#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Aug.23.14 3:37 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 45 posts ]  Go to page Previous  1, 2
Author Message
PostPosted: Mar.16.11 11:42 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Сонров давчуу нүхэн гяндангийнхаа алгын чинээ сараалжит гэгээвчээр нарны гэрэл тусахад аяндаа сэрлээ. Өглөө бүр тийнхүү тусах зурвасхан шар гэрэл цагийн сэрүүлэг мэт болжээ. Наран ургах үеэс тэр гэрлэн тууз гэгээвчээр шурган орж ирээд эсрэг талын ханан Дээр мөн алгын чинээ шар толбо үүсгэн тэр толбо наран хөөрөх аясаар алгуур доошлон цагийн дараа алга болно. Тэр ганцхан цаг бол гяндангийн гаднах ертөнц эрхбиш нартай гэрэлтэй хэвээрээ байгааг Сонровт сануулах төдий билээ. Тийнхүү цэлмэг өдөр нарны гэрлийн тууз гэгээвчээр орж ирэх эгшинг алдахгүй сэрнэ. Сүүлдээ бүрхэгт ч ялгаагүй яг л
тэр эгшинд сэрдэг болжээ. Гэхдээ тэр гэрэл туссан эссэнээр сэтгэл нь цэлмэг буюу бүрхэг мэт болно. Энэ газар дэлхий дээр хүн болж төрөгсдөд нар гэдэг ямар чухал эрдэнэ болохыг гяндангийн харанхуйд яс махандаа тултал ойлгодог ажээ. Ханан дээгүүр мөлхөх нарны толбоноо бүхий л нарт ертөнцийг харах мэт болно. Хүний нүд харанхуйд хэдийгээр дасавч тийн нарны гэрлийн өчүүхэн тасархайг эс харвал сохортой адилхан буюу сэтгэл харанхуйлам билээ. Сонров харанхуйлсан сэтгэлээ тэрхэн шар зурвас толбоор өчүүхэн ч атугай гэрэлтүүлэн түмэн бодолд автана. Өдөр цагийн хэм аль хэдий нь алдагдсан бөгөөд эрхбиш хавар болсныг мэдэж их холын анир чимээ, үнэр танарыг нь өнөөх онигор гэгээвчээр мэдэрч байлаа. Сонров сэрээд дэвсгэргүй банзан вандан дээр хэд хөрвөөн чилээгээ жаал гаргав. Сүүлийн үед хамаг мах булчин нь ихэд шуугдан туранхайлж сэтгэл санаа, бүхий л мэдрэхүй нь эмзэглэн хөвчилжээ. Гяндангийн энэ харанхуй нүх, дэвсгэргүй хатуу вандан, хөгц ханхалсан хүйтэн чулуун шал хана тэргүүтнээрээ өчнөөн хоног сарын турш ижил дасал боллоо ч гэсэн хана шалных нь овгор товгор, вандангийн модны ширхэг тэр ч байтугай өнөөх нарны тууяанд гялтганан бужигнах тоосных нь тоо ширхэгийг хүртэл мэддэг шиг болсон атал тэр л бүх ижил даслаас уйдахын зовлон хамгийн хэцүү байлаа. Гэвч зүрх нь цохилон судас лугшиж, тархинд бодол эргэлдэн эрхбиш хүнээ байчихаагүйгээс хойш тийнхүү нэгэнт алдагдсан өдөр цагийн хэмнэлийг дотроо тоолон байх аж. Гяндангийн хүйтэн чулуу ч бодлыг эс хаана. Чингэхээр амьтайгаа, мөрөөдөлтэйгөө, уур хилэнтэйгээ, тэр ч байтугай тачаал сэрэхүйтэйгээ.
Сонров өчигдөр орой төмөр түмпэнд хийж авсан хүйтэн хар цайнаас хэд балгав. Энэ цагаан төмөр түмпэнг амандаа ойртуулах бүр нохой санаанд орно. "Би чинь одоо хүн биш нохой шүү дээ" гэж үргэлж бодогдоод өөрийг нь зовоон тамлаж байгаа хоёр хөлтөнгүүд ч цөм араатан, өөрөө ч тэдний гарт орж гинжлэгдсэн арчаагүй муу нохой мэт санагдана. Тийн дотроо уйлан хайлна. Урт гэгчээр уйтгартай гашуудалтайгаар улин гиншиж, нулимсгүй хуурайгаар уйлан гаслах хэцүү. Хүний гаслан бүр хязгаар төгсгөл байхгүй аж. Түүний хажуугаар шүд зууна. Хүний уур хилэн, гутрал гомдол ч мөн хязгааргүй. Гэвч тэр бүхэн яахын ч аргагүй бат бэхэлгээт гянданд хаалттай байхад хэрхэх билээ. Өөрөө өөрийнхөө мах булчинг хэмлэж хэвтэхээс өөр аргагүй. Хавханд орсон чоно хөлөө тас хазаад явчихдаг гэтэл гянданд орсон хүн сэтгэлээ зулгаахаас өөр юмгүй нь гачлантай. Сонров хучлага дэвсгэрийнхээ оронцгийг засаад өнөөх нарны толбоо ширтэн бодлогошров. Гэгээвчээр сая соёолж эхэлсэн ногооны үнэр үл мэдэгхэн үнэртэнэ. Өвөл Баян давааны оройгоос аяныхаа хувцастай баривчлагдсан тэр л чигээрээ тул харин даарч дагжихын зовлон бага үзжээ. Аз болоход хөвөнтэй өмд, зузаан оймстой тоногтой цагаан эсгий гутал, янгир дотортой дээл, ноосон цамцтай явсан тэр бүхнээрээ хучлага дэвсгэр хийжээ. Баян даваанаас нааш дотоод яамны хоёр харгалзагчийн дунд хавчигдан явж байхдаа "эндүүрэл" гэхээс өөр юмгүй бараг л өнөө үгүй гэхэд маргааш нь тавигдаж Цэвэлмаатайгаа дахиад уулзаж, аян замдаа орно гэж бодож явсан. Гэтэл өвөл өнгөрч хавар ногоо соёолтол гяндангийн ёроолд хэвтэж байдаг. Ямар гээчийн гутамшигт хувь тавилан бэ! Ямар гээчийн үзэгдэшгүй муухайг "эндүүрэл" вэ! Тэр Баян даваан дээр урьдын бүх амьдрал нь гэнэт таслагдан үлдээд тэрнээс хойш аав ээж, амраг садан, ажил төрөл, улс гүрэн чухам юу болсон нь мэдэгдэхгүй, бүх юм ёроолгүй харанхуй хар ангал уруу хөмөрчихсөн мэт. Ганцхан мэдэх юм гэвэл энэ нүхэн хар гяндан, нарны шар толбо, эцэс төгсгөлгүй тамлалт байцаалт. Огтхон ч учир утгагүй, бүр гайхмаар солиотой би чинь монгол газар дээрээ хүний дунд байна уу, аль өөр харь холын ертөнцөд Монгол хэл, монголын төрхтэй араатнуудын дунд байна уу? гэж эргэлзмээр, заримдаа ч бүх амьдрал нь зүүд зэрэглээ байсан юм биш биз гэмээр болно. Ер юу болсон, юу болж байгаад ухаан хүрэх аргагүй. Арваад удаагийн хүнд эрүү шүүлтийн эцэст мөнөөх тамлагчид "үнэнийг" олж чадалгүй хаясан бөгөөд дахин байцаахыг хичнээн хүлээснээ ч мэдэх аргагүй болж. Өдөр хоног өнгөрсөөр байлаа. Давчуу нүхнийх нь үүдний цонх өдөрт гурав онгойж өнөөх
"нохойн идүүрт" нь гашуун хар цай, хар гурилтай бантан юм уу зутан, хатсан талхны өөдөс хийхээс өөр юмгүй. Сонров тэр цонхны таг торхийх болгонд цочин агхийж ямар нэг өөр хүн орж ирэх юм уу идүүр дотор өөр юм унах вий хэмээн горилно. Одоо ч мөн цочиж харлаа. Гэвч нүүрээ харуулалгүй зөвхөн гараа сарвагануулан унд хоол өгдөг харгалзагч цагаан түмпэнд зөөгхөн хар цай хийж, нударгын чинээ бор талх тавиад тагийг хаав. Сонровт юм идэх хүсэл огт байсангүй. Зөвхөн цангаагаа жаахан гаргаад юм идэхгүй байсаар байтал өлссөн, больсноо мэдрэх нь аажмаар унтардаг аж. Анхандаа өгснийг нь иддэг байлаа. Гэтэл сүүлдээ ерөөс юм идэж ууна гэдэг нэгэн адил утга учиргүй болдог аж. Амьдрал утга учиргүй болсны буюу бүрмөсөн цөхрөнгөө барсны шинж биз. Адаглаад ялгадаснаасаа тээршаан тасалгааны булан дахь умгар нүхэн дээр сууна гэдэг бас нэг тамлал. Сонров гутлаа холхиндогоор углан очиж цайгаа авчран хэд оочоод дагзаараа хана түшин бодол боллоо. "Ногоо ургаж байна. Гурван сар дуусаж байгаа болов уу. Намайг дуудалгүй хориод хоносон хэрэг. Хаана нэгтээ яахыг ярилцаж байгаа биз, мартаад хаячихна гэж баймгүй. Юмыг яаж мэдэхэв дээ... эндүүрсэн юм байна ч гэдэг ч юм уу, аль одоо түүнийг тамлаад яахав ч гэдэг юмуу, хэлэх юмтай бол хэлэхээр болсон гэдэг юмуу хэн нэг хүн магадгүй Чойбалсан жанжин юм хэлсэн байвал... намайг даанч мэднэ дээ. Даанч дээ, бас нэртэй бол нэртэй явсан хүний үрийг хорхой шавж шиг хаячихмааргүй. Нүүр нүүрээ харалцаж үг сольж бага ч гэсэн албан амиараа холбоотой явсан олон хүн байж л байгаа шүү дээ. Яав ийв гэж асуух үгүйдээ тэр муу эсэргүү яасан бэ? гэж хэн нэгнээсээ сонирхох ч гэж бий дээ. Тэрнээс биш Сонров гэдэг хүн дунд нь явж байсныг энэ хооронд ор тас мартчихна гэж яаж байхав. Ганц би биш өч төчнөөн хүн баривлагдсан байлаа гэхэд нам засгийн албан хаагчдыг хамба, цорж нартай адилхан хоморголж авсан байлаа гэхэд төр бүхлээрээ эргээгүй л юм бол намайг санаж дурсах хүн цөөн ч гэсэн байх л учиртай. Миний төлөө гүйхээ байг өрөвдөх сэтгэл гаргахаан байг. Гэхдээ хүн үнэхээр чоно нохойтой адил болоогүй юм бол амьд хүнийг гянданд хаяад тэр чигээр нь мартамгүй. Хэн мэдлээ дээ. Юу гэгчийн аюул, ямар гэгчийн хардлага сэрдлэг намайг дайрав? Тэнгэр минь! Хөөрхий муу аав ээж минь ийм золгүй хүү төрүүлсэн байжээ. Улсын том албан хаагч гэх. Би эртэй сайндаа ч юмуу, муу заль мэхээр дээшээ гараагүй. Ганц би биш олон аавын хүүхдүүд бид энэ улсын төлөө, хувьсгалын төлөө зүтгэж, яв гэсэн газар нь явж, хий гэсэн ажлыг нь хийж явсан. Гэтэл энэ, үгүй, үгүй эндүү ташаа явдах хэн нэгний хорлол болсноос зайлахгүй. Би даанч гэмгүй амьтан. Буриадын охинд сэтгэлтэй болсон гэмтэй л биш юм бол. Цэвэлмаа минь, Цэвэлмаа минь. Чи бид хоёр ямар золгүй хоёр байв аа. Би чинь ингээд амьд хүүр болоод хэвтэж байна шүү дээ, Цэвэлмаа минь! Ердөө сая чи бид хоёр яаж жаргаж баярлаж явлаа даа. Одоо ганц хүсэлдээ, зүүдэндээ уулзахаас өөр юмгүй. Ногооны үнэр... ногоо ургаж, ус урсаж, Цэвэлмаа минь хаа нэгтээ гуниж гутаж яваа. Энэ шорон гяндангийн гадуур эргэлдэж ч яваа юм билүү. Ногооны үнэр, Цэвэлмаагийн минь үнэр... ороод ирдэг болоосой. Ганц дуу нь дуулддаг болоосой. Бие нь биш ганц дуу, үнэр нь ороод ирдэг бол ... Ямар ерөөлөөр, ямар гайгаар чи миний нүдэнд тусаж сэтгэлийг булаасан бэ! Би тэр буриадын нутаг уруу зүглэх ч үгүй явбал явах л байсан. Буриадууд намайг баллав уу? Өнөөх сайхан дуулдаг Дашийг алга боллоо, манжуур тийш гарсан гэсэн яриа байсан арай тэрэнтэй холбож байгаа юм биш биз дээ? Хэрвээ тийм бол шууд тулгаж асуух байсан биз. Гэтэл байцаагчид буриадуудтай ч, лам нартай ч холбосон юмгүй зүгээр л өөрийнхөө бүлгийг илчил, яаж хорлон сүйтгэх гэснээ хэл, гадаадын аль орны тагнуул болохоо хэл гэхээс өөр үггүй. Ямар ч баримт нотолгоо үгүй, ямар ч тодорхой зүг чиггүй шууд л ямар эсэргүү, хэний тагнуул гэдгээ хэл гэж тулгах гэж даанч дээ. Чухам юу хэлүүлэх гэснээ хэлээд өгөөч гэхэд эсэргүүгээ илчил гэхээс цаашгүй. Намайг байцаадаг тэр Бадам огт нүүр танихгүй хүн болчихдог. Зүгээр нэг томоотой царайлсан хүн гэнэт ямар муухай харгис болно вэ! Тамлахдаа инээд нь хүрдэг. Ээ тэнгэр минь! Намайг өршөөгөөч! Эсвэл зүгээр үгүй хийгээд өгөөч!..."
Гянданд өнгөрүүлсэн өдөр хоногууд гаслал шаналлын нэгэн урт хэлхээ. Нэг тасарч нэг нийлж үргэлжилнэ. Бүхий л амьдралаа нүднийхээ өмнүүр хөврүүлнэ. Тэр бүхэн нэг нийлж нэг тасарна. Гэвч ганцхан зүйлд л хариулт байхгүй. Баян даваа хүртлэх бүх юм тодорхой атал ганцхан яагаад ийм болов гэхээр бүх юм харанхуй болчихноо. Баривчлангуутаа нэг ч үг хэлэлгүй шулуухан авч ирээд гянданд хорьчихсон. Ам ангайхад л буу тулгаад "Бүү дуугар!" гэж зандраад нэг ч үг хэлүүлээгүй. Хоёр хоногийн дараа дээлийг минь толгой дээгүүр нөмөргөөд мал нохой мэт хөтлөн явсаар өнөөх байцаан тамлах газраа оруулсан. Тэр нь нэг буландаа том пийшинтэй мөн нэг ханыг хар хөшгөөр халхалсан, байцаагчийн суух зоомол ширээ сандлаас өөр юмгүй бөгөөд адраас хэдэн том чийдэн тусгасан, цонхгүй, чулуун шаттай битүү ханхай тасалгаа байлаа. Харгалзагч тэнд оруулаад дээлийг нь хуу татан хар гөлмөн төмрөөр төмөрлөсөн үүдийг хар яр хийтэл хаахад эсрэг талын мөн тийм үүд гэнэт нээгдэн нэг хүн орж ирсэн нь мөнөөх Бадам комиссар байлаа. Тэр духаараа харан хэсэг суугаад ширээний шургуулганаас харандаа цаас гаргаж,
- Хэрэгтэн нэр хэн бэ? гэж залхуурсан мэт гүвтнэхэд
- Би Сонров байна. Чи мэдэж байгаа шүү дээ. Бадам чи... гэтэл духаараа харсан хэвээрээ,
- Би чамайг танихгүй. Ойлгов уу! Асуусан асуултанд л хариулж бай! Ойлгов уу! гэж дууныхаа өнгийг хувиргалгүй хэлсэн. Тийнхүү "духаараа" хардгийн ужиг хэцүү байцаалт эхэлсэн. Нүд рүү хараасай гэхэд яаж ийгээд л огт үрчлээгүй мөлийсөн хөх дух өмнө нь гялтайна. Харцаа зугтаалган нууж чаддаг нь бүр гайхмаар. Сонров чухам юуны учир баривчлагдсанаа даруй мэдэх гээд чадсангүй. Түүнд байцаалтанд хариулахаас өөр асуух эрх байхгүй гэдгийг Бадам комиссар ганц хэлээд л дууссан. Ер тэрбээр нэг тушааснаа давтах дургүй, харин нэг асууснаа хэд дахин ч давтахаас буцахгүй. Тэрний тамлал ер бусын гэмээр бараг л хатуугаас "зөөлөн" нь хэцүү байлаа. Ер дуугаа хувиргахгүй "Аа чи тэгэж байна уу" гээд инээвхийлбэл дуусаа. Анх тэр "Чамайг тэгвэл тогос болгоно" гэсэн. Тэр тогос гэдэг гоё нэртэй тамлал нь хөл газар хүрэхгүй өгзөг багтахгүй ёндгор сандал дээр, халуун пийшингийн дэргэд суулгаад орхичихно. Анх тийнхүү тогос болгоно гээд пийшингийн ширмийг улайдтал гал өрдүүлэхэд нь арай төмөр улайсгаж хайрах юмуу, ширмэн дээр суулгадаг юм биш байгаа даа гэж санатал хар хөшигний араас мөнөөх ёндгор сандлаа гаргаж ирээд тийнхүү "тогосны сүүл" залгачихсан. Даан их удалгүй хамаг бие бадайран хар хөлс цутгаж эхлээд "тогосны" сүүл сандал нь дайвалзаад эхлэнэ. Хүн юуны түрүүнд улайдмал ширэм дээр унахаас айж биеэ барих тусам улам тэнцвэр алдан толгой эргэж эхлэнэ. Нүдний өмнө улаан цагирагнууд эргэлдэн, чих дүлийрэх бөгөөд хоёр хөл бадайран мэдээ алдаж нэг бол улайдмал ширэм дээр эсвэл шалан дээр унахаас өөр аргагүй. Сонров гурван удаа "тогос" болохдоо гурван удаа чулуун шал мөргөн унаж ухаан алджээ. Тийнхүү яг чулуун шал мөргөж унахаар тааруулсан нь дотоод яамныхны нэг эрдэм байлаа. Бадам харин духаараа харж асуултаа залхуурсан мэт түмэнтэй давтахаас өөр гар хүрсэнгүй. Ёр тэд гар хүрдэг эсэхийг бүү мэд. Байцаалтаар их тойруу буюу ер яагаад ч ийнхүү баригдаж шарагдахад хүргэмгүй гэмээр зүйлийг хөндөж эхэлсэн. Нармай монголын үзэлтэнгүүдтэй Дагуурын засгийн газар гэгчийнхэнтэй түүнд оролцож явсан өвөр монгол буриадын этгээдүүдтэй ямар холбоотой байсныг байцаасан, Сонров арваад оны сүүл хориод оны эхээр нас хорь хүрээгүй баньд байж байгаад цэргийн албанд татагдсан учир тэр нармай монголын үзэлтэн нартай ямар ч холбоо сүлбээтэй байх учиргүй гэдгээ хэлэвч тэгвэл яагаад монгол улсыг бусдын идэш болсон, жанжин сайдууд улаан орост улсаа худалдсан гэж хэлж байснаа хэл гэж шалгаав. Сонров эхлээд хаанаас ийм юм гараад ирэв ээ гэж гайхширан байснаа өвөл бичиж байсан тэмдэглэлээ гэнэт санав. Тийн дотоод яамныхан баривчлангуутаа гэр орныг нь нэгжиж хамаг бичиг навтаргыг нь хураан авсныг ойлгосон. Бадам байцаагчтай түүх яриад нэмэргүй байлаа. Тэр номгүй хүн аливааг учирлан тайлбарлан ярихыг ер хүлээж авдаггүй буюу ном эрдмийн үүднээс юу ч яриад нэмэргүй санж. Ганц үнэнийг хэлүүлнэ гэж, тэр үнэн гэгч нь дээрээс хэн нэгний заасан даалгасан зүйл, заавал хэлүүлж хүлээлгэж ав гэсэн тэр л тушаал
тулгалт гэдгийг тааж ядах юм байсангүй. Тийнхүү дотоод яамныхан мөрдөн байцаагч биш тулган шийтгэгчид болсныг ойлгоход ч төвөггүй байлаа. Сонров ингээд чухам ямар зорилгоор, хэний тушаал заавраар ийм хэрэг үүсгэн байцааж буйг мэдэх гэж хичээвч томоотой царайлж духаараа харсан Бадам комиссар чухам л тэр халуун тасалгааныхаа төмрөөр бүрсэн үүд шиг цоорхойгүйг яавч нэвтлэшгүй. Мөнөөх олзлогдсон тэмдэглэлийнхээ үг үсгийг нэг нэгэнт нэгэнгүй санаж Данзангийн талаар дурдсаныг заавал байцаана гэснээр болсон. Эхлээд Данзантай ямар холбоотой байсныг асууж мөн тэр үед хөдөөний аймгийн захиргааны албан хаагч бөгөөд улсын дээд удирдагчдын нэг Данзангийн барааг ч хараагүй гэснийг нь "Аа чи тийм байх" гэдгээрээ нээлттэй орхиод дараа нь гадаад ямар улсын тагнуул болохоо хэл гэж улам лавшруулан японы тагнуулын ямар байгууллагад хэзээ элссэнээ хэл гэх болсон. Тийнхүү байцаалтын учир санаа зугуухан бөгөөд бас ч сүрхий дэслэлтэй тодорсоор байлаа. Тогос болгож шал мөргүүлэн ухаан алдуулаад л ямар нэг шинэ хэрэг гаргаад ирчихсэн байна. Сонров ч аажмаар тэр зохиомол хэрэгтээ итгэх гэх юм уу ямар ч гэсэн дэс дараагий нь тааварлах болно. Харин буриадын асуудал гэгч гарч ирэхийг тэр таасангүй. Тэр нь магадгүй өөрийнх нь хүзүүгээр боймлон авах гол гогцоо буюу цагийг болтол хадгалан мөнөөх холбоо сүлбээ гэгчийнх нь хүрээнд орсон этгээдүүдийг илрүүлэнгүүтээ гарцаагүй тулгах нөөц зэвсэг нь байсан биз. Эхлээд ямар хэргээр удаа дараа Онон, Балжийн буриад нарт очиж байсныг байцаасан. Хэн хэнтэй танилцаж чухам юу өгч авалцсан, ан гөрөө хийсэн, Дадал сумын хоршоо даргынд хоёр жил дараалан хэд хоногоор айлчлан дүүтэй нь явалдсан. Эцэст нь эхнэр болгох санаатай авч ирсэн, аль өөр зорилгоор авч ирсэн яасан, Жамцын Даш гэдэгтэй чухам хаана уулзаж юу ярьж байсан бэ? гэх зэргээр сүүлийн хоёр жилийн явдлыг нэгэд нэгэнгүй асуун Цэвэлмаатай хятадын халуун усанд хэд хичнээн орсон тухайг хүртэл асуун шалгаана. Энэ бүгдээс Сонров үнэхээр зэвүүцэн гайхалгүй яана. Ер алхах гишгэх бүхнийг нь, тэр ч байтугай Гурван нуурын арал дээр хоносныг нь хүртэл дотоод яамныхан мөрдөн тагнаж байжээ. Гайхавч баршгүй, ухаан санаанд багтамгүй. Тийн гомдол гутралын туйлд хүрэхдээ, амин хувийнх нь амьдралтай даан ч ичгүүр сонжуургүйгээр орооцолдож, улсын нүдний өмнө нүцгэн шалдан мэт болгосныг нь мэдэхэд хамаг итгэл алдран, энэ улсын сайн сайхан, хүний сайн сайханд ямар гэнэхнээр итгэж явснаа нэгмөсөн булшлуулах мэт болоод иймд хүргэсэн харгис хатуу хүмүүсийн өмнө яг тэр Бадам шиг духаараа харан таг чиг болохоос өөр замгүй гэж шийдсэн. Ер хэргээ хүлээх болих, гүтгэлэг доромжлолыг эсэргүүцэх нь ганцхан мөчид цөм утга учиргүй болчихдог аж. Тийн Сонров мөнөөх байцаалт гэгчид хариулах үгээ цэгцлээд харгислан тамлагч "Аа чи тийм үү!" гээд шүд зуухад "Миний хэлэх юм дууссан" гээд шүд зуухаар шийдсэн.
Гяндангийн сараалжит гэгээвчээр орж ирэх нялх ногооны үнэр гэнэт дурдатгалын хурыг буулгав. Эмзэглэн хөвчилсөн сэтгэл нарны бяцхан толбо дунд удаан эргэлдсэн тэр л өчүүхэн талбарыг орхин Нартай чөлөөтэй дэлхийд нисэн одохын цагт тэрхүү гадаад ертөнцөд янаг хайртай хүнээс нь илүү хүслэн мөрөөдлийн дуудлага яахин байх билээ, "Цэвэлмаа минь ! Бидний жаргал хэтэрсэн байж уу? Жаргал хэтэрсний төлөө ийм зовлон тамлал амсах байсан юм уу, хэн нэгний атаа хорсол иймд хүргэсэн байж магадгүй гэж нэг юм шивнээд байх шиг. Миний ухаан бодол мухардаж, гомдол гутралд зүрх минь хэмлүүлж дуусаад тэр биз дээ. Гэхдээ хүн гэдэг чинь муухай араатан юм байна шүү. Хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа гэдэг яасан үнэн үг вэ! Цэвэлмаа минь хаа яваа бол оо? Арай намайгаа гянданд орхиод нутаг газраа явчихаагүй биздээ? Миний төлөө тэр зовохоос өөр хаана ч хүрэх билээ дээ. Намайг л түшиж явсан хөдөөний гэнэн цайлган амьтан. Яах ч учраа олохгүй яваа. Гэхдээ Бортолгойгоор зуучлуулаад ч гэсэн Чойбалсан жанжинд хүрчих аргаа олвол олох л хүн. Гээд дээдсийн зан яаж хувирсныг хэн мэдлээ дээ. Ширэв татаад тоохгүй болсон байж мэдэх л вий. Цэвэлмаагаа дахиж харалгүй энэ харанхуй нүхэнд шингэж арилах цох хорхой шиг үйлийн үртэй хүн юм гэж үү би? Цэвэлмаа минь чи яасан азгүй хүний хань болох байв аа. Ингээд би дууслаа, бид даанч санаанд оромгүй гай зовлонд дайрагдаад өнгөрлеө. Биднийг хэн юунд ингэж хөнөөхөөр шийдэв ээ!...
Гяндангийн хаалга гэнэт нээгдэн буутай сэргийлэгч харгалзагч нар орж ирээд гутал цамцаа өмсөж, дээлээ толгой дээгүүрээ нөмрөхийг тушаалаа. Сонров олон хоног хэвтэх суухаас өөрөөр бараг хөдлөөгүй дээ ч юм уу аль ерөөс тэгтлээ сульдсан ч юм уу хөл гуйваад болсонгүй. Харгалзагч толгой дээгүүр нөмөрсөн дээлийнх нь энгэрээс сурамгай гэгч нь хумьж бариад хөтлөв. Мөнөөх мөрдөнгийн өрөөнд аваачихна уу гэтэл арай өөр тийш нь чирэх шиг. Сонров бодол шаналалд автаж удтал суусан болохоор хаалга гэнэт нээгдэхээс эхлээд ямар нэгэн урт хонгилоор хөтлүүлэх хүртлээ ухаан санаа нэг л дэн дун болчих шиг болсноо хэдэн алхам явж хоёр хөлтэй хүн гэдгээ сая мэдсэн юм шиг жаал сэргэж чангарав. Нэг тасалгаанд оруулаад нөмөрсөн дээлийг нь хуу татлаа. Нарны гэрэл мэлсхийхэд нүд гялбаж, тархи манасхийгээд арай л муужирч унасангүй. Өмнө нь Хөх комиссар биеэрээ сууж байв. Тэр энгэртээ цоо шинэхэн алтан гадас одон зүүчихжээ. Тэр тийм ч аятай санагдахааргүй дүр төрхөө их л засчихсан ч юм уу аль өнөөх ер бусын хувирлаараа хувирчихсан ч юм уу харин жинхэнэ танилын царай гарган мишилзэж мухар сандал тавьж өгөөд
- Ээ золигууд! Таныг ямар болгож хаяа вэ! Арайч дээ. Арай дэндүүлсэн байна гэлээ. Сонров өвлөөс хойш харагдаагүй хөх тэнгэрийг тасалгааны цонхоор шуналтайгаар харж хэсэг суув. Дотоод яамны байшингийн гаднах банзан хашаа уруу харсан нарийн төмөр сараалжтай томхон цонх аж. Хашааны цаана амьдрал бий. Сонров цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж үзтэл биенээс нь хөлс хөгцний үмхий үнэр ханхийв.
- Би бүр амьдаараа өмхийрч гүйцжээ гэж дуугарахад Хөх хайрцагтай тамхи гарган,
- Та чинь тамхи татдаггүй шүү дээ. Гэсэн ч нэг татчих. Үнэр чинь дарагдана. Усанд оруулах ч юу магад билээ. Сонров тамхийг авч асаагаад эв хавгүй ч гэсэн шуналтайгаар сорлоо. Хир буртагнаасаа сална гэдэг юутай ч зүйрлэшгүй жаргал байхсан.
- Амьдаар минь аллаа даа танайхан. Таньдаг хүний царай харахад ямар сайхан юм гэж үнэнээсээ хэлэв. Хөх ширээний шургуулгыг татаж нэг юм харснаа буцаан түлхээд,
- Энд Цэвэлмаагийн зураг байж байх юм гээд инээв. Сонров үзүүлээч гэх гэснээ болиод,
- Цэвэлмаа, аав ээж нар минь сайн л байдаг байгаа даа гэв.
- Цэвэлмаа яах вэ байж л байгаа гэсэн. Өнөөх Бортолгойг маршал буцаасан шүү дээ. Би тэднийг үнэндээ мэдэхгүй байна. Их хэрэг гарч түүний хойноос өдөр шөнөгүй хөөцөлдөөд авгай хүүхнүүдтэй уулзаж явах зав ч үгүй боллоо. За тэр яахав. Хувийн асуудал Цэвэлмааг олъё гэвэл олж болно. Уулзуулж ч болно. Харин хэргээ хүлээдэггүй чи л муу байна. Хэргээ шударгаар хүлээгээгүй цагт хүүхний хүслэн байтугай амьд явах ч талаар өнгөрөв бий вий. Ухаантай, бас дээгүүр явсан хүн тэр зэргийг юу андах вэ. Би байцаах гэж байгаа юм биш. Маршалын даалгавраар уулзаж байгаа юм гэхэд Сонровын нүдэнд горьдлогын гэрэл гялсхийлгээд, суудал дээрээ өндийн,
- Маршал намайг ... жанжин намайг мэдсэн бол ямар сайн хэрэг вэ! Даан ч нэг мэдээ чимээ хүрсэн байх гээд... гэхэд Хөх гэнэт төв царайлан,
- За ийм байна. Би маршалд өнөө илтгэх ёстой. Сайд өөрийг чинь мэдсэн яасныг бүү мэд. Би маршалын даалгавраар танай эсэргүү бүлгийнхэнтэйгээ уулзаж байгаа юм. Ингэхээр тэр энэ гэж ялгахгүй. Танил, биш нь хамаагүй. Тийм биз дээ? гээд өмнөх шургуулгаа дахин татаж түлхэв. Цэвэлмаагийн зураг байгаа гэдэг нь худал, зүгээр л даажигнаж байгаагий нь Сонров гэнэт ойлголоо.
- Би ямарч эсэргүү бүлгийн удирдагч биш гэдгээ Бадам комиссарт хэлэхээрээ нэг болсон. Одоо нэмж хэлэх үг огт байхгүй. Ер юу болж байгааг хэлээд өгөөч! Чамаас ганц юм гуйя. Харандаа цаас өг. Би маршалд хэдэн үг бичье гэхэд Хөх босон харайгаад ширээнийхээ цаагуур цааш нааш алхлан, үл цавчигч шувуун нүдээ цог адил гялтгануулан,
- Тэр дэмий. Тэгж ярихгүй. Танай эсэргүү бүлгийнхэн олноороо баривчлагдсан. Одоо ч баривчлагдаж байна. Ихэнх нь хэргээ хүлээсэн. Гарцаагүй баримт нотолгоо гараад ирсэн. Мэдэж байгаа биз? Баримт баталгаа гараад ирсэн. Одоо та тэр бүлгийн удирдагч гэдгээ өөрөө хүлээж мэдүүлэгт гарын үсэг зурах л үлдээд байна.
- Би ямар ч гэмгүй мөртөө юунд гарын үсэг зурах болж байна?
- Юунд зуруулахаа бид мэднэ.
- Зохиомол зүйлд зуруулна гэсэн үг үү?
- Мэдүүлэгт чинь гэж байна шүү гээд Хөх дуугаа чангаруулав.
- Би өгдөг мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх юм байхгүй.
- Шинээр мэдүүлэг авна.
- Хэн авах юм?
- Би авна. Бадам комиссарын авч чадаагүй мэдүүлгийг би авна. Сайдын даалгавартай гэж хэлсэн шүү.
- Хуурамч мэдүүлэг ав гэж даалгаагүй баймаар юм.
- Дуугаа тат! Битгий чалчаад бай! гэж Хөх гэнэт хашгираад гүйн очиж ширээгээ шаав. Нүүрийг нь ногтолсон хууз нь гал асах мэт улайгаад, цогон нүд нь ухархайндаа цовхчин эргэлдээд, хурц цагаан шүд нь ярсхийх нь яг л уурласан сармагчин. Сонровын өмнө дотоод яамны комиссарын хувцас өмссөн хоёр хөлт араатан буюу хүн дүрст сармагчин зогсож байлаа. Тэр өнөөх Цэвэлмаагийн зураг бий гэсэн шургуулгаа татаад хуудас цаас гарган,
- Май үүнийг унш! гээд өөдөөс нь шидэв. Сонров бичгийг авч уншвал: "Засгийн газрын орлогч сайд Сонров, Хэнтий аймгийн Дадал сумын харъяат агсан Жамцын Даш нарын толгойлсон эсэргүү бүлгийн гишүүдийн хэрэгт хавсаргасан захидлын хуулбар. Энэхүү захидлыг Дадал сумын хоршооны дарга Цэвэгээс хүргэн болох Сонровт бичсэнийг дотоод яамны тусгай хэлтсээс илрүүлэн авсан болно. Уг захидлын үг нь: Эрхэм сайд дүү Сонровын амрыг айлтган барья. Та бидний үүсгэсэн хэрэг бүтэмжтэй байна. Зун Гурван нуурт хэлэлцсэн ёсоор Жамцын Даш зүүн тийш яваад сая болтол чимээгүй байснаа амар мэнд хүрсэн бөгөөд зохих хүмүүстэй холбоо тогтоож чадсан, авах өгөх юмаа тохирсон гэдгээ бидэнд тэндээс янагш айлчлан ирсэн үл таних хүнээр хэлүүлсэн болно. Бид үүгээр санаа нэгтэндээ цагийг иртэл шивэр авир хийн ярилцахгүй байхыг сануулж, та хэзээ охин дүүг дагуулан бидэндээ ирж хуримаа хийхийг хүлээж байна. Хуримд сайн бэлдэж байна. Та нар ч бидэнд их бэлэгтэй ирэх биз ээ. Эрхэм дүүд захих нь надад нэг сайн ангийн буу баахан сумтай ирвэл их баярлана. Ер нь манай буриадын ангууч гөрөөч нарт сайн буу, арвин сум хэрэгтэйг эрхэм дүү яахин андах вэ. Хотын ах дүү, шинэ танилуудад мэнд хүргээрэй. Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэхийг ерөөж ёсолсон ах Цэвэг чинь" гэжээ.
- Уншив уу? гэж Хөх ууртай асуув. Сонров бичгийг ширээнийх нь өнцөг дээр тавиад,
- Уншлаа. Миний мэдэх юм алга, хэлэх ч юм алга гэв. "Зохиомол захидал байна" гэж хэлэх гэсэн боловч ерөөс энэ бүх эсэргүү хэрэг гэдгийг ямар нэг аюултай зорилгоор дээрээс зохион гаргасан буюу хэн нэгний эсвэл бүлэг этгээдийн зориуд хаяж өгсөн баримтыг шүүрэн авч олон хүнийг нэгэнт хамруулан мөрдөн байцаах, тамлан тарчилгах бүхий л хүчээ дайчилсан юм байна гэдгийг тов тодхон ухаарлаа. Хөх ширээнийхээ араас харайн босож Сонровыг тойров. Түүний хувцаснаас үнэртэй усны хурц үнэр ханхална. "Эд нар одонгоор шагнуулж эхэлсэн байна шүү дээ. Энэ хүн дүрстэй адгуус хаанаас гарч ирсэн бэ? Хамбын ойр байсан гэх. Тэгснээ жанжны дэргэд ирж, одоо дотоод яамны комиссар болчихсон байдаг. Ер юу гэгч болж байна аа? Энэ улс хөлөөрөө толгой хийв биш үү. Ший
Яанзаны найр дээр ногоон нүдэт орос лам нарыг довтлох цаг болсон гэж хэлсний маргааш юу боллоо. Буриадуудыг довтлох цаг болсон гэж арай хойноос заасан юм биш байгаа даа. Би буриадуудтай холбоотой тэдний хүүхэнд сэтгэлтэй болсноороо хувьсгалын эсэргүү болгоход хамгийн аятай хүн байсан байх нь. Яндаг намайг салахгүй дагаад явсан. Тийм учиртай байх нь... Хөх, Сонровыг хэд тойроод ард зогсов. "Яатлаа үнэртэй ус шингээсэн золиг вэ!" гэж Сонровын бодтол Хөх толгой дээр нь нэг юм тавиад,
- Дуулж бай! Би аман дотроо арав тоолно. Энэ хооронд бодоод хэл! Хотын шинэ танилууд гэдэг чинь хэн бэ? Хотод байгаа холбоотноо хэл! гэв. Гар бууны бололтой хүйтэн төмөр хуйханд нь мэдрэгдэв. Сонров шүд зуугаад,
- Надад хэлэх юм байхгүй гэхэд Хөх бууныхаа гол төмрөөр эрүүнээс нь өлгөн татаж толгойгий нь цагнайлгаад
- Аа чи шүдээ зууж байна уу? Шүд чинь одоо хүртэл бүтэн байгаа хэрэг үү? гээд бууныхаа бөгсөөр үүдэн шүднүүдийг яйртал дэлсэж орхив. Сонровын нүдэнд гал манасхийхээс биш өвдсөнөө ч мэдсэнгүй. Хугарсан шүднүүдээ нулимлаа. Уруул нь яз үсрээд цус садрав. Дахиад цохихыг нь хүлээж нүдээ анив. Хөх үнэртэй ус ханхлуулан шүдээ тачигнуулж байснаа хаалга саван гарч,
- Харуул! Тэр эсэргүүг гянданд нь аваач! гэж хашгирлаа. Сонров баривчлагдсанаасаа хойш анх удаа нулимс гаргаж эхэр татан уйлав.
* * *

_________________
©George_MN


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Mar.17.11 3:50 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Онон, Балжийн сав газар хачин уйтгартай хавар болов. Хөвчийн их түймэр унтраад хагас сар илүү болсон авч утаа хярвас нь арилсангүй. Ногоо зухуйгаад гандаж эхэллээ. Зун болох яагаа ч үгүй атал халуу шатах нь жигтэй. Өвлийн цасны чийгээрээ эрт нахиалж эхэлсэн улиас бургасны навч нахиа хатан хорчийж эхлэв. Усны шувууны түрүүч ирж түймрийн утаан дундуур эргэлдэн шуугилдаж байснаа буух газраа олж чадалгүй төөрөх мэт өөр зүг нисэн одно. Тэнгэрээс бууж ирсэн мэт нэг янзын муухай хүр хорхой ой модоор дүүрлээ. Хүрэн ягаан үстэй, хуруу нь чинээ хорхойнууд ойн захын цагдуул модны мөчирт арзайтал асаад идэж эхлэв. Хүн зоны сэтгэл санаа ч унанги уруугаа, царай зүс ч хавар шигээ бүргэр баргар. Яаж ч өөдтэй өнгөтэй байх билээ дээ. Буриад нарын гай барцад нимгэрэх даанч болоогүй санж, Өнгөрсөн зун дагаар эс орогсодыг гаргадаг юу чиг биш байж. "Төмөр машины түерээнд тив нь ч эргэсэн шинжтэй байна, төрсөн нутгаа санахад төрөл улирсан шинжтэй байна" гэж гэгэлзэн дуулсаар ёстой л амны билгээс ашдын билэг гэгчээр юм болов. Гэхдээ даанчиг ингэж буруугүй буруутан болж бууны аманд сөгдөн, шорон гянданд хаягдах гутамшигт хувь зохиол хүлээн буйг яахин мэднэ. Гэнэт эхэлсэн баривчилгаа айл амьтныг бөглөрч бөгштөл цочоолоо. Анхандаа ердөө л нүүр нүүрээ гайхан харцгааж ангайлдан хоцрохоос өөр юм байсангүй. Ихэнхдээ өнөөх л золигийн мөрийтэй хаарт, зодоонтой архины уршиг түр зуурын явдал биз гэсэн чинь тийнхүү бөөнөөр нь машинд ачиж эсэргүү дайсан гэж харааж зүхэн одсоныг мэдэнгүүт мэл гайхацгаав. Лам хуврагуудыг хувьсгалын эсэргүү, ардын дайсан гэх мэтээр хараан зүхэхийг шашин бурхныг бүрэлгэх цөвүүн цагийн ёс хэмээн ухаарах учир би ч гэлээ ердөө зүв зүгээр үхэр малаа адгуулж ан гөрөө хийж хамгийн мууг хийлээ гэхэд архи хаарт, завхай зайдангаас цаашгүй жирийн нүгэлтэнгүүт тийн гэв гэнэт хувьсгалын эсэргүү, ардын дайсан болно гэдэг ухаан санаанд даанч багтамгүй. Тийнхүү айл амьтан үймэрч сандран, элдэв долоон цуу үг тараан ер бусын хуурай хувхай муу ёрын хавар Онон, Балжийн хөндийд морин саарал зэрэглээ урсан хөвчийн уулст уйтгарын цэнхэр утаа униар татжээ.
Базар Буд хоёр бага үд болтол унтаад босож зүүн толгой дээрээ гарч тоглохоор зэхэж байтал шарга морь хөллөсөн ходоог тэрэгтэй хүн тэдний гадаа ирж буусан нь Жамц баавай аж. Дамдин баавай Цэвэг ахынх нь яасныг мэдэх санаатай хойноос нь аймаг ороод хэд хонож буй бөгөөд тэгээд л мань хоёр үд болтол унтах эрх мэдэлтэй болсон хэрэг. Будын ээж Балдангийнхаа өнөөх нялхыг нь хуурайлан угжиж, Зундуй гавжид унд хоол хийж өгөөд элэг зүрх эмтрэн, улиглаж халаглах нь эцэс төгсгөлгүй. Зундуй гавж дуганаасаа дэмий нэг Дайжсан ч гэгээн нар харж явах хугацаа ахарлан, нэг л өдөр хүчинд автагдаж одохоо тааварлан мөн эцэс төгсгөлгүй уншлага уншина. Балдан хоёр гэрийнхээ ажлыг залгуулж ямар гээчийн цаг ирснийг гайхахаас цаашгүй. Тэрбээр баривчлагдагсдын тухай тэр нь тийм, энэ нь ийм гэж хэчнээн эргэцүүлэвч эсэргүү дайсан байхаар хүнийг Даан ч олсонгуй. Цэвэг хоршоо дарга ухаантай болохоор хол ойрын сүлбээ, Жамцын хөвгүүд ангууч гөрөөч, арилжаач наймаачийн уртхан Жолоотой гэхэд хэн нь тэр зэргийн элдэв ааш араншин, ажил амьдрал Үгүй билээ. Балдан тийнхүү гайхаш тасран Хандмааг авчрах болихоо шийдэн ядан, хэрвээ Цэвэлмаа хүрч ирвэл нэг ухаан зааж бага хүү Базар хоёрыг нь тэтгэж авахсан гэж бодно. Жамц баавай урьдын сүр сүлдээ бүр алдчихсан аж. Тэр Балдангийнд орж ирээд бурхнаас адис авч мэндлээд Будын ээжийн тавьж өгсөн ширдэг дээр хүглийтэл хэсэг чимээгүй суулаа. Цай идээ амсаад түрийвчээ гарган хүүхдүүдэд нэг нэг аравтын дэвсгэрт чихэр авч идээрэй гэж өгөөд.
- Балдан бид нар түймэр цохиж яваад Дашийн морины сэг, эмээлийг олсон гэж Дулсайн басган юу хэлнэ вэ? гэхэд Балдан,
-Тийм ээ. Цэвэг бид гурав Жаргалантын ард цайлж байгаад морины яс, эмээл харсан. Дашийнх юм биш үү гэж хөөрөлдөж байтал дотоодыг хамгаалахынхан Цэвэгийг маань барихаар очоод өнгөрөөв шүү дээ гэв.
- Хилийн ард гээ биз дээ?
- Түймэр цохиж яваад мэдэлгүй гарчихсан байсан. Дотоодыг хамгаалахынхан улсын хил давлаа гэж загнасан.
- Эмээлийг нь ... эмээлээс нь танигдах юм үлдсэн байсан уу?
- Гөлөм дэвс нь үжиж бутарснаас биш мод нь бүтнээрээ байгаа. Цэвэг чимгүүдийг нь авч амжсан. Тэгээд өнгөрөө биш үү?
Жамц баавай сарьс нь сэмэрсэн булигаар гутлынхаа хоншоорыг ширтэн хэсэг бодлогошроод дуугүйхэн гарч одов. Гурван сайхан хөвгүүдийнхээ нэгийг нь сураггүй алдаж хоёрыг нь харан байж дотоод яамныханд баривчлуулсан өвгөн гутлынхаа хоншоорыг ширтэн гайхашрахаас цааш яах билээ. Балдан уяан дээрээсээ өвгөнийг тэргэнд нь суулгаж өгөөд гэр тийшээ гэлдэрч явахдаа гэнэт яасны нь бүү мэд "Ердөө өнөө орой Дулсай авгайнд очих юм байна. Басганыг чинь гуйж байнав гэж хэлье", Зундуй гавжаас хадаг аваад бурханд нь тавиад ердөө шулуухан хэлье" гэж шийдэв. Жамц баавайн мордонгуут Базар Буд хоёр модон буунуудаа агсаад зүүн хаданд гарч тоглохоор явав. Өглөө урагш бэлчсэн хурга тугалаа тэр хаднаас харуулдан тоглоход алдах осолдохын зовлонгүй. Мань хоёрт нэг их гуниж гутах шалтаг ч юусан билээ. Томчуулын ярианаас бол гамшиг зовлонгийн цаг ирлээ л гэнэ. Хавраар ган болж, их түймэр гарч, үзэгдээгүй муухай хорхой шавж тархаж хүмүүс учир битүүлэг шалтгаанаар баривчлагдан одож, хүн хөлөөрөө ор сураггүй болж, сүм дуган эзгүйрч ингэснээр нэг мэдэхэд нутаг орон даяарыг нь аюул занал нөмрөх вий гэлцэнэ. Ер хүний амьдрал, ертөнцийн явдал гэгч таагдашгүй ажээ. Томчуул ингэж гайхаш баран гаслалдахыг сонсоход бүр ч итгэл алдрам. Базар хөвгүүн ээжээсээ хагацсан сэтгэлийн шарх ань аньсаар гэвч ялангуяа их гэрийнхэнд хааяа жаахан шоовдорлуулахдаа гутран гуньж ямар ч үгүй элэг бүтэндээ сортоот зан гаргадаг Будыг орхиод мод хадаар ганцаараа хэсүүчлэнэ. Сайхан эгч Цэвэлмаа нь юу юугүй өнөөх том дарга, зөөлөн аашт Сонровтой хуримаа хийхээр ирэх болов уу хэмээн тэсгэлгүй хүлээж байтал бас тэр ах баривчлагдсан гэх. Тийн хот хөдөөгүй ямар нэг сүрхий догшин бариан шараан болж байгаа бололтой. Тийн баривчлагдаж хоригдсон хүмүүсийг шийтгэдэг цаазалдаг л гэлцэнэ. Ер ойлгогдохгүй юм захаасаа. Гэвч тэр бүхнийг ойлгоё гээд томчуулын үгийг чагнатал тэд өөрсдөө мухардаж цөхөрсөн улс байх юм. Ингэхээр ямар ч гэсэн хурга тугалаа хариулж, тоглон наадаж л байхаас өөр яах билээ. Мань хоёр сүүлийн өдрүүдэд өнөөх модны хорхойнуудыг цуглуулан шатаах аятайхан зугаатай болжээ. Одоо ч бие биесээ баривчлан тууж наадахад зориулсан модон буунуудаа орхиод бээлий барин хадан цохионы ёроолын зулзган моднуудад арзайтлаа ассан үст хорхойнуудыг түүж хуурганы тогоо болгосон чулууны хонхорхойд дүүртэл овоолов. Тэр хорхойнууд модны навч шилмүүсэнд олон шар хөлөөрөө зүүгдээд үл үзэгдэх шүдээрээ идэж хувхайруулах шидтэйгээс биш бараг хөдөлгөөнгүй мөлхөгчид аж. Тийн чулууны хонхорт овоорон навч шилмүүсний оронд бие биесээ идэх гэсэн шиг тэврэлдэн мурилзах нь ой гутам. Буд хэзээний санамгай сэргэлэндээ ээжийнхээ зулны тосноос жижиг лонхонд багтааж авчирснаа "хуурганы тогоонд" овоолсон хорхойнууд дээр асгаад шүдэнз зурж орхив. Хорхойнууд шатахдаа учиргүй язганан пис писхийн хагарч дотроос нь гарсан ногоон шүүс доорхноо буцлаад нэг янзын нялуун үнэр гарна. Буд одоохондоо тэр хуургаа хэн нэгэнд, жишээ нь, Базартаа идүүлэх тухай мэргэн санаа төрөөгүй нь яамай. Тэгээд ч өвөл тэнэг Хандмаагаар ээж хийх тухай ярианаас болж салам зодолдсоноос хойш мань эрийн түрэмгий зан жаахан дарагдана. Хорхойнуудыг шатааж санаа амраад хадан дээрээсээ Тэнгэлигийнхээ хөндийг хараачлан хэсэг суув.
- Баавай Цэвэг ахыг дагуулаад хүрээд ирэх байхаа гэж Базарын хэлэхэд Буд шатсан хорхойнуудыг бургасаар хутган,
- Баавай хамгаалахынханд бас баригдчихсан байвал яана аа? гэв.
-Тэгвэл чи аавгүй би ээжгүй болоод ганц миний аав үлдэнэ.
- Чиний аавыг бас бариад явчихвал яана?
- Миний аав ядуу хүнийг барихгүй байх гэсэн.
- Цэвэг ахыг баян гээд барьсан юм уу?
- Хоршоо дарга чинь баян л хүн биз дээ.
- Чиний аав Цэвэг ах хоёр түймэрт хамт явсан байтлаа нэг нь баригдаад нөгөө нь тавигдаад ирсэн биш үү?
-Тэгээд юу гэж? Чи аавыг баригдаасай гэж байгаа юм уу?
- Хоёулаа хил гарч Жамцын Дашийн морины сэг, эмээлийг харсан байна шүү дээ.
- Тэрнийг харсан хүнийг барьсан юм бол Хандмааг бас барих нь яасан юм.
- Самган хүнийг барьдаггүй юм.
- Чи яаж мэдсэн юм?
- Самгадыг баривал яаж эрчүүдтэй хамт шоронд байлгах юм.
- Самгадын шорон гэж ангидаа байдаг. Би хотод байхдаа мэдсэн.
- Чи нүдээрээ харсан юм уу?
- Харсан. Цэвэлмаа эгчтэй зүүн Сэлбэд явж байсан чинь нэг их өндөр, үмхий үнэртэй хашаанд олон хүүхнүүд шуугилдаж байсан. Хашааны завсраар шагайсан чинь бүгдээрээ арьс элдэж байсан. Цэвэлмаа эгч хоригдол хүүхнүүд байна гэсэн.
-Тэгвэл Хандмааг бас барих юм байна даа. За чи тэр чулууны цаана очоод бүсээрээ толгойгоо уруу нь боогоод сууж бай.
- Яаж байгаа юм?
- Хандмаа болохгүй юу. Би хамгаалах болоод чамайг баривчилна. Чи юу ч мэдээгүй үхрийн баас арилгаад явж байгаарай тэгэхээр чинь би гэнэт гүйж очоод баривчилж буугаа тулгаад тууж явна. Мэдэв үү?
- Үгүй. Чи өөрөө Хандмаа бол
- Өө ингээд тоглож чаддаггүй шал дэмий. Мань хоёр ийнхүү маргаж байтал урд үзүүрээр тойроод эднийхний өвөлжөө уруу хоёр морьтон айсуй.
- Баавай, Цэвэг ах хоёр ирэв биш үү! гэж Буд хэлэв.
- Баавай хонгор мориороо явсан. Энэ хоёр чинь бараан морьтой юм.
- Нэг нь буу үүрсэн бололтой, ард нь нэг юм ёдогноод байна.
- Хамгаалахынхан манайд ирэв биш үү!
- Явъя!. Гүйлдье! гээд хоёул гэр тийшээ уралдав. Мөнөөх хоёр морьтон Базарын гэрийн гадаа бууж харагдана. Базар гүйх хоорондоо "Нээрээ аавыг минь барихаар ирсэн юм биш байгаа даа" гэж зэрвэсхэн бодоод аяндаа дотор нь баглайгаад явчихлаа. Харвал Будын ээж дүүгий нь тэврээд их гэрлүүгээ гүйж явна. Тэгтэл ирэгсдийн нэг нь үнэхээр урт буу хөндөлсүүлэн бариад ээжийнх нь хойноос их гэрт очиж оров. Мань хоёр хар гүйхээрээ хүрч ирэн тус бүрийнхээ гэрт оров. Базар амьсгаадсаар үүдэндээ тулж ирээд яагаад ч юм шууд орохоосоо зүрхшээн зогтустал,
- Миний хүү ороод ир дээ гэж аав нь муухан дуугарав. Базар үүдээ татаж оронгуутаа хэрэг бишидсэнийг мэдлээ. Сумын дарга Шарав гэдэг том алаг нүдтэй өндөр хар хүн бурхных нь ширээний үхэгийг онгойлгоод энэ тэр юм хөглөрүүлчихсэн аав нь сандран хувцаслаж байна. Базар хатавчиндаа салхийн суучихав. Аав нь амаа жигтэйхэн өмөлзүүлээд,
- Хүү минь... Хүү минь нааш ир! Би энэнийгээ ганцаарангий нь... яаж Ганцаарангий нь орхих вэ! Гэхэд сумын дарга,
- Одоо харин яамаар юм. Дамдин авга нь байна даа гэв. Базар үүнийг сонсоод тун сая муу ёрын юм ярьж тоглож байснаар нь яг болсныг мэдэж аавдаа зүүгдэн,
- Ааваа! Аав минь битгий яваач! гэж орь дуу тавив. Балдан яах ч учраа олохгүй нулимсаа сул дуслуулан,
- Аав нь яалаа гэж... Яалаа гэж аавыг нь... Аав нь удахгүй ирнэ. Заавал ирнэ. Миний хүү битгий айгаарай. Аав нь ирнэ... Яалаа гэж... хэмээн дээлээ өмсөх гээд ханцуйгаа олохгүй балмагдан байв. Өнөөх буутай хүн гэрийнх нь үүдийг цэлийтэл нээгээд,
- Бушуул! Гараад ир! Унаа морио бушуу бэлдэцгээ! Битгий уйлж унжаад бай гэж зандрахад Балдан арга буюу хүүгээ орхиж эмээл хазаараа аваад гарав. Базар орон дээгүүр унаж уйлан хоцорлоо. Зундуй гавж Будын хонины хөгшин хээрт янгиа тохож, гэрийн эзэгтэй үүдэндээ Балдангийн багыг тэврээд ухаан нь гарчихсан бололтой хөлрөн зогсоно. Буд хоёр гэрийн хооронд гүйж баривчлагдсан гавж, Болдын ах хоёрынхоо хэлснийг аваачиж өгөн байв. Тийнхүү ухаан мэдрэл алдацгаан сандарч байж сая нэг хөдлөхөд бэлэн болов. Балдан морио эмээллээд,
- Гэртээ орж хүүхдүүдээ нэг үнсээд явж болох уу? гэхэд буутай хүн
- Бушуул, бушуул! гэж сурдүүлэн одоо боллоо гэсэн шиг хөндөлсүүлэн барьсан урт буугаа үүрч мориндоо мордов. Балдан үүдэндээ зогссоор байгаа бэргэн эгчдээ очиж бага хуүгээ үнсээд,
- Хүүхдүүдийг минь яахыгаа та нар мэдээрэй. Орь өнчин орхилоо. Цэвэлмаад хэлээрэй гэж өөрийн гэрт орж доошоо хараад уйлж хэвтээ том хүүгийнхээ толгой дээр үнсээд гарч явав. Ийнхүү хэдхэн сарын өмнө өнөр өтгөн, инээд наадтай агсан Дамдин баавайн гэр хотлоор хоосрон хоцров.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.17.11 4:21 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Цэвэлмаа өглөө нарнаар босоод толины өмнө хэсэг суулаа. Тэр нүднээс гарчээ. Яагаад ч юм ийнхүү өглөө болгон өөрийгөө Нэг хармаар санагдана. Заримдаа ч энэ чинь би мөн үү биш үү? гэмээр. Тийн өөрийгөө тольдож нүд нүдээ харан суухад дотор нь шүгэлсэн ямар нэг хуулбар хувилбар шиг юм чи ийм тийм байиа, ингэх тэгэх ёстой гэж сануулга өгөх мэт бөгөөд тийнхүү өөрийгөө хөндлөнгөөс үзэж, чагнаад сая чухам яахыгаа шийдэгчээн болно. Үнэндээ тэр Сонров үгүйгээр хэн ч биш байлаа. Сонровын аав ээж хоёр хөгшин гаслалдахаас цаашгүй. Хүнд хэцүү цаг тулахад дэм тус болох тулхтай ах дүү төрөл садан ч үгүй юм санж. Сонровтой ажил төрлийн холбоотой асан анд нөхөд танил тал нь ч, захиргаанд нь ч байсан хүмүүс ч цагаа тулахаар хар толгойгоо хаацайлаад таг чиг байх юм гэж хэн саналаа. Гэвч тэд цөм олиггүй амьтас болоод тэр үү? Гэнэт толгой дээрээ алуурчны алмасан сүх далайлгаастайг харсан хүмүүс навтасхийн аниргүй болохоос өөр замгүй ч биз. Харин тэр сүх далайсан алуурчин чухам хэн болохыг хэн ч олж харсангүй. Улс гүрэнд ийм аймшигтай цаг иржээ. Ийм цагт Цэвэлмаа мэт нь юухан билээ. Тийнхүү үнсэнд хаягдсан шалз болов. Гэвч тэр ямар ч атугай ухаант хүн, хайрт амрагаа гэнэт булаалгасан бүсгүй юм хойно ямар ч зовлон амсаж, хичнээн ч үүд мөргөхөөс буцахгүй. Хувь заяандаа гомдож өөрийгөө зүхэх бүрийд хилэн хорсол зангирна. Газар дэлхий гэгч харанхуй там, хүн гэгч адгийн араатан санж. Гэвч тэр бүхний дундуур үхэтхийн унатлаа явахаас өөр замгүй. Цэвэлмаа үнэндээ толинд тусах дүрснээс өөр ханьгүй орь ганцаараа байлаа. Тийн өөрийгөө тольдох буюу дүрсээ хань татах гэсэн шиг өвчин туссан хэрэг. Гунигт сайхан нүдээ харнам. Сонровын минь байн байн магтдаг байсан нүд шүү дээ гээд ажин суухад өөрийнхөө азгүйг гайхахад хүрнэ. Охин сэвлэгтэй онгон наснаасаа харцуулд сайхан гэж магтуулсан, тэр сайхныг нь олж үзээд хамаг хайр сэтгэлээ өгсөн холын хүнийг дагаж хүрээ хот газар ирээд ингэж өнчрөн хаягдсан нь даан ч зүхэлтэй. Өөрийгөө ч бусдыг ч зүхэлтэй. Гэвч ийм зовлон гамшгийн цагт яахыг мэдэхгүй даанч арчаагүй амьтан байлаа. Эрх танхи өссөний гай, эрчүүлд унамтгайн уршиг, эсвэл ухаан бодол богиных аль нь байлаа гэсэн ерөөс дорой буурайгаа гайхмаар аж. Цэвэлмаа Сонровын аавын гэрт өвлийг өнгөрөөгөөд сая байшиндаа орсон. Баян даваанаас буцаж ирэхэд гэр орны нь хамаг юмыг эргүүлж урвуулан нэгжээд авдар савыг нь битүүмжилж лацадсан байсан. Хуримаа хийхээр төрхөмдөө очиж яваа бүсгүйн ёсоор хамаг өнгөтэй өөдтэйгөө авч явсан нь аз болж. Элэг эмтрэн гаслалдах хоёр хөгшинд нэрмээс болохгүйн тулд арга буюу байшиндаа оржээ. Нутагтаа буцах тухай огтхон ч бодсонгүй Хэрвээ Сонровынхоо шийдийг харалгүй хөдөө гэртээ харих юм бол ёстой чивэлт хар шулмасын зан гаргасан хэрэг болно биз. Сонровын аавтай хоёулаа дотоод яамны үүдийг хичнээн сахиж, дээш нь хичнээн өргөдөл гуйлт явуулсан боловч хүний урманд сэтгэл гялтайлгах ганц үг дуулсангүй. Дотоод яамны урт алаг байшинг өглөөнөөс үдэш хүртэл тойрч орсон гарсан бүхнийг горьдон аживч ядахдаа энэ чинь юун хүүхэн билээ гэж сонирхож харах ч хүн тааралдсангүй. Ер тэр байшинд орж гарагсад хүний нүд рүү хардаггүй буюу харах ёсгүй мэт дандаа яарсан, ширэв татсан хүмүүс байна. Сонровын баривчлагдсаны маргааш маршалын гэргий Бортолгойнд гүйж очиход өвлийн хятад байшиндаа урьд үзэгдээгүй нэг цэргийн даргатай нэлээд халамцуухан. Бээжин зургийн хүүхнүүдийн маягаар гоёчихсон Сонровыг дотоод яамныхан хэрхэн бариад явчихсаныг мэдээд харин юу ч болоогүй юм шиг хачин тоомжиргүй ааш гарган "Цэвэлмаа минь бурхан өршөөг! Би чинь жанжинд албаны талаар ам ангайх эрхгүйгээрээ бол ёстой шивэгчин эмээс ялгаагүй. Ер нь чи бид хоёр ялгаагүй болно байхаа. Мань мэтэд улсын маршалын хань байх заяа байхгүй биз дээ" гээд өнгөрсөн. Цэвэлмаа ийм гэнэтийн хувирлыг үзэхээрээ нэг боллоо. Ер өнгөрснийг бодоод байхад Бортолгой хүүхний ч гэсэн, Хөх комиссарын ч гэсэн холбоо сүлбээ нь нэг л жмгтэй тэд үнэн хэрэгтээ хэний юу болох нь нэг л нууцгай, ер дээдсийн амьдрал явдал, ааш араншин, эргэн тойрных нь хүмүүс сайхнаараа ч муухайгаараа ч нэг л этгээд. Хөх комиссар хаашаа алга болсныг Бортолгой ч мэдэхгүй билээ. Тийнхүү Цэвэлмаагийн хувьд ёстой л газарт хэл, газар хатуу, тэнгэрт хэл, тэнгэр хол болжээ.
Уйтгарт ядрангуй царайгаа тольдон өнөөдөр ямар өдөр болох буюу юу хийхээ бодовч ухаан санаанд тодорхой юм орж ирсэнгүй. Ерөөс сүүлийн үед ямар нэг тохиолд найдан, хаа нэгтэйгээс хэн нэгнээс муу сайн ч гэсэн үг дуулахыг горьдон суухаас өөргүй болжээ. Эрхбиш гэр зуурын ажил гэж байх тул энэ тэрийг оролдон, дэлгүүр хоршоо, зах зээлээр явж цагийг барна. Хүмүүсийн яриаг чих тавин чагнаархана. Сүүлийн хоногуудад хотынхны шивэр авир ярилцах гол зүйл нь мөнөөх хамба, цорж нарын хэргийг таслан шийтгэх улсын дээд шүүхийн хурлын тухай байлаа. Тэрхүү эсэргүү лам нарын хэргийг олны өмнө таслан шийтгэх юм гэлцэнэ. Цэвэлмаа үүнийг сонсоод Бортолгойн хамтаар тэр хамба цорж нарт нэг биш удаа бараалхаж байснаа санавал тэр нь ямар нэг муу уршиг тарьсан юм биш байгаа, Сонровын баривчлагдсантай ямар нэг үзүүрээр холбогдсон юм биш биз гэсэн шиг бүүр түүрхэн сэжиг цухалзаад байв. Түүнээс улам эргэцүүлбэл өнөөх Хөх тэдгээр хамба, цорж нарын дунд ямар учиртай хүн эргэлдэж байснаа гэнэт дотоод яамны комиссар болчихсон явдаг билээ? Яагаад ер нь тэр хачин хүн жанжны шадар, Бортолгойн сүүдэр мэт яагаад тэгтлээ Сонровт тал засаж наалдсан билээ гэх мэт сэжиг санаа сэтгэл бүр ч төөрөлдүүлнэ.
Цэвэлмаа царай дэндүү цонхийснийг жаал засах санаатай хацар дээрээ жаахан ягаан энгэсэг тавьж суутал ойрын хэдэн өдөр таг байсан радио нь гэнэт паржигнан цочоов.
Цэвэлмаа уулгамч авгай шиг барьж байсан юмсаа шидэж дуун алдаад босон харайв. Дугуй хар цаасан тавагтай радио хоолой хэсэг паржигнаад нэвтрүүлэгч зоримог цоглог дуугаар ийн уншив:
- Анхаараарай, анхаараарай! Улаанбаатарын радио ярьж байна. Улаанбаатарын радио ярьж байна гэж хэд дахин давтаад ийн өгүүлэв: "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дотоод Явдлын яамны бүрэн эрхт төлөөлөгчийн мэдэгдэл. Манай оронд ажиллаж байсан гадаад орны тагнуулын болоод хорлон сүйтгэгч байгууллагад ажиллаж байсан хувьсгалын эсэргүү урвагч этгээдүүдийг манай сонор сэрэмжит чекистүүд илрүүлээд мөрдөн байцааж байна. Гадаадын нэг орны хорлон сүйтгэгч тагнуулын газартай урвагч бүлэг этгээдүүд хоёр жилийн өмнөх үеэс нууц холбоо тогтоож ялангуяа нийслэл Улаанбаатар хот болоод зүүн зүгийн зарим аймгуудад засаг захиргаа, хоршоо худалдаа, ардын цэргийн дотор шургалан хувьсгалын эсэргүү хорт явуулгаа сэм явуулж эхлээд улмаар тодорхой цагт эсэргүү бослого гаргах хүртэл явуулга хийхээр сэдэж байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдлоо. Тэдгээр эсэргүү этгээдийн толгойлогч нар тус улсын засаг захиргааны дээгүүр албан тушаалд шургалсан байжээ. Одоо хувьсгалт ёсны хатуу хууль цаазаар тэдний холбоо сүлбээтнийг олж илрүүлэх ажлыг шургуу явуулж байна. Ойрын өдрүүдэд юуны түрүүнд дотоод явдлын яамнаас баривчилсан мөн хэсэг эсэргүү дээд лам нарын хэргийг Улаанбаатар хотноо улсын дээд шүүх олны өмнө таслан шийтгэх болно. Манай орны нийт иргэд ардын цэрэг болоод дотоодыг хамгаалахын нийт албан хаагчид сургуулийн сурагчид хувьсгалт сонор сэрэмжээ ихэд чангалан сайжруулж гадаадын тагнуул болоод дотоодын эсэргүү дайсны өчүүхэн ч явуулгыг тухай бүр илрүүлэн мэдээлж байхыг дотоод яамнаас уриалж байна."
Энэ мэдэгдлийн үг бүр Цэвэлмаагийн зүрхэнд зүү шивэх мэт шимшрүүлэв. Засаг захиргааны дээгүүр албан тушаалд шургалсан гэж хэнийг хэлсэн нь тодорхой. Зүүн зүгийн аймгууд гэж бас юу хэлэв ээ! Цэвэлмаа яаран хувцаслаад хойд зам дээр гарч хятадын сүйх тэрэг хөлслөөд Наймаа хот Бортолгойнд очихоор явав. Шөнө нойр хульжин хэвтэхдээ Бортолгойнд очиж Чойбалсан жанжинтай уулзуулж өгөөч гэж гуйдаг юм билүү гэж бодсон. Сая радио сонсонгуутаа тийн зориглохоор шийдэв. Шөнө хаврын борооны түрүүч орсон тул хотын үхмэл шорооны тийм ч таатай биш чийг үнэртэнэ. Цэвэлмаа түрүүнд Бортолгойд гомдсондоо ч юмуу гайхсандаа ч юмуу дахиад орж зүрхлээгүй. Үүний зэрэгцээ Сонровын төлөө өр өвдөж тус дэмжлэг болдоггүй юмаа гэхэд зүгээр танилын хувиар ч гэсэн гэр орноор нь нэг шагайх болов уу гэж горьдсоор байв.
Наймаа хотын хятадууд ногооныхоо газрын суваг шуудууг янзлан тонголзоцгооно. Дарь эхийн сүмийн ойролцоох хэдэн хөгшин улиаснуудад турлиах шаагьж байв. Цэвэлмаа нэгэнт хавар хүчиндээ орсныг энэ мэтээс харавч Бортолгой юу гэх бол хэмээн ганцыг бодсоор тэдний гадаа ирэхэд хашааны дааман хаалга нээлттэй, хэн нэгний хөнгөн тэрэг зогсож харагдана. Цэвэлмаа их л мөхөсдөн бишүүрхсээр орж очиход хүмүүс шуугилдах нь байшинд ямар нэг найр наадам болж буй бололтой. Цэвэлмаа баахан танихгүй хүмүүс байж таараа гээд зүрх алдаж эргэлзэн зогстол байшингаас нэг үл таних залуу данжаад гарч ирээд согтуу нүдээр харж,
- Жууяар минь модон өмд өмссөн биш бол хөдлөөд ороваа гэж инээгээд шээх гэж өмдтэйгээ ноцолдоход Цэвэлмаа сандран хажуугаар нь гүйгээд орчихов. Гурван танихгүй хүүхэн өөр данжаад хэдүүл найрлаж сууна. Цаад өрөөнөөс Бортолгой гарч ирлээ. Тэр бүүр талимаарч манарчихсан бөгөөд бараг ташааг нь өнгөрсөн оноотой хар торгон даашинзанд бариулсан бөгсөө хаялан араасаа хэн нэгэнд гижигдүүлсэн юм шиг тас тас хөхрөөд сая таньж,
- Хөхөө! Ээ Хөх! өнөөх Сонровын Цэвэлмаа ирчихэж! гэхэд цаад өрөөнөөс Хөх комиссар биеэрээ гарч ирэн.
- Цэвэлмаа хүүхэн сайн уу? Чамайг чинь аль хэдийн нутагтаа буцсан гэж бодсон шүү. Тэгсэн байж байдаг. Сэсээр яваад ирсэн чинь халхад арай л төр эргэчихээгүй байдаг юм байна. Танайхан ч гэсэн ... гээд найрын ширээнд суув. Бортолгой Цэвэлмаагийн гараас татаж түүний хажууд суулгаад,
- Чи яагаад манайхаар ирэхээ байчихав? Би чинь одоо жанжны биш данжаадын. Яг хуучнаараа жаргаж байна. Жаргалаас өөр юу хэрэгтэй юм гэж будмал уруулаа шилэмдэн усархаг хар нүднийхээ сайхныг гайхуулж талимааруулах нь уусан архиндаа ч юмуу аль эсвэл өнөөх гайтай тамхиндаа ч юмуу манарчихсаны шинж. Түүнийг хар тамхинд орж яваа гэлцдэг юм билээ. Цэвэлмаа "Би дэмий л ирж дээ" гэж бодох завсар Хөх жүнзтэй архи гарт нь бариулаад,
- Москвагийн "морь сарлаг" уунаа. Гурван жүнз уулгана шүү гэхэд Бортолгой,
- Уухгүй бол гомдоно шүү. Цэвэлмаа минь зовлонгоо мартаад жаргая. Би ч зовлонтой, чи ч зовлонтой. Хоёулаа адилхан ууя. Жаргаж л байвал архи дарс, аятайхан эрчүүд олдож л байвал болоо, уухгүй бол гомдлоо шүү гэж шахав. Цэвэлмаа сандрахдаа яаснаа ч мэдэлгүй ууж орхив. Гаднаас хятад тогооч янз бүрийн хоол оруулж тавилна. Гурван танихгүй хүүхэн орж гаран аальгүйтэнэ. Хөх комиссар цоо шинэхэн дарга хувцсандаа ямар нэг тансаг үнэртэй ус шингээж, энгэртээ мөн шив шинэхэн одон зүүжээ. Тэр их үсэрхэг гараараа Цэвэлмаагийг бэлхүүсийг тэмтчин,
- Би дуулсаан. Москва хотод хүртэл дуулдсан шүү. Тэр тухай сүүлд ярья. Май дахиад нэг уучих гэж шахав. Бортолгой амандаа дуу аялан өнөөх залуу данжаадыг хүзүүдээд,
- Монголын маршалыг хүзүүдэж байсан гар шүү наадах чинь. Харин одоо та нарыг тэврэхээс өөр юмгүй болоо. Гэхдээ манжийн хүү байвал монголоор яахав гээд шалиглан инээх нь эгдүүтэй. Цэвэлмаа нэг сиймхийгээр бушуухан явъя гэвч Хөхийг бас юу гэх бол гэх горьдол төрөөд болсонгүй. Хөхийн согтуу эсэхийг ялгахад хэцүү. Согтуу мөртөө эрүүл юм шиг эрүүл мөртөө согтуу юм шиг байна.
Шахуулахын эрхэнд гурван хундага архи уутал дорхноо толгойд нь гарчихав. "Ерөөсөө би яах гэж ийшээ ирсэн юм бэ! Тэнгэлиг горхиндоо, шувуудтаа хормойгоо чирээд явж байхгүй яах гэж би ийм аймшигтай газар ирсэн юм бэ!" гэж өнөө хүртэл бодоогүйгээ гэнэт бодов.
- Цэвэлмаа хоёулаа баруун байшинд орж жаахан юм ярих уу? гэж Хөхийн хэлэхэд үгүй гэж чадсангүй.
- Цэвэлмаа та хоёр тийшээ орж жаргацгаа. Ширээ засаастай байгаа гэж Бортолгой ер жирийн явдал шиг өгүүлээд данжаадаар янжуур асаалган татав. Хашааны баруун талын залгаа байшингийн хятад ханз, тавилгатай тохилог тасалгаанд цагаан гантиг өртэй улаан суман ширээн дээр гоё лонхтой хятад дарс, чавга тавиастай. Цэвэлмаа наймаа хотын данжаад нарын цэнгэлийн тухай бишгүй л сонссон. Тэр бол хот газрын сонин ч гэмээр этгээд маяг араншин, хэрвээ бүтэн бүлээн, түшиг жийрэгтэй цагт бол үзэхнээ ч яахав гэмээрсэн. Гэтэл одоо Хөхийн гарт яаж ороод, ямар үнээр салахыг мэдэшгүй. Гэвч Сонровынхоо тухай ганц үг сонсох нь бараг л амьтай чацуулам. Тийн Цэвэлмаа Хөхийн яахыг хүлээж суулаа.
- Чи их зовж байгаа биз дээ? гэж Хөх тал засан асуув.
- Яахыг мэдэхгүй тооролдож гүйцлээ. Та юу болсныг надад хэлээд өгөөч.
- Ер нь аюултай юм болж байгаа шүү. Эсэргүү тагнуулын бүлгүүд энд тэнд илэрсээр байна. Танай Онон, Балжийн буриадуудаас сая том бүлэг илрүүлж баривчилсан гэнэ. Цэвэлмаа үүнийг сонсоод дотор зарсхийн.
- Ээ бурхан минь! Арай манайхыг... гэж дуун алдахад Хөх,
- Ёстой мэдэхгүй. Хориод хүн эхэн удаад баривчлагдсан сурагтай
- Ямар аймшигтай вэ! Одоо би яадаг билээ?
- Харин айхтар юм болж байна. Сонров сайдыг тийм юманд орчих юм гэж хэн санах билээ.
- Хөх гуай, та намайг хайрлаач! Сонровын хаана байгаа, яасныг мэдэж өгөөч ! Надад өөр юу ч хэрэггүй.
- Хэцүү дээ, хэцүү. Би чинь будааны хүүхэд. Тийм аюултай хэргийг манай яамны тусгай алба хариуцдаг. Тэр нь бидэнд хаалттай.
- Тэгээд би яах вэ? Та надад хэлээд өгөөч! Би тэр хүнд гай болов биш үү?
- Чиний гай гэж юу байхав. Гэхдээ Сонров гадаадын тагнуул мөн бол маш их орооцолдоо гарч ирнэ гэж Хөх хэлээд Цэвэлмааг хачин шуналтай харж, бэлхүүсээр нь тэврээд
- Чи сайхнаараа... чи ер нь сайхан хүүхэн шүү. Гэхдээ аюултай... Чи аюултай хүнтэй учирсан байвал яана... гэхэд Цэвэлмаа хөндийрөхийг оролдон,
- Би яасан ч итгэхгүй. Сонров яасан ч тагнуул биш! гэхэд Хөх инээд алдаад,
- Тэр чинь бидний мэддэг дангийн жа биш ээ! Бидний итгэх болих ёстой падгүй хэрэг. За наашаа бол. Битгий зугтаагаад бай. Би тийм сэжиглэмээр байна уу? Хүүхнүүд тэгж л байдаг юм. Гэхдээ нэг ойртвол салахаа мэдэхгүй гээд шалиглан инээв. Түүний их хуузат хөх нүүр, цог шиг гялалзах хурц хар нүднүүд нь яг л нэгэн зүйл хүн дүрст адгуусных. Бүсэлхээр нь тэвэрсэн гар нь халуу оргин чичирхийлэх нь тэсэж ядан буй бололтой.
- Чи сайхнаараа... Би чамд тус болъё гэвэл чадна гэхдээ...
-Та надад туслаач! Сонровыг минь мэдээд өг. Тэгээд намайг...
- Тэгж ярихгүй. Чи намайг тусаараа наймаа хийх олиггүй амьтан гэж бодоо юу?
- Үгүй, үгүй би яах учраа олохоо байлаа. Та надад заагаад өг!
- Зааж болноо. Би чамайг маршалтай уулзуулж өгсөн ч болно. Харин чи... Чи маршалыг мэднэ. Эхнэргүй байгаа шүү, ойлгов уу? Гэхдээ би өөрөө Сонровын сургийг гаргахыг хичээе.
-Тэгээч, би таны ачийг хэзээ ч мартахгүй.
- Байз байз сайн бодъё, урьдаар маршалтай уулзсан нь дээр байж магад. Би жанжны бие хамгаалагчдыг хариуцах тусгай албаны хүн болсон. Маргааш уулын аманд би очно. Маршал зуны байрандаа орос дарга нартай уулзана гэсэн. Сиймхийгээр нь үзээд алдъя. Чи маргааш үдээс өмнө тийшээ очоод хашааны гаднах харуулын сүүдрэвч хавьд байж байгаарай. Харуул хөөвөл Хөх комиссартай уулзана гэж хэлээрэй. За ингэж шийдье гэж гэнэт тэврэн авч уруулыг нь озоод, хувцсыг нь тайчив. Цэвэлмаа ер эсэргүүцсэнгүй.Цэвэлмаа шөнө гэртээ ирээд үст Хөхөд хүн бусаар эдлүүлсэндээ ой гутан огидос хүрч бараг унталгүй өглөө болгоод босож тольдоход хамаг хүзүү мөр нь хөх няц болжээ. Тэр ухаан санаа хов хоосон мэт юу ч бодолгүй хувцаслан, хөгшдийн гэрт орж цайлаад их Тэнгэрийн ам орохоор явав.
Нартай тогтуун өдөр байлаа. Консулын дэнжээс хятадын морин тэрэг хөлслөөд хөдлөхдөө Туулын зүүн гүүр тийш очиж, тэндээс замын машинд суугаад нутаг руугаа явчихдаг юм билүү гэж гэв гэнэт санаад, тэрнээсээ арайхийн салж их Тэнгэрийн амны зуслан хүрэхээ хэлэв. Явдал сайт тоомсог морь хөллөсөн сүйхтэй хятад дажигнатал хатируулаад, Зайсан толгой өмнөх жанжны зуслангаас зайдуухан буулгав.
Цэвэлмаа Хөхийн хэлснээр хашааны урд талын харуулын бүхээгт ойртож ирээд яахыг мэдэхгүй түр зогслоо. Жанжны байшингийн ойролцоо тав зургаан хөнгөн тэрэг эгнэн зогсох бөгөөд байшинд баян хуур хангинан орос хүмүүс хоолой мэдэн дуулалдана. Дотоод яамны дүрэмт хувцастай харуулын бага дарга гүйж ирээд
-Та Цэвэлмаа гэдэг хүн мөн үү? гэхэд, Цэвэлмаа
- Мөн гээд урагшаа алхтал бага дарга
-Та буц! Хөх комиссар таныг буц гэж байна гэлээ.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.17.11 5:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Сонров үст Хөхөд шүдээ хуга цохиулаад нэгэнт дууссанаа мэдсэн. Одоо хэнд ч найдах, хаанаас ч аврал эрэх бололцоо байхгүй. Гэтэл ямар ч гэм буруугүй байж ийнхүү тамлагдан дуусна гэдэг даанч харамсалтай. Хэдийгээр ид шид бурхан, шүтээнд эс итгэвч тийнхүү огтын гэм буруугүйн учир мянгантаа эсэргүүцэвч хүний урманд хумсын чинээ шалтаг гарч өгөхгүй хэргийн төлөө амь амьдралаа бүрэлгүүлэхийн наана гэнэтийн ухаарал ч юм уу өршөөл ирж юу магад гэсэн холын горьдол үл тасарна. Горьдол нь эцсийн бүлэгт хамаг л эрдэм чадлаа зориулав хэмээсэн монгол улс, хар бага наснаасаа яс махандаа шингэтэл итгэн үнэмшсэн хувьсгалын үзэл санаа, өөрийн биеэр оролцсон ажил үйлс аль аль нь байлаа. Гэвч тэр бүхнийг нь ганцхан дэвсэлтээр няц даран үгүй хийх тийм ухаан гүйцэшгүй алдаа эндүүрэл, хүнээ бүрмөсөн алдсан гүжир гүтгэлэг, эцэст өчүүхэн ч өршөөл хайрлал үгүй зэрлэг харгислал хаанаас гэнэт гараад ирсэн хэрэг вэ? Чухам хаана яагаад ийм аймшигтай хорсол хилэн, аюул занал зангирч нуугдаж байсан хэрэг вэ? Яагаад тун сая наанадвал танил талын холбоотой цаанадвал ажил төрөл албан ёсны харилцаатай хуурмаг ч гэсэн хүндэтгэл үзүүлж явсан хүмүүс гэнэт араатны дүрд хувирч цус нөжид нь хутгаж хаяхаас буцахгүй болчихсон байдаг билээ? Сонров энэ бүхэнд ядахдаа багахан ч гэсэн учир холбогдолтой хариулт олох ёстой байлаа.
Хөх шүдийг нь хуга цохиж хаяснаас хойш өөр нэг танихгүй залуу өнжөөд нэг мөрдөнгийн өрөөнд оруулж сүүлийн хоёр жилд хаана хэнтэй уулзаж, юу ярьж байсныг ээлж өнгөрөөх мэт асуун мэдүүлэг авч байлаа. Тийн Сонров арга буюу ерөөс сүүлийн үед хаана хэнтэй уулзаж юу ярьснаа бүртгэн хэвтэх болов. Тийн бодон бодсоор, шаналан шаналсаар эцсийн бүлэгт хувь заяаны нь харгуй зам буриад зоны дунд аваачсанаар яахын аргагүй энэ аймшигт эндүүрэлд хүргэсэн буюу цаг төрийн бусармаг бурангуй нэгэн үеийн эхлэлтэй таарсныг ухаарах сэжүүрийг олж авав. Ер буриад нар хэн сэн билээ? Монголын яс махны тасархай тэд орос газар гарсан улаан хувьсгалын гал дунд хамрагдан донсолсон олон ястан үндэстний дотроос бас ч гарсан гарвал төөрсөн төрлөө бараадах зүг чигтэй, сэтгэлийн дуудлагатай байснаар халхад асгаран ирсэн. Тэр нь нэг гэм болжээ. Октябрийн хувьсгалаас урван гарсан, цагаан бароны цэрэгт явсан Ванданов, Тавхайн Дугар, Жигмид Жамбалон мэт дээрэмчдийн хамаатан садан гэх буруудалтай. Тэгээд бас Сүхбаатар, Чойбалсан жанжнууд аль аль нь хувьсгалч буриад нартай ах дүү амраг садан шиг явсан гэх. Маршал Чойбалсан буриад багшийн ачаар орос эрдэм сурсан гэх. Хувьсгалын эхнээс Жамсараны Цэвээн, Элбэгдорж, Амгаев нарын лут лут буриадууд монголын лам төрийн толгойд явалцсан, эдүгээ ч эрдэмтэй номтой нь буриад л гэлцэх. Тийн халхыг бараадсан нь буриад нар оруул оргуул гэвэл ч болохоор оросын тасархай гэхэд ч болмоор аж. Тийн үзэгчид түүнээсээ улбаалаад буриад нарыг дорд үзэх, хажиглан гадуурхах их халхын үзэлтэн ч цөөнгүй нь мэдээж. Түүний цаана оросууд буриадаа хувьсгалаас оргон зайлсан гэдгийг яагаад ч юм мартаагүй нь илт байлаа. Хориод оны дундуур мөнөөх дээгүүр албаны буриад нарын хөөцөлдөөгөөр монголын буриад нарыг тохинуулах улсын хурал гэгчийг байгуулж дагаар оруулан таван хошуу байгуулснаар хэрэг дууссан мэт байснаа бүр саяхан гэв гэнэт хаанаас ч юм дагаар эс орогсодыг орос газар хөөн явуулах шийд гарч бөөн хэрэг дэгдсэн. Хэрэв хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуулууд байвал Онон, Балжийн буриад зоны дундаас л илрэх ёстой байж. Тэд хилд ойрхон. Хил нууцаар алхвал орос руу ч гарна, манжуур руу ч гарна. Тэгээд л жишээ нь сураггүй алга болсон Жамцын Даш юуны Учир байн байн Халх нөмөргийн буриадууд тийш давхисан байх вэ, Халх нөмрөгийн буриадуудын хамаатан садан Хайлаар, Харбингийн орчим Японы эзэлсэн нутагт байж байдаг. Японууд зүүн хил дээр тулж ирчихсэн байн байн хил зөрчиж, тагнуул хорлон сүйтгэгчдийг олноор шургалуулж байдаг. Ингэхээр буриад нарын хутгалдаагүй сайн муу юм гэж байхгүй. Оросууд нэгэнт лам нарыг довтлохыг сануулан зөвлөж байгаа юм чинь буриадуудын эсрэг довтлохыг сануулж яагаад чадахгүй билээ. Оросын дотоод яамныхан манай дотоод яамныхныг үнэн хэрэгтээ удирдан жолоодож байгаа. Тэр яамны ажилтны бараг л хоёрын нэг нь ихэнхдээ халимаг буюу буриад сургагчтай. Юуны учир халимаг буриад сургагч нар асгаран буй нь бас л нэг нууц. Буриад нарыг ах дүү мэт үздэг байсан Чойбалсан жанжин сэтгэл хувирсан нь бас илт. Ер нь тэр маршал цол өргөмжлөгдөн, дотоод яамны сайд болохын өмнө Москвад бүтэн гурван сар болоод ирэхэд ааш араншин нь тэгтэл хувирсны учир юу билээ? Ааш араншии хувирах нь хүний ёс гэтэл үзэл бодол нь ч юм уу ер нь цагийн байдлыг харах хараа нь нэг л догшин, бүхнийг би ганцаар мэднэ гэх янзтай болсон. Гэтэл хаанаас бас Хөх мэтийн шийдсэн алуурчид гараад ирдэг билээ. Сонровын бодол ухаанд энэ бүхэн ямар нэгэн сэжиглэлтэй дүр зургаа олж эхлэв ч тэр нь зүгээр тохиолдлын алдаа эндүүрлийн шалтаг болов уу аль хэн нэгний хаа нэггэйгээс зориуд зохион байгуулсан цохилт болов уу гэдэгт хариулахад хэцүү байлаа. Тэгээд ч тэр цохилт өөрийнх нь толгой дээр буусныг бүр ч тайлшгуй.
Сонров энэ өдөр ээлжит байцаалтнаас мөнөөх хань хамсаатан хэмээгчдийн нэрс гарч эхэлснийг буюу эсэргүү хуйвалдаанд түүний удирдлагаар оролцогчдын заримыг нэрлэж тулган хүлээлгэх шатанд орсныг тааварлав. Хань хамсаатны дотор Дадал сумын хоршоо дарга Цэвэг, Жамцын Бат, Содном мөн хотоос Амуров Цэрэн нарын зэрэг буриадууд оржээ. Олон хүн баривчлагдсан бололтой. Тэд мөн бие биесээ илчлэн мэдүүлэг өгч Сонровыг толгойлогчдын нэг болохыг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Залуу байцаагч үүнийг сонсгоод,
- Одоо таны урьдчилсан байцаалтыг дуусгаж өөр хүнд шилжүүлнэ. Хэргээ шударгаар хүлээхгүй бол хатуухан юмтай учирна гэж мэдээрэй гэж тоомжиргүй хэлэв. Түр зуурын зөөлөн байцаалт дууссаныг анхааруулах нь энээ. Сонров нүхэндээ туугдаж ирээд хүйтэн хар цайгаар амаа норгоод хана түшин бодлогоширдгоороо бодлогошров. Юм идэхээ бараг больсон бөгөөд өлсөхийг аль хэдийнээс мэдрэхгүй авч жаахан явж хөдлөхөд толгой эргэж дотор харанхуйлна. Хэдийгээр ингээд үхье гэж шийдээгүй боловч амьд явах сонирхол аяндаа унтарч байлаа. Аав ээж амраг ханийнхаа царайг харах итгэл ч алдарч эхлэх нь арга байж уу. "Одоо дахиад тамлаж эхлэнэ биз дээ. Хатуу юмтай учирна гэж заналаа. Тэр хэрэг гэгчийг нь хүлээгээд дуусдаг юм билүү дээ. Тэртэй тэргүй олон амьтныг тарчилгаж байгаа юм байна. Намайг тэдний толгойлогч гэсэн мэдүүлэг баталгаа лав авчээ. Ингээд ямар гээчийн яргалал сэдэж байгаа юм. Нэгэнт гадаадын тагнуул, хорлон сүйтгэгчид гэснээс хойш үгүй хийж л таарна. Ингээд би өнгөрлөө. Буриадын хүүхэнд сэтгэлтэй болсны минь шан энэ. Цэвэлмаад би даанч унасан. Заяа тавилан минь тийш нь хөөж түүнтэй учруулсан биз. Ганц Онон, Балжийн буриадаар биш халхынхаа нутгаар хэсэхээрээ л нэг болсон. Тэсийн голын унагыг нь ч, Тэрхийн голын хүүхнүүдийг ч үзэж л явсан. Гэтэл ганц Цэвэлмааг олж хариу хайрыг нь амссан. Одоо яана гэх вэ. Би түүнд хань болж жаргал өгч чадалгүй шоронгийн ёроолд хаягдлаа. Хохь минь. Буриадууд үнэхээр буруу санаа гаргасан, тэрүүнд нь очиж очиж би таарах хувьтай байсан бол хохь минь болж. Цэвэг, Бат, Содном гээд цөм л сайхан хүмүүс шиг байсан. Хэн мэдлээ. Хэр сайхан дуулдаг Даш үнэхээр манжуур уруу гараад явчихсан ч юм билүү. Яг тэр цагаар нь би таарч дотоод яамныхны бэлдсэн урхинд хүзүүгээ шургуулсан биз. Үнэхээр буриадын дунд хар буруу санаатан, урьдын өс хонзон өвөрлөгчид байхыг хэн байг гэх вэ. Гэхдээ л энэ бүхэн даанч сэжигтэй. Бүгдийг зохиомлоор хийгээгүй юм аа гэхэд ямар нэг далим шалтаг эрж, намайг тагнаж отож байсан нь илэрхий. Тэр Яндаг ямар янзын эр байв аа. Харах өнгөнөөс сайхан л эр. Намайг салахгүй дагаад байсан. Цэвэлмаагийн хойноос гүйдгүүдийн нэг гэсэн. Цэвэлмааг гадагш нь алдлаа гэж хор шар нь хөдөлсөн байж болох л юм. Гэхдээ арай ч эсэргүү хэрэг сэдэж гаргана гэж баймгүй. Хэрвээ үнэхээр
тэгсэн бол тэр Дашийг үгүй хийсэн биз. Гээд Цэвэлмаа бид хоёрт өширхсөндөө хөндлөнгийн хүнийг хорлоно гэж даанч баймгүй. Амуров Цэрэн баригдсан байх нь. Тэр ч том гарын панз. Оростой ч, хятадтай ч холбоо сүлбээтэй эр. Арай буриадууд надаар бамбай хийсэн юм биш байгаа. Хэн нэгний төлөө, эсвэл хэн нэгнийг төөрөлдүүлэхийн төлөө намайг дотоод яамныханд барьж өгөөд золигт гаргав гэв үү? Ямар ч байсан өнгөрч. Цэвэлмаад хайртай явсныхаа төлөө, богинохон жаргалынхаа хариуд ингэж тамлуулах хувь тохиолдов уу? Хүний атаа хязгааргүй. Гэлээ гээд хэн биднийг иймд хүргэхээр атаа хорсол өвөрлөсөн байх вэ? Надад хэлээч өгөөч! Бурхан минь надад үнэнийг ухааруулаад өгөөч! Өчүүхэн ч гэсэн гэм буруугаа мэдээд үхье. Бусдад хар саналүй өөрийнхөө үйлийг дагаад өнгөрье! Худлаа шүү дээ! Худлаа. Энэ бүхэн цөм зохиомол. Тэр алуурчин Хөх, Цэвэгийн захидал гэж барин тавин зохиомол юм уншиж байна шүү дээ. Та нар чинь ямар муухай харгис харанхуй амьтас вэ? Ямар хүний үнэргүй, хууль ёсоо уландаа гишгэсэн малнууд вэ! Би та нарт ямар гэм хийв ээ! Хэлээд өгөөч!...
Сонров ийнхүү дотоод яамны урт баншингийн газар доорх шоронд гасалж суухад дээд давхрын нэг тасалгаанд Яндаг тусгай хэлтсийн сургагч халимаг Бохсоев гэгчтэй ярьж суув. Тэр бүдүүн хар халимаг дотоод яамны дарга нарын дунд хөгжилтэй марзнаараа нэрд гарсан бөгөөд оросын элдэв шалиг онигооноос эхлээд баруун монголын үлгэр туульс хүртэл мэдэхгүй юмгүй дуу доргион ихтэй эр. Яндаг энэ хүн ямар их нөлөөтэй талтайн зэрэгцээ бас ямар их зальтайг мэдэх бөгөөд дотоод яамны залуу дарга нар түүний энэ чанарыг ихэд шохоорхоно. Хүнийг нэг хараад андахгүй, хаана ажилладаг хэн болохыг хэдийн мэдчихсэн хэзээний танил шиг мөрийг нь алгадаж маасалзана. Тийнхүү дотоод яамныханд сайхан зант халимаг сургагч нэртэй. Яндаг аймгийн хэлтсийн дарга Эрэнцэн ёстой хуншгүй зан гаргасанд гомдохын ихээр гомдоод хөдөөг хаяж хотод суухаар шийдэн тийш шилжиж ирэх арга саам хайхын хамт тэр муухай Эрэнцэнд шүд зууснаа яахин чангаруулахаа бодолхийлэн яамныхаа урт байшингаар эргэлдсээр аж. Сонров нарын эсэргүү бүлгийг илрүүлсэн бүх гавьяаг Эрэнцэн тийнхүү булааж авах юм гэж саналгүй мань эр ганцхан гэнэджээ. Эрэнцэн уг нь яаж ч чадах хүн гэдгийг мэддэг хэрнээ ингэнэ гэж байх уу. Гэтэл Яндаг өөрийн гавьяаны хувьд эргэлзээгүйгээр барахгүй Эрэнцэн ч түүнийг тэнгэрт гартал магтаж одонгоор шагнуулах энүүхэнд харин ямар тушаалд дэвших талаараа бодолтойхон байгаарай гэж сануулсныг яана. Гэтэл одоо болоход тэр нь ердөө л
сайхан молиго байж. Өөрөө харин цусан гавьяаны одонгоор энгэрээ мялаачихаад гайхуулан ханхалзаж явна. Маршал Чойбалсангаас эхлээд дотоод яамны удирдлага Эрэнцэнг яагаад гол баатар болгож үзсэн нь ч даан их удалгүй тодорхой болсон. Яндагийи танилууд танай Эрэнцэн эсэргүү буриадуудын үүрийг ёстой нэг чекист шиг илрүүлж дээ гэж шагшилдан, чиний талаар тийм ч сайнгүй мэдээ өгсөн бололтой гэж алтан хошуу өргөсөн бололтой, Яндагт тэрнээс илүү гомдол яаж байх вэ! Ёстой л санаандгүй байтал ар нуруу уруу нь хутга ****** хэрэг. Ингээд Эрэнцэнд шүд зууж хариугаа авах хэрэг гарав. Юуны төлөө хүний амь бүрэлгэсэн билээ? Юуны төлөө эсэргүү тагнуулын хуйвалдааныг илрүүлсэн билээ? Яндаг ямар ч гэсэн зөв гэдэгтээ итгэж байлаа. Хэдийгээр хувийн гомдол хорслыг энэ бүхэнд хутгалдуулсан ч цаг төрийн байдал машид хурцадсан тэгээд ч ийм цагт онцгой сонор сэрэмжтэй байх ёстой албаны хүний хувьд ноогдсон үүргээ биелүүлэхэд хэн нэг шаврай бандийн амь насыг золиосонд гаргах юу ч биш. Нэгэнт л эсэргүү тагнуулын бүлэг байснаас л эцсийн бүлэгт хэргээ хүлээцгээж бие биесээ илчлэн барьж өгснөөс зайлахгүй. Лам нарын хэрэг ч, буриад нарын хэрэг ч цөм ямар нэг үндэстэй. Ийм дуулиантай будлиантай хэргийн хөлд гэмгүй хүмүүс үрэгдэж ч болно. Ямар боловч ухрах зам огт байхгүй, ухарвал үхэлтэй адил. Амьдрал гэдэг тэмцэл юм бол хэрвээ жинхэнэ эр хүн юм бол замд тааралдсан саад тотгорыг хайр гамгүй таягдан хаях ёстой. Хуурмаг өрөвч сэтгэл гаргавал Эрэнцэн мэтийн хатуу хүмүүсийн дэргэд хэн ч биш болно. Гэтэл тэр Эрэнцэн байчихаад гавьяагий нь булаажээ. Дээгүүр танилтайгаа ашиглан хэрвээ хүсвэл түүнээс ч нэг юм хийх л хүн. Ингэхээр одоо яаж ийж байгаад яаманд ямар нэг суудал олж аваад болж өгвөл дээшээ авирахаас өөр замгүй. Юмыг яаж мэдэх вэ аз учрал таарвал Эрэнцэн мэтийн зальхайнуудын толгой дээр суухыг үгүй гэх газаргүй. Яндаг ийн бодож шийдээд яамныхаа эвэртэн сүүлтэнгүүдэд нүүр тал олж авахыг хичээн чухам яаж хөлд нь суувал дээр болохыг тагнан туршиж байлаа. Энэ бүдүүн халимаг бол нөлөөтэй бөгөөд найзтай эр гэдгийг юунаа андах билээ. Гэвч Яандаг чухам аль талаас нь яаж хөлд нь суухаа мэдэхгүй мөхөсдөв. Хоосонгүй ирсэн гэдгээ юуны түрүүнд мэдүүлэх ёстой байлаа. Тийн төрөхгүй атлаа золигийн ажигч янзтай хонин бор нүдийг нь хариулсхийгээд цүндгэр арьсан цүнхээ өвөр дээрээ тавьж,
-Танд жаахан нутгийн юм авчирсан юмсан гэхэд халимаг ер жишим ч үгүй,
- Буриадын араки ч хатуу шүү. Балгачихаар нүднээс гал гарнав шүү гээд алтан шүднүүдээ яралзуулан инээв. Ер энэ хүнийг гэрэл цацруулсан алтан инээмсэглэлтэй гэвэл зохино.
- Архи биш ээ гээд Яндаг цүнхээ уудлахад,
- За тэгвэл ногоон хурганы арьс ногтруу шувууны ходоод. Танай буриадаас гарахгүй юм байхгүй гэж ёжлох маягтай хэлэв. Яндаг цүнхнээсээ дөрвөн сайхан булга гаргаж сэгсрэхэд цонхоор туссан наранд мөнгөн сор нь алтран гялбалзав. Халимаг,
- Юу гээчийн! гээд цочих мэт овгосхийв.
- Байгал далайн баргажин нутгийн булга. Би танд зүгээр нөхрийн ёсоор гээд... Яндагийн барихад сургагч босож хоёр гардан аваад,
- Юу гээгчийн... Чи баян буриад шиг загнаж байна. За яахав муугийн ёс биш монголын ёс гээд авъя. Чи чекист хүн ийм юмыг хоёулхнаа мэдэлцээд өнгөрдгийг санана биз гэв. Арьснуудыг наранд сугсруулан үзээд толгой сэгсэрч ширээнийхээ шургуулганд хийгээд алтан инээмсэглэлээ цацруулан,
- Үнэнийг хэлэхэд би чиний тухай сайн мэдэхгүй. Сонровын хэргээс чамайг улам сонирхсон. Чи айхавтар том хэрэг нээхэд гол хүн болсноо мэдэж байгаа биз дээ? гэж зөөлөн асуув.
- Мэдэхээр барах уу. Гэсэн ч... намайг нэг л.,.
- Аа би ойлгож байна. Чамайг жаахан гомдоосон. Гэхдээ болоогүй. Хэргийн ээдрээ бүрэн шийдэгдээгүй байна. Олон хүний амь настай холбоотой аюултай хэрэг дэгдсэн гэж мэд! гэснээ гэнэт нүд рүү ширтэж духайсхийгээд,
- Яндаг чи сонс! Танай тэр Эрэнцэн эсэргүү буриад нараас ямар ч өчиг авч чадах эр шүү. Чи ойлгож байна уу? гэхэд Яндаг өөрийн эрхгүй нүд буруулан,
- Тиймээ. Эрэнцэн дарга хатуухан хүн. Гэхдээ даанч намайг... гэж бувтнав.
- Чи их гомдомтгой эр юмаа. Чекист хүнд таарахгүй зан шүү. Гэхдээ би чамд тусалж чадна. Одонгоор шагнуулна гэж амлахгүй гэхдээ тусалж чадна. Юу хэрэгтэйгээ хэл! гэхэд Яндаг сандлаа чирэн ойртоод,
- Та намайг яаманд ажиллуулж өг. Би... би таны ачийг хариулж чадна. Ер нь одоо би нутагтаа ёстой сүрэг чонын дунд орсон хонь шиг боллоо гэхэд халимаг амаа ихээр ангайн инээгээд,
- Яана гэнээ, үгүй чи бас цустай некер юмаа. Хонь гэнэ шүү. Чи чинь харин ёстой чоно! Чи чинь харин сүрэг хонь барьсан чоно байхгүй юу! Цустай некер юмаа! гэхэд Яндаг арга буюу муухан инээгээд,
- Хөдөө ажиллахад нээрээ хэцүү болно л доо гэв
- Чи минь ямар эсэргүү нарыг илрүүлсэн болохоос биш күн алж күрээ талсан биш юм байгаа биз дээ? гэхэд Яндаг цочин овгосхийгээд,
- Үгүй л дээ. Гэхдээ л... гэж илэрхий бантахад халимаг дахин нүд рүү нь ширтэж,
- За бид чамд туслахыг бодъё. Гэхдээ Эрэнцэн чиний талаар сайдад сайнгүй мэдээ өгсөн байж магадгүй. Чихний үзүүрт нэг тиймэрхүү юм дуулдсан. Гэвч би чамд туслая. Харин нэг их том алба амлаж чадахгүй шүү гэхэд Яндаг баярлахаасаа гутран түүнийгээ нууж эс чадаад,
- Би ямар одон булаацалдсан биш дээ. Чин үнэнийг хэлэхэд би Эрэнцэн даргад бүх юмны гогцоог гаргаж өгсөн шүү дээ гээд босоход сургагч гар сунган,
- За баяртай. Та нар эр улс түүгээрээ учраа олно биз. Харин чи ажлаа л сайн хийж бай. Би өнөө маргаашдаа биш гэсэн ч чамайг яаманд суулгах арга олно гэв.
Яндаг яамны байшингаас гараад толгой хазайсан тийш явлаа. Тэр гэв гэнэтхэн зүг чиггүй болчих шиг. Ингэнэ ч гэж үнэхээр бодоогүй. Эрэнцэн зүгээр нэг одон булаагаад зогсоогүй бас ямар нэг муу муухайг сэдэж тэрнээс эс юм хийхээр шийдсэн бололтой. Маршал Чойбасанд яавч өөдтэйгээр илтгэсэнгүй. Гэтэл нүүрэн дээрээ бол ямар ихээр магтан сайшааж, ямар ихийг амлаж байлаа. Бараг л хуурай ах дүү бололцъё гэх нь холгүй, чи бид хоёр их хэрэг үүсгэлээ гэхдээ энэ бол миний сайных биш, чиний сайных, чамд одон мэдүүлнэ, цол тушаал дэвшүүлнэ гэснийг яана. Гэтэл одоо болоход молиго үмхүүлснээр барахгүй байчихаад золигт гаргах ч санаа төрсөн байж магадгүй нь. Яндаг Эрэнцэнг аль хэдийнээс мэддэг авч цаанаа чухам ямар хаялгатай, ямархан мөстэй хүн болохыг яахин гүйцээж нээх билээ. Түүний шийдэмгий зан, эрэмгий сортоот дүр байдалд нь атаархаж явсныг хэлэх үү. Гэхдээ бас Дашийн оргосон тухай Сонров түүнтэй болоод бусад буриадуудтай ямар нэг хуйвалдаан хийх байж магадгүй тухай санааг анх сэдэхэд нь Эрэнцэн бараг л бахдалтайгаар шүүрэн авч, цаашид яахыг зөвлөн сургамжилж байсныг санахад тэр хэчнээн ч эрэмгий түрэмгий байлаа гээд бүхнийг өөрийн болгож булаах тийм хуншгүй этгээд гэхэд арай ч итгэмгүй. Харин хожмоо туйлын аюултай уршиг тарьж болох
хөнөөлт хэргийн тухайд бол тэр Эрэнцэн хэчнээн ч гярхай, хэчнээн ч муу санаатай, тэр байтугай хэчнээн ч шидтэй байлаа гээд нууцыг олох ухаан хүрэхгүй нь мэдээж. Тэгээд ч эцсийн бүлэгт бүх хэрэг явдал буцааж жолоодохын аргагүй эргүүлэгт нэгэнт орсон нь илэрхий тул одоо хэнд юуг ч тулган хүлээлгэж болохын зэрэгцээ энэ хэрэгт хамаатай хүн бүхэн хүзүү хоолойгоороо холбоотойг адгийн мунхаг ч ойлгох нь гарцаагүй. Яндаг ингэж бодно.
Тэр зорилгогүй явсаар нэг мэдэхнээ баруун дамнуурчны гүүрээр гарч хятадын хөлсний тэрэгний зогсоолд ирчихжээ. Энэ бол хотын хамгийн их шуугиантай газрын нэг. Эндээс хүмүүс сүйх тэрэг хөлслөн тал тал тийш явцгаана. Энэ хавийн гудамж чөлөөнд өч төчнөөн чулуучин, төмөрчин, сайван, инжаан, гэрэл зурагчин, авсчин хятадууд тус тусынхаа үүр оромжинд зав зайгүй ажиллацгаана. Бас өч төчнөөн гуанз, идэш уушны мухлагуудад хүмүүс тасратггүй орж гарна. Яргачин хятадууд төмөр модон цахнаас өлгөсөн үхэр, хонины мөч махнуудаас хэн юу дуртайгаа авъя гэснийг том том балиусаар чадамгай гэгч нь огтлон жинлүүрийн таваг дээр нүд ирмэхийн зуур шидээд хэмжээ үнийг дуудан хэлнэ. Ер хятадууд Да хүрээ буюу Их хүрээ гэдэг Улаанбаатарын энэ төмөрчин, дамнуурчин гэгдэх зах зээлд хэзээний үүрээ зассан тэр олон шуугиантай турлиах мэт наймаачин иргэд мөн хэзээний идэмхий, мөлжимтгий нэртэй бөгөөд Монголчуудад илжиг милжиг гэж дуудуулавч ер тоохгүй "Би илжиг бол чи үхэр ваа" гэж хэлчихээд үнэхээр тийнхүү жинлүүрийн таваг дээр юмаа нүд ирмэхийн зуур шидэж өгөхөд мань "үхрүүд" хэдэн цэн цүнгээр шулуулж буйгаа мэдэхгүй хоцорно тэгээд ялангуяа тэрэгчин хятадуудын дуу шуу жигтэйхэн. Тэнд энд хүргэнэ өч төчнөөн янчаан авна гэдгээ өндөр дуугаар зарлан, хоорондоо чанга чангаар ярилцан гудамж зээлээр нэг дуу доргион болно. Ер олны хөлийн газар хятадын дуу өндөр. Тэд уугуул нутагтаа чингэж шороон түмээрээ бужигнаж байх тул хаврын турлиах шиг шуугиж дасчихсан буюу тэгэж шуугихгүй бол Монголчуудын дуунаас ялгарахгүй гэсэн шиг. Яндаг хадмындаа очдог юм билүү, аль хэн нэг танилындаа очдог юм билүү гэж бодолхийлэн түр азнав. Тэрэгчин хятадууд "консулын Дэнж явна! мал зах явна ! Наймаачин явна!" гэх зэргээр хашгиралдахад, Хүмүүс хоер гурваараа. заримдаа ч тав зургаагаараа чихэлдэн суухад, морины биед хүрдэггүй шилбүүрээр тас няс хийлгэн хөдөлнө. Буриад хороо руу явъя гэж нэг тэрэгчинд хэлж буй эр эм хоёртой хамт сууя гээд Яндаг тийшээ чиглэтэл хажуунаас нүднийх нь буланд танил царай харагдах шиг болоход цэхлэн харвал баадантай юм барьсан Цэвэлмаа явж байх нь тэр. Яндаг эхлээд нүдэндээ бараг итгэсэнгүй, зогтуслаа. Цэвэлмаа яах аргагүй мөн боловч урьдынхтай даанч зүйрлэшгүй. Жирийн бөгөөд цэвэрхэн хувцасласан, цав цагаан царайтай, тас хар гэзэгтэй, өндөрхөн туранхай хүүхэн нэг өвгөн луухааны муухай тэрэг тийш очих нь яахын аргагүй Цэвэлмаа мөн. Яндаг тийн зогтуссанаа мөн гэнэт ховх үсрээд нэг мэдэхнээ хажууд нь яваад оччихсон байлаа. Цэвэлмаа ч эхлээд түүнийг анзаарсангүй.
- Цэвэлмаа! гээд бараг л тэврэх нь холгүй тулаад зогсоход, Цэвэлмаа нүдээ бүлтийтэл хараад айсан мэт ухран,
- Яндаг! Чи... Чи намайг... гэхэд Яндаг яах ч учраа олохгүй хий гөлөлзөөд,
- Цэвэлмаа! би чамайг... би дуулсан... Сайн уу даа тэгээд? гэхэд хүүхэн юунд ч юм ийш тийш хараачлан,
- Юуны сайн гэж дээ. Би ... Би аймшигт зовлонд унаад... Би яах ч учраа олохоо болиод... гээд хоолой зангируулан таг болов. Хязгааргүй гунигийн мананд бүрхэгдэвч үл бүүдийн мэлтэгнэх сайхан хар нүднийх нь давхраалаг нимгэн зовхи доороос нулимсан дусал хойно хойноосоо бөнжигнөн гараад бараг цусгүй гэрэлтэх хацар дээгүүр нь цувралдана Яндаг гэнэт их өрөвдөж зүрх салхийн унах мэт болоод,
- Цэвэлмаа минь! Би чамд муу юм хийе гэж бодоогүй шүү. Чи даанч...Чи нутагтаа буцаач! Би чамд чадахаараа туслая, аав ээж чинь хүлээж суугаа шүү гэхэд Цэвэлмаа чимээгүй уйлан,
- Чи надад юугаараа туслах юм? Чи даанч дээ, би чиний эрхэнд явсан, чи сэтгэл зүрхтэй хүн мөн юм бол Сонровын минь сургийг гаргаж өгөөч! Өөр юу ч хэрэггүй. Чи даанч дээ, намайг хайрлаач! Гэхэд Яндаг чухам яаж тус хийхээ мэдэхгүй ч,
- Цэвэлмаа би чамд туслахыг бодъё, Ямар ч гэсэн дотоод яамны хүн байна. Танилуудаараа дамжуулаад ч гэсэн нэг уулзуулах арга бодъё гэхэд Цэвэлмаа урагш ухасхийгээд өмнө нь сөгдөн тусахад Яндаг хоёр суганаас нь өргөж аваад,
- Яаж байнаа! Би чамайг... Би чамайг мартаагүй шүү гэж шивнэв.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.17.11 5:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Өндөрхааны багахан шоронд эсэргүү нар хэдийн багтахаа больжээ. Тийн гяндангийн өргөст төмөр хашаан дотор хэдэн том хар гэр барив. Гэвч улс гүрнийхээ эсрэг эсэргүү санаа өвөрлөх байтугай хулгай худалд ч холбогдоно гэж ухаан зүүдэндээ оруулалгүй гэв гэнэт баривчлагдсан хүмүүс чулуун гяндандхорьж, хар гэрт хаагдах байтугай, зүгээр хонь шиг задгай "хотлуулж", зүгээр шийдэмтэй манаа гаргасан ч оргож босох тэнхэлгүй болцгоожээ. Хэрвээ тэд унэхээр эсэргүү зандалчид сан бол юундаа тийнхүү номхон хонь мэт байх билээ. Гэтэл өдөр ирэх тусам шинэ эсэргүү нар нэмэгдэн нэмэгдсээр. Ер яаж ч хэлцээд хэчнээн ч муугаар бодоод чухам юуны учир ийн хоморгологдон баривчлагдаж, эрүүдүүлэн байцаагдаж буйгаа мэдэхгүй хүмүүс амарханаа хуга нуга дарагдах нь аргагүй. Тэд ямар нэгэн авралт ид шидийг хүлээж байлаа. Нэг л өдөр хэн нэгэн бээр хүрч ирэн баривчлагдагсадыг хэвтэх байтугай суух зайгүй чихсэн гяндан хэмээгдэгч өнөөх навтгар байшингийн үүдний нүхээр юмуу, хар гэрүүдийн тотгоор "Ай та нар одоо суллагдах боллоо. Та нарыг хувьсгапын эсэргүү, гадаадын тагнуулууд гэдэг муухай эндүүрэл байжээ!" гэж хэлэнгүүт хаалга үүднүүд цэлийтэл нээгдэн, тун сая жив жирийн аснаа өнөө энэ насны ганц хүслэн мэт болсон нар салхинд гарцгаах мэт санана. Тэд даанч гэнэхэн харанхуй хүмүүс байлаа. Тэд наранд явахдаа бас чиг тус тусын их бага ааг омогтой, атаа хорсол, шунал хүсэлтэй нь зүй ёсны, элдэв янзын эрчүүд явсан гэвч одоо болоход цөмөөрөө бие биесээ харсан, гайхаж цөхөрсөн амьтас байлаа. Тэд үнэндээ улс төрийн амьдралаас даанч хол, мах цусанд хамт төрсөн монгол уламжлалаараа төр шашны өмнө номхон боол мэт халримтгай, үл халирлаа гэхэд ердөө л хүн гэгчээс салдаггүй хулгай худал, эхнэр хүүхний явдлаас үүдсэн гэм буруугийн төлөө гэсгээл шийтгэл хүлээж, бүр ихэдвэл өдрийн од шиг тохиох алаан хядааны улмаас цаазын тавцанд толгойгоо алдахаас бус тийнхүү засаг төрийн эсрэг гэмт хэрэг сэдэх хоншооргүй, хориод оны хувьсгалт тэмцлийн гал дунд мөн л жирийн мунхаг ардын ёсоор үймээн самууны эргүүлгэнд автагдан мөнөөх гайтай цагаан бароны цэрэгт жинхэнэ атаат дайсны хүчин Дор явсан цөөн хэд нь тэр ахархан цагийн явдлыг мартаж цайрсан хүмүүс харгис хатуугийн өмнө хайлсан тугалга мэт билээ. Чингээд тэд анхандаа гайхаш тасран хэлэх үггүй хэсэг гөжицгөөгөөд Эрэнцэнгийн чангаланд орох нь тэр. Эрэнцэнгийн чангалан гэгч бол бас л нэг гайхамшиг аж. Тэр хүн ер жинхэнэ дайчин эр гэж өөрийгөө үзсэнээр хувьсгалын эсэргүүчүүдтэй хайр гамгүй тэмцэх халуун уриагаар бүхий л ухаан чадал, ов мэх, эр зоригоо дайчлан, дотроо байн байн УУХай хашхирч ёстой л орондоо унтах завгүй, гялалзанхан авай. Тэгээд ч юмуу буриадуудыг түрүүчээс нь нугаш эхэлжээ. Эрэнцэнгийн байцаалт элдэв долоон эрүү шүүлтэд хүрэхээргүй, эрс хатуу бөгөөд товчхон байлаа. Тэр угаас чекист хүн олон таван үггүй нь дээр гэжээ, ганцхан за эсвэл үгүй гэдэг хариулт л хэрэгтэй. Түүнээс биш зүгээр л аан уун гэж аргамжаатай морь гадас тойрох шиг юм болбол хэзээ ч үнэнийг олохгүй. Эрүү шүүлт бол үнэн хэрэгтээ хэрэгтнээс өчиг авах авъяасгүй буюу арга ядсан хууль цаазтаны ёс юм. Хүн гэгч угаас хугалан нугалахад амар амьтан. Сүргээрээ бол бүр ч тийм. Ямар ч эрүү шүүлт давдаг, хэлэхгүй гэсэн юмаа хэлэлгүй үхэхээс буцахгүй хатуу эрчүүд мянгад ганц л таарвал дээд заяа. Тэд бол жинхэнэ сайн эрчүүд, жинхэнэ тэмцэгчид, эсвэл гал мэсийн аюулыг туулсан дайчин эрс байж таарна. Тийм хүмүүс ямар ч хатуу хууль цаазын өмнө сөгдөлгүй домог болон хоцордог. Харин энэ муусайн эсэргүү буриад нар бол ёстой л сүрэг мал гэлтэй. Тэд бие биесээ уруу татаж, бие биесээ илчлэн хэргээ хүлээхээс зайлахгүй. Тэд жирийн аж төрөлдөө баахан ямаан омогтой авч хувьсгалт хуулийн өмнө дорхноо шалчийн гудайх нь лав. Эрэнцэн ингэж бодохдоо эндүүрсэнгуй. Хамгийн түрүүнд мохоор Содном хэргээ хүлээжээ. Эрэнцэн түүнтэй өвлийн эхээр танилцсан юм. Яндагтай тэднийхээр орж залуу эхнэрээр нь дайлуулан, ан гөрөөнийх нь паянгаас яриулж бас болоогүй сайхан элдсэн хэрэмний арьс хэдийг худалдаж авсан. Ан гөрөө хийх, залуу эхнэрээ бөөцийлөх, мохоор зажлах гол эрдэмтэй тэр болхи, цөлх эр өнгөндөө сүрхий эршүүд аманцар нэгэн гэвч бууны амны өөдөөс харангуутаа ёстой хэдэн зуугаар нь нудардаг ойн хэрэмнээсээ дор арчаагүй амьтан байлаа. Эрэнцэн ч түүний түлхүүрийг амархан олсон. Анх байцаалтанд орж ирэхэд нь нүдийг нь хараад л сүнс нь хэдийн зайлчихсан эр болохыг мэдсэн. Түрүүнд нь хэдэн чанга буриадад урьдчилсан байцаалт явуулавч үг алдуулж чадалгүй, доод тушаалын эрүүдэгч нартаа түр шилжүүлжээ. Тэр хэдэн залуу байцаагч нарыг тусгайлан шилж ийм онцгой нөхцөлд хэрхэн ажиллах буюу хэрэг хүлээлгэхийн тулд чухам ямар янзын эрүү шүүлт тулгаж болох буюу тэр талын санаачлага гаргахад ямар хязгаар байж болох зэргийг сайтар зааварлан тушаажээ. Ер тэр залуусын санаачлагад эргэлзэх зүйл байсангүй. Тийн хэрэгтэнг өөрийн гараар эрүүдэж шүүх "таатай" ажлаас цагийг иртэл чөлөөлөгдсөн хэрэг. Харин "зөөлөн" буюу нарийн ухааны аргаар байцаалт явуулж, муусайн эсэргүү нарт хэрэг хүлээлгэх нь бахдалтай. Хазгай хальт хэлсэн ганц үгнээс нь өлгөж аван хоолойг нь ороох, гарах газаргүй мухар нүхэнд шахах, төөрөлдүүлэн будлиулах. горьдлогын сэжүүр атгуулан гэнэт булаан авах, хор шарыг нь маажиж, яс хаях, мунхруулах тэргүүтэн чухам л эрдэм төгссөн мөрдөн байцаагчийн барагдашгүй овсгоо самбааг үзүүлэх ийм аятай тохиол ховорхон билээ. Үнэнхүү бахдалтай бөгөөд сургамжтай ажил байлаа. Тийнхүү мохоор Содномын нүдийг харангуутаа нэгэнт шалчийчихсан болохыг мэдээд,
- За хө, наймааны танил ороод ирдэг юм байна. За сайхан эхнэрээ боддоггүй дүүрсэн эр юм даа чи гэхэд Содном зажлах мохооргүй болсон авч өөрийн эрхгүй эрүүгээ хөдөлгөж хоосон хивээд.
- Ээ, Эрэнцэн дарга та минь байж байдаг ямар сайн юм. Та намайгаа бодооч! Юун гээч болж байгааг мэдэхээ болиод хэцүү байна гэж өршөөл эрсэн бүргэр нүдээрээ горьдон харж доороо гишиглэн,
- Эрэнцэн дарга минь ямар хэргээр баривчлагдсаныг минь хэлээд өгөөч. Би чинь хэрэмхэн агнахаас өөр гэмгүй амьтан гэхэд Эрэнцэн илэрхий шоглон инээгээд,
- Аа тийм үү? Сүрхий ангуучин юм гээч. За би чамайг эсэргүү бүлгэмийн гишүүн болсон гэхэд итгэхгүй байна. Харин дүү Дашийнхаа талаар үнэн зөв мэдүүлэг өг! Тэгвэл арай зөөлөн ярьж болно. Чи төрсөн дүүгийнхээ хэн болохыг мэддэг юм байгаа биз дээ? гэв.
- Мэдэлгүй яах вэ
- Аа тиим үү? Тэгвэл хаашаа яах гэж алга болсныг нь хэл!
- Хөлөөрөө гэнэт алга болсон хүнийг юу гэх юм би. Надад хэлсэн биш.
- Уухайс! Чи л болоод мэдэхгүй байгаа байх.
- Нүгэлт хар гөрөөч би уул хөвчөөр тэнэхээс өөр юугаа мэдэх вэ.
-Хаагуур тэнэдгийг чинь мэдэж байна! Дэмий донгодоод байгаарай. Жамцынхан та нарыг мэдэхгүй биш, манжуур руу гарч контарбаан хийдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу?
- Ээ дээ, Эрэнцэн дарга минь ёстой юу ч гэхэв. Юуны контарваан хийх юм.
- Аа тийм үү? За чи шал шал гээд байгаарай. Чамтай олон юм ярих зав алга. Даш чинь манжуур уруу ямар хэргээр хэнтэй уулзах гэж явсныг хэл.
- Үгүй тэр чинь... Тэр надад юу хэлэх юм.
- Аа тэгвэл явсан нь үнэн хэрэг үү?
- Үгүй харин яасан юм? Би яаж мэдэх юм гээд Содном гөжих янзтай цагнагасхийв. Эрэнцэн ширээнийхээ араас алгуурхан өндийв. Тэр хөмсгөө зангидаж хөмхийгөө зуугаад, хоёр тохойгоо дугариглуулан урагш үсрэх дүр үзүүлээд,
- Муу новш минь сайхан мэдээрэй! Буриадууд та нар хувьсгалын эсэргүү гадаадын тагнуул бүлгэмийн гишүүд болцгоосныг манай Дотоод яам илрүүлсэн. Дуулж байна уу? Илрүүлсэн! Та нарыг тэгээд баривчилсан. Дуулав уу тэнэг толгой минь! Чиний дүү Даш эсэргүү бүлгэмийн толгойлогчдын нэг. Япон уруу оргож гарсан, мэдэв үү? Жамцынхан та нар нэг биш удаа Халх нөмөргийн буриадаар дамжин манжуурт гарч байснаа мартаа юу! Чи хэрвээ өчиг өгөхгүй бол хохь чинь болоод жорлойхоо мэдээрэй! Одоо би чамаас ганц юм асууя Чамтай олон юм ярихгүй мэдэв үү! За үгүй хоёрын нэг. За бол за, үгүй бол үгүй. Дуулав уу чи! гэхэд Содном эрүүгээ чичрүүлэн хавшиж,
- Ээ бурхан тэнгэр минь! Би юу мэдэх ... Би мэдэх л бол... Юу мэдэх ээ... гэж бувтнахад Эрэнцэн баруун гараа ташаа уруугаа алгуурхан явуулж нагаанаа сугалан мөн алгуурхан өргөж Содномын цох уруу чиглүүлээд дуугаа намсган үгээ зөөж ийнхүү асуув:
- Даш манжуурт оргож гарсан нь үнэн үү ?
- За...
- Үнэн үү? -Үнэн!
- Эсэргүүгийн толгойлогч Сонров гэгчийг таних уу?
-Таних.
- Хоршоо дарга Цэвэгнйг таних уу?
- Таних.
- Тэр мөн үү?
- Биш... мөн
- Чи өөрөө манжуурт гарах санаатай байсан уу?
- Үгүй
- Аа тийм үү?
- Би санаагүй
- Тийм үү, үгүй юу? -Тийм... үгүй
- Үгүй юу тийм үү?
- Тийм л дээ
-Тэгвэл чи эсэргүү бүлгэмийн гишүүн мөн үү?
- Биш... Буу тасхийхэд Содном толгой навтгасхийгээд нүдээ бүлтийж амаа ангайн хөшчихлөө. Гонзгой хөх нүүрнээс нь хүйтэн хөлс сул асгарна. Эрэнцэн гар буундаа хошуугий нь авч цаас чихсэн хэдэн сумтай явах бөгөөд Содномын толгой дээгүүр буудаж орхиод бууныхаа ам уруу үлээж ширээн дээрээ тавиад,
- Дахиад ам зөрвөл тэнэг тархинд чинь сум зооно шүү! Мэдэв үү эсэргүү минь гэхэд Содном уйлах аядан амаа жигтэйхэн мурийлгаад.
- Ээ тэнгэр минь! Намайг өршөөгөөч! Би гэмгүй... Би зүгээр нэг тэнэг амьтан. Хэл гэсэн юмыг чинь бүгдийг хэлье. Эхнэр хүүхдэд минь л буцааж явуулбал өөр юу ч хэрэггүй. Би бүгдийг хэлье. Өршөөгөөч гээд доош салхийн сөгдөв. Тасалгаа дүүрэн дарийн утаа хахахад Эрэнцэн үүдээ онгойлгон Содномыг түлхэж гаргаад,
- За чи тэр залуу эхнэртээ амьд мэнд очъё гэвэл жинхэнэ байцаалтанд олигтойхон байгаарай! Жинхэнэ байцаалт болоогүй шүү гэв. Содном шоронгийн хуягт туугдан енгэнэтэл уйлсаар одов...
Эсэргүү нар хэргээ хүлэээж эхэлжээ. Тэд бараг цөмөөрөө аминдаа хайртай, халирхайхан амьтас тийнхүү огт санаандгүй эрүү шүүлтэнд орохдоо үнэхээр л хэн нэг маань японы тагнуул хувьсгалын эсэргүү байж дээ гэх эргэлзэл уймралд автан улмаар түүндээ итгэх тийш хандсан нь хөөрхийлөлтэй. Хүн хүний оюун сэтгэхүй онцгой нөхцөлд сүргийн сэтгэхүйгээр солигдон тэр нэг ёсны өвчин, олны солиорол мэт болох нь бий. Тэд эхлээд чухам юуны учир баривчлагдан байцаагдаж буйн учрыг олох гэж хэрхэн яаж эрүүдүүлсэн, юу асуугдан ямар өчиг өгсөн, эсэргүүцсэн мухардсан аль бүхнээ ярилцаж санал бодлоо хуваалцаж байснаа сүүлдээ мөн бие биесээ хардан сэжиглэх, тэр ч байтугай үзэн ядахын хар мөр зурагдаад ирлээ. Эрэнцэн үүнийг яахин андах аж. Ер гэнэн мунхаг хүмүүсийг мөргөлдүүлж ядах юм байсангүй. Юуны түрүүнд мөнөөх Дашийн оргон зайлсан нь нэгэнт эргэлзээгүй бөгөөд эсэргүү бүлгийн гол толгойлогч Сонров гэгчийн холбоо баригч болохыг ч батлахад бэрх биш. Үүний зэрэгцээ японоос монголд шургалуулсан тагнуул туршуул удаа дараа баривчлагдан Чойбалсан тэргүүтэй дотоод явдлын яамны сонор сэрэмжийг илтгэхийн чацуу цаг төрийн байдал ихэд хүндрэн, тэмцэл жинхэнэ орших, эс оршихын зааг хязгаартай тултал хурцдаад улс орны хувь заяатай холбоотой асуудал дээр очихоор ганц хоёр этгээдийн хоморгонд орсон бүлэг этгээдийг тэр нь тэр энэ нь энэ гэж ялгаварлах буюу өршөөн хэлтрүүлэх нь бараг л инээдэмтэй хэрэг болон хувирчээ. Тийнхүү ганцхан зорилго бол хэрэг тулган хүлээлгэх л юм. Тэгээд ч хэрэг тулгагдсан сүрэг буриадууд бие биесээ илчлэн эхлэх нь гайхалгүй.
Дашийн ах Содном, Бат хоёр сүүлийн жилүүдэд хэдэн удаа зүүн хил рүү очиж контарбаан хэмээх хулгайн наймаа хийснээ, дүүгийнхээ манжуур тийш оргож гарсныг, Сонровтой танил тал болохоо хүлээсэн нь наад захын хэрэг. Тэр мэтээр ямар нэг холбоо сүлбээ, эндэл осол зэргээрээ ороогдон тэр бүхэн дээрээ цаг төрийн байдалтай холбоо бүхий давс хужир нэмүүлэхээрээ өөрийн тухай болоод бусдын тухай үлгэр домог зохиогчид гараад ирлээ. Тийнхүү би эсэргүү бол тэр эсэргүү гэж зүгээр Нөхрөө хань татах эсвэл урьдын ямар нэг атаа хорсол, өс хонзонгоо сэргээж санах эсвэл зүгээр таамгаар буудаж орхисноос шинэ шинэ хамсаатан байтугай жинхэнэ удирдан чиглүүлэгчид, уруу татагчид гараад ирлээ. Өндөрхааны гяндангийн хашаанд хар гэр нэмэгдсээр, тэр хар гэрүүдээс толгой дээгүүрээ дээлээ нөмрөн Эрэнцэнгийн эрүү шүүлтийн төмөр сараатжит хэдэн өмгөр цонхтой навтгар чулуун байшин тийш цувагсдын тоо олширсоор байлаа.
Цэвэг яс цоожинд сар болж байв. Тэр хаврын их түймрийн үеэр жаргалант уулнаас баривчлагдан эсэргүү нарын түрүүчийн хэсэгтэй аймагт хүргэгдэж ирэн хэд хоносны дараа анхны байцаалтад ороод Жамцын Дашийн тухай асуугдангуутаа түүний морины сэг, эмээл хазаарын үлдэгдлийг олж үзсэнээ өчсөн юм. Мөнөөх баривчлагдагсдыг суулгасан тэрэгний тэвшинд толгой дээгүүрээ бэржээнхээр бүтээгээстэй гайхаш тасран явахдаа Даш манжуур тийш оргож гарсан гэдэг огт худлаа, харин хилийн ард гарч хулгайгаар гөрөөлж яваад юмуу дэндвэл хойшоо гарч наймаа хийх санаатай явж байгаад хилийн харуулын орос цэрэгт нудруулснаас зайлахгүй гэж шийдэн ийнхүү баривчлагдсан нь Даштай тэр тусмаа Сонровтой холбоотой болох юм гэдгийг зүүдлээ ч үгүй явсан. Тэгээд ч яс цоожинд хаагдсан нь Дашийн талаар шинэ байж болох өчиг мэдээ өгсний уршиг гэж анхандаа яахин таах билээ. Гэвч олон удаагийн хатуу байцаалтын дараа Дашийг хэн нэгэн зориудаар хөнөөж, энэ бүх аймшигт гүжир гүтгэлэг, харгислалыг жирийн хүмүүсийн ухаан хүршгүй ямар нэг учир шалтгаанаар буюу магадгүй нийт буриадыг бүрэлгэн сүйтгэх гэсэн төрийн бодлого, магадгүй оросын нэхэл дагалаар урьдын ямар нэг гэм буруугийн төлөө гэсгээн шийтгэхийн тулд зохион явуулжээ гэсэн битүү сэжиг таамаглал төрж эхэлсэн. Эхлээд Онон, Балж, дараа нь Улз голын сав нутаг буюу хориод оны эхээр мөнөөх буриад нарыг тохинуулах улсын хурал гэгчийн саналаар байгуулагдсан Онон, Улзын буриад хошуу гучаад оноос олныг түйвээсэн баруун зүүний нугалааны үес өч төчнөөн хамтрал коммун, сум болж тэр бүх сэгсчээ донсолгоо арайхийн намжиж төвхнөх тийшээ хандаж асан гэтэл одоо олон мянган айлын өрхийн тэргүүлэгчид, эрийн цээнд хүрсэн гэгдэх эрчүүд бүхэн хэзээ эсэргүү болохоо илчлэгдэн ногоон матгайтны бууны аман дор туугдаж одохоо хүлээн хувцас зэхээстэй, морь эмээлтэй.
Зуны эхээр хомроглолдон баривчлагдагсад хэдэн зууд хүрлээ. Айл аймгаараа төөрөгдөл будангуйралд бүрэн автав. Эгэл хөдөөх олон дэмий л гайхшрах гаслалдахаас цааш юунд хүрнэ. Эрэнцэн Цэвэгийн анхны өчгийг сонсоод нэг их гайхаагүй боловч Яндаг Дашийн оргосон тухай мэдээлэхдээ хөдлөшгүй ямар нэг баримт гаргаж ирээгүй атлаа тийм жирийн бус хэргийг зөвхөн таамаглалд тулгуурлан босгож ирэх нь байж болшгүй гэж хэн ч бодмоор бүдүүн зүрх гаргасныг цаанаа лав учиртай, хэрвээ түүнд нь ямар нэг эргэлзээ төрүүлэх гэвээс харин хүзүүгээр ороож мэднэ гэдгийг андсангүй. Тийнхүү Цэвэгийн хэлсэн үнэн байвч худал болох ёстой. Нэгэнт Яндагийн "таамаглал" өч төчнөөн хүний хүзүүгээр боомилон, хэзээ ч ямар ч нөхцөлд ухарч болохгүй үнэн болсон учир эргэлт буцалт гэж байх учиргүй. Тэгээд ч анхны үүсэл юмуу илрэгдэх шалтаг нь үнэн ч худал ч одоо нэгэнт эсэргүү тагнуулын бүхэл бүтэн үүр уурхайг нээснээс хойш Цэвэг мэтийн ганц хоёр хүний үнэн мэдүүлэг юу чиг бишээр барахгүй ерөөс ганц хоёр хүний амь нас юу чиг биш болжээ. Ингээд чухам Эрэнцэнгийн нар гарсан. Тэр Цэвэгээр хэрэг заавал хүлээлгэхийг нэг залуу байцаагчид хатуу тушааж яс цоожинд хийлгээд өөрөө бусад олныг цохилдуулан байцаах хөгжилтэй сонин ажилд шунган оржээ. Тиймээ! Чухамхүү цохилдуулан байцаана гэдэг чекист хүний эд хавын хэрэг юмсанж. Ер хүнээс үг алдуулах эрдэм бас ч хүн бүхэнд заяагддаггүй бололтой. Тэр өглөө бүр албан тасалгаандаа хөнгөн хөнгөн алхалсаар урамтайхан ирнэ. Гялалзтал арчсан хромон савхиных нь өсгийд зүүсэн ган давируул шар шар хийн, шинэхэн шар арьсан гэртэй нагаан буу ташаагий нь зөөлөн зөөлөн нудраад, энгэрт зүүсэн шинэхэн одон гялс гялс, гарт барьсан нагайка хэмээх гүрмэл суран ташуур нугас нахисхийгээд аятайхан. Тэр нагайка хэмээх ташуурыг дотоод яамны нэг сургагч Бадмаев буриад бэлэглэсэн юм. Тэр буриад мөнөөх дагаар эс орогсдыг дайчлан буцаах ажлыг зохион байгуулахаар ирсэн бөгөөд ажлаа дуусгаад хар тугалгаар гол хийж зориуд хүндрүүлсэн тэр ташуурыг дурсгал болгосон. Чекист хүн сайн морьтой, бас сайн ташууртай байх хэрэгтэй гэж захисансан. Хэлдэг л үг байж. Нагаан буутай нагайка ташууртай явахад чухам алзахгүй. Тийн Эрэнцэн албан тасалгаандаа хүрч ирнэ. Тэр нь наран талдаа хоёр том цонхтой урт гонзгой тасалгаа. Хоёр том цонхонд час улаан торгон хөшигтэй. Тэр хөшгийг татчихаар тасалгаанд цусан улаан туяа дүүрнэ. Хүмүүсийг тэр улаан гэрэлт байцаахад таатай шиг. Тийнхүү улаан гэрэлт урт тасалгааны мухрын том царсан ширээнийхээ ард ирж ар талын хананд өлгөсөн Сталин багшийн том зургийн дор суугаад нагайка ташуураа ширээнийхээ булан дээр тавина. Ширээн дээр ташуураас өөр юм байх ёсгүй. Гэхдээ тэр бол зүгээр л нэг ёсны айгуус аж. Байцаагдах хүн орж ирэнгүүтээ ганцхан тэр ташуурыг юуны өмнө сэжиглэн харах нь сонин. Тийм их аймшигтай биш атлаа нэг л янзын сэжигтэй тэр эд хүний харааг эрхгүй татна. Гэтэл Эрэнцэн хэзээ ч түүнийг далайхгүй. Далайвал харин тийм нэг сэжигтэй айгуус биш жирийн ташуур болчихно. Ер хүний бодол санаа гэгч нэг бодлын тайлагдашгүй оньсого мэт нарийн атлаа нөгөө бодлын яаж ч эргүүлж хөрвүүлж, яаж ч тавлаж наадаж болдог аж. Мөхөс болхи, нугарамтгай хугарамтгай амьтсын ухаан санаагаар наадах эрдмийг эзэмших тийм ч хялбаргүй аж. Гэхдээ жинхэнэ чекист бол жинхэнэ ухаантныг нугалах л болно. Ухааныг ухаанаар дийлэх хялбаргүй. Харин арга мэхээр буюу хууль цаазын хүчээр нугалах гэж байна. Хууль цаазын өмнө бүхий даяараа тэгш гэдэг л тэр. Цаг ирвээс хаан, харц ялгалгүй хууль цаазын илдэн доор толгой бөхийнө. Эрэнцэн тийнхүү үнэн хэрэгтээ хэц нэг буриадын бэлэглэсэн ташуур биш хувьсгалт хууль цаазын хурц илдийг барьжээ. Түүн дор хэн эс толгой бөхийнө. Эрэнцэн мөнөөх улаан гэрэлт тасалгаандаа дээр нь ганц ташуур орхисон царсан ширээнийхээ ард суугаад ээлжит эсэргүүг оруулж ирэхийг тушаана. Чухам ямархан этгээд орж ирснийг нүднийх нь харцнаас л мэдэж цөхөх юмгүй. Ширээний өнцөгт могой мэт мушгиралдан хэвтэж буй ногоон элгэн цацагт бариултай, үзүүртээн зангидмал булцуутай гялгар хар суран ташуурыг айдас сэжигтэй юм уу сониуч сонжоотой аль нэгээр заавал хараад авангуут хэн болох анхны шинжийг танина. Нэгэнт анхны шинжийг мэдсэн хойно шууд нүхэнд шахаж мухардуулах уу, аятай аашаар молигодох уу, айлгаж сүрдүүлэх үү, аргалж алмайруулах уу гэдэг тодорхой болно. Хүний хамгийн нийтлэг нь итгэмтгий зан. Асар их гомдол гутрал, уур хилэн, унач дөжрөлд автсан атлаа өчүүхэн ч атугай итгэлийн гэрэл гийн алдтал чухам л үхэл мөхлийн даваан дээр түүнээс шүүрэн авна. Тийнхүү тэр итгэлийн гэрэлт хий утсыг нэг атгуулан, нэг алдуулан төөрүүлж орхих л хамгийн чухал. Тийнхүү төөрөлдсөн амьтнаар дураараа наадаж болно. Хөөрхий эсэргүү буриадууд амархан төөрч байлаа. Тэдний хар буруу санааг илрүүлж ядах юмгүй. Эрэнцэн буриад нарыг буруу санаатан гэдэгт ер үл эргэлзэнэ. Үнэхээр л буруу ишилсэн сүх гэдэг хочдоо таарсан улс. Халхын нутагт толгой хоргодохоор ирсэн атлаа дээгүүр зантайг нь яана. Ажил хөдөлмөрт шаргуу, эрдэм номонд
авъяастай гэцгээнэ. Модон тэрэг хусан чарга дархалдгаа ихэд бодсон улс. Хэрвээ үнэхээр элгэн халуун сэтгэлийн дуудлагаар ирсэн бол Ванданов, Жамбалон мэтийн цагаантангаа дагаж цэрэглэн давхилдахгүйсэн. Эрэнцэнд цагаан Бароны цэрэгт явж байсан бүх буриадын хар данс бэлээхэн бий! Тэд одоо үнэхээр Японы тагнуул болоогүй юм гэхэд цагаан Бароны цэрэгт явсных нь төлөө цааш харуулчихад ихдэхгүй. Эрэнцэн энэ өдөр улаан гэрэлт тасалгаандаа ирээд өнөөх залуу байцаагчийг дуудуулан Цэвэгт хэрэг хүлээлгэж чадсан эсэхийг асуухад цаадах жулдрай нь 'Тэр муухай буриад бүр байчихаад Яндаг хамгаалагч Дашийг алсан байх гэдэг боллоо" гэв. Үүнийг сонсоод Эрэнцэнд нэгэн бодол гялсхийн орж ирлээ. 'Тэр Яндаг нээрээ яаж ч мэдэх золиг, муухай атаач зуумтгай бас яахаас ч буцахгүй хатуу зүрхтэйн есөн шинж бүрдсэн, хэмээс хэтэрсэн идэвхи чармайлттай. Хажуугаар нь бас аль аль л аятай өнгөтэй бүхэнд шуналын харц гүйлгэсэн этгээд, Дандаа таны энэ чинь яасан гоё юм, тэр чинь яасан зохисон юм гэх. Чамд бөөн алт өгнө, төрсөн эх эцгээ алчихаад ир гэвэл доорхно нь үгүй хийчихээд цустай хутгаа бариад гүйж ирэх л бий вий. Тэр Даштай эхнэр хүүхнийг ч юм уу ямар нэгнийг булаалдаж хонзогноод үгүй хийчихсэнээ булзааруулах гэж хэрэг зохиосон байвал яана. Чадах л хүн. Уг чанартаа бол бүх юм ганц түүний сэжиг мэдүүлгээр эхэлсэн. Сонров Яндаг хоёрын хооронд ч юу байгаа билээ? Тэрнийг мэдсэн юм алга. Сонров юуны учир буриадуудтай тийн талтай болж байн байн Цэвэгийнхээр очдог болсныг бид ганц талаас нь л харсан. Гэтэл Цэвэгийн дүү Цэвэлмаа гэдэг хөөрхөн хүүхэнтэй суухаар аваачсан байдаг. Тэр нь Яндагт ямар хамаатай билээ? Тэр Дашийн эхнэр ч гэж ямар хүүхэн байдаг, Яндаг тэдэнтэй ямар орооцолдоотойг хэн мэдлээ. Эхнэр хүүхний хэрэг эсэргүү хэрэг болж хувирсаи бол... Яндагийг... Яндагийг ер юу гэж үзэх вэ? Хэрвээ Цэвэгийн мэдүүлэг үнэн бол хамаг юм буруугаар эргэнэ. Тэр цагт хэн өршөөгдөж хэн шийтгүүлэх нь тодорхой. Тэр муухай Яндагийг...". Эрэнцэн ингэж зэрвэсхийн бодоод
- За чи тэр эсэргүүнд хэргийг нь хүлээлгэж чадахгүй бол хохь чинь шүү гэж шүд зуун өгүүлэхэд залуу байцаагч шуурганд ширвэгдсэн даахьт даага шиг хөлөө солбиулан,
- Мэдлээ даргаа. Бүр хатуугаар байцааж болох уу? гэхэд
- Чи зөөлнөөр байцааж байгаа юм уу? Өөрөө мэд! гээд гаргалаа.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.18.11 3:39 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Цэвэлмаа өглөөн нарнаар сэрээд хөнжилдөө хэсэг хэвтлээ. Бэлэвсэн эхнэрийн хэвтэр хүйтэн гэгч үнэн аж. Байр байшин хичнээн дулаан гэлээ ч хөнжил хөрөх нь нэг л зэврүүн оргино. Онгон дошгиндоо ганцаардах ганцаардал урьд байдаг л сан. Гэтэл одоогийн ганцаардал гаслангийн дээд гэж байдаг бол тэр л юм. Бие сэтгэлийн богинохон жаргал нь гэнэт тасарсныг харамсавч баршгүй, гайхавч гүйцэшгүй. Яасан дэндүү ахархан жаргал байж вэ! Насны жаргалыг олов гэсэн чинь хэдхэн сарыи дотор үлгэр домог мэт сайхнаа үзүүлж амтлуулаад ор сураггүй хийсэн арилав. Ингээд сайхан үлгэр гэнэт дуусдаг байж. Ерөөс амьдрач гэгч утга учиргүй, ертөнц гэгч мөнхийн харанхуй мэт болов. Цэвэлмаад одоо ийнхүү зэврүүн хөнжилдөө ганцаар хөрвөөж шөнийг өнгөрүүлээд хотын гудамж чөлөөгөөр алмайран хэсүүчилж, дотоод яамны урт алаг байшингийн хаалга цонхыг дэмий л харуулдан ширтэж өдрийг өнгөрөөхөөс өөр юм байсангүй. Одоо тэр ямар нэг ид шидэнд юм уу санаандгүй тохиолдолд горьдохоос өөр юу чиг үлдсэнгүй. Өөрийгөө зүхэхийн туйлд хүрэв. Эцсийн бүлэгт ингэтлээ нүгэл хилэнц хураасан адгийн чивэлт энэ болоод л хайрт сайхан хүнээ тамын зовлонд унагаснаас яавч зайлахгүй. Адаглаад тэр тамын харанхуй уруу хамт одох зол ч олдсонгүй. Үнэнхүү нүгэлт эмийн үйлийн үр энэ. Тэгээд ч ёстой л нүгэл нь нүдээрээ гарна гэгчээр хэний ч юуны ч төлөө хөдөлсөн атаатны аманд очоод орчихыг яана. Ноднин зун Балдан ахыгаа хойшоо хөөгдөхөөс зайцуулах гээд Яндагийн аманд, сая Сонровынхоо төлөө гуйгаад үст Хөхийн аманд орчих жишээтэй. Ер тэр мэтийн түрэмхий эрчүүл яагаад ч юм юуны түрүүн биеийг нь л эзэмдэхийг боддог. Ямар гээчийн тавьцуур вэ! Дандаа тэгж тачаангуйг дуудсан бэлэн зэлэн эмийн дүрээр харагддаг ямар гээчийн нүгэл чивэл вэ! Эрчүүлийн тачаал хорхойг хөдөлгөх сайхан ч юм шиг санагддаг байсных, нүднийх нь жавар, ааль аашны нууцгай хаялга, уран тачаангуйн эрдэм нь нүүрэн дээрээ бичээстэйн гай тэр биз.
Яндагтай гэнэт уулзсаны дараа уймарч гүйцлээ. Одоо түүнд Яндагаас өөр туслах хүн алга бололтой. Ямар ч байсан залуу багын танил, өнөөх л аль аашны хөнгөнөөр дурыг нь булааж, зуурдын зугаа гаргалцаж явсан болохоор хичнээн гомдол хорсол төрөвч магадгүй Сонровынхоо сургийг гаргах эцсийн ганц боломжийг алдахаас цаашгүй. Тийн Яндаг туслахыг бодъё гэсэн ганцхан үгнээс шүүрч авахаас яах вэ. Мөнөөх муухай Хөх комиссар ёстой хүний үнэргүйгээр мэхэлсэн. Тэр Чойбалсан жанжин гэгч цуутай хүн эцсийн бүлэгт нэг л омог түрэмгий эрээр барахгүй хүссэн бүхнээ хийж чадах нь лав. Хөх түүнийг мэхлэхдээ зүгээр л жанжны бараа харуулж болвол өмнө нь сөгдүүлэх юм уу хэрвээ хүсвэл хүслийг нь хангуулах л гэснээс зайлахгүй. Гэтэл золбин гичий мэтээр хөөсөн. Тийнхүү ганц найдах хүн Яндаг л болж.
Улаан шороо боссон шуургатай өдөр боллоо. Ер сүүлийн хэд хоног газар тэнгэр нийлтэл байн байн шуурга тавиад тэнгэр хямарсныг хэлэх үү. Цэвэлмаа нүдээ аниад салхин улиглахыг чагнаархан ийн бодож хэвтэв: "Яндагийг л олж уулзъя. Хадмынд нь шууд яваад очъё. Одоо яавал ч яаг. Бүх юм өнгөрлөө. Цэвэг ах Балдан ах цөмөөрөө баригдсан. Түмнийг түйвээсэн аймшигтай цаг ирж. Аймшигтай л юм боллоо. Манайхан цөмөөрөө эсэргүү байсан байх нь. Тэгээд Сонровыг манайхантай холбоотой болсон гээд баривчилсан байх нь. Тийш нь татсан хүн би. Би л Сонровыг албандаа оруулж эсэргүү ах нартайгаа холбоод өгсөн, намайг баривчлаад алаад өгөөч гээд дотоод яаманд очдог юм билүү. Хэрвээ Сонров ингээд өнгөрвөл би ч амьд яваад яах юм билээ. Манайхан гэр хотоороо сүйрлээ. Хөөрхий хорхойд хоргүй Балдан ах хүртэл баривчлагдаж хоёр хүү нь орь өнчин хоцорлоо. Аав ээж хоёр л тэднийг нь дэргэдээ авахаас яах вэ. Аавыг минь барих ч юм билүү. Яндаг надад тус болохгүй бол гэртээ харьдаг ч юм билүү. Ямар нүүрээрээ харих вэ би! Амраг нөхөр, ах дүүдээ гай тарьсан хар эм би ямар нүүрээрээ харих вэ! Одоо Яндагийг л мөргөн гуйхаас өөр замгүй. Намайг яавал яаг. Зовлонт биеэ чамд тушаая, үүрдийн боол чинь болъё, ганцхан Сонровыг минь авраад өг гэж гуйя. Хамаг хөрөнгө хогшил, алт мөнгө, юу байдгаа шавхан өгье. Сонров минь аварч өгвөл чинь би тэрнийхээ амиар хайраа золиослоод чинийх болъё. Дэвсгэр хийнэ үү, дэр хийнэ үү өөрөө мэд гээд л хэлье. Арчаагүй эм надад өөр ямар арга байх вэ. Сонровынхоо амийг аварч чадахгүй бол би амьд яваад юу хийнэ. Хор уугаад ч гэсэн өнгөрсөн минь дээр. Хөөрхий аав ижий хоёр минь... Та нар минь ямар азгүй хөгшид байсан юм бэ! Яндаг чи намайг хайрлаж туслаач! Би өөр хүнд сэтгэлээ өгснөөс биш чамд хор хүргээгүй шүү дээ. Чи чинь ямар ч гэсэн эр шиг эр хүн шүү дээ. Чи над шиг муу эмийг алдсанаас болоод хаа хамаагүй хүн зонд өширхөн хорсож явахааргүй ухаантай аавын хүү биз дээ. Чи намайг өршөөж өрөвдөөч!..." Гэнэт хэн нэгэн бээр хаалгыг нь балбав. Цэвэлмаа цочсондоо дуу алдаад зүрх нь түгшин чичирлээ. Дээлээ бушуухан нөмөрч гутлаа углаад үүднийхээ дэргэд очиж,
- Хэн бэ? гэхэд
- Би! Хорины дарга Пунцаг байна, үүдээ тайлаарай! гэж зандрангуй хэлэхэд Цэвэлмаа салгалсан гараар үүднийхээ түгжээг мултлахад үргэлж туг шиг улаан даавуу дээл, саравчтай цэрэг малгай өмсөж явдаг хорины дарга Пунцаг гэгч ширвээ сахалтай, бүлтгэр нүдтэй тарган, хар хүн орж ирээд юунд ч юм батгатай хамраа сартагнуулан үнэрлэж,
- За чи одоохон Маахуур толгойн ард оч! Хөгшдийг чинь хөөлтэй биш. Айл болгоноос нэг хүн заавал очих ёстой гэсэн. Мэдэв үү! Тэнд олон хүн цуглаж байгаа. Одоохон яв мэдэв үү! гээд гарч одов.
Цэвэлмаа яаран хувцаслаад унд ус ч үгүй гарч ойрхон буй Маахуур толгой тийш явахад үнэхээр олон хүн тийшээ цувцгаана. Хүмүүсийн яриаг чагнавал эсэргүү лам нарыг олны нүдний өмнө цаазаар авах гэнэ, дотоод яамныхны баривчилсан Японы тагнуулыг буудах гэнэ гэх мэтийн үгс дуулдахад гэнэт "Сонровыг минь!" гэж хирдхийн бодоод зог туссан боловч өөрийн эрхгүй хүмүүсийн урсгалд автан элий балай цааш явлаа. Маахуур толгойн ард үнэхээр хэдэн машинтай ногоон малгайтан, буутай цэргүүд ирэн жагсжээ. Хүмүүсийг зайдуухан зогсоогоод хэдэн цэрэг хөл хорьсон улаан дээс татав. Нэгэн эгнээгээр Жагссан арваад буутай цэргийн цаад талд шинэхэн нүхнүүд ухаж гаргасан шороо харлана. Үнэхээр л хэн нэгннйг буюу магадгүй хэсэг хүмүүсийг үгүй хийх гэж буй бололтой. Хүмүүс цөм айн хирдхийсэн нүдээр хялмалзацгаан шивнэлдэнэ. Дотоод яамны хэдэн дарга нар чанга чангаар ярилцан хөхрөлдөнө. Хүний амийг хороох гэж байгаа бол арай ч хөхрөлдөмгүйсэн. Цэвэлмаагийн нүд бүрэлзэн, хөл нь туялзаад жигтэй. "Сонровыг минь! Сонровыг минь!" гэж дотроо орь дуу тавин төдхөн "Яалаа гэж! Яалаа гэж!" хэмээн аймшигт бодлоо хөөх гээд чадсангүй. Тийн байтал битүү хар бүхээгтэй ачааны том машиныг буутай хуягууд суулгасан задгай машин даган хүрч ирэв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа суудлын гялалзсан хар тэрэгнүүд хүрч ирэн алтан саа болсон баахан дарга нар гарч ирлээ. "Маршал Чойбалсан байна!" гэж хүмүүс шивгэнэлдэвч Цэвэлмаа түүнийг олж харсангүй. Хар бүхээгт машин руу амьсгаа даран ширтэн "Сонров минь гараад ирвэл яах вэ !" гэхээс өөргүй. Тэгтэл ч өнөөх хар машины бүхээг нээгдэн шар хувцастай арваад лам уван цуван гарч ирлээ. Гараа ардаа хүлүүлсэн, толгой нүцгэн тэднийг хоёр цэрэг сугадан буулгахад зарим нь тэр чигээрээ газар сөхрөн унахад цаанаас өөр хэдэн цэрэг гүйлдэн ирж чирч гулдран өнөөх нүхний ирмэгт аваачив. Хөөрхий лам нар ямар нэгнийг уншин дүнгэнэлдэх нь үүрээ сүйдлүүлсэн хэлгий зөгий мэт. Тийнхүү нүхний ирмэг дээр арван хэдэн шар хувцастан тэргүүн бөхийцгөөлоө. Тэд дүнгэнэлдсээр л байна. Нэг нь ч хашгирч орилсонгүй. Ногоон малгайтны хэн нэг нь урагш гарч эсэргүү хамба цорж нарыг цаазаар авах тухай улсын дээд шүүхийн тогтлолыг уншив. Салхин исгэрээд үг нь олигтой дуулдсангүй. "Хүрээний их хамба..., Банчин богдын элч... Японы тагнуул... Хувьсгалын эсэргүү... Хуйвалдааныг толгойлогч... Алан хядагч... хорлон сүйтгэгчид... гэх мэтийн бүдэг бадаг тасархай удархай үгс Цэвэлмаад сонсогдон харин буудан алсугай гэж сүүлчийн үг их л тод дуулдлаа. Цэвэлмаа нүдээ аних гээд чадсангүй. Өнөөх эгнэн жагссан цэргүүд урагш хэд алхлаад буугаа өргөж харагдана. Нүхний ирмэгт сөгдөгсдийн тэндээс ганц улаан орхимж салхинд хийсэн хагд өвсөнд орооцолдон дуртай дургүй холдон эвхрэнэ. Цэргүүд буугаа өргөн сөгдөгсдийн толгой уруу шагайгаад зөндөө удах шиг. Лам нар тэнгэр бурхнаа дуудан дүнгэнэлдсээр. Тэгтэл ч буу нирхийлээ. Лам нарын хагас нь урагш онхолдон алга болоод үлдсэн хэд нь торойн өцийлдөнө. Авгай хүүхнүүд тэссэнгүй эхэр татацгаалаа. Цэвэлмаа чимээгүй нулимсаа асгаруулав. "Бурхан минь! Бурхан минь! Бурхан минь!". Дахиад буу нирхийв. Олноороо бүр чарлалдаж гарав. Өнөөх лам нараас ганц нь онхолдолгүй үлдээд босон ирэхэд ногоон малгайтны нэг нь харайн очиж гар буугаар буудан унагав. Цугларсан олон гэнэт бут үсрэн тэр аймшигт газраас зугтаан унан тусан гүйлдлээ. Цэвэлмаа тэдний хойноос хөдлөх гээд хөлөө мэдэрсэнгүй. Салхи улин мөнөөх ганц улаан орхимж өвсөнд нэг торон нэг болин хийснэ. Цэвэлмаа тэр орхимжийг гөлрөн зогссоор байлаа. Хамбынд Бортолгойтой хамт очсон. Энэтхэгийн сармагчинд ноцуулсан нь гэнэт нүднээ харагдав. Үст Хөх шүдээ ярзайлган инээж байх шиг. Түүнийг санах тусам огидос хүрнэ. Одоо ч дотор нь муухайрч хамаг бие нь арзасхийв. Хэт сониуч хүмүүс мөнөөх буудуулсан лам нарын хүүрийг хэрхэн булахыг харах гэж хоцорсныг цагдаа нар хөөж, машинтай дарга нар давхилдан одов. Цэвэлмаа ухаан элий балай болсон буюу саа өвчинд дайруулсан мэт хөдөлж чадсангүй. Гэтэл хажууд нь Яндаг хүрч ирснийг гэнэт мэдээд,
- Намайг аваач! Би өнгөрлөө! гэж арайхийн дуугарав. Яндаг өнөөх халимаг сургагчийн тэргэнд сууж, цаазны газар ирсэн бөгөөд буцан хөдөлтөл Цэвэлмаа ганцаараа хөшчихсөн мэт зогсохыг үзээд машинаас буун хүрч ирсэн нь энэ.
- Чи яагаа вэ? гэхэд Цэвэлмаа сая хөлөө зөөн тавьж,
- Би өнгөрлөө! Гэрт минь дөхүүлээд өгөөч гэж уйлагнан гуйв. Яндаг хажуугаар өнгөрөх нэг машинд гар өргөн зогсоогоод Цэвэлмааг суулгаж авлаа. Эргэлдсэн улаан хуй салхи босож, тэнгэр газар нийлэв. Мөнөөх ганц улаан орхимж газраас тасраад тэнгэрт хөөрөн алга болохыг Цэвэлмаа үзэхдээ үнэхээр үү, аль хий үзэгдэл үзсэн үү, бүү мэд. Яндаг гэрт нь хүргээд цааш явах гэтэл,
- Манайхаар ороод гараач дээ гэв. Яндаг жаал эргэлзсэнээ бууж гэрт нь орлоо. Сонровын ээж хөгшин цай хоол оруулж өгөөд, дотоод яамны даргаас айх, горьдох зэрэгцэн хулгасаар гарахад Цэвэлмаа нүүр гараа угааж, шорооноосоо салаад Яндагт алчуур, саван өгөв. Чимээгүй цай уун, хоол идлээ. Яндаг гэнэт бишүүрхэн бэргэх нь хачин. Нэг их өрөвдөж гэмшсэндээ ч биш. Гоо үзэсгэлэн нь зовлонгоор этгээд чимэгдсэнийг ажсандаа ч юмуу, ямар нэг холын горьдлого дахин цухалзаад ч юмуу, нэг л өөр. Тэр юу хэлэхээ мэдэхгүй, Цэвэлмааг хулгайн нүдээр ажиж суулаа. "Чамаас би өс хонзонгоо авах гэж явах уу даа, болох ёстой юм болоод өнгөрлөө, би өнгөрлөө гэдэг чинь үнэн. Одоо ацагдсан юм эргэж ирэхгүй. Амьдрал эргэж хөрвөхөө хүрвэл ганцхан хүний санаагаар болдог гэдгийг чи мэддэг болоосой. Хувийн гэхээр юм улс орны хэмжээнд хүрлээ. Түүнд миний буруу байхгүй. Чиний ч буруу байхгүй. Та нар дэндэх нь дэндсэн. Жаргалдаа ташуурч болдогтүй хорвоо шүү дээ. Одоо гүрэн улсаараа хөдөлж хар буруу санаатны толгой дээр төрийн цааз буулаа. Гэмгүй хэдэн хүн хохирох нь юу чиг биш. Хэрвээ би сэжүүрийг нь гаргаж өгөөгүй бол бүх юм хуучнаараа байх байсан. Дайснууд бидиий толгой дээр цахиур хагалах л байсан. Хэрвээ бид урьтаагүй бол Эрэнцэнгийн хэлдгээр улаан суга руугаа хутга шаалгах байсан. Үүнийг чи ойлгох болоогүй. Чамд Сонровоос чинь үнэтэй юм энэ хорвоод байхгүй. Гэтэл тэр чинь буриадын толгойг, ах нарын чинь толгойг идлээ. Чи сайхан хэвээрээ, чиний энэ чинь зуурдын юм шүү дээ, хэрвээ чи байдгаараа л байсан бол, дээгүүр санаа санаархаж самуураагүй бол аавынхаа гэрт элэг бүтэн явахсан. Одоо яана гэх вэ, ёстой л үйлийн үр чинь энэ байх. Даанч хайр хүрмээр... хар цагаан хэл аманд өртмөөр аяг аашаа дарж явсан бол. Чи минийх болсон бол ... Цэвэлмаа нүдээ дүрлийлгэн хараад,
- Яндаг аа! Сонров үнэхээр эсэргүү юм гэж үү? хэмээн гэнэт асуув. Яндаг жаал түдгэлзээд.
- Хэргээ хүлээснээс хойш үнэн л байж дээ гэв.
- Одоо түүнийг яах бол?
- Ёстой мэдэхгүй. Хамба цорж нараас арай өөрөөр үзэх болов уу. Ямар ч гэсэн... гээд мэдэхгүй. Улсын итгэл хүлээсэн хүн мөртөө урвасан гээд бүр хүндэрч ч магадгүй.
- Би өнгөрчээ!
- Чи юундаа өнгөрөх юм! Төрсөн аав ээж чинь байж байна.
- Би л тэр хүнийг сүйтгэлээ. Намайг байгаагүй бол...
- Чамтай чамгүй хийдгээ хийх л байсан.
- Ямар гээчийн хэрэг хүлээгээд эсэргүү болсон юм?
- Японы тагнуулын бүлгийн толгойлогч хэргээ хүлээснийг яамныхан ярьж байна.
- Яндаг аа!
- Аан?
- Чи намайг баривчлуулаад өгөөч!
- Чамаар юу хийхэв дээ! хуультай юм хуулиараа
- Би бас хэргээ хүлээе л дээ
- Тийм хүүхдийи тоглоом шиг юм яаж байх вэ,
- Сонровтой минь ганцхан удаа уулзуулаад өгөөч!
- Харин гээ. Би тусгай хэлтсийн сургагчийг сайн таних болсон Хэлээд үзэж болох л юм. Цэвэлмаа гэнэт өмнө нь сөгдөн унаж, өвдгөөр нь тэврэн.
- Яндаг аа чи бид хоёр сайн явсан удаатай шүү дээ. Намайг өршөөлдөө. Сонровтой минь уулзуулаад өг! Тэгвэл би... Би чамд юугаа ч хайрлахгүй. Намайгаа хайрлаач гээд мэлмэртэл уйллаа. Хярлайж давхраатсан том хар нүднээс нь бөөн нулимс асгарах нь хаана нь байсан ус вэ гэмээр. Яндаг өөрийн эрхгүй ухарч гарыг нь салгаад аяархан түлхэж.
- Тайвшир, тайвшир, сайн бодъё! Уулзана гэдэг хэцүү л байх. Гэхдээ би тэр сургагчид итгэл олж авсан. Өөр ч танилууд бий. Чадна гэж би амлахгүй Цэвэлмаа минь. Ямар нэг холбоо тогтоохыг бодъё,. Ядахдаа цаас харандаа оруулж захидал авахыг хичээе гэхэд, Цэвэлмаа нулимсаа гараараа арчин тайтгаран ядах хүүхэд мэт сугшаад,
-Тэгээч Яндаг минь, би хэдэн үгтэй захидал бичье гэхэд, Яндаг,
- Чи жаахан хүлээ. Урьдаар би ямар холбоо тогтоож болохыг мэдье. Би хэд хоног яаманд чухал ажил дээр суух болсон. Ерөөсөө яамандаа алба хаах болж ч магадгүй. Чи жаахан хүлээ. Би одоо яам руу очоод арга сүвэгчилье. Би ямар тэндхийн горим дүрмийг мэдэхгүй биш. Эхлээд цаас харандаа оруулахыг бодох нь зөв биз гэв.
- Яасан сайн юм. Гараараа бичсэн бичгийг нь уншсан ч уулзсанаас ялгаагүй. Хичээгээрэй дээ. Одоо чамаас өөр хэн ч туслахгүй гэхэд гэнэт Яндаг урьдын Цэвэлмааг үзэх шиг болж сандран,
- За за. Би хэлсэндээ хүрнэ. Нөгөөдөр үдээс хойш гэртээ байж байгаарай. Би ирье гээд гарч явахад, Цэвэлмаагийн нүдний нулимс хатаж хацарт нь үл мэдэг ягаан туяа гарсан байлаа.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.18.11 4:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Цэвэгийг суулгасан яс цоож гадэг нь мөнөөх навтгар гяндангийн доорх гадагшаа хаалгатай харанхуй нүх байлаа. Зузаан банзан үүдний өчүүхэн завсраар гэрлийн үл мэдэгхэн зурвас орохоос өөр гэгээгүй. Газар шалтай, чулуугаар хашсан ханатай тэр нүх хүнийг амьдаар нь булшлахад зэхий таарсан эд. Эрэнцэнгийн ухаан энэ зэрэгт хүрэхгүй яана. Цэвэг энэ нүхэнд бараг бүтэн сар болохдоо тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр ердөө л нүхний амьтан болж хувирчээ. Харанхуйд харах нүдтэй, холын чимээг ялгах чихтэй ч болдог аж. Энэ тэрхнээ доороо дэвсэж удаан хэвтэхэд нойтон газар эгшиж хатаад чийг харвахаа болив. Яагаад ингэж ганцаарангий нь яс цоожинд хорьсныг тэр даан их удалгүй ойлгосон. Анхны байцаатгыг Эрэнцэн хийж Манжуур тийш оргож гарсан Жамцын Даштай ямар холбоо сүлбээтэйг асуухад.
- Хэрвээ тэр манжуур уруу оргосон бол хойшоо оросын хил гарч морио эмээлтэй нь модноос уяж орхиод явганаар явсан байхнээ гэсэн. Тэгээд л тэр. Эрэнцэн нэг их дошгирсон ч үгүй, Дашийн морь, эмээл болохыг юугаар нь мэдсэнийг хэлүүлээд,
- Одоо тэгвэл Сонровын эсэргүү тагнуулын бүлэгт хэзээ элссэн, ямар үүрэг гүйцэтгэж байснаа, улсын хоршоо худалдааг яаж хорлон сүйтгэх бодлого боловсруулснаа хэл гэж тулгасан. Тэгэхэд,
- Танай тэр Сонров эсэргүү тагнуул юм байгаа биз. Миний дүү хүүхнийг эхнэр болгох санаатайгий нь мэдэхээс цааш юмгүй. Хэрвээ эсэргуү тагнуулд дүүгээ холбосон хүн эсэргүү болдог бол болохоос яах вэ, өөр өчиж хэлэх юм даанч байхгүй гээд энэ яс цоожинд хаягдсан. Ер түймэрт явж, Дашийн морины сэгтэй тааралдаад хээрээс баривчлагдан нутгийн хэдэн эрчүүдтэй ачигдан нааш явах замдаа чухам юу гээч тохиосныг эргэцүүлэн бодтол юуны түрүүн Дашийг оргож алга болсон гэдэг огт худлаа юм байна гэж баттай бодсон. Түрүүнд ч итгэдэггүй байлаа. Жамцын гурван хөвгүүний сор, сайхан эхнэр хүүхэдтэй төвхнөсөн данагар айлын эзэн, нутаг нугадаа нэр нүүртэй эр ямар элэнцгээ хийж, юу нь дутлаа гээд харь холд хальж одох билээ. Яагаад ч юм хэн нэгэнд алагдсан буюу амь осолдсоноос зайлахгүй гэсэн таамаглал салдаггүй байлаа. Пунсалтай ойртохдоо ч хаа нэгтээ харь холын газар амьд мэнд яваа хүний эхнэртэй биш, эргэлтгүй алга болсон хүний бэлэвсэн гэргий, залуу зандан цагийнхаа сайн хүнтэй сэтгэлээ цайруулан ханьсав гэж өөрийгөө зөвтгөсөн. Тиймээс хүний мөсгүй сувдаг авилгач зан гаргалаа гэж санаагүй. Алагтай эрээнтэй хорвоо дээр амьдрал дандаа тэгш байх биш. Эрийн зэрэгтэй эр хүн байж нэг нөхрийнхөө тийнхүү алга болохыг хүлээн харсан мэт гон бие гозон толгой явснаа гайхах өдөр ирдэг байж. Гээд нутаг нугынхан юу гэх бол гэж хэчнээн болгоомжловч Пунсалыг тэгтлээ ээрч хоргоосон ч биш, зовох цагт нь түшиж явсан гэвэл гэх үгтэй байж. Гэтэл ийм юм болов. Чухам юу болсныг мэдэхүйеэ бэрх. Гэв гэнэт харанхуй нүхэнд хаягдан санаанд багтамгүй гэмт хэрэгт тулгагдахыг ямар гээчийн гай барцад, үйлийн үр гэлтэй вэ. Цэвэг яс цоожинд өчнөөн хоног хэвтэхдээ ухаан орсон цагаасаа үзсэн амьдралаа нэгд нэгэнгүй хөврүүлэн, бодол гүйцэх хамаг л хугачаа нугачаагий нь ухаж төнхөвч иймд хүргэхээр муу муухай нүгэл хийж гай барцад хураасан гэхээр юм даанч байсангүй. Ёстой л урд төрөлдөө араатан бэрд асан биз. Буян эс хийсний уршиг ч биз. Аав ээжийн адил гүн их сүсэг бишрэл үгүй ч бурхан тэнгэрийг хилэгнүүлж лай ланчиг хураахаар юу хийсэн билээ. Мэдэх юм үгүй. Тийн эргэцүүлвээс энэ бүхэн тун саяхны ямар нэг хэрэг явдал, цаг төрийн хувирлаас болсон нь тодорхой мэт боловч яг тэрнээс үүдэлтэй гээд хэлчих хэцүү. Сонров гэгч хэн байв аа? Үнэн хэрэгтээ Цэвэг түүнийг жирийн нэг танилын хэмжээнд л мэдэх аж. Дээгүүр албаны, эрдэм номтой, түвшин томоотой, элэгсэг нийцтэй, нэгэн гэхээс цаашгүй. Цэвэлмаад нь сэтгэлтэй болсныг гайхаж цааргалалтай юу? Тэр хүн үнэхээр гадаадын тагнуулын бүлгийн толгойлогч байгаад буриадуудыг элсүүлэх санаатай ирдэг асан бол дотно итгэл олсон хүндээ сэжигтэй үг цухуйлгах л байсан. Гэтэл ярьж хэлснийг нь хэчнээн дурсаж дэнслэвч ан гөрөө, аж төрлийн тухай л байж. Угаас үг дуу цөөвтөр бусдын яриаг чагнаж юу асуусныг нухацтайхан хариулдаг л нэгэн. Дээд албаны хүн тийм ч байхаас яах вэ, жаахан архи балгачихдаг гэхдээ үг яриа олширч оймтгордоггүй ер сайхан хүн. Цэвэлмаад үнэнхүү сэтгэл алдсан нь хэн нэгэнд муугаар үзэгдсэн байж болох боловч тэрнээс болоод ийм их гай гамшиг тарина гэж даанч баймгүй. Амин хувийн атаа хорсол хутгалджээ гэхэд ганц хоёр хүний хоорондын явдал болохоос биш ингэж өч төчнөөн хүний хувь заяаг дайрахад яахин хүрэх билээ. Энэ мэтийг эргэцүүлэн бодоход эцэстээ Даш яасан бэ. Яндагаас юу гарсан бэ? Сонров хэн бэ? Би яасан бэ? гэдэгт л эргэлдэхээс өөргүй.
Цэвэгийг хар нүхэнд хааснаас хойш хоёр гурав хонуулаад л нэг байцаана. Анхны байцаалтанд орохдоо Эрэнцэнгийн ширээн дээрх ташуурыг хараад "үүгээр яадаг юм болоо? гэж хальт бодон, харцаа дошгируулж уруул амаа шазав татав хийлгэх, ташаа тулан ханхалзах нь шийд наадаж буй мэт тэр хүнээс сайн юм гарахгүйг даруй мэдэж шазруун янзаар өчиг өгсний шанд хар нүхэнд орсон. Чингээд нүхний амьтан болж, дахиад хүн болох эсэх тодорхойгүй нь гачлантай, ер яагаад ч юм тэр нүхнээс амьд мэнд гарч нартын амьдралыг хүн шиг үзэж явах хугацаа дууссан гэдэг бодол өдөр ирэх бүр батжина. Эрэнцэнг залгаж авсан байцаагч нэг л олиггүй шулбагар дорой царайлах мөртөө хачин агдагнасан, орилоо өсөд нэгэн байлаа. Тэр ганцхан л юм хэлүүлэх гэнэ. Тэрнээс өөр юм хэлүүлэх хэрэггүй гэж хэн нэгнээс заавар тушаал авсан нь илт. Чоно шиг хүний нүд рүү биш хөл рүү харж суугаад,
- Сонровын эсэргүү тагнуулын бүлгэмд хэзээ элссэн бэ? Танай бүлгэмийн өөр хэн хаана байна? Гэсэн хоёр юм л гуншигнан асууна. Тэр асуултаа түмэнтээ давтах нь бүр нэг залхуугүй. "Үгүй, мэдэхгүй" гэхээр нөгөө хөл рүү хэсэг ширтээд цаасан дээр энэ тэр юм эрээчин дахин өнөөх асуултаа асууна. Тэгснээ тэсвэр алдахдаа гэнэт харайн босоод шүлс үсэргэн хашгирч гарна. Үнэхээр уурласан, больсныг мэдэхийн аргагүй.
- Муу үхэр буриад! Адгийн муу новш! Хар нүхэндээ хатаж үхвэл таарна! Монголыг сөнөөх гэсэн хувьсгалын эсэргүү, цагаантны угсаатны муу гөлөг, халхын буянд сагасан цөөвөр! Та нарыг цөмийг тонилговол таарна! Самурайн тэнэг боол! Ардын дайсан! Цөмийг өрлөж цаазалвал таарна! Энэ мэтийн хараал урсгаад гэнэт дуугаа хурааж, хэсэг духайн сууснаа улигт байцаалтаа эхэлнэ. Цэвэг түүнд байцаагдах бүрдээ үзэн ядах сэтгэл улам лавширч байлаа. Харахаас нүд хорсоно. Олхиогүй царайлсан мөртөө ийм орилоо хараалчийг энэ насандаа үзсэнгүй. Хүнийг хараан доромжлохын дон гэж байдаг бол тэр нь энэнд л тусжээ. Цаанаа нэг гөлөлзүүр зориггүй бөгөөд тэр их орилоон хашгираанаар л өөрийгөө зоригжуулдаг нь илт. Харин тэнхээ хүрэхгүйдээ ч үл зориг дутаад ч юмуу зодож тамлахгүй байв. Гэтэл хэн нэгэнд тамлуулан тарчлагсдын дуу хар нүхэнд нь хүртэл хааяа дуулдана. Ер зүв зүгээр аж төрж явсан хүн зон гэв гэнэт тамын оронд хувилан төржээ гэмээр. Цэвэгийн сэтгэл мохож эхэллээ. Яс цоожны нүхэндээ нүд хамхилгүй, хязгааргүй харанхуйг ширтэн хэвтэхдээ өнөөх л хэн яасан бэ? гэдэг хариу олж ядан ядсаар сүүлдээ ганцхан Яндагт л бүх юмны үзүүр сэжүүр байх шиг санагдах болов. Анхандаа Дашийг ямар нэг хэргээр хил гарч яваад Оросын харуулд буудуулсан болов уу гэж л боддогсон. Яндаг Цэвэлмаа хоёрын явдлыг таамаглавч огт хэрэг болгон сонирхдоггүй байж. Дүүгийнхээ хийсвэр занг мэднэ. Гэм хоргүй шалиглах алийг тэр гэх вэ, залуусын явдал ерөөс хөнгөн хуумгай болсон гэлцэх. Хүүхнүүд хэзээ ч л нэг их нарийн андгайтай билээ. Гэвч Цэвэлмаа Сонров хоёрын явдал Яндагт гомдол хорсол төрүүлснийг үгүй гэх газаргүй, гэхдээ тэр нь Дашид ямар хамаатай билээ. Даш Цэвэлмаа хоёрын дунд ямар ч холбоо сүлбээ байгаагүй. Жамцын хөвгүүд Халх нөмрөгийнхөнтэй арилжаа наймааны холбоотойг мэдэх хүн цөөнгүй. Харин хэн нэгийг нь Манжуур тийш гарч явдаг гэсэн санаа хэнээс гарах вэ? Тэр мэтийг мөрдөн мөшгиж, мушгин мугуйдлах хүн Яндаг л байж таарна. Ингээд бодоход эцсийн бүлэгт Дашийн алга болсон нь Яндагтай холбоотой байж болох мэт. Гэтэл Дашийн аминд хүрэхээр аюултай эвдрэл хагарал, өш хонзон хаанаас гарах билээ? Сонров үнэхээр эсэргүү тагнуулын бүлгэмийн толгойлогч байгаад Жамцынхныг элсүүлсэн хэрэг байв уу? Аль Сонровыг гүжир гүтгэлэгэнд оруулж дарах хэн нэгний санаа хутгалдав уу? Цэвэлмааг холдуулах нь гэж Яндаг Сонровт хорсоод зохиомол хэрэг гаргах гэж Дашийг үгүй хийв үү? Тэгж чадах л хүн. Тийм аюултай санаа жирийн хүнээс лав гарахгуй. Дотоодыг хамгаалахынхан чухам ямар явуулга хийж хэнийг яаж устгадгийг ганц бурхан тэнгэр л мэдвэл мэднэ. Хэрвээ Яндаг Дашийг алсан гэвэл яахаараа тэр чадалтай бол чадалтай, зоригтой бол зоригтой эр хилийн ар хүртал түүнд хөтлүүлж очоод хороолгосон байх вэ? Гэхдээ Яндаг ямар ч мэх хийсэн байж болно. Даш муу саналгүй мэхлэгдэн тийшээ дагаж очсон ч юм билүү?
Цэвэг сүүлчийн байцаалтын өмнөх шөнө үүр цайтал энэ мэт олныг эргэцүүлэн бөөснийхөө бэлчихийг чагнаархан хэвтлээ. Бөөсөндөө хэт баригдахаар загатнахыг ажрахаа болиод тийнхүү зүгээр л арьсан дээгүүр нь бэлчихийг мэдрэх төдий болдог аж. Түймэрт өмсөж явсан дулаан муу хувцас нь харин ч яс цоожинд хэвтэхэд хэрэг болов. Ер санавал энэ хавар нэг л муу ёрын хавар байж. Хар эрт цас ханзарч гандсан, өнөөх үзэгдээгүй модны хорхой гэнэт тархсан, хөвчид их түймэр гарсан, цөм л муугийн ёртой. Олны ам бол ноднингоос хойш даанч муудсан. Амны билгээс ашдын билэг гэдэгсэн. Гэтэл чухам юуны ерөндөг туссаныг бүү мэд. Шашин бурхан мөхөж, цөвүүн цаг ирнэ, дайн дажин болно, өвчин тахал дэлгэрнэ л гэцгээнэ. Тэр л ёсоор боллоо. Буриадын эрчүүд ойрын жаранд чухам юуг эс үзэв. Оросын цагаан хааны албат харъяатын хувьд Орос Германы буюу дэлхийн I дайн гэгчийн үеэр олон зуун хөвгүүд дайчлагдан фронтын ар талын ажил хийхээр Цагаан тэнгисийн хөвөө хүрсэн. Тэр дайны гал дөнгөж унтраад байтал улаан, цагааны хооронд иргэний дайн болж Сэлэнгэ, Дагуурын хасаг цэргийн буриад хөвгүүд бас л мордсон, дараа нь халх монголоо бараадан иртэл Барон жанжин гэгчийн шадар Ванданов, Жамбалон нарыг дагах хэрэг тулсан. Эцэст эсэргүү хэмээгдэн энэ болов. Заяа муут зон биш гэж үү? Цэвэг буриад болж төрсөндөө гомдох шиг ч хэрвээ Хэрлэнгийн халхын гэрт төрсөн бол ямар ч хардлага сэжиг үгүй, морин дэл дээгүүр чөлөөтэй давхиж явахсан биз. Гэтэл хаана хэн болж төрөх санаагаар болох биш. Зовлонгийн зурагтай зоны үр сад ингэж л тарчлагдан тамлагдахаас биш яах вэ.
Цэвэг үүрээр сая унтаад ийм нэг зүүд зүүдэллээ. Урд хар уулын оройгоор тэнгэрт нөжин улаан туяа татжээ. Тэгтэл галт үүлс хуралдан тэр ууланд түймэр гарч байгаа буюу газрын гаваас улайдмал лаваар тургиж байх шиг. Хэн нэгэн бээр бурхад шатаж байна гэнэ. Гал там гэдэг чинь энэ шүү дээ. Одоо чи түүнд унаж бурхдын хамт шатаж үхнэ гэнэ. Бурхдын хамт шатвал ч бас яамай билээ. Гэтэл муухай хар нүгэлд унасан хүн яаж бурхадтай нийлэх билээ? Дөл бадарсан уулс холдон өнөөх ар уулын бэлд баахан хохимой овоорон хэвтэнэ. Гал тамд шатаж үхэгсдийн хохимойнууд бололтой. Тэр олон цагаан хохимойн овоон дээр том хар шувуу сууж байна. Тэр аймшигт шувуу аягын чинээн гал нүд, махир хошуугаа эргэлдүүлэн "Одоо хэний нүдийг тонших вэ? Хэний нүдийг тонших вэ?" гэж гуагална, Энэ чинь өнөөх Сонровын сүнс махчин хэрээ л байж таарна. Цэвэлмаа яасан юм бол? Цэвэлмааг чинь энэ хэрээ аль хэдийн тасдаад идчихсэн. Өнөөх хохимойн овоо гэнэт задран дотроос нь Цэвэлмаа гэнэт гарч ирнэ. Тэрний үс гэзэг сэгсийгээд царай зүс муухай гэж аргагүй. Тэр, ах минь чи наадах бөөснүүдээсээ өгөөч, би турж үхлээ, бөөсийг чинь түүж идье гээд гингэнэтэл уйлна. Муу гичий чи тэр Сонровтойгоо л үхэж хэвтэхгүй, юунд наашаа ирэв ээ? Чамаас л болоод би тамд орлоо. Муухай гичий чи зайл! Зайлна уу, үгүй юу! Цэвэг хашгираад сэрчихлээ. Зүүний сүв шиг үүдний өчүүхэн завсраар үүрийн туяа тусжээ. Юунд ч юм их халууцан хөлс чийхарч байлаа. Толгой хачин Дүйрэнгэ ам хатжээ. Нарнаар жаахан ус талх өгөхийг хүлээхээс өөр ам норгох юмгүй. Цэвэг үхэх юмсан гэж гэв гэнэт бодов. Тийм бодол одоо болтол орж ирэхгүй л байсан. Гэтэл одоо амьд яваад хэрэггүй, үхэхээс дээр юмгүй гэж тов тод бөгөөд шийдэмгий санаа гялсхийлээ. Яагаад үхэх билээ? гэж асуух ч огтоос илүүц. Толгой нь ч өөрийн толгой биш шиг. Ерөөс бүх бие нэг л хачин, яагаад ийм болсныг мэдэх аргагүй. Саяын зүүд жирийн л нэг хар дарсан зүүд гэвч дэндүү тод өнгөтэй, үг хэлтэй байлаа. Санааных нь гүнд нэг л юм шүглэчихэж. Амьд яваад юу хийнэ гэсэн бодол ердөө л төвөнхөнд нь тээгэлдчихэж, харин цээжинд нь ямар нэг далдын санаа цухалзавч гарч ирэхгүй аж. Тэр нь магадгүй яаж үхэх вэ? гэсэн санаа ч биз. Унтахын өмнө энэ бүх арван хорын үүсгэл Яндаг дээр гэдэгт бүрэн итгэнгүүт эндээс амьд гарах ямар ч нүх сүв байхгүйг мөн гэнэт ухаарсан. Дотоодыг хамгаалахын хувцас өмссөн тэр хүн бусдын атаа шуналтан, гэмгүй олонд тамын зовлон амсуулсны хариуг хэн ч хэзээ ч авч чадахгүй. Цэвэг тэр л аюулт хорлолын эд мөрийн баримтыг тохиолоор харж ганц үг хэлснээрээ энэ хар нүхэнд л дуусах ёстой. Түүгээр ч зогсохгүй Сонровын эсэргүү бүлгэмийн гишүүн гэдгээ хүлээгээд нөхдөө хамсаатан болгож илчлэн татаад дуусах ёстой. Ийм л хувьтай төрсөн хүний өөдөс байж. Одоо ямар ч хатуу зориг гаргаж сөрөөд, хамаг гэм бурууг яаж ч өөр дээрээ тохоод нэмэр байхгүй. Гэтэл хамгийн аймшигтай нь яаж үхэх вэ! Яаж үхэхээ мэдэхгүй нь аймшиг. Ийм л мөч тулаад иржээ! Гадаа нар мандаж буй бололтой. Нар үхмэл дэлхийд мандсан юм шиг анир чимээгүй. Тамлагчид болоод тамлуулагчид сэрээгүй байна. Цэвэг үүднийхээ харуулын байгаа эсэхийг үл сонирхоно. Харин байцаалтанд аваачихаар ирэх хуягийн алхаа гишгээг ч андахаа байж. Өглөөнийх нь ус талхыг гал тогооноос харуулд авчрагч зүүн талаас, байцаалтад аваачигч баруун талаас ирдэг. Гэтэл өнөө урьдаар баруун талаас шоронгийн хуяг алхлан ирэх сонсогдов. Төдхөн хаалганы цоож харжигнан онгойлоо.
Хоригдол гараад ир! гэж байна. Цэвэг яаралгүй өндийж бөөсний үүр болсон муу хувцсаа өмсөөд дээлээ нөмөрч гарлаа. Хуяг заримдаа дээлийг нь толгой дээгүүр нөмөргөж заримдаа эс нөмөргөх учир одоо яахыг хүлээв.
- Дээлээ толгойдоо! Гараа ардаа! гэж тушаав. Ингээд шоронгийн навтгар хар байшингийн нөгөө үзүүрт байх байцаагчийн өрөөнд очлоо. Мөнөөх шулдгар байцаагч төмөр сараалжит өмгөр тасалгаанд хөл рүү нь хардгаараа харж сууна. Цэвэг толгой дүйрч чих шуугиад бие нэг л биш тул хана түшиж зогслоо. Байцаагч нагаанаа ширээн дээрээ тавьжээ. Цэвэг өөрийн эрхгүй түүнийг нь хараад авав. Гэтэл шулдгар ямар нэг далд хараагаараа мэдсэн юм шиг буугаа авч өмднийхөө халаасанд шургуулаад,
- Юу гэж хүний буу уруу хараад байгаа юм? гэлээ. Цэвэг дуугарсангүй. Шулдгар цонхны тавцан дээрээс нэлээд том чулуун суурьтай бэхийн саваа авч ширээн дээрээ тавиад үзэг дэвтрээ гаргаж хэсэг дуугүй сууснаа хажуу тийш нь самнасан шингэхэн хар халимагтай жижигхэн шовгор толгойгоо өргөж бараг л анх удаа нүд рүу нь харлаа. Тэнэг гэхэд тэнэг биш, ухаантай гэхэд ухаантай биш юуг ч үл өгүүлэгч бүүдгэр бөгөөд жартгар бор нүд харж байлаа. Тэр бүүдгэрийн гүнд өнөөх орилоо дууных нь өнгө нуугдсан шиг. Хэчнээн хилэгнэлээ гээд энэ нүднээс гэрэл гарахгүй харин хахир муухай дууных нь өнгө хоолойноосоо биш нүднээсээ гарч ирдэг гэлтэй. Нүдээрээ аниргүйгээр хашхирч чаддаг, цээжин доторх уур хилэн нь халихдаа эхлээд нүднийхээ нүхээр асгараад дараа нь жигтэйхэн урагш ёрдойсон төвөнхөөр нь түрэгдэн хоолойгоор нь асгаран гардаг гэлтэй. Цэвэг ийм хачин юм бодоод юунд ч юм дотор нь харанхуйлан багтарлаа. Одоо энэ төвгөр төвөнгөт жартгар нүдэтийн хараалыг яавч тэсвэрлэхгүй. Хараан зүхэх нь ч гарцаагуй. Хүний буу уруу юу гэж хараад байгаа юм гэхдээ орилон хашхирах бэлтгэлээ нэгэнт гүйцээсэн нь илт байлаа. Цэвэг энэ шулдгарыг ингэтлээ үзэн ядах болсноо гайхав. Ямар тамлаж зовоосон биш. Хэрэг хүлээлгэж чадахгүй цухалдахдаа орилоо л биз. Цэвэгийн хараа өнөөх бэхийн савны чулуун тавиур дээр тогтов. Шулдгар харин одоо нүд рүү нь харж байгаадаа ч тэр үү "Чи үүн рүү юу гэж хараад байгаа юм" гээд зайлуулсангүй. Шулдгар нүднээс нь хараагаа салгалгүй босоод ирлээ. Тэгснээ шазуураа зуугаад шүднийхээ завсраар ийн өгүүлэв:
- За дуулж бай! Чамд эцсийн удаа асуулт тавья. За бол за, үгүй бол үгүй. Мэдэв үү? Чамаас бусад нь цөм хэргээ хүлээсэн. Тэднийг цөмийг устгана. Чи ганцаараа амьд үлдэх санаатай юу? Тийм гээч! Хэрвээ чи одоо л үнэнээ хэлэхгүй бол эсэргүүгийнхээ сүрэгт ч нийлэхгүй яс цоожинд хатаж үхнэ. Дуулав уу? Чамайг гар хөлийг чинь гавлаж дөнгөлөөд хар ус ч өгөхгүй хатааж ална. Ойлгов уу? Одоо ганц асуултанд хариул! Миний мянган удаа асуусан тэр л асуултанд хариул! Чи гадаадын тагнуул хувьсгалын эсэргүү бүлгийн гишүүн мөн үү? Цэвэг нүдээ анив. Мөн гэж хэлэх гэтэл зүрх нь цовхроод хоолойд нь тээгэлчих шиг. Гараараа хоолойгоо шувтраад урагшаа нэг алхан,
- Муу гөлөг чи одоо намайг бууд! гэж шивнэв. Хашхирах гэсэн авч Шивнэх дуун гарав. Шулдгар урагш үсрэх мэт улам өцийгөөд,
- Ай муу үхэр буриад! Одоо чамд ... Цэвэг урагшаа ганц үсрээд ширээн дээрээс бичгийн чулуун тавиурыг шүүрэн авч шулдгарын тархи дундуур буулгаж орхив. Тэр аан гэж дуугаралгүй ширээгээ мөргөн унаад, завьжаар нь цус сад тавив.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.19.11 7:03 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Гяндангийн гэгээвчээр нарны гэрлийн зурвас орж ирэхэд Сонров нүдээ нээлээ. Одоо тэрбээр унтах болихын хооронд л шөнийг өнгөрүүлэх болж. Ухаан саруул хэвээрээ боловч биеийн тэнхээ бүрмөсөн шахагдан алдраад гүйцэд амран нойрсож чадахгүй бөгөөд зүгээр л үргэлжийн нойрмог байдалтай байна. Бодол санаагаа саруулжуулахын тулд нэлээд хүчлэн байж тэрхүү үргэлжийн нойрмоглолоо хөөнө. Тэнхээгүй гараараа биеэ чимхлэн, хүндэрсэн толгойгоо сэгсэрч нүдээ ус юмуу цайны шавхруугаар чийглэн мөнөөх нарны толбыг хэсэг пшртэхэд ухаан бодлыг нь боон барьж байсан хаалт алгуурхан нээгдэх мэт болно. Одоо ч Сонров хар цайнаас балгаж амаа дэвтээгээд бүснийхээ үзүүрийг норгон нүдээ арчиж хэсэг чагнаархан хэвтлээ. Өчигдөр үдийн хойно сүүлчийнхээ мэдүүлгийг өгсөн. Босох тэнхэлгүй болсон түүнийг дамнуурга дээр дамжилж аваачаад мөнөөх томоотой царайлсан Бадам, бүдүүн халимаг сургагчийн хамт байцаасан бөгөөд Сонров ч сүүлчийн өчгөө өгөхөөр нэгэнт шийдсэн тул өчнөөн хоног сарын турш тамлан тулгасан бүх хэрэг гэгчийг нь хүлээгээд байцаалтын олон хуудас протоколд гарын үсгээ зурсан. Чингээд даан их цаг баралгүй бүх юм дууссаны дараа амьдын авс болсон тасалгаанд нь дамнаж оруулахад дагаж ирсэн нэг танихгүй хуяг гарт нь нэг юм атгуулсан нь эвхсэн хуудас цаас богинохон харандаа байлаа. Сонров гянданд өнгөрүүлсэн хэдэн сард анх удаагаа өчүүхэн ч атугай баярын сэтгэл цухалзан "Цөмөөрөө араатан байх ч гэж яахыг хэлэх вэ дээ" гэж бодсон.
Сонров нарныхаа толбыг хэсэг ширтэж ухаан бодлоо дуудан ирүүлээд, дэрэн доороосоо өнөөх харандаа цаасаа авч хажуугаараа эргэн ханзныхаа банз дээр цаасаа аятайхан дэлгээд тэнхэл алдарсан хуруугаараа харандаагаа арайхийн барьж ихэд хичээнгүйлэн гаргацтай үсгээр ийн бичиж эхлэв: "Цэвэлмаа минь ээ! Хэн нэгэн буянтны ачаар чамдаа сүүлчийн хэдэн үгээ бичих боломжийг олоод надад тамын орон гэгч ижил дасал болсон гяндангийн бүрэнхий тасалгаанаас чамдаа энэ захидлыг бичлээ. Үүнийг мннь хадгалж яваарай. Энэ тамын оронд өнгөрүүлсэн өдөр хоногуудад би сэтгэлээрээ чамтайгаа хамт, ганцхан чинийхээ халуун хайрын сэтгэлийг үгүйлэн дурсахын учир энэ аймшигт гүжир гүтгэлэг, эрүүдэл тамлалтын дунд хүнээ алдалгүй өнөөг хүрлээ. Одоо би туйлдаж гүйцлээ. Эндээс амьд мэнд гарах найдвар бүрэн дууслаа. Миний насны хэмжээ ингээд дуусах байжээ. Би мөн ч их тэслээ. Хүний амь бөх, тэсвэр барагдашгүй юм байна. Гэвч аливаа юманд хязгаар буйн учир миний чадал тэнхээ аргагүй барагдлаа. Сүүлийн арав гаран хоног би хоол унднаас бүр гараад одоо амаа норгох төдий хэвтдэг. Байцаалтанд дамнуургаар очдог боллоо. Хүн нэртэй, хоёр хөлтэй энэ араатнууд өрөвдөх өршөөх сэтгэлийн өөдөөс тасархай ч үгүй юм. Эд нар яагаад ингэж улангассаныг би бодон бодон байж саянаас л ойлгож эхэллээ. Учир шалтгаангүй, үр дагаваргүй юм гэж байдаггүй хойно
энэ бүхний учрыг өнөө үгүй гэхэд нэгэн цагт, магадгүй бидний хойч үеийнхэн олж монгол улсын минь дайрсан энэ гашуудалт аймшигт цагийн хөлд хэлмэгдэж үрэгдсэн амьдрал үйлсийн үнэн мөнийг гаргаж өршөөх биз ээ. Нэгэн цагт өршөөгдөхийн тулд өнөө хэлсээр өнгөрнө гэдэг даанч ухаан санаанд багтамгүй гэвч ингэж аймшигтайгаар төөрөлдсөн цаг төрийн хатуу хууль цаазын илд сүх дор толгойгоо тавьж өгөх эмгэнэлт хувь заяатай миний мэтийн гэмгүй олон амьтан энэ л үедээ түмэн олныхоо өмнө буруугүй буруутан болж хараал идэхээс өөр замгүй боллоо. Би хүний сайн сайханд, энэ монгол улсынхаа сайн сайханд ямар их итгэж явж вэ! Хувьсгалт нам засаг минь гагцхүү хүнийг хүн шиг болгож дээр дорын ялгатгүй эрх тэгш, элбэрэл журмыг сахисан, эрдэм номыг хөөсөн гайхамшигт нийгэм журмын шинэ ёсыг дэлгэрүүлж байна гэж итгэдэг, түүний төлөө чадахын хэрээр зүтгэдэг, энэ зэргийн харгис бурангуй явдал гарч олон түмнийг зовлонгийн далайд умбуулдаг цаг бүрмөсөн өнгөрсөн болохыг үзэл сургаалаараа баталсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй юмсан. Гэтэл юу гэгч болов оо! Би монгол хүнийг ийм улангассан араатан мэт харгис хатуу байх юм гэж даанч санасангүй. Гэтэл хүн гэдэг ямар ч болж болдог юм байна. Цэвэлмаа минь чи хавар Шийяанзанд болсон дотоодыг хамгаалахынхны найранд очсоноо санаж байна уу, Бадам гээд нэг дуугүй царайлсан хүн байсан. Баян даваа нь дээр намайг тэр баривчилсан шүү дээ. Тэр намайг олон дахин байцаалаа. Ердөө ч царайгаа хувьсхийлгэлгүй, томоотой сууж байгаад л хүнийг тамлана. Хүнийг тамлахын төлөө төрсөн тэрнээсээ таашаалыг авдаг хүн байдаг бол Бадам мөн. Өнөөх Хөх комиссарын тухай хэлээд яах вэ. Тэр ганц удаа байцаахдаа хамаг шүдийг минь үйртэл цохисон. Цэвэлмаа минь чи миний төлөө гуйж тэдэнд бүү ойртоорой. Тэр Хөх бол Чойбалсан мэтийн дэргэд л байж таарах ёстой хүн биш сармагчин юм. Ерөөс хамгийн гутамшигтай нь Чойбалсангаас эхлээд манай Улсын засаг төрийн удирдах тушаалтан бараг цөмөөрөө сармагчингийн дүрд хувилжээ. Тэгснээс л энэ бүхий л аймшигт явдал үүслээ. Тэд өөрсдийн бодож сэтгэх чадвараа бүрмөсөн алдаад ганцхан хойноос ямар тушаал заавар ирэхийг чих тавин хүлээж суудаг, хойно юу хийнэ түүнийг дагаж эндээ харин улам мутуйт мулгуугаар хийдэг болжээ. Хүн хүнээ алджээ. Монгол хүн монголоо алдаж хамаг ёс төр, мөс чанараа уландаа гишгэжээ. Тийнхүү хайран улс минь мөхлийн замд орлоо. Хүн хүнээ, монгол монголоо алдахад яасан багахан зай байж вэ! Аль тэртээ дээр цагаас харийн хар элэгтний хаясан эвдрэлийн ясыг өлсгөлөн ноход мэт шүүрэн явдаг цаг өнгөрлөө гэсэн эндүүрэл байжээ. Би чинь хувьсгалын суртлаар хүмүүжсэн энэ төрийн албан хаагч, дайсанд бол хатуу л байхыг номлоно. Үүнгүйгээр хувьсгал ч үгүй, улс гүрэн тогтнохгүй гэдгийг мэднэ. Гэтэл улс гэрээ толгой даан авч явах ухаан чадваргүй бүлэг этгээд бусдын зааварт орж ямар ч гэмгүй хүмүүсээ дайсан болгоод өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр тамлан тарчилгах нь манай монголын түүхэнд урьд өмнө үзэгдээгүй бурангуй явдал билээ. Эцсийн бүлэгт яагаад иймд хүрснийг ухамсарлахад төвөггүй. Би чинь ганц өөрийн төлөө бус миний хамсаатан гэгдсэн хөөрхий гэмгүй хүмүүсийн төлөө цаглашгүй өр өвдөн гашуудахдаа энэ гяндангийн хананд тусдаг нарны өчүүхэн толбыг ширтэн түмэнтээ санаашрахдаа чухам юуны учир ийм болсныг бараглан төсөөлөх боллоо. Манай улсын жанжин сайд нар даанч харалганы хажуугаар дэндсэн хар муу санаатайгий нь хэн нэгэн бээр ашиглан магадгүй гадаадын тагнуулын газраас яс хаяж, магадгүй манай улсын хувьсгачын жинхэнэ эсэргүү бүлэг этгээд тэдэнтэй сүлбэлдэн улс орны маань хүчийг сулруулан, эвдрэл хагаралд хүргэхийн тулд огт худал зохиомол хэргийг үүсгэн, нэг бодлын маш нарийн аргаар нөгөө бодлын болхи мугуйд аргаар миний мэтийн бэлэн идшийг олж хаашаа яаж хөдлөн юу хийхийг нь ажин байсаар магадгүй танай буриадын дотроос сэжигтэй явдалтай хүмүүс ганц хоёр байсныг далимдуулан хэдэн арав, зуун хүмүүсийг золиосонд гаргаж чадлаа. Энэ тухай чамд олныг нурших юун. Хожмын өдөр миний энэ бодол санаа батлагдах нь магад тул хайрт хонгор чамдаа үүнийг хадгалуулан итгэж буй хэрэг Одоо хамгийн хэцүү зүйлийг өгүүлье. Өршөөгөөрэй намайгаа. Би чинь эцсийн хүч ухаанаа шавхаж байиа. Амьд хүүр болсон надаас ухаан минь арай зайлчихаагүй учир сүүлчийн үгээ хэлж байгаа минь энэ. Өчигдөр би сүүлчийн өчгөө өглөө. Надад тулгасан бүх хэргийг хүлээлээ. Дахин бага ч гэсэн тамлал доромжлолыг тэсвэрлэх чадал үнэндээ шавхагджээ. Ухаан санаа, бие махбодь минь эмзэглэл зовлонгийн хязгаарт туллаа. Намайг тарчлаан зовоогчид улам бүр араатан болоход би улам бүр арчаагүй амьдын гол төдийтэй амьтан болж хувирлаа. Миний хэмжээ ийм л байж. Хувь тавилан минь ийм л байж. Би тэсээд тэсээд яах байсан бэ! Унтарч байгаа амиараа хэдэн ховдог нохдыг тоглуулаад, амьдралынхаа эцсийн ганц өдрийг ч амар тайван өнгөрүүлж чадахгүйд хүрнэ. Сүүлчийн удаа хайрт чинийхээ, хөөрхий зовлонт аав ээжийихээ дүрийг ухаан санаандаа дуудан хараад өвдөж шаналах юмгүй мөнхийн нойроор нойрсохыг ганц хүснэ. Цэвэлмаа минь ээ! Би хүн гэгчид ямар их итгэж явж вэ! Муу муухай хүмүүс байх нь байдаг. Муугийн дотроос мууг олъё гэвэл Хөх мэтийн юмнууд гараад л ирнэ. Гэхдээ хүн араатан хоёрын хооронд ямхын төдийхөн зайтай байх юм гэж даанч санасангүй. Гэхдээ л сайн сайхан нь олон, муу муухай нь цөөн гэдэгт үл эргэлзэнэ. Одоо муу хүмүүсийн цаг иржээ. Бурхны шашны ёсоор бол цөвүүн цаг гэгч магад иржээ. Хайрлах нигүүлсэхийн ёсыг ганцхан шашин бурхны сургаалаар биш хувьсгалын сургаалаар мандуулж болно гэсэн маань эндүүрэл байсан бол ямар цаглашгүй гашуудал вэ. Хүнд хэзээ ч дайсан нөхөр зэрэг оршино. Гэтэл дайсан нөхөр хоёроо үл ялгах харгис мунхгийн төөрөгдөлд бид бүгдээрээ орсон бол энэ улс мөхлийн замд орох нь гарцаагүй. Хүн гэгч ийм л хатуу зовлонгийн цагт өөрийн эрхгүй сүсэглэлд автдаг аж. Би чинь дотроо битүүхэн та нарынхаа хойчийн төлөө бурханд залбирч хэвтдэг боллоо. Шүтсэн шүтээн минь ийм харгисаар булшлагдсан болохоор одоо би юунд шүтэх вэ! Монголын тэнгэр бурхан та нарыг минь өршөөх болтугай! Цэеэ минь! Би сүүлчийн өчгөө өгөөд тэр гадаадын тагнуул эсэргүү бүлгийн нэг толгойлогч гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Чиний ахын бичсэн гэх захидал, миний гайгаар баривчлагдсан танай нутгийнхны мэдүүлэг цөм худал гэдгийг би бүр анхнаас нь мэдсэн. Гэвч тэдгээр гэмгүй хүмүүс дотоод яамны араатнуудын харгислал тамлалыг удаан тэсвэрлэж чадахгүй хэрэг хүлээн, сүүлдээ бие биесээ болоод намайг илчлэхэд хүргэснийг ойлгохоос өөр аргагүйд хүрлээ. Тэд ч гэсэн хүнтэй л адилхан сайнтай муутан, нөхөр дайсан, өстөн өршөөлтөн аль бүхнээрээ байх учир энэхүү аймшигт хуйвалдаан зохиомол хэргийн золиос болж өнгөрлөө. Тэдэнд гомдох юм огтхон ч алга. Нэгэн цагт үнэн үнэнээрээ олдож, нүгэлтний нүгэл нүдээрээ гарахад тэдний үр ач нар тэднийгээ ч намайг ч өршөөнө. Танай буриад зон гүдэс шулуун зантай сайхан хүмүүс. Хамгийн харамсалтай нь цусан барилдлагат Монголоо бараадаж хувьсгалт засаг төрийн өршөөлд багтлаа гээд аймшигтай хардлага сэрдлэгэнд өртөж хэлмэгдсэн нь үеийн үед мартагдахгүй. Гэвч монголын заяа бүрмөсөн дайжиж зайлаагүй бол Хожмын нэг өдөр улирах цагийн эрхээр гомдол гутрал элэгдэн Мартагдах ч юуны магад. Монгол монгол дотроо эвдрэлцэн цуст дажин үүсч байсан урьдын гамшиг өнөө давтагдавч үр ачийн үед минь л бүү үзэгдээсэй билээ. Би даанч богинохон нас насаллаа. Даанч бага эрдэм сурч бага юм үзлээ. Аз жаргалтай сайн цаг ирнэ, тэр цагт олон нөхдийн болоод хайрт хонгор чинийхээ хамт улс орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа жаргалант амьдралыг үзнэ гэж итгэсэн итгэл минь цаг бусын харгис хэрцгий эдгээдийн хөл дор дэвсэгдлээ. Гэвч би улс орныхоо ирээдүйд, эрүүл саруул үзэл, мэргэн ухаанд итгэнэ. Цөөн итгээдийн гайгаар бидний мэтийн цөөхөн азгүйчүүд золиосонд гарснаар монгол улс сүйрчихгүй нь лав. Үнэндээ ч манай монгол шиг үлэмжийн зовлон бэрхийг туулж голомтоо авч гарсан улс гүрнийг ертөнцөд олохуйяа чухаг билээ. Монголын үзсэн зовлон, амссан гарз хохирол нь яавч бидний мэтсийн амины үнэ цэнэтэй зүйрлэшгүй билээ. Хайрт хонгор Цэвэлмаа минь ээ! Миний жаргал ч болсон, гаслан ч болсон үлэмжийн чанарт үлэмжийн үзэсгэлэн гоо бүсгүй минь! Би чамдаа хань болж чадсангүй. Би ямар мэргэн зөн совингоор таагдашгүй гэнэтийн аюул осолд автаж чамайгаа өнчрүүлэн, бүтэн явсан элэг зүрхийг чинь эмтэлж орхив оо. Чи бид хоёр ганцхан жил хүрэхгүй хугацаанд жарган суух хомсхон гачлант хувьтай байжээ. Гэхдээ тэр даанч богинохон хугацаа миний хувьд мянган жилээр солынгүй зол жаргал баяр цэнгэлийг авчирсан. Чи минь наддаа бие сэтгэлийнхээ ариун нандин бүхнийг харамгүй зориулсан. Хүний шунал барагдашгүй хорвоо дээр чи миний сэтгэл зүрхийг баяр цэнгэлээр хальтал дүүргэж өгсөн. Би чинийхээ энхрийлэл хайрын ачаар энэ хэдхэн сарыг энд эр хүн шиг эр, айлын эзэн шиг эзэн болохоо мэдэрч урам зоригтой явлаа. Чи бидэн ёстой л үйл тавилангаараа учирсан хоёроо, тэрнээс биш хаа тэртээ говийн хүү, хотын албан хаагч би Онон голын буриад зоны дундаас чамайгаа олж харах билээ. Миний заяа тавилан л чиний зүг намайг татан аваачсан. Би чамайг анх харангуутаа сэтгэлийн жолоогоо эргэлтгүй алдсан. Тэр холын нутагт тэр нэг айлын гэрт миний хайрыг булаах сайхан бүсгүй бий гэж таасан юм шиг, хариу хайр сэтгэлийг олно гэж зөгнөсөн юм шиг би яг л танайд анх буусан. Өөр газар, өөр айлын уяан дээр бууж болох л байсан. Чи бид хоёрын нүдний харц анх эсрэг ширтэлцсэн тэр л эгшин миний сэтгэл болоод амьдралыг мөн эгшний дотор эргүүлэн хүргүүлсэн билээ. Би насныхаа ханийг гэнэт олов гэдэгтээ өчүүхэн ч эргэлзээгүй, тэр нь ганцхан чиний сайханд биш сэн биз. Сайхан бүсгүйчүүдээр монгол дутаагүй, үзэгдэх өнгөний сайхныг бишгүй л үзэж, өнгөнд шунахаас дээхнүүр ухаан суусан гэж би өөрнйгөо үзэх билээ. Угаас нүүрэмгий түрэмгий бус, хүний аясыг харан явагч болхи цэрвүүн зантай би гэнэт их зориг гаргасан ч юм уу, аль чинийхээ нүдний харцнаас энэрэл хайрын гэрлийг тэгтлээ тодхоноор олж харсандаа ч юм уу ер яав ч хариуг олно, яавч гологдох гонсойхын ичгүүр зовлонг амсахгүй гэж итгэсэн. Энэ хэдэн сард би чамайгаа бараг л үг хэлгүй гэмээр хайрлан ээнэгшиж энхрийлэн жаргаж явсан болохоороо энэ бүхнийгээ нээн хэлж амжилгүй өнөөг хүрчээ. Насандаа хамт явна гэх итгэл сэвтээгүйн учир юугаа ч тэр болгон үглэн нурших билээ дээ. Чи надаас хайраа харамлаагүй, янаг халуун сэтгэлийн чинь илчинд би жарган мансуурч огтхон ч мууг зөгнөн санахгүй дүүрэн баяртай явлаа. Чи минь ямархан янаг ялдам билээ. Би чиний тэр л халуун янагийн зэрэгт хүрэх тэнхэлгүй эрийн хугархай гэвч өнөө чамайгаа өнчрөл зовлонд унагахын чинээ даанч бодолгүй, хосоороо элэг бүтэн урт амьдралыг туулна, үр хүүхэдтэй өнөр өтгөн болно гэж хожмын явдлыг мөрөөдөн явсан. Сайхан зүүд тасрах мэт болно гэж яахан санах билээ. Чи минь ямар сайхан хүн билээ. Чамайг минь богинохон зуур олгож заяасан хувь заяандаа баярлахын хэрээр бас гомдном. Одоо би дахин босох тэнхэлгүй, хүсэл ч үгүй болов. Цэвэлмаа минь намайгаа өршөөгөөрэй! Би чамдаа амьдын зовлон амсуулаад үүрд явах боллоо. Гэхдээ би чамтайгаа мөнхөд хамт явах болно. Миний сэтгэл сүнсэнд минь шингэн чинийхээ хайрт сайхан дүрийг энэ орчлонгийн хязгааргүйд авч одох болно. Ухаан санаа минь эрүүл саруулаараа байна. Энэ харанхуй гяндангийн хүйтэн чулуун ханыг нэвтлэн чамайгаа харж сэтгэлээрээ чамайгаа тэвэрч үнсэн таалнам. Чинийхээ биеийн халуун илчийг мэдэрч, дууны чинь уянга эгшгийг сонсном. Хонгор хайрт чамдаа сүүлчийнхээ үгийг хэлж дотор минь уужран үхэл гэгч тэр мөнхийн хязгааргүй тийш аймшиггүйгээр одоход бэлхэн боллоо. Чи минь минийхээ хажууханд, эрдэнэсийн чулуун хашлаганд суух гэрэлт цагаан биеийг чинь би тэвэрсэн хэвээрээ, дуугий чинь шингээж, харцыг чинь хадгалсан хэвээрээ, би атаат харгисуудын тамлал доромжлолоос өөр юу ч үгүй энэ харанхуй гяндан ертөнцийг үүрд орхиод одлоо. Цэвэлмаа минь би төмөр биш хүн болохоор тэссэнгүй. Бурхан тэнгэр намайг өршөөх болтугай. Монгол минь намайг өршөөх болтугай. Цэвэлмаа минь, хайрт минь! Би өөр юуг чамд хэлэх билээ. Би энэ гяндангийн харанхуйд нарны ганцхан толбыг ширтэн ширтэн чамайгаа дурсаж бас бага насаа дурсан энэ аймшигт хар өдрүүдийг өнгөрөөлөө. Миний амьдралын хамгийн аз жаргалтай цаг үе гэнэхэн бага насны минь гэгээн хэдэн жил, чамтайгаа өнгөрүүлсэн сүүлийн хэдэн сар л байжээ. Миний төрсөн говь сайхан нутаг, хаврын элбэгхэн зэрэглээ, зуны ховорхон солонго нь хүртэл өөр орон газрынхаас тэс өөр, цаанаа л нэг уужим холч ухаан бодлыг дуудсан, хатууг зөөлрүүлж, харанхуйг цэлмээх увидастай билээ. Тэгээд ч манай говьчуул даанч гэнэн цайлган, өр нимгэнтэй, хажиг хайруу зангүй, түүгээрээ үр хүүхэд биднийгээ амьдралын урт замд гаргаж өгснөөр нь магадгүй миний мэтийн итгэмтгий, жулдрайхан амьтад яваа бизээ. Багадаа би байгал дэлхийн болоод хүн амьтны гоо сайханд сэтгэл унамгай, санаашрамтгай, унаган насандаа бие бялдар үе тэнгийнхнээс хоцорсон дорой буурай нэгэн явжээ. Хөөрхий аав ээж минь газар дээрх ганц хүү намайгаа чадлын хэрээр эрх танхи өсгөсөн. Ядуухан айлын заяа завагт, тэндхэнээ ядмаггүй өсгөж өндийлгөсөн, алсын моринд дөрөөлүүлсэн ачлалт хөөрхий аав ээжийн ач буяныг хариулж чадсангүй. Хөөрхөс минь намайгаа буй байгаагаас дандаа илүү сайнаар үзэхдээ багадаа хөөрхөн цагаан хүү байсан, томрохдоо борлож борогшсон гэдэг. Чи минь харин ямар хөөрхөн цагаан охин байсан болоо. Хүний бага нас ямархан богино вэ! Монголын хангай говьд холын хол угсаа удмынхны дунд чи бидэн хоёр хожмын цагт тэгж учран, ингэж хагацах гэж төрсөн аав ээждээ л хөөрхөн цагаан хүүхдүүд байж дээ. Таана толгойлон бууралтсан хязгааргүй талынхаа захад татсан зуны солонго тийш даахьтайхан даагаа унаад давхиж өнгөрүүлсөн бага нас минь гэнэт тасраад энэ харанхуй гяндангийн ёроолд хаягдсан мэтээ. Хүүхэд нас минь тэртээ хол орхисон амьдралын эцэст миний сэтгэлийг гэрэлтүүлсэн нар минь чи билээ. Одоо би тэртээ холын хүүхэд нас, энтээ ойрхны жаргалд умбасан гэгээн хэдэн сарыг аваад хойт насандаа хаа нэгтээ хангай говьдоо дахин төрөөд дахин чамтайгаа учрах ерөөлийг тавинам. Хайрт Цэвэлмаа минь хойт насандаа дахин учирна! Итгээрэй! Одоо би чамд яахыг хэлье. Чи миний хэлснээр заавал болгоорой. Энэ бол миний эцсийн гуйлт юм шүү. Цэвэлмаа минь! Нутаг нугынхандаа хар буруу бүү санаарай. Тэдний буруу гэж байхгүй. Гурван нуурт өнгөрүүлсэн тэр өдрүүдийг санаарай даа. Магадгүй тэр л өдрүүд, Чингисийн Гурван нуурын арал дээр чи бидэн хоёрт ер бусын балын амт амтлуулсан сүүн цагаан манан дунд өнгөрүүлсэн тэр л шөнө бид бие биендээ шингэсэн биз ээ. Би чиний биед, чи миний биед шингэсэн шүү. Гэхдээ чи минь өнчин ганцаараа насыг барах ёсгүй. Чи даруйхан энэ хотоос зайлж аав ээждээ очоорой. Төрсөн аав ээж чинь чамайг тэтгэж чи тэднийхээ элгийг дэвтээнэ. Хорвоо дэлхий уужим хүн зон олон хойно чи хаврын цэцэг шиг сайхан насаа хагдрааж дэмий хаялгүй хань түшгийг олоорой. Миний тухай дурсамж чиний минь амьдралд саад болох ёсгүй. Чиний минь бие сэтгэл ариун шуү. Би чиний сэтгэл зүрхэнд мөнх явахаа итгэвч цаг бусын болоод хүн бусын эрхээр өнчрүүлж хордуулсан хар хорыг энэ л сүүлчийн үгээрээ ариутган чамд ганцхан эрх чөлөөг болоод өнөр өтгөн аз жаргалтай амьдралыг ерөөнөм. Хорондоо зоригтой хатуужилтай яваарай. Чи сайхан хүн учраас сайн сайхныг заавал олно. Би энэ бүх аюулын уршиг болсон мунхагийн харанхуйг эс өршөөвч гэмгүй атлаа гэмтэн болсон хөөрхий мунхаг сэтгэлээ, хүмүүсийг өршөөх сэтгэлээ алдсангүй. Тэднийг бурхан өршөөх болтугай. Аав ээж хоёр минь даанч хөөрхийлөлтэй. Тэд азгүй хүү төрүүлсэн золгүй хөгшид болон хоцорлоо. Гэвч өргөн түмэн өргөж түшиж явна биз ээ. Тэдэнд минь хүү чинь нутаг орноо бараадаарай гэж захисан гээрэй. Хүү чинь та нарыгаа зовлонд унагасны түмэн өршөөлийг эрсэн байна гээрэй. Уй гашуунд хэт авталгүй бурхандаа залбираад амар мэнд суугаарай гэсэн гээрэй. Цэвэлмаа минь! Би хэлье гэснээ цөмийг л хэлэхийг чармайн энэ мөрүүдийг зүрхнийхээ цусаар бичиж байна. Зүрхний минь цохилох тэнхээ сулран цус нь хатаж байх шиг. Ямар буянтан нь харандаа цаас оруулж өгвөө! Миний төлөө чи минь хичнээн явж ямар янзын хатуу харгис хүмүүстэй тулгарч ямар олон хаалга мөргөж зовсныг би таамаглан төсөөлж байна. Чойбалсан, тэр тусмаа Хөх мэтийн бэрдүүд чамайг минь дорд үзэн доромжлохоос өөр тус болохгүй. Тэдэнд л битгий сөгдөөрэй. Тэдний хийсэн нүгэл нүдээрээ гарах цаг ирнээ. Монголын толгойд чухам хэн байсан, одоо чухам хэн болоод юу хийж байгааг би эцсийн бүлэгт ухаарлаа. Чамдаа захих өөр нэг зүйл бол хожмын цагт энэ мэт бурангуй харанхуйд төөрөлдөхгүйн тулд бичиг номд шамдаж үр хүүхдээ соёл эрдмийн замд оруулаарай. Чи хүүхдийн эх болохдоо л болно. Тэдэндээ минийхээ тухай хожим ярьж ойлгуулж өгөөрэй. Одоо сэтгэл минь амарлаа. Чамдаа хэлье гэж санаснаа цөмийг хэллээ. Гэвч хэлэх гэсэн үгээ хэллээ гээд дуусахад даанч хэцүү байна. Цэвэлмаа минь! Хайрт минь! Сонс би чамдаа хязгааргүй янаг хайртай явсан шүү! Чи дахиад ийм зовлон амсах ёсгүй. Миний гэрт байгаа бүхэн чинийх шүү. Хайрт хүний минь юм, миний юм гэж бодоод цэнээрхэлгүй, нэрэлхэлгүй бүгдийг аваарай. Түргэхэн хотыг орхиж аав ээж төрсөн нутгаа бараадаарай. Гурван нуурынхаа арал дээр очиж намайгаа дурсаарай. Өнөөх Базар хөвгүүн хөөрхий бас өнчрөхийн зовлонг үзэх л бий дээ. Гурван нуурт галуу нутас ганганаж байсан нь чихэнд минь одоо ч сонсогдох шиг. Тэмүүжин Бөртөө хоёр Гурван нууртаа жаргаж аснаас хойш долоон зуун далан хэдэн жилийн Дараа монголд ийм л аймшигтан харгис бурангуй явдал боллоо. Монголыг минь, та нарыг минь бурхан өршөөх болтугай! Үлэмжийн хайрлалт Цэвэлмаахан чамтайгаа хойт насандаа учирна гэсэн итгэлээр би чинь сүүлчийн үгээ хэллээ, өршөөгөөрэй! Сайн сайхан яваарай! Мөнхөд баяртай!" Сонров бараг нэгэн амьсгаагаар ийнхүү бичээд нүд анин хэсэг болов. Хэн нэгний тамлуулан чарлах дуун бүдэгхэн сонсогдоно. Зүрх нь их л удаан бөгөөд сулхнаар лугшина. Ухаанаа ихэд хөвчилсөндөө бүр туйлджээ. Тэр нүдээ нээгээд бичгээ дөрвөлжлөн нугалж яахыг бодно. Хувцсандаа ч юмуу хаа нэгтээ нууж болох боловч ногоон малгайтны гарт ороод өнгөрнө. Нэгэнт л хэн нэгэн харандаа цаас өгснөөс хойш буцаан гаргах арга хийсэн нь мэдээж. Чингэхээр үүдний харуулд зүгээр л ил өгч орхихоос дээр юмгүй. Сонров ингэж шийдээд хүчлэн өндийж гараараа хана түшин мөлхсөөр хаалганд хүрээд цохиход харуул:
-Яаж байнаа! гээд үүдний нүхийг нээж харав. Сонров бичгээ сарвайхад шүүрч аваад нүхээ хааж таг болов. Сонров буцан мөлхөж ханз дээрээ гараад хувцас хунар энэ тэрхнээ цуглуулан биенээсээ зайдуу тавиад цамцаа тайлж өмднийхөө халааснаас хумсын чинээхэн шилний хэлтэрхий гаргаад өөр юу ч бодож огтхон ч эргэлзэн түдгэлзэлгүй зүүн гарынхаа нимгэрч гэрэлтсэн арьсан доор гурийн хөхрөх судсыг шуунаасаа эхлээд тохойгоо хүртэл хага зурахад ер өвдсөнгүй. Хага ярагдсан судаснаас нь бүлээн хүрэн цус алгуурхан оргилоход дээр нь цамцаа хаяад ханан дээрх нарны толбыг ширтэн хэвтэв. Өчнөөн өдөр хонгийн турш хань болсон нарны бяцхан толбо алгуур бүдэгрэн цайрч улмаар харлан харанхуйлахад хамаг бие нь жингүйдэн хий агаарт хөөрөх шиг болов. Чихэнд нь ямар нэг холын гиншигнэл сонсогдох шиг болоход "Хүүхэд уйлж байна уу даа" гэх бүдэгхэн бодол орж ирсэн нь энэ газар дэлхий дээр гучин хэдэн жил бодсон түмэн бодлынх нь сүүлчийн цэг байлаа.
* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.19.11 9:51 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Мэргэн жаал өглөөн нарнаар сэрэв. Ер өлгийтэй цагаасаа л ийнхүү нарнаар сэрдэг зантай. Зун ч ялгаагүй, өвөл ч ялгаагүй гэрийн тооноор нар тусангуут дуудлагатай дохиотой юм шиг сэрчихнэ. Хүн гэгч ерөөсөө ургахын улаан нарнаар л унтах нойрноосоо сэрэх ёстой гэх маягийн бодолтой тул нар хөөрсөн хойно унтагч хүнийг үзэхэд нэг л эгдүү хүрэм, шоглож даапаалмаар санагдах аж. Гэвч эднийхэн Арайсан ахаас өөр үд болтол унтдаг хүн байхгүй. Арайсангийн тухайд бол өөр хэрэг. Хэрэв хүн шар шувуу гэж байдаг бол Арайсан л юм. Шөнөжин унтахгүй бүүг бүүг бүрхрээд өглөө нарнаар таг болдог шар шувуу шиг хүн ганц нэгээхэн байдаг нь сонин. Арайсан энэ хавраас гэнэт лам болов. Лам болох ч гэж дээ хэлтгий захтай шар даавуу дээл өмсөж Бэрээвэнгийн ширээтээс сахил хүртжээ. Ер Номун хан лам ширээ шилжирсэн хойно Бэрээвэнгийн томоохон лам нар мэргэн жаалыг Хүүхэн хутагтын хойт дүр гэж зарлаад өөрсдөө сүм дуганаа орхиж цаашид юу болохыг хүлээцгээжээ. Тийнхүү Халхын нэгэн алдарт хийд хоосорсон бөгөөд хийдийн хойд ууланд байдаг чулуун Чойжоод мөргөлчид мөргөцгөөсөн хэвээрээ болохоос бус хурал ном үгүй болов. Тэр чулуун Чойжоо бол сүсэгтэн санваартны гараар бүтээгдсэн гайхамшгийн нэгэн билээ. Яг амьд бухын дайтай чулуун бухыг унасан, мөн суугаа хүний хэмжээтэй Чойжоо сахиусыг саарал боржингоор сийлсэн нь маш урнаар барахгүй бух толгойгоо хөдөлгөн сэжилдгээр хийсэн нь гайхалтай. Тийнхүү хөвчийн жонон вангийн нутаг буюу Онон Хурх хавийнхан төдийгүй Хэрлэнгийнхэн, дорнод талынхан ч ирж мөргөдөг гол шүтээн нь тэр чулуун Чойжоо, гол лам нь мэргэн жаал болов. Мэргэн жаал буюу Жамьянгарав нэрт Ламаадан хүү, Хүүхэн хутагтын хойт дүрийн алдар цуу дорнод монгол даяар цуурайтав. Жинхэнэ цөвүүн цаг ирж олон зуун хийдийн хурал ном унтран лам хуваргууд нь жанчаа хуулан харын хувцас өмсөн адуу мал, авгай хүүхний хойноос явж байхад гэнэт ийнхүү мэргэн хутагт хүү гарч ирсэн нь чухам л ид шидийн явдал бусуу. Мэргэн жаалын хот хүрээ Онон голын урд бие Рангатын рашааны холд буугаад хэд хоножээ. Хаяа шуусан их гэрийн хаяагаар аглаг дэнжийн агь ганга ханхийнэ. Шөнө хагаслаж бороо орсон тул чийглэг сэрүүхэн. Баруун толгойн багахан төгөлд хөхөө донгодно. Жамьянгарав өглөө эртийн цэнгэг сэрүүн агаараар нойрмоглолоо хөөх гэж нүцгэн цээжээ тэлэн хавиргануудынхаа тэнийхийг мэдэртлээ уужим гэгч амьсгаа аваад дэрвийсэн урт сормууст нүдээ гарынхаа араар шудраад гэр доторхийг тойруулан харав. Ердийн зангаараа шар шувуу шиг шөнөжин тэнээд үүрээр ирсэн Арайсан ах нь гэрийн баруун хаяанд адсаган дээр шалдан шахам тэрийж хэвтэнэ. Бэрээвэнгийн ширээтээс сахил хүртэж мэргэн дүү хутагтынхаа донир нэрийг авсан мань эр харин ч сүрхий ухаант томоотой хүний дүр үзүүлэн маадаг маадаг алхлах бөгөөд ганцхан шөнөөр тэнэдэг муу зангаа орхиж чадсангүй. Түүний шөнөөр тэнэдгийн учрыг үеийн банди нар элдвээр хэлэлцэнэ. Голцуухан үхэр мал бараадан, ялангуяа ямаан дунд унтах дуртай гэлцэх нь юуны л олигтой үг байх вэ. Харин одоо мэргэн хутагтын ах донирыг тэр мэт ичгүүртэйгээр хэлцэх нь ёсонд нийцэхгүй хэрэг. Түүний гүрдгэр хүрэн бие тос дааварлан, монхор сарнагар хамрынх нь нүх агуй мэт онгойж харлана. Жамьянгарав түүнийг хараад өвс залтсаар гижигдэх юмсан гэж хорхой хүрэвч залхуурсхийгээд өнгөрлөө. Арайсан ах Донир нэртэй боловч үнэн хэрэгтээ жаалын унадаг морь тэмээ л гэсэн үг. Хэзээнээс л тийм байсан. Одоо бол бүрч "эмээлтэй" байдаг болж. Ээж эгч хоёр нь жаалыг Арайсандаа тийнхүү даатгаж орхиод гагцхүү мөргөлчин олны өргөл барьцыг цуглуулах л ажилтай болжээ. Ер нутаг орньгхондоо шоовдор биш ч гэсэн нэр нүүрээр тийм ч асаргүй асан эгч дүү хоёр хүүхний азтай хувьтайг шагшин хэлэлцэнэ. Харин ухаан мулгуудуу ч сайн санаат
Арайсан эд агуурс, эхнэр хүүхэн мэтэд шуналгүй, шунал байлаа ч мөнөөх залуусын дэмий чалчидгаас цаашхыг хийх сөгөөгүй, одоо мэргэн жаалынхаа унааны морь, лам дээлт шөнийн хэсүүл, өдрийн барлаг болсныг сайшаана. Жаал хөхөө донгодохыг чагнан хэсэг хэвтээд орны өмнөх улаан цэмбэн захтай эсгий ширдэг дээрээс хэлтгий захтай шар дурдан тэрлэгээ авч суугаагаараа өмсөөд олон өнгийн цацагтай ногоон мяндсан бүсээ хайш яайш ороогоод угалзтай хөөрхөн туучингаа холхиндог углаж зүгээр гарах гэснээ гэнэт төрхгүйтмээр санагдан Арайсан ах дээгүүрээ сэвхийтэл харайн гэрийнхээ эсгий үүдийг нэвсгэсхийтэл мөргөн годхийн гараад ход ход инээд алдав. Өглөө эртийн тунгалаг хөх наран өөдөөс нь гилбэгнэн мишээнэ. Тал дүүрэн ундуй сундуй буусан мөргөлчин олны майхан жодгоруудаас аргалын цэнхэр утаа бургилна. Мэргэн жаалд энэ бүхэн жирийн дүр зураг гэвч ямар нэг далдын бахархал буюу энэ чинь миний мөргөлчид шүү дээ гэсэн санаа цухасхан орж ирнэ. Энэ олон амьтан ганцхан надад сүсэглэн шүтээд хаа Холын газар нутгаас иржээ хэмээн гүйцэд ухаарахгүй боловч ер ингэх ёстой буюу угаасаа л хүн олноороо хэзээд л ийнхүү өргөл мөргөл хийж аврал ариусал эрцгээн хөлхөж хөдлөн байдаг гэж ойлгоно. Тийн энэ их өргөл мөргөл жирийн явдал бөгөөд хүн олноос зовлон гамшиг болохгүйн учир алхам бүрд гай барцад тээглэн байх тул авралыг эрэх нь аргагүй, тэгээд ч хүн хүний хувь тавилан, зураг төөрөг түмэн янзыг мэдэж цөхөх юмгүй буюу, хүний хэлсиийг сонсож царай зүсийг нь ажихдаа энэ чинь тийм л юм бодож, ийм л юманд хүрэх ажээ хэмээн амархнаа танигддаг, тэрнийг нь шулуухан хэлчихэд хараажаар оносон байдаг, эс онолоо гэхэд энэ гэм хор болохгүй, ямарваа нүгэл хийж гай барцад хураасан хэн боловч ухаан санаандаа дандаа зовлонгийн хар сүүдэртэй тэрнийг нь цочоон ариусгах үгийг ямар нэг далдын ид шидтэн хэлээд шивнээд өгдөг гэж санана. Өнөө өглөөний наран гойд дэлгэр сайхан мөргөлчин олон хөөр баяр дуу шуутай мэт. Бага гэр тийш гүйх гэснээ нэгийг санан зогтусав. Тахилын ширээн дээрх мөнгөн голт цөгцнөө зул бадраахаа мартжээ. Өглөө нарнаар босож яаратгүй хувцаслаад ээжийнхээ голлож зэхсэн зулыг бадраагаад Шигүүмуни Арьяавал тэргүүтэн бааздуухан хийцийн хүрэн модон гүнгэрваатай бурхаддаан мөргөн зальбирч яавч гурвантаа маань мэгзэм уншсаны дараа л Арайсан ах дээгүүрээ харайн гарах мэтээр жаахан дүрсгүйтэж болохсон билээ. Жаал үүнийгээ нэгэнт санасан болохоороо гэртээ буцаж ороод чүдэнз зуран зулаа асаав. Ингээд цээжиндээ алга хавсран хурууныхаа үзүүрээр эрүүгээ тулан зогсоод дотроо мөнөөх даааас үгийг хэлэгчдээ залбиран гурвантаа цангинатал маань уншин өөрийнх нь урьдын дүр хэмээгдэгч Хүүхэн хутагтын зурмал дүрийг "Энэ чинь би шүү дээ" гэсэн санаагаар харав. Хүүхэн гэснийг эмэггэй гэх маягаар ойлгодог аснаа зүгээр л тийм нэртэй явсныг мэдээд багачуул өөрийг нь тийм нэг шидэт эмийн хойт дүр тул мөн эм амьтан биз гэх юуны магад гээд халуун дулаан өдөр шуумгаа тайлж эрийн тэмдгээ зориуд үзүүлэн явахад нь мөргөлчид ихэд өхөөрдөнө. Ялангуяа авгай хүүхнүүд тэр эрийн тэмдэгнээс нь адис авах гэж зүтгэх нь инээдтэй бөгөөд гижигтэй. Хувилгаан ламын урьд хойт дүр гэгч төдий л ойлгомжгүй бөгөөтөл бас ч сонихон, энэ чинь миний дүр шүү дээ, би чинь үүний хойдын дүр шүү дээ гээд тэрхүү залуухан хутагт, ижилгүй номч мэргэн хэмээгдэж асан хүний дүр зурагнаас тийм ч сүр жавхлан төгс бус атлаа хачин амьд хурц нүд ширтэн "Балчирхан ч амьтан бол доо" хэмээн голсхийх буюу өхөөрдөн байх шиг болно. Тийн "Энэ сүрхий хувилгаан лам чинь одоо би шүү дээ" гэж бахархах санаа зурсхийн орж ирэнгүүт толгой хаялан, мөрөн дээр гогцоорох торгомсог хонгорхон үсээ ар тийш нь сугсруулаад Арайсан ах дээгүүрээ дахиад л харайн гарав. Тийн гүйхээрээ бага гэртээ орвол ээж нь үндсэндээ хахсан тулга дээрх тогоотой сүүгээ самарч байв. Нагац эгч Чимгээ нь зүүн орны урд суугаад ямар нэгнийг оёж шиднэ. Мэргэн жаал Цэцгээ нэрт ээж Чимгээ нэрт эгчтэйгээ онцгойд бодохгүй ч чихэнд чимэгтэйг мэднэ. Харин царай муутай мөртөө гоё нэртэй гэж саваагүй харчууд хэлэхийг дуулахдаа ихэд гомдон тэднийгээ ажин шинжихэд талаар л нэг байдаг айлын хар бор авгай нараас илүү ч үгүй дутуу ч үгүй санагдана. Ээж эгч хоёрынх нь иймхэн эгэл бөөдий байдал сүү цагааны үнэр ханхалсан бага гэр, арц хүжийн үнэр шингэсэн их гэрээс хамаагүй өег дулаан. Мөргөлчин олны өргөсөн өргөл барьц алт мөнгө, чихэр боов тэргүүтэн долоон шидийн юмсыг ус голд урсгаж, уул овоонд өргөж орхидог юм шиг ухаан орсон цагаас нь ийм нэг бүрзгэрхэн айл байдгаараа л байна. Мэргэн түргэн гэгдсэн хоёр жилийн дотор буянтан олны өргөл барьцаар баяжвал баяжихаар болсон хэдий ч ээж эгч хоёр нь аанай л эвий хөөрхийгөө дуудаад л хавьтсан амьтанд эргүүлээд хувааж орхино. Ээж нь жижигхэн үндсэн тагшинд халуун сүү хийж, эрэгнэг дээрээс өрөм тавьсан гамбир авч өгөхөд мэргэн жаал хоймортоо хэвлүүхэн гэгч залбираад цайлав.
- Хүү сайн хонов уу? Арайсан чинь босох янзгүй юу? гэж асуухад Жаал сүүгээ оочиж тавиад өрөмтэй гамбир хазаж бувар бувар хийн,
- Сайн хонолоо. Өнөөдөр суваргын өдөр болно гэж зүүдэллээ. Арайсан ах унтаж л байна гэснээ ээж рүүгээ хараад,
- Ээжээ та нойр муутай хоносон юм уу даа? гэхэд ээж нь шанагаа орхин орныхоо хөлд суугаад,
- Суваргын өдөр гэж юу зүүдлээв хүү минь гэхэд жаал,
- Рангатын хөндий дүүрэн суварга бариулнаа гэв.
- Өчигдөр үдэш өнөөх Дадалын Дамдин өвөө хүүхдүүдтэйгээ ирсэн шүү дээ.
- Өө миний буриахай морьд ирээ юу. Яасан сайн юм.
- Байг! Морь гэнэ шүү, Базар Буд хоёр хөөрхий уруу царайлчихсан. Тэр Базарын аав, Будын ах хоёрыг дотоодыг хамгаалах бариад явчихсан гэнэ.
-Тэгнээ тэгнэ. Буриадуудыг ална гээд байгаа юм.
- Бурхан минь! Хэн тэгж байгаа юм?
- Тэгж л бодогдоод байгаа юм даа
- Нүгэл гэм! Битгий тэдэнд тийм аймшигтай юм хэлээрэй хүү минь!
- Хэлэхгүй! Хэлэхгүй! Тэр хоёр бурианхай намайг асуугаа юу?
- Асуулгүй яахав. Чиний унтсан хойно ирсэн гэж ээж нь хормойныхоо сэжүүрээр хөлсөө арчаад,
- Миний хүү Арайсангаа босго. Айхтар олон мөргөлчид цугларсан шүү гэхэд жаал аягаа тавьж нүдээ аниад,
- За би үзье. Суваргын өдөр л гэж байна. Бас холын муу улс ирж магадгүй байна гээд нүдээ анисан хэвээр хэсэг болов.
Хачин урт сормуус нь анисганд нь сүүдэр тусган эрвэгнэж, зургийн юм шиг жимбэгэрхэн улаан уруул нь ямар нэгийг шившин шивнэх аятай хөдлөн буйг ээж нь бишрэлтэйеэ харж суув. Жаал ийнхүү мэргэлэхийн онгодоо амархнаа дууддаг бололтой. Юуны тухай боловч ухаан бодол гүйлгэх, эс гүйлгэхийн наана ямар нэг ер бусын дотоод хараагаа дэлгэн үзэхүл бүхий л орчлон дэлхий тэр хараанд нь нэгмөсөн орж ирэх мэт болно. Элдвийн юмсын өнгө дүрс эгшин зуурын санаан гүйдэл эсвэл хэн нэгний шивнэл таамнал алин болох нь тодорхойгүй атлаа ямарч гэсэн тийм нэг дотоод хараа совингоо хэзээ мэдэрсэн буюу хэзээ олж авснаа санахуйяа бэрх ид шид гэж байдаг л гэлцэнэ. Гэвч хэн түүний учрыг мэдлээ. Гагцхүү зүүд зөн төдийгөөр ертөнцийн явдал, хүмүүний тавиланг тааж боломгүй. Ингэхээр өөрийгөө гайхах, эс гайхахын завсар явсаар сүүлдээ олны хайр бишрэлийг зүгээр жаал хүүхэд мөн ч биш ч юм шиг санах буюу ер Арайсангийн хүзүүн дээр мордонгуутаа газраас тасран олон мөргөлчдийн толгой дээрээс доогтойхон харж үзэл совинд орж ирсэн юуг ч хэлж орхих нь бахдалтай ажээ. Мэргэн түргэн гэдгээрээ тийнхүү бахархах санаа төрж эхлээд түүнийгээ тоглоом наадам мэт санадаг байснаа больж одоо болоход нэгэнт л хувилгаан шидтэй аваас өөрт нь ингэтлээ сүслэн мөргөгч олныг тоглоом наадам мэтээр үзэж болохгүй гэдгийг ухааран аманд орсноо хэлэхээс бас ч цэнэн болгоомжлох болжээ. Ноднин зун Бэрээвэн хийдэд авга ламындаа түр саатахдаа мэргэн түргэнээ мэдүүлснээс хойш хол ойрд ихэд цуурхан эдүгээ аргагүй л ид шид төгссөн хувилгааны хэмжээнд шүтэгдсэн нь нэг бодлын гайхалтай нөгөө бодлын аймшигтай. Ялангуяа өнгөрсөн хавраас мөргөлчин олон мэргэн жаалынх тийш өдөр шөнөгүй цувж гарав. Анхандаа элдвийг асуун мэргэлүүлж байснаа сүүлдээ үнэнхүү хувилгаан ламын ёсоор сүслэн мөргөж өргөл барьц барьж эхлэв. Цагийн амьсгал ч ийм л, тийш нь хөтлөхөөр шашин бурхны мөхлийн үес ийм хувилгаан хүүхэд яагаад ч жирийн тохиол бишээр үзэгдэх нь аргагүй. Хагацал зовлон үзэгсэд, өнчрөн бэлэвсрэгсэд сэтгэлээ хуурах ч гэхүү, шулуутгах ч гэх үү нэгийг л хүсэн хүлээхийн зэрэгцээ олон түмнийг хамарсан бариан тавианд хэлмэгдэгсэд өршөөл аврал эрэн тийнхүү өчүүхэн ч атугай энэ бүхний учир начрыг олж, дэм тусыг хаанаас олох билээ хэмээн харцгааж байсантай яв цав нийлэв. Нигүүслэл тусыг алдаж орчлон дэлхийг горийн өлөн нүдээр гашуудан ширтэгсдийн заяа тэр биз. Мэргэн жаал сормуусаа ирвэгнүүлэн, нялх тугалынх шиг хөөрхөн амаа бувар бувар хийлгэн суухад ээж нь хайрын нүдээр харж "Гэгээн минь! Гэгээн минь биднийгээ өршөө дөө!" гэж хүүгээсээ ч юм уу хэнээс ч юм өршөөл эрэн залбирна. Энэ хорвоод олдох л гэж олдсон хүүгээ гэгээн хутагтын хойт дүр гэж үнэнхээсээ итгэсэн авгайд гагцхүү гай зовлон л зайлаасай гэхээс илүү хүсэл залбирал хаана байх билээ. Юу л болдог бол доо гэж цаг үргэлж өр өвдөнө. Гэвч ямар гээчийн гай зовлон нүүрлэвч үйлийн үрээр бөгөөд элдвийг гуншигнан хүүхдийн сэтгэлд сэв оруулахаас ихэд болгоомжлоно. Олон түмэнд буян л болж байвал хариуд нь гай зовлон амсах ёсгүй мэт. Тийн уян зөөлөн сэтгэлт ээж хутагт мэргэн хүүгээ хайрлал бишрэлийн нүдээр харж "Гэгээн минь! Хүүг минь бурхан өршөөх болтугай!" гэж түмэнтээ залбирна. Энэ удаа ч бүр нэг гэрийн эзэн шиг хоймортоо завилаад цайлах хүүгээ өхөөрдөн "Эвий минь! Балчирхан хутагт минь! Яасан ч сайхан сэвлэгтэй билээ дээ" гэж дотроо шивнэнэ. Мэргэн жаал үнэхээр ер бусын сайхан үстэй. Хар нялхаараа үс нь мухар сөөм хэртэй ургангуутаа л алтран гогцоороод ирсэн. Жигтэйхэн торгомсог зөөлхөн бөгөөд ширэлдэж хагтах гэж үгүй. Зүгээр л хайлсан шар тос шиг урсаад байна. Нялхаасаа үсээ тайруулах дургүй. "Над шиг царай муутаас ийм хөөрхөн хүү төрнө гэдэг хачин шүү" гэж эх үргэлж гайхна. Эцэг нь чухам хэн болохыг гайтахад бүүр түүрхэн мэдэх бөгөөд оноож боддог нь мөн бол муухай царайтай гэхээр биш ч өнгөлөг гэхийн аргагүй. Тийнхүү хөөрхөн ламаахай нүдээ хэсэг анин чагнаархаад нүдээ нээж хүүхдийн бус ухаан гэрэлтсэн харцаа тооно өөдөө чиглүүлэн,
- Суврагануудыг маань чийчаан дайрч унагах юм болов уу даа гэв.
- Юу гэв ээ гэгээн минь! гэж эх дуу алдав.
- Хойд замаар өнгөрдөг оросын чийчаан үзэгдээ биз дээ хөө гэж Чимгээ юм хатгах зуур хэлэв. Арайсан орж ирэв. Тэр,
- Мөргөлчин талаар дүүрчээ. Өнөөдөр олон хүнийг оруулахгүй бол амжихгүй нь гээд үүдэнд суув. Дандаа ингэж хатавчинд суудаг зантай. Айлын гэрт ч ялгаагүй, аяны майханд ч ялгаагүй орж ирэнгүүтэ үүдэнд л сууна. Хөөрхий шоовдор өссөний харгай биз. Мэргэн жаал Арайсандаа гүйж очоод,
- Өнөөдөр суврагын өдөр болно. Мөргөлчдөөр тал дүүрэн суврага бариулна. Үзэлд тийм юм орлоо. Гэхдээ холын муу хүмүүс ирж магадгүй. Суврагуудыг маань чийчаанаар дайруулж магадгүй гэхэд Арайсан нэг их тоосон шинжгүй,
- Суврага л бариулах болж дээ. Тэгтэл тэр муу хүмүүс ирж чийчаанаар дайруулчих тоогүй дээ гэхэд ламаахай нэгэнт шийдсэнээсээ буцдаггүй зангаараа,
-Тал дүүрэн суврага босгоод яахыг үзнээ гэв. Тийн гарах гэж байтал өнөөх Дамдин өвөө "морьдыг" нь дагуулаад хүрч ирэв. Базар Буд хоёр их л уруу дорой царайлжээ. Лав л морь болгож унамгүй. Дамдин баавай жаалын өмнө шууд сөгдөн духан дээр нь үнсээд өврөөсөө хадаг мөнгөн ембүү гарган барьж,
- Хүвүүн минь! Хутагт минь! Манайхыг аймшигтай гай зовлон дайрлаа. Энэ Базарын аав, Будын ах хоёр дотоодыг хамгаалахад баригдаад сураггүй. Бид яах учраа олохоо болив. Яахыг хэлж өгөөч хүвүүн минь! гэж уйлагнан мөргөв. Мэргэн жаал өвгөнийг өрөвдсөн ч юмуу яасан ч юм гэнэт тэврээд,
- Өвөө намайг өндөөр өргө! гэхэд өвгөн ихэд бэлгэшээн баярлаж хоёр суганаас нь тэнгэр өөд өргөхөд ход ход инээгээд алсыг ширтсэнээ,
-Та хэд тэднийхээ хойноос түргэхэн очсон дээр юм байнаа. Тэднийг чинь... гэж нэг юм хэлэх гэснээ болиод,
- За за. Бид хамт явж ч магадгүй. Одоо тал дүүрэн суврагуудаа босгоё. Тийшээ явцгаая! Гэж мөргөлчдийн буусан дэнж тийш заав. Дамдин баавай жаалыг тэврэн явахад мөргөлчид тал бүрээс гүйлдэн ирж хүрээлэн дагацгаав.
- Хүмүүс ээ! Одоо ингээд тал дүүрэн суварга босгоцгооё! Айл бүр нэг нэг суврага барьцгаа мэдэв үү! Элс шавар юу дуртайгаараа босгоно шүү! гэхэд хүмүүс хүүхдийн тоглоом хийх болов уу яав гэж учраа олж ядан түдгэлзэхэд ламаахай газар бууж,
- Ингээд хийхгүй юу. Юугаа харсан юм! Базар Буд хоёр нааш ир! Бид энд элсээр гол их суврага барина. Биднийг тойруулаад та нар бас барьцгаа гэж тушаагаад нойтон элс овоолж эхлэхэд хүмүүс сая учрыг мэдэж суврага барихаар тал тал тийш уралдан гүйлдэв. Тийн хөгшид настан, хүүхэд шуухад цөм ялгалгүй Рангатын хөндийд элс шавраар тоглоомын суврага барих хөгжилтэй ажил өрнөв. Тэр нь бас ер бусын билэгшээлтэй ажил юмсанж. Бие биенээсээ илүү гоёмсог уртай, үгүйдээ л бараа сүр ихтэй суврага босгох гэж байдгаараа чармайцгаав. Тийн шавар зуурч, өнгийн чулуу цахиур түүн гүйлдэх, бие биенээсээ үлгэр авах, ур дүйгээр ядмаг хүн бүл муутай нэг нь зүгээр л нойтон элс шовойлгон овоолох зэргээр бөөн бужигнаан шуугиан болов. Тийнхүү даан их удалгүй тал дүүрэн суврагууд босчихлоо. Мэргэн жаал, Базар, Буд гурвуул нойтон элсийг өнгийн чулуу цахиураар шигтгэн хашиж цэцэг навчаар чимэглэн бараг суугаа хүний чинээн гоё суврага барив. Чингээд жаал хоёр буриахайгаа ээлжлэн унаад бусдын хийсэн суврагуудыг явж сонирхлоо. Цөм л мэргэн хувилгааныг баярлуулах гэж чадлаараа мэрийжээ. Жаал нэгэн ээж хүү хоёрын дэргэд саатлаа. Дөрвөн дугуйт ходоог тэрэгнийхээ арлыг нь дэндийлгэн цоорхой бэржээнхээр бүрхэн оромж зассан ядуухан хоёр аж. Жаалаас ганц хоёр насаар ах бололтой хүү цагаан шавраар тун хөөрхөн суврага хийжээ.
- Хөөе чи үүнийгээ хатаагаад эвдэлгүй надад өгөөрэй гэхэд хүү,
- Өгнөө. Харин чи ээжийн минь асуусныг сайн хэлж өгөөрэй гэхэд ээж нь
- Хүвүүн минь тэгж болдоггүй юм. Ай хутагт минь өршөө! гээд жаалд сөгдөн мөргөж,
- Хүвүүн бид хоёр адис хүртээж зангиа хайрлагтий гэхэд жаал эхийн толгойд гараа хүргэж хүүгийн духан дээр тоншоод,
-Та асуух юмаа асуу гэв. Эх орой дээрээ алга хавсран залбирч,
- Мэргэн хутагт минь! Бид хоёрт авралаа хайрлагтий. Дотоодыг хамгаалахад баригдсан аав маань амьд мэнд яваа үгүйг хэлж өгөөч гэхэд мэргэн жаал нүдээ аньж хэсэг болоод,
- Ясан суврага... ясан овоо... Хүний ясаар босгосон овоо байна. Аавын чинь яс тэнд л хэвтэж байна даа гэв.
- Ай бурхан минь! Бурхан өршөө! гээд авгай духаараа газар мөргөн гаслав. Хүү гэнэт орь дуу тавиад мөнөөх хөөрхөн суврагаа бут дэвсэж орхилоо. Тэгээд чанга гэгчээр эхэр татан уйлав. Мэргэн жаал түүний толгойг илбэн,
- Битгий уйл, битгий уйл. Чи ч аавгүй, би ч аавгүй, бид цөмөөрөө аавгүй болно. Битгий уйл. Чи их уран хүү байна. Дахиад хоёулаа суврага барья гэж том хүн бага хүүхэд аргадах мэт хэвлүүтэв. Тал дүүрэн суврага боссоор л байлаа. Мөргөлчид их багагүй урьд өмнө үзэгдээгүй ямар нэг ер бусын юм хийцгээж байх мэт түүгээрээ үнэхээр буянаа арвитгана хэмээн итгэцгээж улам уралдацгаав. Тийн бага үд хүрээд байтал тэртээ өмнөх уулын хэжлүүрээр тоос татуулан том бага хоёр машин гарч ирэв. Жаалын ээж эгч нар түүнийг үзээд өглөө хүүгийн хэлснээр болов биш үү гэж сүнс хальтал айн сандарцгаав, Бурхандаа зул барин бурхан тэнгэрээ дуудан залбирцгааж байтал юу юугүй хүрээд ирлээ. Ачааны суудлын хоёр тэрэг аж. Мэргэн жаал Арайсанийнхаа хүзүүн дээр мордоод дүрлэгэр хархан нүд нь гунигийн будангаар дүүрч шазуур зуусхийн хүлээлээ. Өнөөх хоёр тэрэг талаар нэг ундуй сундуй тарсан мөргөлчдийн дундуур хага зүсэн, бараг зай завсаргүй босгосон суврагуудыг бяц няц дарсаар их гэрийн гадаа ирж зогслоо. Ачааны тэрэгний тэвшнээс буутай хоёр цэрэг, хөнгөн тэрэгнээс ташаандаа нагаантай, ногоон шаргал хувцастай дотоод яамны залуу дарга гарч ирэв. Тэр залуу дарга эргэн тойрныг хараачлаад,
- Хүүхэн хутагтын хойт дүр гэгч хаа байна! гэхэд Жамъянгарав хүү,
- Би байнаа! гэж хангинатал хэлэв. Дарга юунд ч юм толгой навтгасхийснээ биеэ эзэмдэн ихэмсгээр гэдийгээд,
- Мэргэн жаал гэгчийнхэн гэртээ ороод хүлээж бай! Мөргөлчид цөмөөрөө наашаа бөөгнөр! Гэж хашгирав. Хүмүүс дуртай дургүй бөөгнөрөн амьсгаа дарж юу болохыг хүлээлээ. Мөнөөх залуу дарга ачааны машины тэвш дээр харайж гараад,
- Ардууд аа! Манай монгол улсын гадаад дотоодын байдал асар хурцадсан болвол өнөө үед нөхөд ардууд та бүхэн хутагт хувилгаанд шүтэн бишрэн мухар сүсгийн хүлээснээс гарч чадаагүйгээ ойлгох цаг болсон байна. Мэргэн нэртэй энэ хүүхэд хэн бэ! Нөхөд өө, энэ чинь сая хувьсгалт хуулийн хатуу цаазаар шийтгүүлсэн гадаадын тагнуулын гар хөл бологч ардын дайсан хутагт хувилгаад, хамба цорж нарын болвол харгис далд явуулгын болвол зэвсэг мөөн! Ардын дайсан гадаадын тагнуул танай энэ Онон, Балж нутгаас толгойгоо өндийлгөсөн үед ийм этгээд зүгээр гарч ирээгүй гэдгийг санацгаа! Та нар бол ёстой хөөрхийлөлтэй мунхралд автаж, элс шороогоор хүртэл сүм суврага барьж байгаагаа юу гэх вэ! Одоо бүгдээрээ тарцгаа! Энэ мэргэн жаал гэгчтэй холбоотой хэргийг дотоод явдлын яамнаас мөрдөн байцаах болсныг нөхөд ардуудад мэдэгдье! гэж нарийн цахир дуугаар хашхираад тэвшнээс үсрэн буухад мөргөлчид яах учраа мэдэхгүй газар ширтэн чимээгүй зогсоцгоов. Гэтэл Жамъянгарав цангинаж хангинасан дуугаар,
- Одоо миний хэлэх юм дууссан шүү. Бүгдээрээ гэр гэртээ харьцгаа! гэхэд хүмүүс сая ухаан орсон мэт зүг бүр тийш бут үсрэн гүйлдэв.

* * *

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Mar.24.11 10:29 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 8:31 pm
Posts: 3576
Location: Over the Earth
Цусан мөрт гучаад он ... Монголд ч дэлхийд ч ялгалгүй цусан далай цалгилна. Монгол хэдийгээр хүний ертөнц хэмээгдэгч замбуутивийн орой дээр, дөрвөн их далайгаас дөлөн тойровч дэлхийгээс тусгаар байж яахин чадна. Тийнхүү цусан мөрийг татуулагч гучаад он ойроос ч холоос ч хаялгатай. Хүн төрөлхтөн уртхан түүхэндээ цусан далайд живсэн нь цөөнгүй. Алалдан идэлцэх ёсон ганц араатны ёсон бус гэлтэй бөгөөд Будда, Магомет, Христос тэргүүтэн хүний өөрийн санаагаар эс гэхэд цаглашгүй орчлонгийн хүчээр заларсан бурхад тэрхүү араатны шинжийг хүмүүн хэмээгчээсээ сугалан таягдаж ч эс чадаад хувьсгалаар бас тэрхүү бурхад булшлагдан, монголд хөх тугийн оронд улаан туг мандан, тэр тугаар дэлхийг бүрхэнэ хэмээсэн нь мөнөөх улаан тугийнхаа сүрлэг намираан дор жагссан хувьсгалч олны сэтгэлийг ихэд хөөргөн хаана ямар дайсан толгой өндийлгөнө вэ тэдний толгойг тас цавчина хэмээн илд сэлмээ далайцгаан дэвхцэж байтал урьдын түүхэнд нэг бус удаа цалгилсан цусан далай багадав гэсэн шиг үзэгдээгүй шинэ "шашин" фашизм гэгч тэр улаан тугт дэлхийг хар тугт дэлхий болгохыг заналхийлэн цуст юлдээн бас далайваа. Улааны толгойд Сталин, харын толгойд Гитлер хэмээгч хоёр агуу их дарангуйлагч гарч ирвээ. Тийнхүү агуу их цуст гучаад он газрын дагзнаа торойх монголыг ч хайр найргүй сэгсчин хаяв. Бүх дэлхийг улаан тугаар бүрхэх хувьсгал үгээгүү ядуучуудын төлөө хувьсгал гэсэн Ленин багшийн сурталд итгэн сүслэх нь зүй, хэдэн сая живаа үгээгүү ядуучуудын дотор монголын хүн ардын дийлэнх болсон ядуу дорд ард итгэмтгий сүслэлтэйгээрээ бүр ч гаргууд аснаар улааны шинэ шашинд мөн амархнаа орж монголд даруйхнаа Сталин гэгч сахалт гүрж хүн бурхан багшаас дутуугүй бурхан болж, улсын маршал өрлөг жанжин Чойбалсан ч цагийг эзэлсэн хувилгаан богдсоос дутуугүй болов. Хөөрхий буриадууд хэзээний бурхны шашинтан атал бас сүрхий хувьсгалч нэртэй санж. Тэгээд "Газрын зургааны нэг хувь дээр ганцаараа л улаандаа Сэсээр маань" гэж дуу зохион дуулалдсаар халхад нүүж ирээд
Тив л дэлхийг гийгүүлсэн
Тэргэл шар наран байх
Тэнэг буриадуудыг гэгээрүүлсэн
Тэргүүн маршал Чойбалсан ...
гэж дуулалдан байснаа тэр л тэргүүн маршал Чойбалсангийнхаа тушаалаар хомроглогдон баривчлагдаж, тамлуулан тарчилцгааж байлаа. Статин Чойбалсан хоёр ялангуяа ногоон малгайтны гол шүтээн билээ. Тийм цагт ийм бурхадгүйгээр хаа хүрнэ. Баруунаас германы фашизм, зүүнээс японы самурай нар мөнөөх цуст илдээ далайн цовхчино. Самурай нар монголын хилд тулж ирээд байв.
Тийнхүү дайсан хаа байна? Дайсан хаа байна? гэцгээн сэрэмжлэх ёстой ногоон малгайтан хэнийг эс сэжиглэн харна. Бие биесээ хардан зажлалгүйгээр залгихад бэлхэн. Тийнхүү шинэ шашин хардлага сэрдлэгийн үрийг дэлгэр цацав. Хүн угаас хартай амьтан санж. Олон зууны эвдрэлийн унгитай монголын хардлага хувьсгалаар унтрав уу гэсэн харин хувьсгалаараа сэргээд ирэв. Тийнхүү гучаад оны монгол ногоон малгайтнууд гадаад дотоодын дайсныг сэрэмжлэн ширтэх нүдээ хурцлан, даяарыг гэтэн мяраацгааж тагнуул туршуул, хорлон сүйтгэгчдийг илрүүлэн устгахын ид хавыг олцгоож мөнөөх эсэргүү нар нь цэрэг дотоод яаманд шургалсан байж болохыг шинэ бурхдаас сануулангуут ногоон малгайтан ногоон малгайтнаа ч хардаж сэрдэхийн өвчинд автав. Тийн гучаад он бүх нийтийн хардлага мөрдлөгийн жилүүд боллоо.
Яндаг Сонровын захидлыг уншингуут ухаан бодол нь өөрийн эрхгүй дэнслээд нэг л жигтэй болов.
Хэлэлцсэн ёсоор дотоод яамны гяндангийн харуулын ахлагчаас Сонровын гарцаагүй бичиж гаргасан байх ёстой бичгийг авахаар очиход Сонров сүүлчийн өчгөө өгч, захидлаа бичээд амиа хорлож үхсэн тухай, хүүрийг нь гэр оронд нь өгөх үү, аль эсвэл нууцаар оршуулах уу гэдэг тухай яриа болж байна гэсэн. Яндаг Сонровыг нэгэнт өнгөрсөн гэдгийг мэдэж байсан гэвч иймээр дуусахыг төсөөлсөнгүй. Уг нь түүний өнгөрснийг Яндаг дуулаад баярлах л ёстойсон биз. Гэвч баярласан ч үгүй, өрөвдсөн ч угүй. Харин би ер нь юу хийсэн хүн юм гэсэн холын гэмшил гэнэт зүрхийг нь самардаад авав. Болох ёстой юм болсон, хийх ёстой юмаа хийсэн нь эргэлзээгүй. Бурхдын сургаал бэлээхэн байж байна. Хайр найргүй цагийн жамаас гажаад гажаад хаа хүрнэ. Гэмтэй олны хөлд гэмгүй цөөн этгээд үрэгдэхээрээ л үрэгдэнэ.
Гэвч ... Тэр Сонров гэгч ямар агуу сэтгэлтэн, ямар гэнэн цайлган амьтан байж вэ! Очиж очиж харь холын нэгэн эмд тэгтлээ сэтгэлээ алдаж, ингэтлээ ээнэгшин хайрлах ямар гээчийн хувь тавилан байж вэ!
Цэвэлмаад ямар гээчийн татах увидас хүчин, ямар уран нарийн альбин ааш, ямар гээчийн халуун янаг сэтгэл байна вэ! Тэр Сонров ямар гайхмаар итгэмтгий, уян зөөлөн мухар сүсэгт автагдсан амьтан байж вэ! Тийм хүнд ийм аймшигт хатуу юм тулгах хэрэг байж уу үгүй юу? Арай ч дэндсэн юм биш байгаа?
Цэвэлмаа даанч хөөрхий боллоо. Гэтэл түүнийг өрөвдөн хөөрхийлөх ч бас юу билээ. Альбинтай үзэсгэлэнтэй эмийн ёсоор гай тарьсныг яана. Хэрвээ тэр Сонровыг өөртөө татаагүй бол, зүгээр л хэн нэгэнтэй зуурдаар гүйдгээрээ гүйгээд өнгөрсөн бол ийм юм болооч уу үгүй ч үү. Ноднин хавар Гурван нуурын арал дээр Сонровыг дагуулж аваачсан чивэлт эмийн гай. Яндаг эр хүнд байдаг л нэг муу хардлагад хөтлөгдөн тэднийг дагаж очоод шүд зуусны гай. Бас магадгүй үнэхээр улс орны хувь заяатай холбоотой том хэргийг сэдэх санаа төрүүлж нүдэнд торсон Дашийн гай ...
Ёстой л гай газар доороос гэгч болсон. Хэрвээ Сонров Онон тийш харгуйлдаг болоогүй бол, хэрвээ Цэвэлмаа хөнгөн хийсгүүр зангүй жирийн нэгэнсэн бол, хэрвээ Даш атаархам сайхан дуулдаггүйсэн бол, хэрвээ ... Яндаг энэ мэт түмэн хэрвээд зүрхээ хэмлүүлж эхлэв. Хэзээ ч ингэж байсангүй. Гэнэт юу гэгч болов. Мөнөөх муухай Эрэнцэнгийн ажил үйлс айхавтар урагштай гэж магтагдан, Яндагийн тухай хэн ч дурсахгүй байна. Их л талтай болмоор байсан бүдүүн халимаг сургагч яагаад ч юм толгой дохиод өнгөрөх төдий болов. Яндаг сэтгэлийн тэнцвэрийг алдах нь жигтэй. Амьдралаа эргэж хармаар ч, өөрчилмөөр ч. Дээшээ дэвшиж эс чадвал ингэж зүтгэсний хэрэг утгагүй мэт. Хэрвээ цаг улам хүндэрвэл, дотоод яамныхны ч дунд хэчнээн далдлавч дардайх гээд байгаа харилцан хардаж сэрдэх байдал лавширвал аминд халтай болох нь мэдээж. Хөдөөгөө байсан нь дээр гэтэл хүн олны хүйтэн нүдээр ширтүүлэхийн зовлон юунаас ч дор. Чингэхээр ногоон малгайтны хүрээнээс гарч одох нь ч дээр шиг.
Нэгэнт л урт атаг байшинд суудалгүйгээс хойш юугаа ч хийж барлаг зарцын хэмжээнд явах билээ. Мэдэшгүй гай дайрахаас наана биеэ аваад холдвол аминд тустай ч байж магад. Чойбалсан жанжин жинхэнэ баастай бурхан болов. Цөмөөрөө түүний ивгээлд багтахыг хичээн хөлөө хугартал гүйцгээж байна. Жанжны ивгээлд ортол нэгэн нас дуусна. Гэтэл гайхалтай нь Хөх комиссар мэтийн уг гарвал тодорхойгүй, онцлоод хэлэх гавьяагүй хүмүүс дээшээ гарчихна. Тэр үст Хөх гэгч хачин хүн жанжны дэргэд эргэлдэж байгаад Москва хотод чекистийн сургуулъд явчих жишээтэй.
Яндаг хадмындаа Сонровын захидлыг дахин дахин уншиж энэ мэт олныг бодож суулаа. Хадмынхан нь садан төрөлдөө айлчлахаар Ерөө ороод эзгүй тул танил нөхөд, таашаалд өртсөн эхнэр хүүхнүүдийг хааяа авчран цагийг өнгөрүүлээд, цаашид чухам хэрхэхийг шийдэж чадахгүй байсаар амралтын гэгдсэн хэд хоногоо барах тийш хандав. Эхнэр хүүхдээ санадаг ч өнгөрч. Ер хүүхэдтэй болоод эхнэртээ илүү ээнэгшинэ гэсэн хай мэдэхгүй, харин ч амьдрал нь улам уйтай саарал болсон мэт. Ерөөс ертөнц тэр чигээрээ уйтай саарал болж. Сонровын захидлыг унших тусам Цэвэлмаагийн дүр нүдний өмнө эргэлдэнэ. Цэвэлмаа бол үнэндээ ч ховорхон хүүхнүүдийн нэг. Түүний гоо үзэсгэлэнд бусдаас онцгой буюу шуудхан тийм гээд хэлчихэд хэцүү боловч нэг л ер бусын гэлтэй нууц чанар бий. Аашных нь уян наалинхайд ч, альбилан аргамжих эрдэмд ч, халуун омоглон янаглалд ч автлаа гэхэд цаанаа нэг сэтгэл булааж, хүслийг оргилуулах увидастай. Түүнд хэчнээн гомдож дур гутавч бүрмөсөн таягдан хаячихаж боломгүй бөгөөд өчнөөн аюул гамшигт орооцолдсоны эцэст бүр ч орхиж боломгүй шиг. Яндаг өөрийн үүсгэсэн эргүүлэгт өөрөө татагдан орох тийш хандсан буюу ямар нэг хөндлөнгийн хүчинд автан буй алиныгаа мэдэхгүйд хүрэв. Сонровын захидал тийм хүчтэй нөлөө үзүүлсэн яасныг бүү мэд. Санаанд багтамгүйгээр хэлмэгдэж гомдсон хүн үнэхээр л зүрхнийхээ цусаар бичсэн тэр захидлыг уншсан хэн боловч үл тоомсорлон түлхэж орхихгүй нь лав. Үүнээс өөр юу гэх вэ дээ гэж сэтгэлээсээ холдуулахыг хичээвч болсонгүй. "Би ер юу гэгчийг хийчихсэн хүн юм бэ!" гэсэн бодол сэтгэлд нь уягдчих шиг "Цэвэлмаа цаашид яах болоо?" гэсэн асуултын цаана Сонровынхоо захиснаар эцэг эхдээ буцахаас өөр замгүй, тэгээд бүхнийг шинээр эхлэх болно, би ч бас шинээр эхэлж яагаад болохгүй билээ гэсэн далд санаа цухас цухасхан гарч ирээд байв.
Зуны эхний нозоорсон халуун өдөр хадмын байшингийн цонхнуудыг цөмийг нээгээд бодолд дарагдаж энэ тэрийг ажин суухад зүүн хамрын айлын азарган тахианууд хааяа зодолдон чарлаж, урд гудамжаар хааяа өнгөрөх машин чагнаалдан дахиад л аниргүй дүнсгэр болно. Ер их хотын ийм нэг дүнсгэр байдал гиюүрлийг амархнаа авчрах бөгөөд хөдөө шиг дуртай тийшээ мордоод давхичих аргагүй. Яндаг гэнэт уул хөвчөө үгүйллээ. Хөдөөгөө байсан бол буруугаа үүрээд ой руу явчихгүй юу цусаар тээгэл. Хадмын хоосон гэр сахиж би ер юугаа хийж суунаа. Эднийхэн намайг бараг л хажиглах нь холгүй болж. Тэрнээс биш дайн дажны хөлөөс дүрвэсэн юм шиг хамаг юмаа хаяад юу гэж алга болох вэ. Надад ерөөс хүйтрээд байгаа нь илт. Цаг хатуурлаа гээд энээ тэрээ гээд аль л нарийн нандин юмсаа сэм ачаад явчихсан. Эднийхнийг хэн яав л гэж. Муу санаатан чинь арай намайгаа хардаж сэрдсэн юм биш байгаа даа. Ер эднээс холдсон ч яадаг юм. Онон, Балжийнхаас ямар нэг хов дуулаад зангаа хувиргаж байгаа бий вий. Би ч зангаа хувиргаж чадахаа л чадна. Охиныг нь буцааж орхисон ч яадаг юм. Дунгармаа тэртэй тэргүй хүйтэрсэн. Насаараа хүйтэн хүүхэн тэврэх ёстой амьдын там байгаа даа. Цэвэлмаа гэртээ харих нь ... Түүнд одоо хэн ч байхгүй. Өнгөрсөн юм өнгөрдөг л хорвоо. Би ч гэсэн ямар энэ дотоод яаманд шар цавуугаар наалгаж, шалзан хадаасаар хадуулсан биш. Зүгээр нэг хөдөөний эр болоод аав ээжийн хөрөнгийг арвижуулаад айлын дайтай айл явахыг хэн байг гэх юм. Миний явдлыг салхинаас өөр юм мэдэхгүй. Цагийн салхи ч салхилаад л өнгөрнө.Бүхнийг шинээр эхлэх нас байна. Гэхдээ Цэвэлмаа одоо яах бол? Сонровынх нь хүүрийг шоронгоос авч хөдөөлүүлэхэд туслаад өөр ямар тус хэрэгтэйг асууя. Нутаг буцах унаа тэрэг олж өгье. Ерөөсөө л энэ ногоон малгайнаас салья ..." Яндаг чухам хаашаа явахаа сайн мэдэлгүй босож хүйтэн цай залгилаад богино ханцуйтай цагаан пансан цамц өмсөж энгэрийн хатаасанд Сонровын захидал, түрийвчээ чихээд байшингийн үүдний өрөөнөөс дугуйгаа гаргаж унаад Консулын дэнжийг чиглэн жийв. Тэрбээр Цэвэлмаад шулуухан давхиж очоод захидлыг өгье гэж шийдээгүй боловч юу ч гэсэн царай зүсийг нь харъя, ямар аяг ааштайгаас нь болъё гэсэн шиг, хамгийн гол нь гэнэт орж ирсэн бодол шийдвэрээ шулуутгах, болихоо Цэвэлмаагийн байдлаас мэдэх хүсэлд хөтлөгдөв. Тийн жийсээр Консулын дэнжид дөхөж Цэвэлмаагийн гэрийн барааг харав. Үдээс хойш гэртээ байгаарай гэж захисан тул хүлээж байх нь лавтай. Гэхдээ Сонров нь амиа хорлож үхсэн тухай зүүдлээ ч үгүй, наанадаад мэндийн захидал заавал авна, цаанадаад уулзах зөвшөөрөл ч ирж магад хэмээн тэсэж ядан хүлээж байгаа. Хайрт хүнийхээ сургийг гаргах гэж арга мухардсааар уй гашуудлын хүид дарамтанд орж нүднээс гарчихсан, хаанаас хэн түшээд авахыг горьдсон хөөрхийлөлтэй бөгоод уяралтай сайхан дүрийг нь үзвээс ямар ч хатуу сэтгэл зөөлрөм агаад одоо тэр аймшигт мэдээг даах эсэх нь тун ч эргэлзээтэй. Яндаг Баруун дамнуурчинд түүнтэй гэнэт уулзан энэ аймшигт мэдээг дуулгахаа зүрхшээмээр. Яндаг ийн муужирч унахын нь наана түшиж авснаа одоо бодсоор гэрт нь тулж ирснээ гэнэт хадуураад Наймаа хотыг зүглэв. Дотроо өөрийгөө хараалаа. Хэнд ч юм юунд ч юм хорсох сэтгэл зүрхийг нь базлан, дотор нь багтраад арай л уйлсангүй. Юуны төлөө би ингэж явна вэ! Яах гэж би хүний үрийн амийг хөнөөж, Цэвэлмааг амьдаар нь атав аа! Анх удаа ингэж бодлоо. Чингээд Наймаа хотын зүгээс төв рүү цуврах хятадын сүйх тэрэг. Налайхаас нүүрс ачсан ачааны машин, хос тоомсог хөллөсөн тэрэгнүүдийн дундуур сүлжин хар хурдаараа давхилаа. Захын нэг гуанзанд хүрч ирээд баахан хоол захиж лонх архи авлаа. Дундаа том модон тавагтай чанцай тавьж яаратгуй савхдан, үхрийн нүдний чинээхэн шаазан жүнзнээс архи шимэн хүүрнэлдэх хэдэн луухаанаас өөр хүнгүй. Яндаг ганц хүн барамгүй янз бүрийн нарийн хоолноос бага багаар идэж архинаасаа цайны шаазанд хийж уулаа. Архи уулгүй уджээ. Доорхноо толгойд гарав. Дотор бачуу цухал гэж жигтэйхэн. "Энэ муусайн луухаанууд ер юу ч болоогүй юм шиг монголын явдал бидэнд огт хамаагүй гэсэн шиг байна шуү. Хүний ялгадсаар ногоогоо бордож бидэнд худалдаад бөөдий өмдөөрөө дүүрэн мөнгө чихчихсэн мөртөө шанцайгаа савхдаж. түлэнхий нэрмэлээ шимсэн нарийндаа хатанхай лүднүүд илүү. Эдний дунд л ёстой самурайн тагнуул байгаа шүү дээ. Гэтэл бид өөрсдийнхеө дундаас эрж байна.
Дотоод яамны муусайн эрлийзүүд хятадын дундаас биш буриадаас эсэргүүг эрэх нь аргагүй. Би тэдэнд тус боллоо. Тэд дэвшиж би хотод хадмын хоосон гэр сахиж, хөдеө амьтны ад болж байна. Тэд суудлын тэрэгтэй би нэг муу дугуйтай. Эрэнцэн ч лав яамны том дарга болж, машин унана. Тэр муу нохой намайг яах л гэж байгаа бол. Эвгүй бол далд оруулах арга хийж чадах л нохой. Би түүнд дэмий итгэсэн юм. Одоо больё зүгээр. Бүтэн дээрээ зайлъя. Шалтаг олдоно. Бүдүүн халимагт хэлээд хоёр хөгшдөө асрахаас өөр аргагүй боллоо, хөдөөнөөс хэрэм, булга юу дуртайгий чинь нийлүүлж байдаг хүн больё гэхэд малилзаад өгнө. Шуналын тулам юм чинь. Муусайнуудыг бүгдийг ... Нарийндаа хатсан өмд луухаануудыг хүйс тэмтрэх юмсан ..." Цэвэлмаад одоохон очно. Сонров чинь гайгүй зүгээр гэнэ, Юу болохыг жаахан хүлээе дээ гээд захидлыг нь нуучихъя. Тэгээд биедээ татахыг бодъё. Аргадаж бууж, андгай тангараг өгье. Энэ биеэ жаргуулж л байвал улс төр, дотоод яам, тагнуул магнуул цөмөөрөө чөтгөр шулам луугаа тонилог! ... Ийнхүү агсарч суутал гаднаас хоёр залуу орж ирээд цаад булангийн ширээнд суув. Нэг нь Яндаг тийш хулгай нүдээр харах шиг болоход уур хүрч
- Та хоёр юу гэж хялмалзаад байгаа юм. Хүнээс ондоо харагдав уу? Хэнийг хялмалзаж байгаагаа мэдээрэй! До яам гэж дуулсан биз! гээд найгасаар гарч одов.
Цэвэлмаа, лам нарын буудуулахыг үзсэнээс хойш элий балай мэт болж гэрээсээ ч гарсангүй, Юу ч хийсэнгүй. Сонровын аав ээж хоёр зусландаа буух тухай саналтгүй, зовхон гэрийнхээ давхаргыг хөнгөлөөд гайхаш тасран бурхандаа л залбиран гашуудацгаана. Бэр болсон ч гэхэд хэцүү, үгүй ч гэхэд хэцүү Цэвэлмаад чухам юу хэлж зөвлөх, хэнээс тус дэм эрэхээ ч үл мэднэ. Нутаг орныхон, танил талынхны хөл бүрэн татрав. Цэвэлмаа уржигдар цаазын газраас ирээд орой хөгшдийн гэрт орж хоол идэгчээн болоод,
- Аймшигтай юм үзлээ. Дотоод яаманд ажилладаг нутгийн хүнтэй уулзаж Сонровын сургийг гаргаж өгөхийг гуйлаа. Туслая гэсэн. Бурхандаа зул барьж мөргөөрэй дөө гээд байшиндаа орж Яндагийн ирэхийг хүлээхээр шийдсэн. Одоо Яндагийг үзэн ядахын ч сөхөөгүйн дээр нэгэн цагт ойр дөт ямар ч атугай идэрхэн наснаасаа нэг нутгийн шороо хөдөлгөж явсан болохоор ийм их зовлон тохиолдсон үед нь эрхбиш туслах биз гэсэн сүүлчийн горьдлогоос шүүрч авав.
Шөнийг бараглан нүд хамхилгүй хонолоо. Сонровын баригдсанаас хойш одоо хүртэл ганцаар байж дассан мэт боловч юунаас ч юм айдас сэжиг хүрээд шалан доор хулгана торжигноход хамаг бие зарсхийн зүрх чичирнэ. Тэгээд нүдний нь өмнүүр элдэв аймшигт зураг эргэлдэнэ. Яагаад ч юм сүүлийн өдрүүдэд нүд л анивал өнгөрсөн зун Гилбэр дуганы майдарт очих замд Шувуутын даваанд боож үхсэн малгайгүй Мөнхийн дүр, хавар Шийяанзанд болсон найрын дараа хамбынд очиход ноцож долоосон жагар сармагчны дүр барин тавин ороод ирнэ. Саваагүй сониучдаа ч гэх үү, элэг бүтэн омог сортоотой явсандаа ч гэх үү, боож үхсэн хүн ямар байдаг юм бол гэж тэр Мөнхийн хүүрийг хэргээр харсан нь гай болов. Одоо тийн зүйрмэглэх гээд зовхио хамхихад л нүд нь бүлтэрч, хачин том хөх яагаан хэлээ завжаараа унжуулсан Мөнх юм уу, цог шиг гялтганасан дугуй нүдтэй, муухай бэлэг эрхтнээ унжуулсан жагар сармагчин хоёрын аль нэг нь мэлсхийгээд ирнэ. Өөр нэг айдас бол гадуур гарч явахад хааяахан араас нь мөнөөх Хөх комиссар дагаад байх шиг энд тэнд хашаа байшингийн өнцөг булангаас нэрээр нь гэнэт дуудах шиг болно. Лам нарыг цаазлахыг үзээд Яндагтай тааралдаж машинд суугаад буцаж явахад нүдний буланд харагдсан өнөөх улаан орхимжийг хумин авч одсон хуй салхины нэн улигт гиншигнэл чихэнд нь үргэлж сонсогдоно.
Цэвэлмаа ухаан мэдрэл дэн дун байгаагаа бүүр түүрхэн таамаглавч, нүдэнд ч юм уу дотоод хараанд нь орж ирэх элдэв аймшигт хий үзэгдэл үү ать үнэн дүр зураг уу гэдгийг ялгах чадваргүй болсон мэт. Тийнхүү эрүүл солиотойн хооронд нэг хэсэг айн чичирч тэгснээ нэг хэсэг гайгүй ч юм шиг болно.
Өглөөгүүр жаахан зүүрмэглэж амсхийгээд босож хувцаслан толины өмнө очтол Цэвэлмаа биш өөр хүүхэн зогсож байв. Харин яагаад ч юм айж гайхсангүй. Энэ чинь би шүү дээ гэж хүчлэн бодтол энэ чинь чи биш шүү дээ гэж хэн нэгэн бээр хажуунаас нь шивнээд орхив. Тийн мөн бишээ мэдэж чадалгүй толио бүтээлгээр бүтээгээд хөгшдийн гэрт очдог юм билүү гээд хаалга руугаа зүглэтэл цаана нь нэг юм байх шиг. Сармагчин! гэх бодол зурсхийв. Эргэх гэтэл араас нь хэн нэгэн Цэвэлмаа! гэж шивнэн уухилах шиг. Сая боссон орон дотор нь Хөх ч юм уу магадгүй өнөөх малгайгүй Мөнхийн хүүр хэвтэж байх шиг. Орилох гэтэл хоолой нь бөглөрчихөв. Тийн зоосон гадас шиг хэсэг зогстол Сонровын ээж гэрээсээ гарч цацал өргөхийг цонхоор хараад өнөөх айдас хий үзэгдэл нь ч мөн гэнэт хийсэн ариллаа.
Арайхийн зүрхнийхээ түгшээг дараад толиныхоо бүтээлгийг очиж авахад цонхийж ядарсан Цэвэлмаа гунигт нүдээр эсрэг ширтэн байв. Чингээд үүднийхээ түгжээг мултлан онгойлгож цаана нь элдэв юм үгүйг мэдсэний дараа жаахан тараг ууж боов шоовхон идээд ор дэвсгэрээ засаж үс гэзгээ янзлаад чухам яахыгаа сайн мэдэлгүй өөрийнхөө хувцас хунарыг гаргаж бүртгээд аль л өөдтэй өнгөтэйгий нь ялгаж тавив. Гоёл чимэглэлээсээ шилж жижиг чулуун хайрцганд хийв. Сонровтойгоо уулзахын төлөө энэ бүхнийгээ Яндаг ч юм уу өөр хэн нэгэнд өгч болох мэт. Ерөөс хотод ирснээс хойш эдэлж хэрэглэсэн болоод цуглуулсан эд юмсынх нь хойноос ямар нэгэн нууц далдын нэхэл дагал ч бий юм шиг. Эд хөрөнгөнд шунасан гэж хэн ч хэлээгүй гэсэн гай зовлонд унагасан нүгэл хилэнцийн үзүүр сэжүүр энэ мэтэд шингэсэн ч юм билүү. Нэхэл хатуу хорвоо билээ л.
Цэвэлмаа тийнхүү юм хумаа янзлаад халуу шатах янзтай тул цонхоо нээж орон дээрээ түр хажуулав.
Нимгэхэн цагаан дурдан даашинз, махны өнгөт герман торгон оймс өмсөж хятад инжаанд Сонровын хийлгэж өгсөн сувдан шигтгээтэй ээмэг бөгжөө зүүгээд ойрын үед гоёогүйгээр гоёж ямар нэг чухал хүмүүстэй уулзахаар явах ч юм уу, эсвэл айхтар сонжооч олны нүдэнд үзэгдэх хэрэг гарч юу магад. Хэрвээ Яндаг нэг нааштай мэдээ авчирвал аятай харагдъя гэсэн шиг байв. Ингээд бодол болон хэвтлээ.
Яндаг намайг яах бол? Хөхтэй адилхан оролдох болов уу? Дэмий гоёв биш үү би? Намайг харангуутаа урьдын Цэвэлмаа байна гэж бодоод түрэмгий зан нь хөдөлвөл яана? Би ерөөс яасан муухай эм бэ? Сонровыг хятадын халуун ус руугаа дагуулсаар байгаад ... Бурхдын нүдэн дээр, сармагчинд ... булай нүгэлтэй эм. Яндаг юу гэж ирэх болоо? Сонровтой минь яагаад ч уулзуулахгүй биз дээ. Тэр аймшигтай шоронгоос нь ганц хоног ч гаргадаг бол ... Хөөрхий минь яаж тарчилж зовж байдаг болоо. Аль ямар ч үгүй зүгээр хаачихаад нэг өдөр тавих гэж ч баймгүй дээ. Юмыг яаж мэдэх вэ. Ямар ч гэсэн Чойбалсангийн танил, том дарга. Манай буриадын эсэргүү нарыг үнэхээр мэдээд хэлсэн ч юм билүү?
Хөөрхий Балдан ахыг баривчилсан гэх. Тийм эсэргүү хаана байх вэ. Цэвэг ах магадгүй, Жамцын хөвүүд магадгүй. Ээ бурхан минь! Бурхан гэж бий юм уу, үгүй юм уу? Бий юм бол юу гэж хамба цорж нар дүнгэнэтэл ном уншаад буудуулж үхнэ вэ? Бурхан нь тэднийгээ харахаа яана вэ? Аль тэд буудуулангуутаа цөмөөрөө хойт төрөлдөө өнөөх диваажин, шамбалынхаа орон руу явчихдаг юм уу?
Яасан өршөөлгүй хорвоо вэ? Одоохон үхээд дахин төрдөгсөн бол Сонровтойгоо дахин төрөхсөн. Цаазлуулсан лам нарын ганц улаан орхимж шиг тэнгэрт хөөрч атга болох юмсан. Яагаад ... яагаад Мөнхийн хүүр, сармагчин ... Яагаад би өөрийгөө танихгүй ... Хэн намайт дуудна вэ?
Цэвэлмаа босон харайв. Гэвч эргэн тойрон анир чимээгүй нозооронги халуунд цонхоор нь Богд уулын зүгээс үл мэдэгхэн сэвшээ татна. Хаалгаа нээж хараад хөгшдийнхөө гэрт очдог юм билүү гэтэл гарч нэг боломгүй. Сонровын аав ээж хоёрыг харахаас бараг л айх буюу гэмтэй юм шиг цэрвэх болж. Орон дээрээ буцаж хэвтэв. Сүүлийн хэд хоног босвол хэвтмээр, хэвтвэл босмоор санагдах нь жигтэй.
Дандаа хөдөлж явж байвал зүгээр мэт авч хаашаа явж юу хийхээ мэдэхгүй. Ямар нэгнийг хүчлэн бодож жаал хэвтвэл жоол тайвшрах мэт байснаа гэв гэнэт элдэв юм харагдаж сонсогдох шиг болно. Тэгэхээр нь босож холхино. Гэтэл дорхноо зүрх салганан чичирч хамаг биеийн тэнхэл алдраад ирнэ. Хүчээр ямар нэгнийг дурсахыг хичээв. Өнгөрсөн хавар Гурван нуурт Сонровтой очсоноо саналаа. Хавар эрт яагаа ч гүй байхад Багж, Тэнгэлигээр загас өгсөж, Баддан ахынх нь эзгүй хойгуур эхнэр нь амаржиж түүнээс болон нас барсан. Сонров очиж, Цэвэлмаа Сонровтой нийлсний гай барцад гэлтэй юу. Яандаг аанай л дагаастай. Арал дээр шөнийг өнгөрүүлэхийг ч чагнаад хэвтэж байсан гэсэн. Дотоодыг хамгаалахын хүн тийм л сонор сэрэмжтэй байх ёстой гэж зун нь тоглоом шоглоомоор хэлж байсан. Балдан ахыг нь авч үлдсэний хөлсийг биеэр нь төлүүлээд тэр шүү. Гурван нуурт л жаргалын дээдийг амссан. Тэр манантай, шувууд ганганасан дулаахан шөнө шиг шөнө энэ насанд нь дахиад тохиолдохгүй. Бүх юм тэндээс эхэлсэн. Сонров Чингис хаан Бөртэ үжин хоёрын тухай ямар сайхан домог ярилаа дахиад тийм сайхан үлгэр домог хэнээс сонсох вэ? Багадаа ямар хөөрхөн охин байсан болоо чи гэж Сонров энхрийлэх болгондоо хэлнэ. Өөрийгөө бас хөөрхөн цагаан хүү байсан гэнэ. Арван зургаатайдаа Чингисийн Гурван нуурт охин насаа гэнэт орхисон. Сонров Цэвэлмаа гэдэг хоёр хөөрхөн цагаан хүүхэд хойт төрөлдөө л уулзвал уулзана. Түүнээс биш бүх юм өнгөрчээ, өнгөрч ...
Яндаг гэнэт үүдэнд нь үзэгдэв. Тэр их согтуу, дугуйгаа хөтлөн найгасаар үүдэнд нь тулж ирээд ухаангүй хөлчүү нүдээр ширтэн,
- Цэвэлмаа! Цэвэлмаа чи байна уу? гээд сая онож харав бололтой.
- Аа Цэвэлмаа байна. Яасан гоё ... Яасан гоё юм бэ. Би чамд Сонровын чинь ... гэхэд Цэвэлмаа харайн очиж гэртээ оруулаад,
- ... Сонровыг минь яагаа вэ! Хэлээч! гэхэд Яндаг Цэвэлмааг тэврэх гэснээ больж сандал дээр суугаад толгойгоо унжуулан гингэнэтэл уйлав.
- Яндаг аа! Яасныг хэлээч! Хэлээд өгөөч! гэж Цэвэлмаа чарлав.
- Би хэлж чадахгүй! Цөмөөрөө үхэцгээе! Намайг ч дуусгаад өг! Би алуурчин! Дуулав уу Цэвэлмаа! Би алуурчин! Би чамд хэлж чадахгүй нь. Май өөрөө унш! гээд халааснаасаа үнгэгдсэн бичиг гаргаж өгөв.
Цэвэлмаа орон дээрээ очиж суутаад уншлаа. Чимээгүйгээр нулимсаа асгаруулж байгаад удаан уншив.
Уншиж дуусгаад ганц үг хэлэлгүй, аан гэж ч дуугаралгүй даашинзаа тайлж тэрлэгээ өмсөөд хамаг юмаа тэр чигээр нь задгай орхин гарч одов. Цэвэлмаагийн гарч явсаны дараахан суудлын хар тэрэг ирж зогсон дотоод яамны хоёр залуухан дарга гарч ирээд байшинд шуудхан орж толгой унжуулан гингэниж суугаа Яндагийг,
- Бос! гэж зандрахад Яндаг толгойгоо өндийлгөн
- Юу бос гэж? гэхэд хоёр залуугийн нэг нь нагаанаа гялсхийтэл сугалан цээж рүү нь ёвроод,
- Яндаг таныг жанжны тушаалаар баривчиллаа! Босоод марш! гэхэд Яндаг ухаарах болихын хооронд үсрэн босоод тэр хоёрыг ээлжлэн харснаа,
- Аа тийм үү! Та нар намайг баривчлаа юу? гээд энд тэнд гишгэлэн гарч одов. Сонровын гэр үүд цонх нь нээлттэй эзгүйрэн хоцорлоо.

***

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
 Profile  
 
PostPosted: Mar.24.11 11:56 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 8:31 pm
Posts: 3576
Location: Over the Earth
Үүр дөнгөж хаяаран байлаа. Өндөрхааны арын нуранги хар асга хадтай, армаг тармаг буйлс хайлаастай аманд ирж хоносон аврага том биет хөгшин хөх өлөгчин чоно үүрийн бүрэнхийгээр босож эмтэрч хэмхэрсэн мохоо шар шүдэт амаа чихэндээ тултал ангайн эвшээж битүүхэн гийнаад, аргаж хуурайшсан урт ягаан хэлээрээ эвэршиж хатуурсан хоёр завжаа шилэмдээд, сарьсан хамраа сарталзуулан салхин өөд үнэрлэхэд нялх ногооны үнэрээс өөр шинхэгт амьтны өчүүхэн ч сураг гарсангүй. Хичнээн ядарч туйлдсан ч махнаас гарч өвс ногоо иддэг болоогүйгээс хойш яанам билээ. Гэтэл хичнээн махсаж гурайдавч хулгана зурамхан ч барьж хүчрэхгүйн зовлон даанч их. Бас ганцаардлын зовлон түүнээс хэцүү. Хүмүүн хэмээгч хоёр хөлт аймшигт араатнаас зугтаахдаа зугтаан, нуугдахдаа нуугдан харин дөрвөн хөлт зүйл зүйлийн амьтсдын дунд дураар эргэлдэн амтат цус махаар нь амин хоолойгоо тэжээж өдий болсон газар дэлхий дээр өч төчнөөн үр төлөө төрүүлж өсгөн бүхэл бүтэн чонын сүргийн эх болоод эцэст үсрэн харайх тэнхэлгүй, урж тасдах шүдгүй нэг уулын ташлангаас, нөгөө уулын бэлд яваа молтогчинг хүртэл хардаг асан нүдний хараа цуцах юутай гачлан. Одоо хөөрхий хөгшин хөхөд гагцхүү бусдын үлдээсэн сэгний шавхруу олдвол дээдийн заяа. Ямар боловч чонын хугархай тулдаа тэр мэт сэгний өвдөл цөвдөл, хааяахан аз таарвал мөн л гүйх хөлгүй болсон зээр гөрөөс зулгааж амь зуувч сүргээсээ гологдон хаягдана гэдэг л туйлын гунигтай бөгөөд хичнээн ганцаардаж "Би энд байна! Ирээч! Ирээч!" гэж гуйн гувших дуугаар улин гиншивч тоох амьтан үгүй. Уг нь ямар сайхан амьтан байлаа.
'Тээр жил тэмээн жилийн хавар" яг энэ Өндөрхаан уулын энгэр дахь ээж аавын дулаан ичээнд нүд нээн тэнжиж, ах дүү олон бэлтрэгийнхээ хамт хулгана зурмаар наадан цусыг нь ханаж ээж аавын авчирсан зээр гөрөөс болоод хонь ямааны шинэхэн мах арааныхаа шүлсийг савируулан зажилж даан их удалгүй хөлийн хурд, шүдний хурцыг мэдрээд ирэнгүүтээ бие даан гөрөөлж дошин дээрээ оцогнон хошгирох тэнэг тарвага руу өвс ногоон дундуур мурилзтал мөлхөн очиж дээр нь харайн буугаад зөөлөн дулаан хүзүү рүү нь шүдээ шигтгэх бахтайсан. Тийн ердөө л чоноо нэг хоёр нас наслангуут ямар хөөрхөн өлөгчин боллоо. Орооны цаг, ойр орчмын уул хаднаа цуурай хадтал цээл цолгин дуугаар улин хуцаж хэдэн сайн эрчүүдийг цуглуулан хүрээлүүлж аваад өнөө энд, маргааш тэнд үсэрхийлэн цувуулж, өвөр хооронд нь зодолдуулан эцсийн бүлэгт хэн хүчирхэг бөгөөд эрэлхэг зоригтойд нь эзэмдүүлэн ааг омгоо даруулах аятайсан. Гэвч тэр мэтийн аятай адтай цаг байхад бас ч бачүү давчуу өлөн хоосон цаг тохиолдохыг юмын чинээ санадаггүй байж.
Бие хүндэрсэн анхны хавар төрөлх Өндөрхаан уулынхаа нарлаг жалганы дулаан нүхэнд гэдсээ татан хэвтэж долоон сохор шаалууг ууц сүүжээ уруулах мэт өвдөж байж гаргасан. Ямар хөөрхөн амьтад байлаа. Тэднийхээ нүд нээж, шүд ургахыг харан баясаж, гэдсийг нь даран чинэрэх олон хөхөө хөхүүлэн хэвтэхэд тэд нь бие биенээсээ өрсөлдөн шаваарч, халуун хоншоороороо нудран шуухиналдсаар чинэрсэн хөхийг нь дорхноо ховх сорон хөнгөлдөгсөн. Тийн өнөр өтгөн болж хэдэн жилдээ Хэрлэнгийн уужим хөндий болоод хойд биеийн уулсыг бүрнээ эзэгнэнхэн амьдарч билээ. Хөгшин хөх тийн залуу зандан цагтаа чоно чонын дундаас хүчирхэг том, гойд гоо үзэсгэлэнтэйсэн. Гэтэл хорвоогийн жам гэгч ямар хатуу билээ. Мөнөөх хоёр хөлт араатны холын барааг харж, үнэрийг авангуутаа цойлон оддог. Эсвэл ар худрагаар нь гэтэнхэн арга мэх гарган хоттой хониноос нь хүртэл шилээд сугалчихдаг аснаа хөлийн хурд саарч нүдний хараа муудаад хоёр ч удаа заяатай л намнуулчихалгүй амь зулбан гарсан.
Чингээд тэр айхтар хоёр хөлтнөөс холхон явахаас өөр аргагүй, адуу малын холын бэлчээрийг ихэд сэрэмжлэн гэтсээр хааяа нэг унага даага бяруу шүдлэнд хүрвэл дээдийн заяа. Хээрийн зээр гөрөөс, тарвага зурам барьж гол зогоох болов. Орооны цагаар мөнөөх олон хүчирхэг эрчүүдийг дагуулан цахилдаг хөг ч өнгөрч үр төлгүй сувай сударган болж хоцроход өсгөж бойжуулсан бэлтрэг шаалууд нь ч тус тусын амин зуулгыг хичээн алга болоод ганцаардахын зовлонд унасан. Тийнхүү нас хөгшрөн тэнхээ харихад ердөө л өдрийн гүйдэл хүрэхгүй шахам ойр орчмын хэдэн уул хаданд хоргодон, хоёр нарны хооронд гэдэс ходоодынхоо хуржигнахыг чагнан урд хоёр хөлөө дэрлэн зүүрмэглээд голцуу шөнийн анд явж болгоомжгүй муусайн мэрэгч мөлхөгчдийг барьж идэхээс өөргүй.
Хөгшин хөх энэ жилийн өвөл хаврыг ганц Өндөрхаан уулын лус савдаг мэт холдолгүй сахиж аль нэг гуу жалганд нь ийнхүү нойргүй шөнийг өнгөрүүлээд үүрээр мөнөөх мөлхөгчийг агнахаар өдөр хоногийг гуринхтан өнгөрүүлсээр арай чүү амьд мэнд зунтай золгожээ. Ямар ч атугай зун гэгч зун болохоороо мэрж долоож байгаад ч гэсэн ходоод хоолойгоо дүүргэх юм элбэг болно. Тийнхүү эрхбиш тэнхэл орж өнгө засав. Урьдын сүр жавхтангийн үлдэгдэл бас ч бүрэн арилаагүй. Амаа чихэндээ тултал хэд сайн эвшээж аваад, хэрзгэр урт нуруугаа нужигнатал хотойлгон хаврынхыг бодвол гуйвахаа больсон дөрвөн дээхгэр хөлөө жийн, хүзүүгээ гүрдийлгэн, залуугийн саглагар сайхны сураг ч үгүй шодон сүүлээ сунган зогдрын оронцогоо босгон байж хэдэнтээ суниахад "Би чинь ямар ч гэсэн чоно шүү дээ" гэх санаа эрхбиш төрнө. Тэгсэи хойно хаашаа гөрөөлөхийг шийдэх эрхтэй. Нэгэнт нүдний хараа муудсан тул хамартаа л найдна. Биеийнхээ хөшингийг гаргаж аваад сатхин өөд сайтар өлийн затхуугүй үнэрлэн зогсохуйд их бага ч гэсэн ямар нэг амьтны сэг буй эсэх нь мэдэгдэнэ. Одоо ер сэгээр л амь зуух цаг ирж.
Хөгшин хөх энэ удаа хойноос үлээх зөөлөн сэвшээ өөд хоншоороо өргон нүдээ аньж хамраараа салхи татан удаан гэгч үнэртлээ. Үүрийн бүрхэг тэнгэр, бүүдгэр дэлхийн энэ их анир чимээгүйн дунд ганцхан үнэр л содон баймаар. Гэтэл эхлээд үнэр биш холын бөглүү чимээ сонсогдов. Амьтны бус хүржигнэж дүнгэнэсэн тэр чимээ нэг чангарч нэг суларч байснаа гэнэт хавьд огтхон ч мэдэгдээгүй ер бусын үнэр ханхийв. Тэр бол яавч идэх уух юмны үнэр биш. Гал түймрийн утааны үнэр, хоёр хөлтний унаа тэрэг, орон гэр ашны ч үнэр биш. Тэр жигтэй үнэр чимээ улам ойртоход сониуч зан дийлээд ч юм уу. Аль айдас хүрсэндээ ч юм уу хөгшин Хөх жалганаасаа сугаран хажуугийн өндөр дээр гарахаар гулжигнан шогшив ...
Аймгийн шоронгийн хашаан дахь хэдэн хар гэрийн нэгэнд Дадал, Балжийн арван эсэргүү унтаж байлаа. Тэдэнд одоо унтахаас өөр амьдрал байсангүй. Тэд цөмөөрөө эсэргүү хэрэгт тулгагдсан бөгөөд хэзээ хэрхэн шүүгдэхээ л хүлээж байв. Тийнхүү хүлээсэн хэрэг хэмээгч нь чухам юуны учиртайг ч мэдэхгүй тул ямарч байлаа гэсэн ядуу доодчуулын төлөө байгуулсан гэх ардын засгийн тэрхүү учрыг ухварлахын аргагүй. Хэргийн үнэн монийг олж арай ч амь насыг нь хөнөөхгүй гэдэгт итгэнэ. Түүгээр ч барахгүй нэг л өдөр хар гэрийнх нь үүдийг цэлийтэл нээгээд "Хөөе та нар босоцгоо! Та нарыг ардын дайсан, хувьсгалын эсэргүү гэдэг эндүүрэл байжээ! Одоо бүгдээрээ наадах бөөстэй хувцсаа цуглуулаад гэр гэртээ, эхнэр хүүхэддээ харьцгаа!" гэх байх гэсэн горьдлого үл тасрана. Нэг гэрт хоригдсон Дадал, Балжийн арван эсэргүү бүгдээрээ уван цуван хэргээ хүлээн өчиг өгч дуусаад хэд хоножээ. Түрүүчийн баривчилгаанаас Цэвэгээс бусад нь гэвэл Жамцын хүү Бат, Содном хоёр, арай сүүлд баригдсан Балдан, Зундуй гавж, Балжийн хоёр хамниган бөр гурван залуу нийлээд нэг гэрт арвуулаа эсэргүү гэдгээ хүлээж өчиг өгөөд салахаас дээр юмгүй гэсэн санаа тэднийг амархнаар нугалж авсан. Чухам хаанаас яагаад тэр санаа төрснийг хэн нь ч мэдэхгүй. Хэргээ эртхэн шудрагаар хүлээвэл чинь аминд чинь тустай гэж ятгасан ч юм уу аль эрүү шүүлтээс айж хулчийсандаа ч юм уу. Эсвэл зүгээр салахын түүс болсондоо ч юм уу бүү мэд. Магадгүй хэрвээ үнэхээр ардын дайсан, хувьсгалын эсэргүү гэх юмгүй ч наанадаад хар буруу санаатайсан бол хэр баргийн эрүү шүүлтийг даагаад гарахсан биз. Гэвч тэд ихэнхдээ амиа бодсон арчаагүй амьтад санж. Тэдэнд эхнэр хүүхэд адуу малаас нь үнэтэй юм энэ хорвоод үнэндээ байсангүй.
Харин Зундуй гавж бол ерөөс цөвүүн цагийн ламд тохиолдох ёстой хувь тавилангийн хаагуур ч гарах аргагүйн зэрэгцээ шашин хувьсгал хоёр тэрсэлдэхийн гарцаагүйд, үнэн чанартаа эсэргүү этгээд болохоо дотроо хүлээн зөвшөөрчээ. Харин Цэвэг яасныг бүү мэд. Тэр яс цоожинд хаагдаж аймшигтай эрүү шүүлтэд оржээ гэсэн шивэр авир яриа байв. Гэвч хар гэрийнхэн нийтдээ л хэзээ хэнээс аврал ирэхийг л горьдоно. Тэнгэр бурхандаа залбирцгаана. Одоо ганц найдвар тэнгэр бурхан, аз хийморь хоёрт л байна. Бурхнаа бурсайсан буриадын буруу биш хойно азын тэнгэр нь арай уначихаагүй байлтай. Хар гэрт хаагдагсад үнэн хэрэгтээ бие биесээ барьж идэх цөөврүүд болсноо яахин ухаарах аж. Цаг ирвээс цаазын тавцан дээр гагцхүү үнэний төлөө толгойгоо тавьж өгөхөөс буцахгүйн чинээ санаж явагсад харгис гүжрийн өмнө амь амиа хичээн сөгдөн унах арчаагүй амьтас байлаа. Мөнөөх цуутай эршүүд гүжирмэг зан, тэсвэр хатуужил нь хаашаа гэнэт хийсэн алга болов оо! Төрийн хатуу нударгын хатууг амсаж явсан хүн зонсон. Гэвч эдүүгээ тохиосон бүхэн даанч ухаан санаанд багтамгүй, даан ч харгис хатуу, хэмжээ хязгаар гэж даанч үгүй, гэнэтийн богоод учир утга харанхуй нь даанч хэцүү байлаа. Тийнхүү гэм зэмгүй эгэл борчууд, эхнэр хүүхэд адуу мал нь амин зуулгын дээд асан хөдөх болхи амьтас номхон хонь мэт бусдын эрхэнд тархиа алдаж, эцэст алдахын чинээ санаагүй мунхаг тархиа аврахын төлөө дүү нь ахыгаа, хүү нь эцгийгээ эсэргүү хэмээн илчлэхэд хүрэвээ, хөөрхий.
Цэвэгийг үүрээр нутгийнхан нь хар гэрт авчирч хаялаа. Түүний нүүр нь зүгээр л улаан нэлээ бөөн мах болжээ. Ухаантай эсэх нь мэдэгдэхгүй гулдайн гэншигнэнэ. Зундуй гавж нүдний нь зовхийг татаж, судсыг нь тэмтэрч үзээд,
- Арай голтойгоо л байна даа гэхэд, Багдан толгойг нь тэврээд.
- Цэвэг минь! Би Балдан чинь байна. Би Балдан чинь байна! Цэвэг минь даанч дээ гээд мэгшин уйлав.
- Үхтэл зодож шүү муухай харгисууд чинь гэж нэг нь тэндээс шүдээ хавирав. Хэн нэг нь Цэвэгийн ам руу ус цутгахад амаа ангайх гээд чадсангүй.
- Ухаантай байх шиг гэж Балдан дуугараад өвчүү цээжийг нь барилан,
- Цэвэгээ! Чи минь ухаантай байна уу? Дуугарах тэнхээ байна уу? гэхэд Цэвэг гараа өргөөд өнгөрчээ гэх маягаар зангав.
- Ухаантай байна. Элэг бөөр нь бүтэн бол сэргэх биз гэж Бат хэлэв.
- Ай бурхан минь! Биднийг дуусгах л гээ юм биш үү гэж нэг нь гаслав.
- Дуусвал хамтдаа л дуусна даа гэж Содном бувтнав. Ер эдний хэлцэж ярнх юм аль хэдийн шавхагджээ.
Бодох юм ганцхан тул юугаа ч хэлэлцэх балээ. Хар гэрийн үүд нээгдэх болгонд "Одоо л ..." гээд сэртхийвч үг дуугүй буцаан хаагдсаар.
Гэрийн цоорхой, тооно тотгоны завсраар үүрийн гэгээ нэвтрэн, яагаад ч юм бие биесийнхээ нүүрийг харахаас нүд буруулах болсон хэд Цэвэгийг тойрон шивнэлдэж энэ удаа бие биенээсээ арга буюу дэм тус эрэх мэт гэмшингүй бөгөөд горьдонгуй нүдээр харцгаан. яах учраа мэдэхгуй шогшролдон гаслалдаж байтал гэнэт машины дуу гарч шулуухан гэрийн гадаа ирж үүдэнд тулан зогсов. Мань хэд гайхан түгших зэрэгцэн амьсгаа дарлаа. Машинаас хүмүүс дэвхрэлдэн бууж хэн нэгэн бээр гэрийн үүдний харуулыг,
- Чи муу яагаад унтаж байгаа юм. Наадахаа нээ! гэж зандрахад харуул үүдний цоожийг харжигнуулан онгойлгов. Нэг хүн сүр пар хийн орж ирээд гар чийдэн тусгаж нагаанаа ёдогнуулан.
- Босоод! Хувцсаа өмсөцгөө! Бушуул! Өмссөнөөс бусад илүү дутуу юмаа бүгдийг орхиод гарцгаа! Хойно хойноосос цуваад машинд орцгоо! Бушуул! гэж хашгирав. Цэвэгээс бусад нь яаран хувцаслав.
Арын үүдийг нь нээсэн бүхээгтэй том машин үүдэнд тулан зогсжээ. Үүдний хоёр талаас бууны жаднууд хавирга сүүвэйгий нь нэвт сүлбэхэд бэлэн ёрдойлдоно.
- Наадах эсэргүүгээ дамжлаад гар! гэж мөнөөх хүн тушаав. Балдан Цэвэгийнхээ цээжээр тэврэн өргөж
- Цэвэгээ! Машинд сууя! гэхэд Цэвэг гэнэт биеэ хөвчлөн босоод ирлээ.
Тийн арван нэгээ машинд ороход хүнд төмөр үүдийг тар няр хийтэл хаагаад гяндангийн хашаанаас гарч умар зүг довтолгов.
Шоронгийн машиньг мөглөн бүхээг харин зүгээр төмөр сараалжаар тоонолжилсон жижиг гэгээвчтэй аж. Түүгээр мань хэд гадагш харах гэж түлхчилдэв. Гарцаагүй Онон, Балжийн зүг давхих аж.
Бүрхэг хүндхэн тэнгэр үүрээр сааралттан гэгээрч, Хэрлэнгийн уужим нойрмог хөндийд нялх ногооны үнэртэй бүлээн салхи тунаран эргэлдэнэ. Тэр чөлөөт салхин умар зүг хурдлах машины мөглөн дотор асгаран орж ирээд эрх чөлөөгүй эрүүдэн байцаалтын аймшиг дунд эргүүтэж төөрсөн эрчүүдийн гэнэн сэтгэлд гэнэт хүслэнгийн салхийг салхилуулаад авав.
- Хойшоо явж байна л. Нутагт маань аваачиж хаях нь юм биш үү! гэж Содном илт баярлан хэлэхэд хааяа ганц хоёр үг дуугардаг Луузан хаминаган,
- Хээр аваачиж тархинд минь л сум зоох л гээ биз гэхэд Бат гэгээвч өөд өлөлзөн,
- Зундуй ламбугай минь юм хэлээч! Таны ухаанд юу орно вэ? гэж сандрахад бүхээгний голд уруу харан суугаа лам толгой өргөлгүй,
- Миний ухаанд юу ч орно үгүй. Бурхандаа л залбирцгаая гэв. Балдан Цэвэгийнхээ толгойг тэвэрч явав.
Тэрний ухаанд ёстой юу ч орохоо больж, хүүхдүүдээ туйлгүй санаж, орь өнчин хоцрох вий гэж гаслахаас өөргүй. Ямар гээчийн их нүгэлтэн, лай ланчиг хураасан хүн, ямар гээчийн цаглашгүй гаслант үйлийн үр гэж ийм байдаг юм.
- Онон руу чигтээ явж байна. Биднийг нээрээ тавих л гээ. Биднээр юугаа хийх юм. Муу ёр бүү харцгаая л! гэж Содном бүр итгэлтэй дуржигнав.
Цэвэг түүний үгийг дуулав бололтой мөнөөх л "өнгөрсөөн" гэх маягаар гар зангаж амаа умалзуулав.
- Цэвэгийг аймшигтай болгожээ. Биднийг ... биднийг яах юм болоо? гэж Балдан уйлагнав. Зундуй гавж толгой гудайлган,
- Бурхандаа л залбирцгаа! гэх нь бас дуусчээ гэсэн янзтай.
- Та минь үнэнээ хэлээч! Бид чинь үнэхээр эсэргүү юм гэж үү? Хэн маань үнэхээр эсэргүү юм бэ? Хэлээч! гэж Агацын залуу хаминаган гэнэт чангаар асуув.
- Хэн маань хэнийгээ эсэргүү гэх юм. Цөмөөроө л тийм болов бишүү гэж Бат мөн чангаар хэлэв. Гэвч тэдэнд маргах цаг ч үгүй, хүсэл ч байсангүй.
- Тийнхүү шоронгнйн машин мөглөн цаг хэртэй давхиад Өндөрхаан уулын ар хавьцаа эзгүй хээр зогслоо. Мань хэдийг буулгасангүй. Өөр машины дуу гарч байна.
- Нэг их уулын ард, жалганы ирмэгт иржээ гэж хэн нэгэн бувтнав. Араас дагаж ирсэн машинаас хүмүүс бууж дүнгэр дүнгэр ярилцана.
Гуравдах. Дөрөвдөх машин ирж зогслоо. Хэдийн үүр цайсан ч бүрхэг тэнгэр нэвсийн доошилж, ганц хоёр бороо дусална.
- Бушуул! Юугаа хараад байсан юм! Гар хүлэх юм чинь хаа байна? гэж хэн нэгэн зандрав.
- Хүлээд буудах нь юм биш үү! гэж Бат дуу алдав.
- Муу ёр ёрлоорой чи! гэж Содном бахардан хашгирав.
Мөглөнгийн үүд хар ярхийн нээгдэж олс дээсний тасархай барьсан хоёр цэрэг орж ирээд мань хэдийн гарыг ард нь хүлж орхилоо. Хажууд зогсох өөр нэг машинаас эмэгтэй хүн уйлан гинших сонсогдов. Гурав дахь машины тэвшнээс буутай баахан цэрэг үсрэлдэн бууж, пижигнэтэл гүйлдэн одов.
- Ай бурхан Гончигсум! Юу л хийх гээд байна даа гэж нэг нь гаслав.
- Нэг нэгээрээ бууцгаа! гэж тушаахад түрүүлж буух хүн гарсангүй мөглөний буланд шахцалдав.
- Нэг нэгээр нь сугалаад гарга! гэж тушаахад мөнөөх хоёр цэрэг Зундуй ламыг суга татан түлхэн буулгахад цаанаас нь шүүрч аваад нэг тийш чирэн одлоо. Тийн нэг нэгээр нь гаргаж ойрхон буй гүн хар жалгын ирмэгт аваачлаа. Зургаа долоон насны жаал хүү тэвэрсэн сэглэгэр хар хүүхнийг хоёр цэрэг сугадан чирсээр ирэв.
- Ээ бурхан минь! Энэ чинь өнөөх мэргэн жаал байна! гэж нэг нь дуун алдав. Мэргэн жаал ээжийнхээ хүзүүгээр тас тэврээд мэлмэрсэнхэн том хар нүдээрээ энэ тэрийг гайхах мэт хараачилна. Эхийн ухаан хэдийн гарчихсан бололтой нүдээ аньж, найгалзан гиншихээс өөргүй. Балдан жаал хүүгийн нүдийг хараад ард үлдээсэн балчирыгаа дотроо дуудан орилж, ардаа зангидсан гараа хар хүчээрээ мушгихад хүлсэн олс нь тас үсрэв. Тэгээд гэнэт инээлээ.
- Биднийг айлгаж байгаа юм бишүү! Энэ мэргэн жаалыг арай ч дээ гэхэд,
- Буудах нь ээ! Буудах нь байна шүү дээ! Цэргүүд жагсаж байна! гэж Луузан хирдхийн хашгирав.
Үнэхээр ч буутай хориод цэрэг жагсаад даргын командаар урагш алхлан тавиад алхмын зайтай ирж зогслоо. Үүрийн цайвар гэгээ араас нь тусаад тэд цөмөөрөө нүүргүй юм шиг харлах бөгөөд харин бууных нь жаднууд сэрийлдэн хөх туяа цацруулна.
- Дарга нараа! Өршөөгөөч! Биднийг ... Намайг яах гэж ... Биднийг яах гэж ... хэмээн Содном нүдээ эргэлдүүлэн ангалзаад бахардан таг болов.
- Яалаа гэждээ. Хүүхдийг! Энэ хүүхдийг яалаа гэж хэмээн Балдан бувтнаад түүннйг биеэрээ халхлах гэсэн шиг ойртон зогсов. Зундуй гавж дүнгэнэтэл ном уншиж нүдээ анин толгой дээгүүр зогсоно. Бат хэн нэгний ард орох гэсэн шиг ухарснаа болиод доошоо салхийн сөгдөв.
- Юуны төлөө хүн болж төрлөө! гэж хэн нэгэн гаслав.
- Ээ, бурхан өршөө! Үр ач нар минь өршөө! гэж Луузан уртаар эхэр татан наманчлав.
- Өршөөл гуйцгаая! Бүгдээрээ мөргөж гуйцгаая! гэж Содном хамаг бие нь сатгалан, шүдээ тавжигнуулан гаслав.
- Айлгаж байгаа юм биш үү? яалаа гэж биднийг буудах юм. Хараач та нар минь энэ самган, хүүхэд ...
- Содном чи байз л ... гэж Балдангийн хэлтэл хөх няц болсон нүүрээ үүрийн гэгээ өөд чиглүүлээд зоосон гадас мэт зогсож байсан Цэвэг гэнэт хоолойгоо хоржигнуулаад,
- Балдан битгий ... өнгөрсөн ... гэж ойлгогдохоор хэлэв.
- Ээ-ээ-ээ! гээд Содном урагшаа ухасхийтэл буу тасхийн сөгдүүлчихэв.
- Буугаа дайнд бэлтгээд! гэж даргын хашгирахад цэргүүд буугаа ярсхийлгэн өргөж замгийг тачигнуулав.
- Галлаад! гэхэд буу нирхийн хорин бууны амнаас хөх утаа пурхийн, үхлийн халуун хорголж шүүхгүй буудуулагсдын цээж тархийг цөм цохилоо. Тэдний зарим нь шуудхан жалга руу годройтон унаж, зарим нь доороо сөгдөцгөөв. Балдан эхний буудалтаар мэргэн жаалыг тэврэн халхалж доороо ивээд үхэтхийн уналаа. Хоёр дахь удаагаа буу нирхийхэд жалганы ирмэг дээр сөгдөгсөд мөн ар тийш савж алга болов.
Ногоон малгайтангууд халширсан яасныг бүү мэд. Буудуулагсдыг шалгаж үзсэн ч үгүй, үг дуугуй машиндаа үсрэлдэн суугаад ум хумгүй давхиж одов. Бороо шиврэн орж байлаа. Хэсэг хугацаа өнгөрсөн хойно цусанд холилдсон Жамъянгарав хүү сая ухаан орж Балдангийн амьгүй бие доороос мөлхөн гараад жалганы ёроолын ногоон дээр суугаад эргэн тойрны аймшигт дүр зургийг мөнөөх хүүхдийн ч бус, ертөнцийн ч бус мэлтгэр хар нүдээрээ гөлрөв. Тэр ээжийнхээ хүүрийг олж харсангүй. Тархи толгой нь зад үсэрч цус нөжөө асгаруулан хөл гараа хачин жигтэйгээр нугалж давхацсан хүмүүсийн зарим нь бүрэн амь тавьж амжаагүй бололтой татваганан хөдөлнө.
Мэргэн жаал тийн нэг гөлрөөд сая хараа салгаж, зөөлөн дулаан бороо дусагнах тэнгэр өөд өлийн уйлах улихьш хооронд гаслантайяа эхэр татаад, босож аймшигт газраас зугтаан жалгыг уруудан гүйж одов.
Буун дуу нирхийх чимээгээр хөгшин Хөх огло үсрэн харайхаараа харайв. Тэр зүг чиггүй цуцатлаа гуйлээ. Үүрээр мөнөөх ер бусын юмны үнэрээс сэжиглэн өндөр дээр гараад орчин тойрныг ажин оцойж суутал, тэртээ зүүн уулын бэлээр хүнгэнэсэн дуут баахан хар юмнууд гарч хурдалсаар өөрийнх нь их уулын ар хормойд ирж зогсон, бөөн хоёр хөлтнүүд бужигнаж хэсэг болтол буун дуу гэнэт пир нирхийх нь тэр. Тийн хөгшин Хөх уулнаасаа талд бууж бүр залуу цагийнхаа гүйдэлт умрын уулс тийш дайжин одох гэтэл гэнэт хөлийн тэнхээ харьж, цээж багтрахад шодон сүүлээ савлан өндөр янхигар ташаагаа ёрдогнуулан хэсэг цогиод сүүлдээ арга буюу сульдаж зогсоход хүрэв. Ийнхүү аймшигт хоёр хөлтнөөс хараа бараагүй дутаан дайжиж чадахгүй болсондоо гашуудалтай, гундаж гутарсандаа битүүхэн гийнаад доороос нь нялх ногоо арвин ургасан өнгөрсон жилийн хагдан дотор хэвтчихлээ. Чингээд орчин тойрныг шиншин үнэрлэтэл мөнөөх хоёр хөлтний сая байсан газраас цусны үнэр ханхийв. Чухам л арааны шүлс асгарам амтат үнэр аж. Хөгшин хөх ойр хавьд ийм шинэхэн халуун цусны үнэрийг мэдэрсэнгүй, одоо хамаг айдас сэжгийг таягдан хаяж, мөлхөөд ч гэсэн түүнд хүрэхээс өөр замгүй. Тэр цуснаас ханатал ундаалвач хүч тэнхээ сэлбэж, урьдын хүслэнт явдлуудаа түр зуурхан ч сэргээж юу магад. Босоод яахын ч аргагүй соронздон татах цусны их үнэр тийш гуйвагнан шогшлоо. Түрүүчийн буун дуунаар хэдэн бээр газар гүйчихсэн тул одоо их уул нь даанч хол харагдана. Үнэр ойр атал хүрэх газар холдохыг урьд хэзээ үзлээ. Хэсэг шогшоод хэсэг хэвтэж амран урагшлав. Тэнгэр зүүнээс цэлмэх аяс орж, үүл завсарлан нарны гэрлийн зурвас зуны эхний ногоон дэлхийг хааяа тэмтрэн, бас хааяа бороо дуслаад, уг нь ч хөлтэй хүчтэй амьтан бүхэн хөлхөж хөлбөрч баймаар санж. Хөгшин Хөх мөнөөх шинэхэн цусны үнэрийг цээж дүүрэн авах тусам согтууран мансуурна. Тийн хэсэг амраад босон шогшиж явтал урдаас нь нэг жаахан хоёр хөлт гэнэт гарч ирлээ. Хөгшин Хөх цочсондоо холби үсрээд зогтусав. Жаахан хоёр хөлт ч түүнийг харав бололтой часхийн орилоод газар суучихлаа.
"Цусны үнэрт чинь энэ байна шүү!" гэж чоно гэнэт мэдэв. Түүнийг эд бад хийхэд юухан байх билээ. Хүнд биеэрээ дарж аваад мохоо шүдээрээ хазахад л дуусна. Хөгшин Хөх навтгасхийн хэвтээд уйлагнан гинших жаал тийш мяраан мөлхөв. Энэ газар дэлхий дээр амьтан болсоор хоёр хөлтний махыг идэж үзээгүйсэн. Одоо л тийм ер бусын учрал тохиолоо. Одоо л өч төчнөөн үр төлийг нь бүрэлгэн хөнөөж байсан хоёр хөлтнүүдээс өшөөгөө авах цаг ирлээ. Мөлхсөөр тулаад ирлээ. Хоёр хөлтний нүүр халуун аж. Гэвч нүд халтирсангүй. Зогдроо босгон нуруугаа хөвчлөөд, мохоо шүдээ тас зуугаад урагш үсрэхэд бэлэн болов.
Гэтэл жаахан хоёр хөлт нэг юм дуугарч хоёр гараа сарвайгаад мэлтэгнэсэн хоёр хар нүдээрээ өршөөл эрэн, урт хонгор үсээ сугсруулан, өөдөөс нь өвдгөөрөө мөлхөн ирэв. Хөгшин Хөх харайх гээд чадсангүй. Гэнэт "Би чинь залуудаа ийм хөөрхөн амьтдын эх байсан шүү дээ!" гэсэн бүүр түүрхэн санаа тархинд нь харван оров. Жаал цусанд будагдсан гараа сарвайж байна. Ямар гээчийн гэгээн сайхан нүдтэй, юу гээчийн хөөрхөн амьтан билээ! Хөгшин Хөх гарынх нь цусыг долоов. Бяцхан хоёр хөлт хүзүүгээр нь тэврээд,
- Ээж минь! Ээж минь! гэж гаслан дуудав.
Их уулын нэвсгэр дээрх үүлнээ гарсан багахан завсраар нар шагайн дөрвөн хөлт хөгшин Хөх, хоёр хөлт бяцхан жаалыг гийгүүлэв.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
 Profile  
 
PostPosted: Mar.24.11 12:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 8:31 pm
Posts: 3576
Location: Over the Earth
ТӨГСГӨЛИЙН ҮГ
ХОЙТ НАСАНДАА Л УУЛЗАЖ ЯРИЛЦАХААС ...


Эрдэнэ гуайн амьдралыг өнөө үеийн бичиг номтой болгон цээжээрээ мэддэг. Хэнтийн буриад, арав орчим насандаа эцгээсээ өнчирсөн, тухайн үеийн их хядлагын золиос төдийгүй амьд гэрч, багадаа Улаанбаатарт орж ирэн офицеруудын сургуульд суралцсан, дараа нь МУИС-ын анагаахын ангид орж суралцаад эмч болсон. За тэгээд офицерийн сургуульд байхын шүлэг оролдож эхэлсэн, тавиад оны сүүлчээс богино өгүүллэг бичих болж энэ төрөл дээрээ шууд л нэг дүгээр ангилалд багтсан. Шинэ үеийн утга зохиолын монгол хэл буй болоход голлон нөлөө үзүүлсэн хэдхэн хүний нэг. Тэрээр нүдээр үзсэн, сэтгэлээр мэдэрсэн амьдралаа зүйрлэшгүй урнаар дүрслэн үзүүлдэг байлаа. Ийм л учраас түүний амьдралыг хүмүүс цээжээрээ мэддэг болсон хэрэг.
Бичлэг болгон их хөдөлмөр, авъяас шаарддаг. Томрох тусмаа илүү хөдөлмөр, богиносох тусмаа илүү авъяас нэхнэ. Онигоо, афоризм, "дөрвөн мөрт, богино өгүүллэг бол юун түрүүн авъяасаас л хамааралтай.
Тиймдээ ч богино өгүүллэгийн түүхэнд төрсөн хамгийн гигант нь гэж нэрлэгддэг Чехов "богино бичлэг гэдэг авъяасын дүү нь" (краткость — это сестрица таланта) гэж тодорхойлжээ. Арай ч дутуудуулчихаа юу! Богино бичлэг бол авъяасаас төрөн гарч буй үр хөврөл нь мэт. Өөрөөр хэлбэл Авъяасын хүүхэд нь богино бичлэг! Эрдэнэ гуай богино бичдэг байсан. Тэрхүү богино бичлэгт нь бүхий л хорвоо багтдаг байлаа. Хоёрхон нүүр өгүүлэлд нь Библи, Коран, Дармапад гурвуулаа багтана. Түүний баатрын ганц харцанд төрөх үхэхийн хоорондох орчлон тэр чигээрээ. Хуланд дурлах залуугийн цээжинд хүн төрөлхтөний бүхий л түүх, амьдралын хамаг л утга учир агуулаатай.
Зөвхөн шинэ юм л аугаа байдаг. Хуулбар хичнээн лут байгаад ч оригынхоо дээр гарахгүй. Өнөөдөр Хамлет, Макбэтийг илүү урнаар, илүү сэтгэл татмаар урлах хүн бишгүй л биз. Гэхдээ тэр олон залуу Шекспирүүдийг хэн ч санадаггүй юм. Эрдэнэ гуай давтагдашгүй шинэ бүтээл хийсэн учраас хэзээ ч мартагдахгүй. Магадгүй тэрээр Монголын утга зохиолд торсен цорын ганц ориг ч байж магадгүй. Бид үндэсний юмаа магтан дуулах дуртай. Хоёр зууны өмнө амьдарч байсан математикч Мянгатыг дурсдаг.
Яахав үндэсний бахархал. Гэхдээ тэрээр мянган жилийн өмнө лалын математикчдын нээж олсон алгебраар л оролдож байж. Хонь хариулж яваа нүүдэлчний хувьд бол гайхамшиг, гэхдээ тоондоо онц сайн хүүхдийг өдгөө дэлхийн математикийн түүхэнд орлоо гэдэггүй шүү дээ. Харин Эрдэнэ гуай бол од. Огторгуйд олон мянган од бий ч од болох хувь заяа бичиглээч болгонд олддоггүй. Ингэж од болоход ийм болж төрөх хэрэгтэй. Эрдэнэ гуай ингэж төрсөн ажгуу.
Эрдэнэ гуай өөрийн амьдрал, мэдрэмжээ зураглахад нэг сэдэв үргэлж дутаад байдаг байлаа. Энэ бол Монголын түүхэнд тохиосон хамгийн аймшигт явдал болох гучаад оны их хядлага билээ. Эрдэнэ өөрөө энэ хядлагыг туулан гарсан. Үүнийгээ хэлэх гэж тэрээр насаараа хүчилсэн юм. "Хрущевийн уярал" хэмээх хэдхэн жилийн үүлэн чөлөөн нарны туяанд үгээ амжиж хэлсэн хэдхэн зохиолчийн нэг нь Эрдэнэ гуай байлаа. Эргээд энэ бүтээл нь хаагдсан боловч үзэл санаа галд шатдаггүй аж. Ерэн он харанхуй нийгэмд гэрэл тусгамагц тэрээр хэлэх гэхээр боломж олгодоггүй байсан сэдвээ дахин хөндлөө. Аль дал наяад оны үед зориг гарган хэвлүүлсэн Сэрүүн дуганы мөхөл дэлгэцэнд шилжлээ. Удалгүй их хядлагын тухай түүний роман хэвлэгдэв.
Хойт насандаа учирна бол түүний анхны, сүүлчийн, цорын ганц эмгэнэлт роман. Тэрээр илүүтэй хөдөлмөр цаг шаардсан зохиолын ийм төрлөөр урьд нь оролдож байгаагүй. Гэтэл энд түүний төрсөн эцэг болон нутаг нугынхныгаа хядуулсан гашуудал, бага насны гомдол, үнэнийг хайсан урт цөхрөл, олон жил хураасан нулимс, үй олон монголчуудын амьдрал амь насаар тоглосон бузар үзэл сурталд хүрсэн уур хилэн, үнсэн нурман дунд өөрийн хөшөөг босгож чадсан омогорхол багтаж ядан чихэлдэх аж. Энэ бүхнийг хоёр хуудсанд багтаах боломжгүй, учир нь зохиолч хүний эмгэнэлээс гадна түүхэн учир шалтгааныг нь гаргах гэж хичээжээ.
Энэ жил хэлмэгдэлтийн 70 жилийн ойн баяр болж байна. 9-р сарын 10-нд болно. Үнэндээ ийм нэршил ч хэлмэгдүүлэлт юм. Хэлмэгдүүлэх гэдэг нь хэн нэгнийг эндүүрээд юм уу хэтрүүлээд шийтгэчихийг хэлдэг. Гэтэл энэхүү сүүлийн хориод жил тэмдэглэдэг болсон баяр нь ямар ч хэлмэгдүүлэлт биш, цуст аллага юм. Оросууд үүнийг репрессия гэнэ. Ийм төрлийн хувьсгалт аллага анх хийсний хувьд францчууд grand pourge гэж нэрлэх аж. Их хядлага гэсэн үг. Энэхүү хядлагад Монголын насанд хүрсэн бүх эрчүүдийн тав тутмын нэг нь амиа зольсон. Үүнийг гадаад хэлээр геноцит гэнэ. Энэ нь үр үндсээр нь хүйс тэмтэрнэ гэсэн үг. Хэлмэгдлийн баяраас арай лавшруу юм болсон байгаа биз?
Нөгөө талаас хэлмэгдүүлэл гэгч энэхүү үр үндсээр нь хядсан аллага 1937 оны 9-р сарын 10-нд эхэлсэн юм биш. Өч төчнөөн мянган лам хядаж байх явцдаа чухам энэ өдөр Монголын төрийн удирдагчдыг бөөнөөр нь баривчилж гарсан. Өөрөөр хэлбэл энэ өдөр Монголд өрнөсөн хядлага ид дундаа л орж байсан хэрэг. Хядлага 1921 оны эцсээр "Саж ламын хэрэг" гэгч нэрээр эхэлсэн юм. Нэг үгээр хэлбэл энэ 2007 он бол ардын хувьсгалын ба их хядлагын яруу алдарт 86 жилийн ойн баяр юм. Далаад оны үед хот ороод ирсэн хөдөөний өвгөнөөс сонин юу байна гэж асуухад "Үхсэн оросын 100 жил, Үлдсэн хэдийн 50 жил, Өмч хураасны 10 жил гээд хөөрцгөлсөн амьтан л их байх шив" гэсэн гэдэг. Ингэхээр өдгөө хэдэн арван жил үргэлжилсэн "хэлмэгдүүллийн" дараа үлдсэн хэдийнх нь 86 жилийн ойн баяр болж байна ч гэж хэлж болом.
Эрдэнэ гуайн роман хувьсгалын жилүүдийн ердийн нэгэн оныг хамарна. 1934 он. 1932 онд ард түмний бослогыг цус асгаруулан дарж, бороохой шийдмээр зэвсэглэсэн малчин ардын эсрэг аэроплон, их буу танк бүхий байнгын арми оруулан хядсанаас хоёр жилийн дараа. Шинэ эргэлтийн гэх хувьсгалт бодлого хэрэгжиж байсан тайван нэгэнжил. Тэр жил буриад ястныг үр үндсээр нь хяджээ. "Улаанбаатарын", "Хэнтийн", Дорнодын" гэсэн гурван зохиомол хэрэг үүсгэж нийлүүлээд "Лхүмбийн хэрэг" гэж нэрлэсэн аж. Баривчлагсадыг дундад зууны инквизаторын аргаар эрүү шүүлтээр тамлан зовоож байв. Үй олон хүнийг цааш нь харуулсан даа. Эрдэнэ гуайн төрсөн сум Дадалын засаг дарга агсан эмэгтэйг жирэмсэн байхад нь буудан хороосон.
Хядлагын он жилүүд нийтдээ далаад жил үргэлжилсэн. Үүний сүүлийн дөчин жил нь магадгүй үнэхээр аллагын бус харин ердөө л хэлмэгдүүлэлтийн жилүүд байсан байх. Намын хурал дээр даргыг шүүмжилсэн хэрэгт нь буудан өгөлгүй ердөө 25 жил цөлж нийгмээс гадуурхана гэдэг аллага биш хэлмэгдүүлэлт л дээ. Ийм хар дарсан аймшигт урт удаан тамыг хүмүүс мартах учиргүй юм. Дахин давтагдуулахгүйн тулд мартахгүй байх ёстой. Хэргийг зохион байгуулсан нүгэлт институци өдгөө бурхан буян сурталчилсан шигээ оршсоор байна. Энэ хэргийнхээ төлөө ард түмнээс уучлал гуйх байтугай өөрснийгөө хэлмэгдсэн гэсэншүү юм ярина. 1932 оноос Монголын хэрэгт огт оролцохоо больсон Коминтернийг буруутгана. Намын нэр хүндэд муу гэдэг шалтгаанаар энэ талаар гарсан судалгааны номыг "хэлмэгдүүлэлтийн 70 жилийн ойг" тохиолдуулан бөөнөөр нь шатаасан байх юм.
Манай ард түмэн ч уужуу сайхан сэтгэлтэй юм болохоор хар буруу санадаггүй, харин хядуулсан өвөг дээдсийнх нь амь болгонд нэг сая төгрөг төлөхөд хэд хоног сайхан цадсан даа. Буудуулсан 20 мянган ламын хойт дүр болох өнөөгийн улаан шарыг хослуулагсад МАХН-ыг бурхны шашинд хамгийн ээлтэй улс төрийн хүчнээр шалгаруулсансан. Хамбын овооноос хэдэн мянган ламын ясны овоолго гарч ирдэгийн урьд өдөр шүү. Хувь заяа мөн ч шоглоомтойёо!
Бузар хэргийг мартуулахгүй, өөрөөр хэлбэл давтагдуулахгүй хамгийн сайн зэвсэг бол урлаг. Монголын уран зохиол, яруу найраг, кино, тайзны урлаг, уран зураг, уран баримал сүүлийн нээлттэй болсон хориод жилд энэ талаар юу бүтээв? Хоосонгүй л байх. Нэгийн зэрэг хөшөө бий лав. Оргүйд орвол охинтой төдий. Саяхан хэсэг залуус их хядлагын талаар кино хийхээр хөөцөлдөн төрд ханджээ. Ердөө сэтгэл санааны л дэмжлэг хүссэн байна. Арай ч салаавч үзүүлсэнгүй, гэхдээ үгүй л гэж дээ. Ийм киног санхүүжүүлж орхиход хичнээн л юм гарав гэж. Харин үр дагавар нь түүх давтагдахгүй нөхцлийг бүрдүүлнэ шүү дээ. Ц.Доржготов "Үр ач танаа" нэгэн роман бичсэн. С.Эрдэнэ гуай "Хойт насандаа уулзая" гэж болзсон. Ингээд л бараг энэ хоёроор нүүр тахлаад дуусна. Ичмээр юм, үндэсний энэ гамшиг зовлонд хандаж байгаа монгол хүний гүндүүгүй сайхан чанар! Адгууслаг чанар юм болов уу?
Өнгөрснийг санахгүй, ирээдүйг төсөөлөхгүй. Харин өнөөдрийн үмх махны төлөө биенээ ч барьж идэхэд бэлэн.
Баабар 2007 оны 7 дугаар сар 30

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Mar.24.11 12:41 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Jan.05.12 5:15 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.17.11 4:43 am
Posts: 12
Location: austria
aida. baahan uillaa :crysad:


Top
 Profile  
 
PostPosted: Mar.03.12 3:57 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jul.24.11 10:03 pm
Posts: 7
Hoooh ene tgd bvten yumuu??????? :brows:


Top
 Profile  
 
PostPosted: Apr.25.12 3:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Бүтээн бүтэн

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Jul.07.12 4:11 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Apr.04.07 12:03 am
Posts: 144
Location: Land of the BlueSky...
Ерөөс хүн гээч энэ Дэлхий хэмээх гарагийн хамгийн сод боловч хамгийн адгийн амьтан бишүү... Адгуус хүртэл өөрийг нь намнан, айлгаж явдаг 2 хөлтийн үр төлийг хараад өөрийн зулзагануудаас ялгаа юун хэмээн өширхөх совинг мартан хайрлан өрөвдөж байхад төрөл нэгт хүмүүн нь харин хүйтэн төмрийн хошууг чиглүүлэн гох дарж байх... Уйлахад ч багадмаар. george_mn, ss7 хоёрт их баярлалаа goodluck

_________________
i7-4770|16GB|3TB|GTX670


Top
 Profile  
 
PostPosted: Jul.15.12 11:48 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
Баярлалаа

_________________
©George_MN


Top
 Profile  
 
PostPosted: Dec.13.12 5:58 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 9:02 pm
Posts: 751
Location: шувуудын одох зүгт...
Еоо ямар ч бсан гvрийж бгаад дуусгалаа шvv... Схан зохиол бна
Гэхдээ "Усны гудамж" хэний зохиол билээ? Ер нь бол тэрнээс сэдвэлсэн юм уу тэр энэнээс сэдвэлсэн юм шиг бна дvрvvд болоод, еренхий vйл явдалууд, тухайн нийгмийн амьдралыг арай дэлгэрvvлсэн талдаа юм бна... Нэгэнт эхэлсэн болохоор дуусгачилаа... Усны гудамжыг уншцан хvн бол уншаад дэмий юм бна шvv!

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
 Profile  
 
PostPosted: Nov.12.13 4:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 11:23 am
Posts: 2042
Location: Мөнх тэнгэрийн дор
С.Эрдэнэ бол мундаг хүн шүү сэдэв санаа хүнээс туух хүн биш

_________________
©George_MN


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 45 posts ]  Go to page Previous  1, 2
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.