#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 9:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 76 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.19.07 9:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
КАЗИНОГ НОМХОТГОСОН ТҮҮХ
Энэ номыг эдүгээ АНУ-д амьдран суугаа Өмнийн цэнхэр говийн хүү, нутгийн дүү Ч.М-ийн хүсэлт зөвшөөрлөөр түүний Америк оронд туулсан амьдралын алаг эрээн алхмуудыг элдэв нэмэр чимэггүйгээр хэлхэн бүтээв.

НЭГ
Баасан гарагийн орой Оакланд хотод бороо орлоо. Энэ бол эндхийн байнгын оршин суугчдад ердийн үзэгдэл байх л да. Харин надад ер бусын сонин санагдав. 2-р сар дөнгөж л эхэлж байсан энэ үед мана Монгол нутагт цельсийн -30 хэм хүртэл хүйтэн байдаг.
Тэр өглөө ажилдаа явахаар гэрээс гарч ирэхэд надад онцгой сайхан мэдрэмж төрсөн юм. Би ямар нэг агуу хувь тавилан өөдөө хөл тавьж байх шиг ер бусын цовоо цолгиун, бие нэг л хөнгөн, гүймээр ч шиг, зөрж өнгөрөх хүмүүстэй бүгдтэй нь мэндэлмээр ч шиг, тэр ч бүү хэл тэртээх гудамжны үзүүрт явж байгаа хүний араас хар хурдаараа гүйж очоод
- Танд юугаар туслах вэ гэж асуумаар ч шиг санагдаж байлаа.
Гэвч би сэтгэл дотроо инээмсэглэснээр л энэ бүх сэтгэгдэлээ цэг тавьж ажил руугаа очихоор автобусанд суулаа. Миний ажил энэ ертөнцийн хамгийн хялбархан ажил л да. Пиццаны газрын Энэтхэг эзэн маань надад 500 ширхэг купон /пиццаны реклам/ өгмөгц би түүнийг нь олон дахин хохисоор байгаад бараг бүх хүнтэй нь танил болчихсон өнөөх л хэдэн гудамжныхаа байшингуудын үүдэнд өлгөчихөөд ирж эзэнтэй тооцоо нийлж 25 доллар халаасалснаар ажил маань дуусна. Энэ өдөр бүрхэг, чийглэг сэрүүхэн тэгээд ч би их л хөнгөн шингэн баяр хөөртэй байсан болохоор ажлаа төвөггүйхэн хийчихээд ирж эзэнтэйгээ тооцоо хийх гэсэн чинь хэрэг мандлаа. Эзэнд маань мөнгө байхгүй гэнэ. Даваа гарагт мөнгөтэй болмогцоо 2 өдрийн цалинг чинь нийлүүлээд өгчихөе гэсэн тайлбарыг нь би <<ойлгосонгүй>>.
Жижиг газрын эздүүд яг ингэж маргааш, маргааш өгье гэсээр хэд хэдэн сар, заримдаа жилээр ч цалингүй ажиллуулчихдаг. Тэдэнтэй заргалдаад бид дийлэхгүй, тийм болохоор цалингаа өдөр өдөрт нь авч байх л хамгийн чухал гэдгийг энд түрүүлж ирсэн нутаг нэгтнүүдээсээ би ханатлаа сонссон байсан тул эзний тайлбарыг инээмсэглэн сонсоод
- OK. Даваа гарагт би өглөө эрт ирнээ гээд л дахин дахин үглээд мангардуу
царайгаар инээмсэглэн зогсоод байлаа. Хагас цаг хиртэй болсны эцэст эзэн маань хөмсгөө нэг зангидсанаа хармаанаасаа бөөн мөнгө гарган 25 доллар өгчихөөд санаа алдлаа.
- Баярлалаа. Даваа гараг хүртэл баяртай.
Тэндээсээ би Шакирын пиццаны газар руу яарав. Бас л 500 купон тарааж 25 доллар авдаг юм. Шакир их хөгжилтэй эр. Оросоор “сайн байна уу” гэж хэлж чаддаггүй атлаа
- Би Москвад цэргийн дээд сургуульд таван жил онц сурсан гэж ярина.
- Мэдээж, төгсөж Этиопдоо очмогц хурандаа болсон биз?
- Арай ч хурандаа болоогүй ээ. Хошууч цол зүүсэн дээ. За тэр яах вэ. Чи их хөөрхөн хүүхэн юм гэхийг Оросоор юу гэдэгсэн билээ дээ.
- гэдэг шүү дээ.
- Аа нээрээ тийм л дээ. Би олон жилийн өмнө Орост байсан болохоор мартчихаж. Тэгэхдээ д миний пицца Оакландын хамгийн сайхан нь.
- Өөр хэнийх ч биш. Бас хамгийн их орцтой халуун нь.
Шакир миний энэхүү увайгүй зулгуйдлыг тачигнатал хөхрөн сонсоод 25 доллар халааснаасаа гаргаж
- Ажил цаад өрөөнд чинь чамайг хүлээж байгаа. Жигнээд ав. Чи ядахдаа зууг нь заавал тараагаарай гэж захина.
- Чи бид 2 адилхан л коммунист. Тэгэхэд чи намайг гомдоож байна шүү. Би тогтмол таван зуун нэгийг тараадаг.
- Зуун нэг гэвүү? Сайн байна. Баярлалаа май фрейнд /найз минь/ гэсээр Шакир пиццагаа хийхээр улайрч би ч яриа дууссаныг ойлгон түүний надад ийн итгэж мөнгөө шууд л өгчихдөгт нь баярласаар гардаг юм. Энэ өдөр ч эл явдал давтагдлаа.
Ингээд Шакирын купоныг тараагаад дуусч байх үед бороо орж эхэлсэн юм. Дулаан газрын энэ зөөлөн бороо хувцсыг минь зугуухан норгож байсан ч сэтгэлийг минь түүдэг гал шиг л дүрэлзүүлэн асааж байв. Ажлын дараа би Жек Лондоны хөшөө рүү очиж түүнтэй бараг цаг гаруй ярьж суув. Бороо орсоор л байна.
- Энэ их сайхан бороо юм.
- Тийм шүү. Би бас бороо ороход дуртай байдаг юм. Калифорний, түүн дотроо Оакландын бороо малига цэцгийн амттай, агар яшилын үнэртэй, Роккын уул шиг цэнхэр манан савслагатай ордог юм шүү дээ. Би энэ ертөнцөд орсон олон зуун жилийн ийм л борооны тухай чамд ярьж өгч чадна. Энэ цэнхэр бороон дор би цувгүй /яг л чам шиг/ алхаж, Розанагийн булцгар өвдгийг нүгэл үргээн үнсэж, бас цээжииг нь дэрлэн үлгэр ярьж өгдөгсөн. Тэр үлгэрүүдийг одоо их олон хүн мэддэг болж дээ.
- Хөшөө байх сайхан юм уу?
- Яахав дээ. Бороон дор зогсох нь л сайхан юм даа. Миний үлгэрүүдийг бороонд норгож болохгүй гэж энэ хүмүүс шийдээд л оронд нь намайг ингэж шийтгэж бахаа хангаж байгаа юм. Хүн болгон амьд ахуйдаа хөшөө болохыг хүсдэг. Харин ертөнцөд хөшөө дэндүү цөөхөн. Тэр нь ч болж дээ. Амьдарч явсан хүний ад шунал хоёр нь л хөшөө болдог. Чиний хажууд зогсоо энэ хүрэл хөшөө бол миний ад шуналыг олж харсан хүмүүсийн харц төдий л юм.
- Би нэг их том хувь заяаныхаа хил гортигийг өнөөдөр давж байгаа ч юм шиг, давах гээд байгаа ч юм шиг. Сэтгэл их хөдөлж байна.
- Чи түүн рүү явж байгаа юм биш. Харин тэр чам руу ирж явна. Гагцхүү түүнийг халуун дотноор угтах л хэрэгтэй. Би ч тэр, танай эзэн Чингис хаан ч тэр тэгж л угтсан юм шүү дээ.
- Танд их баярлалаа.
- Үгүй дээ. Харин ганцаардлаа хуваалцсанд чинь чамд талархаж байна. Ирж байгаарай.
- Тэгэлгүй яахав. Боломж гармагц л...
- Чи орчин тойрноо сайн хараарай. Байшин барилга, машин тэрэг, цардмал зам, нуур далай, тэнгэр огторгуйг нэгжиж сайн хар. Тэнд нэг л юм дүүрэн бужигнаж бий. Миний хэлж байгааг ойлгов уу?
- Маш сайн ойлголоо.
- Тэгэж ээ, чи үнэхээр ойлгосон бололтой. Тэгэхээр бид хоёр үргэлж хамт байх болно гэсэн үг.
Би урам зоригоор халгиж цалгисаар харилаа. Боломж, тиймээ энэ ертөнц тэр чигээрээ л боломж юм. Би түүн рүү шунан зүтгэхийн хирээр тэр ч над руу их далай мэт цалгилан ирэх болно. Далай гэдэг амсахын аргагүй гашуун ус бус бүхэл бүтэн амьдрал билээ.
Шөнө дундын хирд зэргэлдээ байранд суудаг найз маань эхнэрээ дагуулсаар орж ирэв.
- За ядарч байна уу?
- Гайгүй дээ.
- Бид хоёр Оакландын хуучин суугчийн хувьд та хоёрт нэг сонин газрыг үзүүлье гэж бодлоо. Эндээс долоон цаг орчим яваад очдог юм. Амралтын өдрийг тэнд өнгөрөөвөл ямар вэ.

Эхнэр бид 2 уухайн тас зөвшөөрч 4-үүл замд гарлаа. Их л ганган хээнцэр тэр газар бол миний хувьд амьдралдаа анх удаа барааг нь харж байгаа КАЗИНО байсан юм. 40 насандаа урьд нь зөвхөн сая доллартай хүн л ордог хэмээн төсөөлөн боддог байсан тэр газрынхаа дотор нь орчихоод энд тэндгүй жингэнэх үй олон тоглоомуудыг гайхан харж зогслоо. Гэвч анхны энэ өдөр надад зөвхөн тоглоом л сонин санагдсанаас өөр сэтгэгдэл төрүүлсэнгүй.
Найз маань ч, эхнэр нь ч ялгаагүй тоглоомонд шимтэн тэр анивчсан алаг эрээн машиныг ямар нэгэн ид шидтэн мэт ширтэн, заримдаа алгаараа зөөлөн илж, мөргөж залбирах шахуу байх нь тун ч инээдтэй. Тэр 2 өдөржингөө тоглож, харин эхнэр бид 2 энэ тэрүүгээр явж тэр чамин хээнцэр газартай сайн танилцахыг л гол болгов. Тэгж явтал нэг хүүхэн гэнэт чарлан дэвхцэж хажуу дахь залуугаа тэвэрч үнсээд сүйд боллоо. Анзаарвал 2000 доллар хожжээ. Би тэр хүүхний тийн одтой байгаад нь маш их баярласан юм. Бараг л өөрөө хожсон мэт хөөрсөн миний халаасанд ердөө 200 доллар л байсан юм. Үүрээр 2 найз маань нүд нь улайчихсан урам муутай босож ирцгээв. 1500 доллараа өнөөх гялалзсан хөөрхөн уйгагүй ажилсаг машинуудад түгээчихжээ. Тэгээд явцгаая даа гэсний минь хариуд бид 2-ийг 2 талаас минь ятгаж гарав.
- Ийм газар тэр холоос зорьж ирчихээд яаж зүв зүгээр гарч болдог юм. Ядаж 20 доллараар тоглож азаа үздэг байгаа да. Бид 2 ч гэсэн та 2-ийг тэгээсэй гэсэндээ дагуулж ирсэн шүү дээ, урамгүй гэдэг нь гэцгээлээ.
Яаж ч болохгүй ацан шалаанд орж хэсэг эргэлзсэнээ шийдлээ. Ер нь буруутах юу байхав. 200-аасаа 20-ийг л алдана биз. Маргааш купоноо тарааж шогшоод л олчих хойно гэж бодоод хорин доллар гаргаж нэг машин руу хийгээд нэгч их удалгүй дөчин доллартай болтол авгайн маань нүд сэргээд ирэв.
- Гайхалтай юм. Өвгөн маань хэдэн цаг шогшиж явж олдог мөнгөө энэ хөөрхөн товчлуурыг хэдхэн дараад л олчихлоо шүү дээ. Дахиад нэг үзээч гэж байна.
Бас нэг машин руу хорин доллараа хийчихээд тогшоод суутал нэг ч их удалгүй мөнгөн зоосыг жингэнэтэл тоолж тавин доллар болгоод өгчихлөө.
Жек Лондон надад үүнийг л хэлж шүү дээ. Ирж очиход л хол болохоос тун ч догь газар юм. Боломж хэмээх их далайн үүд ингэж нээгддэг байжээ. Тэгэхдээ хорихон доллараар түлхүүрдүүлээд шүү гэхээс цээжин дотор минь арслан хүрхрэх шиг болсон юм. Би тэр өдөр зуун тавин доллар хожиж, эхнэр маань далыг нь өнөөх анивчаа машинуудад буцааж бэлэглэснээр наян долларын олзтой гэртээ ирлээ. Лейк Тахой хэмээх тэр газрын үзэсгэлэнтэйг хүмүүс бишрэн ам булаалдан магтах боловч тэр газрын өөр нэгэн үзэсгэлэн сэтгэлд минь БОЛОМЖ БОЛОМЖ БОЛОМЖ хэмээн жингнэсээр л байлаа. Гэвч иэр газар руу би дахин очиж чадсангүй. Харин огт өөр зүг, Охойяа муж руу амьдарлын мөр хөөн одсон юм даа.

Охойяа муж манай гэр бүлд дэвжин дээшилсэн амьдарлын хоёр жилийг бэлэглэлээ. Би өглөө бүр ажил руугаа оройд нь гэр рүүгээ яарч орчлон ертөнцийг компьютерийн дэлгэц машиныхаа цонх хоёроор л харж явтал тоотой насны минь хоёр жил нэг л мэдэхэд ард хоцорч 2000 оны нэг сарын нэгний өглөө би ер нь юу юутай болж вэ гэдгээ орон дотроо бодсон шигээ хэвтэж байлаа. Нэг их үнэтэй биш ч тэр бүр хүн авч унаж чаддаггүй хоёр машинтай болж. Гэр оронд дутуу юм алга. Эхнэр хүүхдүүд маань сэтгэл хангалуун. Банкин дахь хадгаламжийн хэмжээ таван оронтой тооны босгыг алин цагийн давчихаж. Болж л байна, гэхдээ л гэсэн нэг урт бодол сэтгэлд жингэнсээр...
Гэхдээ л би энэ мөнгөөр Америкт байтугай монголдоо дөмөгхөн байшин авч чадахгүй. Тэр ч бүү хэл, манай Монголчуудын унах дуртай Ланд Круйзер ч авч чадахгүй шүү дээ. Надад сайн машин, сайхан байшин өдөр бүрийн чинээлэг хангалуун амьдрал хүүхдүүдийн сургуулийн төлбөр гээд л бүх юм хэрэгтэй. Хадгаламж маань энэ бүх хэрэгцээтэй минь зүйрлэхэд нүцгэн биеийг минь салхи бороо, цас нарнаас хаадаг нэг л ээлжийн хувцастай адил эд. Энэ чигээрээ зүтгээд байхад хорин жилийн дараа ч би ийм л байх нь. Энэ л төвшиндөө үүрд үлдэх нь. Өмсдөг ганц шаахайтайгаа л хорвоог туулна гэсэн үг. Үгүй ээ, ингэхгүй шүү. Өөр арга хайя. Хорвоо ертөнцөд ямар их боломж бий билээ дээ. Миний өнөөгийн ажил амьдрал бол тэр олон боломжийн нэг л үзүүрээс нь зуурч чаргуулдсаны минь гэрч. Магадгүй хамгийн нарийхан, хэзээ ч тасарч мэдэх хэврэг утас шиг тийм үзүүр нь ч юм билүү. Харин яавал түргэхэн шиг мөнгөтэй болох болоо? Яг ингэж бодтол тархи сэтгэлд минь үй олон машин жингэнэн анивчиж бөөн бөөн мөнгө тоолж эхлэв. Тийм байна. Тийшээ л явдаг хэрэг. Би ч тоглоомонд одтой л юм шиг байсан даа.
Үдээс хойш энэ бодлоо эхнэртээ хэлж харилцан ярилцаж зөвлөлдлөө. Эхнэр маань миний саналыг бүрэн дүүрэн дэмжиж, харин охидууд маань дургүйцлээ.
- Аав аа та тэндээс мөнгө хожлоо ч гэсэн бидэнд хэрэггүй. Бидэнд шударга хөдөлмөрөөр олсон мөнгө л хэрэгтэй.
- Би шударга бус юу ч хийгээгүй биз дээ. Ямар ч хууль зөрчихгүй. Өөрийнхөө мөнгөөр өөртөө хөрөнгө оруулалт хийж өсгөх л гэж байна. Манайд байгаа мөнгөний тоо хэмжээ хэрэгцээний маань зууны нэгд ч хүрэхгүй байгааг бид бүгдээрээ мэдэцгээж байна. Аав нь аз сорисон үйлдэл хийх гэж маш сайн ойлгож байна. Гэвч ингэхээс өөр арга үнэндээ алга. Яг одоо аав нь утас шиг нарийхан хил зааг дээр дэнжигнээд зогсож байна. Ар талд маань туулж ирсэн, хэрвээ бид одоо буцаад алхвал цаашдаа ч туулах өдөр тутмын хэмнэлт дундуур үргэлжлэх дутуу гацуу амьдрал маань байна. Хэрэв аав нь одоо урагшаа алхвал тэнд та хоёрын дурладаг хурдны машинууд, дотор нь орж үзэхсэн гэж үргэлж мөрөөдөж явдаг гурван давхар хаус, эзэмшил газар, тэр эзэмшил дээр бэлчих, та хоёрын амьтны хүрээлэнд л хошууг нь илж үзсэн тэмээн гөрөөснүүд байна шүү дээ. Тэгэхээр яахав. Миний хүүхдүүд сайн бод доо. Аав нь буцаад алхах уу.
[align=center][/align]


Top
   
 Post subject:
PostPosted: May.20.07 8:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Тэр хоёр өөд өөдөөсөө хараад санаа алдаж, эцсийн шийдвэрт нь тэмээн гөрөөснүүд аргагүй л нөлөөллөө. Багаасаа хэрсүүжсэн том охин минь дошоо харан ямар нэгийг бодон удаан сууснаа
- Ааваа та болгоомжтой л байгаарай. Тоглоомонд орсон хүн хар тамхинд орсон хүнтэй яг адилхан болдог гэж манай багш хэлдэг гэхэд нь би охиныхоо бодлыг бүрэн дүүрэн дэмжиж,
- Аав нь сайн ойлгож байна. Гэхдээ охин минь нэг юмыг бас ойлго. Аав нь тоглоомонд нь бус, яг тэр ухагдахуунаар зугаа цэнгэлд нь бус харин мөнгөө өсгөхөөр тийшээ явж байна. Энэ хоёрын хооронд их том ялгаа бий. Аав нь тийшээ явах бүрдээ хатуу ширүүн тэмцэл рүү, хэн нь хэнийгээ вэ гэсэн тулаан руу явж байна гэдгээ ямагт марталгүй санаж байх болно гэсэн юм.
Ингээд казинод орох визний асуудал нааштайгаар шийдэгдсэн ч миний байдал гүн шөнө хээр талд төөрсөн хүнтэй яг адилхан байв.
Юуны түрүүнд тэр казино хаана байна вэ?
Тэнд очоод би юу хийх вэ?
Бүх тоглоомоор нь тоглоод явах юм бол би зөвхөн тоглоомчин төдийл үлдэнэ. Ингэвэл том охины минь болгоомжлол бодит байдал болж бид дампуурах нь аль нэг хуруугаа хазахад өвддөг шиг бодитой бөгөөд амархан гэдэг нь тов тодорхой харагдаж байв. Тэгэхээр нэг л тоглоомыг сонгож түүнийгээ ягштлаа байг гэхэд муугүй мэддэг болтлоо судлах хэрэгтэй. Ингэхгүйгээр амжилтад хүрэхгүй гэдгийг дөчөөд насны минь амьдарлын туршлага бэлхнээ хэлж байлаа.
Машин бол программ. Тэгэхдээ мань мэтсийн программ гэдгийг нь хангалттай мэддэг программ. Тэр программыг нь миний хүүхэд шиг л нэг залуу зохиосон байгаа. Амьдралынхаа бүх л программыг эвдээд тийшээ очихдоо би тийм хэнд ч илэрхий зохиомол программын нэг хэсэг болох гэжүү?
Үгүй ээ... Тэгэж ч наргихгүй шүү. Ингэхээр машин надад тохирохгүй нь тодорхой.
Рулет.
Тэр ч сэжигтэй л эд дээ. Ямар ч билээ нэг кинон дээр нэг хараагүй нөхөр рулетийнхний бүх булхайг нэг мөсөн дэлгэж шившгийг нь хутгадаг даа. Тиймэрхүү л юм байгаа. Яаж ч бодсон ахиухан бооцоо тавьчихаар өөр нүхрүү унаад байхаар тохируулчих боломж ихтэй. Хэтэрхий осолтой, аз сорилт ихтэй программ даа. Аз сорилт нь бараг л ерэн хувьтай тэнцэнэ гэсэн үг. Хэрэв би хорин тавтайсан бол энэ ерэн хувийн аз сорилтыг үг дуугүй сонгох байлаа. Даанч би дөч хүрч яваа эр. Миний насанд энэ бол дэндүү осолтой сонголт болно, больё доо. Цаана нь надад хөзрийн тоглоомууд л үлдэж байх шив. Харин тэдгээрийн алийг нь сонгох вэ гэдгээ очиж байж шийдье гэж бодлоо.

Тэр шөнө би энэ хорвоо ертөнц тэр чигээрээ доллар болсон байхыг харав. Номхон далайн усны оронд хорин тавтын центүүд бөөн бөөнөөрөө ар араасаа давалгаалан ирж нэг долларын дэвсгэрт болж хувирсан эрэг долоогоод буцацгаана.
Далайн давалгааны нүргэлсэн чимээний оронд мөнгөн зоосны жингэнэсэн чимээ шуугиж, их бие нь хоёр доллар, хоёр далавч нь нэг нэг доллараар бүтсэн цахлай шувууд хажуугаар бужигналдан нэгтийн улаан центүүдийг шидэж өгмөгц булаацалдан үмхэлцгээж байлаа. Харин би өөрөө эхнэр хүүхдүүдтэйгээ хорин доллараар хийгдсэн хөлөг дээр сууж оволзон гүвэлзэгч хорин тавтын цент дунд жаргаж явна. Хорин таван центээр оволзогч тэр сонин далай дотор таван доллараар бүтсэн махчин загаснууд хөвж, цаана нь арван доллараар бүтсэн хөх халимын бүхэл бүтэн сүрэг сэрийлдэж, эхнэр маань хоёр чихэндээ зуутын дэвсгэртүүд цувуулаад зүүчихсэн наранд шарж хэвтэхэд нуруу нь тэр чигээрээ тавьтийн дэвсгэрт болон зугуухан хувирч байхыг хараад би мэл гайхан тэнгэр өөд хартал нар, түүний гэрэл гэгээ, тэнгэр огторгуй тэр чигээрээ ногоорон туяарч байв. Тэр бүү хэл хэсэг доллар хуйлран эргэлдэх нь салхи аж.
Ямар сайхан байна аа. Намайг инээд ладан гараа алдлахад алган дээр минь бөөн бөөн доллар асгаран бууж би түүнийг буцааж дээш нь цацна. Охидууд маань доллараар цаасан шувуу хийж ногоорогч тэнгэрт нисгэн, мэлхий хийж хорин тавтын центэн тэнгис рүү шиднэ.
Гэнэтхэн сэтгэлд түгшүүр төрөв. Мөнгөөр халгисан энэ хорвоог би худалдаж л авч таарна шүү дээ. Харин юугаар худалдаад авчихав аа. Сэтгэлд ийм бодол шуурга адил хуйлран ормогц би хөлөг дээгүүр нааш цааш сандчин гүйж гарлаа.
Энэ хөлөг түрээсийнх үү? Аль эсвэл минийх үү. Аль нь ч байсан ялгаагүй, би түүнийг юугаар авсан байж таарах вэ? Долларыг доллараар авна гэдэг байж боломгүй санагдана. Хэрэв тэгдэгсэн бол шороогоор тоосго, хаягдал төмрөөр машин, тариагаар талх худалдаж авчихаад өөр юунд ч санаа зовохгүй тэнхлүүн амьдарч болох бус уу. Одоо энэ долларыг идчихвэл би пицца ипсэн юм шиг цадах хэрэг үү гэж бодоод алгаа тэнийлгэн дээр нь хэсэг доллар буумагц идээд үзлээ. Юун пицца. Дээд зэрэглэлийн ресторанд ч идэхгүй тансаг сайхан амттай юм. Зуутын дэвсгэрт хамгийн амттай, тавьт арай сулавтархан за тэгээд доошлох тусам амт нь муудсаар нэгтийн улаан цент далайн ус шиг гашуун юм байсанд би тургиж,
- Үүнийг ч ёстой цахлайд шидэж өгч байвал таарах эд юм гэж хашгираад тэр баяр хөөртөө хөөрөн дэвхцэж байтал хөлөг дээр маш сайн чанарын хүрэн даавуун костюмтай хүн гэнэт гарч ирлээ.
Түүнийг би маш сайн таниад байх хэр нь нэрийг нь мартчихжээ.
Энэ чинь хэн бэ? Жефферсон уу... Биш байна. Рузвелт... Бас л биш...Кеннеди огт биш, аа нөгөө навчин тамхичин чинь хэнсэн билээ, тийм тийм Черчилль...Үгүй ээ биш юм. Харин энэ яагаад доллар биш байдаг билээ.
Би түүний өмдийг, бас цамц зангиаг нь хоёр хуруугаараа сайтар имэрч чимхэж үзлээ. Гарцаагүй доллар биш байна. Тэр над руу инээмсэглээд,
- Чи намайг мартчихсан гэж үү? гэж асуулаа.
- Таньж байна таньж байна, та чинь...тийм тийм Джек Лондон гуай л байна шүү дээ.
- Тун ч дөхөж байна. Гэхдээ би одоо Джек арай биш. Харин <<боломж>> гуай байна. Чи надаар энэ бүх мөнгөн ертөнцийг арилжиж авсан юм шүү дээ.
- Юу? Арай ч дээ. Би таныг худалдчихлаа гэж үү?
- Тэгсэн.
- Үгүй...үгүй хэрхэвч үгүй. Тийм юм байж болохгүй.
- Чи хармсаж байна уу? Тэгвэл наймаа буцлаа.
Ингээд нөгөө нөхөр алга болж, би нэг богинохон гуалин тэврээд далайд хөвж явна. Орчин тойрон яахын аргагүй бодит ертөнц мөөн. Далайн гашуун ус. Амсахын ч эцэс алга. Нарны илч галт шил шиг цоргиж, хэдхэн цагийн дараа надаас алгын чинээ хатсан арьс л үлдэх бололтой. Ганц цаг ч болсон амьд байхсан. Яг ингэж бодтол эрлэг юу юугүй хүрээд ирэх нь тэр. Усан дээр аварга загасны сэрвээ сэрийгээд над руу ус зүсэн довтолгож явна. Би гуалингаа тас тэврээд чадал мэдэн орилж гарав.
- Би яах гэж наймаагаа буцаав аа...Яах гэж...Би Джекийг биш боломжийг л арилжсан шүү дээ. Би яасан тэнэг дүйнгэ амьтан бэ. Одоо би чинь яанаа...яанаа...яанаа...
Сэрсэн даруйдаа ч би энэ бүхэн зүүд байсан гэдэгт итгэж чадахгүй байлаа. Харин нилээн удсаны дараа сая тайвширч бас ч гэж ойр зуурын юм эргэцүүлэн бодохтой болов. Эхнэр маань нам тайван унтаж байна. Тэгэхээр намайг ингэж зүүдэлж тарчилсныг эхнэр маань ч мэдсэнгүй. Их л учиртай зүүд юм даа. Надад ухрах газар байхгүй гэдгийг, нэгэнт сонгосон боломжоосоо ухарвал эзгүй далайд хаягдсан адил хувь төөрөг хүлээж байна гэдгийг л хэлэв ээ дээ янз нь. Миний хажууд маш их мөнгө байна. Гэм нь тэр их мөнгө босгоны минь цаана байна. Түүнийг ямарч хамаагүй аргаар гэртээ оруулах хэрэгтэй. Тэр дэндүү ойрхон байна. Хэрэв мөнгө амьсгалдагсан бол амьсгаа нь сонсогдохоор ойрхон байна. Чамайг би чирээд ч болсон босгоо давуулж өөрийн болгоно доо.

Нойр минь хулжин одож их говийн хулан адил бараанаар минь үргэн дэрхийх атлаа надад гарцаагүй хэрэгтэй бүр хажууханд минь байгаа нь мэдрэгдээд байгаа тэр их мөнгийг аль болох эрсдэл багатай аргаар хэрхэн гартаа оруулах вэ? хэмээн тархиа гашилтал бодоод тоймтой хариу олсонгүй. Нэгэнт нойр хулжчихсан болохоор мөнгө олох хөөрөл минь дотроос түлхэж <<сүүжээ дэмий чилээх хэрэг байна уу>> гэж өөрөөсөө асуугаад байхгүй юм бол бос бос юутай ч нэг хаяг ол хэмээн өөртөө тушааж интернет онгичиж нэг ч их удалгүй эрснээ оллоо. Манайхаас яг нэг цагийн газар Аргосы гэдэг казино байдаг аж. Үзүүлэлтүүд нь Лас Вегасийнхтай, тэр ч байтугай Чикаго орчмын олон казиногийнхтой зүйрлэх аргагүй жижиг казино аж. Гэхдээ надад том жижиг нь гол биш, мөнгө өгөх эсэх нь гол байсан болохоор нэгд гэрт ойр хоёрт хүний анхаарал нэг их татахгүй жижиг юм чинь аймаар аймаар тоглоомчингууд тоодоггүй биз. Ядарсан надад энэ нь ч өлзийгөө өгч таарна гэж тунгаагаад хурдны хоёр зам солиод л оччих тэр казиног мөнгө олох эхнийхээ гишгүүр болгон сонголоо.
Нэгэн хагас сайн өдөр эхнэр бид хоёр 275 дугаар зам дээр баруун өмнө зүгийг барин довтолгож явлаа. Эхнэрийн маань сэтгэл тун ч их догдлон дэнсэлж байгаа бололтой.
- Бид хоёр өнөөдөр мянган доллар хожчих болов уу? Анх удаагаа явж байгаа юм чинь арай ч их юм уу. Таван зуу, үгүй ээ гурван зуу ч байсан яах вэ. гурван зуун доллар гэдэг чинь боломжийн костюмны үнэ. Ээмэг ч аваад зүүчихэд нэг их муугүй ээмэг харагдана даа. Монгол төгрөгөөр бодвол дөрвөн зуугаад мянган төгрөг болох нь ээ. Эй мөн ч их мөнгө юмаа. Арай ч авч чадахгүй байхаа даа гэж үглэн сэтгэл дэнслүүлнэ.
Түүний байдал анх зорьсон зүйлээ жижигхэн овоо толгод шиг холоос дүрслэн бодоод ойртох тусам тэр нь уул нуруу болон өсөж өмнө нь хөндөлсөн дүнхийж байхыг үзээд зүрх алдан <<би ч давж чадахгүй юм шив дээ. Бэлээс нь жаахан авирч байгаад буцъя даа>> хэмээн шантрах уулчинтай төстэй санагдаж байв. Монгол зүйр үгэнд үүнийг <<уул үзээгүй гутал тайлах>> гэж ярьдаг.
Харин надад огт өөр төсөөлөл бууж байлаа. Казино бид хоёр урьд өмнө нь хэн хэнээ мэддэггүй, таньдаггүй байсан бол өнөөдрөөс эхлэн бие биедээ дайн зарлаж байгаа дайснууд. Бид хоёрын тэмцэл тов тодорхой. Мөнгө хэмээх өндөрлөгийг эзлэх.
Гэхдээ байдал миний талд ямарч ашиггүй байв. Надад зэвсэг хэрэглэл, үгүйдээ гэхэд биеэ далдлах хуувч шуудуутай зүйрлэчих юм юу ч байхгүй. Гагцхүү би түүнийг эзлэх ёстой, давших л хэрэгтэй гэсэн сэтгэлийн тэнэг тушаал, муйхар зоригоос өөр барьчихмаар юм юу ч алга.
Ийм л хүн миний эсрэг бүх л зэвсэг хэрэгсэлээ агсчихсан, намайг батугай цөстэй аавын хүүхдүүдийгхөнгөлчихдөг тулаанаа хорин дөрвөн цагийн турш хэнэг ч үгүй хийдэг каүино руу хар хурдаараа давхиж, казино ч миний өөдөөс мөн тэр хурдаар ирж явлаа. Очсон хойно чухам яахыг тэнгэр бурхан л мэдэх буй за. Харин элдвийн дарамттай бодолд толгойгоо гудайлган аймшгийн тэр газар руу очих гэж зорьж зам хорооно гэдэг там аж. Замын дунд таарах аль нэг гарцаар гараад норт руу эргэчих юмсан гэх хүсэл юу юунаас ч илүү төрнө. Тэгвэл охидууд маань яасан их баярлах бол.
Ааваа тэмээн гөрөөснүүд яах вэ. Амьтныхаа хүрээлэнд л байж байг. Хэдүүлээ амралтынхаа өдрөөр л очоод үзчихэж байя. Хурдан машинуудыг ч гэсэн унах тавилантай нь унацгааж, хувийн сайхан байшинд суух хувь заяатнууд л тэндээ сууцгааж байг. Бидний амьдрал сайхан л байна шүү дээ. Энэ хэвээрээ л байя гэцгээх байх даа. Бодох тусам тийм ч юм шиг санагдан би нэг гарцаар гарч Макдоналдсын гадаа зогслоо. Эхнэр маань над руу том харав.
- Жаахан юм идэж, хүйтэн көк ууя даа.
Тэр ч юм хэлсэнгүй намайг дагалаа. Гэхдээ миний сэтгэлд болж байгаа шуурга, эргэлзээ, айдас алив бүхнийг ойлгож байгаа нь үйл хөдлөл бүрээс нь мэдрэгдэж байв.
- Хоёулаа авч яваа мөнгөө алдчихвал яах вэ?
- Тэгж ч ярихгүй шүү. Чи алдана гэж бодож л байгаа бол алдана. Хэрэв тэгэж бодож байгаа бол бид буцсан нь дээр.
- Яг ч тэгэж бодоогүй байна л даа. Гэхндээ хүнд чинь тэгвэл яах вэ гэсэн хамгаалалт, хариу бодол байх ёстой биз дээ.
- Алдвал уу гээд эхнэр маань цонхоор ширтсэнээ <<за явцгаая>> гээд бослоо.
Тэр замын турш юу ч дуугаралгүй явж байгаад казиногийн цахилгаан шат руу орсон хойноо,
- Алдвал ATM-аас мөнгө нэмж авна. Бид заавал ялна гэж хэлсэн юм.


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 3:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Ингээд л алаг эрээнээр инээмсгэлсэн энэ ертөнц рүү сэтгэлдээ агуу их хүсэл тээж таван зуун доллар хармаалсан төв азийн нэгэн нүүдэлчин эхнэрээ хөтлөөд л орж явчихлаа. Эхлээд фокерын ширээний дэргэд цаг гаруй зогсоод юугий нь ойлгосонгүй. Тэгээд блайк жейкийн ширээ рүү очлоо. Манай нутагт хорин нэг гэдэг тоглоомоор буриадууд, оюутнууд их тоглодог. Би ч оюутан байхдаа гэнц нэг удаа зугаагаа гарган тоглодог л байсан. Очкоов татах гэж нэрлэдэг дээ. Блайк жейк бол яг тэр тоглоом юм байна гэдгийг хараад л ойлгов. Харин манай нутгийнхан ноёныг дөрөв, хатныг гурав, боолыг хоёр оноогоор тооцдог бол энд бүгдийг нь арван оноогоор тооцдог. Тамгыг арван нэгэн оноогоор тооцохоос гадна нэгийн тоогоор ч тоолдог аж. Би аз сорилт, машины оролцоо хоёр ихтэй тоглоомуудыг бус хөзрийн тоглоомуудыг сэтгэлдээ товлож ирсэн боловч фокерын олон янзын хожлуудыг яаж аваад байгааг нь мэдэхгүй толгой эргэсэн, нөгөөтэйгүүр фокерын хөзрийг мөн л машинаар холидог нь таалагдахгүй байсан юм. Гэтэл блайк жейкийн хөзрийг диллер нь гараар хольдог аж. Бас надад таслах боломж олдоно. Энэ нь л юу юунаас илүү сэтгэлд дотно санагдав. Эцсийн эцэст миний зорьж ирсэн тоглоом энэ, энэ л мөн юм гэдгийг дотроо дэнслэн бат нот ойлгоод нэг ширээнд сууж арван доллараар дэнчин тавьсанд шууд л блайк жейк эргэх нь тэр. Арван доллар маань хорин таван доллар болон өсч, сэтгэл дэх бүх айдас, эргэлзээ тээнэгэлзээ эргэж ирэхгүйгээр нисэн одох шиг болж, би гэдэг хүн гагцхүү урагшаа, урагшаа давших туг дарцаг шиг хүслээр жигүүрлэн урам зориг дүүрэн тоглож гарлаа.
Харин ингэж тоглох өдрөө би маш олон удаа сэтгэл оюундаа нягтлан шалгаж дэнслэн тогтоохдоо Л. Тэрбиш авгайн цагаан номыг гол болгосон юм. Дорнын зурхайд бар, нохой, луу өдрийг хүчтэй сайн өдөр гэж үздэг. Бас өлзий учрал бүрдсэн Дашням, Балжиннямтай өдрүүд байна. Түүнчлэн баясгалан ба сайн, ялгуусан, хоосон, төгс өдрүүд гэж бий. Өдрүүд мааны тухайн тухайн үйлээсээ шалтгаалан нөлөөлөх сайн муу цагуудад хуваагдана. Энэ бүх аньс чагтыг элдвээр өнхчүүлж эргэцүүлэн тунгааж бодох учиртай. Ямарваа хүмүүн гэгч санамсаргүйн бус харин маш тодорхой учир шалтгааны үр хөврөл юм. Бүх юм нөхцөлтэй, нөхцөл бүхэн шалтгаантай гэж буддын гүн ухаанд авч үздэг тухай өвөө минь надад байнга сургадаг байлаа. Хонь хургалах, агь нүдлэх, говьд ган тайлагдаж бороо орох, тэр ч бүү хэл шороо эргэлдэн хуй салхи босох ч хүртэл нөхцөл бүрдсэний шалтгаан нь юм.
Тэр дундаа энэ ертөнцөд хүн болж төрөөд хүн ёсны хувь тавиланг эдэлнэ гэдэг түг түмэн нөхцөлөөс үүдэх, түг түмэн шалтгааны үр дүн учир тавилан юм. Өвөөгийнхөө сургаж хэлсэн үг, ухаарал дүүрэн амьдралаас нь өөрт халдварлуулан хурааж авахдаа би нэг зүйлийг маш сайн ойлгосон юм. Энэ тухай хүмүүс бид байнга л ярьдаг боловч ярьсныхаа эсрэг амьдардаг. Тэр нь хүн гэгч хувь заяаныхаа эзэн нь байх тухай ойлголт юм. Олонхи хүн би хувь заяаныхаа эзэн нь гэж ярьчихаад боол нь болж амьдардаг. Бурхан энэ етөнцөд хүнийг ирүүлэхдээ хүн шиг амьдрах арга ухаан буюу товчхондоо арга зэвсгийг нь, бас хүнээс дор амьдруулах арчаагүйтэл буюу мөн л товчхоноор тайлбарлахад дайсныг нь нэгн биенд нь цогцлоож өгөөд илгээчихдэг. Харамсайлтай нь хүмүүс бид амьдралдаа сайн сайхан амьдрах оюун ухаан, арга билгийн цогц буюу нөхрөөсөө илүү, тарчиг тааруу амьдруулахад элбэг хүрэлцээд илүү гарам өөртөө дайсагнагч дайснаа түлхүү хэрэглэдгээсээ болоод л ядуурч амьдарлаа давжааруулан жижигрүүлж байдаг. Давшин амьдрах байснаа хориглож, хориглолтоосоо ухарч, тэрхүү ухралтын эцсийн цэг нь харуулдаагүй банзан хайрцаг, амт чанар муутай хямд төсөр зүйлээр хийсэн хойлгыг идээ болох нь олонтаа.
Тэгвэл чи яаж хувь заяаныхаа эзэн болж, давшингуй амьдрах хэрэг вэ? Аливааг барин тавин таамаглах хэцүү ч хүний тоолшгүй олон нөхцөл түүний шалтгаан дунд хэлбэлзэх болохоор байнага өдөр бүхэн давшиж амьдарна гэвэл бүтэхгүй байх л даа. Мэдээж зарим үед нь хориглож заримдаа бүр ухрах ч тохиолдол таарах нь ойлгомжтой. Тийм хүнд цаг үед хэн надад туслах вэ? энэ асуултын хариулт нь тов тодорхой. Өөр хэн ч биш би л өөрөө өөртөө туслах учиртай. Харин чи өөртөө юугаар туслах вэ? энд л нөгөө олоннөхцөл шалтгнааны чинь жижигхэн жижигхэн зангилаанууд өөр өөрийн оршин байх учиртай нөхцөл шалтгаан дундаа өөр өөрийг тайлах зэвсгээ агуулан байж байгаа. Харин тэр зэвсэг хүн төөрөм олон янз юм. Тухайн үед миний гар дор Тэрбиш авгайн цагаан номноос өөр барих зэвсэг бараг байгаагүй юм. Хүн болгонд төрсөн од гариг цаг нарны тохироо буй. Түүнийг дорнын зурхайчид эртнээс маш нарийн тооцож иржээ. Тэрхүү наринй тооцооны хамгийн отгон нь энэ цагаан ном л доо. Гэхдээ энэ бол төгс төгөлдөр нүдээ аниад алгаа хавсраад өөр юунд ч итгэхгүй дагаад залбираад л явбал болчихно гэж бодож болохгүй зүйл л дээ. Тэр надад байнага ашиглаж болох олон зэвсгийн нэг нь л юм. Түүнийг мэдээжийн хэрэг би ашигласан хэрэг. Нөгөөтэйгүүр хэрэв би заасан шиг нь сайн сурч чадсан бол бүрэн ашиглаж болох нэг зэвсэг байсан нь элж мөлийсэн есөн зоос юм. Өвөөгийн минь гарт элбэг жаран жил эргэлдэж эвэршсэн алганд нь гадар өнгнийхөө нилээд хэсгийг элээж шингээсэн байхдаа гэж гаргаж үзэх бүрт минь бодогдуулдаг тэр есөн зоосонд би нэн ч хайртай. Намайг Говь-Алтайд томилолтоор явчихаад ирэхэд минь,
- Энийг хүүд өгөөрэй гэж захичихаад эргэж ирэхгүй аяяндаа одсон байсан болоод ч тэр үү, тэр хэдэн зоосонд би хүний гар хүргэх ч дургүй байдаг юм.
Хааяа нэг гаргаж үнэрлэхэд багадаа өвөрт нь унтахад өвөөгөөс минь үнэртдэг байсан хачгүргэмийн үнэр сэнгэнэх шиг болдог тэр есөн зоосыг сүүлийн үед өөрийн зорилгод мэр сэр ашигладаг болсон юм. Гэхдээ ном жаягийх нь дагуу тайлж уншихаасаа ерөнхийлөн гөрдөж унших минь илүү ч сэтгэлд минь их л нэмэр болох шиг санагддаг юм.
Тэр өглөө зоосоо зайлаад үзтэл дөрвөн хөлтэй цагаан чоно бууж, өдөр нь баясгалан гийсэн хуримтай Дашням зорчсон цагаан бар өдөр байсан болохоор тийнхүү зүтгэсэн хэрэг.
Тэгээд Тэрбиш гуайн номдоо номлосон хонь цагийг хүлээж байгаад тоглоомоо эхэлсэн юм.
Энэ бүхнийг хийхдээ би сэтгэлээ засаж өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байна гэж бодож байсан. Түүнээс биш казинод ороод очингуут л намайг <<аз >> тосч аваад бөөн мөнгө тоолуулчихна гэж би огт бодоогүй. Ерөөсөө аз гэдэг байхгүйтэй бараг адилхан ойлголт. Маш энгийнээр тайлбарлахад шагай орхиод дөрвөн бэрх буулгах ховор үзэгдэл. Дөрьөн морь бол бараг л буухгүй дээ. Шагай орхиж байгаа хүний төрсөн од гаригийн барилдлага, орхиулж байгаа шагайны дөрвөн морь буух нөхцөл шалтгаан хоёр талаасаа зэрэг бүрэлдсэн нөхцөлд л дөрвөн морь буух шалтгаан үүднэ. Тэр дөрвөн шагай маань дөрвөн өөр хониных, за үгүйдээ л хоёр өөр хониных гээд бодох юм бол дөрвөн морь буух магадлал улам л холдоно. Ингэхээр нүдээ аниад аз таарна гэж горьдох, түнэр харанхуй ойд хэзээ ч юм хэн нэгний гээсэн гэх домгтйн ээмэг эрэхтэй утга нэг юм. Тийм ч болохоор их гүүш Ринчин бээр “Аз гэдэг сохор юм. Мэргэн хүн бол чадал хүчиндээ эрддэг юм” гэж Цогт хун тайжаар хэлүүлсэн буйзаа.
Харин од гариг төрсөн өдрийн төөрөг цагийн барилдлага түүнийг тайлж унших есөн зоосны мэрэг бол миний дотор зүүрмэглэн байгаа сайн сайхан чанарууд, түг түмэн эервүү бодлуудыг хүсэж байгаа зүг руу минь түлхэн хөдөлгөөнд оруулах асаагуур, арай өөрөөр нэрлэбэл түлхүүр юм. Өөрөөр хэлбэл бидний ярих дуртай аз гэгчийг хөшиж хөдөлгөж болх нэгэн төрлийн багаж зэвсэг минь гэсэн үг. Надад тухайн үедээ түүнээс өөр найдах, өмнөө барих юу ч байгаагүй тухай би дээр нэгэнт өгүүлсэн. Тоглож байсан туршлага, тэр ч бүү хэл казиногийн талын ямарч мэдлэг байгаагүй шүү дээ.
Ингээд л эхлээд хорин нэг эргэсний дараа би хэсэг хожлоо. Сэтгэлийн минь хоёр булангаас хоёр хүн хоорондоо ана мана ач тач үзэлцэж гарлаа. Нэг нь болохоор
- Одоо мөнгөө нэм нэм. Хорин тав, тавь, зуу болгооч. Мөнгө чинь пуужингийн хурдаар өснө гэж шавдуулна. Нөгөө нь:
- Аа болоогүй, болоогүй шүү. Мөнгөө өсгөнгүүт мөл ирэхээ больчихволяах юм бэ? Хорин таван доллараар хоср удаа, тавиар бол таван удаа тоглоно шүү дээ. Нэг мөр тавиад алдсанд орвол бага багаар олон удаа тоглоход хожил таарах магадлал чинь өсөх бус уу. Болгоомжил, болгоомжил гэж учирлана.
Би авч очсон таван зуун долларынхаа хоёр зуугаар нь тоглож байсан юм. Өмнөх хасаануудаа тоолоод үзтэл гурван зуун тавин доллар болжээ. Цагаа хартал энэ зуун тавин долларыг би зургаан цаг тоглоод хожсон байв. Нээрэн ахиц удаантай л байна даа. Шинэ ажил эхлэхээр бооцоогоо өсгөе байз гэж бодогдож байна. Тэгээд бодосоноороо л тоглолоо доо. Өмнөх овоогоо зуун доллар болготол <ээ лам гурван эрдэнэ минь> нэг муу дадар туг хоёр уралдаад чөчийлдөөд ирдэг байна шүү. Би дахин мод авахгүй гэв. Бусад тоглогчдын нүд нь орой дээрээ гарч диллерийн өмнөх хатан руу заагаад,
- Тэнэг минь тэрнийг харж байна уу гэцгээгээд толгой сэгсрэн шогширцгоолоо. Би өөрийнхөөрөө зүтгэчихэв.
Өнгөөрөө нийлсэн хөзөр ялалт авчирдаг гэж хэзээ нь ч билээ ярьж байсныг санасан юм. Бундангийн туг дадар хоёр миний өмнө байж байлаа. Тэр муу гилийн хатныг ялж л таараа. Ер нь ялахгүй байсан ч яадаг юм. Би өөрийнхөө мөнгөөр тоглож байгаа болохоос эднүүсийн мөнгөөр тоглоо юу, нэг их зөвлөцгөөж, эгдүүцэцгээж гэнэ гэж нэг ширээнд суугсаддаа ялимгүй эгдүү хүрээд зориуд гөжсөн юм. Хүмүүс дургүйцлээ янз бүрээр л илэрхийлцгээв. Зарим нь хялалзаж, нэг өвгөн хараал тавьж, тэртээх өнцгийн хар хүүхэн тэнэгийг минь гайхан шогширч толгой сэгсэрнэ. Харин хажууд суусан ази залуу л тоомжир муутай харснаас өөр үйлдэл хийсэнгүй. Гэхдээ л тэр залуугийн харц зэвүүн байлаа. Диллер модоо эргүүлтэл гилийн хатны дороос цэцгийн зургаа гарч ирлээ. Хүмүүсийн нүд том болж дараагийн модыг гаргаж иртэл дуу алдаад л явчгаачихлаа. Тэр нь бундангийн зургаа байсан юм.


Top
   
 Post subject:
PostPosted: May.24.07 3:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Ази залуу мөрөн дээр минь алгадаж, өвгөн ширээ дамнан гар сунган зүтгэж, хар хүүхэн ухасхийн босуут бөгсөө уран хөдөлгөн бүжиглэж, өмнөө гурав дөрөвхөн тавтын хасаатай байсан царайлаг шар хүүхэн , түүний ард зогсож байсан найз залуу хоёр нь бүр заавал алга алгаа нийлүүлнэ гэж над руу зүтгэлээ. Ширээнд маант хөөр хөгжөөн яриа хөөрөө өрнөж, нэг л ер бусын болоод явчихав. Яг л энэ тоглолтыг хүлээж байсан юм шиг эг дог оргиод л энд удтал ноёлсон зэврүүн дүнсгэр орчин хаа нэгтэй руу хийсэн одож, бид бүгдээрээ ямар нэг шинэ жилийн ч юм уу, ер нь нэг тийм хөөр хөгжөөнтэй баяр наадамд оролцож байгаа юм шиг болов. Хожил ар араасаа хөвөрч хүмүүсийн өмнөх хасаанууд тэвхийрэхийн хирээр диллерийн өмнөх хайрцагт ирийж байсан хасаа ёстой л пуужингийн хурдаар дундарлаа. Ялангуяа ази залуу бооцоогоо хоёр гарт мянга мянгаар тавьж хожсоор дорхноо л арав гаруй мянган доллартай болчих нь надад анзаарагдаж байв. Тэр өмнөх хасаануудаа түргэн түргэн бүхэлдүүлж, мянгатууд болгоод халааслана. Өвгөн ази залуугийн мөрөөр тэвэрч юуг ч юм аминчлан хүүрнэж, хар хүүхэн төрсөн өдрөөр нь болсон хөгжилтэй зүйлийг хачир оруулан ярингаа тас тас хийтэл инээнэ. Царайлаг шар хүүхэн хожих болгондоо л цангинасан нарийхан хоолойгоор часхийтэл уухайлан хашгирч, найз залуугийнхаа хоёр гарыг алгаараа тас хийтэл алгадан, уруулыг нь нухацтай удаанаар янаглан озно.
Өвгөн маань эмгэнтэйгээ яваа юмсанж. Эмгэн нь зөөлөн алхалсаар сэмхэн ирж өвгөнийхөө хүзүүг нэг үнсчихээд бидний амжилттай байгаад их л баяртай байх бололтой хөгшнөө түшин налж инээмсэглэн зогссоноо түүнийхээ авж өгсөн зуутын хасааг аваад явж өглөө. Бодвол машин дээр суух бололтой. Төд удалгүй буцаад л ирнэ. Зуугаа ваад эргээд л явна. Бид ч маш их хөгжилтэй байлаа. Ази залуу маань надаас:
- Хятад уу гэж асуув.
- Бишээ.
- Япон уу?
- Бас л биш.
- Солонгос, Тайвань
- Аль нь ч биш.
Мань хүн хором хиртэй бодлогширсноо,
- Тай, Филлиппин гэж байна.
- Чи таасангүй, би аль нь ч биш гэсэнд түүний мэддэг ази шувтарсан бололтой толгой сэгсрэн инээгээд,
- Би Хонконг хүн гэж байна.
- Харин би Монгол.
- Өө монгол уу мэднэ мэднэ. Хөх хот
- Бишээ. Улаанбаатар. Их Монголын гал голомт.
Миний үг түүнийг жаахан эвгүйцүүлэв бололтой хавчиганаснаа цаашаа эргэв. Би ч дэмий олон юм хэлж хүн гомдоочихов уу даа.казинод энэ ямар хамаа байхав дээ гэж харамсан бодсон юм.
Бид харцаараа бие бие рүүгээ дохиж байгаад диллерийн сүүлчийнхээ модыг татах тэр агшинд “Goodbay” (номон дээрээ ингэж байсан шүү. би goodbye гэж ойлгож байгаа. магадгүй ийм үг байдаг байж болох юм.) хэмээн нэгэн зэрэг хашгиралдаж эхэллээ. Хонконг залуу маань эхэндээ пиво ууж сууснаа <<Зомби>> болгон чангаруулж, төдөлгүй хүн болгонд хоёр хоёр хуурай виски авчруулж уулгасан нь жинхэнэ утгаараа үйлчилж эхлэв. Тэгээд ч зогссонгүй Хонконг хүний өгөөмөр сэтгэлтэйг харуулахаар шийдсэн бололтой хүн болгоны өмнө диллерийн гарыг мялаах тавтын улаан хасааг тоглолт болгонд өгч байлаа. Бидний дуу чимээ чангарч “goodbay, goodbay” гэж нир нирхийтэл хашгирч эхэлсэнд сониуч улс дорхноо цугларч, араар минь эгнэн зогсчихоод биднийг даган “goodbay, goodbay” хэмээн уухайлж эхлэв. Казиногийнхон диллерээ хурдан хурдан соливч ямар ч амжилт олсонгүй. Солигдож ирсэн диллерүүдийн гар нь чичирч байх нь шив шинэхэн тоглогч надад хүртэл анзаарагдаж байв. Сүүлдээ Хонконг залуу өвгөн хоёр согтож орхиод хасаагаа ялгаж тоолж чадахаа болилоо. Тэдний өмнө төрөл бүрийн өнгөтэй үй олон хасаа Улаанбаатарын маань гэр хороолол шиг эмх замбараагүй холилдон хөглөрнө. Төдөлгүй бидэнд анхны цохилт ирэхэд би долоон зуун доллар тавьчихсан байснаа алдлаа. Гэвч энэ зэргийн юм байлгүй яахав, одоохон буцаагаад авчихдаг хэрэг гэж бодоод дахин мянгыг тавиад алдлаа. Хэрэг бишидлээ гэдгийг ойлгомогц бушуухан бослоо.
- Харих нь уу?
- Тэгье.
- Жаахан суугаач, сайхан байна шүү дээ. Тэд миний тал талаас ингэж гуйцгаалаа.
- Баярлалаа. Харилгүй болохгүй, яаралтай ажилтай гэж бувтнаад тэдэнд сайн тоглохыг ерөөгөөд мөнгө олгогч касс руу явлаа.
Тэр өдөр би дөрвөн мянга найман зуун жаран доллартай гарч ирсэн юм. Хэрвээ сүүлчийн хоёр том алдагдалын өмнө боссонсон бол зургаан мянга таван зуун жаран доллартай гарч авч очсон таван зуугаасаа гадна цэвэр зургаан мянга жаран доллар хожих байлаа. Гэвч сэтгэл өрнүүн байв. Бүхий л бодол санаан дотор минь мөнгө эргэлдээд байгаа юм уу, эсвэл мөнгөн дотор хамаг ухаан бодол минь живчихэв үү, бүү мэд. Сард би арван удаа л ингээд тоглочиход тавин мянган долларын цалинтай болох нь байна шүү дээ. Жилд хэдэв. Зургаан зуун мянган доллар. Америкт ч нутагтаа ч нэг нэг байшин аваад хэд хэдэн сайхан машинтай болчих мөнгө. Хоёр жил иймэрхүү явчихвал ч гэж бодохоос гарын алга хөлөрч загатнана. Гараад ирэхэд өглөө болчихсон Аппалачийн нуруун дээгүүр наран гийж байна. Бид хоёр Цинциннатти хотын баруун хаяаг хэжин гэрийн зүг давхилаа.


Top
   
 Post subject:
PostPosted: May.27.07 2:35 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: Feb.23.07 5:40 pm
Posts: 1189
Location: London
Эхнэр маань «Ийм мөнгө хожчино гэж огт бодоогүй шүү» хэмээн байн байн баярлан үглэнэ. Би ч ийм амжилтанд хүрнэ гэж төсөөлөөгүй билээ. Америк гэж агуу их улс юм. Агуу их боломж юм. Сайхан амьдрах орон зай энд ямар их байдаг юм бэ?
Америк... Америк... чамд яаж талархахаа би мэдэхгүй байна. Чамайг ямар их ухаантай хүмүүс бүтээн босгож, ийм болтол нь хөгжүүлээ бэ? гэсэн баярын уухай сэтгэлд хангинаж би өөрийнхөө чадлын хирээр энэ буяны хөндий шиг улсад дуслын төдий ч болсон нэмэр хандиваа оруулахсан гэх хүсэл оволзон сэтгэлд дэвэрнэ. Замдаа хоёулаа нэг Хятад ресторанд сайхан хоол идчихээд харилаа. Гэр маань бөөн хөөр баяраар умбаж бид унтаж амрая ч гэж бодсонгүй. Усанд орчихоод гэрнийхээ ойролцоох том газар очиж тансаг бараа таваар эд зүйлс, хувцас хунарт умбаж гарлаа.
- За ямар байна даа хүүхдүүд минь
- Сайхан, ёстой сайхан. Харин дандаа ийм байх юм уу?
- Цаг ямагт ийм байж чадах юм л бол. Гэхдээ манай амьдралын ерөнхйи төлөв ийм л байх болно.
- Ааваа би энэ цамцыг хоёр зуун тавин доллараар авчих уу?
- Тэг тэг.
- Өвгөөн энэ бөгж ямар санагдаж байна вэ? Надад шигтгээнийх нь өнгө таалагдаад байх юм. Даан ч үнэтэй юм даа.
- Хэд юм бэ тэгээд...
- Мянга гурван зуун доллар
- Ав ав, авалгүй яадгийн.
Энэ өдөр би үнэхээр жаргалтай аав, жаргалтай нөхөр байлаа. Алив бүхэнд инээмсэглэж, үе үе хоолойгоо шахан засаж, шилээ шөргөөмөөр санагдаж байв. Дараа нь гэр бүлээрээ усанд сэлцгээж орой нь зэгсэн сайн ресторанд хооллоод харилаа. Мартагдашгүй өдөр болов. Би өдрийн тэмдэглэлээ хөтлөж, эхнэр хүүхдүүд маань авсан юмсаа үнэлж цэгнэж өмсөх зүүн толины өмнө эргэлдэнэ. Тэрбиш авгайн зурхайн номыг өмнөө дэлгээд сайн өдрийн эрэлд гарлаа. Сайн зүгийн бурхад бүхэн чуулсан ийм сайн өдөр энэ жилдээ дахиад байсангүй.




26 -Р ХУУДАС ХҮРТЛЭЭ БИЧНЭЭ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.07 10:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
[font=Times New Roman]Тэглээ ч түүнд сэтгэл минь төдий л зовсонгүй. Бар, луу , нохой, баясгалан, сайн, ялгуусан гээд л надад хишиг буянаа хайрлах өлзийт өдрүүд сар болгонд хангалттай байна. Дээр нь үе үе тохиох Балжинням, Дашнямтай өдрүүдийг нэмчих юм бол ажилдаа дарагдсан надад сайн өдрүүд дэндүү олдож байв. Гагцхүү би ямар байхав гэдгээс л бүх юм шалтгаална. Өнөөдрийн хувьд арслангийн анчин шиг л эрэмгий зоригтой, хийморь лундаа дүүрэн байв шүү дээ. Бундангийн дадар туг хоёроор тэр муу хар хатныг мөн ч мэргэн буудсан даа. Яахав би дахиад авсан бол бундангийн зургаа авна. Гурван бундан арван нэг болно. Дараа нь ноён хатан боол, арав аль нь ч байсан ялгаагүй би хожих л байж дээ.
Байз... байз. Энд нэг гогцоо байна. Хэрвээ би тэр зургааг авчихсан бол айл тав авчихвал яах билээ. Тэнцэнэ. Харин хамгийн аюултай нь дараа дараачийн модны эрэмбэ өөрчлөгдөж бидний өнөөдрийн ялалт эргэлзээтэй болох байжээ. Тийм байна. Мөн ч амархан тасарч байна шүү. Ийм л нарийхан эгзэгтэй утсаар мөнгө татах ажилд би дурлаад байнаа даа. Хаа ч хэзээ ч ямраар ч тасарч болох нь ээ. Үгүй ээ, гэтэл учир бас байна. Ерөнхийдөө болж л байгаа юм биш үү дээ. Тэр утас мөнгө авчирах үүргээ биелүүлж л байвал түүний нарийн байна уу, бүдүүн байна уу, тасрах дөхөж үү, үгүй юү энээ тэрээ гэдэг нь хэнд хүртээлтэй юм аан.
Үгүй ээ. Энд анхаарвал зохих нэг лоосуу нуугдаад байна даа. Түүнийг хэзээ ч тасрахгүй гэдэгт би бат итгэлтэй байх ёстой бус уу. Эсвэл хэзээ нэгэн цагт тасарсандаа ч яахав дээ гэсэн бодлыг өөртөө бий болгох ёстой байна. Мэдээжийн хэрэг би тодорхой хэмжээний мөнгөтэй болсон үедээ тийм бодолтой болж чадна. Тэгэхээр олсон мөнгөө ариглан хадгалах нь зөв байна. Хэрвээ өнөөдрийх шиг үрчихээд байвал насаараа тоглох төдийгүй мөнгө татах утас маань тасарвал би өнөөгийнх шигээ л үлдэх нь. Бас казино намайг ивээгч, санхүүжүүлэгч маань биш гэдгийг ганц ч хором мартаж болохгүй. Казино гэдэг мөнгөний төлөө зогсож, олж ч байгаа учраас мөнхийн хөдөлгүүрээр ажилдаг юм шиг л хөгжиж дэвжиж байгаа газар. Ингэж хөлжиж хөгжихдөө надаас аль ч талаараа арав зуу дахин илүү бодож сэтгэх чадвартай овоохон олон аавын хүүхдүүдийн голыг горойлгож, заримынх нь голыг самнасан байж таарна. Тэр бол хий бодол зөгнөл мөрөөдлөөс үлгэрийн амьтан шиг сүүдийж өндийгөөд өнөө гэвэл хэлбэржиж баттай хөлөө олсон бүхэл бүтэн систем. Өнөөгийн казинод үүсч байх үеийнх нь үлгэрийн мананцараас үлдэж хоцорсон юм үнэндээ бараг байхгүй. Түүний дэргэд би гэдэг харин тэр чигээрээ мөрөөдлийн утаа мананцар явж байна. Ингэхээр олдож байгаа мөнгийг хуримтлуулах л ганц зөв зөм юм. Зөвхөн хуримтлуулаад ч зогсохгүй түүгээр бизнес хийж арвижуулах хэрэгтэй. Харин юу хийх вэ. жижгэвтэр дэлгүүр юм уу, газ стейшн /шатахуун түгээгүүрийн газар/ худалдаж авах уу?, эсвэл цэвэрлэгээний бизнес эрхлэх үү. Алсдаа охидод маань хэрэгтэй гэж үзээд хувцас засварын газартай болох уу. Элдэв янзын хувцас засварлахыг харсаар, өөрсдөө бас ойр зуурийн жижиг сажиг засвар хийж оролдсоор охидын маань сэтгэхүй өсөж хөгжөөд загвар зохион бүтээдэг болчихвол мөн догь хэрэг ээ. Ер нь энэ чинь л гоочтой ажил юм биш үү дээ. Харин козиногоос олох мөнгө цэвэр мөнгө мөн үү. Ёс суртахууны талаасаа ч гэдэг юм уу, ер нь сэтгэл амар байх үндэс бий юу. Цагаан цаас шиг цэвэр тунгалаг мөнгө ч бас биш ч юм шиг. Толбо байх нь байна даа. Цус, хар тамхины толбо л лав биш юм даг. Үүнд л би итгэлтэй байх ёстой. Тэгвэл юунаас нь эмээх юм. Би ямар мөнгөнөөс айдаг коммунист дэглэмд амьдарч байгаа биш.
[/font][size=18]
[/size]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.07 11:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Тэгэхэд үнэхээр хэцүү явцуу байж дээ. Тэр сэтгэхүй бүр надаас салахгүй наалдсан юм уу, аль эсвэл оюун ухааны минь салашгүй нэг хэсэг болчихсон бололтой. Энэ тухай нэхэн бодтол залуу байхад минь тохиолдсон нэг явдал санаанд минь зурсхийж инээд минь өөрийн эрхгүй хүрэв. Өнөөдөр инээдийг маань хүргээд байгаа тэр явдал тухайн үедээ инээдтэй манатай харин ч бүр эсрэгээр айдас хүйдэс хүргсэн зүйл байсан юм. Би боломжийн ажилдаг байсан юм байлгүй. Сар болгон л цалингаасаа гадна овоо хэдэн төгрөгний шагнал авчихдаг байсан маань хамт ажилдаг нэг хүнд таалагдсангүй. Ингээд тэр хүн намайг дамын наймаа хийж зүй бус аргаар баяжиж байна гээд төв хорооны үзэл сурталын хэлтэст матчихжээ. Энэ хэлтэс манай байгууллагыг шууд харъяалдаг байсан юм. Шалгалт ажил дээр ч гэрт ч ирж миний эхнэрийн маань бүх хувцас хцнарыг бас манай гэрийн тавилга сэлтийг нэг бүрчлэн үнэлэн тоолж эхнэр бид хоёрын авсан цалин, шагналын дүнтэй тулгаж үзэв. Мэдээж дамын наймаа хийгээгүй болохоор маадгар байсан ч огт санамсаргүй байж байгаад эвгүй зүйлд ороогдчих нь тэр. Манайд байсан бүх л хувцас хунар эд хогшлоос авсан мөнгө маань илүүдээд явчихдаг байгаа.
- Энэ мөнгийг яасан бэ?
- Хүнсний зүйл авсан байж таарна. Заримыг нь ч үнэндээ мэдэхгүй юм байна. Хүн амьтанд бэлэг сэлт авч өгөх энэ тэр гээд үрлэг зарлага аль гарахыг тэр гэхэв. Тийм л юманд зарцуулсан байх.
- За хө. Учиртай даа. Хэн хэнд бэлэг сэлт авч өгдөг хүн бэ та? Тэр бэлгийн хариуд юу авдаг байж таарах вэ? шагналаа нэмүүлдэг үү?
Миний байдал хүндрээд явчихлаа. Ам маань ангайгаад гацчихав. Гэвч амьд хүн гэсэндээ гарах шургах завсар бас оллоо.
- Аав ээж, ах дүү нартаа баяр ёслолоор юухэн хээхэн авч өгч болно биз дээ.
- Битгий гуйвуулаад бай. Түүнийг чинь яриагүй байна. Өөр ямар хүнд бэлэг өгч байсан бэ гэдгийг чинь л мэдмээр байна. Хэлтсийн даргадаа, түүнээс дээгүүрх дарга нартаа гээд л бэлэг өгөх хүн мундахгүй олон гарна биз. Наана нь нарийн бичгийн дарга гээд нэг хүн сууж байгаа. Түүнд аятайхан үнэртэй ус, үнэтэй чихрийн цуглуулга хоёрыг ч мундахгүй олон атгуулсан байж таарна биз. Тийм үү? Тэгэхгүй бол ч дарга дээр тэр бүр ороод байхгүй шүү дээ. Тэднээсээ л нэг хоёрыг нь ч болтугай өдөр сартай нь саначих. Тэгээд л боллоо. Илүүдэл мөнгийг чинь тиймэрхүү зүйлд зарцуулсан гээд л тараагаад шингээчихье.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.07 11:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Шалгаг намайг юунд унагах гээд байгааг би сая л анзаарч уур хүрч шанаа лугшаад явчихлаа.
- Та төв хорооны мэдлийн ажилтнаас яагаад ийм зүйл асууж байгаа юм. Ялангуяа таны асуултын ёс суртахуунгүй, увайгүй байдал миний зэвүүцлийг төрүүлж байна. Дарга дээрээ орохын тулд нарийн бичгийн даргад нь бэлэг өгдөг гэж та сая хэллээ. Хэн өгдөг юм. Та юу. Та л энэ тухай саайн мэдэж байна шүү дээ. Би тийм юм байдаг гэж урьд нь дуулаа ч үгүй, мэдэх ч үгүй. Ийм болохоор эрхийнхээ дагуу зохих газарт нь гомдлоо гаргах болно гээл хэлээд тавьчихав аа. Энэ удаад шалгагч маань өөрөө хүнд байдалд ороод гацчихав. Хэсэг нугдайж сууснаа түсхийтэл инээд алдаж,
- Ишш бид хоёрын байж байгаа царайг, олигтойхон муур хулгана ч болж чадашгүй нь гэснээ царайгаа албархуу төв болгоод,
- Эцсийн эцэст ямар ч утга алга, яв яв санаа зоволтгүй ажлаа хий. Та ариун шударгаар явж байгаа юм байна баяртай гэж билээ. Гэвч энэ явдал амьдралд маань хөөрхөн толбо үлдээж дөнгөсөн.
Мань хүн бэлэг өгдөг гэнэ шүү аргатай л эр юм гэсэн шивэр авир яриа гарснаас болсон уу яасан хэлтсийн дарга маань миний ажлын үзүүлэлтийг мэдсээр хирнээ шагнал бараг тавихаа больчихсон юм. Би ч элдэв янзын төгрөг мөнгөтэй холбоотой юмнаас зугтаж явдаг зантай болсон билээ. Сэтгэхүйн энэ дадал надаас тун ч нэг салах дургүй байгаа бололтой. Иймэрхүү юм бодсоор тэр шөнө олигтой унтаж чадсангүй. Харин миний бодол санаа ажилдаа ердөө ч төвлөрч өгдөггүй. За энэ тухай бодохоо больё гэж бодох тусам л мянгатын улаан шар, таван зуутын хөхөлбөр, зуутын хар, хорин тавтын ногоон хасаанууд сэтгэлд шаргиж, гарын алга хөлрөөд ч байх шиг, цонхоор гадагшаа байн байн хармаар, гадаа гудамжаар дан бенц, ягуарууд хөлхөлдөөд ч байх шиг. Нойр муутай хоносных биз. Хүмүүс харчих бий дээ гэж санаа зовох тусам өөрийн эрхгүй том томоор эвшээж орхино. Ажлын цаг дуусдаггүй. Сэтгэлд том дайн дэгджээ.
- Яасан ч уйтгартай юм бэ дээ. Ер нь ингэж байх хэрэг байна уу. Хатуу дарамт шаардлага дор гүрдийгээд долоо хоногт таван зуун доллар. Гэтэл нөгөө ажил маань яадаг билээ дээ. Дураараа уухайлж, хашгирч, виски ууж, босож холхиж, инээж хөхөрч байгаад өдөрт дөрвөн мянга найман зуун доллар авна шүү дээ. Түүнээс ихийг авъя ч гэсэн миний л дур. За багадлаа ч гэсэн дээ, өдөрт таван зууг доод тал нь авахгүй байх даа яахав дээ. Ажлын таван өдрөөр бодоход, хоёр мянга таван зуу. Амьдралынхаа хэмнэлийг тав дахин хурдасгана гэсэн үг. Иймэрхүү л юм бодсоор ажлынхаа цагийг арай л гэж ардаа хийв.
- Ёох дуусдаг л юм байна. За байз харьж хувцсаа сольчихоод ухасхийчихвэл шөнө дундаас өмнө таван зууг хийчихээд ирэх юм биш байгаа гэж бодуут л нозоорч байсан тархи мэдрэл маань гялсхийтэл сэргэв.
Эхнэр маань бас л энэ тухай бодож байсан юмсанж. Ингээд л хоёулаа луу өдрийн хишигт төргөхөөр гараад өглөө дөө. Нөгөө л дүр зураг. Казино гэдэг уул шиг мөнгийг бутлаад тал тал тийш нь гэр гэрлүүгээ зөөх хүсэлд хөтлөгдсөн түм буман хүн бужигнаж харин эсрэг талд нь бужигнагч тэр олны халаасанд байгаа шоргоолжны хүчил шиг жижиг жижиг мөнгөнүүдийг хуу сорон нэгтгэж казино гэдэг шуналын уул болгон сүндэрлүүлэгч үй түмэн ажилч зөгий шиг машинууд өөр өөрийн хэл, хөгөөр шулганалдан угтлаа. Би явсаар буйртай байрын хэдэн луглагар эрийн эцэст онгойх ганц суудалд очиж суулаа. Харахад сүртэй тэр эрчүүд харин сэтгэлийн хатаар муухан юм уу даа гэж надад санагдсан юм. Би ч таван зуун доллараа солиулж диллер ч хянагчдаа таван зууг бэлнээр солилоо гэж баяртайгаар зарлав.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.07 11:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Хянагч нь над руу ойртож ирээд
- Ноён танд казиногийн карт бий юу гэж асууж байна.
- Байхгүй.
- Тэгвэл танд зарт авах нь ашигтай гэдгийг зөвлөе.
- Уучлаарай би сайн мэдэхгүй байна л даа. Ямар ашиг байж болох вэ?
- Та бэлэн мөнгө солиулах бүртээ картаараа тэмдэглүүлнэ. Түүнийхээ үр дүнд үнэгүй хоол идэж зочид буудлаар үнэгүй үйлчлүүлнэ. Өөр ч хөнгөлөлтүүдтэй яваандаа танилцаж болно.
- Тун зүгээр юм. Карт авах хэцүү юу?
- Маш энгийн. Та овог нэрээ надад бичээд өгчих, ингээд л болох нь тэр.
- Ердөө л энэ үү?
- Ердөө л ...
- OK
Ингээд энэ өдрийн тоглоом эхэллээ. Би өөрийгөө анчин, харин диллерйиг тарвага гэж бодлоо. Энэ хэрвээ нүх рүүгээ орсон бол би сахиж буудна. Нүхнээсээ алсхан яваа бол хөөгөөд л өшиглөчихнө. Аль нь ч ялгаагүй би агнахдаа л агнана гэж бодсоор мод хуваахыг харж суулаа.
Надад цэцгийн ес дөрвөлжингийн зургаа хоёр ирлээ. Нүх рүүгээ орсон нөхөр үү, нүхнээсээ алс хярчихсан нөхөр үү? Яая даа гэж бодлоо. Эхний хүн арав авч шатаад ширээ шааж байна. тэгээд үлдсэн хэдэн хасаагаа бүгдийг нь овоолооод тавьчихав. Дахиад хожигдвол тэр хүн тоглоомоос гарах бололтой. Дараагин хүн хорьтой учир авсангүй. Гурав дахь хүн арван хоёр дээр татаад ес авав. Уг нь уухай ч юм уу ямар нэг юм хийсэн бол ширээний уур амьсгал өөрчлөгдөж ч магадгүй.
Харин тэр хүн амандаа нэг юм үглээд тамхи асаан гэдийлээ. Дөрөв дэх хүн арван долоо дээр авсагүй. Ингээд миний ээлж ирлээ. Диллерийн өмнө найм байлаа. Надад хамгийн сүүлд зургаа ирсэн. Гэтэл түүний дараа арав гарч эхний хүнийг шатаасан. Ингэхээр диллерийн наймын дор арав байх магадлал хамгийн өндөр юм. Дутаж үхэхээр шатаж үх гэж манайхан ярьдаг. Энэ тарвага нүхнээсээ хол явж байна хөөгөөд үзье гэж бодоод таттал долоо хөзөр гарч диллерийн гар шурхийн өмнөх хасааг минь хурааж авчихаад модоо эргүүлтэл
- Түй нүх рүүгээ шургачихсан туучий байж шүү дээ. Ил наймынх нь дороос дахиад найм гарч ирдэг байгаа.
Диллер дахин татаад данайсан тав гаргаж ирсэнд нөгөөдүүл маань хий л хавчиганаж, энэ нэг юмнаас боллоо гэсэн шинжтэй хад руу хялалзацгаав. Ерөнхийдөө иймэрхүү тоглолтууд өрнөсөөр таван зуун доллар маань казиногийн их халас руу орчихлоо. Миний дотор сэтгэлд техасын галзуу бух орчихоод мөөрч, урамдаж, бухаж, булгиж, шороо цацаж гарах шиг зэвүү шар хоёр оволзож эхлэв. Дахиад таван зуун доллар солиулж хэдхэн удаа том том тавиад алдчихав.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Тэгээд би нэг ширээнд хамт тоглогсдоо дахин сайн шинжиж ажиглав. Миний сэжиг таавар зөв бололтой. Диллер биш харин энэ хэд л миний сэтгэл дэх галзуу бухны ааш авирыг хөдөлгөөд байна гэдгийг эцэст нь ухаарч холдохын түүс болон бослоо. Ширээ тойроод явж байтал дан хүүхнүүд суучихсан ширээ таарахаар нь сонирхоод ч гэх үү, дунд нь ороод сууучихлаа. Хаа газрын хүүхнүүд яриасаг. Америк хүүхнүүдийн тухайд энэ чанар нь бусад үндэстний хүүхнүүдээс арай л илүү хөгжсөн юм шиг санагддаг. Тэр ч чанараараа тэд шулганалдаж сэтгэлд нөгөө бухны босгосон тоос шороо, оволзсон түйрэн ч овоо намдаж тайвшраад ирлээ. Гэхдээ л мянгыг алдчихсан шүү дээ гэж бодохоор гол горойно. Энэ удаа мянгыг солиулмагц гурван зууг нь шууд л бооцоонд түлхлээ. Эхнэр нуруунаас зэгсэн сайн чимхээд авч байна. Гэвч миний өмнө хатан боол эргэхийг хараад тайвшрав бололтой. Хожсон гурван зуугаа нөгөө гурван зуу дээрээ нэмж тавиад дахин нэг сайн чимхүүлэв. Өмнөө ганц ганц хасаа тавтсан хүүхнүүд намайг бахархан шагшицгаана. Нилээн маадгар сууж байтал хэрэг бишдэж миний авсан нийт оноо арван гурав боллоо. Би диллерээс найм өгөөрэй за юу гэж гуйж байгаад татсанд найм гарч ширээний маань хүүхнүүд часхийлдээд л хашгиралдаж ерөнхийдөө эхний өдрийн тоглолтын уур амьгал манай ширээнд бүрдээд эхэллээ. Энэ удаа диллер шатаж бид бүгдээрээ хожив. Би хожсон зургаан зуугаа ул зургаан зуу дээрээ давхарлаж тавьчихаад ширээний хүүнүүдийг өмнөх хасаагаа зузаал бид хожино гэж ятгалаа. Зарим нь зориггүйхэн инээд алдацгааж харин нэг хүүхэн хасаагаа зэгсэн сайн овоолж бид дахиад хожлоо. Ёох мянган төгрөгөө олоод авчихлаа. Ингээд миний санаа сэтгэл цадчихдаг юм байлгүй, оюун ухаанаа хичнээн хүчлээд төвлөрүүлжчадсангүй. Юуг нь нуухав. Нэг ширээнийхээ хүүхнүүдийг тэр нь тийм нүдтэй юм, энэ нь ийм хамартай юм, тэр хүүхэн ямар сайхан цээжтэй юм бэ, энэ хүүхний нөхөр ямархуу хүн байдаг бол, халаад өмсчихөөд уснаас гарч ирэх нь дагина шиг л харагддаг байх даа гэх мэтийн надад огт хамаагүй ч юм шиг, бас хамаатай болоод л ээрүүлдээд байгаа ч юм шиг бодолд ээргэдсээр энэ үдшийг өнгөрөөв. Гэхдээ хатагтай нарыг би чадах хирээрээ баярлуулж тоглолт бүрт өмнө нь тавьтын хасаанууд тавьж байсан билээ. Энэ оройны үр дүн санасанд хүрээгүй ч бас муугүй таван зуун далан доллар хожсон билээ. Хүний бодол санаа хэд хэдэн давхрагатай байдаг бололтой. Үнэндээ би таван зуун доллар хожчихвол болно л гэж бодож байсан. Харин түүнийгээ хожчихоор чамлангуй л байна билээ. Нийлээн гүнзгий бодолд маант мянгаас цаагуур тоо байсан бололтой.энэ шөнө би нэг ширээнд суугсад чиний амжилтын элбэг тавин хувийг бүрдүүлж өгнө гэсэн бат итгэлтэй харьсан юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Харьчихаад тэмдэглэлээ хөтөлсөөр суутал шөнийн гурван цаг өнгөрөв. Тоглолтоо системчилж, хэзээ хойно эргэж хараад дүгнэлт хийхэд гарцаагүй хэрэг болно. Хамгийн гол нь алдаа оноогоо дэнслэхэд юунаас ч чухал нөхцөл болно гэж бодсондоо би өдрийнхөө тэмдэглэлтэй зэрэгцүүлээд <<Казино бид хоёр>> гэсэн тэмдэглэлийг би тогтмол хөтөлж эхэлсэн байлаа. Түүнд бичигдэхгүй юм гэж байхгүй. Хожил хожигдлын өнгө төрхнөөс авахуулаад казино бол сэтгэл зүйн тоглоом гэсэн бодолдоо суурилан тухайн өдрийн сэтгэл санааныхаа байдлыг нэг нэггүй бичдэг байв. Яг гэрээсээ гарахад юу бодогдож байв. Казинод ормогцоо тэр бодол маань яаж өөрчлөгдөв, тоглолтын явцад би юун тухай бодож тэр маань ялалт ялагдалд яажшуухан нөлөөлж вэ гээд л аливаа бүхнийг энэ тэмдэглэлдээ аль болох өргөн хамруулахыг хичээдэг байсан юм.
Өглөө нь унтахын өмнөхөөс огт өөр бие махбодь, сэтгэхүйтэй болчихсон сэрэв. Бие минь ч сэтгэл санаа минь ч шалчийтлаа ядарчээ. Сонин юм даа. Зугаацаж цэнгэж явсан байтлаа ингэтлээ ядрах гэж гэсэн гайхшрал төрөхөөс гадна ажилдаа явна гэхээс толгойтой шс арзайн зүрхшээж байв. Юм ямар амархан хувирдаг юм бэ? Хэдхэн өдрийн өмнө миний ажил миний аз жаргал байсан биш үү? Өглөө болгон ажил өөдөө бөөн эрч хүчтэй шуугин очоод танил шилэн хаалгыг нь түлхэн орохдоо өөрийн эрхгүй догдолж аз жаргалдаа мансуурдагсан. Харин энэ удаа тийшээ зүглэнэ гэхээс л дотор арзайж толгой дүүрч байлаа. Гэвч энэ бол амьдарлын шаардлага, босохоос өөр арга байхгүй, ийнхүү өөрийгөө хүчлэн ажил руугаа явлаа. Уйтгартай нүсэр хүнд роман албан хүчээр уншиж байх шиг тэр өдрийн хүнд хэцүүг ярих ч юм биш. Ажлын дарамтат цаг арайхийн дуусаж машиндаа ормогц л тархи мэдрэл гялсхийн сэргэж бие хөнгөрөх нь гайхалтай. Бие минь өөртөө захирагдахаа больчихсон юм шиг сонин мэдрэмж төрнө.
Гэртээ харьж усанд орчихоод зоосоо зайлаад үзтэл <<яв>> гэсэн зоос бууж, могой өдөр яадаг бол гэсэн болгоомжлол төрөхийн зэрэгцээ <<чиний тоглох ад асчээ. Ад од хоёр тэр бүр тохиогоод байхгүй шүү. Олдсон дээр нь хүрт>> гэж сэтгэл шавдуулна. Явлаа. Шөнийн хоёр цагийн үед найман зуун тавин доллартай ирэв.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Яг нэг сар хорь хоног би ажил, гэр, казино гэсэн тойрогт эргэлдэв. Харин энэ тойрогт гацаа ч гэх юм уу, бүдчээ ч гэх юм уу, нэг л хэцүү авцалдаж өгөхгүй зүйл байсан нь ажил маань байлаа. Ингээд удтал тээнэгэлзсэн бодолдоо цэг тавьж шулуун дардан замыг маань тойрог болгон бүдчүүлээд байгаа илүү ачаагаа өөрөөсөө түлхэн зайлуулах тэр өдөр ирлээ. Мэдээжийн хэрэг эхнэр маань эргэлзэж, хүүхдүүд маань эрс дургүйцлээ. Гэвч одоо намайг зогсоох хүчтэн энэ ертөнцөд өөрөөс минт өөр үгүй болж, харин би өөрөө энэ замаар хөнгөхөн шиг тэшиж гулгахыг юу юунаас ч илүү хүсэж байлаа. Сэтгэлд минь казино гэдэг түүдэг л дурэлзэн асаж, намайг өдөр шөнө, өглөө оройгүй унтах нойрон дунд минь ч хөгжилтэйхнээр даллан дуудна.
Шаардлага гарвал би өөр ажилд орж болно шүү дээ. Ажил нүүгээд явчихгүй. Ингэж нот шийдээд ажлаасаа гарлаа даа. Дарга маань миний шийдэлд огт цочирдсонгүй. Сүүлийн үед миний ажилдаа хандах хандлага, идэвх санаачлагад тэр мэдээж их гайхаж байсан нь тодорхой. Аз болоход манай дарга тун ч сайн хүн байснаас гадна би ч түүний хайртай диллерүүдийн нэг байсан юм. Тиймээс ч мар нэг таагүй шийдэл гаргахынхаа өмнө удтал бүх талаас нь эргэцүүлэн боддог няхуур зангаараа миний цаашид яаж хувирахыг ажиглаж байсан нь дамжиггүй. Дарга маань миний шийдэлд туйлын ихээр харамсаж буйгаа илэрхийлээд шаардалага гараад буцаад ирвэл үүдээ дэлгэн найртай угтана шүү гэдгээ ч хэлсэн юм. Хамтдаа үдийн хоол идээд ажлаа хүлээлгэж өгөөд гарахдаа л би энд хичнээн их идээшин дассанаа ойлгож гаргасан шийдэлдээ харамссан юм. Гэвч тэр харамсал маант намайг удаан зовоосонгүй. Гэртээ очихдоо л би огт өөр сэтгэхүйтэй, аргагүй л нэг дөнгөнөөсөө салсан хүн шиг шийдэмгий баяр баясгалантай болсон байв. Харин миний тэр их баяр баясгалан манай гэр бүлийг нэвсийсэн хар даавуугаар хуччих шиг л болгож гэр бүлийнхээ гурван гишүүний гудайсан толгойг өөд нь татаж, нүдэнд нь баяр баясгалагийн оч гийлгэхийн тулд би тэр өдөр чадах бүхнээ хийлээ. Юуны өмнө дэлгүүр явж хятад тогооч нарийн хэрэглэдэг төрөл бүрийн амтлагч соуснуудыг авчирч байгаад л энэ ертөнцийн бүх ногоог өөрийн бодож олсон жорын дагуу нөгөө олон амтлагчаараа амталж хуурав. Зарим нь ч дажгүй л болчихож, зарим нь ч үнэндээ хүн байтугай харх ч амсахын эцэсгүй юм болчихож. Тэгэвч би санаагаар унасангүй. Тагтан дээрээ стейк хийж нөгөө гурваа дайлсан чинь харин таалагдав бололтой овоо дуу шуу орцгоолоо. Тэгээд Цинциннатти хотын амьтны хүрээлэн руу явцгаалаа. Тэнд хүүхдүүдийн маань сэтгэл овоо сэргэв. Дараа нь тэшүүрээр гулгацгааж, шөнө дөл болсон хойно бөөн л дуу шуу инээд хөөр болцгоосоор гэртээ ирцгээлээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Маргааш нь өдөржингөө сууж олон дахин ноороглосны эцэст казиногийн гарыг өргүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргаж авав. Ялимгүй сүржин ч юм шиг хирнээ сэтгэлд минь гойд нийцсэн энэ төлөвлөгөөндөө <<Майн Камфф>> гэж нэг өглөө. Гитлерийг сүйд болгож шүтсэндээ ч биш өнөөдрөөс эхлэн миний шинэ ажил бол шинэ амьдарлын минь тэмцлийн тулалдаан өнгөрөх гол талбар боллоо гэж итгэж үнэмшсэндээ л ийм нэр өгсөн юм. Үүнээс урд би чухамхүү юуны төлөө тэмцэж яах гэж ажил хийж оюун ухаан хөлсөө урсган шавхаж байгаагаа нэг их сайн ойлгодоггүй байсан шиг санагдана. Ажил гэр гэсэн тойрогт эргэлдэж эргэлдэж хэдэн төгрөгний цалин авмагц нүүр минь үрчийж эхэлдэг. Тэгэхдээ бүр өчүүхэн юмнаас болж үрчийхийг минь яана. Хий, кабель, интернет, утасны үнэ төлөх болоход л духанд минь хэдэн үрчлээ гараад ирнэ. Дараа нь байрны мөнгө төлөх болоход чих минь туулайны чих шиг л унжиж, үрчийж орхих шиг санагдана. Бас болоогүй эхнэр маант зээлийн картаараа хөөрхөн наймаа хийчихсэний билл гэрт минь айдсын цагаан салхи татуулан ороод ирнэ. Тэгж байтал хүүхдүүд дэвтэр харандаа наадаг цаас бас бус юм нэхэхэд эрүү минь хүртэл үрчлээтэж орхих шиг болно. Эцэст нь эхнэр маань л энэ удаа ам бүү нээгээсэй гэж залбирч байтал их л хулчгардуу намуун дуугаар сүү дуусчихжээ, бас хүүхдүүдийн сириал дуусаад хоёр хонох гэж байна гэмэгц зүрх минь тэр чигээрээ л агшиж үрчийж орхих шиг болно. Би ийм л тэмцэл хийж явж дээ. Гэтэл <<Майн Камфф>> бол огт өөр төлөвлөгөө байлаа. Майн Камффаас маань дараагийн дүү төлөвлөгөө нь төрөв. Түүнийг би <<НАР>> гэж нэрлэлээ. Нээрээ л нар шиг санагдах энэ төлөвлөгөөндөө ойрын гурван жилд хэрэгжүүлэх бизнесээ төлөвлөсөн юм. Сэтгэл минь нарлаг өдрийн далай шиг тайван амгалан болж, тэнд холын Хавай, Флоридагийн дал модод найган сагсалзаж Мексик орох, за тэгээд Чили, Колумбаар аялж, болж өгвөл Маркесийнд зочлож очихсон гэх хүсэл төрнө. Би <<Зуун жилийн ганцаардал>> романыг Монгол хэл дээрээ уншсанаас хойш Габриель Гарсиа Маркес гэдэг энэ эрхэмээр жинхэнэ өвчлөж орхисон билээ.

Юм л бол тэднийд очиж байна гэж мөрөөднө. Габриель мөрөн дээр минь алгадаж,
- За хө Макондод тавтай морил. Би чамд үхрийн мах шүүстэй шарж өгье гэж хэлж байна гэж мөрөөднө.
Нэг удаа бүр түүнтэй Африкт ан хийж байна гэж зүүдэлсэн юм. Газарчин маань хэн байсан гээч Хэмингуэй байсан юм. Урьд нь би дандаа л түүнтэй явдаг байсан бол энэ удаа тэр газарч болжээ. Хэмингуэй урд өмнө нь зүүдэнд минь ирдэг байсан яг л тэр янзаараа, хөл нүцгэн, гагцхүү богино өмдтэйгээ бид хоёрын ард явж байлаа. Тэрээр өвчүүнийхээ өтгөн буурал үсийг шижгэнэтэл маажин,
- Та хоёрын ан хийх ч гэж дээ. Энэ зузаан ултай гутлын чинь пар пар гэсэн чимээнээр бүх ан үргээд явчихана даа гэж үглэж явлаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Бид гурав мод бутны мөчир гишүүг ихэд хянамгай сөхөн хичээнгүйлэн гэтэж явтал яг хажууханд ямар нэг тураг ан тургих сонсогдож гурвуул нэгэн зэрэг навтасхийв. Тэгээл өмнөх хадан дээгүүрээ өнгийтөл сүрэг янгир хотолчихсон ямарч ч сэжиг авсан шинжгүй налайж байх нь тэр. Сонин юмаар элбэг хорвоо ч гэлээ Африкт янгир байдаг чинь ёстой сонин юмаа гэж бодогдож байна. Урт шодон сахалтай буурал тэх алсыг харуулдан нэг өндөр хадан дээр хөшөө шиг зогсож байгаа нь яг кино зураглал шиг харагдав. Хэмингуэй араас мөлхөж ирснээ,
- За чи сайн хар. Тэр тэхний зүүн хаан дээр хэсэг цагаан үс байна уу үгүй юү. Уржнан миний дутуу буудаад хааг нь шархдуулаад алдсан тэх мөн шиг байх юм. Мөн ч хашир золиг доо гээд Маркест дурангаа өглөө. Маркес дурандаж харснаа,
- Хөөе тийм байна шүү дээ. Цагаан үстэй юм байна. Түүнийг буудах уу одоо ч нэг гэнэдээ бий вий чи гэв.
Хэмингуэй урт навчин тамхи тасдаж асааснаа,
- Хэрэггүй. Уржнан би одоогийхоосоо их гэнэн залуу, омголон ч байж сахалтыг буудах гэж тэнэглэсэн юм. Наадхыг чинь эндхийн анчид сахалт гэдэг байснаа тэр явдлаас хойш цагаан хаат гэдэгболсон юм. Энэ сүргийн эцэг, нэг ёсондоо энэ сүргийг авч яваа амьтан. Энийг нухчихвал сүрэг бүтнээрээ сүйрнэ. Наана нь арай бага шиг биетэй залуу тэх зогсож байна уу. Тэр чинь ирээдүйн сүргийн эзэн. Сахалт түүнд сүргээ хэрхэн аюулаас аврахыг, өнөр өтгөн болгохыг хөдөлгөөн бүрээрээ зааж өгдөг юм. Бүр ямар өвс ургамлыг хэдийд хэрхэн идэхийг, ямар уснаас яаж уухыг хүртэл зааж өгдөг гэж байгаа юм. Нүгэлтэй нарийн ухаан шүү. Тэгэхээр энэ хоёроос өөр л юм бууд гэж зөвлөв. Маркес ч түүнийг хүлээн зөвшөөрч өөр нэг хөгшивтөр тэх буудсан чинь эврийнх нь урт 1,5 метр хүрч бид гурав Африкийн ямар нэг омгийг бүжиг хийж, вискиг шилээр нь хөнтөрч байна гэж зүүдэлсэн юм.

Гэвч өнөөдөртөө зүүд болоод зөгнөл мөрөөдлөө түр хойш нь тавья. Би Хэмингуэйтэй хэзээ ч уулзаж байгаагүй шиг Маркестай ч уулзаж бараа дүрийг нь харж чадахгүй нь тодорхой.
Харин Колумба, Чили, Мексик, Хятад, Орос, Европ, Япон, Хавай, Галаспагос хийгээд Суматра арал намайг хүлээж байгаа нь бодитой бөгөөд миний тийшээ явах нь ч тийм хэцүү зүйл биш. Их аян зам бид хоёрыг одоо бол зөвхөн жоохоон цаг хугацаа л зааглаж байгаа гэж би бодож байлаа. Өнгөрсөн нэг сар хорь хоногт би Аргосыгоос ёстой л шоргоолж шиг зөөжээ. Нийтдээ арван зургаан мянга дөрвөн зуун доллар тэндээс <<суйлсны>> арван мянга нь яг бэлнээр халаасанд минь тэвхийж байлаа.
Тэнд бас хөгжилтэй хөгжилтэй үйл явдал их тохиолдноо. Нэг өдөр өөдөөс минь жигтэйхэн танил мөнгол хүн хүрээд ирлээ. Энэ чинь хэн билээ л гэж бодож амжаад тулаад ирэнгүүт нь <<сайн уу, хө>> гэсэн чинь хажуугаар жишим ч үгүй өнгөрөөд явчихлаа.
Их зантай туучий вэ? Чамтай яагаад ярьж болдоггүй юм гэж бодогдоод араас нь дагалаа. Эгдүү хүрээд байлаа. Эвтэйхэн шиг яриа өдөнгүүт хүний газар битгий хүйтэн царайлж бай. Тэртэй тэргүй данхар толгой, өргөн шанаа, жартгар нүдээ нууж чадахгүйгээс хойш муухай байдаг юм. Монгол чамаас ичнүү болохоос биш чам шиг тэнэмэл амьтан Монголоос ичнэ гэж байхгүй энэ тэр гээд жаал сургаал ч юм уу хэрүүл айлтгая гэхээс хэл ам загатнаад байсан хэрэг. Яг тэр яриагаа эхлэх эв нэг л таарч өгөхгүй байлаа. Тэр нөхөр хорин тавтын ширээн дээр ганцаархнаа суугаад дор нь гурван зуун доллар алдангуут гараа савчин хилэгнэж, хараал ч юм уу нэг юм үглэхэд нь л би сая мань хүний Солонгос хүн болохыг мэдэв. Тэр тун их хилэнтэй байгаа нь бүхийл үйл хөдлөлөөс нь мэдэгдэж байв. Түргэн түргэн алхаж явах зуураа хоёр ташаагаа зангидсан гараараа цохиж үе үе дороо дэвхрэх нь уураа дундаж байгаа бололтой. Тэгээд эргэж ч харалгүй гарч одов. Яах аргагүй л харсан хүн байсан даа гээд бодоод байсан чинь 675 дугаар замаар хойт зүг дахисаар очдог солонгос дэлгүүрийн эзэн яг мөөн.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.07 2:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Эндүүрч хөглөх шахсанаа, бас түүнийг гарах гээд явж байсныг бодохоор өөрийн эрхгүй инээд хүрнэ. Басхүү ямар сайн байхав дээ гэж бодохоор өрөвдөх ч шиг. Бас нэг солонгос эмэгтэй бий. Бид хоёр нэг ширээнд олонтаа таарч суугаад эчнээ танил болсон юм. Заримдаа мэндтэй устай явнаа, заримдаа ч юун мэндтэй манатай юм болно. Мань хүн ихээхэн мөнгөө алдчихсан үедээ үрчийж ярвайгаад дуугарах ч үгүй. Тэгж ярвайхаараа муухай болно гэж жигтэйхэн. Их сургуулийн оюутан ахуйд минь манай ангид Хандсүрэн гэж нэг охин байсан юм. Эхнэр маань ч түүнийг танина л даа. Солонгос эмэгтэй маань түүнтэй жигтэйхэн төстэй болохоор нь эхнэр бид хоёр хоорондоо түүнийг Хандаа гэж нэрлэдэгсэн. Гэхдээ Хандсүрэнгээ муухай гэж байгаа юм биш л дээ. Солонгос Хандаа маань хожилтой үедээ инээмсэглээд л мэндлээд л, бас бус юм шулганаад л тийм үедээ жинхэнэ Хандаатайгаа бүр ихэр юм шиг адилхан жигтэйхэн хөөрхөн харагддаг юм. Хожигдсон үедээ л базаахгүй дээ. Гэхдээ гангаан. Арван хуруугаа алийг нь гомдоохов гэсэн шиг бүгдэд нь үнэтэй үнэтэй чамин бөгж зүүсэн байдагсан. Лав л нэг удаа эхэр маань,
- Цаад Хандаагаа харав уу? Миний мянга гурван зуугаар авсан бөгж хамгийн жижиг нь юм байна гэж шивнэж байсан юм даг.
Тэгтэл Дэнсмаа гэж нэг хүүхэн бас бий. Мөн л солонгос хүн юм билээ. Манай авгайн хамаатан Дэнсмаатай усны дусал шиг адилхан. Тэгээд л Дэнсмаа нэр авсан хэрэг. Бас нэг дуугардаггүй эр бий. Ганц удаа ч болов үг хэлж байхыг нь сонсоогүй болохоороо би түүнийг япон солонгос, хятад алин болохыг нь мэдэж чадаагүй юм даг. Түүнд зүгээр л адуу гэж нэр өгсөн юм. Тэрээр диллерийн модоо хуваарилж байхыг хараад ялаарахсан адуу шиг л толгойгоо дохилзуулж суудаг болохоороо миний сэтгэлд ийм нэрээр хадагдчихсан хэрэгл дээ. Тэдэнд ийнхүү нэр өгтлөө дотносож байхыг бодоход ыи бас тэдэнд ийм л танил нь болсон байхдаа гэж бодогддог байлаа. Тэр гурав намайг казинод очих болгонд байж байдаг, явахад сууж л байдагсан. Хэдийд нь амардаг юм бүү мэд. Нэг удаа сонин юм боллоо. Тэр өдөр үдээс хойш Дэнсмаа бид хоёр нэг ширээнд таардаг юм. Диллер модоо хуваачихаад л хүн хүнээс нэмж мод авах эсэхийг нь асууж, тэд ч авах нь авч, авахгүй нь үгүй гэдгээ хэлж, дохиж зангах нь дохисоор Дэнсмаад туллаа. Тэр доош тонгой юм бодоод суучихаж. Диллер хоёр гурван удаа аядуухан асуулаа. Таг чиг. Сүүлдээ диллер эр нилээн чангаар <<хөөе нэмж авах уу, үгүй юү>> гээд хэлээд тавьчихсан чинь мань хүн бондгосхийтэл цочив. Тэгэхнээ нь тонгойгоод унтчихсан байгаа юм.
Ажаад байхад Америкчууд нэг их улайрч тоглохгүй. Зугаагаа гаргадаг ч юм уу яадаг юм хожвол хожоод хожигдвол хожигдчихоод яваад өгөх шиг санагддаг. Харин Азиуд бол тийм биш. Нэхэл хатуутай. Их муухайгаар зүйрлэх юм бол эдгэдэггүй яр шиг улайрч байх нь анзаарагддаг. Казинод ази хүмүүс ч их тоглох юм билээ. Миний учрыг нь огт олдоггүй хятад тоглоомын тусгай газрууд томоохон казинонуудад байдаг. Дотроо хятад хоолны булантай. Ер нь л нэг бичил Хятад ертөнц байдаг юм билээ. Би Аргосыд ирдэг эдгээр байнгын тоглогчдоос гадна диллерүүдийг нь ч зэгсэн сайн мэддэг болсон юм. Тэд ч бас өөр өөрийн монгол нэртэй болсон байв. Тэднийг би чичлүүр , бар, чоно, халзан, гоолингоо, цэцэгхэн, хөөрхий өвөө, хөөрхөн өвгөн, хэлмэгдсэн хүн, хун, согоо, бамбага алчуур гэх мэтээр нэрлэдэг байв.
Бумбайсан улаан хацартай яг л өвлийн өвгөн шиг өвгөнийг хөөрхөн өвгөн гэдэг бол, духныхаа хөлсийг ханцуйгаараа байнга л шударч байдаг нөгөө нэг өвгөнийг нь хөөрхий өвөө гэдэг байлаа. Бамбага бол ойлгомжтой, тийм нэг сэмж шиг шар хүүхэн байх. За алчуур бол ярих юм биш нэмираад л байх нь тэр дээ. Ягиа гэж бас нэг авгайг орхих гэж байна. Заримдаа хөзрөө тараах гол ажлаа мартчихсан л ярьж зогсдог юм. Чичлүүр донжтой, тип тап гээд хөлдөө мөрний хэмжээтэй зай авч сүр бадруулан тугны иш шиг зогсмогц хөзрөө хутга сугалж байх шиг тас няс дуугарган сугалаад л шидлээд л байх нь тэр. Хун, согоо хоёроос авсан хасаагаа зүрхэн талдаа халаасалчихаар, тэр ч байтугай тэр хоёрт хожигдсон ч гомдомгүй санагдана. Хунгийн хүд шиг хүдийг өнөө болтол би ямарч киноноос олж хараагүй л яваа билээ. Хэлмэгдсэн хүнтэй тоглоход өөрийн эрхгүй хойр хүрч эвшээмээр санагддаг бол, ээлж солигдоод бар, чоно хоёрын ирж байхыг хармагц босоод явчихмаар санагдана. Гоолингоо эвгүйхэн хөдөлчихвөл хугарчихмаар туялзаж, харин халзанг би даралтаа тогтмол үздэг л байгаа даа гэж дотроо санаа зовж суудагсан. Тэдэн дундаа цэцэгхэн сондгой. Түүнийг ийм газар гундааж байх ч гэж дээ гэж бодохоос л нөхөрт нь өөрийн эрхгүй уур хүрдэгсэн. Түүнтэй би олонтаа таарч тоглохдоо ганц ч удаа ямар нэг таагүй өө сэв олж үзээгүй юм. Ялдам хөөрхөн зантай. Хэзээ ямагт л инээмсэглэж байдаг, тэгээд онцгой зөөлөн гартай. Тэр нь казинодоо муугаар нөлөөлдөг л байсан байх. Намайг бол ямагт баярлуулж л байсан даа. Түүнийг таарах тэнцэх ажилд нь очуулж өгөөч гэж одоо ч гэлээ би бурхнаас гуйж залбираад л бичиж сууна. Тэгэхдээ эдгээр диллерүүд бүгдээрээ л надад ээлтэй байсан болохоор нь би ийнхүү дотор сэтгэлдээ тэдэнд нэр өгтлөө дотносож марталгүй санаж яваа хэрэг. Бусдыг нь бол алин цагийн мартчихжээ. Харин хэрээг бол мартахгүй л дээ, энэ тухай хойно өгүүлэе.
Майн камфф бол их энгийн төлөвлөгөө байсан юм. Тэнд би хоёр зуун тавин хоёр мянган долларыг арван хоёр сарын дотор олохоор сар өдрөөр нь төлөвлөсөн байв. Энэ төлөвлөгөөгөө хэрэгжмэгц хуримтлуулсан мөнгөөрөө бизнес эрхэлж, Монголдоо нэг Америкт нэг байшин аваад, хүүхдүүдээ нилээн сайн сургуулиудад нүүр бардам сургах төлбөрийг олохоор <<Нар>> төлөвлөгөөндөө тусгасан юм. Ийнхүү төлөвлөгөө зохиох явцад манан будан дунд сүүмэлзэх мэт тодорхойгүй байсан олон зүйл тодорч би явах замаа тун сайн харж байлаа. Энэ хоёр зуун тавин хоёр мянгын тавин хоёрыг нь л би Арглсыгоос авахаар тооцов. Нэгэнт арван мянгыг нь авчихсан болохоор нэмж дөчин хоёр мянгыг нь л Охойя гол дээрх энэ казиногоос авч үлдсэнийг нь хаанаас авахаа ч яг таг төлөвлөв. Түүнийг би манайхаас яг арван цагийн газарт байх Атлатик ситигийн казинонуудаас авахаар шийдсэн юм. Атлантик ситигийн мэдээллийг би интернетээс л авсан болохоор үнэндээ энэ хотыг ч казиног нь ч мэдэхгүй байв. Гэвч казино л бол казино. Би одоо казиногийн зарчмыг гадарладаг болжээ. Нэгээс нь авч болж байгаагаас хойш нөгөөгөөс нь авч л таарна гэдэгт би хатуу итгэсэн байлаа. Ингээд Аргосы руу би яг хоёр сар явсан юм. Майн камфф маань дайчин идэвхтэй хэрэгжиж байлаа. Заримдаа алднаа. Алдагдал ихэсмэгц би буудалд юм уу, машиндаа ороод унтчихдаг байв. Хоёроос таван цаг унтчихаад, сайн хооллож, аяга кофе ууж аваад эргээд л тэмцлийнхээ талбарт гарч ирнэ дээ. Хожлоо би гоол оруулах гэж нэрлэдэг байсан бөгөөд хэсэг зуур амарсаны дараа гоол ч нэн сайн ордог байв.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.07 12:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Зарим хүмүүс виски юм уу, цагаан архи, бүр пиво ч юм уу уучихвал мод сэргэдэг гэж ярьдаг. Харин би түүнд итгэдэггүй. Миний оюун санаа цэлмэг, бодол сэтгэл маань хэдий чинээ сэргэлэн цовоо байнав хожил надад төдий чинээ үйлчилнэ гэдэгт би огт эгэлздэггүй. Бусад хүмүүсийнхтэй харьцуулахад миний зарчим тэднээс огт өөр болох нь надад анзаарагддаг. Юуны өмнө би казинод зугаацахаар очоогүй. Яадаг бол гэсэн хий таамаг горьдлого тээж ч очоогүй. Тийм болохоор хоёр гурван зуун доллар хожоод хөөрч хөөцөлдөх, аль эсвэл алдчихаад тэр дор нь буцааж авах гэж улайрч шунахайрах сэтгэлгээ надад байсангүй. Өөрөөр хэлбэл өөрт минь тов тодорхой болчихсон төлөвлөгөөг л би дэс дараатай хэрэгжүүлж байлаа. Би тухайн өдрийнхөө төлөвлөгөөнөөс илүү мөнгө олох гэж мэрийдэггүй. Түүний оронд тархи мэдрэлээ өөр зүйлд зориулдаг, тухайлбал ном уншиж цэнэг авахыг илүүд үздэг байв. Өдөр бүрийн ажил маань мөнгө болж миний халаас руу ордоггүй байсан нь үнэн л дээ, зарим үед зэгсэн сайн алдчих тохиолдол ч гардаг. Ийм үед би өөртөө нэг шаардлага тавьдаг байлаа. Би нэг суурин дээр мянгаас илүүг алдах эрхийг өөртөө үлдээгээгүй юм. Алдагдал найм есөн зуу болоход л би босож сурлаа. Энэ дадлыг өөртөө бий болгоход тийм амар байгаагүй. Яг одоо, одоо л хожил ирэх гэж байна гэсэн мессеж тархи руу байнга мөнх цасны ус шиг урсаж ирнэ. Тэр бүрийд л <<худлаа, энэ бол шал худлаа мессеж>> гэж өөртөө хэлж сурлаа. Тэгээд л босож өрөөндөө орж номоо уншаад хэвтчихнэ. Цагийн дараа ч юм уу тайвширсан хойноо алдаа юунаас болов гэдгийг шүүн тунгаана. Би зориг алдав уу, эсвэл хэт эрдчихэв үү. Зүгээр л төөрөгдөл байж үү. эдгээрийн мөн чанарыг тунгааж, учрыг нь олохыг хичээдэг байлаа. Түүнээс биш тухайн үедээ арван долоон оноотой байснаас оноо дутав уу, арван тав дээр илүү аваад шатав уу гэдэг бол нэг их толгой зовоох асуудал биш. Тэр бол ердөө л сэтгэхүйд минь болж байгаа нууц тэмцлийн механик илрэл л юм. Ихэнх хүмүүс энэ хоёрын ялгаа заагийг мэдэлгүй алдаа хийж алдаа нь өсөж том алдагдал болмогц бачимдан сандарч ямар ч учраа олохоо больчих шиг санагддаг л даа.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.07 12:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Казино гэдэг аймшиг, хоосролыг үйлдвэрлэгч үү, аз жаргал эд баялагийг нэг хүнээс нөгөөд олгогч, цөхрөлтгүй ажиллагч хөдөлгүүр үү? Аль аль нь мөн гэдэгт би итгэсэн юм. Чи казинод <<би хоосорчих юм биш байгаа>> гэсэн айдас хүйдэс тээж орсон бол хоосорчихоод л гарна. Бас <<би мөнгө л олох ёстой>> хий мөрөөдөл муйхар зориг тээж тийшээ орсон бол тэр л мөрөөдөл муйхар зоригоосоо өөр юу ч үгүй л гарч ирнэ. Түүнчлэн <<зугаацана аа>> гэж орсон л бол нилээн их мөнгөөрөө зугаацчихаад л гарч ирнэ. Харин маш тодорхой төлөвлөгөөг шаргуу тэвчээртэй хэрэгжүүлж чадвал дээрх хүмүүсийн мөнгийг казино чамд авч өгнө. Тэгэхдээ яг л төлөвлөснийг чинь л өгнө. Түүнээс биш тодорхой зорилгогүй ямар ч төсөв казиногоос санхүүжилт олж чадахгүй гэдгийг би маш сайн ойлгосон юм.
Хоёр сарын дараа би Аргосыгоос тавин хоёр мянган доллараа авч гүйцээснээр миний төлөвлөгөөний эхний шат хэрэгжиж дуусав. Долоо хоног хүүхдүүдтэйгээ гэртээ сайхан амарлаа. Миний хийсэн тооцоо судалгаагаар бол далан мянган доллар зарцуулаад аятайхан тохилог, хэний ч сэтгэлд нийцэм, өөрөөр хэлбэл хүний анхаарлыг татаж чадахуйц хувцас засварын газар нээх бололцоо энэ үед нэгэнт бий болсон байв. Манайд байгаа мөнгө үүнд элбэг хүрч байсан төдийгүй, амьдран байгаа хотод маань энэ үйлчилгээ нэн хэрэгцээтэй байгааг ч би харж л байлаа. Гэсэн ч би нэг л яарахгүй байв. Ийм шалтгаан ч байсан хэрэг. Юуны өмнө төлөвлөгөө маань хэрэгжиж гүйцээгүй байлаа. Нөгөөтэйгүүр өөрөө сэтгээд хувцас засварлаж, эсгэж оёх чадвартай оёдолчноо би олоогүй байсан юм. Бас энэ ажлын менежмент сэтгэлд минь яг таг дурайтал буугаагүй байлаа. Энэ л хамгийн гол нь байв. Хүмүүс аятайхан тохилог газарт маань нэг хоёр удаа ирэх нь лав. Харин сэтгэл шингээгүй оёдол, засвар таалагдахгүй бол дахин шагайхгүй нь ойлгомжтой. Ингэхээр би далан мянган доллараа бас л нэг төрлийн казинод алдчихна гэсэн үг. Ийм л бодол тээсээр би Атлантик ситиг зорилоо доо. Зорьсон газраа оройхон ирж зочид буудалд захиалсан өрөөндөө хувцас хунараа оруулж тавьчихаад далай руу явлаа. Далай буудлаас маань тавь орчим метр зайд мяралзана. Далайн усаар зулайгаа норгоод эргэн харахад энэхүү мяралзсан далайн нэртэй сити улаан хөх ногооноор эрээлжлэн бас л нэг далай адил мяралзаж харагдана.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.19.07 6:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
Энэ бол мөнгөн хот, мөнгөний хот
Худгийнхаа онгоцон дотор ус ховоодож дүүргээд говийн ган их халуунд цээж толгойгоо шавшин сэрүүцэж онгоцныхоо тэрхүү усан дотор алаг чулуу хийгээд түүнийгээ уруулаараа чимхэн үмхэн тоглохдоо чихэнд минь ус орчих вий хэмээн болгоомжлон хоёр хуруугаараа чихээ бөглөж асан хүүхэд нас минь энэ их усыг зуудэлж чадах байсан гэж үү. хүний хувь тавилан сонин юм сайхан ч юм даа. Хэрвээ хүүхэд ахуй тэр үедээ
- Би том болоод Америк явна гэж хэлвэл хүмүүс яасан их айж балмагдаж сандрах байсан болоо.
- Миний хүү ийм цочир юмыг гадны хүний дэргэд ярьж болдоггүй юм шүү, аймгаас битүү машинтай хүмүүс ирээд бид хоёрыг барьж аваачаад шоронд хийчихнэ гэж өвөө маань захиж гуйх байсан нь дамжиггүй гэж бодохоос инээд хүрнэ.
Мөн ч хөгийн юмнаас айж бэмбэгнэдэг он цаг дундуур миний амьдарлын ид сайхан үе нь тэмтчиж өнгөрч дээ. Гэвч өнөөдөр бүх юм өөр болж, би энд далайтай хөөцөлдөн гүйж, харин говь нутаг минь байдаг л газраа цэнхэртэн бас нэг хүүхэд худгийнхаа онгоцон доторхи тором ховх сорчих усаар тоглон сэрүүцэж байгаа. Өөр ч олон юм манай говьд бий. Ботгоо голдог муухай ааштай ингэ байхад, ботгондоо амиа тавьдаг ингэ ч бий. Шар тэнгис, номхон далай дээгүүр нисэн очиж өмнөд солонгос, Японы сансарын багаж төхөөрөмжүүдийг гэмтээдэг увайгүй хүчирхэг шар тоос манай говиос л босдог. Хятадууд сөнөж байсан панда баавгайгаа аварч олшруулан дэлхий дахины хайртай амьтан болгож чадсан байхад түүнээс ер дутахгүй нэг хөөрхөн баавгай манай говьд мөхөж бий. Түүнийг Мазаалай гэдэг юм. Намайг бага байхад энд тэнд ганц нэг байна гэнэ гэж нутгийн ард түмэн чухам л сонин хачин болгон ярьдаг байсан тэр амьтны сураг одоо бүр сонсогдохоо больжээ. Тэгэхдээ төдийгөөс өдий болтол тэссэн юм чинь, хоёр жил, ердөө л хоёр жил тэсчихээсэй. Би мөнгөтэй болно, өөрийн бизнестэй болно. Тэнхээжээд ирмэгцээ нутагтаа очиж ховор ан амьтан нутагшуулан үржүүлэх газрыг Сэгс цагаан богдоос хойно байх Хуцан шандад байгуулах юмсан. Тэгээд мазаалайг байгалийнх нь амьдарлаар өсгөн олшруулж аврахсан хэмээн гэнэтхэн учиргүй мөрөөдөж ганихрав. Миний сэтгэлийн хөөрөл догдлолыг хуваалцаж аргадах мэт далай намуун мяралзана.
Орой нь бааранд тухалж хөгжим сонсож виски балгалаа. Шийдвэрлэх тулааныхаа босгонд тулаад ирчихсэн байна шүү дээ гэж бодсон хир нь би онцгой тайван өөртөө итгэлтэй байлаа. Хоёр гуравхан сарын өмнө надад огт хамаагүй надаас хол хөндий хир нь намайг тойрон хийсч байсан их мөнгө одоо минийх болчихсон мэт сэтгэл минь амгалан байлаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.08.07 2:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3631
Location: Өвөлд
ХОЁР

Тэнгэрийн тэртээх хээлэнд нэгэн од шиг зүйл гялтганана. Удаан тогтоож харвал эргэлдээд, анивчаад ч байх шиг. Тэр бол яавч од биш. Надаас сайндаа л хоёр гурван зуун метр зайд байгаа бололтой. Би түүнийг дагуулан нилээн харж байснаа зоосоо гарган зайлаад алган дээрээ тэнийлгэн сүм, уул хэмээн амандаа гүвтнэн уншиж байтал зоосны маань дээр гэнэт шар гэрэл мэлтэсхийв.
Хайдавын гэлэн чинь... гэж уулга алдаад цочин харвал мөнөөх тэнгэрт эргэлдээд байсан тэр зүйл л бололтой цайвар шар гэрэл гялалзуулсан жижигхэн зээрэнцэг алган дээгүүр минь нарнаас ойсон толины гэрэл аятай тогтворгүйтэн мэлтгэнэнэ. Энэ чинь нэг юм хэлээд байна гэдгийг би гэнэт ухаарч нүдээ хэсэг зуур аниад дахин нээвэл өнөө гэрэл бөмбөг ойж байх шиг л сүм, онгоц, арслан, чоно дөрвөн зоосон дээр гэрлээ тодосгон ойлгоод төгсгөлийн бумбан дээр очоод цэцгэн дээр далавчаа дэрвэгнүүлэн буух эрвээхэй шиг гэрэлээ ихэд түргэн жирвэлзүүлэн зөөлөн буулаа. Анх би түүнийг жижигхэн нисдэг таваг юм уу даа гэж харсан юм. Тэгэхнээ биш болоод явчихлаа. Харах тусам нэгэн төрөл бах мэлхий ч юм шиг, тэгснээ хэлбэр нь зугуухан хувираад заан шиг болоод ирэв. Хушуу нь унжаад бүр гарцаагүй заан боллоо. Би баруун гарынхаа эрхий долоовор хоёр хуруугаар өнөө жижиг зааныг чимхэж аваад нүдэндээ ойртуулан гайгүй сайн харав.
Үгүй ээ заан биш байна. Ердийн л нэг нисдэг таваг юм. Харин хоёр бөөр нь тэр чигээрээ алмаз гол хэсэг нь алт юм. Ердөө л алтан бүслүүртэй алмазан нисдэг таваг юм байна шүү дээ. Ийнхүү түүнийг сая нэг юм таньж нэр өгч суутал
- Эцгий чинь... Хоёр хурууг минь часхийтэл түлж би түүнийг алдтал доошоо уналгүй хажуу тийш дайвалзан огцом нисэж бумбан дээр тогтносноо нисдэг тэрэг аятай алгуурхан буулаа. Гарыг минь түлэх байх гэж бодоод би түүнийг дахин барьж үзье ч гэж бодсонгүй.
Зүгээр л энэ ер нь цаашаа яахнав гэсэн сониуч бодлоор харж байтал бумба зоосон дээр хоёр гурван удаа дэвхрэх шиг болсноо гялсхийн нисээд алга болов.
- Хөөе... хүүе... хүлээгээрэй.
Би түүнийг гүйцэх юм аятай хэсэг гүйгээд амьсгаа давчдан зогсов. Тэгтэл тэртээгээс хоёр морьтон айсуй. Би түүнийг хүлээн зогстол юү юүгүй тулаад ирлээ.
Энэ чинь юу вэ? Норжин гуай Лхагваа гуай хоёр байх чинь. Энэ хоёр чинь алин цагийн бурхан болчихсон шүү дээ. Ум маани бадма хум.
Тэр хоёр намайг хүний урманд тоож харсангүй. Хажуугаар минь зөөлөн алхуулан өнгөрөв. Норжин гуай Лхагваа гуайн өвөр рүү гараа шургуулчихсан инээд алдаж явна. Араас нь хартал <<Бурхан минь>> Норжин гуайн нэг хөл Лхагваа гуайн дөрөөнд, харин Лхагваа гуайн нэг хөл Норжин гуайн эмээлийн дөрөөнд явах юм.
Өнгөрөгч насандаа мөн ч эвтэй найртай явсан хоёр доо. Хойт насандаа ч цуг л яваа юм байна, умаа хум. Би ийнхүү тэр хоёрн араас харан маань гүвтнэж зогстол Лхагваа гуай хагас эргэн нэг их муухай хялайн харав. Тэгснээ эхнэрийнхээ бэлхүүсээр тэвэрсэн гараа улам лавшруулан найгасаар бараа тасрав. Лхагваа гуай яагаад над руу тэгж муухай харав аа. Би тэдэнд ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Хүүхэд шуухадыг нь дээрэлхэж энээ тэрээ болж яваагүй. Тэгсэн атал яагаад над руу тэгж...
- Байз... байз юү билээ. Нэг тийм явдал бий бил үү... Үгүй ээ тэр чинь эднийхэнтэй ямар ч холбоогүй хүн.
Үгүй тэр араас нь... Бас нэг явган бадарчин юүчив дээ.
Мөнөөх нөхөр сажилсаар ойртон ирсэн чинь ... Ишш чааваас даа. Хар нялхаасаа өвөр түрийдээ орж өссөн ганц муу найз минь.
- Чи бас үхчихсэн гэж үү? Хэдхэн хоногийн өмнө утсаар ярихад зүв зүгээр л инээд хөөр болоод байсан биз дээ.
Муу нөхрийн минь ам нь ангалзаад осолдохгүй юм хэлээд байна.
- Юу гэнээ, ер сонсогдохгүй байна.
Түүнийг хүзүүгээ сунгахаар нь би ч бас толгойгоо гилжийлгэн ойртуулав.
- Үхэх нь ээ.
- Өө лүд. Би чамд мөн олон хэлдэг дээ. Чи ингэж яваад нэг л өдөр осгож үхнэ шүү гэж. Өнөө Нараа хэдэн хүүхэд чинь сайн биз дээ.
- Үхэх нь ээ.
- Ёстой нэг тээгэлсэн амьтан юмаа чи. Намайг дагаад яв. Бааранд олон хүн бий. Битгий толгойгоо ганзгалаад бай. Ганц аяга виски авч өгөхөөс дөө. Юу гэнээ, тод хэлээч... Дийлэхгүй ээ... Тэгээд юу дийлэх юм... Юу... Смирнофоо... Хн үхэх гэж хэвтэж бас голох санаатай. Юү гэж хуруугаа гозойлгоод байгаа юм. Нэг шил гэж байгаа ухаантай юм уу. Горьдов оо бас... Толгой дохиж гэнэ. За явъя.
Би түрүүлэн алхсаар бааранд орж нэг ширээ сонгон суугаад эргэж хартал дагаж явсан нөхөр маань байдаггүй. Ингээд салгалаад тэнээд явчихдаг туучий шүү. Би түүнийг олохоор гүйж гарав. Хаана ч алга. Гүйсээр далайд туллаа. Далай руу орчихмооргүй юм даа. Тэр бид хоёр ямар сэлж чадах ч биш дээ. Буцаад алхтал өмнө минь эрээн алаг хот харгдав.


Top
   
PostPosted: Dec.08.09 10:50 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Мөнгөн хот...мөнгөний хотоо...би чамайг нүүлгэхээр ирлээ ээ ээ...

Гэнэтхэн говийн халуун салхи нүүр лүү үлээх шиг болж...
Энэ чинь юу болж байнаа. Хэсэг хуй салхи хөл дороос эргэлдэн боссоноо юу юугүй намайг хаман авч зогсч байсан газраас минь хөндийрүүлэн нисгэж эхлэв. Бурхан минь.. Күнфү болохгүй ээ.. Би Монгол хүн мөрөөрөө Монгол хэвээрээ баймаар байна. Худлаа... энэ чинь шал худлаа. Би нисээгүй...Зүгээр л нисэж байгаам шиг бодогдож байгаа юм. Яг одоо би туулж ирсэн амьдралаасаа нисэж байж л хүрхээр тийм өндөрлөгт очиход бэлэн болчихоод байна. Тэр сэтгэгдэл маань л намайг нисэж байна гэсэн хийсвэр үнэн рүү хөтөлж байгаа хэрэг. Түүнээс хүн зүв зүгээр байж байгаад гэнэтхэн шиснэ гэдэгт тэр болгон үлгэрт ч байдаггүй зүйл. ийнхүү би нисээгүй гэдэгтээ итгэх гэж зүтгэх тусам улам л өндрөө авч арслангийн толгой шиг зантгар цагаан үүл рүү авирсаар дээр нь гарч суув. Тэр үүл гялтганасан цагаан үртсээр бүтжээ. Түүнийг чимхээд авахад гарт бутарч , дорхноо хайлан усан дуслууд болж байлаа. Харин хараад суухад эхнэрийн маань хуруунууд байгаа мянга гурван зуун долларын үнэтэй бөгжний шигтгээ шиг шялтагнан нарны гэрлийг түг түмэн өнгөөр ойлгон.
энд нэг л ойлгомжгүй юм нуугдаад байна даа гэж бодож амжихтай яг зэрэгцэн <<Тэнгэр минь>> би гулгуур дээрээс гулган тоглож байгаа хүүхэд шиг л доошоо гулгаж яах ийхийн зуургүй үүлний ирмэг рүү нисэж , үүлнээс зууран автал хөвөн шиг хэсэгхэн үүл тасран гарт үлдэж би доошоо онгоцноос шидэгдсэн бөөн ачаа шиг л унав.
Бурхан минь бурхан минь одоо л та алгаа тосооч. Бүх юм аятай сайхан болхын босгон дээр ингэх гэж үү? Үгүй...үгүй...авраач...Будда...Есүс...Аллах...аль нь ч яахав. Ирээч...Авралын гэгээн алгаа тэнийлгээч. Гэвч ямар бурхан байгаад алгаа тэнийлгэнж амжихгүй тийм хурдаар би доошоо унаж явахдаа <<Ус , усан дээр л унахсан>> гэж залбираад нүдээ нээвэл лүглэгэр том хад дороос минь миний унаж байгаа тэр хурдаар урган өндөрсөж байлаа.
- Би ийм нүгэл хийгээгүй...Би ийм нүгэл хийгээгүй ээ...
Миний наманчилсан дуу нэг их хөндий хоолойгоор цуурайтан шингэрсээр замхрав. Харин би лүглэгэр хадан дээр бяц унахаасаа өмнөхөн хөвсгөр зөөлөн орон дотроо хөнжлөө зав тийрч сэрлээ. Хамаг бие усан хулгана болтлоо хөлөрч орны дэвсгэр даавуу чийг татжээ. Яаран босож цонхны хөшиг нээвэл аланнеон гэрэлд гадаах орчин өдөр шиг гэрэлтэж хүн амьтан цөөрсөн хэдий ч хөл хөдөлгөөн татраагүй байна. Цаг шөнийн гурав өнгөрч байлаа. Хөргөгчнөөс виски авч тавин грамм орчмыг хуурайгаар нь хүнтэрчихээд усанд орж аваад гарлаа. Далайн зүгээс сэрүүн салхи сэвэлзэж дотор сэтгэлийн минь баяуурлыг зугуухан тайлж тайвшруулж эхлэв.
Нүгэлтэй эвгүй зүүд юм даа. Юу гэсэн санаа вэ? Унана гэсэн үг үү? Унавзай гэсэн сануулга уу?
Найз маань чухам яагаад энэ шөнө үзэгдэж , хүссэн юмыг нь өгөхийн даваан дээр алга болчихов. Уг нь аяга архи балгаж аваад хөнжлөөр биеэ битүү ороон хөлрөхөө хүлээн байдгаараа өрвийчихсөн ёолж суудагсан. Тэр нэг л юм хэлэх гээд чадалгүй төөрөөд явчихлаа. Ер нь ямар нэгэн юм хэлэх гэсэн үгийг нь хэлүүлэлгүй төөрүүлчихлээ гэвэл илүү оновчтой ч юм уу. Бас тэр Лхагваа гуайн муухай хардаг нь юу гэсэн үг вэ? Зээрэнцгэн гэрэл сүм , онгоц , арслан , чоно дөрвөн зоосон дээр ойж байснаа бумба дээр буусан. Ийм дөрвөн хөлтэй бумба амжилтын зоос болох нь үү? Аль эсвэл ийм зоосноос болгоомжил гэсэн үг үү. Ёстой бүү мэд дээ. Шувтарсан цагаан бумба гэж ард дүмэн дэмий ч нэг яриагүй л байлтай. Гэхдээ энэ зүүдийг мартаж болохгүй. Алган дээр нь алтан шонхор буулаа гэж Хөхөчү мэргэн Чингис хааныг Алтан улс руу довтлохын өмнө зүүдэлдэг байхаа. Би Хөхөчү мэргэн биш нь үнэнч гэлээ , алган дээр минь алтан шонхор буугаагүй ч гэсэн энэ цаг үед минь яах аргагүй тохирсон зүүд юм даа гэх мэтийг эргэцүүлэн бодсоор яах аргагүй тохирсон зүүд юм даа гэх мэтийг эргэцүүлэн бодсоор гудамж уруудаж явснаа Таж Махал нэртэй дорно зүгийн хэлбэртэй байригдсан казино руу орж явчихлаа. Эртний Персийн хаадын ордон л ийм тансаг чамин байсан байх даа гэж бодогдов. Харин хүн сийрэг , хөл хөдөлгөөн бараг тасарч диллерүүд нь ширээнийхээ ард үүрэглэх нь халаг харагдана. Доод тал нь зуун доллараар мөрийцдөг танхим бүр ч хоосон . Нэгэн ширээний ард царайлаг залуухан гоолиг шар хүүхэн дөнгөж саяхан эвшээсэн бололтой нүдэнд нь тэр ширээ рүү зүглэсэнд хянагч нь компьютер дээрээ юуг ч юм хийж байснаа нааш эргэлээ.

_________________
Bittersweet, don`t forget me...


Last edited by sweetplum on Dec.10.09 10:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.12.09 12:04 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
- Өглөөний амрыг эрье
- Сайн. Та бүхэнд шинэ өдрийн мэнд хлргэе.
- Баярлалаа. Та тамхи татах уу?
- Түүнгүйгээр энэ сэргэлэн сайхан бүсгүйг хожино гэж та бодож байна уу?
Хянагч их л баясгалантайгаар уянгалуулан инээснээ ,
- Тамхи заримдаа эсрэг зүгт нь үйлчилдэг болохоор би таныг болгоомжлуулж байна л даа.
Энэ удаа гурвуул хөхрөлдөж би хоёр мянган доллар солиулж , бүсгүй хөзрөө хольж эхэллээ.
Зоосоо зайлж үзээгүй маань алдаа боллоо. Үгүй ээ наашаа орж ирсэн чинь ... Тэгээд энэ ширээнд суусан чинь алдаа юм. Одоо чи ихээр тавьбал алдаа чинь цаашаа л яваад байна гэсэн үг. Хүн саваагүйгээсээ л алдаа хийдэг. Ухаандаа хөлд нь суугаад л сагагнаас нь атгаж , улмаар гараа зугуухан дээшлүүлж , чичрээд хөх махыг нь илж , хааг нь гижигдэж тайвшруулаад , дэлнээс нь атгаж , тэгээд хүзүүдэж аваад амгайг нь үмхүүлж сургачихсан номхон морио шууд л хүзүүдээд авах гэсэн саваагүй бодлоосоо болж л үргээдэг. тэгээд морио үргээсэн өөрийнхөө саваагүй занд биш , харин үргэсэн мориндоо уурлаж цухалдаад ногт хазаараас эхлэн уурга бугуйлдаа хүрдэг. Зүгээр л очоод хөлд нь суухын орондийм балай юм хийдэг. хэрэв тэр морь жигшчихвэл уур уцаараа барсан өч төчнөөн ажлыг чи өөртөө ундруулна. Юм гэдэг ийм учир жанцангийн сүлжээтэй байдаг.
Дотор сэтгэлд минь нэгэн хүн энэ бүхнийг надад учирласаар байсан боловч диллерийг хөзрөө аольж дуусаад наашаа харахад нь би нэг тамхи асааж аваад хоёр мянган долларын хэсээгаа бүгдийг урагш түлхэв.
Надад эхлээд ес , дараа нь туг эргэлээ. Харин диллерт долоо гарчээ. Диллерийн эсрэг ганцаараа тоглоход модны багцаа илүү сайн мэдрэгдэх шиг анагддаг. Гэхдээ энэ удаад би цэвэр туршилт , надад тун ч ашиггүй байж болох туршилт хийсэн хэрэг. Бүр тодруулбал дэнсний алдаа гэсэн тал хоёр хөлөө зэрэг тавилаа л гэсэн үг. Ирсэн хоёр модны маань туг нь эхэндээ ес нь ардаа байсан бол надад их хөнгөн байх байв. Энэ гурван дунд талынх нь арав байх магадлал тун өндөр. Харин тэр арав диллерт очсон нь надад учирч байгаа хамгийн том сөрөг үзүүлэлт юм. Гэхдээ бас учир бий. Энэ гурван модыг дахиад жаахан эргэлдүүлээд үзэе. Хэрвэээ эхний ес диллерт очсон бол би арван долоотой . харин диллер арван нэгтэй болох магадлалтай. Энэ тохиолдолд миний хожигдох магдала тавин хувь илүү болох юм. Ингэхээр одоогийн нөхцөлд миний хожих магадлал юутай ч тавин хувьтай гэсэн үг. Сэтгэл түгших үндэслэл гэвэл ес маань урдаа орчихсонд л байгаа юм. Ингэхээр үүн дээр нэмж аз турших уу ? байх уу? гэдэг гол зүйл . Хэрвээ би бооцоогоо хоёр дахин өсгөвөл мэдээж нэг л хөзөр авах эрхтэй. Тэр маань зургаагаас доош тоо байвал хожигдоно гээд бодчиход нэг их хол зөрөхгүй. Дээш байвал эсрэг. Харин тав дахь хөзөр юу болоо. Би удаан бодож байгаад бооцоогоо өсгөхөөр шийдэж халааснаасааа мөнгөө авч байхдаа хурууны минь өндөгүүд чимчигнэж гар бадайран чичрэгнэхийг мэдрэв. Эн бол хамгийн осолтой мэдрэмж . Өрсөлдөгийнхөө өмнө арчаагүйтнэ гэдэг зуун хувь ялах итгэлийг эсрэг этгээдэд төрүүлж цагаан туг өргөсөнтэй адил үйлдэл. Нөгөө талаа сандарсан хүний оюун ухаан нүхээ олохгүй бачимдан гүйх тарвага шиг болж модноосоо төөрдөг. Би тамхий зориуд ажуухан сороод утаагнь цагираглуулан зугаацах дүр эсгэнгээ
- За хөлөг онгоц минь бүх дарвццлаа хийсгээд хүрээд ир дээ гэж хэлээд хоёр мчнган доллар гаргаж тавилаа.
Энэ бол ийм байдалд байгаа хэн бүхний хэлдэг үг , хийдэг л үйлдэл. Харни энэ удаа мөнгө тоолодоо диллерийн хуруунууд маш ялимгүй чичргэнэхийг би анзаарав. Тийм байна . Миний таамаг алдсангүй. Шинэхэн диллер байх нь ээ. Хянагч өөр юм хийвч нүднийхээ булангаар ширээрүү шугам татчихсан юм шиг л хялайж байгаа нь надад мэдрэгдээд л байлаа.

_________________
Bittersweet, don`t forget me...


Last edited by sweetplum on Dec.13.09 10:32 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.13.09 10:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Тэгнээ тэр ... Цэцгийн хатан инээд алдсаар гарч ирэв. Диллерийн долоогийн дор улаан байна гэдгийг би энэхүү хатнаар юмнүй таасан билээ. Үнэхээр дөрвөлжингийн ноён байв. Ийнхүү би мянгаар тоглосон бол дөрвөн удаа , таван зуугаар тоглосон бол найман удаа , зугаар тоглосон бол дөчин удаа наад зах нь бодох бодлогыг ганц бодчихоод бослоо ,
- Та сайн яваарай.
- Баярлалаа.
Би мөнгөө солиулж аваад шууд гарлаа. Гахай өдрийн үүр юу юугүй цайх дөхөж тэнгэрийн хаяа далай дээгүүр зураас татан цайвартана.
Болох нь ээ...Тиймээ болох нь . Атлантик сити надад мөнгө өгөх юм байна. Би нах гартал далайн эргийн сандал дннр сээлаа. Бодол лавширах тусам урам орж , би хэн нэгний мөнгийг бус харин өөрийнхөө хадгаламжнаас мөнгө авч үрж зарах юм шиг л сэтгэгдэл төрж байлаа.
За далан мянгыг зараад хувцас засварын газраа нээчихнэ. Энэ ч яахав бараг шийдэгдсэн асуудал .

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Dec.14.09 3:45 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Nov.30.09 10:34 pm
Posts: 55
Харахын тулд заавал нүдтэй байх албагүй /сургамжит өгүүллэг/
2009-08-15 08:05:16



Тэрээр гацаанд анх удаа ирж байгаа тул очоод газар мэдэхгүй ийш тийш харан зогсож байв. Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж байгаа жаалхүүгээс
- Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм л даа. Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хэлсэн юм.
Хүү машины цонхыг онгойлгон,
- Би ч гэсэн эндхийх биш л дээ. Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө хүн гайхан, хүүгээс яаж мэдсэнийг нь асуухад хүү инээмсэглэн,
- Далдуу модны анхилуун үнэрийг та үнэртэхгүй байна гэж үү ? Бас шувуудыг жиргээ тэр зүгээс сонсогдож байна гэв.
- Тиим л дээ, гэхдээ тэр анхилуун үнэр, шувуудын жиргээ цэцэрлэгээс бус, зүгээр нэг тэр хавьд ургасан ганц модноос үнэртэж байж болно шүү дээ!
- Ганц модноос ингэж үнэртэхгүй . Тэгээд ч замбага цэцэг бас үнэртэж байна. Та ч гэсэн сайн үзэх юм бол тэр зүгээс шинэхэн талхны үнэр ч бас ирж байна.
Нөгөө хүн нүдээ бага зэрэг анин сайтар үнэрлээд үнэхээр хүүгийн хэлсэнээр шинэхэн талхны үнэр үнэртэв. Тэгээд тэр хүүд баярласан талархсанаа илэрхийлэн мөнгөн дэвсгэрт гарган хүүд өгөхөөр сунгангаа жаал хүүгийн сохор болохыг анзаарчээ. Баярлаж талархсанаа илэрхийлж байсан хүний дуу гэнэт намжсанд хүү өөрийг нь сохор гэдгийг нөгөө хүн анзаарсныг мэдээд нүдээ нуун нөгөө тийш эргүүлэв. Тэгээд,
- Би гурван жилийн өмнө нэг осолд орсон юм. Дахин харахыг ямар их хүсдэг гээч ! Харин таны нүд эрүүл, та бүхнийг хардаг байх тийм үү ? Нөгөө хүн хүүгийн заасан зүг рүү явангаа,
- Харин одоо хардаг эсэхдээ итгэлтэй биш болчихлоо. Харин чамайг надаас илүү хардаг гэдэгт итгэлтэй байна гэжээ.


www.story.bblog.mn дээр зөндөө гое гое өгүүллэгүүд бна лээшд

_________________
http://www.endees.do.am/


Top
   
PostPosted: Dec.14.09 6:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Хоолны газар бол илүү хөрөнгө оруулалт шаардана , гэхдээ зуун мянган доллараар тохижуулж арван таваас хорин мянган долларын бэлэн мөнгөөр хангалт хийгдэх хоолны газар гэдэг өдөрт доод тал нь найман зуун долларын цэвэр ашиг гэсэн үг. Үүн дээр дөчин таван мянган долларын хөрөнгө оруулаад цэвэрлээгээний бизнес эрхэлхэд сар тутам хоёр мянган долларын цэвэр ашиг багаар бодоход орж ирнэ. Хувцас засварыг газраас шууд ашиг олно гэдэг бэрхшээлтйэ харин бодож төлөвлөсөн хэмжээндээ ажиллуулж чадвал жилийн дараагаас миний гол бизнес чухамдаа тэр л болно. Өндөр түвшинд ажилуулж чадвал хоолны газраас наад зах нь дөрөв дахин их ашгийг тэр л надад өгнө дөө. Яавандаа хоёр гурван шатахуун түгээгүүрийн газар худалдаж авах хэрэгтэй. Байрлал сайтай шатахуун түгээргүүрийн газрын өдрийн цэвэр ашиг мянга хоёр зуугаас мянга таван зуугийн хооронд эргэлдэнэ. За яахав тийм ашигтай нь олддоггүй юм гэхэд таван зуугаас найман зуугийн ашин өдөрт олохгүй байхдаа яадаг юм. Ямар нэгэн хурдны зам түшсэн түгээгүүрийн газрын хувьд энэ бол захын тоо. Энэ бүхнийг хэрэгжүүлсний дараа миний хувьд аж амьдралаа өөд татна гэдэг алга урвуулахын төдий зүйл арван сарын дараа эхнийхээ байшинг Охойяадаа авчихна. Охид эхнэртээ хүссэн машинийг нь авч өгөөд хоёр тэргээ өөрөө ээлжлээд уначихна. За тэгээд буян хийх ажилдаа орно доо. Юуны өмнө мазаалайг мөхөх аюулаас нь аварна . Хүссэн сургуульдаа сурч чадахгүй яв аа яадахдаа арван таван хүүхдийн сургалтын төлбөрийг нь төлөөд эх орондоо сургуульд сургачихвал түүн шиг буян гэж хаа байх вэ?. Цөлжиж багаа нутгийнхаа хэсэгхэн газрыг ч болов Баянбүрд болгоод ойтой ургамалтай болгочихвол хүн болгож өсгөсөнийх нь хариуд хүй дарсан нутагтаа үзүүлэх тус минь тэр улс орныхоо соёл урлагт ялангуяа хүрсэн өндөрлөгөөсөө арав гаран жил доошоо унаж байгаа сонгодог урлагт сэтгэл тавихсан. Бодол минь ийнхүү алд алдаар сунаж түүнийг минь атлантын далайн зөөлөн салхи нуруун дээрээ тээгээд эх газрыг гүн рүү тасралтгүй ниснэ. Өнөөдрийн хувьд боллоо. Одоо ирэх шар бар өдрийн цагийг тайван хүлээдэг хэрэг. Ингэж шийдээд би хоол идэхээр босч арын хөл хөдөлгөөнтэй гудамжинд байх Хуннань газрын амтат нугас гэсэн бараг байшингаасаа том хаягтай жижгэвтэр зоогийн газар орлоо. Эзэн нь бололтой намхан халзан хятад бөхөлзөж тохилзоод сүйд болж байна . Сүржин хаягных нь сүүдэрч байж чадамгүй хэтэрхий даржин амттай туранхай нугаснаас нь ядахдаа хоёр ч хазаж чадсангүй золтой л огичихсангүй. Гучин таван доллараа халзан хятад гэсэн жижигхэн казинод алдчихаад харамсан гарлаа. Харин замын эсрэг талын стейк хауст үнэхээр сайхан стейк гүнцэглээд дэлгүүр хэсэв. Одохондоо нээх их үрлэг гаргасаны хэрэггүй шүү гэж өөртөө захин захин байж мянга зургаан зуугаар нэг бөгж авч бас жаахан бодож байснаа өөрийгаа нэлээн жентельмен маягаар хувцаслаж орхив.

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Dec.15.09 5:00 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Ингэж хувцаслахад хоёр мянган доллар орчихлоо. Ингээд үүр цайхын өмнө олсон орлогоо үндсэндээ үрчихээд өрөөндөө ирэнгүүт Б. Клинтоны <<Миний амтдрал>> номыг уншаад хэвтчихлээ. Маргааш нь Нью-Йорк явж Манхеттэн , Бродвейгоор сэлгүүцэж ядартлаа тэнээд орой нь буудлынхаа усан санд цаг нөхцөөн алжаалаа тайлж аваад тайван сайхан унтлаа. Харин үхэр өдрийн шар нар шингэж өгөхгүй би далайн хөвөөнд өдөржин суув. Ойрхны наран шарлагын газар очдог байж гэж харамсан , тэгснээ за даа тэгж дэмий тэнээд ямар ашиг гарах бишд ээ гэж өөрийгөө хоргилон хориглон өдөржин суулаа. Хажуу талаар казинонууд өргөжин нүсэр нүсэр байрилгуудыг далайн тана руу нилээн гүн алхуулан барьж байхыг сонирхон харж суулаа. Өндөр өндөр бетонон баганан дээр сүндэрлэн босч байгаа казинонуудын шинэ өргөтгөл доор далайн хөөст давалгаа цахилан цахилан байна. Хойтон гэхэд далай дээр л тоглож суух юм байна даа гэсэн бодол төрнө. Гадуур ийнхүү сэлгүүцэн тэр өдрийн цэлмэг тэнгэрийг ажин сэтгэлээ ханаж , хужирхайгаа тэнийтэл амарч зугаалж аваад орой нь зоосоо зайлаад үзсэнд <<Бурхан минь>> миний зүүдэндээ үзсэн яг тэр зоос буудаг байна шүү. Сүм , онгоц , арслан , чоно дөрвөн цагаан хөлтэй цагаан бумба дээр буусан толгой зоосыг би гараа чичрэгнүүлэн удаан ажиглав. Өвөө минь байнга л
- Хүний зүүд гэдэг утга учиргүй зүйл огт биш. Сайн муу аль ч зүүдээ ялгаагүй марталгүй санаж байх хэрэгтэй. Ертөнц гэдэг тэн хэмжээгүй уудам юм. Тэр их уудам ертөнц дундуур хүний сүнс л аялан явж чадна. Сэрүүн ахуйд нь хүний сүнс эзнээ манаж байх учиртай. Харин униахлаар нь орчлон ертөнцийн гүнээр аялаж явдаг. Хүний сүнс ер нь их саваагүй зантай байдаг юм. Түүнд сонирхохгүй юм гэж үгүй. тэр л сониуч зандаа хөтлөгдөж орчлонгийн дуэдээр нисдэг. Харин тэр орчлон бол дэлхий биш , хэдэн сая живаа дэлхий , нар сарнй , орчил дундуур аялдаг юм шүү дээ. Ингэж явахдаа үзсэн харсныг нь бид зүүд гээд байгаа юм. Зарим сүнс үзсэн харсандаа цочирдоод буцаж эзнээ олохгүй төөрдөг. Тийм сүнсийг мухар эрэгт хашигдсан сүнс гэдэг юм. Ийм хашилганд орчихсон сүнсийг буцаан дуудаж ирэх замыг зааж өгдөг эзэн биед нь авчирдаг тусгай ном бас байдаг. Их эвгүй зүүд дахин дахин зүүдлэгдээд байвал өвөөдөө хэлж бай . Сүнс чинь чам руу ирж яваа олон муу юмтай учраад тийм юм ирж явна шүү гэж сануулаад байгаа хэрэг. Тэр ирж яваа юмнуудын зүг чигийг өөрчилдөг , буцаадаг ном ч байдаг юм. Өвөө нь түүнийг уншиж өгөмц гэж захидагсан. тэр бүрийд нь би инээгээд ,
- Хэрэв ээ би зүүдээрээ дандаа Москва руу явчихаад байдал яах вэ? гэж асуудагсан.

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
PostPosted: Dec.15.09 8:55 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.25.09 8:09 pm
Posts: 3476
Location: Түүнийхээ хажууд
Тэр тэнэг асуултынхаа хариуг ингэж л авч голдоо нүхтэй хүн гэдгээ ухаарах учиртай юм байж дээ. Өнөө ч миний мэдэхгүй үй түмэн асуулт хариулт энэ өрөөгөөр дүүрэн бужигнаж , гараад явмагц л намайг дагаад тойрон бужигнаж , хаана л явнав , эцэс төгсгөлгүй бужигнасаар л байх юм байна гэдэгт тэр орой эргэлзээгүй итгэвв өвөө минь ч , Норжин гуай Лхагваа гуай хоёрч , амьд сэрүүн шараа тайлсаар л яваа найз минь ч одоо энд надтай цуг байгаа юм байнав Муу найзыг минь шараа тайлж нэг сайхан хөлөрч аваад унтмагц л сүнс нь наашаа нисэн ирж тэдэнтэй нийлэээд намайг ялаасай гэж догдлон харж оюун санааг минь чадахын хирээр ивээн тэтгэж байдаг байх нь ээв Яг тийм байх нь . Би та нарынхаа хүсэж байгааг яв цав гүйцэтгэх болнов Ингэж бодуут сэтгэлд минь хуралдан байсан айдас , түгшүүр , ганцаардал сарнин одож би нандигнан авч явдаг сангийн бойпортоо арц уугиулан өөрийгөө өрөөгөө ариулаад хамгийн сүүлд авсан шинэ хувцсаараа гоёж , ханан толины өмнө хэдэнтээ эргэлдээд хуримын ёслолд оролцох гэж байгаа хүн шиг дэгжин амьтан казино руу уруудлаа.

_________________
Bittersweet, don`t forget me...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 76 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited