#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 11:34 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Nov.18.09 11:50 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Лувсанжавын Чулуунбаатар
Үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөны явц


1941 онд түүхийн ээдрээт нөхцөл шалтгаан, төр засгийн хатуу шийдвэрээр кирил үсгийг албан ёсны бичиг болгон хэрэглэсэн боловч монголын уламжлалт худам монгол бичиг утга соёлын хэрэглээнээс бүрэн гарсангүй. 1990 оноос монгол бичигтээ эргэж орох тухай хурц маргаан үүсэж, түүнийг төрийн бичиг болгох олон нийтийн санал хүчтэй болсоор ирэв. Монгол бичгийг кирилээр сольсны дараа хамгийн их бэрхшээлтэй тулгарсан хүмүүс бол зохиолчид байсан. Монгол бичгээр зохиолынхоо эх дээр ажиллах нь хэл найруулга, дуудлага болоод бичлэгийн тансаг байдлыг эрхэмлэхэд илүү төхөмтэй учраас тэр юм. 1962 онд МЗЭ-ийн III их хурлын өмнө Улс төрийн товчоонд зохиолчдыг хүлээн авч уулзсан байна. Энэ үед “Тунгалаг тамир” романаа бичиж байсан нэрт зохиолч Ч.Лодойдамба гар бичмэлээсээ жишээ татаж ярихдаа: Монголоор бичиж, дараа нь шинэ үсгээр буулгачихаад эргээд уншихад сайхан нь алга болчихдог болохыг тайлбарлаж, яруу найрагч Б.Явуухулан “Шинэ бичиг шүлэг их эвдэж байна. Хуучин үсгээр байгаа Инжинашийн шүлгийг шинэ бичигт буулгахад дордож байна” хэмээн нотолж, бага цаг алдсан дээрээ эргэж монгол бичгээ хэрэглэе гэсэн санал тавихад нь Ю.Цэдэнбал няцаажээ. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров нарын хөгжмийн томоохон зүтгэлтнүүд “Хөх торгон цамц” хэмээх ардын дууны хөх гэдэг үгийг хоёр үе болгохоос өөр аргагүй болдог хэмээсэн нь монгол бичгийн хэлээр дуулахад илүү сонсголонтой байдагтай холбоотой юм. Монгол бичгийн хэлний сонгодог уламжлалыг өвлөн залгамжилсан Б.Ренчингийн хэл найруулгыг таашаахгүй байснаар үл барам түүний нөлөө залуучуудад халдварлахаас айж байсан. Хуучирсан үг хэрэглэж, хуучин бичгийн хэв маягаар хөөцөлдлөө гэж залуу шүлэгч нарыг хүртэл зэмлэж байжээ. 1980-аад оны дунд үеэс өөрчлөн байгуулалтын үзэл санаагаар цэнэглэгдсэн монголчуудын үндэсний ухамсар илтэд сэргэж, үндэсний монгол бичгээ сурах хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн билээ. Олон нийтийн хүсэл зориг, эх оронч санаачлагыг дэмжиж, тухайн үеийн Ардын Боловсролын Яамны сайд Б.Даваасүрэн 1985 оны 1- сарын 4-ны өдөр “Зарим багшаар сонгон суралцах хичээл заалгах тухай” 302 тоот тушаал гаргасан нь монгол бичгийн сэргэн мандлын эхийг тавьж, ерөнхий боловсролын сургуульд 50-иад оны сүүлээс огт үзэхээ байсан монгол бичгийн хичээлийг дунд сургуулийн 7, 8-р ангид үзэх болж, дунд сургуулийн болон олон нийтэд үзэхэд зориулсан монгол бичгийн сурах бичгүүд зохиогдон гарч эхлэв. 1970-аад онд зохиогдсон Д.Чойжилсүрэн, Х.Далхжав нарын монгол бичгийн сурах бичгийн дараа 1986 онд Чой.Лувсанжав, Ж.Лувсандорж нарын дунд сургуульд үзэх монгол бичгийн сурах бичиг гарч, хот хөдөөд албан байгууллага, соёл үйлчилгээний газруудад монгол бичгийн дугуйлан, дамжаа хичээлүүлж эхлүүлэн, телевизээр МУИС-ийн багш Ш.Чоймаа монгол бичгийн хичээл зааж, сургалтын зарим материал хэвлэгдэн гарлаа. Ер нь профессор Ш.Чоймаа 1989, 1990, 1991 онуудад бүх нийтийг монгол бичигт сургахад зориулан 60 удаагийн цуврал хичээл зааж, ард түмний монгол бичгийн багш алдрыг олон түмнээсээ хүртсэн билээ. Үүний хажуугаар монгол ёс заншил, шашин соёлын зан үйл сэргэж эхлэв. 1990 он гэхэд үндэсний сэхээтнүүдийн дуу хоолой сонин болгоноор цууриатаж байлаа. 1990 оны 6-р сарын 1-нд Сайд нарын зөвлөлийн 285 тоот тогтоол гарч 1990-1995 онд багтааж бүх нийтийг хос бичигтэн болгох, улмаар монгол бичгийг төрийн албан бичиг болгохоор заав.
Энэ тогтоолын дагуу Ардын боловсролын яамны сайдын тушаалууд гарч нэгдүгээр ангиас монгол бичгээр сургалт явуулах шийдвэр гаргав. Ардчилсан холбоо болон ардчиллын удирдагч нар илтгэл, өгүүлэл, мөрийн хөтөлбөртөө эн тэргүүнд тусгаж, ардчилсан хувьсгалын нэг гол уриа нь мянган жилийн уламжлалт үндэсний бичгээ сэргээх явдал байв. Сонин сэтгүүлүүдэд “Монголчууд бид 1941 онд монгол бичгээ кирилл үсгээр сольж гучаад жилийн дотор ард түмнээ бичиг үсэгтэн болгож, тив дэлхийд гайхагдаж байсан боловч дэлхийн бичиг үсгийн соёлын санд оруулсан оюуны үнэт соёлоо орхиж том алдаа хийсэн юм. ...Хойч үедээ бид монгол бичгээ бүрэн өвлүүлэхийн тулд бүх нийтийн сургалтын бодлого явуулах нь зүйтэй. Манай зарим зохиолч хорьдугаар зуунд хос морьтой орохыг уриалсан билээ. Миний бодоход монгол бичиг гэдэг хүлэгт маань хөтөлгөө хэрэггүй бизээ. Бичиг минь, хүлэг минь бид чинь Таныгаа даруй дээдлэн залъя. Монгол бичгийн түүхэн урт үйл явцтай салшгүй нэгдэж бий болсон монгол шүлэг маань эргээд төрөлх бичгээ үгүйлж байгаа нь зайлшгүй байна. Тавиас доош насны иргэдийн дотор хуучин монголоор бичих байтугай, уншиж чадах хүн нэн ховорджээ. Үндэсний бичгээ мэдэхгүйн балгаар залуучууд ард түмнийхээ бүтээсэн соёлын өвтэй танилцан эзэмших боломжоор их л гачигдан боогдох болсон билээ. 1990 онд нийтээр бичиж уншиж сураад 1991 оноос гүнзгийрүүлсэн сургалтад орж болох юм. Монголын ард түмний эх оронч ухамсар, үндэсний бахархал бадран дэгжиж байгаа энэ үед үндэснийхээ соёлыг сэргээн мандуулахын төлөө зоримог алхам хийхээс хойш суух монгол хүн үгүй гэдэгт гүн итгэлтэй байна.” гэх мэтээр бичиж байсан бөгөөд эрдэмтэн Ц.Шагдарсүрэн “Монгол бичиг, түүнийг үзэж сурахын учир” хэмээх гарчигтай хэл шинжлэлийн нарийн үндэстэй тайлбарласан өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн оноос Улсын хэвлэлийн газар монгол бичгээр ном хэвлэх боломжийг бүрдүүлж зарим сурах бичиг, “Монголын нууц товчоо” зэргийг монгол бичгээр хэвлээд байв. Монгол бичигтэй холбоотой газруудын санаачлагаар 21 хүний бүрэлдхүүнтэй Монгол бичгийн ардын хүрээлэн байгуулагдаж монгол бичгээ улс даяар дэлгэрүүлэн сургах ажлыг зохион байгуулахад саланги хэсгүүдийн ажлыг нэгтгэн чиглүүхэд үйлчлэнэ гэж тунхагласан байна. 1991 онд олон нийтийн эрчимтэй хөдөлгөөн, монголын эх оронч дэвшилт сэхээтнүүдийн чармайлт зүтгэлээр албан хэргийг 1994 оноос монгол бичгээр хөтлөн явуулах 36-р тогтоолыг Улсын бага хурлын ухаалаг эрхэм гишүүд гаргав. Үүний дагуу БНМАУ-ын засгийн газар 1991 оны 6-р сарын 21-ны өдөр “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах тухай” 186-р тогтоол гаргав. Тогтоолд хавсралтаар бэлтгэлийг удирдан явуулах комиссын бүрэлдхүүнийг Засгийн газрын шадар сайд Д.Дорлигжав даргатай, Боловсролын сайд Н.Уртнасан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамц нарын орлогч даргатай байгуулж гишүүдэд Боловсролын тэргүүн дэд сайд Б.Энхтүвшин, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Үндэсний хөгжлийн сайд Ж.Батсуурь, Худалдаа үйлдвэрийн сайд С.Баярбаатар, Сангийн сайд А.Базархүү, Соёл урлагын хорооны дарга Б.Бадар-Ууган, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Баатар, Засгийн газрын дэргэдэх радио, телевизийн ерөнхий захирал Х.Цэвлээ, Улсын архивын хэрэг эрхлэх газрын дарга Л.Мэндсайхан нарын лут их хүчтэй комиссыг байгуулжээ. Энэ тогтоол нь: нийт хүн амыг 1991-1993 онд монгол бичигт сургах, хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага, монгол бичгийн зөв бичих зүйн толь боловсруулан гаргах, туршлагатай, монгол бичгийг төгс эзэмшсэн хүмүүсээр заалгах, их дээд сургуулийн монгол хэлний ангийн болон багшийн сургуулийн оюутнуудаар 1992 оноос хөдөлмөрчдийн дунд монгол бичиг заалгах, төрийн захиргаа, олон нийтийн байгууллагад ажиллах монгол бичгийн бичээч нарыг уг байгууллагуудын зардлаар нь сургаж бэлтгэх, орон нутагт сургах ажлыг орон нутгын засаг захиргаанд даалгах, төв, орон нутгийн хэвлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоноглож, хэрэгцээт бичгийн машинаар 1992-1993 онд хангах, шаардагдах хөрөнгийг гаргах, хэвлэл мэдээллээр сурталчлах, сонин сэтгүүлд нүүр булан гаргах, заримыг монгол бичгээр дагнан хэвлэх гэх зэргийн тус тусын яаманд хариуцуулсан бүх талыг хамарсан, монгол түмний сэтгэл зүрхийг баясаасан тогтоол болж гарсан юм. Мөн энэ онд монгол бичгийг олон улсын оюуны өмчөөр бүртгэн авсан нь монгол түмний дэлхий оюуны санд оруулсан үнэт соёл болохыг батлан харуулсан хэрэг болсон юм.


Last edited by Рэка on Dec.06.09 10:00 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Nov.18.09 11:55 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
1991 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуульд орсон 1-р ангийн 300 бүлэгийн бүх сурагчдад бүх хичээлийг монгол бичгээр зааж эхлэн сурах бичгүүдийг хэвлэн гаргаж эхэллээ. Чой.Лувсанжав багшийн хичээл зүтгэлээр Япон улсад тусгай захиалан хийлгэсэн 1000 ширхэг цахим бичгийн машин хүрэлцэн ирж бичээч нарын курс зохион байгуулав. Шагжийн “Зөв бичих дүрмийн толь”-ийг Өвөрмонголд дахин хэвлүүлж Чой.Лувсанжав, Ж.Бат-Ирээдүй нарын зөв бичих дүрмийн толиуд гарав. 1991-1993 он бол монгол бичиг сурах их өрнөлтийн үе байлаа.

Засгийн газрын тогтоолын дагуу болон нэрт сэтгүүлч Т.Галдангийн санаачлагаар монгол улсад цор ганц “Хүмүүн бичиг” хэмээх сониныг МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал Ч.Эрдэнийн 66 тоот тушаалаар уг агентлагийн харьяанд байгуулж, сонины эрхлэгчээр Т.Галданг томилсноос хойш одоо хүртэл тасралтгүй хэвлэгдсээр байна. Гэвч 1993 оноос сургалтын эрч нь саарч эхэлсэн байна. Хамгийн түрүүнд монгол бичгээр сургалт явуулж байгаа сурагчдын эцэг, эх, тэд нарт зааж байгаа багш нараас эсэргүүцэл гарч эхэллээ. Монгол бичгээ байтугай эх түүхээ мэдэхгүй европжсон соёлт залуу эцэг эхчүүд хүүхдэдээ тусалж чадахгүйн бухимдал, үсэг нүдлүүлэх хялбар аргад дасаж сурсан, үеийн аргаар сургадаг уламжлалт аргыг мэдэхгүй багш нарын залхуурал нэгдэн нийлж монгол бичгийг муучлахын эхийг тавив. Үүнийг уухайн тас шүүрэн авч Монголын ардчилсан хүчний сонинууд монгол бичгийг сэргээхийн эсрэг компани дэгдээж дөчөөд оныг давтаж эхлэв. Энэ тухай “Ил товчоо” сонинд Чех улсын монголч эрдэмтэн Давид Лукаш “Одоогийн монголын сэхээтнүүд түүний дотор оппозиц хүчний сэхээтнүүдийн олонх нь орос дунд сургуулиар дамжиж, ЗХУ агсанд дээд боловсрол олсон, коммунист номенклатурын хүүхдүүд мөн нь нууц биш. Тэд нэгэнт эх хэл, эх соёлоосоо бүрэн таслагдсан учраас дуудлага бичлэгийн зарим зөрөөтэй /англи, франц шиг их дөрөөтэй биш/ болсон монгол бичгийг сурахаас үнэнхүү бэрхшээж монгол бичгээ сэргээх байтугай харахыг ч хүсэхгүй байна. Монгол бичгийн эсрэг тэдний дэгдээж байгаа компанийг Сталин, Чойбалсангийн ачаар эрдмийн өндөр зэрэгтэй болж авсан хуучинсаг үзэлтэй зарим хүн өдөөн дэвэргэж, засгийн эрхийг баригч коммунист МАХН чимээгүйхэн сахал дотроо битүү инээмсэглэн харж байна” хэмээн бичиж байв.

1941 онд кирилл бичгийг аваад сэхээтнүүд хамгийн хойрго хандаж, далдуур эсэргүүцэн байсан боловч нам төрийн хүчтэй нударгын шаардлагаар сурсан бол өнөөгийн монголын сэхээтнүүд бас л монгол бичгээ сэргээх шийдвэрийг эрчимтэй эсэргүүцэж ардчилсан нийгэм гэдэг үзлийн дор, нөгөө талаас угаасаа монгол сэтгэхүйгээсээ хэт холдсон учир огт ойлгохгүйгээсээ болж өөрсөд шигээ мунхарсан олныг хөөрөгдөн дагуулж монгол бичиг сэргээх компанит ажлыг төр олон нийтийн бүхий л хэрэгсэлээр эсэргүүцэн тэмцсэн юм. Энэ нь хүн амын тогтворгүй хэсэг болох залуучуудыг уруу татаж тэдний сурах эрчийг сааруулав. Мөн нөгөөтэйгүүр Улсын их хурлын зарим гишүүд латин үсгийг албан хэрэгт хэрэглэх төсөл өргөн барих зэргээр олон нийтийн анхаарлыг ихээхэн саармагжуулсан болой. “Кирилл бичиг авах үеийн сэхээтнүүдийн эсэргүүцэл бол яруу тансаг баялаг сайхан найруулгат дэлхийд хаана ч байхгүй үндэсний бичиг үсгээ гээж орхихын эсрэг бухимдал байсан. Харин энэ цагийн сэхээтнүүдийн энэ эсэргүүцэл бол залхуурал, ухаан мулгуугийн шинж хийгээд уламжлалт соёл, зан заншил,
хэл сэтгэхүйгээсээ хэрхэн холдож, бие нь монгол, ухаан нь харийнх болсныг харуулсан тод жишээ болсон юм. Нөгөө талаар хуучин биднийг бүх зүйлээр хянаж байсан улс, монголчуудын үндэсний ухамсар нэн ихээр өрнөн дэлгэрэхээс эмээсэн бодлын болгоомжилсон санаа бодол ч тэднээр дамжин хэрэгжсэн нь энэ болой. Сонгуульд ялахын тулд сонгогчдоос хамгийн их оноо авах гэж үндэсний үзлийг хуурамч хөөрөгдөж байсны илрэл бас болов” хэмээн монгол бичгийн хөдөлгөөнийхөн дүгнэж байв.


Last edited by Pcetsogtoo on Nov.18.09 12:47 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Nov.18.09 12:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бидний үеийн хүмүүсийг ганц алсан юм энэ байлаа даа. 1991 онд анх 10 жилд орж байлаа тэр үе шууд л Монгол бичиг зааж байсан юм. Бага ангидаа 4 жил сураад 5 дугаар ангид ороход Орос хэлний багш ухаан алдах дөхөж билээ. Крилл үсэгээр бичиж чадахгүй хүүхдүүд орж ирсэн. ЧТО гэж үгийг би анх удаа хуулж бичих гэж нилээн зүдэрч байж бичиж байсан санагдана. Төр тухай үеийн хүүхдүүдээр бол ёстой тоглох шиг болсон доо хөөрхий. :crysad:

Үүнийг шилжүүлэхэд Монгол үсгийг хуучин хэлбэрээр нь биш шинэ үеийн монгол бичгийн дүрэм гаргаад шинээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаад оронд байдаг шиг хуучин галиг, бичигийг мэддэг хэдэн хүн байхад хангалттай. Харин бүх хүмүүст зориулсан хялбаршуулсан монгол бичгийг үүсгэж түүгээр бид хоорондоо харилцаж бичиж байх хэрэгтэй байх даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.18.09 12:14 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Galaa039 wrote:
Бидний үеийн хүмүүсийг ганц алсан юм энэ байлаа даа. 1991 онд анх 10 жилд орж байлаа тэр үе шууд л Монгол бичиг зааж байсан юм. Бага ангидаа 4 жил сураад 5 дугаар ангид ороход Орос хэлний багш ухаан алдах дөхөж билээ. Крилл үсэгээр бичиж чадахгүй хүүхдүүд орж ирсэн. ЧТО гэж үгийг би анх удаа хуулж бичих гэж нилээн зүдэрч байж бичиж байсан санагдана. Төр тухай үеийн хүүхдүүдээр бол ёстой тоглох шиг болсон доо хөөрхий. :crysad:

Үүнийг шилжүүлэхэд Монгол үсгийг хуучин хэлбэрээр нь биш шинэ үеийн монгол бичгийн дүрэм гаргаад шинээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаад оронд байдаг шиг хуучин галиг, бичигийг мэддэг хэдэн хүн байхад хангалттай. Харин бүх хүмүүст зориулсан хялбаршуулсан монгол бичгийг үүсгэж түүгээр бид хоорондоо харилцаж бичиж байх хэрэгтэй байх даа.


Чамд дээрх нийтлэлийг сайн унш гэж зөвлөе. Яагаад өдий хүртэл крилл бичигтэй байгааг дээр тодорхой бичсэн байгаа. Тэр орос үсгийг мэдэхгүй байна гээд ухаан алдах шахаад байгаа уламжлалт ёс заншил хэл сэтгэхүйгээсээ холдсон багш нар, залуу сэхээтнүүдээс болсон гэж байгаа. Би ч бас чиний адил 1-р ангиасаа монгол бичиг заалгаж явсан хүүхдүүдийн нэг. Харин үүнийгээ их азтай явдал гэж боддог. Хэрэв тэгээгүй бол одоо монгол бичигээрээ уншиж ч чадахгүй бусдын нэг адил явах байсан биз. Хялбаршуулж засна гэдэг чинь ёстой утгагүй санаа, хэлээ эрэмдэглэж байгаагаас өөрцгүй. Угаасаа бичгийн хэл, ярианы хэл зөрөх нь ойлгомтой тэр бүрд нь бичигээ засаад яваад байх уу. Хамгийн энгийн жишээ гэхэд л англи хэлийг хардаа ямар их зөрж байна уу, тэглээ гээд тэд бичих дүрмээ өөрчлөөгүй л байна.


Top
   
PostPosted: Nov.18.09 12:27 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
1993 онд хийсэн Албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг эрхлэх улсын комимссын хурлыг Монгол улсын шадар сайд асан Л.Энэбиш даргалан хийлгэж “Монгол бичиг сургах ажил үнэн чанартаа их үлбэгэр явж, төв орон нутгийн төрийн байгууллагууд жигд ажиллаж чадсангүй” гэсэн дүгнэлт хийсэн байна. Тэгээд 1994 онд сургалтыг эрчимжүүлж, монгол бичиг сайн мэддэг багш, оюутан, сурагчид, хүмүүсийг дайчлан оролцуулах нь зүйтэй бөгөөд засгийн газарт цаашдын бодлого чиглэлийг оруулж шийдвэр гаргуулах нь зүйтэй гэж тогтжээ. Мөн энэ үед монгол бичгийг дэмжигч эрдэмтэн, зохиолч, сэхээтнүүд нийгэмлэг байгуулж төрийн ордонд их хурлаа хийж төр засгийн удирдлагад өргөх бичиг илгээв. Үүний дагуу 1994 оны 3-р сарын 16-нд Монгол улсын засгийн газрын Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 64 тоот тогтоол гарав. Үүнд: Төрийн яам, газар, байгууллагуудын албан хаагчдыг 1994 онд багтаан монгол бичигт сургаж, 1995 онд төрийн албан хэргийг монгол бичгээр эрхлэх түвшинд хүртэл чадваржуулах, 16-49 насны бүх хүнийг 1995-1996 онд багтаан монгол бичигт тайлах ажлыг зохион байгуулах, зохион байгуулалт захирамжлалын баримт бичгийг стандартын холбогдох байгууллагуудтай хамтран 1994 онд багтаан боловсруулах, Ерөнхий боловсролын сургуулиудын I-IV ангийн бүх хичээлийг монгол бичгээр, V-X ангиудад нийгмийн ухааны хичээлүүдийг монгол бичгээр, бусад хичээлийг кирилл үсгээр тус тус явуулж байгааг зүйтэй гэж үзэж цаашид монгол бичиг хэрэглэх явдлыг боловсролын бүх шатны сургалтад гүнзгийрүүлэх арга хэмжээ авах, бүх сонин хэвлэлийн зарим материалыг монгол бичгээр гаргах, батлагдан гарч байгаа хуулиудыг монгол кирилл бичгээр хамт хэвлэж байх, яам тусгай газрууд батлан гаргаж байгаа нийтлэг шинж чанартай эрх зүйн актуудыг монгол бичгээр бичиж харъяа байгууллагууддаа хүргэж байх, радио, телевизын хөтөлбөр, үзвэр үйлчилгээний зарлал, улс хоорондын харилцааны нот бичиг, гэрээ хэлцэл зэргийг монгол бичгээр үйлдэж байх, 1994 оноос монгол бичгээр хөтөлж эхлэх албан бичгийн төрөл, түүний жагсаалтыг энэ оны эхний хагаст багтаан баталж холбогдох газруудад хүргүүлж мөрдүүлэх, бэлтгэлийг хангах улсын комиссын нарийн бичгийн даргыг томилж ажиллуулах зэрэг заалтуудыг тус тусын хариуцсан газарт нь даалгажээ. Энэ тогтоолыг гарсны дараа Ж.Мягмарсүрэн нарын сэтгүүлчид “Сэрэхгүй бол сайхан зүүд” хэмээн тавлан Монголыг дундад зуунтай нь хадах гэлээ хэмээн бухимдан бичиж улсын их хурлын гишүүдийг сэнхрэхийг уриалж байв. Зарим сэтгүүлч өөрсдийн санасан бодсоноороо цэцэрхэж зарим нэг эрдэмтэд ч инээдтэй хөгийн юм бичиж нийтлэх болов. Эдгээр хөгийн юмны хариуд С.Дулам нарын эрдэмтэд их хурлын эрхэм
гишүүдэд илгээлт явуулж “Ирээдүйгээ харж шийдэх ёстой асуудал гэж бас байдаг бөгөөд тэдний нэг нь монгол бичиг мөн. Монгол бичиг бол ирээдүй олон улиралд тодрон гэрэлтэх хүний оюуны эрхэм үнэт зүйлсийн нэгэн бөгөөд өнөөдөр үүсэл гарлыг нь монгол биш гэж шүүмжилж байгаа улс ирээдүйд харин ч дэлхийн олон үеийн олон үндэстний оюун билгээр шүүн тунгаагдаж, тэр дундаа монгол хүний сэтгэлгээний мөн чанарыг гайхалтай хадгалснаараа улам ч гайхагдах болно гэдгийг сэхээрэх нь соёлт хүний өмнө хүлээх бидний нэг бичигдээгүй үүрэг нь юм” хэмээн харамсан анхааруулж 64-р тогтоолыг хэвээр үлдээхийг уриалж байв. Гэвч 1994 оны УИХ-ын хаврын чуулганы сүүлчийн өдөр баталсан 66-р тогтоол нь мянга гаруй жилийн түүхтэй хүн төрөлхтний соёлын өвийг уламжлан суралцах үр үндсийг эрх зүйн хувьд бүрэн тасалж түүхэнд үзэгдээгүй ихээр туйлшрав. МУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол бичиг нь манай ард түмний мянган жилийн оюуны соёлын их өвийг, түүгээр ч зогсохгүй Энэтхэг, Төвд зэрэг дорно дахины эртний түүхт улс түмний оюуны соёлоос ч агуулан хадгалж, хойч үедээ уламжлан өвлүүлсэн монгол түмний уламжлалт соёл иргэншлийн нэгэн гол тэнхлэг мөн билээ. Монгол бичиг бол бас латин, грек, кирил, араб бичгүүдийн хамтаар, хүн төрөлхтөний зохион хэрэглэж ирсэн авианы бичгийн нэг, энэ утгаараа хүн төрөлхтөний соёлын сан хөмрөгт бидний өвөг дээдсийн оруулсан гайхамшигт хувь нэмэр, монголчууд бидний түүх, соёлын уламжлалт зүйл оюуны өв мөн” 1 хэмээн онцлон дурьдаж хоёр удаа хориг тавиад ч дийлсэнгүй. “Төрийн толгойд уламжлал, зан заншил, түүх соёл, үндэсний хэлбичиг, ард түмнийхээ ахуй амьдралыг мэдэхгүй хүмүүс гарвал ямар аюултай гэдгийг яруу тод харуулав. Эргүү тэнэгүүдийг эзэн ноён суулгавал эрхгүй түмэн ардыг зовооюу хэмээсэн эрдэнийн сан субашидийн доторх сургаал юутай үнэн бэ. Монгол бичиг үсгийн түүх нь эхнээсээ аваад эцсээ хүртэл монголын ард түмний биеэ даасан байдал, тусгаар тогтнолын түүхтэй хамгийн нягт холбоотой байдаг гэдгийг тэд огт ойлгосонгүй.”

Тэр үеийн монгол бичгийг дэмжигч сэтгүүлчид, үндэсний бичиг үсгийг сэргээхийн төлөө хөдөлгөөнийхөн Улсын их хурал архичинд гаргаагүй аагаа монгол бичигт гаргалаа хэмээн халаглан бичиж байв. Гэхдээ ард түмэн, монгол бичигт элэгтэй эрдэмтэн судлаачид, залуусын сэтгэлийг тайвшруулах мөн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийн тулд Улсын Их хурлаас уг 66-р тогтоолдоо “Уйгаржин монгол бичгийн үндэсний хөтөлбөр” боловсруулахыг Засгийн газарт даалгасан билээ. Үүний дагуу Засгийн газрын боловсруулсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг 1995 оны 6 сарын 23-ны өдрийн 43-р тогтоолоор батлан гаргаж “Бүх нийтийг сургах, бүх шатны сургуульд багш бэлдэх, ном сурах бичгээр хангах, хэвлэх үйлдвэрийг компьютержүүлэх, хэвлэхэд төрөөс дэмжих, өргөн хэрэглээ, орчин бий болгох, тасралтгүй байх зарчмаар зохион байгуулах” зэрэг лут зорилтуудыг 2001 онд багтаан хэрэгжүүлэхээр дэвшүүлэн тавьж олон улсын хамтын ажиллагааг үүнд хандуулж төсөл хэрэгжүүлэн, сургалт зохион байгуулна хэмээн заасан билээ. Гэвч түүнээс хойш олон он улиран одож хоёрдахь монгол бичгийн үндэсний хөтөлбөрөө 2008 онд дахин дэвшүүлэн гаргаад байна. Харин олон улсын хамтын ажиллагааны удаа дараагийн төсөл латин бичгийн хөтөлбөр болон зүсээ хувиргаж үргэсэн зээр шиг хулжин одсон билээ.


Last edited by Pcetsogtoo on Nov.18.09 12:46 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.18.09 12:32 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
1995 онд Үндэсний монгол бичгийг сэргээх олон улсын сангийн дэмжлэг туслалцаатайгаар “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг монгол бичиг, кирил, англи хэлээр хавсран ном болгон хэвлэн гаргасан нь монгол бичигт ээлтэй хүн бүхний ширээний ном болооод байна. 2005 оноос эхлэн монгол бичгийг ард нийтийн бичиг болгох шийдвэр гарна гэсэн саруул ухаант хүмүүсийн найдвар улиран одоод дахин 4 жил өнгөрч байна. 1990 оноос хойш холбогдох яамны 11 тогтоол, Их хурлын 5 тогтоол, Засгийн газрын 8 тогтоол, МУ-ын Ерөнхийлөгчийн 5 орчим хориг, зарлиг гарсан боловч энэ ажил огт тасрахгүй хирнээ, үлгэн салган алдаг онон хэрэгжин, үндэсний бичиг соёлоо гэх сэтгэлгүй түшмэдүүдийн харгаагаар мартагнахын мананд уусан монголын хууль гурав хоноод мартагдахын үлгэрийг яруу
тодорхой үзүүлсээр байна. Гэвч энэ хугацаанд саруул ухаант, эх оронч сэтгэлт, үндэсний бичиг соёлоо дээдлэгч эрдэмтэн судлаачдын хүч хөдөлмөрөөр 40 гаруй сурах бичиг, 20 гаруй толь бичиг, компьютерийн бичих, хөрвөх программууд болон олон улсын кодын систем нэгэнд бий болж, 2000 оны 2-р сард Женев дэх олон улсын стандартын байгууллага монгол бичгийн кодыг баталсанаар цахим бичвэрт бичих, хэвлэхийн зовлон арилж монгол бичгийн орчин аажим аажимаар бүрэлдэн бий болоод байна. Монгол бичгийн тогтолцоо, онол, арга зүй, илэрхийлэх гайхамшигийн талаар арваад хүн эрдэмийн зэрэг хамгаалж олны хүртээл болгоод байна. 2001-2003 оны хооронд монгол бичгийг зааж сургах, түгээн дэлгэрүүлэх орчин бүрэлдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Т.Дашцэдэн, Т.Галдан, Ш.Чоймаа, Т.Галсан, Н.Жадамба нарт “Монгол Улсын Гавъяат” цол хүртээсэн билээ. Мөн энэ хугацаанд олон нийтийг өргөнөөр хамарч, ихээхэн хүч тавин хийж хэрэгжүүлсэн ажил бол Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн явдал юм. МУИС-ийн профессор Ш.Чоймаа "Зууны мэдээ" сонины 2003 оны 2 сарын 20-ны No 42(1240) дугаарт “Эзэн Чингис хаан -Монгол бичиг - 800 жилийн ой” хэмээх өгүүлэлийг хэвлүүлж, мөн Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар санал болгон хүргүүлжээ. Үүний дагуу 2003 оны 6 сарын 25-ны өдөр тухайн үеийн МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабандийн “Чингис хааны иггээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ой”-г тэмдэглэн өнгөрүүлэх тухай 105 тоот зарлиг гарч, Ерөнхийлөгчийн зарлигийг 2003 оны 9-р сард МУИС-ийн багш, оюутнууд баяр талархалтайгаар, ёслолын байдалтай хүлээн авч 23 зүйлт хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн байна. 2004 оны 3 сарын 19-ны өдөр БСШУ-ны сайд А.Цанжид “Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 71-р тушаал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин дарга, МУИС-ийн МХСС-ийн захирал доктор Л.Чулуунбаатар орлогч даргатай БСШУЯ, Монгол бичгийн нийгэмлэг, Монгол бичгийг дэлгэрүүлэх сан, “Хүмүүн бичиг” сонин, Улаанбаатар хотын боловсролын газар, Боловсролын хүрээлэн, ШУА-ийн Хэлзохиолын хүрээлэн, СУИС, Урчуудын эвлэлийн хороо, Улсын Нийтийн Номын Сан, Монголын Үндэсний Төв Архив, МУБИС, Багшийн коллеж, Хэл Иргэншлэлийн Дээд Сургууль, Гурван Эрдэм Багшийн Дээд Сургууль, МУИС-ийн МХСС, МОХ-ны төлөөлөл орсон комиссыг байгуулж, 26 ажлыг төлөвлөснөөс доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. “Миний монгол бичиг”, “Монгол цэвэр бичиг”, “Чингис хааны төрийн бичгийн уламжлал”, “Монгол бичиг мэргэдийн оюуны толинд”, . “Монгол бичиг бол монгол туургатан ард түмний ган аргамж”, “Чингис хааны билиг сургаалиас” зэрэг ном товхимолыг МУИС-ийн МХСС, МУБИС, Гурван Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн багш нарын хүчээр эмхэтгэн хэвлүүлж олны хүртээл болгосон байна.

“Хүмүүн бичиг” сонины 105–р дугаарыг ойд зориулан 20000 ширхэг монгол бичгээр хэвлэн гаргаж нийтэд түгээжээ. МУИС-ийн мэдээ сэтгүүлийн 4-р сарын сүүлийн дугаарын 8 нүүрийг монгол бичгээр мөн хэвлэн гаргасан байна. 2004 оны 4-р сарын 22-нд “Монгол бичгийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн МХСС зохион явуулж Монгол улсын Их, Дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, БНХАУ, Турк, Солонгос, Япон улсын 5 мэргэжил дээшлүүлэгч эрдэмтэн оролцож нийт 36 илтгэл хэлэлцсэн байна. Мөн Их, Дээд сургуулиудын оюутнуудын дунд “Монгол бичиг миний бичиг” сэдэвт оюутны ЭШ-ний бага хурлыг 4-р сарын 30-нд МОХ, МХСС-ийн Оюутны зөвлөл хамтран хийжээ. БСШУЯ-аас олгодог Монгол бичиг соёлоо хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн болон монгол бичгийг олон хүнд сургасан хүнд олгодог “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” тэмдэг, үнэмлэх бий болгож энэ медалийн анхны дээжийг Монгол улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр, МУИС-ийн багш хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн, МУ-ын гавъяат багш Ш.Чоймаа, уг медалийн эх загварыг гаргасан МУ-ын гавъяат зураач П.Балдандорж, Ардын уран зохиолч Т.Галсан, МУ-ын гавъяат багш Ц.Өнөрбаян, Монгол улсад цорын ганц монгол бичгээр хэвлэгддэг “Хүмүн бичиг” сонины эрхлэгч МУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Т.Галдан нар 2004 оны 5 сарын 2-нд хүртсэн билээ. Монгол бичгийн улсын уралдааныг Ертөнц төвөөс эрхлэн Их, Дээд сургуулиудын дунд явуулж 100 гаруй оюутан оролцсоноос МХСС, МУБИС, Хүмүүнлэгийн Их Сургууль, Гурван Эрдэнэ Багшийн Дээд Сургуулийн оюутнууд идэвхтэй оролцож медаль хүртсэн байна. Мөн Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн олимпиадыг МУИС-ийн оюутнуудын дунд мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиллалаар явуулж 96 оюутан оролцон, МУИС-ийн захирал Ц.Ганцогийн тушаалаар 12 оюутныг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнасан байна. Монгол уран бичлэгийн улсын уралдааныг Хэл Иргэншлийн Дээд Сургууль дээр 5-р сарын 1-нд бүх нийтийн дунд явуулав. 4-р сарын 30-нд УННС болон ҮТА-т байгаа монгол ном, бичиг дурсгалын үзэсгэлэнг УННС-ын Үнэт ховор номын танхимд нээж, Д.Батбаяр, Ц.Ойдов, Г.Отгонбаатар, Т.Жамъяансүрэн, Баатарчулуун нарын зураач урчуудын болон хөдөө аймгуудын багш нарын монгол бичгээр бичсэн уран бичлэг болон бичиг хэрэгслийн үзэсгэлэнг 4-р сарын 30-аас эхлэн гаргаж олон нийтэд үзүүлсэн байна. Ойн арга хэмжээний хүрээнд МУ-ын Гавьяат багш Ш.Чоймаагийн монгол бичгийн хичээлийг 2004 оны 4-р сарын 27-оос эхлэн Монгол Телевизээр дахин заасан байна. Монгол бичиг соёлын талаар мэргэжлийн эрдэмтэд радио, телевизээр удаа дараа нэвтрүүлэг хийв. Чингис хаан иггээсэн монгол төрийн бичгийн 800 жилийн ойд зориулсан өдөрлөгийг бага, дунд, их, дээд сургуулиудад 4-р сард зохион явууллаа. Монгол бичиг үсгийн тухай баримтат кино хийх ажлыг МУИС-ийн Авай төв эрхлэн хийсэн болно. 2004 оны 5 сарын 2-ны өдөр Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж, баярын хурлын Монгол улсын төрийн ордны хурлын их танхимд хийсэн билээ. Хуралд МУ-ын Ерөнхийлөгч илгээлт ирүүлж “Монгол бичиг бол монгол хэлний онцлогт гайхамшигтай зохицон нийцэж, өргөн дэлгэр нутагт аж төрж ирсэн монгол туургат олон овог аймагт нийтлэг үйлчилж, нутаг нутгийн аялгуу эрх тэгш найрсан хөгжих боломжийг хангасан төдийгүй, нийт монголчуудыг бичиг үсэг, хэл соёлын талаар нэгтгэх түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн гол онцлогийг нь цохон тэмдэглэсэн билээ. Мөн МУ-ын Ерөнхий сайд Н.Энхбаяр биечлэн оролцож үг хэлэн, БСШУ-ны сайд А.Цанжид болон эрдэмтэд илтгэл тавьсан билээ. Энэ баяр нь үндэсний бичиг үсгийн баярыг анхлан тэмдэглэсэн өдөр болсон юм. Түүнээс хойш энэ жил 5 дахь удлаагаа тэмдэглэх гэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд хурлын дараа Сүхбаатарын талбай дээр Монгол бичгийн нэрэмжит яруу найргийн болон дуу хуурын наадам зохион явуулж, хүүхэд багачуудын дунд уран бичлэгийн болон зөв бичлэгийн уралдааныг зохиож, монгол бичгээр хэвлэгдсэн болон монгол бичиг соёлын тухай номын худалдаа ажиллуулах, чимэглэл, бэлэг дурсгалын “Монгол бичиг” сэдэвт үзэсгэлэн, худалдааг Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гаргахаар төлөвлөсөн боловч цасан шамарга шуурсан цаг агаарын таагүй нөхцөлөөс болоод хийж чадаагүй билээ. Гэвч нэгэнт төлөвлөсөн ажлыг 6 сарын 1-ны хүүхдийн баярын үеэр Их, дээд сургууль болон хотын боловсролын газар хийж гүйцээсэн юм. Ойн хуралдаанд аймаг болгоноос монгол бичгийн тэргүүний нэг нэг багш хүрэлцэн ирж оролцсон нь монгол бичгээ сургах, судлах ажил хөдөө, хотгүй нийт ард түмний хэрэг болсныг харуулсан билээ. Төлөвлөсөн ажлуудаас газар болон, хөрөнгө мөнгө олдоогүйн улмаас Монгол бичгийн гэрэлт хөшөөний шав тавих ажил, Япон улсын Сумо бөхийн 5-р сарын башед түрүүлсэн бөхөд олгодог цомын өргөмжлөлийг монгол бичгээр үйлдэж олгох, болон 800 жилийн ойд зориулж сери марк гаргах ажлыг Монгол шуудан компани хариуцан хийх байсан нь огт хэрэгжээгүй билээ. Ялангуяа Монгол бичгийн гэрэлт хөшөөний ажлаар МУ-ын гавьяат 5 ахмад багш хотын захиргаа, энэ тэр газраар хөөцөлдөж, хандивын данс нээгээд ч үр дүнд хүрэлгүй хад мөргөж хоцорсон билээ. Гэсэн хэдий боловч төлөвлөсөн ажлынхаа ихэнхийг хийж амжуулан, монгол түмнийхээ үндэсний бичиг үсгээ гэсэн сэтгэлийг сэргээж, улс орон даяараа үндэсний бичгийн өдрийн тэмдэглэдэг болсон нь 1000 гаруй жилийн түүхтэй монгол бичгээ сэргээн хэрэглэхэд улс орон даяраа, төр засаггүй анхаарал тавьсан их ач холбогдолтой зүйл болсон билээ. Одоо Монгол улсын хүн бүхэн яруу тодорхой ойлгож байгаа боловч дургүйд хүчгүйн үлгэрээр хэрэгжүүлэх болохоор огт анхаарал хандуулахгүй байдаг нь бас л хэвээрээ байна.


Last edited by Pcetsogtoo on Nov.18.09 12:45 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.18.09 12:35 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Улс орноо хөгжүүлэхэд шинжлэх ухаан техникийн дэвшил, шинэ соёл маш чухал нь мэдээж боловч уламжлалт соёл, зан заншил, бичиг үсгээ гээнэ гэдэг улс үндэстэн мөхөхийн шинж болой. Харин орхигдсоныг буюу мартагдсаныг сэргээн бий болгож шинэтэй хослох нь улс үндэстэн мандан бадрахын эхэн юм. Соёл, зан заншил хийгээд хэл, үндэсний бичиг үсэг нь тухайн ард түмний тусгаар тогтнолын билэг тэмдэг болж байдаг. Шашин ч гэсэн ард түмний итгэл бишрэл соёл заншлын олон зүйлийг хадгалж явдгаараа тухайн ард түмний оюун санааны үнэт зүйл болж байдаг. Хэл, бичиг үсэг, соёл, шашнаас нь хүмүүсийг салгаж өөрийн сэтгэхүйд оруулна гэдэг бага хугацаа шаардах зүйл. Европжуулах 50 жилийн их аяны эцэст монголоор сэтгэнэ гэдэг бол модон толгойн бодол гэж бодохдоо хүртэл бид өөрчлөгдсөн байна. Тухайн ард түмний сэтгэлгээ бол эх орон, эрх чөлөөт тусгаар тогтнолын баталгаа болсон түүх, хэл хийгээд хэл бичиг, зан заншил, шашин, соёл, ахуй амьдралын дэг жаяг, байгаль цаг уур, аж төрөх ёстой нягт холбоотой бүхэл бүтэн цогц байдаг. Эдгээрийг мэдэх буюу үзэж судлахгүйгээр юмыг хялбархнаар үгүйсгэн бодох нь ухаант хүний бус харин тэнэг хүний бодол болой. Олон зууны түүхтэй бичиг соёлын дурсгал болох Монгол бичиг маань хуучирч ойлгомжгүй болсондоо бус бидний ухаан мунхарч ойлгохыг хүсэхгүйдээ, ойлгож чадахгүй болсондоо байгаа билээ. 50-иад жил явцуу хүрээнд хэрэглэж байсан бичгийн хэлбэрийг амархан сэргээн хэрэглэж болохын яруу тод жишээ бол Еврей хэл, бичиг үсгийг сэргээсэн Израиль улсын туршлага байна. Еврей хэл бичиг үсгийн сэргэн мандалт олон арван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд ярианы хэлнээ XX зууны эхээр хүн төрөлхтөний соёлын чухал зүйлийн нэг болон зохих байраа эзэлжээ. Одоо еврей хэл Израиль улсын албан ёсны хэл бөгөөд тус улсын аман болон бичгийн харилцааны үндсэн хэрэглүүр болж байна. Израиль улсын хэлний гарамгай эрдэмтэн Элиэзер Бен-Иегуда, Эррец Исраэль нар болон орчин цагийн хэлний олон ухаалаг эрдэмтэд хийгээд улс үндэстэн, уламжлалт соёлоо гэсэн ард түмний ариун хүсэл зүтгэлээр энэ хэл хийгээд бичиг үсэг сэргэн мандсан юм. 1953 онд Еврей хэлний академи байгуулсан нь үүний нэг тод жишээ болой. Энэ академи эх хэлээ хөгжүүлэх түүнийг цэвэр ариун байлгах, журамлах ажил эрхэлдэг байна. Гэтэл бид хэл болоод бичиг үсгийнхээ хөгжил, түүх, зүй тогтлыг судалдаг ганц Хэл зохиолын хүрээлэнгээ өөд татаж чадаж байна уу даа. Мартагдан сөнөсөн энэ хэлний олон арван мянган үгийг судар номын хэлнээс шинээр сэргээх буюу бий болгожээ. XIII зууны Хан-анагийн байлдан дагуулалтаас эхлээд Бар-Кохбын бослогын сүүл хүртэл Израильчууд еврей хэлээр бага сага ярьж байсан билээ.

Түүний дараа еврей хэл амьд ярианы хэлнээс бүрмөсөн хасагдаж бүр зуун жилийн өмнө гэхэд ч еврей хэл амьд ярианы хэл болно гэхэд хэн ч итгэхгүй байсан буй заа. Вавилоны хаанчлалын үед тэд армейнаар мөн бас грекээр ярьж байсан байна. Үнэндээ МЭ 70 оноос 1948 он хүртэл еврейн ард түмэн нийтээр еврей хэлээр огт ярьж бичиж байсангүй. Энэ хэл гагц Иудийн сургаалд л үлдэж хоцорсон байна. Энэ хэлийг устаж байх үед энэ хэлээр шашин, байгалийн шинжлэх ухаан хийгээд яруу найраг, уран зохиолын арвин их бүтээлүүдийг туурвин гаргасан байжээ. Зарим оронд еврейчүүд хэлээ мартахгүйн тулд бичиг захидал болон бичиг баримтаа еврей хэлээр бичиж байсан байна. Жишээлбэл дундад зууны Англи оронд бараг зуугаад жил данс дараа еврей хэлээр хөтөлж байсан байна. Мөн зарим оронд наймаачдын хэл ч болж байв. Ялангуяа сүсэгтэн олон хагас сайн өдөр энэ хэлээр ярьдаг байсан нь буй. Гэвч Еврейн ард түмэн зөвхөн номонд бичигдсэн л ард түмэн байлаа. Еврей хэл дундад зууны үеэс энэ ард түмний тусгаар тогтнолын билэг тэмдэг байхаа больсон байв. Үгийн хэлбэрийн хувьд шинэ үг хуучин хоёрын ялгаа мэдэгдэхгүй болсон байна. Янз бүрийн үед зохиогдсон судар номыг судлах замаар одоогийн тэдний хэрэглэж байгаа үгсийн санг бүрэлдүүлжээ. Еврейн библийн үгсийн сангийн бүрэлдэхүүн 30000 гарч байсан бөгөөд хожим библийн үгсийн санд 8000 болж үлдсэн байв. Судалгаанаас үзэхэд аливаа хэлний 1000 үгийн 85 хувь нь ердийн үгээр бүтдэг байна. Еврей хэлний 1000 үгийн 800 үг нь судрын үгс байсан байна. Орчин цагийн 120000 үгсийн сангийн 60000-аас илүү олон үг судрын хэлний үг байна. Тиймээс бид монгол бичгийн болон судрын тансаг хэлнээсээ татгалзах учир огт үгүй байна. Харин ч монгол хэлний үгсийн сан арвижин баяжиж, яруу найралт, зохист хөгөөр эгшиглэх буй за. Сонины мэдээллийн ердийн текстийг ангилал хийж үзэхэд 60-70 хувь нь библийн судрын үгс бөгөөд 20 хувь нь Мишнын номд дайралддаг үгс хийгээд үлдсэн жаахан хувь нь дундад зууны буюу орчин үед бүрэлдэн бий болсон үгс байна. Израиль улсын бичиг үсэг хийгээд амьд ярианы хэлээ сэргээн хөгжүүлсэн түүх бол улс үндэснийхээ түүх соёлыг дээдлэн хүндэлж цэцэглүүлсэн дэлхийн түүхэнд гараагүй гарамгай гавъяат үйлс билээ. Харин манай монголчууд дэлхийн түүхэнд гаргасан соёлын гарамгай ололтоо умартан орхиж, дэлхийн түүхэнд гараагүй юм г аргах гээд байгаа ч юм шиг. Шимона Бернфельд энэ тухай хэлэхдээ “Амьд ярианы хэл болно гэдэг миний бодлоор бараг бүтэшгүй зүйл байлаа. Тийм туршлага ч байгаагүй. Хагарсан савыг бүтэн болгож болдоггүйтэйн адил хөгжихөө больж мартагдсан хэлийг сэргээнэ гэдэг бол түүх, утга зохиол, шашны хэлэнд түүхэн чухал үйл явдал болсноос гадна амьд ярианы хэлгүй ард түмэнд ч үлгэр дууриалт явдал болсон юм” гэжээ. Профессор Хайм Рабин “Еврей хэлний хувьд утга зохиолын хэл хийгээд амьд ярианы хэл болно гэдэг миний хувьд үзсэн цорын ганц тохиолдол” хэмээжээ. Ухаант улс үндэстэн мартагдаж мөхсөнөө сэргээж маргаашийн ирээдүй рүү түүнийхээ хамт орохоор зүтгэж явахад амьд байгаа бичиг үсгийн соёлоо ад үзэн бусдын үсгээр явна хэмээн зүтгэхийн учир байна уу? үгүй юу.


Last edited by Pcetsogtoo on Nov.18.09 12:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.18.09 12:40 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
1990-ээд оны эхэн, дунд үед төр засгын тогтоол, шийдвэрийн дагуу төр, захиргааны болон олон нийтийн бүх байгууллагын хаягийг монгол бичгээр хийж байсан
боловч одоо эргээд ховх татан хаяж оронд нь англи, кириллээр буюу дан англиар бичих болсон байна. 70, 80-аад онуудад Улаанбаатарт ирж байсан хөдөөний хүн;
-Би өөрөө очих газраа олно гэж яваад орой туйлын урам муутай ирээд:
-Дан гадаад үгээр бичсэн хаягаар очих газраа олж чадсангүй гэж хэлж байсан тохиолдол гарч байв.

Мөн монгол хэл соёлын сургалт, эх хэлний цэвэр ариун байдлын талаар бодлого огт байхгүй болж төрийн албаны хүмүүс ч яруу сайхнаар илтгэл номлол тавихаа байсан байна. Гадаад хэл төгс эзэмшсэн их сайхан залуус эрлийз болон модон хэлээр ярих, орчуулга хийх нь олшров. Доктор Э.Равдан “Гадаад хэл, түүний дэл сул үг, хэллэгээр чамирхах өвчин УИХ-ын ухаант гишүүдийг ч харамсалтай нь тойрсонгүй” хэмээн “Өнөөдөр” сонинд бичсэн нь туйлын үнэн билээ.

Аливаа үндэстэн ястны хэл нь түүхийн янз бүрийн учир шалтгаанаар бусад хэлтэй сүлэлдэж, тэдгээртэй харилцан бие биеэ баяжуулж байдаг нь соёлын амьдралын нийтлэг зүй тогтлын илрэл юм. Харийн хэлийг төрийн тодорхой ухаалаг бодлогогүй, урсгалаар нэвтрүүлэх нь өнөөдөр төдийлөн хор уршиггүй мэт санагдавч, урьд бусад ард түмний унаган хэлэнд тохиолдсон эмгэнэлт явдлыг давтаж болох үр хөрөнгийг өөртөө агуулж байхыг үгүйсгэх аргагүй. Үүнийг өнөөдөр л сайн ухаарч мэдэрч төрөлх хэлээ хадгалж хамгаалах талаар санаа тавихгүй бол маргааш хичнээн ойлголоо ч гэсэн нэгэнт хожимдсон байх болно. Монголын төрөөс баримтлах хэлний бодлогыг жинхэнэ мэргэжлийн хүмүүс эрдэмтэд, судлаачдын санал дүгнэлтэд тулгуурлан гүнзгий ул үндэстэй боловсруулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавьж мөрдөхийн чухал нь эндээс харагдах биз ээ. Эх хэл, бичиг үсгийн үндэсний бодлого маш яаралтай боловсруулах цаг нэгэнт болсон байна.
“Финикээс үүсэлтэй, армейгээр дамжин салбарласан бичгийг хэрэглэж байсан согдууд VIII зуунд, уйгарууд XI зуунд арабын буюу лалын хүрээнд орж араб бичиг авсны учир түрүүчийн хэрэглэж байсан бичгээ орхисон билээ. Харин монголчууд бид согдоос авсан худам монгол бичгээ орхиж мартсангүй, харин ч монгол хэлэндээ таацуулан боловсруулж өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа нь монголын ард түмнээс дэлхийн үсэг бичгийн түүхэнд гүйцэтгэсэн нэгэн чухаг хувь нэмэр даруй мөн” гэж доктор Ц.Шагдарсүрэн бичсэнтэй санал нийлэхгүй байхын аргагүй юм. Манай ард түмэн уйгар бичгийг зөвхөн хуулбарлан хэрэглэсэн биш түүнийг монгол хэлний онцлогт тохируулан улам боловсронгүй болгон засаж хэрэглэсэн нь ч бас манай уламжлалт соёлын нэгэн том ололт мөн. ”XVI зууны эцэс хүртэл хэрэглэж байсан эртний уйгар монгол бичиг, түүнээс хойш хэрэглэж буй шинэ монгол бичиг хоёр нь бие биетэйгээ ихээхэн ойролцоо боловч маш их ялгаатай” гэж Б.Я.Владимирцов тэмдэглэсэн байдаг. Өнөөгийн шатанд монголчууд биднийг болон бидний зарим нь өөрсдийгөө сая л нэг дэлхийн соёл иргэншлийн замд хөл тавьж эхэлж байгаа угийн бүдүүлэг хоцрогдсон улс гэж хочлон, ингэснээрээ өөрсдөө өндөр соёлтон болж харагдахыг оролддог. Гэтэл тэдгээр “Өндөр
соёлтнууд” маань түүхэндээ арваад бичиг, түүний дотор тод, дөрвөлжин, соёмбо зэрэг нэн боловсронгуй авианы бичиг үсгийг зохион хэрэглэж тэдгээрийн дурсгал нь хүн төрөлхтний бичгийн соёлын түүхнээ баттай байр суурыг аль хэдийнээ эзэлсэн хийгээд эдүгээ нэгэнт дэлхийжсэн олдмол бичгийн зэрэгцээгээр өөрийн язгуурын уламжлалт бичгээ хэрэглэсээр байгаа монголоос өөр ямар ард түмнийг нэрлэж чадахсан бол. Босоо монгол бичиг нь төрөлх монгол хэлний онцлогт гайхамшигтай зохицсон нэн боловсронгуй бичиг мөн бөгөөд гадаад үг, газар ус хүний нэр, орчин үеийн шинжлэх ухааны нэр томьёо, тэмдэг томьёолол сэлтийг тэмдэглэхэд ч саад бэрхшээл учрахгүйгээр зохиосон маш боловсронгүй галиг үсгийн системтэй билээ. Олон улсын амьдрал улам бүр дэлхийжиж, орчин үеийн шинжлэх ухаан техникийн ололт түргэн нэвтэрч, мэдээллийн олон улсын стандарт төлөвшиж англи хэл нь латин үсэг хэмээх “Унаатайгаа” хүн төрөлхтний ихээхэн хэсгийг байлдан дагуулж байгаа хийгээд Монгол улс өрнөдийн соёл иргэншлийн нөлөөнд хүчтэй татагдан орж буй бодит байдал нь язгуурын монгол бичгийн хувь заяаг ихээхэн ээдрээтэй болгож, үндэсний бичиг үсгээ дангааршуулахаас өөр аргагүй болгож байна. Сүүлийн хэдэн жилийн дотор нэн хүчтэй болж байгаа эх хэл эрлийзжих үйл явц уг хэлтэй амин судсаар холбогдсон монгол бичигт эрс тэс харшилж байна. Тэглээ гээд худам монгол бичиг бүрэн орхигдох бодитой нөхцөл шалтгааныг монголын эрдэмтэн мэргэд одоохондоо олж харахгүй байна. Хүн амын суурь боловсрол, албан ба албан биш сургалтад уламжлалт монгол бичгийнхээ эдлэх давуу эрх, байр суурийг хангаж, төрийн зарим хэрэг, жишээлбэл ёслол, хүндэтгэлийн баримт бичгийг монгол бичгээрээ
үйлдэж, монголын түүх, уран зохиолын ном шаштираа эл бичгээр хэвлэж, ард иргэдийн харилцаанд худам монгол бичиг өргөн хэрэглэхийг үндэсний бахархал, эх оронч үзэл, ёс зүйн асуудал гэж үзэх сэтгэл зүйн уур амьсгалыг төлөвшүүлэх, орчин үеийн шинэ шаардлагад тохируулан уг бичигт сургах талаар зарим шинэчлэл хийх талаар монгол бичгийн эрдэмтэн мэргэд санаа тавих зэргээр монгол бичгийнхээ хэрэглээний талбарыг өргөтгөх бололцоо бүрэн байна. Гагцхүү төрөөс баримтлах хэлний ба бичиг үсгийн бодлого нэгдмэл байх, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, оньс хэрэгслэл нь боловсронгуй байх шаардлагатай бөгөөд тэр бодлого нь язгуур уламжлалаа орхиж гээхгүйн зэрэгцээ орчин үеийн шинэ хэрэгцээг ч давхар бодолцсон шинжлэх ухааны гүн гүнзгий үндэстэй, ухаалаг мэргэн байвал зохилтой.

Үзэл суртаар цагдаж байх үед хэл шинжлэлийн зөв бодлого, шүүмжлэл зөв гольдролоороо хөгжиж чадаагүй нь одоо болтол үргэлжилсээр байна. Байгаа юмыг өөчлөн муучилж, сөнөөн устгах гэдэг туйлын хялбар хэрэг билээ. Байхгүй болсон буюу болгосон зүйлийг сэргээн бий болгох гэдэг маш хүнд хүчир бөгөөд асар их хөдөлмөр зардаг үйл явдал юм. Бид тавиадхан жилийн дотор эх хэлээ төрмөл хэл болгоод түүнээ төрөлх хэл гэж нэрлээд хожим түүнээ эх хэл болгох гэж үйл тамаа үзэж, эрдэнээ илжигээр худалдахын үлгэр болж байна бус уу.


Top
   
PostPosted: Nov.18.09 12:41 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Би Монгол хүн гэж цээж дэлдэж л байгаа бол тэр хүнийг бүхнээс илүү илэрхийлэгч хэл, бичиг соёл, зан заншил, түүх соёлоо бүхнээс илүү мэдэж, хадгалж, хамгаалагч байх ёстой юм. Энд тэнд явахад би монгол хүн гэсэн мөртлөө ганц ч монгол үг мэдэхгүй хүн тааралдахад азийнхны царай адил юм чинь хэн мэдлээ л гэж бодогдоно.

Бид хэл, соёлынхоо төлөө анхаарал тавьж явахгүй бол их ч удахгүй хэдэн зууны дараа тэдэн шиг болж хичнээн ч би монгол хүн гэж цээжээ дэлдээд хэн биднийг үнэмших юм бэ? Үндэсний бичиг, яруу сайхан монгол хэлтэйгээ байсан цагт бид энэ ертөнцөд мөнхөд орших болно. Үндэстэн байгаа цагт үндэсний бичиг үсэг болон хэл байсаар байх болно. Нөгөөтэйгүүр Монгол хэл болоод монгол хэлний нийгмийн үүргийг дээшлүүлэхэд төр засаг олигтой анхаарахгүй, засгийн газрын бүрэлдхүүнд орж төсөв мөнгө хүртээд монгол хэлний талаар нийгмийн өмнө албан ёсны үүрэг хүлээсэн байгууллага нь юу ч хийхгүй, заримдаа сөрөг байр суурь баримталж монгол хэлний өдгөөгийн байдлыг шүүн хэлэлцсэн хүнийг ил далд элдэвлэн гутаахад хүрч байна.Дэлхийн улс орнууд бичиг
үсгээ бидэн шиг яагаад засахгүй байна вэ? Учир нь хэлний нэгдэлээ, үндэстний нэгдэлээ задлахгүй устгахгүйн төлөө шүү дээ. Монгол соёлын амин зүрх бол монгол хэл, монгол бичиг нь юм. Монгол хэл мөхвөл монгол соёл мөхнө. Монгол соёл мөхвөл монгол үндэстэн мөхнө. “Төр улс үндэсний дархлаа болох монгол хэлийг хамгаалж, хөгжүүлж байхгүй бол монгол гарвал нь байсаар байтал, Монгол улс байсаар атал монголоор ярьдаг хүнгүй болох цагт монгол үндэстэн сөнөнө гэдгийг давтан хэлмээр байна.” 1 Тийм болохоор монгол хэл бол монголын ард түмний сэтгэхүй, нийгэм, уламжлал, түүх, соёлтой шууд холбоотой амин чухал зүйл юм. “Манай бүх телевизийн арын бичиг нь англи, францаар байгаагийн зорилго нь тодорхойгүй, туурга тусгаар бие даасан их бага оронд манайх шиг ингэхгүй байгаа нь нэг л сонин”. “Гудамжинд гарахад олон хэлийн хаяг туурга тусгаар улс мөн үү гэсэн бодлыг улам батлаад өгнө”

Хятад, Орос хоёр улсад суугаа монголчуудын хэл соёл улам бүр уруудан доройтож, эгзэгтэй байдалд орж байгаа үед Монгол улсын гүйцэтгэх үүрэг улам ихээр дээшлэх ёстой. Монгол улс нь олон зууны түүхтэй Монголын эзэнт улсын өвийг залгамжлан авсан цорын ганц улс орны хувьд бүх монгол туургатаны түүхийг хадгалан тэмдэглэж хойчийн үедээ уламжлуулах хариуцлагатай үүргийг хүлээх ёстой. Ингэх юм бол халхыг төв болгон үзэх нутгархаг үзэл нь арилж бусад улс орны монголчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодит байдлаар нь үнэлэх боломж бүрэлдэж, хэл, соёл, түүхийн нэгдэл бий болон монгол хэл нийт монголчуудын дундын гүүр хийгээд бахархал болон цэцэглэн хөгжих болно. Бид өнгөрсөн үеэ гар буугаар буудваас ирээдүй үе мааньбиднийг үхэр буугаар буудах болно.


Top
   
PostPosted: Nov.18.09 4:23 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
ХЄТЄЛБЄР БАТЛАХ ТУХАЙ /МОНГОЛ БИЧГИЙН VНДЭСНИЙ ХЄТЄЛБЄР БАТЛАХ ТУХАЙ/
Батлагдсан огноo (2008-5-196)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дугаар196 Улаанбаатар хот

Хөтөлбөр батлах тухай



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг нарт тус тус даалгасугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган санхүүжүүлж, гадаадын болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.



Монгол Улсын Ерөнхий Монгол Улсын сайд, Засгийн газрын

сайд С.БАЯР Хэрэг эрхлэхгазрын дарга Н.ЭНХБОЛД

Засгийн газрын 2008 оны 196 дугаар

тогтоолын хавсралт

“МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР II”

Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл, шаардлага Монгол бичиг бол хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд энэхүү бичгийг монголчууд XШ зуунаас хэл аялгуундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдөржүүлэн олон зүйл мэдлэг ухааны туурвил бүтээлийг бий болгожээ. Монголын ард түмний соёлын өв болсон монгол бичгийг хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж, төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг мөн. Монгол бичиг XШ зуунаас эхлэн 1950 он хүртэл монголчуудын 750 гаруй жил хэрэглэсэн албан ёсны бичгийн нэг байв. 1950-иад оноос хойш 50 гаруй жил төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтөлж байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, хот, аймаг, дүүрэг, сум, хороодын тамгыг монгол бичгээр үйлдэн хэрэглэх болоод 20 шахам жил боллоо. Энэ нь монгол бичиг төрийн бичгийн үндсэн үүргээ гүйцэтгэсээр байгаагийн нэг бодит баримт юм. Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангид 1980-ад оны дунд үеэс монгол бичгийг заах болсон нь түүнийг залуу үед өвлүүлэх нэг алхам болсон бол 1990-ээд оны эхээр Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн нь үндэсний бичиг үсгээ дахин сэргээх боломжийг нээсэн билээ. “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах болон түүний бэлтгэл ажлыг хангах тухай” Улсын Бага хурлын 1991 оны 36 дугаар тогтоол гарч, түүнийг хэрэгжүүлэх өргөн далайцтай ажил зохиогдсон байна. Улсын Их хурлын 1995 оны 43 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг баталсан байна. Уг хөтөлбөрийг 1995-2005 онд хэрэгжүүлж, дэвшүүлсэн зорилтыг үндсэндээ биелсэн гэж Монгол Улсын Засгийн газар үзсэн болно. Хүн төрөлхтний соёлын санд монголын ард түмний оруулсан үнэт хувь нэмэр төдийгүй дэлхийн утга, соёлын нандин өв болсон монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Монгол Улсын Засгийн газраас “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2008 оны 19 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсэг уг хөтөлбөрийг шинэчлэн боловсруулав.

Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг боловсруулах, хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.1. Монгол Улсын иргэн бүрт монгол бичгийг сурч, эзэмших боломж нээлттэй байх;

2.2. Улсын Их хурлын 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 66 дугаар тогтоолын 3 дугаар заалтыг үндэслэн монгол бичгийн сургалтыг суурь боловсролын агуулгад багтаан зохион байгуулж, бүх нийтийг сургах;

2.3. Монгол бичгийн хичээлийг монгол хэлний боловсролын стандарт, монгол хэл, уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн үзэл баримтлалтай нягт уялдуулах;

2.4. Монгол бичгийн хөтөлбөр нь “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөө” зэрэг баримт бичгийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх.

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд Энэхүү хөтөлбөрийн зорилго нь монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцөлийг бий болгох, энэ чиглэлийн сургалт, судалгаа, сурталчилгааг шинэ түвшинд гаргах, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгоход оршино. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтыг дэвшүүлж байна:

3.1. Монгол бичгийн багшийг бэлтгэх, давтан бэлтгэх;

3.2. Монгол бичгийн сургалтын орчныг сайжруулж, хэрэглээг өргөтгөх;

3.3. Иргэдэд монгол бичгийг албан болон албан бус сургалтаар зааж сургах;

3.4. Монгол бичгийн судалгаа, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1. Хөтөлбөрийн нэгдүгээр зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.1.1. багш бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн монгол хэлний багш, арга зүйч мэргэжилтэн бэлтгэх ангийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийн цагийг нэмэгдүүлэн монгол бичиг заах арга зүйг шинээр оруулж, сургалтын чанарыг сайжруулах; 4.1.2. ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн монгол бичгийн багш нарын мэргэшлийг үе шаттайгаар дээшлүүлэх, тэднийг давтан сургах;

4.1.3. ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, хүмүүнлэг, нийгмийн ухааны багш нарын мэргэшлийн түвшинд тавигдах шаардлагад монгол бичиг сурч эзэмшсэн байдлыг нэг үзүүлэлт болгох;

4.1.4. ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа 4.1.3-т зааснаас бусад мэргэжлийн багш болон багш бэлтгэдэг сургуульд өөр мэргэжлээр сурч байгаа оюутнуудын сонирхлыг үндэслэн монгол бичгийн хичээл заах эрх олгох сургалтад хамруулах.

4.2. Хөтөлбөрийн хоёрдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.2.1. төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд монгол бичгийг хэрэглэж байх;

4.2.2. төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын хаяг, бүтээгдэхүүний шошгыг монгол бичгээр үйлдэхийг дэмжих;

4.2.3. ерөнхий боловсролын сургуулийн монгол бичгийн сурах бичиг, сурагчийн дасгал ажлын дэвтэр, багшийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнийг цогцоор нь бэлтгэж хэвлэх;

4.2.4. ерөнхий боловсролын сургуульд монгол бичгийн танхим байгуулах, сургалтад хэрэглэгдэж байгаа компьютерт монгол үсгийн программ суулгаж, түүнийг ашиглаж сургах, хэрэглээ болгох;

4.2.5. монгол бичгийн багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

4.2.6. монгол бичгээр уламжлан ирсэн эртний уран зохиолыг хэвлэн нийтлэхийн зэрэгцээ орчин цагийн уран зохиолыг монгол бичгээр хөрвүүлэн хэвлэж, монгол бичгээр унших нөхцөлийг бүрдүүлэх;

4.2.7. монгол бичгээр хэвлэгдсэн түүх, соёлын бүтээлийг судлах, дахин хэвлэх зэргээр нийтийн хүртээл болгох;

4.2.8. иргэд бие дааж монгол бичиг сурахад зориулж ном, сурах бичиг, гарын авлага, толь бичгийг цаасан болон электрон хэлбэрээр үйлдэж, түгээх ажилд дэмжлэг үзүүлэх;

4.2.9. төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн үүсгэл санаачилгаар зохион байгуулах монгол бичиг сурах, сурталчлахад чиглэсэн санал, санаачилгыг дэмжих.

4.3. Хөтөлбөрийн гуравдугаар зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.3.1. ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн болон их, дээд сургуулийн нийгмийн ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг ангийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг оруулж, хэрэгжилтэд Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байууллага хяналт тавих;

4.3.2. монгол бичгийн сургалтын агуулга, арга зүйг нийгмийн ухааны боловсролын стандарт, сургалтын хөтөлбөртэй уялдуулах;

4.3.3. хөтөлбөрийн 4.3.2-т зааснаас бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнд монгол бичгийн хичээлийг тусгах;

4.3.4. төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд монгол хэл, уран зохиолын багш, эх бичиг судлаач, сэтгүүлч, түүх, нийгмийн ухаан, аялал жуулчлалын мэргэжлээр элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний хичээлийн агуулгад монгол бичгийг оруулах;

4.3.5. албан болон албан бус сургалтын олон хэлбэрээр монгол бичиг зааж, иргэдийн монгол бичиг сурах идэвхи сонирхлыг өрнүүлэх.

4.4. Хөтөлбөрийн дөрөв дэх зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

4.4.1. монгол бичгийн заах арга, монгол бичгийн уламжлал шинэчлэлийн судалгааг гүнзгийрүүлэх;

4.4.2. хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Монгол бичгийн сургалтын булан”-г нээж, олон хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулах;

4.4.2. монгол бичгийн сургалт, судалгаа, сурталчилгааны ажлыг өргөжүүлж, орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн дэвшилтэй хослуулах;

4.4.3. цахим техникийн орчинд кирилл, монгол бичгийг харилцан хөрвүүлэх программыг боловсруулах судалгааны ажлыг дуусгаж, сургалт, судалгаанд хэрэглэх.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт

5.1. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг 2008-2015 онд хэрэгжүүлнэ.

5.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэгтэй ажлын хэсгийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулна.

5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүрэгт сум, дүүргийн Засаг дарга ахалж ажиллана.

5.4. Хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын тайланг жил бүр Засгийн газарт тайлагнана.

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

6.1. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлж хэрэгжилтэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

6.2. Хөтөлбөрийн холбогдох заалтыг төсвийн ерөнхийлөн захирагчаас аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулах гэрээнд тусган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

6.3. Гадаад орон, олон улсын хандивлагч байгууллагын болон иргэд, Төрийн бус байгууллагын санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Долоо. Хөтөлбөрийн шалгуур, үзүүлэлт Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур, үзүүлэлтээр дүгнэнэ:

7.1. Монгол бичгийг заах ур чадвар сайтай багш бэлтгэгдсэн байна;

7.2. Монгол бичгийн багш нарын заах арга зүй сайжирсан байна;

7.3. Төрийн захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагад монгол бичгийн орчин, хэрэглээ бүрдсэн байна;

7.4. Монгол бичиг сурах иргэдийн сонирхол, хэрэгцээ өссөн байна;

7.5. Иргэдийн монгол бичгийн мэдлэг, чадварын түвшин ахисан байна;

7.6. Бүх шатны монгол бичгийн сургалтын чанар дээшилсэн байна. Эдгээр шалгуур үзүүлэлтийг үндэслэн хөтөлбөрийн хүрэх үр дүн, түүний шалгуур үзүүлэлтийг тусгасан үйл ажиллагааны төлөвлөгөөг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, мөрдүүлнэ.


Top
   
PostPosted: Nov.29.09 11:02 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.09.05 12:36 am
Posts: 64
Location: Amidral ahui taalagdaad l
Кирилл үсэг нэгэнт хэрэглээд сурчихсан одоо үед солино гэдэг бол дэмий. Харин давхар уншиж, бичиж сурна гэдэг л юу юм гэхээс.

_________________
9370,990,8g,120g,r9280x,750w,haf


Top
   
PostPosted: Nov.30.09 12:09 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Jaagii_1979 wrote:
Кирилл үсэг нэгэнт хэрэглээд сурчихсан одоо үед солино гэдэг бол дэмий. Харин давхар уншиж, бичиж сурна гэдэг л юу юм гэхээс.


Наадах чинь ёстой үлгэрийн далай, монгол бичгийн хэрэглээ байхгүй бол мөхнө. Уг нь бол үндэсний хөтөлбөртөө түүх соёлын өв монгол бичигээ хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж төгс төгөлдөр болгоно гээд заачихсан ч амьдрал дээр хэрэгжихгүй байсаар. Өнөөдөр үндэсний бичигээ мэддэг, хамгаалая сэргээе гэсэн сэтгэлтэй хүмүүс цөөрч байна, тэр хүмүүсийн үг бусдад хүрэхгүй байна шүү дээ. Хөтөлбөрт тусгагдсан зарчмууд, төрөөс авч арга хэмжээний үр дүн харагдахгүй байна 2010 он гарчлаа шүү дээ аль хэдийн 2 жил өнгөрсөн байна.


Top
   
PostPosted: Nov.30.09 9:10 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
DeViLiSH_BaBy wrote:
Аан за би энэ их юмыг бол уншихгүй тэгээд хэдэн өгүүлбэрт багатааж хэлэхэд яг яах гэж байгаан

Чи бол ойртоод ч хэрэггүй :hehe:


Top
   
PostPosted: Nov.30.09 9:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Чи бичнэ гэж англи монгол холиод элэглэдэг хүн яаж монгол бичиг мэддийн?


Top
   
PostPosted: Nov.30.09 2:26 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.04.04 5:15 pm
Posts: 4567
Нэг их худлаа сүржин сүржин хөдөлгөөн өрнүүлж үндэсний өв соёл гэнэ. Ерөнхийлөгчийн тогтоол тушаал гарна. Сурсан хүн ч байхгүй, сургах нарийн арга барил ч байхгүй. Хэн нэгний боловсролд хийдэг бизнес болоод өнгөрнө. Монгол бичгийн орчин цагийн утгад нийцэхгүй АБУ ЭЖИ сурч цагаа алдаж байхаад англи хэл сурсан надад ч хэрэгтэй, монголчуудад хэрэгтэй. Миний хувьд лав 10 жилийнхээ сүүлийн 6 жилийг монгол бичиг үзэж өнгөрөөсөн. Одоо алий гэсэн ч ганц үг уншиж чадахгүй.


Top
   
PostPosted: Nov.30.09 2:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
mini ner :-)
Image


Top
   
PostPosted: Nov.30.09 2:56 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
for wrote:
Нэг их худлаа сүржин сүржин хөдөлгөөн өрнүүлж үндэсний өв соёл гэнэ. Ерөнхийлөгчийн тогтоол тушаал гарна. Сурсан хүн ч байхгүй, сургах нарийн арга барил ч байхгүй. Хэн нэгний боловсролд хийдэг бизнес болоод өнгөрнө. Монгол бичгийн орчин цагийн утгад нийцэхгүй АБУ ЭЖИ сурч цагаа алдаж байхаад англи хэл сурсан надад ч хэрэгтэй, монголчуудад хэрэгтэй. Миний хувьд лав 10 жилийнхээ сүүлийн 6 жилийг монгол бичиг үзэж өнгөрөөсөн. Одоо алий гэсэн ч ганц үг уншиж чадахгүй.


Их л муу сурч дээ 6 жил үзчээд одоо ганц үг уншиж чадахгүй. Абу эжи гэдэг бол одоо хүртэл орчин цагийн утгад нийцнэ, харин дуудлага нь өөр болсон. Чиний тэр сурах гээд байгаа англи хэл чинь ярианы хэл бичгийн хэл нь зөрдөгийг мэднэ биздээ.

Төрөлх хэлээ сайн сурахгүй бол яаж гадаад хэл сурахавдээ.


Top
   
PostPosted: Dec.01.09 11:20 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
@pcetsogtoo юу байна.

Яасан их юм оруулаас вэ. Би одоо анх 1-р ангиасаа л хойш үзсэн миний хонгио толгойны мартамхайгаас болоод одоо ч бараг мартаждээ. Монгол бичигийг сэргээнэ гэдэг их л ажил болох байхдаа.

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.02.09 12:58 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
AG wrote:
@pcetsogtoo юу байна.

Яасан их юм оруулаас вэ. Би одоо анх 1-р ангиасаа л хойш үзсэн миний хонгио толгойны мартамхайгаас болоод одоо ч бараг мартаждээ. Монгол бичигийг сэргээнэ гэдэг их л ажил болох байхдаа.


Сайн уу AG :hi:
Би хувьдаа крилл бичигийг халж монгол бичигээ төрийн бичиг болгох нь зөв гэж боддог. Мэдээж энэ хэрэг гүйцэлдэхэд урт хугацаа, их хүчин чармайлт шаардагадана. Төрөөс шууд хамааралтай, зохион байгуулах ажил боловч, манай залуучууд өөрсдөө ухамсраараа үндэсний бичигээ сурч эзэмшээд, бусдадаа нөлөөлж, тархааж байвал зүгээр гэж боддог юм. Энд тавьсан нийтлэлийг монгол хэл соёлын сургуулиас эрхлэн гаргасан номоос авсан, урт залхуу хүрэм боловч уншаад үзвэл маш хэрэгтэй зүйл хэлсэн байгаа шүү. Шинэ техник, технологи, гадаад хэл бид нар шиг залуучуудын хувьд чухал зүйл гэхдээ уламжлал, ёс заншил, бичиг үсэгээ мэдэхгүй бол монгол гэж нэр зүүх хэцүү шүү дээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэн нэгэн илүү их мэдээлэл мэдлэгтэй гишүүний санал бодлыг сонсоно гэж найдаж байна.


Top
   
PostPosted: Dec.02.09 2:57 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Энийг дагаад маш их мөнгө цаасны ажил болнолдоо. Адаглаал бидний энэ өвөрмөц босоо бичигт зориулагдсан техник технологи-той холбоотой асуудлууд гэх мэт. Шууд нэг амьсгаагаар шийдчинэ ч гэж юу байхав. Одоогоор шууд кириллийг хална гэдэг зүйл байж болохгүй. Маш зөв аажмаар ухаалгаар залуучуудаа хэрэглүүлдэг болгох хэрэгтэй. Мэдээж хэрэглэх нь маш зөв. Адаглаал монгол бичигийг хараад энэ этгээд маягын бичлэгийг гадаад хүн хараал шууд монгол санаанд буух гэх мэт олон давуу талтай. Эвдэгдээд байгаа монгол хэлний аюулгүй байдал ч давхар хамгаалагдана. Олон ястны аялга гэж зүйл одоо бол алс бөглүү аймгуудад л гэхээс ер нь алга болсон. Тиймэрхүү зүйл уул нь байж байхад зүгээр л байгаам. гэхдээ энэнд орох санхүү мөнгө гэж бодохоор толгойд минь айхтар нөгөө мөнгө цувчуулж иддэг хүндүүд маань бодогдоод хайран санагдахын. Ер нь босоо бичигийг оруулж ирэхээр их л юмыг тохируулж зөв шийдэх хэрэг гарнадаа. хэл дүрмийн тухайд сурж ядаад байх юу байхав. нэгэнт хэвшүүлээд эхэлчивэл хэдхэн сарын дотор гарах гарцгүй болчино

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Dec.02.09 4:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5840
Location: Anfield Road
Зөв шд... 10 жилд байхдаа Монгол бичигт сонирхолтой л байлаа.. Анх Нууц Товчоо нтрийг чинь Монгол Бичгээр нь уншиж байлаашд кк..Уул нь Монгол бичгээр бичээд сурчуул амар даа... Бичгийн хэлээ таталган бичиг болгочихуул... Таталган бичиг чинь уул нь ямар ч лекц нтр бичсэн хоцрохгүй бичих боломжтой байдаг юм.. Ацаг шүд бичихгүй шууд л хамаагүй биччихнэ.. Буруу зөв бол хамаагүй.. уншигдаж л байвал болдог... Хүн болгон бичих боломжтой.. маш амархан...

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
PostPosted: Dec.02.09 5:30 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
AG wrote:
Энийг дагаад маш их мөнгө цаасны ажил болнолдоо. Адаглаал бидний энэ өвөрмөц босоо бичигт зориулагдсан техник технологи-той холбоотой асуудлууд гэх мэт. Шууд нэг амьсгаагаар шийдчинэ ч гэж юу байхав. Одоогоор шууд кириллийг хална гэдэг зүйл байж болохгүй. Маш зөв аажмаар ухаалгаар залуучуудаа хэрэглүүлдэг болгох хэрэгтэй. Мэдээж хэрэглэх нь маш зөв. Адаглаал монгол бичигийг хараад энэ этгээд маягын бичлэгийг гадаад хүн хараал шууд монгол санаанд буух гэх мэт олон давуу талтай. Эвдэгдээд байгаа монгол хэлний аюулгүй байдал ч давхар хамгаалагдана. Олон ястны аялга гэж зүйл одоо бол алс бөглүү аймгуудад л гэхээс ер нь алга болсон. Тиймэрхүү зүйл уул нь байж байхад зүгээр л байгаам. гэхдээ энэнд орох санхүү мөнгө гэж бодохоор толгойд минь айхтар нөгөө мөнгө цувчуулж иддэг хүндүүд маань бодогдоод хайран санагдахын. Ер нь босоо бичигийг оруулж ирэхээр их л юмыг тохируулж зөв шийдэх хэрэг гарнадаа. хэл дүрмийн тухайд сурж ядаад байх юу байхав. нэгэнт хэвшүүлээд эхэлчивэл хэдхэн сарын дотор гарах гарцгүй болчино


Тиймээ энэ бол их ажил гэвч хойшлох тусам улам л их цаг алдана шүү дээ. Маш сайн бодож төлөвлөж байж хийх хэрэгтэй өмнөх алдаанаасаа сурах шаардлагатай. Миний бодлоор өмнөх хөтөлбөр монгол бичигээ хэрэглэх ашиг тус, ач холбогдлын талаар нийтэд сайн ойлгуулаагүй, хөрс бэлдэж чадаагүй болохоор эсэргүүцэлтэй тулгарсан нь бүтэлгүйтэх нэг том шалтгаан болсон байх. Шууд нэгэн амьсгаагаар тулгах нь хүндрэлтэй, маш сайн бэлдэх хэрэгтэй. Ном сурах бичиг хэвлэх, компьютэрт ямар нэгэн асуудалгүй болгох гэх мэт хөвөрч өгнө, хамгийн чухал нь нийтийг хүлээж авах ухамсартай болгох.

PS: Юникодын стандартад монгол бичиг 2000 онд орсон. Энэ талаар бидний хийх ажил ч бас маш их байгаа.


Top
   
PostPosted: Dec.02.09 6:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Pcetsogtoo wrote:
Galaa039 wrote:
Бидний үеийн хүмүүсийг ганц алсан юм энэ байлаа даа. 1991 онд анх 10 жилд орж байлаа тэр үе шууд л Монгол бичиг зааж байсан юм. Бага ангидаа 4 жил сураад 5 дугаар ангид ороход Орос хэлний багш ухаан алдах дөхөж билээ. Крилл үсэгээр бичиж чадахгүй хүүхдүүд орж ирсэн. ЧТО гэж үгийг би анх удаа хуулж бичих гэж нилээн зүдэрч байж бичиж байсан санагдана. Төр тухай үеийн хүүхдүүдээр бол ёстой тоглох шиг болсон доо хөөрхий. :crysad:

Үүнийг шилжүүлэхэд Монгол үсгийг хуучин хэлбэрээр нь биш шинэ үеийн монгол бичгийн дүрэм гаргаад шинээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаад оронд байдаг шиг хуучин галиг, бичигийг мэддэг хэдэн хүн байхад хангалттай. Харин бүх хүмүүст зориулсан хялбаршуулсан монгол бичгийг үүсгэж түүгээр бид хоорондоо харилцаж бичиж байх хэрэгтэй байх даа.


Чамд дээрх нийтлэлийг сайн унш гэж зөвлөе. Яагаад өдий хүртэл крилл бичигтэй байгааг дээр тодорхой бичсэн байгаа. Тэр орос үсгийг мэдэхгүй байна гээд ухаан алдах шахаад байгаа уламжлалт ёс заншил хэл сэтгэхүйгээсээ холдсон багш нар, залуу сэхээтнүүдээс болсон гэж байгаа. Би ч бас чиний адил 1-р ангиасаа монгол бичиг заалгаж явсан хүүхдүүдийн нэг. Харин үүнийгээ их азтай явдал гэж боддог. Хэрэв тэгээгүй бол одоо монгол бичигээрээ уншиж ч чадахгүй бусдын нэг адил явах байсан биз. Хялбаршуулж засна гэдэг чинь ёстой утгагүй санаа, хэлээ эрэмдэглэж байгаагаас өөрцгүй. Угаасаа бичгийн хэл, ярианы хэл зөрөх нь ойлгомтой тэр бүрд нь бичигээ засаад яваад байх уу. Хамгийн энгийн жишээ гэхэд л англи хэлийг хардаа ямар их зөрж байна уу, тэглээ гээд тэд бичих дүрмээ өөрчлөөгүй л байна.


өдий хүртэл ийм байгааг бол ойлгож байгаа. тухайн үед бичиг үсэгтэй хүн цөөн байсан болохоор шинээр бичиг заахад одоо хуучин бичгээ сэргээж байгаагаас илүү хялбар бас хүн ам цөөн байсан гэж бодож байна.
Англи хэлний хувьд голдоо ингэж солигдож байсан удаагүй болохоор хэвээрээ байгаа. харин манай хэлний хувьд солигдсон болохоор энэ байдалтайгаа зохицуулаад шинэ уйгаржин монгол бичгийн зохион нийтэд сургах, одоо байгаа крилл бичигтэй нийцүүлж гаргавал Уйгаржин монгол бичгээр бичих хүний тол олон болж бас хэрэглэх байх гэж бодож байна. Хятад солонгос япон гэх улсуудад бол ийм бичиг байдаг. өмнөх үеийн энэ тэр гээд л. Хэл бичиг бол цаг үе ээ дагаад бас өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг. хуучин хэвээр гэж муйхарлан зүтгэх юм бол бид хэзээ ч уйгаржин бичгээ сэргээж чадахгүй байх даа. Гэхдээ эрдэмтэн мэргэд мэдэж байгаа байлгүй дээ.
Миний хувьд бол уйгаржин бичгийн яг оргил үед нь бүх хичээлээ уйгаржин бичгээр заалгаад амьдрал дээр түүнийгээ хэрэглэж чадахгүй байгаа нэгэн л болж хувираад байгаа. /Одоо хүртэл миний номын санд анх үйгаржин бичгээр үзэж байсан цагаан толгой байсаар л байгаа./ энэ бол эсэргүйцэж байгаа зүйл огт биш. одоо арай өөр аргаа уйгаржин бичигт шилжүүлбэл дээр бишүү л гэж өөрийн бодлоо хуваалцаж байгаа нь энэ шүү

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Dec.02.09 7:03 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 6:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Тухай үед энэ явцыг зогсоосон нь маш буруу алхам гэж боддог. Монгол бичиг монгол хэлтэйгээ маш нягт холбоотой бараг төгс ч гэж хэлж болохоор. Мэдээж шинэчлэх зүйл байгаа л байх. Ялангуяа хүмүүсийн толгойг эргүүлээд байдаг абу гэж бичээд аав гэж уншдаг гэдэг шиг дуудлага нь өөр үгсийг унших системтэй дүрэм хэрэгтэй байх. Гэхдээ крилл бичигтэйгээ уялдуулна гэдэг алдаа мадагтай байх. Харин крилл үсэгээ монгол бичигийн дүрмээр бичээд явбал яадаг бол. Хэрэв тэгээд бичээд хэвшчвэл монгол бичигээ сурахад маш дөхөм болно шүү дээ. Зөвхөн үсэг солигдох төдий л юм.


Top
   
PostPosted: Dec.02.09 7:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Dec.27.04 4:41 pm
Posts: 4868
Location: УБ, Монгол
монгол бичгээр тэмдэглэл өдрийн тэмдэглэл хөтөлдөг юм билүү гэж бодоод байгаа. том том хөдөлгөөнөө байя гэхэд ядаж ингэж л дэмжиж чадахым шиг байна.

_________________
Winners never quit


Top
   
PostPosted: Dec.02.09 7:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
би одоо хэрэглэхгүй байсаар байгаад бүүр мартаж дууссан байна лээ. Гэхдээ сурсан юмыг гэгчээр сэргээвэл амархан байх.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited