Электроникийн инженер гэдэг үгийн цаана гагнуурын алх бариад дотор гэдсийг нь гаргасан цахилгаан хэрэгслийн ард суух хүн төсөөлөгдөж байгаа байх. “Зурагт засварын 3 сарын” тодотголтой дамжаа төгсөгчдөөс электроник инженер юугаараа ялгаатай вэ? гэсэн асуулт ч урган гарах боловуу. Эдгээр асуултанд хариулж электроникийн инженер болохоор зорьсон дүү нартаа зөвлөмж болгохоор энэхүү нийтлэлийг аль болох энгийнээр бичихээр зорилоо.
Цахилгаан ба электроникийн инженерчлэл
Электроникийн инженер маань цахилгаан ба электроникийн инженерчлэл (Electrical and Electronics engineering) хэмээх мэргэжлийн бүлэглэлд багтдаг. Энэ нь инженерчлэлийн хамгийн өргөн хүрээтэй, олон талт салбарт тооцогддог бөгөөд цахилгаан дохио, тэжээл хэрэглэдэг төхөөрөмж ба системийн хөгжүүлэлт, дизайн, хэрэглээ ба үйлдвэрлэлийг хариуцдаг бөлгөө. Хэдийгээр нэлээд гол ирээдүй болсон чиглэлүүд нь 80-аад оноос эрчимтэй хөгжиж ирсэн тун залуухан салбар ч энэ нь эрчим хүч, машин хөдөлгүүр, цахилгаан хэрэглээ, удирдлагын систем, компьютер дизайн, хэт дамжуулагч, микро ба нанотехнологи, эмнэлгийн дүрслэлтийн систем, робот, лазер, радио систем болон (шилэн) оптик г.м тоочиж баршгүй шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон олон олон технологийн суурь болоод байна.
Цахилгаан инженерчлэл нь дотроо 4 үндсэн салбарт хуваагддаг. Үүнд:
1. Эрчим хүч ба машин механизм (Electric power and machinery)
2. Электроник (Electronics)
3. Холбоо ба удирдлага (Communication and control)
4. Компьютер (Computers)
Электроник
Электроник инженерчлэлийн салбар нь мэдээлэл боловсруулалт болон дамжуулалт ашигласан төхөөрөмж ба системийн судалгаа, дизайн, багцлал ба хэрэглээг хариуцан гүйцэтгэдэг. Мэдээлэл цахилгаан хэлбэрээр үүсгэгдэх, дамжуулагдах, хүлээн авах болон хадгалах хурд улам л хурдасаж байгааг дагаад энэ салбарын боломж улам л нэмэгдэж байна.
60-аад он хүртэл цахилгаан хэлхээ нь эсэргүүцэл, конденсатор, ороомог ба ламп зэрэг элемент дээр тулгуурлан тэдгээр нь утсаар холбогдсон байдаг байсан бол интеграл схем (IC- Integrated Circuits) гэж гарч ирснээр бүгдийг нэг бичил чипэнд багтаах технологитэй болсон нь анхны 4 давхар нүсэр байшинд байрлуулж байсан компьютер өдгөө цагны хэмжээтэй болох үндэс болжээ. Тэр үед компьютер ширээн дээр багтана гэдэг хичнээн үлгэр шиг сонсогдож байсныг та төсөөлж байгаа бизээ. Үүнд хувьсгал болж өгсөн зүйл бол хагас дамжуулагчийн технологи байлаа.
Электроник инженерчлэлийн салбарын технологи сайжирч шинэ шинэ боломж (дохио боловсруулалтын хурд, дохионы хэмжилтийн дээд доод хязгаар, технологийн үйлдвэрлэлийн нарийвчлал г.м) нээгдэхийн хирээр олон талт чанараа даган шинжлэх ухааны бусад салбаруудын салшгүй нэгэн хэсэг болон бүрэлдээд буй. Тив алгасан мэдээллийг хоромхон зуур солилцох, америк эмч өрөөнөөсөө францын эмнэлэгт хагалгаа хийх, хүнийг эд эсийн төвшинд мэдээлэл хүлээн авч боловсруулах, эмчилэх, нүдэнд үл өртөх бичил цахилгаан төхөөрөмж, био ба квант компьютер зэрэг санаанд оромгүй олон зүйл бодит байдал болж судалгаа шинжилгээ хийгдэн, зарим түрүүчээсээ хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Дотоод дахь сургалт, судалгааны чиг хандлага
Монгол улсын электроникийн инженерчлэлийн чиглэлээр дагнасан болон бусад мэргэжилтэй хавсарсан хэлбэрээр дараах ангиудаар мэргэжилтэн бэлтгэж байна. Үүнд:
* Төрийн өмчийн
o МУИС, Мэдээллийн Технологийн сургууль,
+ Электроникийн инженер
o МУИС, Физик-Электроникийн Сургууль,
+ Физик-Электроник
o Боловсролын Их Сургууль,
+ Физик-Электроникийн багш
o ШУТИС, Компьютерийн Техник Менежментийн Сургууль
+ Техник хангамж
+ Техник ба программ хангамж
o ШУТИС, Холбоо Мэдээлэл Технологийн Сургууль
+ Цахилгаан холбоо
+ Радио холбоо
+ Мэдээллийн хэмжилтийн электроник
o ШУТИС, Эрчим Хүчний Их Сургууль
+ Цахилгаан системийн автоматжуулалт
+ Цахилгаан электроник
+ Дулааны процессын автоматжуулалт
+ Эмнэлгийн тоног төхөөрөмж
o Техникийн коллеж (Дархан-Уул аймаг),
+ Цахилгааны инженер
o Төмөр замын коллеж
+ Төмөр замын цахилгаан хангамж
+ Төмөр замын цахилгаан холбоо
o Технологийн сургууль (ШУТИС, Орхон аймаг)
+ Цахилгаан эрчим хүчний автоматжуулалт
+ Уул уурхайн цахилгаан хангамж, механик
* Төрийн бус өмчийн
o Алтай коллеж
+ Компьютерийн техник
+ Компьютерийн техникийн хангамж, хэл
+ Эмнэлгийн тоног төхөөрөмж
o Хан-Уул дээд сургууль
+ Компьютерийн техникийн хангамж
+ Хүрээ коллеж
+ Инженер-электроник
+ Цахим компьютерийн техникийн коллеж
+ Компьютерийн техникийн хангамж, хэл
+ Электроник, автоматик
Электроникийн инженерчлэлийн мэргэжлийг эзэмшин төгсөгчдөөс ажил эрхлэлтийн чиг хандлагыг сонирхвол:
* Компьютерийн худалдаанд суурилсан бизнес
* Программ хангамж
* Харилцаа холбоо (communication)
* Үйлдвэрлэлийн автоматжуулалт (industrial automation)
* Дохиолол хамгаалалтын систем (security systems)
* Эрчим хүч
* Ахуйн автоматжуулалт (home automation)
* Электрон барааны худалдаа
* Компьютер ба электрон барааны засвар
* Хэвлэлийн эх бэлтгэл болон бусад үйл ажиллагаа
Хэдийгээр электроникийн мэргэжлийн чиглэлийн томоохон ажлуудын хүрэлцээнээс үүдэн төгсөгчид худалдаа голлосон бизнес, программ хангамжийн салбар руу ихээр урвадаг ч тэдний зарим хэсэг нь үйлдвэрлэлийн болон ахуйн автоматжуулалт, дохиолол хамгаалалтын систем, харилцаа холбооны техник хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг чиглэлийг хамарсан багагүй төсөл гэрээт ажлууд дээр амжилттай ажиллаж байна. Үүнийг зарим нэгийг ялимгүй тодруулбал:
Үйлдвэрлэлийн автоматжуулалт ба эрчим хүч – Дулааны цахилгаан станцууд, “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр тэргүүтэй уул уурхайн үйлдвэрүүд, Зүүн хараагийн “Спирт бал бурам” ХХК, “М-Си-Эс Кока кола” ХХК тэргүүтэй үйлдвэрүүд дэх олон олон төсөл монгол инженерүүдийн гараар бүтээгдэж байна. Цаашид ч монгол улсын засгийн газраас бүрдүүлж буй таатай нөхцөл ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг олноор даллан Оюу толгойн, Таван толгойн зэрэг олон ордыг дагасан уул уурхайн үйлдвэрлэлийн автоматжуулалтын ажил ихээр гарч ирэх нь ойлгомжтой болоод байна. Зах зээлийн энэ шаардлагыг уянаар мэдрэн одооноос чадварлаг инженерүүдийг ихээр бэлтгэж эхлэхгүй бол өмнөх олон олон төслийн нэгэн адилаар гадаадын компаниудад алдаж, арай гэж олсон зээл тусламжаа гадаадын компаниудын хармаанд хийж өгөн “know-how” хэмээх технологийн нарийн мэдэгдэхүүнгүйгээр, түлхүүр хүлээн авах системтэй хоцрох болно. Эндээс энэ чиглэлийн инженерүүдийн хомсдол хэр их байгааг мэдрэгдэж байна.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох боломжгүй алслагдсан айлуудыг эрчим хүчинд холбох, сэргээгдэх эрчим хүчний их нөөцөө ашиглах асуудал ч электроникийн инженерүүдийн анхаарлын төвд байгаа.
Ахуйн автоматжуулалт болон дохиолол хамгаалалт – Барилга байгууламжийн бүтээн байгуулалт монголд хичнээн хүчээ авч, гэнэт л сүрлэг сайхан барилга хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй сүндэрлэж байх нь гайхаад байх зүйл биш болоод байгааг та анзаарч байгаа байх. Тэгвэл тэр барилгын их бүтээн байгуулалттайгаа шууд пропорционалиар барилгын дотооод цахилгааны ба мэдээллийн сүлжээ, дулааны ба цахилгааны автоматжуулалт, дохиолол хамгаалалтын системийн ажлын захиалга ихэсдэг. Мөн манай олон үйлдвэр, байгууллага ба төрийн байгууллагын ахуйн автоматжуулалт, дохиолол хамгаалалтыг шинэчлэх шаардлагатай.
Төрийн байгууллагуудын дохиолол хамгаалалтыг гадаадын компаниар гүйцэтгүүлээд байх нь улс орны үндэсний аюулгүй байдалд хир нийцэх зүйл байх вэ гэдгээс дотоодын мэргэжилтнийг хангалттай бэлдэх шаардлага эх оронч үзлээс урган гарах буй заа.
Харилцаа холбоо – Уламжлалт цахилгаан холбооноос гадна үүрэн холбоо, сүлжээнд суурилсан холбоо (VoIP) –ны хэрэглээг дагаад харилцаа холбооны инженер, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болох болон “Цахим засаглал” хөтөлбөрөөс харахад монгол улсад сүлжээний хичнээн олон чадварлаг мэргэжилтэн шаардлагатай болж байгаа нь харагдаж байна.
Төхөөрөмжийн интерфейс – Эмнэлэг болон шинжлэх ухаанд хэрэглэдэг олон үнэ бүхий хэмжилтийн төхөөрөмжүүд хуучирсан шинийг авах санхүүжилт хомсоос төхөөрөмжийн интерфейсийг сайжруулан компьютер сүлжээтэй холбох асуудал ихээр гардаг. Энэ асуудлыг шийдэх нь электроник инженерүүдийн маань шинжлэх ухаан, болон ард түмний эрүүл мэндийн төлөө хийх үлэмж хувь нэмэр болох юм.
Олон улс дахь сургалт, судалгааны чиг хандлага
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын технологийн ид өрсөлдөөн шинжлэх ухааны ямар салбаруудад чиглээд байгааг дээр дурдсан. Электроникийн салбарт хагас дамжуулагчийн технологи, өндөр хурдацтай тооцоолох техник, робот, харилцаа холбоо тэргүүлэх салбарт тавигддаг. Харин электроникийн салбарын судалгаа шинжилгээний чиг хандлагыг нарийвчилсан байдлаар бол мэргэжлийн танилцуулга дээр цухас дурдснаас уламжлан тоочоод баршгүй. Бид алхам тутамдаа электроник төхөөрөмжтэй тулгарч, хүний амьдрал улам л электроникоос хараат болж байгаа гэдэгтэй та бүхэн санал нийлэх бизээ.
2005 оны байдлаар электроникийн инженерчлэлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудыг сургалтын чанараар нь жагсаасан байдал:
* АНУ-ын их дээд сургуулиуд (
http://www.usnews.com/usnews/edu/grad/r ... _brief.php)
o Massachusetts Institute of Technology
o University of California-Berkley
o Stanford University
* Их Британиийн их дээд сургуулиуд (
http://education.guardian.co.uk/univers ... =2&index=2)
o Imperial College of Science, Technology & Medicine, London
o Sussex University
o King's College, London
o Southampton University
o University of Bristol
o University College London
o York University
o University of Edinburgh
o University of Dundee
o Newcastle
* ХБНГУ-ын их дээд сургуулиуд (
http://www.das-ranking.de/che6/CHE6)
o RWTH Aachen
o TU Muenchen
o Uni Karlsruhe
o Uni Stuttgart
o TU Darmstadt
o TU Dresden
o TU Braunschweig
o Uni Erl.-Nuernberg
o TU Berlin
o Uni Bochum
o TU Ilmenau
o Uni Hannover
o TU Hamburg-Harburg
o Uni Ulm
o TU Chemnitz
TU – Техникийн Их Сургууль, Uni- Их Сургууль
Электроникийн инженерчлэлийн чиглэлээрх сургалтууд харьцангуй үнэтэйд тооцогддог хийгээд ахисан түвшиний сургалт бол бүүр ч үнэтэй байдаг. Энэ нь төгсөгчдийн ажлын байрны олдоц, мэргэжилтний эрэлт хэрэгцээ, цалингийн ерөнхий түвшин харьцангуй өндөр байдагтай холбоотой (Төлбөрийн асуудал сургалтын төлбөртэй америк, английн их дээд сургуулиуд болон мэргэжлийн корпорацийн дэргэдэх сургалтын төвүүдэд хамаарагдана).
Дэлхийн хэмжээнд инженерийн мэргэжилтний хомсдол байсаар байгаа. Нэг тод жишээ нь хэдхэн жилийн өмнө ХБНГУ 30000 мэргэжилтэн гаднаас ногоон картаар ажиллуулахаар зарлаж байсан явдал юм.
Инженерчлэлийн шинжлэх ухаан монгол улсад цэцэглэж, чадварлаг мэргэжилтэн залуус төрөн гарч монгол улс маань аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологит суурилан өөрсдийн хүчинд тулгуурласан жинхэнэ хөгжлийн замаар эргэлт буцалтгүй урагшлах болтугай.
Инженерчлэлийн хэт цахиваас монголын гал бадармуй.
Урианхан Ч.Лодойравсал
2005 оны 6 сарын 21
ТанхимНэт сүлжээ - ЭМОС клуб