зогсоолоос аварч хоргодох байранд хүргэж өгсөн юм. Тэр охиныг Жилли гэдэг, саяхныг хүртэл амьдралд нь гэрэл гэгээ гэх юм юу ч байгаагүй. Бурхны авралаар тэр охин одоо хүмүүсээс хангалттай тусламж авч чадаж байгаа. Жилли Сэнди хоёрын хэн хэнд нь цаг хугацаа хэрэгтэй ч тэдэнд одоо сонголт бий. Ядаж л тэдэнд одоо сонголт бий гэв.

Түүний толгойд дахиад Шэйн Хатчерийн хоолой сонсогдоно.

“Гэхдээ эцсийн эцэст бид сонголт л хийдэг”

Харин Райли дахиж хэзээ ч Хатчер руу утасдаж тусламж хүсэхгүй байх сонголт хийжээ. Тэр хүн түүнийг энэ хэргийн учрыг олоход ихээхэн тусалсныг үгүйсгэх аргагүй ч өгсөн зөвлөгөө нь түүний сонсохыг ч хүсэмгүй байсан газраас эхэлсэн. Райли дахиж хэзээ ч тэр хүнийг хармааргүй байлаа.

Хаалганы хонх дуугарч Габриелла онгойлгох нь сонсогдоход түүний бодол сарнив.

- Тэд хойно хашаанд байгаа

Эприл үсрэн босч хэн ирж байгааг харснаа Райли руу эргэн сэтгэлээр унасан төрхтэй харав.

- Аав байна гэх түүний дуунд ямар ч сэтгэл хөдлөл мэдэгдсэнгүй.

Райли босоод бушуухан зугтмаар санагдсан ч байрнаасаа хөдөлсөнгүй. Тэр Эприлийг хамгийн хэрэгтэй үед нь тоолгүй орхичихоод одоо яаж энд ирж чадаж байна аа? Райян довжоон дээр гарч ирэх үед Райли түүн рүү хүйтэн харцаар хялайн харснаа

- Чи юугаа хийж яваа юм? гэлээ.

Райян нэг гараараа Эприлийг тэвэрч

- Ашгүй дээ, чи минь бүрэн бүтэн байна гээд Райли руу эргэн
- Намайг уучлаарай, Райли. Над руу залгах үед чинь би ямар новшийн сонсогдсоноо мэдэж байна гэв.

Райли хариу хэлсэнгүйд тэр үргэлжлүүлэн

- Чамд миний хэрэгцээ гарсан үед л чи надтай ярьдаг юм шиг санагддаг юм гэхэд
- Чиний охинд чи хэрэгтэй байсан гэж Райли хариуллаа.
- Тийм ээ, би мэдэж байна. Та хоёр намайг уучлах байх гэж найдаж байна.

Эприл түүний тэврэлтээс сугаран гараад Кристал руу яваад өгөв.

Райян хэн нэгний урилгыг хүлээлгүй ойрхон байсан сандлыг шүүрч аван Райли руу харан суулаа. Райли албаар түүнийг үл тоов.

- Энэ байшин чинь тун сайхан юм. Чамайг тэр өмнө нь амьдарч байсан амбаар шиг юмнаасаа холдсон чинь баяртай байна шүү.

Тэр өөрт нь талархахыг сануулж байгааг Райли ойлгов. Угаасаа тэр ингэх эрхтэй байлаа. Райян хүүхдийн тэтгэмжийн мөнгөө хангалттай сайн өгдөг учраас л Райли Эприл Габриелла хоёрт маш их таалагдсан энэ байшинг худалдаж авч чадсан аж. Түүний хуучин нөхөр нь мөнгөнд биш өөртөө харамч хүн билээ.

- Тийм ээ, бидэнд энэ газар маш их таалагдаж байгаа. Эндээс Квантико хүртэл ойрхон, Эприл ч сургууль руугаа асуудалгүй явдаг гэж Райли дурамжхан дуугараад түүн рүү эцэст нь цэхлэн харлаа. Райян угийн царайлаг дээрээ өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байв.
Райян түүн рүү ойртон
- Би та хоёрыг маш их санаж байна. Бүгдээрээ ойр ойрхон уулзах хэрэгтэй биш үү? Тэгээд ч бид олон жил хамт амьдарсан, бид одоо хүртэл гэр бүл хэвээрээ шүү дээ гэж үнэн голоосоо хэлэхэд Райли чихэндээ ч итгэсэнгүй
- Чиний нөгөө... гээд Райли түүний хамгийн сүүлд уулзаж байсан эмэгтэйн нэрийг санах гээд чадсангүй.
- Тэр чамтай адилгүй байсан

Райян түүнийг буцааж авахыг хүсч байгааг ойлгоод Райлигийн эрүү мултрах шиг болов. Түүнтэй байхад ямар хэцүү байсныг тэр ойлгохгүй байгаа юм байх даа?

- Чи нэг л өдөр өөртөө тохирсон эмэгтэйг олж авна биз гэж Райлиг хэлэхэд Райян үнэн голоосоо гомдсон мэт харагдав. Гэвч Райли түүнд нүүр өгөхийг огт хүссэнгүй.
- Чи бид одоо ч гэсэн гэр бүл хэвээрээ гэсэн. Гэхдээ чи бид гурав лав хэзээ ч нэг гэр бүл байгаагүй. Чи хэзээ ч бид хоёртой хамт байгаагүй гэж Райли үргэлжлүүлэхэд
- Би өөрчлөгдөнө өө гэж Райян хариуллаа.
- Бодит байдалтай эвлэр, Райян. Чи хэзээ ч өөрчлөгдөхгүй. Эприл бид хоёр хоёул чамд байж болох бүх боломжийг өчнөөн олон жил, дахин дахин өгсөөр л байсан. Одоо дахиж тийм юм болно гэж байхгүй гэж Райли хэлээд гомдол нь нүүрэн дээр нь илхэн байгааг гэнэт мэдэв.

Райян хашаан дээгүүр өлийн харснаа

- Чамд эрх чөлөө чинь таалагдаж байгаа бололтой гэхэд нь Райли дуу алдан гаслав. Энэ хүн үргэлж л түүний хүсэл тэмүүллийг нухчин дарж өөрийнхөө доор оруулах гэдэг байсан яг хэвээрээ. Райлид түүнтэй эргэж нийлэх түмэн шалтаг байсан байхад энэ хүн ганц үүнийг хамгийн чухал нь гэж бодож л байдаг. Гэвч яг үнэндээ тэр худлаа хэлээгүй нь мэдээж.
- Яг үнэндээ надад эрх чөлөө минь таалагдаж байна. Харин чамд энд багтах зай байхгүй.

Райяныг хариу хэлэхээс өмнө хаалганы хонх дахин дуугарч, хэдэн хормын дараа Габриелла Кристалын аав Блэйн Хилдреттэй хамт хүрч ирэв. Габриеллагийн нүд гэрэлтэх агаад жоготой инээсэн чигтээ буцаад явчихлаа. Харин Блэйн Райян Райли хоёрыг гүйлгэн хараад байрандаа зогсон

- Садаа болсон бол уучлаарай гэв.
- Харин тийм ээ гэж Райян бүдүүлэг дуугарлаа.

“Ээ тэнгэр минь гэж. Одоо бөөн тестеронууд шөргөөцөлдөх л дутаж гэнэ” гэж Райли халаглан бодов.

Райян нөгөөхөөсөө арай өндөр агаад үнэтэй ганган хувцастайгаа сайхан харагдаж байсан ч Блэйн түүнээс залуу, илүү амьдралын баяр баясгалантай, эрч хүчтэй нь илт байлаа. Тэгээд ч Блэйн энэ мөчид хавьгүй ёс журамтай загнаж байв.

- Үгүй ээ, зоволтгүй. Райян явах гэж байсан юм гэж Райли Блэйнд хэлэхэд Райян чихэндээ үл итгэсэн янзтай түүн рүү хялайн харснаа ялагдаж байгаагаа ойлгов бололтой уур хилэн нь намдаж, бүр царайчилсан шинжтэй ширтэв

Гэвч Райли үүнд нь хууртагдахаасаа нэгэнт өнгөрчээ. Тэр аавынхаа цохилтыг хэрхэн хааж, түүнийг эцэст нь дийлснээ саналаа. Энэ дурсамж түүний ой ухаанд үүрд хадагдаж, түүнд хачирхалтай их хүч чадлыг өгч буй мэт санагдана. Энэ олон жил хамт амьдарчихаад Райян түүний юу чадахыг, ямар хүн болохыг огт мэдээгүй явсан байж. Райли түүний харцанд дальдарсангүй, өөдөөс нь цоргитол ширтээд тушаасан өнгөөр

- Явах гэж байсан биз дээ Райян? гэж давтан асуув.

Царайных нь өнгөнөөс үзвэл Райян түүний санааг ойлгов бололтой, юу ч дуугаралгүй босоод байшин руу буцан явж, хаалгаар гарах нь сонсогдлоо.

- Би дөнгөж сая таны хуучин нөхөртэй уулзсан уу? гэж Блэйн асуухад Райли тэрүүхэндээ инээд алдаад
- Тийм ээ, мөн гэв.

Блэйн ч инээд алдан

- Аризонад ямархуу байв даа? Надад дуулгах сонин хачин байгаа юм биш биз? гэлээ.
- Одоохондоо алга даа. Хүмүүст ярьж эхлэхээсээ өмнө эхлээд хийх зүйл их бий.
- Тийм бий

Охидын хөхрөлдөх дуу хашааны хаа нэгтээгээс дуулдахад Райли тэд сая томчуудын дунд болсон зүйлийг дооглох хөхрөлдөж байгаад эргэлзсэнгүй. Харин Блэйн босч хашлага дээгүүр тонгойн Кристалыг олоод

- Аан энд байсан юм уу? Би чамайг хаа сайгүй хайлаа гэв.

Кристал нүдээ эргэлдүүлэн нүүр дүүрэн инээж

- Боль доо аав, наад арга чинь явахгүй нь. Бид бүгд таныг хэнтэй уулзах гэж ирснийг мэднэ гэхэд Блэйний нүүр час улайн, үнэн голоосоо ичих нь тэр.

Райлид энэ бүхэн их хөгжилтэй санагдав. Кристал яг л голыг нь олоод хэлэв бололтой. Яг энэ мөчид эцгийнх нь хэлсэн үг чихэнд нь дахин сонсогдлоо.

“Үр хүүхдүүд нь үзэн яддаггүй ямар ч хүнд бүү итгэ”

Тэр Блэйнийг итгэж болмоор хүн гэж боддог тул энэ үгийг тохуурхан үл мэдэг инээмсэглэв.

Блэйн ичиж улайсан чигтээ түүн рүү эргэн хараад нэг гүнзгий амьсгаа авснаа

- Чи эргээд ирчихсэн юм чинь дөрвүүлээ хамт оройн хоол идвэл болох уу? гэж асуулаа.

Райли энэ удаад ил цагаан инээмсэглэв. Тэр хамгийн сүүлд хэзээ болзоонд уригдсанаа ч санахгүй байлаа. Хэдийгээр тэр Блэйнийг бараг танихгүй ч түүнтэй хамт болзоонд явах тун ч таатай санагдана.

- Тэгэлгүй яахав, надад таалагдаж байна хэмээн тэр хариуллаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 8:58 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Өчнөөн сар хэл чимээгүй алга болсонд уучлаарай хүмүүсээ. Сүүлийн хэдэн сар хувийн амьдрал маань бужигнаад ухаан сэхээгүй л баахан гүйлээ. Гэхдээ номоо мартаагүй, жоохон зав гарангуут хумсын чинээ явуулсаар байгаад өнөөдөр л дууслаа хэхэ. Тэвчээртэй хүлээсэн бүгдэд баярлалаа :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.01.18 4:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13899
Location: above
:wd: mash ih bayrlalaa tseko doo, tgd heruul hiij bsand uuchlaarai lol

_________________
beyond


Top
   
PostPosted: Oct.01.18 6:15 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3773
Location: Ирмэг
Баярлалаа :)
Англиараа дараагийн цувралуудыг нь олоод өгөх хүн байна уу :D

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.02.18 9:49 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Анхны орчуулагчид маань эх хувь нь байгаа байх аа

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.02.18 9:50 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Сараан wrote:
:wd: mash ih bayrlalaa tseko doo, tgd heruul hiij bsand uuchlaarai lol


LOL, зүгээр шд ээ. Форум ид ажиллаж байх арван жилийн өмнөх үеийг санагдуулдаг шүү..нтр

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Oct.02.18 12:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Цэко дуусгачихсан юм уу. Сая л олж харлаа, баярлалаа :wd:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.02.18 1:45 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
croft wrote:
Цэко дуусгачихсан юм уу. Сая л олж харлаа, баярлалаа :wd:.


Өө хумсын чинээ явуулсаар хэдэн ч сар болов, 2 хоногийн өмнө л дууслаа. Дур эзнээ голохгүй гэж, хэрээ мэдэхгүй бас ном орчуулна гэж үзээд олон хүнийг хүлээлгэчихлээ хэхэ

_________________
PEPPA PIG


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 121 22 23 24 25 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited