#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 10:38 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Oct.24.10 11:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу энэхүү сэдвийг нэгэн эрхэм гишүүний хүсэлтээр Буддын форумын гишүүд хамтран Буддын шашины Их Хутагт Хувилгаадын сургаль номлол мөн амьдралынх замналнаас сонирхолтой бас сургамжтай гайхалтай сайхан мэдээлэлийг бэлтгэн оруулах болно. Монголын минь түүхэнд гайхалтай чадалтай эрдэм мэдлэг өндөр маш олон Хувилгаад байсан бөлгөө Хутагт Хувилгаадын түүх нэн сонин бөлгөө
Эрхэм хүмүүн таны буяны цагаан зам далай шиг арвин оюуны мэлмий тань лянхуа цэцэг мэт бадамлан дэлгэрэх болтугай.

Бурхан дор мєргємv
Ном дор мєргємv
Бурсан хувраг дор мєргємv


Top
   
PostPosted: Oct.25.10 12:00 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13919
Location: above
ХУН ШУВУУ ХАЙРЛАСАН ХУВИЛГААН ТҮВДЭНДОВДОН


Арван баядын хошууны хувилгаан Түвшингийн Түвдэндовдонгийн тухай одоогийн Хяргас сумын ард олны дунд ийм нэгэн домог олон оны туршид яригдсаар иржээ.

Түүний эцэг Түвшингийнх Марцын голын эх, Булган уулын ард орших Дал хэмээх газар ядуугийн эрхээр нүүдэл суудалгүй амьдардаг, үр хүүхэдгүй айл байжээ. Түвшингийн гэрийн дэргэд байдаг тэрхүү голын цөөрөмд жил бүр хун шувуу ирж зусаад намар нь буцдаг байжээ. Нэгэн зун хун шувуудын нэгнийхэн нь хөл хугарч гэмтсэний улмаас ижлээ дагаж халуун орныг зорьж чадалгүй үлдсэн байна. Түвшин гэргийн хамт уг хунг осгож үхэх байх гэж ихэд сэтгэл зовдог байжээ.

Нутагт нь цас орж хүйтрэхийн хэрээр жижиг цөөрөм захаасаа зайрмагтан хөлдсөөр хун шувуу мөсөн дунд хавчигдан үхэх аюул нүүрлэхэд Түвшин хун шувууг гэртээ авч ирж, хугарсан хөлд нь боолт хийн, тариа будаагаар тэжээн дулаан гэртээ өвөлжүүлжээ.

Хун шувууны хугарсан хөл эдгэрч хавар болоход цагаан хун шувуу утаа тортогтой тас хар шувуу болсон байж. Урин дулаан цаг болж дулаан орныг зорьсон хунгийн цуваа уг цөөрөмд эргэж ирэхэд нь тэжээн тэнхрүүлсэн нөгөө хунгаа ижилд нь нийлүүлэн усанд тавьжээ. Ижилтэйгээ нийлсэн хун шувуу намар болж буцахдаа Түвшингийн гэрийг гурван удаа тойрч ганганан дуугараад гэр дээр нь нэг нялцгай улаан махтай төстэй юм унагаад явжээ. Түүнийг Түвшин гуай нандигнан боож, гэртээ шүтээн болгон тахиж аврал өршөөлөө түүнээс гуйжээ. Тэр намраа Түвшингийн гэргий хөл хүнд болж дараа жил нь хун шувуу цөөрөмдөө ирсэн байхад нь төржээ. Энэ хүүхэд нь Түвдэндовдон байсан бөгөөд тэнгэрийн шувуу Түвшинд хувилгаан нуган үр хайрлажээ.

Энэ цаг 1865 оны намрын дунд сарын шинийн 16 бөгөөд Булганхайрхан уулын өвөрт мэндэлсэн гэдэг. Тэднийх ядуу зүдүү амьдралын улмаас Булган хайрхан уулынхаа өвөр тал Далтын дэнж Төмөрчулуут, Харалжины дэнж даган жилийн 4 улирлыг авдаг байжээ.

Түвдэндовдон (түүний Довдон нэрийг нь олон түмэн хэлдэггүй байсан), бага насандаа буюу 1877 онд 12 настайгаасаа Дэжайлингийн хүрээнд шавилан сууж бурхны номыг заалган хичээнгүйлэн суралцаж улмаар эрдэм номын мөрийг хөөж жинчин дагаж (Утай гүмбэн) бурхны оронд 3 удаа явганаар бадарчлан, ном үзэж Энэтхэг түвдийн лам нартай ном хэлэлцэж номч мэргэн цолыг хүртэж ирснээс хойш түмэн амьтны тусын тулд эрдэм номдоо хичээнгүйлэн зүтгэж тарни бясалгалын нууц ухаанд шамдаж хээр гадаа даяанчлан явж ном бясалгалаа хийж, даяанчийн ёсоор хүнсэндээ улаан идээ(мах) хэрэглэхгүйгээр сүсэгтэн олныхоо өргөсөн цагаан идээнээс хооллох, домботой цайнаас нэг тагш уудаг түүнээс илүү хэрэглэдэггүй байсан гэдэг.

Тэрбээр Доргийн хулх, Марцын алтан тэвш гэх мэт газраар хонон өнжиж явж бясалгал хийж байгаад дараа нь Эхэн Богочийн хадан агуйд ирж сууршин номоо бясалгаж байсан бөгөөд түүний нэрээр “Даяанчийн агуй” хэмээн нэрлэсэн хадан агуй бий. Амьдралын хугацаанд номын мөр дагаж явсан хэдий боловч нутаг усаа магтан олон шүлэг залбирлыг зохион бичиж үлдээсэн бөгөөд 1910 онд Булган уулын энгэрт Мэгзэмийн сүм бариулж энэ сүм нь 1932 он хүртэл байж байгаад устгагдсан байна.

Түвдэндовдон нь өөрийн нутаг орноо магтан дуулсан шүлэг, тайлгын ерөөл,сан залбирал олныг бичиж түмэн олныхоо хүртээл болгожээ. Тэрбээр өөрийн бичсэн нэгэн шүлэгтээ:



... Хаанаас ч хараа булаах

хаан Булганхангай

Дүүрэн эрдэнэ агуулагч

хангай Борбургас

Тариалангийн шимээр

мөнхөд тэтгэгч Хангальцаг

Эрдэнэт шүтээн Алаг

Ашир уулс

Маш бадрангуй эрдэнэ

агуулагч Барзан уул

Модны шимээр мөнхөд

тэтгэгч хачиг Ханхөхий

Эрдэнийн дөрвөн буман хонины амтат бэлчээр Хуц уул ... гэж бичсэн байна.

Хожим хайгуулаар Хуц Барзан уул зэсийн хүдрийн их нөөцтэй, Бор бургасан нь алт, анар эрдэнийн нөөцтэй болох нь тогтоогджээ. Ийнхүү нутаг усандаа байгаа байгалийн баялгийг хүртэл урьдчилан мэдэж өөрийн бүтээлдээ тэмдэглэж байсан байна.

Шашин номынхоо цэвэр ариун байдлыг ямагт эрхэмлэн хайрлан хүндэтгэж явсны нэгэн баримт гэвэл Баруун Монголд худалдаачны дүрээр амьдарч Монголын хувьсгалд биеэрээ оролцож байсан “Элэксээ орос” гэж алдаршсан Алексей Бурдуков “ Хуучин ба шинэ Монгол” номдоо “ Нутагтаа Даяанч лам гэж алдаршсан баядын нэгэн ядуу лам хувсгалын эсэргүү гэгдэж байсан Дамбийжанцанг илэрхий эсэргүүцэж түүнд баригдан шийтгүүлж байсан хийгээд, түүнийг “Номун хан” гэж нэрлэхгүй “Шаарах” гэж нэрлэж бай гэсэн гэдэг” гэжээ.

Даяанчийн айлдсанаар Дамбийжанцанг “Шаарах” гэж олон түмэн нэрийдэж түүний хийлгэсэн хиймэл нуурыг “Шаарахын нуур” хэмээн нэрлэж болжээ. Ингэж муу муухайг жигшин үзэж, шашныхаа бурхан номыг дээдлэн ариун нандинд эрхэмлэж явсан тэр алдарт даяанчийг 1937 онд баривчлан хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна.


Top
   
PostPosted: Oct.25.10 2:48 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image


Чойрын Хийдийн Гэгээтэн Зава Дамдин (1867-1937)



Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ. Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. Зава Дамдин ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан. Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм. Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ. 1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв. Жишээлбэл нэг удаа 1920 оод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад "Өнөөдөр холын хүн ирэх нь домботой цайгаа халуун байлгаж бай" гэж хэлжээ. Тэрний хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг.Зава Дамдин гэгээтэний хойд дүр болох Лувсандаржаа гэгээтэн бий бөгөөд Одоо Дэлгэрийн Чойрын хийдийг 2005 оноос сэргээн босгосон билээ
Одоо багштан Нямба-д сууж буй.
Дэлгэрийн Чойрын хийдийн түүх нэн сонин гайхалтай бөгөөд Тэртээх 1918 онд тухайн үеийн гүн ухаантан, эрдэм төгөлдөр Зава Дамдин нь одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт уулын энгэрт Дэлгэрийн чойрын хийдийг нүүлгэн байгуулсан гэдэг. Уг хийдийн үйл ажиллагаанд баримтлах жаяг, дэгээс харахад \Анхлан Зава Дамдин түвд хэлээр туурвиж, улмаар хуучин монгол бичигт хөрвүүлэгдсэн\ тухайн үедээ нилээд утга төгөлдөр, цогц, Бурханы шашны винайн ёс, аливаа зан үйл, уламжлалд яв цав нийцүүлсэн байдаг нь Зава Дамдины эрдэм оюунтай шууд холбоотой гэж үздэг. Тэрбээр буддын гүн ухааны таван ботийг нарийн судалснаас гадна яруу найраг, зурхайн ухаан, дуун ухаан, анагаах ухааны өргөн мэдлэгтэй хүн байсан аж.
Дэлгэрийн чойрын хийд ид цэцэглэн хөгжиж байх үе буюу 1930-аад оны эхээр тэнд 500-600 лам шавилан сууж, их бага арван ухаанд шамдаж байсан тухай судлаачдын дурдсан байгаагаас үзэхүл хүн ам цөөтэй байсан тэр үед Дайчинбээсийн хошууны эрдэм, соёлын цогцолбор төв байсныг гэрчилнэ




Image

Зава Дамдин хэмээн алдаршсан Халхын Их Хүрээний номч гавж Лувсандамдины /1867-1937/
бүтээн туурвисан “Хорчойнжүн” буюу “Хойт зүгийн монголын оронд Бурханы номын ёсон гарсан домог өлзийт номын лавайн яруу дуун” хэмээх түүхийн зохиол, түүний тайлбар “Алтан дэвтэр”-т өгүүлсэн зарим түүхийн эх сурвалжууд


Зава Дамдин гавж”Алтан дэвтэр”зохиолдоо дурдсан байдаг. XIV-р зууны үед Хувилай сэцэн хаан. Буянт хаан. Хайсан Хүлэг хаад Буддын шашинтай байж. Чойжи-рдсэр бандида Шивалха гэгээний “Жонжүг зава” “Бодь садын явдалд орхуй” хэмээх шастирийг Монгол хэлээр байснаас үзэхэд Буддын гүн ухааныг үзэж судалж байсан нь тодорхой байна. Монголын Буянт хааны үед Төвдийн Нартан хийдийн Чим Жамьян Монголд залагдаж байгаад буцахдаа сайн чанарын бэх бусад хэрэглэл зүйлийг аваачиж Нартан хийддээ Ганжуур. Данжуурыг хэвлүүлсэн нь Нартан Ганжуур гэж алдаршсан юм. XVI-р зууны эхээр Нэйж тойн Төвдөд сургууль хийгээд иргэж Монгол нутагтаа ирээд өвөр Монголын олон хошуудад сүм хийд байгуулж номлол бүтээлийг аривжуулж байжээ. Ойрдын Зая бандида Намхайжамц. Галдан бошигт хаан нар баруун Монголд Богд Зонхавын шашны сүм хийдийг олныг байгуулж өгөлгийн эзэн болж байв. Буриадын Зая бандида Дамбадаржаа Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд сууж цанид чойрын гүн ухааны номонд сайжирч нутагтаа ирээд сүм хийд хурал ном гаргаж байжээ.Чингис хааны алтан ургын Автай сайн хааны ач хүү Түшээт хан Гомбодоржийн гэрт мэндэлсэн Анхдугаар богд Лувсандамбийжалцан /Занабазар 1635-1723/ арван таван сүүдэртэйдээ Цаст Төвдийн орны Лхас. Дашлхүмбэ хийдэд сууж судар тарний гүн ухаанд суралцсан юм.V Далай лам Агваанлувсанжамц. Банчин богд Лувсанчойжижалцан нарыг шүтэж Монгол газар хуваргын чуулган байгуулах зарлиг зөвөлгөөг авч байжээ. Өндөр гэгээн Монголд ирсэн хойноо 1654 онд Хэнтий нуруунд Их хүрээг /Сарьдагийн хийд/үндэслэн байгуулж хурал ном номлол хэлцэлийг тогтоосон юм. Өндөр гэгээний үед Монголын алдартай хутагт хувилгаадуудын анхны дүр болох Ламын гэгээн Лувсанданзанжанцан. Зая бандида Лувсанпрэнлэй. Дарва бандида Содвожамц нар нь Өндөр гэгээний айлдвар зарилгийн дагуу Төвдийн гүн ухааны хийдүүдэд сууж гүн ухаан судалж гэвш лхаарамба болцгоож байсан түүхтэй. Монголын Төр шашны түүхийн сурвалж бичгүүдийн нэг “Хорчойнжүн”, Сэцэн ханы Нанзад аграмбын “Данзий” тэргүүтэн зохиолуудад Халхын анхны буддын гүн ухааны их сургуулыг Төмөр хонин жил /1751/ Сэцэн ханы хүрээнд Өөлдийн Тавхайрэнчин байгуулсан гэж тэмдгэлсэн байдаг. Энд дурдагдаж буй Тавхайрэнчин нь Өөлдийн нутагт төрж өсөөд бага үалуу насандаа номын авьяас нь сэргэж Төвд оронд очиж Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд цанид чойрын гүн ухааны номонд суралцаж Чойрын 5 Ботийг сайтар судлаад дамжаа барьж сайн гэвш болж байсан. Тэр үеийн Далай лам.Банчин богд зэрэг ихэс дээдэс лам нараас зарлиг ном олныг сонсож нэгэн дацангийн Хамбаар томилдог байжээ. Төвдөөс нутагтаа ирээд Өөлд жунгарын гол хийдийн цорж болж тэндхийн лам нарт гүн ухааний номоо айлддаг байж. Тэр үед Халх, Өөлдийн дайн самуун дэгдэж нэг удаа Халхын цэргүүд Өөлдийн хийдүүдийг тонон дээрэмдэж сүйтгэн цорж лам зэрэг олон хүмүүсийг барьж олзолжээ. Цорж ламыг Халхын зүүн Сэцэн ханы айлын зарц болгож хонь хариулгаж байв. Орой айлын хонь хурга нийлэж шуугилдах үед их уйлдаг байсан ламыг харсан гэрийн эзэн та яагаад хонь нийлхэд уйлдаг юм бэ? Гэж асуухад урьд Төвдөд залуу насандаа ном үзэж байхад чойрын дацанд олон лам нар ном хэлцэж шуугидаг байсныг санаад уйлдаг юм гэжээ. Энэ яриа явсаар байгаад Сэцэн ханы хошуу ноёны сонорт хүрч. Сайн лам болохыг мэдэцгээж хийддээ урьж гүн ухааны их дацанг эхлэн байгуулсан гэдэг түүхтэй юм Өдгөө Монголд буддын гүн ухааны чойрын дацан нь Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдэд орших /Дашчойнпэл/ Идгаачойлэн/ Гунгаачойлон/ гэх зэрэг дацангууд хурал ном ба тус тусын хичээл сургалтыг идэвхтэй явуулаж байгаа. Тус дацангууд болон хөдөө орон нутагаас Энэтхэг улсад 1990 оноос хойш Буддын гүн ухаан их сургууль хэмээн алдаршсан /Дрэйпүн /Гандан /Сэра хэмээх сургуульд хэдэн арван залуу лам нар гүн ухааны номонд хичээл зүтгэл гарган суралцаж байгаа.


Last edited by 2003-06-06 on Jun.26.11 6:54 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.08.10 11:49 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Би энэ түүх намтрыг мэддэг боловч найруулага энэ тэрий нь чадахгүй хэсэг удав.Уг түүх маань жинхэнэ болсон явдал бөгөөд түүнийг Ш.Сүрэнжав гуай "Хэрлэнгийн барьяа" хэмээх роман туурьдаа найруулан бичсэнийг хэсэгчлэн оруулав.

Жамц маарамба хэмээх лам. Урьд цагт маарамба, оточ нар олон түүн дотроос нь шалгаж шалгаруулан хааны оточ, маарамба болгож байсан байна.
Жамц маарамбыг Эрдэнэ Дүүргэгч вангийнхаас авчруулаад, Голын ногоон сүмийн зүүн талд орших давхарлаг ордны хажууд барьсан бүрэн хэрэглэлтэй гэрт оруулжээ. Цай идээ барьсан хойно тооноор нь нарийхан утас оруулж ирээд.
- Дээрхийн лагшин энэ хэр чи
лүүр байна. Дараа таныг бараалхуулна. Та энэ утсаар дамжуулан судсыг нь барьж хайрлана уу гэж дэргэдийн лам зулгуй янзтай хэлээд үл мэдэг жуумалзан утасны үзүүрийг Жамцад бариулжээ. Хурууны үзүүрээр хэдэнтээ тэмтрэн барьж үзээд.
- Аа би ч энэнийг мэдэхгүй юм байна гэж хэлээд утсыг тавьж аягатай цайнаасаа оочилж суув.
Маргааш нь мөн нөгөө утасны үзүүрийг ахин тооноор нь оруулж ирээд.
Таныг ямар ч атугай өөрийнхөө юу мэдсэнийг хэл гэж Дээд ламтан айлдсан шүү хэмээн тулгаж хэлээд утсыг гарт бариуллаа. Жамц оточ баруун гарынхаа хурууны өндгөөр хэдэнтээ имэрч үзээд
- Дээрхийн Гэгээнтэн хувилгаан хүн болохоороо ямар ч амьтны биед оршиж болох юм даа.Надад бол нэг жигүүртний сарвуу л баригдаад байна гэхэд.Дэргэдийн лам тэсгэлгүй инээд алдчихажээ тэгээд төдөлгүй эргэж ирээд.
- Таныг Богд ламтан өргөөндөө бараалхуул гэж айлдсан гээд дагуулаад явлаа.Гэрийн зүүн этгээдэд орших давхарлаг байшинд ороод хэд хэдэн өрөө дамжсаны сүүлд.
- За за түрүүлээд ор гэж дэргэдийн лам шивнэхэд Жамц оточ бараг өөрөө онгойх шахуу шилэн хаалгыг аярхан түлхэж орвол хүрэн суман модоор маш нарийн сийлбэр гаргаж урлсан лаврин дээр хүрэн тэрмэн дээл нөмөрсөн Богд сууж байв мөн цаахан талд нь зэргэлдээ орших орон дээр Цагаан дар хоргой торгон уужтай сууж байх бөгөөд өглөө бүхэн залбирдаг Цагаан дар эхийн хөргөөс ч дутамгүй Жамцад санагдах агшина Богдод сөгдөн мутрын адис хүртлээ. Тэгтэл нэгэн амьтан хажууд нь ирэх шиг болоод хальт мулт хүний хэлээр.
- Чи муу. би сайн гэж өгүүлэхэд нь гайхан харвал нэгэн тоть агаад түүний сарвуунаас мөнөөхөн Жамцад бариулсан утасны нэгэн үзүүрийг уясан ажгуу.
Цагаан дар тэргүүтэн ордныхон хөхин инээлдэж Жамц ч мөн гайхшран дэмий л инээмсгэлэжээ.
Жамц оточийн Богдын ордонд ойртон шадарлаж сорилыг давсны нэгэн намтар энэ буюу. Хойшоо үүнээс сонирхолтойг бичих болно.


Top
   
PostPosted: Dec.19.10 6:22 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Баянгийн хар талын урд үзүүрт дөтөлж явтал тэдний замыг огтлон гарсан цагрийг үзээд, Жамц маарамба хөсгийг зогсоолоо. Жамц маарамба хуучин заншлаар хормой дэвсэн явган сууж морь харах зуур нөгөө царги дээрх цасанд долоовор хуруугаа дүрж амтлан тамшаалаад
- Юу вэ та минь, энэ чинь амьд хүний халуун цус дуссан байх чинь. Алив та нар энэ царгийг дагаад хажуу тийшээ явцгаа гэж хэлсэнд хөсөг замаасаа гажин баруун тийш чиглэлээ. Саахалт хэрийн газар яваад нэгэн багавтар хонхор луу өнгийтөл саяхан нутаглуулсан хүний шарил дээр орчихов. Бөөгийн мөргөлийн ул үндэс хараахан арилаагүйн нэгэн тэмдэг болон хээр хөдөө ил тавьдаг тэр цагийн заншлаар цагаан даавуунд ороож битүүлээд толгойн тус газар маанийн үсэгтэй ёдор хэмээх пайлуур босгож тавьсан тэр газар, сангийн утааны үнэр ч сайн сарниагүй байгаа нь тун саяхан хөдөөлсний шинж авай. Маарамбын айлдвараар түүн дээр яаравчлан майхан босгож, гурван чулуун дунд гал өрдөн дулаацууллаа. Жамц маарамба манхагтай эмэн дотроосоо хэсэг нямбайлан боосон юм гаргаж, нэгний нь дотроос хатгуурын мөнгөн зүү тэвнэ мэт зүйлийг гарган галд улайтгаж эхлэв. Тэгснээ
- Алив Дэндэв чи энэ эндсэн хүний ороолтыг задлаатах гэсэнд тэр цагт үхсэнээсээ эмээх сэтгэл хэн бүхэнд байсны тул амаа өмөлзүүлэн тарни шивнэж, нөгөөх хүнийг ил гаргасанд тулгар биетэй жирэмсэн эмэгтэй болох нь танигдав. Жамц маарамба тэрхүү цогцсыг хавирган тус газар нь сайтар тэмтрэн шинжиж байснаа.
- Улайтгасан зүү бушуухан аваад ир гэснээр хэн нэг нь зүүний бариулыг гарт нь атгуулав. Хавиргыг нь тоолж байснаа гэнэт нөгөө зүүгээрээ завсрыг нь чиглүүлэн хатгасанд мөнөөх амьгүй цогцос гэнэт хэг гэж дуу алдсанд бүгд цочицгоож зарим нь бурхан сахиусаа дуудан уулгалжээ. Төдөлгүй нөгөө цогцос мэдээ орон хөдөлж яраглаж байсаар хүүхэд нь гарсанд бүгд айх гайхах, сэжиглэх сүжиглэх зэрэгцэн часхийн орилж байгаа нярай амьтныг хөдсөн дээлэнд тосож авцгаав. Жамц өөрөө эхэсий нь гардан эх барьж аваад тэрхүү үхсэнээс сэрсэн нялх биетэй бүсгүйд хонины шингэн шөл оочуулж бүлээн цай балгуулан эм засал хийжээ. Тийнхүү нэг хоног өнгөрөөгөөд маргааш нь нөгөө бүсгүйн ухаан мэрэл тэгширч юм ярихтай болсны хойно гэр орныг нь заалгаж аваад.
- За Дэндэв чи түрүүлж очоод хэл залгуулж бай Богдын оточ танай үхсэн хүнийг сэхээгээд ирж явна. Айх сандрах юмгүй угтаж ав гэж хэл. Тэгэхгүй бол буг чөтгөр үхэр мүхээр дурсаж нүүж дүрвэхэд хүрнэ. Манайхан ер нь энэ мунхаг суртлаасаа хэзээ ангижрах улс юм бол гэж бухимдангуй өгүүлжээ. Хэл мэдээ сонссон хот айлынхан Жамц маарамбыг бараг л амьд бурхан биеэрээ заларснаас өөрцгүй хөл болон угтацгаав. - Хүүхдийн угаалга хийж нэр өгүүлж байж явуулна гэж нэг өдөр саатуулжээ. Ууц идээ тавьж үүцээ задлан мах чанаж, айраг архи сөгнөн бараг найр цэнгэл үүсгэлээ. Саяхан уй гашуу дарж байсан хот айлд одоо үхсэнийг сэхээсний баяр, үр нэмсэний баяр хөөр оргилж, энэ бүхнийг илтгэх мэт хэдэн гэрийн тооноор цэнхэр утаа эгц дээшээ савсан бургилж байв.
- Та нар чинь амьд хүнийг хөдөөлүүлдэг болоо юу? яасан Монголоо алдсан улс вэ гэж Жамц маарамбын анхлан хилэгнэхэд дэмий л наманчлан бөхөлзөж.
- Мунхаг мулгуу биднийгээ өршөө. Нэгэнт ухаан тавтихтай нь зэрэг л Самбуу дөвчинд хэлсэн чинь муу юмны хорлол болж шарилы нь одоохон холдуул гэж айлдсан юм. Тэгээд л ийм юм болчихлоо гэж уйлагнаж байсан Ваанжил өвгөн, одоо тэр бүхнээ мартан тайтгарсан янзтай Маарамбад дөхөж сууж, өвдөгнөөс нь адис аваад.
- Та цааргалахгүй бол яаж энэ бүсгүйг амь оруулснаа мулгуу шавь бидэндээ хэлж айлдахгүй юу гэсэнд Жамц маарамба
- Нөгөө хүүг аваад ир гэсэнд өлгийтэй хүүг гар дээр нь тавилаа. Хүүхдийн нялзрай мөгөөрсөн хуруунудыг тэнийлгэн эрхий хуруугий нь Ваанжид өвгөнд харуулаад,
- Энд юу байна гэлээ
Ваанжил өвгөн гайгүй шагайн харснаа тэмтэрч үзээд
- За нэг улаан мэнгэ шиг юм өндгөн дээр нь байна гэсэнд Жамц маарамба
- За тэр чинь энэ дээ хүүхэд нь эхийнхээ голыг зуурад атгачихжээ тэгэхээр гол нь тасрах гэж байгаа юм шиг болоод ухаан алдчихсан байна. Би хавиргыг нь тэмтэрч байгаад хүүхдийн эрхийг онолдуулан зүүгээр хатгасан юм. Тэгэхээр юуны нь мэнгэ байхав. Миний хатгасан ормоор улайчихсан нь энэ гэж хүүхдийн гарыг өргөн хуруугий нь нарны гэрэлд барьж харуулсанд гэрт байгсад бишрэн сүслэн дуу алдаж
- Үгүй ер эгэл бидний ухаанд л лав оршгүй юм байна. Оточ хүн оройдоо нүдтэй гэдэг л энэ байх гэлцэн шуугицгаажээ.


Top
   
PostPosted: Dec.22.10 6:08 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Говийн Ноён хутагт Данзанравжаа


Дулдуйтын Равжаа буюу Ноён хутагт Данзанравжаа нь Сайшаалт ерөөлт хааны 8-р он буюу Харагчин гахай жил (1803 онд) Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутагт (одоогийн Дорноговь аймаг) мэндэлжээ. Төрсөн газрыг нь товч намтарт бичихдээ: “Дулаан харын баруун өмнө, Нарийн хараас эгц өмнө, Дэнгийн худгийн хойно Шувуун хэмээх өчүүхэн шандын дэргэд ажээ”. Энэ нь одоогийн Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумын зааг бөгөөд зохиолчын мэндэлсний 185 жилийн ойд зориулан дурсгалын багана босгожээ. Бага балчир наснаасаа ядуу зүдүү, өнчрөл хагацлын зовлонг амсаж эцгээ дагаж гуйлга гуйж, хар овоохойд хоноглож шар нар, бор хоногийг өнгөрөөж явжээ.

Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан лам Ишдонилхүндэвээс сахил хүртсэн. Долоо найман настайгаасаа шүлэг дуу зохиож эхэлсэн бөгөөд ямар нэг ахуй үесэд тохируулан 50 шахам дуу, 30 гаран гүрийг (шүлэг) айлдан зохиожээ. Цовоо сэргэлэн, сод ухаантай, авьяаслэг хүүхэд байсан учир олонд алдаршиж, тэдний хүндэтгэл итгэл бишрэлийг хүлээж удалгүй говийн Ноён хутагтын V дүрээр хагас нууц байдлаар өргөмжлөгджээ. Учир нь IV ноён хутагт Жамъян-Ойдовжамцыг хүн амины хэрэгт хэлсдүүлэн Бээжинд аваачин хоригдож байгаад нас баржээ. Манжийн хаан дараах дүрийг тодруулахыг хэрэгсэхгүй болгожээ. (Галдан, Эрдэнийн эрих, 47-р тал. 1960 УБ) Иймээс тэр нутгийн эрдэмтэй лам Наваан аграмба цоржийн хувилгаан хэмээн хагас нууцаар өргөмжилсөн түүхтэй байна. Ийнхүү гуйлгачин ядуу хүү гэнэт хутагтын өндөр сууринд залрах болсон нь түүний амьдрал ахуй, үзэл санаанд ихээхэн өөрчлөлт оруулсан бөгөөд ихэс дээдэс ч төдийлөн таашаалтай хүлээж аваагүй байна.

Арван хэдэн настайгаасаа эхлэн Бадгар, Чойлин хийдэд сууж чойр зэрэг Буддын гүн ухаанд суралцсан байна. Мөн Төвдийн нэрт шүлэгч Ронбо Галданжамцын зохиосон дуу шүлгийг судлан үзжээ. “Тоглоом гэдэг хэтэрхий шинэ баясгалан оршвой” хэмээх шүлэгтээ:
Арван долоон насан дээр шалтгаанаар сургагдан
Аргагүй энэ орчлонд уйтгар төрлөө.
Арван найман насныхаа төмөр луу (1820) жилдээ
Авир ёсыг урваж хөрвөдөгийг тодорхой үзэв.
Могой жилийн хавар сард үхсэнээс амьд хагацав...
гэх зэргээр Буддын гүн ухаан, номлол сургаалтай танилцсан, ертөнцийн амьдралын эрээн барааны зах зухыг олж мэдсэн, эцэг Дулдуйт нь нас барсан зэрэг өөрийн амьдралын нэгэн тодорхой үеийг дурсан өгүүлжээ.
Ноён хутагт Өвөр Хамрын газар хийд байгуулж болох эсэх тухай Жанжаа эрдэнэ тэргүүтэнд айлтгасанд газрын нэрийг “Өвөр Баясгалант” хэмээн сольж нэрийдэн сүм барьж болно гэжээ. Мөн Чойлин хийдийн цогчин сүм, Лавран сүм, Дүйнхэр дацан, Галбын гурван хийд зэрэг олон сүм дуган байгуулж, дээдсийн үеэс хадгалсан Одсэргочоог (Энэтхэгийн нандин бурхан) нээн тахиулах зэрэг ажлыг гүйцэтгэж явжээ.

Их хүрээ, Эрдэнэ зуу, Алшаа, Долоннуур, Сэцэн хан аймаг, Хардал бэйсийн хошуу, Амдоо, Бээжин зэрэг олон газар орноор байнга хэсүүчлэн явдаг байжээ. Гахай жил (1827)-ийн шинийн ёслол, шинийн еснөөс эхэлж цамын баг, хувцас, цамнах байдлын сургуулийг дэглэж гурван сард цам, тахил тэргүүтнийг гарган үзүүлжээ. Хулгана жил (1828) Галбын уулын “Чулуун уул” хэмээх газар заларч “Гайхамшигаар бүтсэн” хэмээх дуу зохиож, Галбын уулын газрыг нарийвчлан үзэж “Чулуун хаалга” нэртэй газар сууж, хадны дээр хэдэн шавь нартай зураг зуржээ. Ийнхүү “Галбын гурван хийдийг” байгуулж Их Улаан сахиусыг Чойлингоос залсан байна. “Эрдэнэ ноён гэгээний V дүрийн гэгээнтний намтраас бичиж авсан нь” хэмээхэд: Туулай жил (1831) Алшаагийн баруун хийдийн газар хүрч мөргөн, бас Милрайбын намтар, богд Адишагийн намтар, Бурханы гэгээний намтар тэргүүтэнг дуудуулан үзэв. “Саран хөхөөний намтрыг эхэлж зохион бичиж, шавь нараар хэдэн бүлгийг дуудуулан үзэв” гэжээ. Ийнхүү жүжиглэсэн тоглолтыг үзэж, өөрөө жүжиг зохион эхэлж, нутгаас шавь нарыг дуудуулан ирүүлж сургуулиулан, ёсчлон дэглэж мөн “Тулгатын хийд, Хамрын хийдэд” “Намтар дуулах” сүмийг (театр) бариулж, уг жүжгийг тоглуулсан тухай товч намтарт тодорхой өгүүлжээ.
Равжаа, Бурханы шашны улааны салбарыг эрхэмлэн шүтэх учраас эхнэр авах, найр наадамд оролцох зэрэг ертөнцийн аливаа явдлаас жигшдэггүй байжээ. Түүний товч намтраас үзхэд ер нь нэг газраа тогтож сууж байсангүй, Монгол нутагт газар сайгүй уригдан залагдаж элдэв зан үйл, хэрэг явдалд оролцож, зарим үед бие нь чилээрхэж Хужиртын халуун рашаан, Тэхэгийн рашаан усанд биеэ сувилж шинэ зохиол бүтээл зохиож, хуучирч дарагдсан агуй, бурхан, сүм зэргийг сэргээлгэж, газар орны эрдэнэс баялаг зэргийг шинжин олох зэргээр амрах чөлөө завгүй явж байжээ.
Утай Сэрчийн майдарын газар мөргөхөөр заларч явах замдаа бие нь чилээрхэж захиа гэрээс зэргээ Дадишуарид айлдаж, улмаар Бойний сүмийн (Оточийн сүм) зүг явсан байна. Ийнхүү улаан луу жил буюу Түгээмэл элбэгт хааны 6-р онд (1856) жанч халжээ. Харин ардын уламжлалт домог яриагаар бол Мэргэн вангийн угсааны шулам хатан гэгч хорлуулсан гэдэг (Ц.Дамдинсүрэн. “Саран хөхөөний намтар” 1962). Түүний амьдрал ахуй нь их олон талтай, ээдрээ зөрчилтэй, мөрдөх ёс, загнах зан, сэтгэл санаагаараа тухайн үеийн нийгэм орчинтойгоо зохицохгүй гадуурхагдан хавчигдаж, “Галзуу”, “Согтуу”, “Гайхал” зэргээр хочлуулж явжээ.

Алдарт ялгуусны айлдсан дээдийн номыг
Анхааран номнох, туурвих зав чөлөөгүй
Айхавтар том лам гэсэн хуурай нэрт би
Амьтан хүнийг гутаах шалтгаан болон суунам
гэж өгүүлсэн байдаг нь түүний амьдрал ахуйн дүр зургийг илтгэх мэт. Энэ мэт тухайн цаг үетэйгээ зөрчилдөж буй өөрийн үзэл бодлыг тусгасан шүлэг найраг их олныг бичсэн байдаг. “Аврал бүхэн хурсан” гэх зохиолд:
Ажлаа номчлон хийвэл гэмтэнд тооцогдоно
Ариун номоос зөрчвөл өөрөө гутамшиг
Ачит номтой таарвал бүхэнтэй харшилна
Аргалж бүхэнтэй таарвал номтой харшилна гэжээ.
Зохиол бүтээлүүддээ өөрийгөө Дан¬занравжаа, Лувсанданзанравжаа, Додмайрандол гэх зэргээр нэрлэсэн байдаг. Зарим зохиолдоо “Сумади шасана дхрабра бухяна” гэж санскрит хэлээр тэмдэглэсэн байдаг нь төвд нэр Лувсанданзанравжаа гэдэгтэй утга нийлдэг. Додмайрандол гэсэн төвд нэрийн утга нь Монгол хэлэнд буухдаа “Угаасаа өөрөө гэтэлсэн” гэж орчуулагддаг байна. (Ч.Алтангэрэл, 1968.7) Мөн “Тойн дүрст өнөөх гайхал”, “Хязгаар газрын нэгэн хүн”, “Галзуугийн үг”, “Цагаан хэрээ” гэх зэргээр тэмдэглэхээс гадна хэд хэдэн зохиол бүтээлээ зүүдний хэлбэрийг ашиглан хэлэх үгээ илэрхийлж бичсэн нь цаг үеийн шахалт хавчилтаас зайлсхийх өвөрмөц нэгэн арга болсон ч байж магад. “Гэвш Шаравт хэлсэн сургааль”-даа “Тун ч бусдад хэлж болохгүй шүү. Цаг цөвүүн байна...” гэх зэргээр болгоомжилиж, “Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв. Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай...” хэмээн шавь нартаа сэрэмжийг сануулан байдаг байжээ.

Ноён хутагт багаасаа хутагтаар өргөмжлөгдөж шашны зүтгэлтэн болсон ч тэр үеийн олон хутагт хувилгаадын адил ертөнцийн амьдралаас тасарч хоосон бясалгалд орсонгүй, харин ч алд түмний дунд хутгалдан амьдарч олон газар орноор хэсүүчлэн явж, амьдралын сайн муу талыг биеэр үзэж өнгөрүүлсэн хүн юм. Иймээс ч түүний бүтээлд хүний ертөнцийн амьдралыг жинхэнэ үнэн сэтгэлээсээ мэдэрч уран сайхны өндөр түвшинд дүрсэлсний хамт ардын уран бүтээлд ойр, сэтгэл санаанд нь нийцсэн, цаг үеэ тольдон тусгасан зохиол бүтээл зонхилж байна. Түүний яруу найрагт шашны номлол сургаалийн шүлгээс гадна иргэний утга уянга, сургаал, ерөөл магтаал, шог хошин зохиол, шүүмжлэлт шүлэг, харилцаа дуу шүлэг, гомдлын шүлэг зэрэг олон хэлбэрээр бичигдсэн байдаг.

Түүний зохиол бүтээлд гүн ухааны сэдэв чухал байрыг эзэлдэг. Үүндээ байгаль ертөнц, ургамал бодис, хүний биеийн хувиралт өөрчлөлт, жам ёс, зүй тогтол, мөнх бус, биед баримтлах үзэл, хоосон чанар зэрэг олон нарийн асуудлын учир зүй, шалтгаан барилдлага, шинж чанарыг уран дүрслэлийн аргаар хүн нийгмийн амьдрал ахуйтай холбон илэрхийлсэн байна. Байгаль ертөнцийн аливаа үзэгдэлд байх эсрэг тэсрэг чанар, мөн тэдгээрийн харилцан холбоо нэгдлийг:
...Өвөл зун хоёр нь
Хүйтэн халуун хоёр,
Нар сар хоёр нь
Гал ус хоёр
Төрөх үхэх хоёр нь
Бүтэх эвдрэх хоёр
Эцэг эх хоёр нь
Арга билэг хоёр... гэх зэргээр гүн ухааны маш нарын ойлголтуудыг энгийн бөгөөд ойлгомжтой урнаар дүрсэлсэн байна.

Түүний гүн ухааны шүлгүүдэд аливаа бүх юм цөм байгалийн зохицолдоон дээр үндэслэх бөгөөд энэхүү тэнцвэрийг таслахгүй байхыг мөрөөдсөн санаа илэрч байдаг. Эдгээрээс үзхэд, энэ ертөнц дээр мөнхийн хувиршгүй зүйл байхгүй бөгөөд цөм хөгжил хөдөлгөөн, үүсэл мөхөлтэй байдаг гэсэн үндсэн санааг хүмүүсийн амьдрал ахуй, байгалийн үзэгдлийн ерийн байдал дээр тулгуурлан илэрхийлжээ. Ертөнцийг үзэх үзлийн үндэс нь Буддын гүн ухааны онол байсан ба юмс үзэгдэлийг диалетикаар тайлбарлан дүрсэн санаа голлодог. Үүний хамт энэ амьдралын ертөнцийн амьдралыг “барайж торойж байвч” зүүд зэрэглээний адил илбийн үзэгдэл, хоосон чанартай хэмээн тайлбарлаж, энэ насны амьдралд хэтэрхий шунахын хэрэггүй, гагцхүү хойт насаа бодох хэрэгтэй гэсэн санааг ч зохиол бүтээлүүддээ тусгасан байдаг. “Зүйл зүйлийн үзэгдэл” хэмээх шүлэгтээ:
Зээ, зүү, зээ хөө, зээ. Хоосон чанар гайхамшиг
Зүйл зүйлийн үзэгдэл
Зэргээр ургагч сэтгэл нь
Зэрэглээ мэт үзэгдэвч
Зүүд мэт хоосон...
Зээ, зүү, зээ хөө, зээ. Хоосон чанар гайхамшиг
Бурхан ч сэтгэлээс гарна
Буг ч сэтгэлээс бүтнэ
Буян хилэнц ч сэтгэлээс
Бултаар хоосон сэтгэл буй хэмээн хоосон чанарын ойлголтын тухай бичсэн байдаг. Түүний тухай төвдөч эрдэмтэн Ч.Алтангэрэл гуай тэмдэглэхдээ: “Элдэв номын үгээр бие биеэсээ дээрэлхэн цэц булаалдах гүн ухааны чойрва нараас хавь илүү үлэмж дээд онол эзэмшин, өөрийн бие сэтгэлд Буддын сургаал, дээд их хөлгөний ба түүний дотроос гайхамшигт гүн утгат нууц... тарнийн буюу эх тантрын ёсны ном сургаалыг даган баримтлагч байсан өндөр онолт бие, хэл, сэтгэлийн нууц уран сайхныг эзэмшсэн зүйрлэшгүй чадалтай хүн” гэжээ.

“Лам гурван эрдэнэ” шүлэгтээ:
Баян болон явбал бардам сэтгэлийг даралтай
Баахан болон явбал гунииг сэтгэлийг даралтай
Тойн болон явбал ариун санваараа сахилтай
Тун ганцаар суувал хатуу сэтгэлийг барилтай
Нанчид нанчид гэвч нарийн хар архи
Нарийвчлан шинжилбэл найман тамын нэг нь
Там там гэвч там хаанаас байх вэ
Тамтаггүй явбал там чинь тэр буй заа...
гэжээ. Энэ шүлэгтээ Ямар ч нөхцөлд бие сэтгэлээ засаж, ухаалаг хандаж, өөрийгөө зөв залж явах хийгээд ТАМ гэх ойлголтыг шашны хүрээнээс гаргаж энэ ертөнцийн муу явдалд зүйрлэсэн нь анхаарууштай сонирхолтой санаа юм.
Д.Равжаа “Цаасан шувуу”, “Сэтгэлийг амраагч”, “Хавар цагийн зугаа”, “Залуус охид хөвгүүдэдээ захисан үгсийн товч” зэрэг томоохон сургаалиуд зохиосон. Түүний сургаалиуд зан суртахуун, нийгэм улс төр, сэтгэхүйн олон талыг хамарсан байдаг. “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал”-г Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын 18-ны шөнө хязгаар газрын нэгэн хүн зүүдэлж байгаа хэлбэрээр цаасан шувуу нисгэгч, түүнийг сонирхогч хоёрын асууот хариултын яриагаар дамжуулан тухайн үеийн нийгмийн анги давхарга, тэдгээрийн үйл ажиллагаа, ёс суртахууны доголдол зэргийг нээн дэлгэсэн шүүмжлэл, сургаал хосолсон зохиол юм. Цаасан шувуу нисгэгчийн үгээр:
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна...
Цайруу явбал хүний гарт орно
Хардаж явбал муу үйл арвидна
Шударга явбал олонтой үл таарна
Башираар явбал номтой үл таарна
Чанга хурц явбал өстөн олон болно
Дуугуй номхон суувал толгой дээр гарна
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сожлогчид олон
Дээр явбал атаархана
Доор явбал дарлана...
гэж хүмүүсийн ая нь олдохгүй олон янзын ааш араншинг халаглан шүүмжилжээ. Энэ шүүмжлэл нь хэзээ боловч үнэ цэнтэй хэвээрээ байна. Мөн энэ зохиолдоо:
Ёстонг хүндэл
Настанг баярлуул
Бачтанаас зайл
Сайнаас бүү сал...
(Биеийн явдал)
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ
Хэлбийж олон янз бүү урва...
Хуурч башир үг бүү хэл
Ховсорч хэрэггүй үг бүү зөө...
(Хэлний өгүүлэх)
Шинжлэлгүй бүү сэтгэ
Сэрэмжгүй бүү залхайр
Гэнэтэд нөхрийг бүү итгэ
Гэнэдэж хүнээс бүү урьт
(Сэтгэлийн чиг)
гэж амьдралд ухаалаг хандаж, өөрөө өөрийгөө зөв залж, удирдаж явахыг сургамжилсан нь хүмүүжлийн ач холбогдолтой зөв зүйтэй санаа юм.

“Хавар цагийн зугаа” хэмээх сургаалд хүнлэг сэтгэлтэй, тусч урвалтгүй зантай, итгэлтэй, элбэрэл журамтай, үнэнч шударга, ах ихсээ хүндэтгэдэг сайн зан чанарыг эзэмшсэн хүнийг “Буянт нөхөр, сайн хувьт” гэж үнэлсэн байна. Харин:
Дээлийн өнгөч нохой мэт
Ноёдыг үзэж унаж тусах
Уур нь хүрсэн дигбаранз мэт
Хэрээ мэдэхгүй сүйлгэнэх
Худгийн доторх мэлхий мэт
Нэрэлхэн бахирах хүнийг
Нүгэлт нөхөр, шулмын зулзага
гэж жигшин шүүмжлээд, авах гээхийн сургаалыг зөв ухааран, үлгэрлэх, жигших зан чанарын алиныг сонгож авахаа өөрсдөө мэд гэж зөвлөжээ.


Дараа үргэлжлүүлж бичнээ. Шүлэг зохиолыг нь л их уншдаг болхоор тэр талын юмнууд түлхүү оруулаад, шашны талаас нь нээх бичсэнгүй. Гэхдээ тэр талаар ч гэсэн бичихийг бодноо.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Dec.27.10 8:34 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Ноён хутагтын талаар ийм сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Агуу хүний намтар, дуулал, шүлгийг сонсож хүртэж явна гэдэг бас их хувь тохиол шүү. Надад 30 хэсэгтэй Ноён хутагтын бичсэн шүлгийн авиан (audio) хэлбэрээр байдаг юм. Хэрвээ байхгүй нэгэн байвал аваарай. Би тэгж байгаад нэг газар тавьчихна (upload) аа.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jan.04.11 3:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бүгдэд нь шинэ оны мэнд Их сайхан бичжээ Нирван минь Сараан минь Шоогий минь сүүлийнхийг дахин дахин уншлаа хүмүүст таалагдаж байгаа болов уу Надад маш их таалагдлаа Шоогий-с юм асууя Энэ талаар нэлээд мэдлэг арвин бололтой Хутагт ДанзанРавжаа Нууц тарнийн хүчийг өөртөө бий болгон тарни тоолох тутамд агуу их хүч чадалыг өөртөө буй болгодог Мөн Ноён хутагт усыг архи, архийг ус болгодог шидтэй тєдийгvй тарнийн зай тvрхээд нисдэг, бясалгаад нисдэг олон аргыг хэрэглэдэг байсан гэж би сонссон юм Энэ нь Улааны тарнийн хүчээр бясалгаж гэгээрэх чадварыг хэлж байгаан Энэ тухай мэдэх үү? Боломжтой бол бичээд өгөөч Хүмүүст энэ маш их сонирхолтойн бгаан Энэ талаар 2 жилийн өмнө Би хамрын Хийдийн Баатар ламтантай уулзаж Хийдэд хадгалагдаж буй Нууц тарнийн сударыг үзэж байсан юм байна Шарын шашин улааны шашин 2-н Гэгээрэх байдал бясалгал хийх тал арай өөр бгаанмаа энэ талаар сонирхоод л Шоогий ??


Top
   
PostPosted: Jan.18.11 4:15 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image

Богд Зонхва

Зонхов Амдо нутгийн Цонха хэмээх газар 1357 онд мэндэлжээ. Цонха нь төвдөөр Сонгино гэсэн утга үг агаад нутгийнхаа нэрээр Зонхов хэмээн нэрлэгдсэн гэсэн яриа бий. Түүний эцэг Тара Гаче Лүмбум Гэ нь Мэл овгоос угшилтай, баян чинээлэг, буддын шашинд сүсэгтэй нэгэн байж. Мэл овгийнхон дотор эрдэм чадалтай лам хувраг цөөнгүй байсан гэдэг. Эх Шинмо Ачо нь уян зөөлөн сэтгэлтэй, ядарсныг тэтгэдэг, сүсэг бишрэлтэй эгэл бус эмэгтэй байсан гэнэ. Зонхов энэ айлын зургаан хүүгийн дөрөв дэх нь юм. Гал бичин буюу 1356 онд түүний эцэг, эх хоёрт зүүд зөнгөөр дамжин ер бусын олон шинж тэмдгүүд үзэгдсэн аж. Зонховын төрсөн өдрийг тодорхой тогтоох аргагүй боловч билгийн тооллын аравдугаар сарын 20-25 хооронд л төрсөн болов уу гэж таамагладаг. Энэ ч ёсоор 25-ны өдөр нь шарын шашны тэмдэглэлт өдөр юм.
буддын шашин, тэр дундаа гэлүгбагийн ёсны баримталдаг уламжлалт түүх. Харин Гэлүгба нь төвдөөр “зөв дэг жаяг” гэдэг утгатай бол олон нийтэд Зонхов хэмээн алдаршсан Лувсандагвын нэрийг орчуулбал “Саруул ухаант” гэсэн утгатай аж.Манзушри бурхны хувилсан дүр бөгөөд олон галвын тэртээ гэгээрэлд хүрсэн ч бодисадвагийн дүрээр энэ ертөнцөд заларсан хэмээн өгүүлжээ.Түүний намтрыг харж байхад эрдэм мэдлэгийн төлөө хамаг амьдралаа зориулсан нэгэн болох нь аяндаа харагдана. Тухайн үеийн алдар хүндтэй, эрдэм чадалтай багш гэгдсэн бүхнээс мэддэг чаддагийг нь өөрийн сэтгэл оюунд юүлэх гэж уйгагүй зүтгэж байжээ. Зонхов эрдмийн мөр хөөн төв Төвдийг зүглэх болоод багштайгаа салах ёс хийн Манзушрийн магтаалын “... эргэж буцалтгүй, дахин учрахгүй” хэмээх мөрийг уншиж байхдаа төрсөн нутагтаа дахин хэзээ ч ирэхгүй нь гэдгээ мэдэрчээ. Хожим түүнийг Лхаст байхад нутгийн хүн гэрээс нь өгүүлсэн захиа, жаахан бэлэг сэлтийг авчирч өгсөн аж. Ээж нь захиандаа туг буурал үсээ хийсэн байлаа. Түүнийг хараад сэтгэл уярсан Зонхов ээжтэйгээ уулзах бодол төрсөн ч нэлээн эргэцүүлж бодсоны эцэст очиж чадахгүй учраа тайлбарласан захиа л дайлгах болжээ. Ээж нь хүүгийнхээ захиаг задлахад а-ма буюу ээж ээ хэмээх дуу гарсан гэдэг юм.
Зонхов олон тооны бүтээл туурвисан бөгөөд хамгийн алдартай нь Ламрим буюу “Бодь мөрийн зэрэг” билээ. Энэ номоо тэрээр 1402 онд Радэн хийдэд бичжээ. Зонхов номынхоо “Тайван төлөв” бүлгийг бичиж дуусгаад цаашид үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэн түр хойш тавиад байтал Манзушри бурхан “хүн зоны тусын тулд бүтээлээ дуусга” хэмээн бэлгэ үзүүлэсэн гэдэг. Шавь нарынхаа хүсэлтээр Зонхов 1409 онд Гандан хийдээ байгуулснаар өнөөгийн гэлүгбагийн урсгалын эхлэл тавигдсан гэж үздэг энэ их хүн 1419 онд насан хутаг болжээ. Нэгэн өглөө хуврагийн хувцсаа бүрэн өмсөж, очирт завилгаагаар суун, гүн бясалгалд орсоор 25 хоноход түүний биеэс ер бусын хурц гэрэл цацран, арван зургаан настай мэт харагдсан гэдэг. Энэ өдөр билгийн тооллын өвлийн эхэн сарын 25 байсан бөгөөд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж жил бүр Зулын хорин тавныг тэмдэглэдэг уламжлал тогтсон юм. Түүнийг насан өөд болсноос хойш 49 хоногийн турш тэнгэрт таван өнгийн солонго татан, дагинасын дуу сонсогдож, цэцгэн хур буужээ. Зонховын шарилыг алтдан занданшуулж, зүүн хойш харуулан бунхалсан байна. Бунханыг тойруулан олон тооны суварга босгосон агаад голын суварганд хамгийн алдартай бүтээл болох “Бодь мөрийн зэрэг” – ийн гар бичмэлийг нь хийжээ.


Top
   
PostPosted: Jun.26.11 7:10 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image


Дилов хутагт Баашлуу овогтой Жамсранжав /1883-1965/



Монгол номч мэргэн, эрдэм төгс хутагтуудын эх орон, өлгий нутаг билээ. Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Нарованчин гэгээн Пүрэвжав, ялгасан гэгээн Чимэдцэрэн, Зая бандида Жамбацэрэн, Егүзэр хутагт Галсандаш, Манзушир хутагт Цэрэндорж гээд хуруу даран тоолбол олон бий. Энэ удаа ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын тухай зарим баримтыг өгүүлье.
Энэ эрхэм хүний тухай өгүүлэхэд баримт олдохгүйн зовлон байдаггүй. Учир гэвэл, хутагт өөрийн намтраа он жил, нас бүрээр дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээсэн юм. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс унасан гэх. Унасан газар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөр, угаасан ус нь Түшлэгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод мэндэлсэн азтай. Ах, эгч хоёртой, айлын гурав дахь хүүхэд. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж хорвоод мэндэлсэн нь цаанаа учиртай биз ээ. Эцэг эх нь ядуу хүмүүс байжээ. “Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж тэрбээр намтартаа дурдсан байдаг. Эцгийнхээ нэрийн учрыг хутагт тайлахдаа Башлуу гэдэг нь хятадаар “па-ши-луу” буюу “наян зуу” гэсэн үг хэмээжээ. Башлуу гуай 85 насны сүүдэр зооглоод бурхны оронд одсон байна.
Түүний төрсөн газар Нарованчин хийдээс 30 орчим бээр зайтай байв. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халсан аж. Ийн тэдний хойд дүрийг тодруулах нөр ажил өрнөв гэнэ. Жирийн бус байдлаар төрсөн 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан гэдэг. Хутагтыг эхээс төрөхөд тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас бяцхан хөвгүүн Жамсранжавын нэр ч тэр 40 багачуудын дотор багтсан аж. Өнөөх олон хүүхдээс түүнийг онцлон үзэж, Диловын тавдугаар хойд дүр хэмээн лүндэн буулгасан аж. Тэгэхэд хүү тавхан настай байлаа. Энэ үеэс бурхан номын төлөө бүхнээ зориулсан түүхтэй. Таван настайдаа түвд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож байлаа. Нэг шогол 36 үгтэй гээд бодохоор тийм жаахандаа даанч ихийг тогтоож байжээ гэсэн үг. Долоон насандаа өнөөх номынхоо ихэнхийг монгол руу орчуулж сурч. 12-тойдоо түвдээс монгол руу, монголоос түвд рүү судар орчуулж чаддаг болсон гэх. Долоо настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ.
Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ. Хятад хэлээр үйлдсэн нэрийн хуудсандаа монгол бичгээр мөн л “Дилова хутугту” гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэргэмийг Дилав биш, Дилов гэж бичих нь зөв ч байж болох юм.
Дилов хутагт зүгээр нэг шашны номонд нэвтэрсэн ламтан байсангүй, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр сэтгэж, энэ бие, нэг насны амьдралаа золионд гаргасан эх оронч, улс төрийн нэртэй зүтгэлтэн байсан гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй биз ээ. Түүхийн шарласан баримт, болж өнгөрсөн үйл явдал үүнийг бэлхнээ гэрчилдэг юм. “Хатанбаатар Магсаржав, Бодоо нартай хамт Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байсан” гэх баримт ч намтарт нь байх. Жалханз хутагттай хамт Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг зохиосон гэх нь бий. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг байсныг түүхчид одоо ч дурдаж буй. Баруун хязгаарыг тохинуулахад тэрбээр онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Ерөнхийдөө түүний амьдралд хар цагаан, зовлон жаргал ээлжлэн байжээ. Эрдэм чадлаараа Халхад алдаршсан хутагтыг 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” гэгчээр баривчилж, тэнсэн харгалзаж байв. Хамаг эд хөрөнгөө ардын засагт хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Тэр хэрэг гэгчээр далимдуулан Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг хүртэл буудан хороож байжээ. Тийм хэцүү цагт амь аврагдана гэдэг чухамдаа бурхны хишиг байсан хэрэг шүү дээ. Ийн амь хэлтэрсэн хутагтыг Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар өмнө зүгт илгээсэн байдаг. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Хэдийгээр энэ явган яриа хуурай өвсний түймэр мэт тархаж, хилийн дээс давж харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хожим нь их хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд бул чулуу болж хоцорсон юм. Хамгийн харамсалтай нь, тэрбээр эх нутагтаа хэзээ ч эргэж ирэх боломжгүй болж, “оргодол” хэмээх муу нэр үнэн мэт болж хувирсан билээ.
Энэ бол үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж огтхон ч төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр хүн болж, хүй цөглөсөн эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн хязгааргүй их байсан ч түүнд хүндтэй даалгавар итгэж өгсөн хүмүүс цөмөөрөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, түүний “урвагч-оргодол биш, эх оронч- тагнуулч” болохыг гэрчлэх хүн үгүй болжээ. Өнөөгийн өндөрлөгөөс харахад “эргэж ирээгүй нь тун оносон зөв шийдвэр байжээ” гэж бодогддог. Ирэнгүүт нь өнөөх “оргодол” гэдэг нэрээр бамбай болгон баривчлаад буудчих байсан ч юм бил үү. Цөвүүн цаг байлаа шүү дээ. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт эдүгээ ч тагнуулын байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж байна. Хожим нь 1990 онд түүнийг цагаатгаж, нэг насаар нь хүзүүнээс нь зүүсэн “урвагч-оргодол” гэх пайзыг авч хаясан билээ.
Өмнөд нутагт тэрбээр муу амьдарч явсангүй. Угаас зовхи нь өөдөө хүмүүн болохоор Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж, төр, шашны үйлсэд оройлон зүтгэж байсныг түүх гэрчилдэг. Тийн байх цагтаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй тэрхүү эрдэмтний урилгаар Америк оронд морилж, Балтимор хотын Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол судлалын тэнхэмд ажиллав. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Энэ бол жинхэнэ эр хүмүүсийн нөхөрлөл байлаа. Дараа нь Нью- Жэрси мужид халимагуудын байгуулсан буддын сүмд хамбын олбог дээр сууж байлаа.
1960 онд Чан Кайшитай зөвлөлдөн байж “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяа их хутагт Жамсранжавынх байлаа. Чан Кайши Монгол Улсыг хүлээн зөвшөөрөхгүй хэчнээн ч жил боллоо доо. Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимын арын эгнээнд нэгэн хижээл монгол эр уйлж суусан нь мөнөөхөн Дилов хутагт бөлгөө. НҮБ-ын төв байрны гадна ирээд хөх тэнгэрт зөөлөн салхины аясаар намуухан намилзах алтан соёмбот далбаагаа удаан харж зогсох тэр эрхэм бол мөн л Дилов хутагт байлаа. АНУ-д суугаа Монголын ЭСЯ-ны гадаах сандал дээр суугаад монгол хүүхдүүдийн наадаж тоглохыг хашааны завсраар шимтэн харж баясч суусан том биетэй өвгөн бол Дилов хутагт байлаа. Тэр Монгол оронд, монголчууд бидэнд ийм л хайртай байж дээ.
1965 оны дөрөвдүгээр сарын 7. Түм түжигнэж, бум бужигнасан алс холын Нью-Йорк хотноо нэгэн их хүн бурханы хутгийг олж, тэнгэрт халив. Тэр бол энэ хорвоод хүн болж төрөөд 82 жилийг үдсэн Дилов хутагт Жамсранжав байлаа. Түүний хойдын буяны номыг 14 дүгээр Далай лам уншиж байв. Хутагт Лхаст гурван жил болохдоо Далай ламын гэрийн багш байж. Багшийн ачийг ийн санах нь хүмүүний ёсон билээ. “Чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, нөгөөг нь төрсөн эх орон Монголд нь хүргэх аятай цагийг хүлээв” гэж түүхэнд өгүүлжээ. Ийн ертөнцийн 84 шидтэний нэг биднээс үүрд салан одсон юм. Гэвч монгол түмний сэтгэлийн гүнд тэр эрхэмсэг хутагтын тухай дурсамж, төсөөлөл өнөө ч хадгалаастай л. Түүний өөрийнхөө гараар бичсэн “Ар Монголын улс төрийн дуртгал” ном түүхэн ховор чухал баримт болж, үндэс суурийг нь тавьсан “Ницан” сүм Нью-Жэрси мужид сүндэрлэж, амьдрал тэмцэл нь “Цагаан дуганын гэгээ”, “Хорвоод ховорхон хүмүүс” кино, “Хүн, бурхан, адгуусын орноор”, “Дилов хутагт” романд мөнхөрч, дүр төрх нь Улиастай хотын Жавхлант толгой дээрх цагаан суварганаа үүрд үлджээ.
Монголын алдар цуутай хөвгүүдийн нэг дилов хутагт Жамсранжавын тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.


Top
   
PostPosted: Jun.26.11 7:30 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image

ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН (1912-1937)


С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.1916 онд Засагт хан аймгийн Нөмрөг хошууны ноён гүн Загдсамбарын дүү Ялгуусан хутагт Дамбийням нь бусдад хөнөөгдсөн тул хутагтын хойт дүрийг тодруулах Дээрхийн гэгээний лүндэн буусан энэ үед Санжавын Чимэдцэрэн хүүг Ар халхын алтан мөнгөн тамгат Ялгуусан хутагтын хойт дүр мөн хэмээн 1916 оны намрын эхэн сард одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ялгуусан хутагтын хийдэд хутагтын сэнтийд залсан байна.Ялгуусан хутагт Чимэдцэрэн нь 10 насандаа Гэлэн сахил хүртэж, 1922 онд Монголын шашны тэргүүн Богд Жавзандамбаас “Мэргэн номч” цолыг их хүрээнд очиж хүртэж байжээ.Ялгуусан хутагтын хийд нь 300 шахам ламтай, цогчин дугана, нүглийн дугана, Чойр маарамбын дуганатай маш сайхан үзэсгэлэнтэй цомхон хийд байсны дээр Майдар эргэх ёсыг төв халхын ая донжийг өөрчилж тавьсан нь тухайн үеийн төр шашны нэрт төлөөлөгч Жалханз, Заяын гэгээн нар өндөр үнэлсэн байдаг.
Ялгуусан хутагт Санжавын Чимэдцэрэнг номын ухаанд нэвтэрч мөнхийн мэлмий суусан ид залуу 25 насанд нь буюу 1937 онд хилс хэргээр гүтгэн Завхан аймгийн Улиастайн шоронд буудан алж, бурханы олон шавь, элгэн садан эх нутгаасаа мөнх тэнгэрт үүрд хальсан байна.


Top
   
PostPosted: Jun.26.11 7:37 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.23.11 12:49 pm
Posts: 84
Тэр дээр бичсэн Жамц маарамбын тухай уншлаа. Үнэн бол үнэхээр биширмээр юм аа. :wd:


Top
   
PostPosted: Jun.26.11 7:55 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.23.11 12:49 pm
Posts: 84
2003-06-06 wrote:

ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН (1912-1937)


С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.1916 онд Засагт хан аймгийн Нөмрөг хошууны ноён гүн Загдсамбарын дүү Ялгуусан хутагт Дамбийням нь бусдад хөнөөгдсөн тул хутагтын хойт дүрийг тодруулах Дээрхийн гэгээний лүндэн буусан энэ үед Санжавын Чимэдцэрэн хүүг Ар халхын алтан мөнгөн тамгат Ялгуусан хутагтын хойт дүр мөн хэмээн 1916 оны намрын эхэн сард одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ялгуусан хутагтын хийдэд хутагтын сэнтийд залсан байна.Ялгуусан хутагт Чимэдцэрэн нь 10 насандаа Гэлэн сахил хүртэж, 1922 онд Монголын шашны тэргүүн Богд Жавзандамбаас “Мэргэн номч” цолыг их хүрээнд очиж хүртэж байжээ.Ялгуусан хутагтын хийд нь 300 шахам ламтай, цогчин дугана, нүглийн дугана, Чойр маарамбын дуганатай маш сайхан үзэсгэлэнтэй цомхон хийд байсны дээр Майдар эргэх ёсыг төв халхын ая донжийг өөрчилж тавьсан нь тухайн үеийн төр шашны нэрт төлөөлөгч Жалханз, Заяын гэгээн нар өндөр үнэлсэн байдаг.
Ялгуусан хутагт Санжавын Чимэдцэрэнг номын ухаанд нэвтэрч мөнхийн мэлмий суусан ид залуу 25 насанд нь буюу 1937 онд хилс хэргээр гүтгэн Завхан аймгийн Улиастайн шоронд буудан алж, бурханы олон шавь, элгэн садан эх нутгаасаа мөнх тэнгэрт үүрд хальсан байна.


Тэр Ялгуусан хутагт нь үхээд хойт дүрийг нь тодруулахад яагаад 4 настай хүүхдийг сонгосон юм бол? Миний ойлгосноор Дамийням, Чимэдцэрэн хоёр нь нэг үед хоюулаа амьдарч байж. Гэтэл нэг нь үхэнгүүт нөгөөх нь үхсэн хутагтынхаа хойт дүр болчдог... :think: Би уг нь 49 хоногтоо ч юм уу сүнс нь өөр биед шилжээд шинэ төрсөн хүүхдийг хойт дүрээр нь тодруулдаг гэж ойлгодог байсан. :think:


Top
   
PostPosted: Jun.28.11 8:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Төрөл авах арга, дүр тодруулах арга нар олон янз юм шиг байгаа юм аа.

Бяцхан Будда дээр хүртэл Дорж лам өөрийн 3 чанараа гурван өөр хүүхдүүдэд өгчихсөн байдаг шүү дээ. Гуравуулаа дүрээр нь тодорч нэг нь яг үйл хэргийг нь залгамжилхаар суудаг...
Сүлд хийморийн байдалаас хамаарч 20 гарсан хүний сүнсэн дээр хүртэл дарж орсон тохиолдолууд байдаг гэдэг.

Өөр нэг сонирхолтой жишээ байдаг. Далай ламыг бид Жанрайсиг бурханы дүр хэмээдэг. Нууцын гол шүтээний нэг болох Дамдинянсан бурханыг болохоор Жанрайсигийн догшин дүр гэдэг. Харин Дамдинянсан бурханы дүр нь болохоор манай Зава Дамдин гэгээн билээ. Энэ мэтээр хөөгөөд явбал мөн чанартаа нэгэн бурхан, бодисатва бүхий хутагт, хувилгаад хэд байгааг бид яаж мэдэх билээ. Зава Дамдин гэгээний хойд дүрийг тодруулахаар хөөцөлдөхөд 2 хүүхэд дээр тулаад хэнийг нь шийдэлгүй орхисон гэдэг. Тэдгээр нь сэтгүүлч Гүрбазар болон Гандантэгчинлэн хийдийн Соёлын хүрээлэнгийн гавж Сонинбаяр гуай юм. Эндээс муйхарлан дүгнэвэл одоогийн 14 Далай лам, Сонинбаяр гавж, Гүрбазар 3 маань цаад чанартаа нэг болж таарах ч юм шиг...

Ер нь тэгээд хойд дүр тодруулах, төрөл авах этр гэдэг чинь өөрөө олонд төдийлөн танигдаж судлагдаагүй зүйл болохоор яг тоймтой ийм тийм л байдаг гээд хэлчихэж боломгүй байх аа.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.26.11 4:37 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
АНХДУГААР БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНДАМБИЙЖАНЦАН (1635-1723)


Image

Өндөр гэгээн Занабазар хэмэн алдаршсан Монголын анхдугаар Богд Живзундамба нь Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар (Одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум )1635 оны модон гахай жилд Түшээт хан Гомбодорж , хатан Ханджамц нарын гэрт мэндэлжээ . Гурван сүүдэртэйдээ Жамбалцанжод номыг цээжээр унших , Энэтхэгийн азарын хэлээр ярих зэрэг сонин гайхамшгийг үзүүлж байв . Төвдийн V Далай лам Агваанлувсанжамц, Банчин богд Лувсанчойжижанцан , Найчун чойжин нар Живзун Дарнатын хувилгаан мөн болохыг тодруулсанд таван нас сүүдэртэйд нь Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнжид Монголын шашны тэргүүнээр өргөмжлөн ширээнд залжээ. Арван гурван сүүдэртэйд нь Түшээь хан Гомбодорж ,Шолой сэцэн хан нар Өндөр гэгээнд Их Монгол уулын энгэрт үргэлжид суух сүм барьж өгсөн нь хожмоо Баруун хүрээ гэж алдаршжээ. Өндөр гэгээний үед үүссэн энэ Баруун хүрээг lV Богд Живзундамба нүүлгэж , Өвөрхангай аймгийн Шанх сумын нутаг , Сарын голд суурьшуулжээ. Арван таван сүүдэртэйдээ төвдөд хүрч V Далай лам , Банчин богд нараас судар тарни , гүн ухааны номлолуудыг хүртэж авсан байна . Төрөлх нутагтаа эргэн ирээд 1654 оны морин жилд Хэнтий нуруунд Их хүрээг үүсгэн байгуулсан байна . 1680-аад оны сүүлчээр дотоодод Халх Өөлдийн самуун дэгдсэн , гадаадад Манжийн төр хүчирхэгжин өнгөлзөх болсон ийм нөхцөл байдлын дунд Өндөр гэгээний ухаалаг мэргэн бодлогын ачаар Манжид уусаагүй үлдсэн юм . Өндөр гэгээн нь Очирдара бурхан , Ногоон Дара эх зэрэг хосгүй нандин ур хийцтэй бурхадууд бүтээсний дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Соёмбо үсгийг зохиож Монголын ард түмнийг үеийн үед амар амгалан оршиж байхын тухайд “ Жинлав цогзол “ хэмээх номоо айлдан зохиосон байдаг . 1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой хэмээх газар Их хүрээг нүүлгэн байгуулж байжээ . Өндөр гэгээний дотны шавь Срайдорж Номун хан зэрэг шавь нар нь Өндөр гэгээний дүрийг ууц таллаж байгаагаар бүтээгээд өөрт нь болгоологсонд “монголчуудын аман хишгийг билэгдсэн юм байна “ гээд зөвшөөрсөн гэдэг . Өндөр гэгээн нь наян есөн настайдаа 1723 он Бээжинд таалал төгсчээ . Өндөр гэгээнийг таалал төгссөнөөс хойш түүний ууц таллаж байгаа дүр нь монголын олон аймаг хошуудад тархаж уламжлал болсон юм . Энэ нь монголчуудын цагаан сарын ёслол хүндэтгэлийн үед шүүс идээнд хонины ууц тавьдаг болсонтой холбоотой юм . Өндөр гэгээн Занабазар нь төвд хэлээр нэг боть зохиол туурвижээ. Манжийн Энх-Амгалан хаан өндөр гэгээнийг олон зүйлээр сорьж байсныг тэрбээр оюун ухааныхаа гайхамшигт чадвараар даван туулж байсан гэдэг . Нэг жишээ дурдвал , нэг удаа сэнтий суудлынх нь доор Ганжуурын 108 боть номыг залаад “Хутагт тар морилон суу “ хэмээн урьсан байна . Ингэхэд Өндөр гэгээн сэнтий суудалдаа суухынхаа өмнөхөн жижиг шилийг сэнтийд хүргээд суужээ. Манжийн Энх-Амгалан хаан “Бурхан багшийн зарлиг ах уу? Та ах уу? Гэсэнд Өндөр гэгээн “Бурхан багшийн зарлиг ах байлгүй яахав “ гэсэнд Энх-Амгалан хаан “Та тэгвэл бурхан багшийн судар номон дээр суучихлаа “ гэжээ. Өндөр гэгээн “Би суугаагүй гэсэнд Манжийн Энх –Амгалан хаан бараа бологчдынхоо хамт сэнтийг нь үзсэнд номын үсэг үгүй хоосон цаас байсанд ихэд гайхаад Өндөр гэгээнд сүжиг бишрэл төрж байсан гэдэг . Ийм ч учраас Энх –Амгалан хаан ордны дотоод түшмэлүүддээ хэлэхдээ “Би газар газрын олон сайн лам нартай уулзаж учирч явсан Халхын энэ Богд шиг ийм сайн ламыг үзээгүй “хэмээн үнэлж байсныг Өндөр гэгээний төвд намтруудад тэмдэглэсэн байна .


Top
   
PostPosted: Sep.26.11 4:46 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ll БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНДАМБИЙДОНМЭ(1724-1757)

Image

Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ нь Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг Туул голын сав Өгөөмөр хэмээх газар (Одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум ) эцэг Эфү чинь ван Дондовдорж эх Баярт нарын гэрт 1724 оны луу жилд мэндэлжээ. Банчин богд Лувсан –Иш Лувсандамбийдонмэ хэмээх нэрийг хайрласан байна . Зургаан настайд нь Богдын ширээнд залж даншиг мандал өргөжээ. Их хүрээг Хужирбулангаас Аргалантад нүүлгэсэн байна . Хөхнуурт төрсөн Донхор хутагт Агваанжамбалданзанг ёнзон , багшид шүтэв. Манжийн эзэн хаан Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж , Амарбаяргалант хийдийг шинээр бүтээн байгуулж 1736 онд Тэнгэр тэтгэгч хааны үед барьж дууссан юм . Амарбаясгалант хийдэд Өндөр гэгээн Занабазарын шарилыг тусгай сүмд залж , шүтээн болгосноор Амарбаясгалант хийд нь Өндөр гэгээний хийд гэж алдаршсан юм . Тэр цагаас хойш монголын олон аймаг хошуудын сүсэгтэн лам хуврагуудын Өндөр гэгээний шарилд мөргөх цуваа тасралтгүй үргэлжлэх болсон түүхтэй . ll Богд 1737 онд өөрийн ёнзон багш Манзушир ламтан Агваанжамбалданзангийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж байв . ll Богд нь 1739 онд Их хүрээнд Жүд дацан , 1745 онд Дамдин янсанг уншуулах хурал гаргажээ . 1756 онд ll Богд удирдан Их хүрээнд гүн ухаан судлах Дашчойнпэл дацанг байгуулав . 1757 онд таалал төгсчээ . Энэ үе нь монголын нийгмийн байдалд Манжийн түрэмгийлэл хүчтэй өрнөж , Манжийг эсэргүүцсэн Хотгойдын Чингүнжав , Амарсанаа нарын бослого гарч дарагдсан үе байлаа . ll Богд Живзундамбын ах Ренчиндорж ван Чингүнжав , Амарсанаа нарын Манжийг эсэргүүцэн хөдөлгөөнд оролцсоны учир Бээжинд цаазаар авхуулжээ. Манжийн төрөөс шадар ван Ренчиндоржийн дүү болох ll Богд Живзундамбыг хараа хяналтандаа цагдан сэргийлж байсан юм . Хотгойдын Чингүнжав , ван Ренчиндорж нар Манжид цаазлагдсан энэ онд ll Богд учир битүүлгээр жанч халсныг аман ярианд Манжид хорлогдсон гэдэг.


Top
   
PostPosted: Sep.26.11 4:50 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
lll БОГД ЖИВЗУНДАМБА ИШДАМБИЙНЯМ (1758-1773)

Image

lll Богд Живзундамба Ишдамбийням нь 1758 онд Төвдийн Литанд түшмэл Данзангомбо , эх Норжинбаммо нарын гэрт мэндэлжээ . Манжийн төрөөс ll Богдоос хойш Живзундамба хутагтуудыг төвдөөс залж байхаар тогтсон нь Манжийн төрийн бодлого байжээ . lll Богдыг Төвдийн Литанаас Бүүвэйбаатар , Шижирбаатар нар очиж залж ирсэн байна . Төвдөөс lll Богдыг залж ирэх Шижирбаатар тэргүүтэй хүмүүс ердийн хөсгөөр саад бэрхшээл ихтэй газрыг туулж , Литанд хүрсэн байна . lll Богдын хувилгаан дүрийг төвдүүд маш их нууж гаргаж өгөх дургүй байжээ. Тэр үед Шижирбаатар эр зоригийг үзүүлэн тодорсон хүүхдийг танин мэдэж булааж аваад зугтаж ирсэн түүхтэй. 1763 онд Богдыг ширээнд залах их ёслол болжээ. Их хүрээнд 1760 онд Манба дацан , 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулжээ. lll Богд нь Их хүрээнд винайн ёсны зуны хайлан хурлыг үүсгэн байгуулсан гэдэг тэрээр 1773 онд таалал төгсчээ.


Top
   
PostPosted: Sep.26.11 4:52 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
4 –р БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНТҮВДЭНВАНЧҮГЖИГМЭДЖАМЦ (1775-1813)

Image

4-Р Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь Төвдийн нутаг Жидшодыдн гол хэмээх газар түшмэл Содномдаш , эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. 4-р Богд нь 8-р Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм . 1781 онд Их хүрээнд залж ирэн Богдын ширээнд залж Даншиг мандал өргөв . 4-р Богд одоогийн Гандантэгчлин хийд байгаа газарт Далх бурханы тахилгыг уншин сан тавин ариулж , сүмийн шавь тавьж равнай өргөөд Зүүн хүрээнээс чойрын хоёр дацанг нүүлгэж ирсэн байна . Энэ үеэс хойш Далхын дэнж хэмээн нэршжээ. 1789 онд Их хүрээнд Зурхайн дацанг үүсгэн байгуулсан байна . 1806 онд Их хүрээнд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг байгуулсан юм . 1807 онд Их хүрээнд бясалгал дияаны Шадүвлин хийд байгуулав 1809 онд Төвдийн гүн ухаантан Банчин Содномдагвын игчаны дагуу Гунгаачойлин дацанг байгуулав . 4-р Богд Монголын шашны ирээдүйн мандал бадралыг болгоон судрын гүн ухааны ёсны Гунгаачойлин дацан, Тарнийн гүн ухааны Дүйнхор дацанг байгуулсан нь Их хүрээнд Судар тарнийн ёс хөгжин цэцэглэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан байна . 4-р Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай билээ. 1813 онд 4-р Богд таалал төгсчээ. 4-р Богдын айлдсан нэг боть шахам зохиол байдаг.


Top
   
PostPosted: Sep.26.11 4:53 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
5-р БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНЧҮЛТЭМЖИГМЭДДАМБИЙЖАНЦАН (1815-1841)

Image

5-Богд Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан нь Төвдийн Лхасын ойролцоо түшмэл Гомбодондов , эх Ригзэнбүтэд нарын гэрт 1815 онд мэндэлжээ . 5-р Богд 1834 онд Их хүрээнд Майдар дацан , 1838 онд Их хүрээний Далхын дэнж хэмээх газар Гандантэгчэнлин сүмийг ,1841 онд 5-р Богдын зарлигаар Брагри Ёнзон Дамцагдорж Ламрим дацанг удирдан байгуулжээ . 5-р Богд Живзундамбын үед Их хүрээний нь Зүүн хүрээнээс гадна Далхын дэнжид гүн ухааны хоёр дацан, ламрин дацан , Бадам ёга дацан төвлөрч Гандан хүрээ гэж нэрлэгдэх болсон юм . Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин, Зүүн дацанд нь Дашчойнпэл хэмээх нэрийг тус тус хайрласан юм . 5-р Богдын Ёнзон багш нь лхаарамба Лувсанжамъян , Онгийн голын Брагри Ёнзон Дамцагдорж нар байв . Өөрийн ёнзон багш Брагри Дамцагдоржоос Нарохажид бурханы авшиг увидасыг хүртэж , бясалгал бүтээхийг өвлийн адаг сарын 25-нд Их хүрээнд хагон жинсрэг өргөсний үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татсаныг Нарохажид бурхан бодитой заларсны шинж тэмдэг гэж хуучин Хүрээний нартан буурлууд ихээхэн билэгшээж ярьцгаадаг байсан аж . Одоогийн Улаанбаатар хотын Удирдлагын академийн байрны өмнөхөн талд , Туул голын хөвөөнд Нарохажид сүмийг байгуулж байжээ. Ер нь хутагт хувилгаадын тавдугаар дүр нь гайхамшигтай ид шид үзүүлж байсан тухай олон шинж тэмдгийг хуучны лам нар тодорхой ярьдаг байв . 5-р Богдын Дагнан , Сэгнан хэмээх бясалгал дияан , зүүд совиндоо ургасныг зурсан зураг Гандан хийдэд хадгалагдаж байсан билээ. Энэ зураг нь Гандан хийд өргөжин тэлж хөгжихийг харуулсан зураг байв . Тэрээр 1841 онд таалал төгсчээ. 5-р Богдын айлдсан бошго лүндэн зарим зохиолуудын талаар 5-р Богдын шавь Их хүрээний Шижээ гавжийн зохиосон 5-р Богдын намтарт дурдсан байдаг юм .


Top
   
PostPosted: Sep.26.11 4:54 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
6-р БОГД ЖИВЗУНДАМБА ЛУВСАНБАЛДАНДАМБИЙЖАНЦАН (1843-1848)


6-Р Богд Лувсанбалдандамбийжанцан нь Төвдийн Лхасын ойролцоо 1843 онд эцэг Содномдаржаа , эх Лхамдолгор нарын гэрт мэндэлжээ. 1848 онд Төвдөөс залж ирж Богдын ширээнд өргөмжлөн Даншиг мандал өргөснөөс хойш 49 хоног дээрээ хүн өвчний улмаас таалал төгсчээ . 6-р Богдын ёнзонгоор Төвдийн Гандан хийдийн Тива хувилгаан Иштүвдэнжамц ирсэн боловч Богд таалал төгссөн байжээ.


Top
   
PostPosted: Sep.26.11 4:56 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
7-р БОГД ЖИВЗУНДАМБА АГВААНЧОЙЖИВАНЧҮГПРИНЛАЙЖАМЦ (1849-1868)

Image

7-Р Богд Живзундамба Агваанчойживанчүгпринлайжамц нь 1849 онд Төвдийн нутаг Лхасын ойролцоо гүн Мягмар , эх Норовлхам нарын гэрт мэндэлжээ . Цаст Төвдийн орноос зургаан настайд нь урьж , Их хүрээнд Богдын ширээнд залж Мандал өргөсөн байна . 7-р Богдын Ёнзон багшаар лхаарамба Агваан –Одсэр байв. 7-р Богд Живзундамбын арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан байдаг . 7-р Богд нь шашин амьтны тусыг үйлдсээр 1868 онд таалал төгсчээ.


Top
   
PostPosted: Sep.26.11 5:00 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
8-р БОГД ЖИВЗУНДАМБА АГВААНЛУВСАНЧОЙЖИНЯМДАНЗАНВАНЧҮГ (1869-1924)

Image

8-р Богд Живзундамба Агваанлувсанчойжинямданзанванчүг нь 1869 онд Төвдийн Лхаст түшмэл Гончогцэрэн, эх Ойдовдулам нарын өргөөнд мэндэлжээ. 12-р далай лам Принлайжамц Банчин Богд Дамбийванчүг нар түүнийг 8-р Богдын хувилгаан дүрээр тодруулсан . Манж Чин улсын хаан Бүрэнт засагчийн үед Гадаад монголын төрийг засах явдлын яамнаас 8-р Богдыг Төвдөөс залах жанжин ноёноор Сэцэн хан аймгийн Сэцэн вангийн хошууны бэйл Цэрэнсамдүвийг томилсон байна . 1874 онд Их хүрээнд залж, Богдын ширээнд өргөмжилж Даншиг мандал өргөсөн байна . Түүний ёнзон багшаар Ари брүлгүү Хайдавданзанчойжиням , Гачин Балданчойнбэл , Ёнзон Лувсанхаймчиг нар байв. 8-р Богдын Ёнзон хамба гэж алдаршсан Гачин Балданчойнбэл , Лувсанхаймчиг нар нь Их хүрээний хамба номун хан байв . 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж мяндаг цолтой болсон юм . 1910 онд Их хүрээнд буддын гүн ухаан судлах Сэрагийн игчааны дагуу Идчаачойнзинлин дацанг байгуулав . 1910 онд 8-р Богдын зарлигаар Их хүрээнд Хүрээ барын ганжуур бүрэн хэвлэгдсэн . 1911 оны цагаагчин гахай жилд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж 8-р Богдыг хаан ширээнд өргөмжилж Богд хаант Монгол улсыг байгуулсан юм .

Ер нь хувилгаан хутагт нар урьд дүрийнхээ ажил үйлсийг дараа дүрийнхээ үед залган авч явуулж байсан юм . Үүний нэг жишээ бол 8-р Богдын санаачлагаар Өндөр гэгээний зохиосон соёмбо үсгийг 1911 онд төрийн туг , далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байна . Өндөр гэгээн айлдахдаа “Миний хувирашгүй номын үсэг замбуутивийг бүрхэнэ “ хэмээн айлдсан гэдэг . Монгол улс нь НҮБ-ын гишүүн орноор элссэнээс хойш гадаадын олон оронд элчин сайдын яамаа байгуулжээ. Монголын элчин сайдын яам байгаа газар бүхэнд монголын алтан соёмбот төрийн далбаа мандаж байдаг . Өндөр гэгээний дээрх айлдварын дагуу 8-р Богд Монгол улсын төрийн туг сүлдэнд соёмбыг оруулсанаараа одоо хүртэл уламжлагдаж олон улж оронд соёмбот далбаа намирч байна . 1912 онд Жанрайсиг дацанг байгуулав. 1924 онд 56 настайдаа таалал төгсчээ. 8-р Богдын гайхамшигт ид шидийн тухай ард түмний дунд яригдан үлдсэн олон жишээг дурдаж болно . Нэг жишээ дурдвал . 1920-иод оны үед гамин Хүрээг эзэлж Богдын ногоон ордныг их буугаар галлаж байхад Богдын ногоон ордон огтхон ч сүйдэж гэмтээгүй байна . Үүнийг Богд гэгээний залбирлын ач гэж өдгөөг хүртэл дурсан ярьцгаадаг . Тэрээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж , Манжийн дарлалаас салж , тусгаар улж болгож чадсан , нийт монголчуудын оюун санааны их удирдагч байсан юм .


Top
   
PostPosted: Sep.26.11 5:09 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
9-Р БОГД ЖАВЗАНДАМБА ЖАМБАЛНАМДОЛ ЧОЙЖИЖАНЦАН


Image


Халх Монголын 9р дүрийн Жавзандамба Жамбалнамдол Чойжижанцан бээрТүвдийн Үй муж дахь Лхасын хойд Томсик гэх газар 1932 он буюу 16-р жарны усан бич жил Рало омгийн Лувсанжамбал ба Янжинлхам хоёрын айлын ганц хүү болон мэндэлжээ.Түүний ээж Янжинлхам нь ганц хүү төрүүлсэн бөгөөд хүүг мэндлэхэд олон гайхамшигт билэг дэмбэрэлт үйл явдлууд тохиолдсон билээ. Эхийн хэвлийд байх үед нь Гандан хийдийн ширээт хамба Тэхор Жамбачойдог ринбүүчи бээр ч хутагтын мэндэлснийг ер бусын хэмэээн урьдчилан зөгнөж Сономдаржай гэсэн нэр хайрлажээ.Хожим Авралт Павонха Дэчэннинбо 1878-1941 түүний нэрэнд Данзан гэсэн нэр нэмж үүгээр нэр нь Сономданзандаржай хэмээх алдартай болсон ажээ.

Түүнчлэн Гараг Ёнзон ринбүүчи түүний г Жамъян Цоржийн хойд дүр болохыг мэргэлж Түвд улсын мэргэн зөнч Найчүн чойжон үүнийг мөн адил хүлээн зөвшөөрч “Энэ бол миний Жамьян намхай норов” хэмээн Жамъян цоржын хувилгаан мөн гэж баталсан билээ. Буусан мэргэ төлгийн дагуу хутагтыг 4 настай байхад Жалцав Радэн ринбүүчи түүнийг 8 дахь Халх Жавзандамба хутагтын хойд дүр болохыг хүлээн зөвшөөрчээ тодруулжээ.Гэвч энэ үед Түвдийн ард түмэн,Түвд соёл онц чухал түүхэн уулзварт ирсэнтэй холбогдон Түвд улсад тааламжгүй байдал үүссэн учир Түвд Монгол засгийн газрууд уламжлалалаар ширээнд залах ёслолыг хийж чадаагүй аж.

Төрлийн хэлхээс:

Гэгээн хутагт нь Халхын анхдугаар Богдоос тооцвол 9-р : Жонон Дарнатын 10 дахь төрөл,Товтамэд Бодьсадын 28 дахь төрөл,Барва Бандидын 21 дэх төрөл байсан ба 14 дэх Жамъяан Цорж,Ранжун ишдоржийн 9 дахь, юм.8 насандаа Радрэг Түвдэн жамбал иш гэгээнтний дэргэд гэцэл сахил хүртэж Жамбалнамдол чойжанцан хэмээх нэр алдарыг авсан юм.Үүний дараа тэр Брайвүн дацанд суралцахаар очсон билээ.

Гэвш Агваан Чойдон,Бори Ти-Дүлва лам,Түвдэн ням болон Халхын гэвш Дашжамц лам нарын халамж анхаарлын дор Парчин-Билиг барамид,Ум –Төв үзлийн ном зэрэг судар номуудыг их хичээл шамдлаар судалсан билээ.

19 настайдаа Гүнлиг ринбүүчигээс Зод лүйжингийн нийт болон нийт бусын авшиг,увьдас,дамжлагын номуудыг сонсон өвлөж авсан юм.Үүний дараа анхааран авлагад шамдах ёсоор Чүмиг-жарз буюу хээрийн жод бясалгал нямбанд явж авсан номоо улам дадлагажуулсан билээ.

1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцсан юм.Тэр үед хийдэд махан төрлийн хоол хүнс идэхийг хориглож мөн хийдийн дэг журмыг өөрчилж гадна дотно зохион байгуулалтад анхаарал тавьж хийдийн эргэн тойрон гайхамшигтай 16 сүм хийдээр хүрээлүүлжээ.Мөн дүйцэн өдрүүдэд өргөл барьц барьдаг хуучны сайхан уламжлалыг сэргээж сайн ловнирт суралцсан лам хуврагуудын үнэлж зэрэг зиндаа ахиулб олгодог болжээ.Мөн хутагт бээр дээдийн номуудыг ихэнхдээ ганцаар бясалган суудгаас гадна гэгээрлийг олох зам мөр буюу ламрим,Оюун судлахуй буюу-Ложон гэх мэт номуудыг ард түмэн сүсэгтэн олонд сургаал айлддаг байсан гэдэг.

1959 онд Түвдэд Хятадын засаглал ноёрхолын их өөрчлөлтүүд гарсан учир 28 насандаа Балба руу дүрвэн гарч Энэтхэг Балба улсын хилийн зааг болох Валүн гэгч газарт нэг жил суун тэндээс Энэтхэг рүү гарсан билээ.

Энэ хугацаанд Бадма чойлин багшаар Янжин драдо хэмээх Түвд хэлний дүрэм,хэл шинжлэл,яруу найргийг судалжээ.1960 онд Энэтхэгийн өмнө зүгт хэд хэдэн газарт ээлжлэн суурьшсаар 1981 онд Майнпад дахь Пандэлин гэх Түвдийн сууринд суурьшжээ.

Богд гэгээнтэн Пандэлинд суурьших үедээ шашин номын их хэргийн дашрамд өөрийн сонирхол авъас билгийн үүдэл болж театрын урлагыг цагаач ард иргэдэд гүр дууллыг засан хөтлөж дуулах баг хүмүүсийг бэлджээ.Хожим гэгээнтэн Дарамсала хотод суурьших үед ч жил тутам тэдгээр баг хүмүүс очиж Мил богдын гүр болон өөр бусад дууллыг хөтлүүлэн Түвдийн цагаачдын дундах театрт зохиогддог тэмцээн уралдаанд оролцдог болжээ.

1986 онд 43 настайдаа Түвдэд эргэн ирсэн ба Түвдийн өөртөө засах улсын бодлогын дагуу Дагдан Чойдэ хийдийг удирдлагандаа авч Хятадын засгийн газрын зөвшөөрлийн дагуу хийдийн лам нарыг цуглуулан хийдэд суулгаж хуучин уламжлалыг сэргээсэн байна.

Дээрхийн гэгээн 14-р Далай лам 1990 онд Майнпад дахь Түвдийн сууринд айлчлахдаа 59 настай Жавзандамба гэгээнтэй уулзаж ширээнд залах албан ёсны ёслолыг хийх талаар мэдэгджээ.

1991 он буюу Төмөр хонь жилд Түвдийн засгийн газрын шашин соёлын яамны сайд Галсан иш Монголд айлчлилж Монгол улсын ерөнхийлөгч Очирбат болон бусад өндөр албан тушаалын хүмүүстэй уулзсан ба уулзах үед түүнд шашны уламжлал сэргэж байгаа энэ цагт Жавзан дамбын хойд дүрийг ойрын хугацаанд Монголд уриваас зүйтэй гэдгийг илэрхийлсэн аж.Уулзалтын үеэр Халх Жавзандамбын одоо байгаа хойд дүрийг Түвдийн ард түмэн ялангуяа Дээрхийн гэгээн Далай лам хүлээн зөвшөөрсөн эсэхийг түүнээс тодруулан асууж билээ.Үүнийг тооцоолон Түвдийн засгийн газрын шашин соёлын яам Халх Жавзандамбын хойд дүрийг олж тогтоосон явдлыг нарийн сайн судалж тайлангаа Дээрхийн гэгээн Далай ламд танилцуулсан байна.Тайланг уншиж танилцаад Дээрхийн гэгээн”Жамбал намдол Чойжанцан нь Жавзандамбын хойд дүр болох нь үнэн зөв.Тэр бол шашин амьтны тусыг бүтээж чадах хэмжээнд хүрсэн мөн сутра болон тантрын номд мэргэшиж тодорхой хэмжээнд суралцсан билээ.Иймээс түүнийг Жавзандамба хутагтийн 9-р дүр гэдгийг би хүлээн зөвшөөрч байна.Түүнийг урт удаан наслах болтугай гэж би цаашид залбирахын зэрэгцээ Монголын их нутагт аз заяа,хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө зүтгэж энэрэн нигүүлслийг ихэд бадраана гэдэгт итгэлтэй байна хэмээн айлдаж 1991 оны 9-р сарын 20нд гарын үсгээ зурсан билээ.

Түвдийн засгийн газрын шашин,соёлын яам уг тайланг Дээрхийн гэгээн Далай ламын энэ захидалтай хамт Жавзандамбад өргөн барьж үүний хажуугаар түүнийг хүлээн зөвшөөрснийг албан ёсоор олон нийтэд зарласан байна.1992 онд буюу усан бичин жилд 62 настайдаа бараа бологчдын хамт Дарамсалад уригдсан ба түүнийг сэнтийд залах ёслол тухайн жилийн 1 сарын 13 нд Далай ламын ордонд болжээ.

Түвдийн Буддын шашны бүх урсгалын дээдэс лам болон хувилгаад нар Түвдийн засгийн газрын соёл шашны яамны сайд болон нарийн бичиг нар бусад мяндагтнууд,мөн олон энгийн ард иргэд энэ ёслолд оролцжээ.Түүнээс хойш Богд гэгээнтэн Дарамсалад сууршин Далай ламаас сургаал номуудыг сонсож тарнийн ёсны хамгийн дээд Дүйнхэрийн тарнийг тоонд хүргэн мөн бусад тантрын аймаг тус тусын үүсгэл төгсгөлийн ёог бүтээлд шамдан суужээ.

1994 онд 64 насандаа Дээрхийн гэгээн Далай ламын зарлиг зөвлөмжийн дагуу Түвдийн Амдо муж руу хэмээх ховор номын эрх хөтөлбөр ба ялангуяа Жононба уламжлалт эрх авшигт зорьжээ.Гэвч Түвдэд морилход Хятадын засгийн газар Богдтой гадны хэн нэгэнтэй уулзахыг хориглож сар гаруй хугацаанд түр саатуулжээ.Дараа нь Лхас руу албадан явуулсан учир Жонон урсгалын дээдэс лам нартай уулзаж чадаагүй юм.

Лхасад байх хугацаанд 13-р Далай ламын лүндэн бошгын дагуу Зуу бурхны 2 дүр болон бусад дүрийг алтаар бүрж бүтээсэн нь Дээрхийн гэгээн 14-р Далай ламын урт удаан наслах,Түвдийн ард түмний эрх чөлөөт улс төр байхын тул энэ буянаа зориулжээ.Түүнээс гадна сүмд цугларсан ард иргэдэд хоол унд өгч олон мянган балин тахилыг өргөж долоо хоногийн турш Лхам бурханд наминчлага болон үйлсээ даатган тахиж үйлджээ.Удалгүй Хятадын засгийн газраас зөвшөөрөл ирж Түвдэндоржийн урилгаар Түвдийн төв нутагруу аялж буман тарни унших ёслолыг удирджээ.Дараа нь Лхасын ойролцоо байдаг Ринчэнбуннай-д бараалхаж Гүрү ринбүүчид зориулсан 3 хоногийн буман тахил өргөлийн ёслолыг хийжээ.Гэвч Хятадын засгийн газар сэрдэж хэд хэдэн удаа байцаан саатуулхад би энэ буяны үйл ажиллагааг дэлхийн энх тайвны төлөө үйлдсэн юм гэж хариу өгсөн юм.

1995 онд 65 настайдаа Дарамсалад Ханд дагинын дамжлагыг дэлгэрүүлэхийн тулд цөөн Монгол шавь нартаа Зод лүйжингийн авшиг ван хайрлаж нямба бясалгалд шамдуулжээ.Цаашид Зод лүйжингийн шашныг улам дэлгэрүүл шашны зан үйлийг олон шавь хуврагад өвлүүлэхийн тул Дагдан лавранг байгуулжээ.Дагдан лавраны барилга нь 4 давхартай байдгын дээд давхарт хурлын танхим ба гол шүтээн бурхан Богд Зонхов, Мажиглавдонма гээд бусад олон шүтээн дүр бий.

Дээрхийн гэгээн 14-р Далай лам Жонон урсгалын уламжлалыг хадгалах зорилгоор хийд сүм байгуулах зүйтэй гэж санал гаргасны зэрэгцээ Шимла хот дахь Санжайчойлин гэж өөрийн хийд болон шүтээн бусад хэрэглэлээ Богд Жавзандамбад олгожээ.Мөн Жононба шашны эзнээр өргөмжлөн Богд ламыг тэргүүнээр томилсон аж.Үүний дараа Богд Жавзандамба бээр Жононбын ёсыг цэвэр барих 40 гаруй лам нарыг цуглуулан хийдийг Жонан Магон Дагдан Пунцоглин хэмээн нэрлэжээ.

Айлчлал ба номын айлдварууд:

9-р Богд лам эрдэм ухаанаа ил чадалаа ил гаргалгүй нуун хичээж эгэл даруухнаар амьдралыг эрхэмлэдэг байсан ч Далай ламаас ард олон нийтэд ном сургаал айлдуулах,тантрын ёсны эрх ван ялангуяа шарын шашны жод лүйжингийн уламжлалыг сэргээж урьдын болон ирээдүй хойч шавь нараа бэлтгэх зарлигийг авчээ.

Богд гэгээнтэн гадаадын олон оронд шашин номын урилгаар заларч Бурханы шашны их хөлгөний сургаалийг харамгүй айлдсаар ирсэн билээ.1997 оноос Москва дахь Буддын шашны Зонхава төвийн урилгаар залагдан тус төвийн удирдах лам Гэвш Принлэй Оросын шинэ Буддистуудад жод лүйжин уншиж хонх дамар барих эрхийг гуйж гэгээнтэн энэ хүсэлтийн дагуу Намхагожид Лүйжингийн нийтийн ван хайрлан эрхийг өгчээ.Тэр цагаас хойш Москва хотод удаа дараа морилж Маналын ван жанан гэх мэт зарим тарнийн лүн эш хайрлаж Буддын гүн ухааны талаар дэлгэрэнгүй лекц уншин хөтлөж олон энгийн иргэдийн сүжгийн угт номын хурыг буулгажээ.1999 оны зуны эхэн сар Оросын Буриад улсын нийслэл Курумканд номын айлчлалаар морилж хар шар сүсэгтэн олонд Буддын ном сургаал ба Ямандагын ван болон бусад хөтөлбөрүүдээс айлдсан байна. Богд гэгээнтний номын сургаал айлдах газар орон бүгдэд хур бууж солонго давхар давхраараа татсаныг олон хүмүүс харсан байдаг.

Буриадад айлчилсны дараа Богд лам ар Монголд анх удаа айлчлилжээ.Монголын шашны хийдүүдийн хамба болон хуврагууд мөн сүсэгтэн олон түмэн гэгээнтнийг угтан залж 8-р Богд Жавзандамбын хойд дүрийн суудалд залсан байна.

1999 оны 8-р сарын 4нд Богд ламын өмнөх дүрүүдийн адислал хүртэж байсан анхны хийд болох Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдэд 9 дэх дүрийг ширээнд залах ёслол болж Гандан хийдийн Хамба ламтан болон бусад 17 сүм хийдийн хамба ловон лам нар : “ Умар зүгийн авралт итгэлт шашныг хамгаалагч 9-р Богд Жавзандамба гэгээнтэнг Монголын бурхан шашны тэргүүн хэмээн цол алдарыг өргөж, хийдийн тамгатай албан ёсоор хүлээн зөвшөөрсөн өргөмжилсөн бичгээ гардуулж нийт олон өргөл барьц өргөж мутрын адис, номын хурыг хүртжээ. Ингэж хар шар сүсэгтэн ард түмний сэтгэлийн угт сүжиг буяны үрийг суулгаж Бурхан шашин соёлыг Монголд улам дэлгэрүүлэх зорилгоор Богд сан байгуулсан билээ.Мөн хот хөдөөгийн олон хийдээр морилж зод лүйжингий ван,сүсэгтэн олонд өвчин үгүй урт наслах Цэвээн насны авшиг номын хурыг буулгажээ.

2000 онд Дарамсала дахь өөрийн лавранд Европын олон орноос ном сонсохоор ирсэн энгийн сүсэгтэн Буддистуудын хүсэлтийн дагуу Хажид бурханы ван авшиг тид хөтөлбөртэй нь тайлбарлаад тэдгээр шавь нарт дээдийн номыг өдөр тутам дадуулахын тул үргэлжлүүлэн сарын хугацаатай нямба бясалгалд шамдуулжээ.

2002 оны 6-р сарын 12 нд Богд гэгээнтэн бээр Далай ламыг Шимла дахь Жонон хийддээ урих залах том хэмжээний ёслол хийсэн юм.Дээрхийн гэгээнтэн Жонон Дарнатын өмнөх 8 ламын сургааль,Цагийн хүрд буюу Дүйнхэрийн доршүгийн ван авшиг айлдсан билээ.Энэхүү сургааль авшиг айлдсанд талархаж Жонон уламжлалт заншилд суурилсан урт наслах мөргөлийг зориулан уншжээ.Мөн хийдийн зарим шавь лам нар Далай ламын өмнө өргөл маягаар чойрын номоор дамжаа тавьж хоосон чанарын тухай сонин гайхамшигтай мэтгэлцээнийг тахилын үүл мэт өргөнд Дээрхийн гэгээнтэн таалал машид баясаж тэдгээр оюутан лам нарыг магтжээ.

Мөн оны намар Швейцарь улсын Зүрик хот дах шашны төвийн хувилгаан Лодое ринбүүчи-н урилгаар Монгол шавь Гүнзэ болон хүү охины хамт айлчлал хийжээ.Богд гэгээнтэн бээр гүн утгат Жодын нийт бусын авшиг хөтөлбөртэй нь дэлгэр айлдсан нь европ оронд шарын шашны жодын урсгал дэлгэрэх суурь үндсийг тавьсан байна.

Богд гэгээнтэн 2003 онд Тува улсад шашин номын албан ёсны урилгаар заларчээ. Тува улсын ерөнхийлөгч болон хар шар ард иргэдээс Дүйнхэрийн авшиг тавиулах заллага хүлээн авч Далай ламын зарлиг зөвшөөрлийн дагуу авшиг тавихад Намжил дацангаас 10 гаруй лам нарыг туслахаар томилжээ.Тува улсын хар шар нийт ард иргэд номын ачлалд талархал илэрхийлж гэгээнтний шашин номын хэрэгт урт удаан наслахуйн ерөөлийг өргөн даншиг наадмын ёслолыг өргөн барьжээ.

Богд лам бээр Дагдан лавранд зод лүйжингийн номыг сурхаар ирдэг Монгол Орос олон лам ани нар болон энгийн хүмүүст зааж сургахын хажуугаар шавь нарынхаа хоол хүнс амьдрах орчныг ч бүрдүүлж тэтгэсээр ирсэн. 2006 оны хавар, шавь нартаа жод лүйжингийн зан үйл,уншлага ая дан,бүтээл бясалгалд шамдуулан нарийн дэг ёсыг өвлүүлэхээр Одсэр ринбүүчи,Лхазүн ринбүүчи тэргүүтэй Монгол, Түвд, Орос нийт 25 шавь нартТойног 5 хандын авшиг, жарзны дэлгэрэнгүй хөтөлбөрийг айлдаж Гималайн оргил уулсаар 108 булгийн эхээр хээрийн бясалгал нямбанд дадуулахаар явуулсан байна.Энэ их номын үйлсэд жарзны бүх хэрэглээ зардлыг өөрийн сангаас гаргаж мөнхүү Далай ламын таалал баясан Төвдийн засгийн газраас ч нямбаны бэлтгэл зардалд нэмэр хандив өргөжээ.Үүнээс хойш жил бүр түүний олон шавь нар баг болж цаст Гималайн оргилоор явж бясалгал нямбанд шамдах заншил тогтжээ.Богд гэгээнтэн бээр шарын шашны Гандан Нянжүд жодын дамжлага увдис номоо Одсэр ринбүүчид даатган өвлүүлж ирээдүйн жочуудад лүйжингийн авшиг ном хөтөлбөр тавих зөвшөөрлийг хайрласан байна.Одсэр ринбүүчи нь Өмнөд Энэтхэг дэхь Сэра дацангийн гол лам бөгөөд түүний өмнөх дүр нь Богд лам өөртэй нь ойр дотно харилцаатай байсныг дурсан ярьдаг байлаа.

2006 оны намар Гэгээнтэн өөрийн ачит багшийн Далай ламд тантрын ёсны дээд шүтээн Дүйнхэр бурхныг өргөх буяны хурим ёслол болжээ.Дүйнхэр бурхан нь 7 тохой өндөр бөгөөд бурхныг Балбын урчуудад жилийн өмнөөс захиалуулж хийлгэсэн ба бурхны чимэг эрдэнэс чулууг өөрийн биеэр Дэли хотын ойролцоо чулуун ордтой хотоос сонгон авч чимэглэсэн байна.Далай лам бээр Богдын өргөсөн шүтээн бурхнаа Дүйнхэр дацандаа залсан байна.

2009 оны 10 сарын 25 нд Богд лам бээр МБШТөв Гандантэгчэнлин хийдийн урилга, 2 дахь удаагаа айлчилсан бөгөөд лам хуврага сүсэгтэн олонд мутрын адис хүртээж айлдвар сургаал айлдан маань мэгзэмийн лүн,насны авшигыг хайрлажээ.Үүний зэрэгцээ Төв Гандан хийдэд лүйжин номыг олон шавь нарын хамт хурж Энэтхэгт Дагдан лавранд гардаж сургасан эрэгтэй эмэгтэй нийт шавь нар хурлаа жигд сайхан хурж байхыг ихэд магтан, одоо Монгол оронд жод лүйжингийн шашин улам дэлгэрэх цаг болсоныг анхааруулжээ.Мөн тусдаа хурлын газартай болж цаашид шарын шашны жодын урсгал дэлгэрэхэд хүчин зүтгэж олонд тустай үйлийг хийж явах хэрэгтэйг захин сургаалаа айлджээ.Мөн өөрийн тодруулсан шавъ Гачин Чогбрүл ринбүүчид навсай бүрэн өмсгөлөө хайрлан ирээдүйд мөн бусад шавъ нартаа даалгасан явдал юм.

1999 оноос эдүгээ он хүртэл хугацаанд Богд гэгээнтэн Монгол оронд дахин заларч бурхан шажинд хувь нэмэр оруулж Монголын бурхан шашны удирдлагуудад удаа дараа бичгээр хэлээр хандаж байсан боловч

Эдүгээ 78 насны сүүдрийг зооглож буй Богд гэгээнтэнАмерик,Канад,Швейцарь,Орос,Буриад,

Халимаг,Тува,Сингапур,Тайван зэрэг улс оронд олон удаа уригдан Буддын шашны гүн дэлгэр номын авшиг сургаалийг харамгүй өгч шашин амьтанд ач буянаа хайрласаар эдүгээ олон шавь нараа тэтгэн Дагдан лаврандаа заларч буй билээ


Top
   
PostPosted: Sep.26.11 5:14 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Мэдээллийн эх сурвалж http://dharma.mn, http://mongolkhandmaa.com


Top
   
PostPosted: Sep.26.11 6:07 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
НОМЧ МЭРГЭН ЦОРЖ ЛАМ ЛУВСАНДАГВАДАРЖАА /1734-1803/


Номч мэргэн цорж Лувсандавгадаржаа 12-р жарны хотол баясгалант хэмээх шороон бар жип Xангайн нурууны Бага арцат хэмээх газар эцэг Самдүв, эх Дайрийжав нарын хөвгүүн болон мэндэлжээ. Түүнийг гурван ойтойд нь сэвлэгийг нь үргээхэд Эрдэнэ зуугийн Ганжуурва цорж Лувсанжанцан бээр Лувсандагвадаржаа хэмээх сахилын нэр хайрлаж, гэнэн сахил хүртээсэн ажээ. Таван анстайгаас аав, ээж, ахмад хүмүүсийг даган дуурайж мэгзэм, зарим тарни уншиж, улмаар багшаар заалган түвэд хэл бичигт суралцан, жилээс жилд цагаашран судар номыг уншиж цээжлэн тогтоодог болсон нь түүний шашин номд дуршил сонирхол их, бас ч номын билиг авъяас тийн байсны илрэл байжээ. 1743 онд II Богд Лувсандамбийдонмэ гэгээнийг Эрдэнэ зууд морилох үеэр шавь орон "насны судар" Цэвээнийг хүртэн, улмаар Чин сүжигт номун хан Лувсанноровшаравт шавь орж "Дүнтэв ринжунгийн жинан" мөн хүртэж, ном эрдмийн барилдлага улам арвидсан ажгуу. 1757 онд Их Хүрээнд ирж, монгол, түвэд олон эрдэмт лам хуврагт бараалхан, судар тарнийн гүн увидаст номуудыг сонсон айлдуулжээ. 1759 оны эм туулай жилээс эхэлж Зуугийн V ламын бүтээсэн Очирдарийн сүм нэн хуучирсныг өөрийн хөрөнгөөр сэлбэн засжээ. Жавзүндамба хутагт 1760 онд гэлэн Дагвадаржаад Номч цорж хүртээж, Эрдэнэ зуугийн 7-р ширээт ламаар өргөмжилснөөр түүнд эртний уламжлалт Халхын ууган хийдийн шашин номын үйл ажиллагаа, сургууль дэг ёсыг улам цэгцлэн өргөжүүлэх ихээхэн итгэл хүндлэл төрүүлжээ. тэрбээр Эрдэнэ зуугийн гол шүтээн Гомбо гүр бурханы тухайтад нинчин хэмээх их аясалгалыг үйлдэж, 1763 онд 3-р богд Лувсандамбййнямд мандал өргөж, тэр цагийн хамгийн нэртэй эрдэмтэн хутагт нар болох Ламын гэгээн Лувсанванчинбалбар, Зая бандид Лувсанамжилгэлэгняндаг, өөрийн багш Чин сүжигт номунхан Лувсанноровшарав лугаа шашин номын үйлээ зузаатган, эргэл мөргөл үйлдэж байв. Давгадаржаа ламтны бүтээсэн номын чухал үйлийн нэг бол Эрдэнэ зуугийн Их цогчин дуганыг өөрийн идэвхи зутгэл, сүсэгтэн олон өглөгийн эздийн их хандиваар байгуулсан явдал юм. Эрдэнэ зууд Их цогчин дуганыг байгуулах саналаа авгөн Түшээт хан Цэрэндоржид мэдуүлсэн боловч дэмжлэг эс олсон аж. Харин 1763 оны усан хонин жил Богдын гэгээн соёрхон сайшаашаасанд, Сэцэн хан аймгийн хошууд, Өвөрмонгол, Утайгаар морилон ном талбиж, хөрөнгө хандив цуглуулан, нандин шүтээн тэргүүтнийг залан авч ирэж 1770 оны төмөр барс жилд бутээн дүургэжээ. Манжийн хааны заллагаар 1780 онд Банчин-Эрдэнэ Лувсанбалдан-Эшийг Бээжинд залагдахад очиж бараалхахдаа дуганд нэр айлтгасанд "Дамбаравжайлин" хэмээх нэр хайрласан нь хожим Ган Дамбаравжайлин гэж нэрлэдэг болсон. Бээжингээс Банчин-Эрдэнийн хамт Долнуурт очиж, Жанжаа хутагт Ролбийдоржид бараалхан шавь оржээ. Эрдэнэ зуу хийдийн Гомбогүр бурханы уншлагыг хэрхэн дэглэх талаар Жанжаа хутагт Ролбийдоржид хандан элч илгээсэнд өөрөө эсвэл нэгэн сайн ламыг сонгож Түвэдийн Сажа хийдэд илгээхийг зөвлөсөн байна. Тийн зөвлөсний дагуу Номун хан Жамбалдорж нарын хамт цогчин гэвгүй Лувсанчодов хэмээх ламыг Түвэдэд илгээжээ. Элч төлөөлөгчид Сажагийн хийдэд хүрч Сажа лам Агваангунгаалодойсанжайдамбийжанцан хутагтад бараалхан Гомбогүрийн арванхоёр бурхан нөхөр сэлтийн авшгийг сайтар хүртэн залгамжилсан байна. Сажа ламаас эртний уламжлалт харилцаат Эрдэнэ зуу хийдэд зориулан олон нандин шүтээн.Сажийн таван дээдсийн бүрэн зохиол гомбонүрийн чойжин тэргүүтэн ховор чухаг зүйлүүдийг бэлэглэж байсан түүхтэй юм. Лувсанчодог гэсгүй Эрдэнэ зуутийн Гомбогүр бурханы бүтээлийг үйлдэж, тасалдахад хүрээд асан Сажийн ёсны Гомбогүрийн дэг ёсыг шинэчлэн тогтоосон амуй.Номч цорж ламтан, Түшээт ханы хамт Банчин-Эрдэнэ, Жанжаа хутагт хоёрт Эрдэнэзуугийн хийдэд ном сургууль алинд шамдваас шашин амьтанд тус их болохыг айлтгасанд, номын сургуулиас "Бодь мөрийн зэрэг бясалгалд шамдваас сайн хэмээсэн тул 1782 онд Зуу гийн хийдэд 50 хуврагаар Бодь мөрийн зэрэг сургүүлийн хурал байгуулжээ. 1784 онд Номч цорж өөрийн бүтээсэн Гомбогүр, Махагалын сүмүүдийг засаж, түвэд хэлбэртэй гурван давхар сүм болгожээ. 1786 оны гал морин жилд Номч цорж бээр дээд хутагт нарын зөвлөсөн ёсоор Эрдэнэ зууд цам байгуулах, дэглэх ажилд орж, Банчин-Эрдэнийн, Далай ламын нарын цам бүжиг зохиох дэглэх тухайт ном судрыг судалж, олон оро хийдийн цам бүжгийг үзэж харьцуулан үзэж байгаад Богд гэгээнээ айлтган лүндэн буулгаж, Их хүрээний төв унзад Аграмба билигт нансо, гэлэн Равдан нарыг Зуугийн хийдэд -залж, хувраг залуусаас сонгож, Хангал намжил дацангийн гарын авлага цамчин мэт сургууль зохиосноос, Хөх хотын иргэн Лиү шан хон.монгол нэр нь буяндалай, цол нь Эрдэнэ дархан билигт хэмээх урлагчаар баг сунугиин мутрын бэлгэс нугуудыг уран монгол эрэгтэй, эхнэр олон үйлчнээр...элдэв хэрэглэлийг хоёр сарын дотор дүүргэж .....эртний гэгээн, хан эхлэн Халхын ноёд "Бат өлзий" хэмээх нэгэн их гэр барьж байсны "Өлзий хутаг" хэмээх довжоон дээр цам олон цамнуулж, бүжиглүүлжээ. Тэрбээр олон зуйлийн гүр дуулал зохиосноороо алдартай нэгэн. 1781 онд Их хүрээнд очиж, шинээр залагдсан IV Богд Лувсантүвдэнванчигжигмэджамцад мандал өргөж, төдөлгүй Эрдэнэ зуугаас Бээжинд морилон Жанжаа хутагт Ролбийдоржид бараалхан, өөрийн зохиосон соёмбо үсгийн тайлбар "Соёмбо зоёади хэмээх монгол үсгийн түүхийг товчлон хурааж үзүүлсэн огторгуйн чандмань хэмээгдэх оршивой" зохиолоо айлтган барьсанд Хутагт магтан сайшааж, "да цамжүр" хэмээх номыг үзэж судлахыг зөвлөсөн гэдэг. Эрдэнэ зуугийн Дашдаржаалин сүмд маналын лойлин бүтээж, гүү-аа, дамдин чойжоо зэрэг сахиус бурхдыг гол шүтээнээр залжээ.

Тэрбээр Өндөр гэгээнээс уламжлалтай Дүвхан-Эмалгачил хийдийг сэргээн сэлбэж бурхан шүтээнийг ил гарган залж, Төвхөн хийдийн тухай хоёр ч гүр дуулал зохион, өөрөө нянба бясалгал үйлддэг байв. Их Хүрээнд шавилж асан, "Цамын номлол шид бүтээн хүслийг хангагч" хэмээх зохиол бичсэн түвэд аграмба Сэнгэравдан ламтныг залж, "Эрдэнэ зуугийн" гэх өвөрмөц онцлог бүхий цамыг дэглүүлэн уламжлуулсан нь Монголын шашин соёлын түүхийн сонирхолтой чухаг дурсгал болсон юм. Тэрбээр Эрдэнэ зуу хийдэд болон Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон вангийн хошууны Балданбарайвун хийдэд тус тус "Бодь мөрийн зэрэг" буюу ламрим дацанг байгуулан сургалтыг нь дэглэн тогтоож, соёмбо үсгийг заан сургаж байсан юм. Номч цорж Лувсандавгадаржаа Жарантайн халуун рашаанд саатан биеэ сувилахын хамт Богд хан уулан дахь Манзушири хутагтын Дашчойнхорлин хийд, Засагт хан аймгийн Хотгойдын засаг хошуу, Дөрвөд далай ханы Баядын арван хошууны Ганданшадүвлин хийд, Илжигин хошууны Дашдаржаалин дацан, Урианхайн Ширхтэн зэрэг Монголын олон хошуу нутгийн ноёд, лам нарт залагдан шашин ном талбин, сүсэгтэн олны эгээрэл хүслийг ханган зохиож явжээ. Эх нутгаараа тийн аялахдаа байгалын үзэсгэлэнт Өлзийт уул, Хөвсгөп далай. Авзага хангай зэрэг олон газрын уул усны сан тахилгыг зохион айлдаж хүн зон байгал дэлхиин савдаг хайрхадыг баясгаж, оюуны цэнгэлийг олон олон заларч явсан бичиг номын хур их авъяас билигтэн бөлгөө. Тиймээс ч тэр түвэд хэлээр зохиол бүтээпээ бичиж байсан монгол мэргэдийн дотроос буддын гүн ухаан, дуун ухаан, түүх, шашны зан үйл, бэлгэдэл, зохист аялгуун ухааныг хамарсан хамгийн олон буюу 30 сүнбүм зохиол туурвисан их бичгийн хүмүүн мөн бөлгөө. Номч мэргэн цорж Лувсандавгадаржаа XIII жарны харагчин гахай жил буюу 1803 онд далан нас сүүдрийг зооглоод орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд Эрдэнэ зуу хийдийн баруун хойнохон Эрдэнэтив хэмээх топгойн өвөрт бунхалан мөнхөлжээ.

Монголын хутагтууд номноос / Зохиогч Д.Дашбадрах/


Top
   
PostPosted: Sep.26.11 6:11 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ЭРДЭНЭ МЭРГЭН ХАМБА БРАГРИ ЛАМ ДАМЦАГДОРЖ/1781-1848/


Монголын бурханы шашин соёлын болоод буддын гүн ухааны сэтгалгээний түүхэнд нэр алдараа мөнхөлсөн хутагт нарын нэг нь "Уулын лам" хэмээн алдаршсан Брагри /Бари ч гэдэг) Дамцагдорж мөн болой. Тэрбээр хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүнийн хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан -овоо сумын нутаг Онгиин голын «Улаан хошуу» хэмээх газар тайж Цэвээндашийн гэр бүлд 15-р жарны цагаагчин үхэр жилийн (1781 он) өвлийн эхэн сард мэндэлжээ. Эцэг эх нь хүүгээ монгол хүний сэтгэлгээгээр сайн эрдэм номтой нэгэн болгохыг хүсэж, Онгийн голын номч ноён хутагт Ишдонилхүндэв хэмээх ламд шавь оруулсан нь ирээдүйн сайн зам мөрийг нь гаргасан хэрэг байжээ. Багшийн заасан ёсоор түвэд хэл бичиг, уншлага ном заалган эргэлзэлгүй сурч, лам хуврагтны жаяг дэглэмийг нягт нямбай баримтлан дагаж хүмүүжсэн ажээ. Тийн учир тэрбээр 1781 онд гэнэн сахил, 1787 онд тойн хуврагын санваар, 1793 онд гэцэл санваарыг зооглож, урьд урьдаас илүү ламын ёсны чанд нарийн дэг ёсыг эрхэмлэн чухалчилдаг болсон байна. 1794 онд анх удаа багшийн хамт Их Хүрээнд ирж, Амдо нарын аймагт сууж, арвангуравхан сүүдэртэй цанид чойрын гүн ухааны хэцүү бэрх номыг хөтлүүпэн суралцсан нь түүний сэцэн билиг авъяас чадварыг илтгэж буй хэрэг ээ. Тийн суралцаж байгаад онгийн голын хийдэд Алашаагийн лхаарамба Агваандандарыг залагдан ирэхэд биеэр бараалхан шавь орж, Дандар лхаарамбын Онгийн хийдэд тогтоосон гүн ухааны чойр дацанд учир шалтгааны ухааны дүйраг сайтар заалгасан нь түүнд буддын логик сэтгэлгээнийхээ цар хүрээг тэлэхэд нь их ач тусаа өгсөн ажээ. Алашаагийн Дандар лхаарамбатай тогтоосон багш шавийн барилдлагаар, тэрбээр 1709 онд өөрийн багш Ишдонилхундэвийн хамт Амдогийн шашин номын гол орны нэг Гонлун хийдэд морилон нэрт эрдэмтэн Туган гэгээн Дармабазар лугаа бараалхан, айлдал зарлигийг нь сонсож, улмаар 1801 онд Богд Зонховын мэндэлсэн орон Гүнбүм хийдэд мөргөл үйлдэн, Хошуудын Цагаанданзан хун тайжийн байгуулсан алдарт Лавран хийдэд хоёр жил цанид чойрын их хөлгөн номыг үзэж судалжээ. Тийн эрдэм мэдлэгээ зузаатган билиг оюунаа гэгээрүүлээд, Цастын мэргэдийн оюуны тааллыг болгоохоор морилон хүрсэн байна. Дамцагдорж 1804 оноос Лхасын шарын гурван хийдийн нэг Сэра хийдэд шавьлан сууж, их хөлгөний ёс, тэр дундаа нууц тарнийн гүн ухааныг шимтэн судлаж, нэлээд зохиол бичсэний дотор Янсан чойгорын доторхи Янсан бурханыг уриж бясалгах зан үйлийн судар "Дамчогшадви даян" зэрэг бүтээл туурвисан нь сэтгэлгээний гүн нарийн түвшинд хүрсэн гэж Ганданширээт лам Агваанняндаг, Хардо ринбочи нарын том мэргэд бээр үнэлж, хожим түвэдийн зарим хийдэд энэ номоор уншлагын зан үйлд оруулан уламжлал болгон тогтоон дэглэж дадуулжээ. Бари ламын зохиосон "Дамчогшадви даян" бол Янсан ядамын гол гарын авлага болох V Далай ламын зохиосон "Жигмэддорж даян" хэмээх алдарт номын утга санааг хялбаршуулан шинэ тутам бясалгал үйлдэхэд амар болгосон зохиол юм. Үүний учир түүнд "равжамба" буюу "Машид уужим" хэмээх эрдмийн цолыг хүртээсэн байна.Гэлүгвагийн ёсонд нэлээдховор бөгөөд Сэра хийдийн Жэ дацанд Янсан Ядамын бясалгал бүтээлийн зан үйлдээ Бари ламын Янсангийн аймгийн номуудыг эрхэмлэн үзэж судалж ирсний дээр Өмнөд Энэтхэгийн Сэра хийдэд Бари ламын Янсан Ядамын аймгийг 3 боть болгон хэвлэн зан үйлдээ харэглэж байгаа нь Монгол ламын нэр хүнд эрдэм ухааныг хүндэтгэн үзэж байгаа хэрэг гэж гавж ламтан Ш.Сонинбаяр үнэлэн цэгнэсэн байна. Брагри ёнзон Дамцагдорж бол Түвэдийн шарын ба улааны шашны олон мэргэдээс буддын гүн ухааны судар тарнийн номуудыг сайтар судлан гэгээрч, ялангуяа Зая бандид Лувсанпринлэйгээс хойш бараг тасрахад хүрээд байсан нууц тарниин үндэс жүдийг танин барьж уг тарний ёсны Янсан Ядам бурханы үндэс авшгийг түвэд монгол оронд дахин залгуулсан нэрт хутагт мөн болохыг доктор Ш.Сонинбаяр өндрөөр үнэлэн судалгаандаа цохон тэмдэглэсэн1 байна. Түүний эрдэм боловсрол нэр хүнд үлэмж байсны тод жишээ бол IV Банчин-Эрдэнийн ёнзон багш Гүгэ Данзанжалцан хэмээх хутагт Бари ламд шавь орж, Янсан ядамын авшиг авч, түүнээ Банчин-Эрдэнэд дамжуулан барьж байсан, үүний улмаас улам алдаршиж, олон мэргэд бишрэн хүндэтгэж шавь орж байсан2 тухай профессор Л Хүрэлбаатар мэндэлснийх нь 200 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэлдээ тэмдэглэсэн нь бий. Тэрбээр Түвэдэд эрдэм номын далай их сангаас эрдэнэсийг тунгаан Түвэдэд бүтэн арванзургаан жил залраад40 нас сүүдэртэйдээ Монгол нутагтаа ирээд төрөлх Онгийн гол нутагтаа томоохон гурван хийдийн олон сүм дуганыг удирдан байгуулж, бурхан шүтээнийг бүтээн залж, хурал ном,түүний дэг жаягийг тогтоон цогцлоосон бөлгөө. Онгийн гурван хиидээс гадна Ламын гэгээний хүрээ, Их хүрээ зэрэг томоохон хийдүүдэд уригдан очиж, дацан сургууль байгуулж, лам шавь нарт ном эрдэм зажж байжээ. Брагри Дамцагдорж 5,6-р Богд Жавзүндамба хутагтуудын номын багш нь байв. Түүний Монголын шашны ёсонд "Бари дэг" гэж нэрээр нь уламжлагдан ирсэн уншлагын бясалгалын зан үйлийн дэгийг бий болгосон бөгөөд энэ нь Хүрээ дэг, Ханчин дэг, Заяын дэг, Түвэд дэг хэмээн алдаршсан зан үйлийн олон дэгүүдтэй зэрэгцэн хөгжиж, сургалтын өвөрмөц хэлбэр чанарыг хадгалсан шашны шинэчлэлийн нэгэн сонгодог сургууль байсныг эрдэмтэд нотлосон юм. Брагри ёнзон Дамцагдорж түвэд хэлээр 500 орчим нэр төрлийн 21 боть ном зохиол туурвисан нь Монголчуудын мэдлэг ухааны сан хөмрөгт түүний оруулсан оюуны дээж юм. Судлаачдын бодитой үнэлснээр монгол лам нарын дотроос түвэд хэлээр хамгийн олон ном зохиол туурвисан их бичгийн хүн бол даруй Брагри ёнзон хамба Дамцагдорж мөн. Түвэд орноос буцаж ирсэн 1821 оноос хойш 35 жилийн турш шашин номын уйлсийг тэтгэсээр 75 сүүдэртэйдээ өөрийн байгуулсан Гүндүжамбаалин хийддээ таалал төгсчээ. Брагри ёнзон хамба Дамцагдоржийн мэндэлсэний 200 жилийн ойг 2001 онд ёслон тэмдэглэж, түүний намтар, үйл ажиллагаа, бүтээл туурвилыг нь олон талаас нь анх шинжлэн судалсан эрдэм шинжилгээний хурал зохиож, илтгэлүүдийг ном болгон хэвлэсэн нь судалгааны цаашдын чиглэлд чухал алхам болсныг тэмдэглэсүгэй.

Монголын хутагтууд номноос / Зохиогч Д.Дашбадрах/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited