|
Өвсөр нас даанч сайхан, бас гамнамаар …
Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсарын үе юм. Бие махбодийн өсөлт хөгжил хүн бүрт харилцан адилгүй, ялгаатай явагддаг учраас «Би эрүүл болов уу? Минийх яагаад бусдынхаас өөр байна? Гэсэн асуулт ихэнх өсвөр үеийнхний мэдэхийг хүсдэг, тэдний сэтгэлийг зовоодог зүйлийн нэг байдаг.
Охидод
Ертөнцийн энэрэнгүй зөөлөн, эелдэг дулаан бүхэн эмэгтэй хүнээс, охидоос эхлэлтэй гэж үздэг.
Шилжилтийн насанд охидод ямар өөчлөлтүүд гардаг вэ? Шилжилтийн насанд охидод гардаг өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр эмэгтэй хүний бэлгтийн булчирхай болох өндгөвчнөөс ялгарах эм бэлгийн дааврын /эстроген ба шар биеийн даавар/ хэмжээ ихэссэнээс шалтгаалдаг. Шилжилтийн нас нь охидод хөвгүүдээс эрт, ихэвчлэн 10-11 насанд эхэлдэг боловч үүнээс эрт, орой эхлэж болдог. • Охидын хэвлий, гуяар өөх хуримтлагдан бие нь бөөрөнхийдүү болж, үеийнхээ хөвгүүдээс өндөр болно. • Хөх болон хөний толгой томорно. • Умдагны орчим болон суганы хонхорт үс ургаж эхлэнэ. • Сарын тэмдэг үзэгдэж эхэлнэ.
Хөхний хэмжээ юунаас хамаарах вэ?. Хөхний хэмжээ хувь хүний онцлог, удамшлаас хамаааран хүн бүрд адилгүй байдаг. Хөх ургах эхний үед хоёр хөх нь жижил биш хэмжээтэй байж болох ба хөхний хөгжил ихэвчлэн 16-17 насанд гүйцдэг.
Загвар өмсөгч шиг биетэй болох юмсан… Охидын биеийн галбир, хэмжээ өөрчлөгдөж, 18 нас хүрэхэд нас бие гүйцсэн эмэгтэйн төрхтэй болдог. Хүн ямар төрх байдалтай болж өөрчлөгдөх нь ихэнхдээ эцэг, эхээс өвлөн авсан удамшлын шинжүүдээр тодорхойлогддог. Өндөр болох, их идсэн ч таргалдаггүй зэрэг шинжийг удамшин авдаг. Биеийн хэлбэр галбир, өсөлт хөгжилтөнд удамшлаас гадна, тухайн хүний амьдралын хэв маяг онцгой нөлөөлнө. Иймээс ч нас чацуу эрүүл охидын биеийн галбир, өндөр өөр өөр байдаг. Сайн зохицуулсан хоол унд, байнгын дасгал хөдлөлгөөн нь охидыг санасандаа хүрэхэд тусалдаг. Хүн бүр сэтгүүлийн хуудсан дээрх загвар өмсөгч шиг болох боломжгүй. Хэрэв чи таргалахыг хүсэхгүй байгаа бол дуртай мөхөөлдөс, бялуу амтатнаас татгалзаарай. Гэвч хоолоо хэт сойх, идсэн хоолоо бөөжиж гаргах зэргээр өөртөө зайлшгүй шаардлагатай уураг, эрдэс бодоис, амин дэм, тэжээлийн дутагдалд оруулах нь аюултай. Харин хөдөлгөөн тун чухал шүү.
Үтрээнээс цагаан юм гарах нь хэвийн гэж үү? Өндгөвчний дааврын нөлөөгөөр үтрээнээс сүүн цагаан өнгийн ялгадас гарах нь харьцангуй ихэснэ. Энэ нь чамд таагүй байдал үүсгэх ёсгүй. Гэвч өдөрт 2 удаа саван хэрэглэхгүйгээр бэлэг эрхтний гадна хэсгийг угааж, дотуур хувцсаа солих хэрэгтэй.
Эмэгтэй хүний муу цус нь сарын тэмдэг болж гардаг уу? Сарын тэмдэг ирэх нь тухайн охин эрүүл өсч хөгжиж байгаагийн илэрхийлэл болсон хэвийн үзэгдэл юм. Эмэгтэй хүний үтрээнээс тодорхой хугацааны мөчлөгтэйгээр цус гадагшлах үзэдлийг сарын тэмдэг ирэх гэнэ. Сарын тэмдэгийн мөчлөг нь даавраар зохицуулагддаг. Даавар нь эмэгтэй хүний галбир төрхийг эмэгтэй шинжтэй болгохын зэрэгцээ умайн дотор ханыг үр тогтсон өндгөн эсийг хүлээн авахад бэлтгэн, зузаан хөвсгөр болгодог. Өндөгвчинд боловсорсон өндгөн эс нь үр тогтоогүй бол бэлтгэгдсэн умайн дотор хана ховхорч гуужин үтгрээгээр дамжин гадагшилж сарын тэмдэг ирдэг. Сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртлэх хугацааг хэлнэ. Ихэвчлэн 20-иос цөөнгүй 35-аас олонгүй хоногийн мөчлөгтэй байдаг. Өндгөн эс гадагшласан үед жирэмслэх боломжтой. Иймээс сарын тэмдэг ирэх нь жирэмслэх боломжтой шинж юм. Сарын тэмдэг анх ирэх нас нь хүн бүрт адилгүй боловч 10-16 насанд ирдэг. Сарын тэмдэг нэг удаа ирэхдээ 2-7 хоног үргэлжилдэг ба ойролцоогоор 50-150 мл цус гарна. Сарын тэмдгийн эхний өдөр гарах цусны хэмжээ бага, хоёр, гурав дах өдөр нилээд ихээр гарч байгаад хэмжээ нь багасдаг. Сарын тэмдэг ирэхийн өмснө хөх хөндүүрлэх, ууц нуруу, хэвлийн доод хэсгээр бага зэрэг эвгүй оргих, базлах зэрэг шинж гэрч болдог. Сарын тэмдэг анх үзэгдснээс хойш 1-2 жилийн дотор өсвөр насны зарим охидын мөчлөг тогтмол биш байдаг нь хэвийн үзэгдэл юм. Сарын тэмдгийн үед хувийн ариун цэврийг сахих нь маш чухал. Бэлэг эрхтний гадна ханийг усаар угааж, тохирсон ариун цэврийн хэрэгслийг өдөрт хэд хэдэн удаа солих хэрэгтэй. Харин үтрээг угаах шаардлага байдаггүй. Нүүр, гар угаахад зориулагдсан анхилуун үнэрт санагууд нь цочрол өгч, харшил үүсгэдэг учир хэрэглэх нь зохимжгүй.
Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг бол яах вэ? Сарын тэмдэг ирэх үед охид өөрсдийн ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж, өдөр тутмын хэвшсэн дэглэмийг өөрчлөх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх нь зовиуртай байдаг тул дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөнө. Үүнд: • Хоол ундандаа хэрэглэх давсны хэмжээг багасгах, • Буцалсан ус өдөрт 1-1.5 литр хүртэл уух. • Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих, • Бүлээн шүршүүрт орох, • Өвдөг тохой дээр тулж хэвтэх, • Нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан багахан тойргоор эргүүлэх, • Өвчин намдаах эм уух зэрэг Эдгээр аргууд үр дүнгүй, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинжүүд байнга үзэгдээд байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Түүнчлэн сарын тэмдэг олон хоногоор, ихээр ирдэг, эсвэл 16 нас хүрсэн боловч сарын тэмдэг ирээгүй бол эмчтэй уулзаж зөвлөгөө аваарай.
Хөвгүүдэд
Хөвгүүн гэдэг нэр эрэгтэй хүний амьдралын хамгийн цоглог, баяр баясгалантай үеийг илэрхийлдэг.
Шилжилтийн насны хөвгүүдэд ямар өөрчлөлтүүд гардаг вэ? Хөвгүүдэд охидоос арай хожуу ихэвчлэн 13-14 насанд шилжилтийн үе эхэлдэг. Гэхдээ үүнээс эрт буюу хожуу эхлэх нь бий. Бэлгийн бойжилтын өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр төмсөгөнд тестостерон хэмээх эр бэлгийн даавар ихээр ялгарах болсонтой холбоотой. Тестоостероны нөлөөгөөр эрэгтэй хүүхдийн биед ажиглагдахуйц өөрчлөлтүүд гарна. • Хуухнаг томорч, доош унжиж, илүү үрчлээтэй болно. Цайвар арьстай хүний хуухнаг улаавтар, бараан арьстай хүнийх бор өнгөтэй болно. • Хөвгүүдийн төвөнх томорч дуу хоолой нь өөрчлөгдөнө. Эхний үедээ дуу хоолойны өнгө тогтворгүй, өөрчлөгдөж байдаг. Заримдаа бүдүүн, заримдаа нарийн хяхарсан авиа гаргадаг нь ичмээр ч байж болох юм. • Шодойн биед наалдсан хэсгээр болон суганд үс, бас сахал ургана. Умдагны үс аажмаар тархаж, илүү өтгөн, бужгар болдог. Энэ өөрчлөлт хүн бүрт ямар байдлаар явагдах нь эцэг, эхээс удамшсан шинжээр их хэмжээгээр шалтгаална. Үсэрхэг эцэг, эхийн хүүхэд үсэрхэг л байдаг. • Шодой хэмжээгээрээ томорч, урт бүдүүн болно. Төмсөгнүүд болон хуухнага томорсоор, аль нэг төмсөг, ихэвчлэн зүүн талынх нь илүү доош унжина. • Хөвгүүд өндөр болж, жин нь нэмэгдэнэ. Цээж мөр өргөсч, бэлхүүсээр нарийсна. Хөвгүүдийн бие махбодь хэрхэн өсч хөгжих нь хооллолт, дасгал хөдөлгөөн хийдэг эсэхээс ихээхэн шалтгаалдаг. • Зарим хөвгүүдийн хөх томорч, толгой нь эмзэг болдог. Энэ нь аажимдаа хэвийн байдалд ордог.
Шодойн хэмжээ ямар байх ёстой юм? Шодойн хэмжээ нь хамар, чих зэрэг бусад эрхтэнтэй адил хүн бүрт харилцан адилгүй байдаг боловч, дунджаар энгийн үед 5-10 см урт, хөвчирсөн үедээ 10-15 см урт байдаг. Хэмжээг нь томруулах боломжгүй юм. Шодойн хэмжээ нь эрх хүний хүч чадал, эршүүд байдал, бэлгийн чадавхи, таашаал өгөх чадварт огтхон ч нөлөөлдөггүй.
«Нойтон зүүд» гэж юу вэ? Хөвгүүдийн төмсөгөнд эр бэлгийн эсүүд боловсорч, үр тогоох чадвартай болдог. Төмсөгөнд үүсч, төмсөгөнд дайварт хадгалагдан бие гүйцсэн эрх бэлгийн эсүүд нь түрүү булчирхай, үрийн цэврүүний шүүрэлтэй нийлж үрийн шингэнийг бүрдүүлнэ. Ихэнхи хөвгүүд өглөө босоход, заримдаа зүүдлэх үедээ шодой нь хөвчирсөн байхыг мэдэрдэг. Зүүдлэх үед шодой хөвчирснөөр үрийн шингэн аяндаа гарч болох бөгөөд үүнийг «нойтон зүүд» гэдэг. Энэ нь бэлгийн бойжилтын хөгжил хэвийн ялвагдаж байгаагийн илрэл юм. Боловсорсон эр бэлгийн эсүүд ба үрийн шингэн нь хуримтлагдаж, гадагшлах шаардлага байдаг тул нойтон зүүд нь түүнийг гадагшлуулах байгалаас заяасан нэгэн арга ба шилжитилтийн насны өөрчлөлтийн нэг юм. Энэ нь 11-15 насны хөвгүүдэд тохиолддог бөгөөд давтагдах хугацаа нь харилцан адилгүй байдаг. Нойрон дунд үрийн шингэн аяндаа ялгарахыг хөвгүүд өөрсдөө зохицуулах боломжгүй.
Сэтгэл зовоосон олон асуудал байдаг.
Би хэвийн болов уу? Ихэнх хүүхдүүд өөрсдийн өсөлтийн талаар хэт удаан эсвэл хэт хурдан байна гэж санаа зовдог. Арай эрт өсч, хөгжсөн биерхүү нэг нь эсвэл намхан, жижиг нь бие биесээ шоолон, нэр хоч өгөх нь тэднийг улам эвгүй байдалд оруулдаг. Бусдаас өндөртөө санаа зовж, бөгтийсөөр сэрвээгээрээ бөгтөр болох нь бий. Үеийнхнээсээ түрүүлж хөх нь ургасан охид нуух санаатай цээжээ эвхэж явсаар алхаа гишгээ нь өөрчлөгддөг. Хэдийгээр хүн бүрт яг адилхан явагдахгүй ч гэсэн хүн бүр нэгэн ижил өөрчлөлтүүдийг аажмаар туулан өнгөрөх болно.
Хөлрөөд байдаг болчихлоо …. Шилжилтийн насны үед охид, хөвгүүдийн хөлсний булчирхайнууд ялангуяа суганы хэсгийн булчирхай идэвхтэй ажиллаж эхэлснээс илүү хөлрөмтгий болдог. Ихэнх нь дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл хөдлөх, уурлаж уцаарлах үедээ хөлөрдөг боловч, зарим хүний хөлс илүү их гардаг. Цэвэр хөлсөнд ямар нэг үнэр байдаггүй, харин удвал эвгүй үнэртэй болдог. Өдөр бүр усанд орох нь хамгийн тохиромжтой арга юм. Аль болох цэвэр даавуун дотуур хувцас, оймс өмсөх, тохирсон үнэр дарагч хэрэглэх нь зохимжтой.
Батга гарах нь насны онцлог гэж үү? Шилжилтийн насанд бэлгийн дааврын ялгарах хэмжээ эрх ихэссэнээс арьсан дахь тосны булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж арч тослог болдог. Тосны булчирхайн жижиг суваг битүүрснээс батга гардаг. Арьсаа сайн цэвэрлэж чадахгүй бол батга буюу хуримтлагдсан тосонд идээлүүлэгч нян орж тосны булчирхай идээлж батга хүндэрдэг. Арьсаа тогтмол сайна угааж, цэвэрлэх нь батга гарахаас сэргийлэх гол арга юм. Харин батгыг өөрөө шахах нь улам хүндрүүлж, сорви үлдэхэд хүргэдэг учир мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Том болох нь сайхан ч заримдаа хэцүү байдаг. • Аливаа асуудалд өөрийн гэсэн үзэл бодол, хандлага бий болж, зөв буруу ч гэсэн өөрөө шийдвэр гаргахыг эрмэлздэг. Энэ нь заримдаа эцэг эх, томчуултай зөрчилдөх шалтгаан ч болж болох юм. Эцэг эх бүхэн хүхэддээ сайн сайхныг хүсдэг шүү дээ. Тэд та нарыг нас нь бага гэж бодоод л зааж зааварладаг. Уурлаж уцаарлаж асуудлыг шийдвэрлэхгүй, нуцхацтайхан, илэн далангүй ярьсан нь дээр. • Хэн нэгнийг шохоорхон, хайрын шүлэг бичин хэн нэгэнд таалагдахыг эрмэлздэг. Зарим нь хайр дурлалтай ч учирч болно. Хайр дурлал аз жаргал бас уйтгар гунигийг ч авчирдаг. • Аливаа зүйлийг өөрөө биеэр хийж үзэхийг хүсдэг. Зарим нь сайн зүйлийг хийж бүтээдэг. Зарим нь тамхи татаж, архи ууж, тохиолдлын бэлгийн хавьталд орох нь ч бий. Энэ нь бэлгийн замын халдвар авах, хүсээгүй үедээ жирэмслэх, гэмт хэрэгт өртөх эсдэлд хүргэдэг.
_________________ New YIM Ncaptive@yahoo.com
|